"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
Улаанбаатар хот өдгөө манай улсын ДНБ-ий 64 хувийг бүрдүүлж байна. Хот суурин газар бол улс орны хамгийн хөдөлгөөнтэй, амин чухал хэсэг буюу нийгэм, эдийн засгийн гол хөдөлгүүр. Харамсалтай нь, өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч буй сая гаруй иргэн амьдралдаа сэтгэл хангалуун, ирээдүйдээ итгэлтэй, товчхондоо аз жаргалтай байгаа юу гэвэл тун эргэлзээтэй.
2050 он гэхэд хүн төрөлхтний 70 хувь нь хот суурин газарт амьдрах тооцоо гараад буй энэ үед агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл гээд дэлхийн өнцөг булан бүрд тохиолдож буй асуудал манай хотын ч толгойны өвчин болоод удсан. Хүн бүхний ярьдаг, магадгүй шүүмжилсээр, хэлэлцсээр хэдийн залхаж ядарсан эдгээр асуудалд бодит шийдэл олж, илүү аз жаргалтай хотыг бий болгохын төлөө мэргэжлийн салбарт нь түүчээлж яваа залуус бусдаас өндөр үүрэг, оролцоотой байхаас өөр гарцгүй.
Салбарын асуудлаа нэг нэгэнгүй мэдэхийн сацуу гарц гаргалгааг нь ч толгойдоо тунгаан боловсруулсан мэргэжилтнүүдийн нэгийг энэ удаа бид “Өртөөлөгчид” буландаа урин оролцуулсан юм. Тэр бол Эй Ди Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Эй Би Өү Группийн Тэргүүн дэд захирал Ганбаатарын Баттөмөр. Урд хөршид их сургуулиа төгсөж ирсэн цагаасаа хойш бүтээн байгуулалтын салбарт тасралтгүй ажиллаж, өдгөө 100 гаруй залуусыг удирдан ажиллаж байгаа тэрээр шинэ цагийн өртөөлөгчдийн тод төлөөлөл.
“Энэ дэлхийд хармаар байгаа өөрчлөлтөө өөрөө хий” хэмээх Махатма Гандигийн үг байдаг шүү дээ. Түүний хувьд ч мөн адил. Өсөж төрсөн, ирээдүйд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ажил хөдөлмөр эрхэлж, амьдралынхаа олон арван жилийг өнгөрүүлэх энэ хотын асуудлыг тэр бусдын адил гаднаас нь шүүмжилсээр хэдийн залхжээ. Хүсэж буй бүтээн байгуулалт, бодлого шийдвэрээ бодитоор хэрэгжүүлж, жинхэнэ утгаараа аз жаргалтай, амар тайван хотыг цогцлоохын тулд залуу хүний хувьд тун зоригтой шийдвэр гаргаад буй.
Зах зээлийн эдийн засаг хүчтэй шуурч эхэлсэн 1991 онд Г.Баттөмөр айлын бага хүү болон мэндэлжээ. Тэрхүү шилжилтийн цаг үед өсөж төрсөн хүүхдүүдийн аав, ээж амьдралаа сайжруулахын төлөө харь орныг зорих нь нийтлэг үзэгдэл байв. Г.Баттөмөрийн аав, ээж нь ч нийтийн жишгээр Солонгосыг зорьж, охин, хүү хоёр нь өвөө, эмээгийн хүүхэд болон үлджээ. 40 мянгатад бага насаа өнгөрүүлж, 1-р сургуульд А үсэг заалгасан ачийгаа холч ухаантай өвөө нь ирээдүйд хөрш улсынхаа хэл, соёлыг нэвт шувт мэддэг байх нь олон давуу талтай байх нь дамжиггүй хэмээн сэтгэж, дунд ангиас нь хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Цаст сургууль руу шилжүүлсэн гэдэг.
Төд удалгүй, тэдний гэр бүл эргэн нийлж, аав ээж нь цуглуулсан мөнгөөрөө Дарь-Эхэд бяцхан хүнсний дэлгүүр нээн, Г.Баттөмөр хүү гэр хорооллын хүүхэд болов. Сурагч үеийнхээ тухай дурсахдаа ”Тухайн цаг үед хоёр хүүхдээ хувийн сургууль төгсгөсөн гэхээр манайх боломжийн амьдралтай айл байсан мэт санагдаж магадгүй ч эцэг, эх маань бидний боловсролын төлөө залуу нас, цаг хугацаа тэргүүтэй олон зүйлсээ золиосолсон. Өөрсдийн тав тух, хүсэл мөрөөдлөөс илүүтэй бид хоёрын ирээдүйд бүхнээ зориулсан аав, ээжийгээ харах бүрдээ алдах эрхгүй мэт санагддаг байсан. Тиймээс ч ахлах сургуулиа төгсөх үедээ тэдэндээ дарамт болмооргүй байсан тул сурсан хэлэндээ дөрөөлж, Хятадын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэх болно гэж эрс шийдсэн дээ.”
