Түүний ажил, амьдралын маршрут ердөө нэг км-ийн радиуст өрнөдөг гэхэд болно. Баярцэнгэлийн хувийн бизнес болох Улаанбаатар хотын хамгийн эрт онгойдог кофе шоп “Lotus”-д бид хүүхэд насных нь тухай дурсамжаас түүхээ эхэлж, улмаар тун удахгүй цацагдах шинэ дууг нь студид нь сонссоор яриагаа өндөрлөсөн юм. Кофе шопоос гарч түүний студид очиход барилгын гадаа нь галын машин ирчихсэн байв. Гэтэл манай зочин “Ээ, энд гал гарчихсан юм байх даа? манайх арай биш биз дээ?” гээд хээв нэг инээж байдаг юм байна. Яг л ийм дэндүү тайван ч гэмээр юм уу, уриалгахан, нээлттэй зан нь түүнтэй ярилцсан хэнийг ч тухтай мэдрүүлдэг нь анзаарагдсан тул түүнээс асуух асуултаа бодож тэвдсэнгүй. Гал ойролцоох хэвлэлийн газар гарсан болж таарч, бид ч студи рүү нь орж удахгүй цацагдах дуунуудтай нь танилцаж, “хөгжимлөг” хэдэн хормыг өнгөрүүлэн ажил, амьдралынх нь талаар хөөрөлдсөнийг ийнхүү хүлээн авна уу.
  

Одоо би дуулж болох уу? 

Урлагийн хүмүүсийн намтар “бага ахуй наснаасаа л урлагтай холбогдож ... “ гээд л нэг ижил утсаар сүвлэгдсэн байдаг даа? Баярцэнгэл ч энэ жишгээс хазайсангүй, багаасаа л дуулах дуртай хүүхэд байжээ. Ямар сайндаа анх зургаан настайдаа Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгалт өгөх гэж байхад нь түүний эгч “Чи одоо л энэ сургуульд тэнцэж орохгүй юм бол дахиж битгий дуулаарай” гэж байх билээ. Шалгалтаасаа гарч ирээд эгчээсээ “Одоо би дуулж болох уу?” гэж асууснаас хойш дуу хөгжмөөс холдоогүй түүний карьерт эгч нь хамгийн их нөлөөлсөн аж.

Эгч нь хөгжмийн багш мэргэжилтэй ч мэргэжлийн хөгжимчин болж чадаагүй гэнэ. Харин түүний хүслийг дүү Баярцэнгэл нь өвлөж авсан гэлтэй. Төрөл бүрийн дуу дуулж, төгөлдөр хуур дээр ая зохиох, дүүрэг, нийслэлийн тэмцээнүүдэд оролцох гэх мэт ерөөс хөгжимтэй холбогдох үйл бүхэнд нь эгч нь түүний хөшүүрэг болж, улмаар дүүргийн шилдэг хүүхдийн шагналыг ч хүртээд амжжээ.

Хөгжим бүжгийн сургуульд зургаан настайдаа төгөлдөр хуур болон морин хийлийн ангид шалгуулж, морин хийлийн ангид тэнцсэн ч дайхад амар, овор багатайг нь бодолцож, энгийн хийл хөгжмийн ангид элссэн түүхтэй.

Шаргал үст охин 

Урлагийн зам хөөсөн хүүхдүүд амархан ажил хийж байгаа мэт хөнгөн хуумгай харагдаж болох ч начир дээрээ тэдний өдөр тутмын амьдрал онхи өөрөөр өрнөдөг байж. Өрсөлдөөн ихтэй хөгжмийн салбарт тунаж үлдэх хэцүүхэн сорилттой цаг үргэлж нүүр тулахын сацуу ерөнхий эрдмийн хичээлээ ч цалгардуулалгүй шамдана гэдэг бэрх. Бүр хичээл хийх, хөгжмөө давтах цаг хугацаагаа алдахгүйн тулд хөрш айлын хүүхдүүдтэйгээ ч тоглож үзээгүй гэнэ. Ингэж явсаар дунд, ахлах ангидаа хичээл номоо цалгардуулж, сэтгэлзүйн хувьд ч доройтож эхэлсэн тэр үед хөгжмөө бүр мөсөн орхих талаар бодож байсан ч эргэлт буцалтгүй хөгжмөө сонгоход нь түүний багшийн санал болгосон хөгжимчид үлэмж нөлөөлжээ.


“Хөгжмөөр сураад ирэхийн цагт хөгжим бүрийг техник талаас нь сонсох гээд байдаг талтай. Тиймээс би хөгжмийг өнгө, аялгуу талаас нь сонсохыг эрмэлздэг. Леонид Коганий хөгжим чанга, далайцтайн дээр уянгалаг, зөөлөн байдлыг уялдуулсан байдаг учраас түүний тоглолтууд намайг хөгжимд эргээд дурлахад нөлөөлсөн юм. Харин цааш тоглох чиглэлээ олоход нөлөөлсөн хөгжим нь импрессионизмын төлөөлөл Де Бусси. Импрессионизм нь хүний дотоод мэдрэмжүүдийг илэрхийлэхийн сацуу классик хөгжим дээр өрнө, дорнын зохирол элементүүдийг нийлүүлсэн учраас “олон өнгөтэй” урсгал мэт. Де Буссигийн “шаргал үст охин” хөгжмийг анх сонссон мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй. Бүр хөгжмийн зохиол нь толгойд дүрслэгддэг гээд л бод. Францын тариа буудай ургасан өргөн уудам тал, цаана нь салхин тээрэм, цагаан алчууртай охин, түүний алчуурыг нь салхи хийсгэхэд үзэсгэлэнтэй шаргал үс, сэвхтэй төрх гээд бүх мэдрэмж нот нэг бүрээс нь мэдрэгддэг. Энэ хөгжмийг тайзан дээр тоглох юм сан гэж мөрөөдсөөр өдийг хүрсэн гэж бодохоор хөгжим хүнээс тийм нарийн мэдрэмжүүдийг гаргаж, хөглөж, чиглүүлэх хүчтэй. Ер нь хөгжимчин хүн өөрийн урсгалыг олсон цагтаа дахин төрдөг юм шиг”.



Гэрэлт гудамжнаас эхэлсэн San Juniper

Бас бус тоглолтуудад оролцож явахдаа тэрээр оркестрт тохирохгүй гэдгээ ойлгожээ. Баярцэнгэлийн хувьд урлагийн замналынх нь нэгэн чухал үе шат бол хамтлагтай болсон явдал. San Juniper хамтлагийн гишүүд бүгд СУИС-ийн лицей Бадмаараг сургуулийг төгссөн нэг үеийн нөхөд юмсанж.

2016 онд Гэрэлт гудамжны нээлтийн арга хэмжээнд тоглосон нь түүний хөгжимчний карьерын хамгийн өргөн зритель байсны дээр энэ үеэр хамтлагийн гишүүн Тэгшээтэй танилцсанаар хамтлаг бүрдэх эхлэл тавигдав. Уг өдөр анх удаа үзэгчдийн дунд дуртай зүйлээ хийж байхад төрсөн мэдрэмж түүнийг“front man” буюу хамтлагтаа гоцлол байх дуртайг нь ойлгуулжээ.


Удалгүй Гэрэлт гудамжинд 3,000 гаруй хүнтэй нээлтийн арга хэмжээн дээр тоглох завшаан тэдэнд тохиосон нь хамтлагаараа хөгжмийг жинхэнэ утгаар нь туурвих эхлэл байв. Хийл хөгжмийг гоцлол болгон ашигласнаар тэдний ялгарал, өнгө төрх ч бүрдэж, San Juniper хамтлаг албан ёсоор үүсгэн байгуулагджээ.

“San Juniper” хэмээх нэр нь Netflix-ийн алдарт “Black Mirror” цувралын 4-р улирлын ангитай холбоотой. Кинонд хоёр дурлалт бүсгүйн тухай өгүүлдэг бөгөөд тэдний үхсэнийхээ дараа ч залуугаараа орших боломжтой хийсвэр, симуляцийн ертөнцийг нь “San Junipero” гэдэг. Ингээд “о”-г нь хасаж “San Juniper” хэмээн нэрлэсэн”.

Анхны компьютер, анхны хөгжим
 


Анх өөрөө хөгжмийн продюсер хийж, хөгжим хийж эхэлье гэсэн санаа бүтэлгүй тоглолтын дараа төрсөн нь хачирхалтай. Тэр өдөр хамтлагийн хөгжимчин өөр газар тоглолттой байсан тул оронд нь өөр хүн орлон тоглуулсан ч бүтэлгүйтсэн тул "компьютер дээр дуунуудаа хадгалах хэрэгтэй" гэж бодсон байна.

2011 онд Хятад руу тоглолтод явах боломж гарч, тоглолтын төлбөрөөрөө анхны компьютероо худалдан авсан нь продюсерын гараагаа эхлүүлсэн “түүхэн мөч” байж. Түүнээс хойш продюсерын чиглэл рүүгээ илүү хөгжиж, анх дуучин Маралжингоод хийсэн хөгжмөө сонсуулснаар тэдний “Affection” хэмээх дуу бүтсэн гэдэг.

Удалгүй найзтайгаа 2018 онд Герман руу явж, Герман оюутнуудтай хамтарч жүжиг тавьсан нь одоогийн Moustache Studio-гоо байгуулах сэдэл болжээ. Сонирхолтой нь тухайн жүжигт хамтран ажилласан герман найз нь 2023 онд "All Quiet on the Western Front" киногоороо Оскарын шагнал хүртсэн нь бас л хэмжээлшгүй их урам зориг өгсөн гэнэ.