Гэхдээ эхний жилдээ шалгалт өгсөн ч тэнцээгүй аж. Шантралгүйгээр дараа жил нь ахин үзээд алдтал тэнцсэн хэмээх баярт мэдээг дуулав. Тухайн үед Gap year буюу завсар жил хэмээх ойлголт сурагчдын дунд байгаагүй тул Г.Баттөмөр МУИС-ийн Гадаад хэл, Соёлын сургуульд хоёр жил суралцсан төдийгүй тэрхүү хугацаандаа сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргаар хүртэл ажиллаад амжсан туршлагатай. Түүнтэй ярилцах тусам анзаарагдсан нэгэн зүйл нь боломж хаалгыг нь хэзээ тогших бол хэмээн хий дэмий санааширч суудаг бус харин ч хүсэл мөрөөдөлд нь тохирсон хаалга байхгүй бол түүнийг өөрөө бүтээхийн төлөө тэмцдэг төрлийн хүн гэдэг нь эрхгүй анзаарагдаж байсан юм.
20 настай Г.Баттөмөр Бээжингийн Эдийн засаг, Худалдааны Их сургуульд худалдаа, эдийн засгийн чиглэлээр дөрвөн жил суралцаж, төгсөх дамжаандаа анхны бизнесээ найзынхаа хамт эхлүүлэв.
Бидний сайн мэдэж байгаачлан манай улсын гадаад худалдааны бараг 90 гаруй хувь урд хөршөөс шууд хамааралтай. 2010-аад оны эхэн үед цахим худалдааны платформууд одоогийнхтой адил өндөр түвшинд хөгжөөгүй байсан тул монгол компаниуд Хятадаас шаардлагатай түүхий эд, тоног төхөөрөмжөө татан авах, найдвартай түншийн харилцаа үүсгэх нь тун ч олон дамжлагатай ажил байсан билээ. Хятад хэлийг гаргууд эзэмшсэн, худалдааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцсан түүний хувьд энэхүү зах зээлийн орон зайг анзааран харч, улмаар төгсөх дамжаандаа Бээжинд оффистой, “Эй Би Өү Интернейшнл” нэртэй гадаад худалдааны зөвлөх үйлчилгээний бизнесээ эхлүүлжээ.
Энэхүү бизнес нь тун ирээдүйтэй байсан ч залуу хүний хувьд монголынхоо зах зээлийн орчинтой танилцъя хэмээн шийдэж, сургуулиа төгсмөгцөө Глобал Бридж компанийн Ерөнхий захирлын удирдлага дор бүтээн байгуулалтын олон төслийн нэг хэсэг болов. Тухайлбал, Хятадын автомашины MG брэндийн албан ёсны салбарыг Монголд нээх, цахилгаан автомашин цэнэглэх анхны цэгийг байгуулах, Глобал сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах зэрэг гадаад худалдаа, барилгаас өгсүүлээд төмөр замын дэр, бетон үйлдвэрлэл хүртэл олон салбарт хөрвөн ажилласан нь ирээдүйд өөрийн бизнесээ эхлүүлэхэд нь мөнгөөр үнэлшгүй чухал хичээл болжээ.
“Сайн удирдлагын дор өөрийн бүх хүчээ тултал нь дайчилж ажиллах гэдэг өөрөө бизнес ч гэлтгүй амьдралын бүх талбарт маш үнэ цэнтэй сургамж болдог юм билээ. Би нэг удаа захирлын даалгасан ажлыг амжуулж чадалгүй ажилдаа ирэв ээ. Нөгөө ажлын тайлан яасан бэ? гэж захирал асуух үед нь “Өө амжсангүй ээ” гээд л тоомжиргүйхэн хариулав. Хариуд нь захирал “Танд унтах цаг бол байсан л биз” гэж хэлээд мад тавьсан юмдаг. Одоо ч гэсэн тэрхүү үйл явдлаас авсан сургамжаа огт мартдаггүй. Ямар ч асуудал гарсан шалтаг хэлэхээс илүүтэй дайрч байгаад л ард нь гарахыг хичээдэг.”
Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжид дөрвөн жил гаруйн хугацаанд ажилласны эцэст тэрээр тодорхой хэмжээнд туршлага хуримтлууллаа, одоо бие даан ажиллаж үзье хэмээн шийдэж. Яг энэ цаг үед Эй Би Өү Интернейшнлийг хамтдаа үүсгэн байгуулсан найз нь санал тавьснаар тэр хоёрын зам ахин нийлэв.