“Ямар ч боломж хаагдана гэж байдаггүй юм шиг ээ. Ямар нэг байдлаар өөр төсөл, ажил болж л хувирдаг юм шиг байгаа юм. Манай найз нэг өдөр над дээр ирээд “Анд аа, хоёулаа студи байгуулъя” гэхэд цаг хугацаа нь ч яг таарсан. Би тэр үед анхныхаа альбумыг бичиж байсан болохоор production-ийнхаа анхны уран бүтээлч, анхны дебют мөн анхны альбумыг нь өөрөө хийчихье гээд л манай Mouestache студи үүсгэн байгуулагдсан.”

Оффисоо өөрөө бүтээсэн нь


Хотын төвд буйдхан орших газар бол түүний бас нэгэн төсөл Lotus кофе шоп. Анх арван жилд байхаасаа л багшийнхаа кофе шимэн суухыг харж дуурайсаар кофе шоп нээх хүртлээ кофенд дуртай болжээ. Их сургуульд ч тэр байнга кофе шопт хичээлээ хийж суудаг байсан нь өөрийн гэсэн ажил, хичээлээ хийж суух газартай болох хүслээс нь эхлэлтэй. Метро Молл-ийн "Caffe Bene"-ийн анх нээгдсэн цагаас нь хойш бараг 4-5 жил өглөө, оройгүй очиж суудаг, бараг л “diamond” үйлчлүүлэгч болсон нь “ер нь өөрөө нээчихвэл тэндээ байнга ажлаа хийж суух юм биш үү?” гэх бодолд хөтөлж л дээ. Түүний энэ бодол бодит болоод өдгөө гурав дахь жилтэйгээ золгож байна. Янз янзын кофе шопуудаар хэсэж ажилладагийн хувьд гадуур сууж ажлаа хийхийн эрээнтэй бараантай талыг тэрээр сайн мэднэ. Эдгээрээс хамгийн “явдалтай” тал ихэнх газрууд эрт онгойдоггүй нь. Иймд Улаанбаатар хотын хамгийн эрт нээдэг (өглөө 6 цагт) кофе шоп болох зорилго тээж Lotus-ийг нээжээ.

Төрсөн өдрөөс төрсөн санаа: Bay’s Foundation for Young Talents 

Ямар ч салбарын хүнд “өөрийгөө голох” мэдрэмж хэзээ нэгэн цагт төрдөг ч хөгжимчдөд энэ мэдрэмж үргэлж сэтгэл, мэдрэмжийнх нь цаана сүүмийж байдаг юм шиг.

“Ялангуяа хүүхэд ахуй насандаа гадагшаа тэмцээн уралдаанд явж чадаагүйгээ өөрийгөө мундаг биш болохоор, хангалттай хичээгээгүй болохоор гэж л бодохоос биш цаана нь зөвхөн авьяас чадвараас гадна санхүүгийн асуудлууд байдгийг хүүхдүүд төдийлөн ялгаж, салгаж ойлгодоггүй”.


Жил болгон л төрсөн өдрөө нэлээд өргөн хүрээнд тэмдэглэдэг ч нэг л сэтгэлд хүрэхгүй, хүссэн хэмжээндээ үнэ цэн бүтээхгүй байгаа нь сэтгэлийг гонсойлгодог байж. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр нь нэг мэргэн санаа төрсөн нь сан байгуулах явдал байв. Улмаар “Bay’s Foundation for Young Talents” гэх өөрийн сангаа байгуулж, эхний жилдээ 8 сая төгрөг босгон таван хүүхэд болон нэг багшийг ивээн тэтгэжээ. Хамгийн гайхалтай нь, тэтгэлэг авсан таван хүүхдээс гурван сурагч Чех улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож, шагнал хүртсэн явдал. Яг энэ мэдрэмжийг л хайгаад байсан мэт, ганц хүний ч болов сэтгэлд гэрэл асааж чадсан, бодит нөлөө үзүүлж чадсан нь хүрээгээ улам тэлж, СУИС болон Хөгжим бүжгийн сургуулиудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулах, илүү олон хүүхдэд хүрэх зорилго тавих үндэслэл болжээ.


Одоо тэрээр олон уран бүтээлч залуучуудын хөгжмийг “бүтээлцэхдээ” зөвхөн хөгжмөөр хязгаарлагдахгүй видео клип, production гээд бүгдийг цогцоор нь хийх ойрын зорилготой. Уг зорилгынх нь эхний хэсэг болох түүний анхны дуу өчигдөрхөн цацагдсаныг хүлээн авна уу.