Ийнхүү тэрээр 2019 оны сүүлээс одоог хүртэл Эй Ди Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Эй Би Өү Группийн Тэргүүн дэд захирлын албан тушаалыг давхар хашин ажиллаж байна.
Эй Ди Констракшны тухайд одоогоор дөрвөн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд тун удахгүй 10 га талбайтай, 1200 айлын “Хельсинки парк” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Дэлхийн хамгийн аз жаргалтай хотуудын нэгээр нэрлэгддэг Финландын нийслэл Хельсинки нь цаг уурын хувьд манай улстай тун төстэй. Хельсинкийн нэрээр нэрлэсэн энэхүү төслөө боловсруулахдаа тэдний хамт олон Финляндын нөү-хаугаас туршлага судалж, архитекторын шийдлийн хувьд нэн тэргүүнд оршин суугч, хүүхдэд ээлтэй, гэр бүлийн бүх гишүүдэд аз жаргал, амар тайван байдал мэдрүүлэх үндсэн философийг баримталж байгаа аж.
Харин Эй Би Өү Группийн харьяанд Монголын лифт угсралтын зах зээлийн гурван том тоглогчийн нэг болох “Marohn TKE Mongolia”, “Goldman invest” финтек, Туркийн алдарт “Enza home” тавилгын дэлгүүр болон 100 гаруй жилийн түүхтэй, олон улсын ложистик тээврийн компани “M&M” зэрэг бизнесүүд багтаж байна. Сургуулиа төгсөөд арав хүрэхгүй жилийн дотор 100 гаруй мэргэжилтнийг удирдаж, таван салбарт бизнес эрхэлж байгааг “амжилт” хэмээн нэрлэхгүй байхын аргагүй.
Яриан дундуураа тэрээр өөрийгөө хэд хэдэн удаа тун ч өөдрөг хүн гэдгээ тодотгон хэлж байсан юм. Өнгөрсөн арван жилийн хугацаанд бизнес эрхлэхэд нь тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар сонсох тусам түүнийг хэр баргийн зүйлд шантарч, шалтаг тоочоод байдаггүй тууштай бөгөөд хөдөлмөрч нэгэн болохыг анзаарснаа онцолъё.
Өнөөгийн нийгмийн хамгийн хүндхэн ачааг баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа түүнтэй адил залуус нуруундаа үүрч байна. Дан ганц хүнд ачаа үүрээд зогсохгүй алхам бүрдээ төрийн байгууллагын хүнд суртал, бугшсан авлигын тогтолцоо, хууль эрхзүйн ойлгомжгүй зохицуулалтуудтай нүүр тулж буй.
“Манай нийгэмд гүн нэвчсэн төрийн байгууллагын хүнд суртал бол бизнес хийх хүсэлтэй мянга мянган залуусын хүслийг мохоож байгаа хамгийн том хүчин зүйл. Энэ ялзралыг бизнесийн орчинд байгаа хүн бүхэн мэдэж байгаа ч бодит амьдрал дээр тэд бизнесээ алдах вий, хэн нэгэн албан тушаалтны хорхойтой шүдэнд зуугдах вий гэсэн айдсаасаа болж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй.
Үр дүнд нь маш олон залуус гадагшаа гарч амьдрахаас өөр сонголтгүй болж байна шүү дээ."
Яг өнөөгийн нийгэмд бол компани удирдаж, хэрэгжүүлж буй төслийнхөө ард амжилттай гарч, ажлын байр бий болгож байгаа залуусыг тулааны талбарт дайтаж яваа эрэлхэг дайчидтай зүйрлэхэд хол зөрөхгүй.
Энэ жил дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтыг Финланд, Дани, Исланд, Швед зэрэг улсууд тэргүүлсэн бол Монгол Улсын хувьд өнгөрсөн жилээс 16 байр ухарч, 145 орноос 77-д бичигджээ. Тун сонирхолтой нь, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалтаас эхлээд сонголт хийх эрх чөлөө, эрүүл амьдралын хэв маяг зэрэг олон шалгуур бүхий уг жагсаалтыг тэргүүлсэн орнууд яг л манай улстай адил эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай. Эндээс бидний аз жаргалын түвшин цаг уураас тэгтлээ хамааралтай биш болох нь тодорхой харагдана.
Хамгийн наад зах нь, Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 метр.кв байгаа бол олон улсад энэ хэмжээ доод тал нь 10 метр.кв байх нь зохистой гэж үздэг. Үүнээс гадна явган хүний замын стандарт, сургууль цэцэрлэг болон нийтийн тээврийн хүртээмж, агаарын чанар гээд бидний аз жаргалаас өдөр бүхэн сөөм сөөмөөр хумсалж байдаг асуудлуудыг дурдаад байвал дуусашгүй.
Одоогоос 100 гаруй жилийн өмнө оршин суугчидтайгаа хамт нүүж асан Өргөө хэмээх эсгий хотхон яван явсаар Богд уулын ард, Туул голын хөвөөнөө суурьшсан түүхтэй. Зуу зууны турш дөрвөн зүг, найман зовхист малаа даган нүүдэллэж ирсэн монголчууд тэрхүү цагаас аж үйлдвэржилттэй танилцан, бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамдан орсон. Хоржоонтой нь, ийнхүү байгальтайгаа хамгийн ойр амьдарсаар ирсэн нүүдэлчид бид өнөөдөр цементэн ширэнгэн дунд амьдарч байна.
Г.Баттөмөрийн хувьд Улаанбаатар хотын унаган хүүхэд тул гэр хороолол, хотын төв гээд энэ хотын өнцөг булан бүр дэх асуудлыг хэнээс ч илүү мэднэ. Тиймээс ч одоо бидэнд байгаа асуудлыг нэг мундаг улстөрч эсвэл хотын дарга гарч ирээд л нүд ирмэх төдийд шийдэх боломжгүйг сайн ойлгож буй. Хэдий удаан шийдэгдэх боловч яг өнөөдрөөс зөв шийдлийг олж, хэдэн зуун хүний мэргэжлийн баг ажиллуулж, том зургаар тууштай хандаж чадваас Хельсинки, Амстердам, Стокхольмтой адил иргэд нь аз жаргалтай хотыг цогцлоох боломжтой гэдэгт ч тэр юу юунаас илүүтэй итгэдэг. Тиймээс энэ жилийн УИХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшиж байгаа билээ.
Зах зээлд хэдийн байр сууриа эзэлсэн, амжилттай бизнесийг удирдаж яваа залуу хүний хувьд чухам яагаад улс төрийг сонирхож, сонгуульд нэр дэвших шийдвэр гаргах болсон талаар шулуухан асуухад “Хэрвээ манай улсын эдийн засаг, нийгэм асуудалгүй хөгжөөд явж байсан бол би улстөрд орох ямар ч шаардлагагүй. Харамсалтай нь, хэдхэн жилийн өмнө бидэнтэй мөр зэрэгцээд тэр бүү хэл ард маань явж байсан орнууд хэдийн биднийг гүйцээд, уулын орой дээр тугаа зоогоод эхэллээ. Харин эсрэгээрээ бид алхах нь бүү хэл мөлхөх хэмжээнд л байна.
Улс орон хөгжих гол тулгуур нь үндэстэн дамнасан корпорац, гадаадын хөрөнгө оруулалт болох тухай төрийн эрх барьж буй албан тушаалтнууд аман дээрээ ярих боловч ачир дээрээ өнөөдрийн эрх ашгийнхаа төлөө ирээдүйгээ баллах шийдвэрүүдийг шил дараалан гаргасаар байна. Энэ нөхцөлд нүдээ аниад, довоо шарлуулаад, урдхаа хийгээд явах нь утгагүй. Тиймээс л хий хоосон шүүмжлэх бус шийдвэр гаргах түвшинд гар бие оролцъё гэж шийдсэн.”
Түүний мөрөөдөл бол энэ нийгмийг илүү аз жаргалтай, хүнлэг, хүрээлэн буй орчиндоо ээлтэй болгох. Тэрчлэн 10, 20, 30 жилийн дараа өөртэй нь адил 0 цэгээс бизнесээ эхлэх залуусын жимийг илүү дардан болгож, баялаг бүтээх боломжийг нь бүрдүүлэх зорилготой.
Ганц эвэрт буюу тэрбум ам.долларын үнэлгээтэй стартапууд Монголоос төрж, монгол хүмүүс хамтраад юу хийж чаддагийг дэлхийд харуулж, монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх томоохон мөрөөдөл Ганбаатарын Баттөмөрт бий. Энэхүү мөрөөдлийнхээ төлөө шийдвэр гаргах түвшинд зоригтой дуу хоолойгоо өргөж, эзэмшсэн чадвар, цуглуулсан мэдлэг туршлагаа харимгүй зориулж чадах нэгэн гэдэгт хувийнхаа зүгээс тунчиг итгэлтэй болсноор бид хоёрын яриа өндөрлөсөн билээ.
Г.Баттөмөрийн сошиал хуудас:
Фейсбүүк хуудас, Фейсбүүк
Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.