"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
Unread Media
Хөгжимчид гэдэг сонин улс юм. Тайзны урд зогсдог уран бүтээлчидтэй харьцуулахад нийтлэгээрээ эгэл даруу, элдэв яриа, сурталчилгаанд тун чиг хойргоороо ялгарах ба “урлагийн хүний амбиц, эго гэж байдаггүй юм байх даа?” хэмээн гайхмаар хаалттай, чимээгүй ертөнцүүд санж. Шуудхандаа бол үзэгчдэд танигдах, өөрийгөө таниулах гэдэг сонин биш агаад маркетинг гэдэг үг хүртэл тэртээ холын зүйл мэт санагдана. Тэдэнд гагцхүү хөгжимдөө мэргэших, урлагийг бүтээж мэдрүүлэх, түүний бахархалт нэг хэсэг байх нь л чухал.
Уянгалаг бүтээлүүдэд нь сэтгэл татагдсандаа “Монгол Улсын Филармони”-иор сүүлийн хоёр сар эргэлдсэн надад эрхгүй төрсөн ажиглалт энэ байв. Ээлжит “Өртөөлөгч”-өө эндээс л олох нь эргэлзээнгүй…
Цаг товлон ярилцахаар ирсэн энэ дөрвөн залуу бол дээрх бодлын минь баталгаа, дэвшүүлсэн таамаглалын минь ээлжит биелэл. Урлаг, уран бүтээлээр оюун санаа, дотоод ертөнцөө дүүргэсэн эдгээр залуус бол тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын дөрөв дэх үеийн “Чөлүгэн” дөрвөл-хамтлаг, “Монгол Улсын Филармони”-ийн хөгжимчид…
Дөрвөл нэгдсэн түүх
Дунд, ахлах анги цаашлаад оюутны жилүүдтэйгээ нийлээд мэргэжлийн морин хуурч болохоор 10 жил шамдан суралцсан залуус “Монгол Улсын Филармони”-д жил дараалан ажилд орсноор албан ёсоор нэг чуулгад тоглож эхлэв. Эхний хоёр жилд багийнхнаа сонсож мэдрэх, мэргэжлийн ур чадвараа ахиулахад л анхаарсан тэдний хувьд 2019 он онцлох жил байлаа. Учир гэвэл бусдаасаа түрүүлж Филармонийн хөгжимчин болсон М.Бат-Өлзийд байгууллагад нь ирсэн захиалгат тоглолтод цөөхүүл баг бүрдүүлэн оролцох даалгавар иржээ.
Морин хуурын бүтээлийг хамгийн багадаа их хуурч болон нэг, хоёр, гуравдугаар хоолойн хуурчдаас бүрдсэн дөрвөл нийлснээр бүрэн дүүрэн тоглодог онцлогтой. Нэгдүгээр хоолой тоглодог Бат-Өлзийгийн хувьд санаанд нь орсон эхний хүн нь Хөгжим бүжгийн сургуулийн доод дамжааных нь дүү, оюутан ахуйдаа нэг хамтлагт тоглосоор хамтран ажиллаж дассан их хуурч М.Мөнхбат байлаа. Харин хоёр болон гуравдугаар хоолойн хуурчид хэн байх нь сонин байв.
Аливаа мэргэжлийн хөгжмийн бүтээлийг хамтлагаар тоглоход хувийн ур чадвараас гадна тодорхой хугацаанд чуулгын бүрэлдэхүүнд багтаж, хоолой салган тоглоход суралцсан, сонсгол, арга барилын хувьд нийцдэг гишүүдтэй байх шаардлагатай. Хувь хүмүүсийнхээ тал дээр ч сэтгэл санаа нэгдэж, ааш зан таарах нь нэн чухал ба хэрэв ийм баг бүрдүүлж чадвал хөгжимчдийн цаашдын карьер, мэргэжлийн ур чадварт нь асар томоор нөлөөлдөг. Тийм ч болохоор тэд энэ үйл явцыг амьдралын ханиа сонгохтой дүйцэх чухал сонголт болохыг ам уралдан онцолж байсан нь хөгжилтэй хийгээд сонирхолтой байсан юм.
Улмаар Бат-Өлзий чуулгад тоглосон таван жилийн хугацаандаа хөгжим хийгээд хувь хүмүүсийнхээ тал дээр ажиллахад хялбар санагдсан хоёрдугаар хоолойн хуурч Ц.Анхбаяр, гуравдугаар хоолойн хуурч О.Төмөрхуяг нарыг бүрэлдэхүүндээ нэгтгэхээр шийдэв. Учир нь, тэр хоёрын хувьд Хөгжим бужгийн дунд сургуулиас эхлээд Монгол Улсын Консерваторийг бакалаврын зэрэгтэй төгсөх хүртлээ нэг ангид суралцсан ба энэ хугацаандаа нэг дөрвөлд харьяалагдан, тус бүрэлдэхүүнээрээ гадаад болон дотоодын хэд хэдэн тоглолтод оролцож гар нийлсэн найзууд байжээ.
Ингээд нэг, хоёр, гуравдугаар хоолой, их хууртайгаа нэгдэж, морин хуурын дөрвөл бүрдсэнээр Бат-Өлзийн удирдлага дор захиалгат тоглолт, хуваарьт үйл ажиллагаануудад оролцох болов. Хоёр жилийн дараа гэхэд тэдний нөхөрлөл ч батжиж, тоглосон хөгжмүүд ч хөг нийлэн жигдэрч эхэллээ. Үүнийг нь өөрсдөөс нь гадна Морин хуурын чуулгынхан нь ч, нийт Филармонийн удирдлагууд ч эрхгүй анзаарч, тэднийг тохиолдлын хамтралаас өөр түвшинд харах болов.
Дөрөвдүгээр үеийн “Чөлүгэн”
1992 онд Засгийн Газрын тогтоолоор байгуулагдаж асан Морин хуурын чуулга өдгөө 30 гаруй хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй ба нэг жилд дэлхийн 20 орчим улс оронд зочлон, үндэсний урлагаа сурталчилдаг нөлөөтэй бүрэлдэхүүн болж чаджээ. Тэдний энэ хичээл зүтгэл, үүрэг хариуцлагынх нь үнэ цэн, ач холбогдлыг төр засгаас үнэлэн 2022 онд албан ёсоор “Монгол Улсын Соёлын элч”-ээр өргөмжилснийг уншигч та ч бас санаж магад.
Угтаа, чуулгын хийх ажил дан ганц хөгжмөөр хязгаарлагдахгүй. Өнгөрсөн хугацаанд тэд морин хуурын чуулгад зориулсан хөгжмийн бүтээлийн урын санг баяжуулах, морин хуурын хөгжлийг дараагийн түвшинд гаргах, үндэсний хөгжмийн залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх, хөгжимд хайртай үзэгчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг соёл боловсролын олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Үүний дотроос онцлох ололт нь чуулгын дэргэд морин хуурын дөрвөлийг үүсгэж, өвлүүлэн дамжуулах симтемээр хөгжүүлэх явдал байлаа. Өөрөөр хэлбэл тэд чуулга байгуулагдсанаас ердөө тавхан жилийн дараа үзэгч олондоо анхны “Чөлүгэн” дөрвөлөө танилцуулсан юм.
Ийнхүү 1997 онд байгуулагдаж асан “Чөлүгэн” дөрвөл анхны бүрэлдэхүүнээсээ хойш дөрөв дэх үеэ угтан авч буй нь энэ. Дөрвөлийн үе үеийн гишүүд тухайн цаг үе бүрдээ “Морин хуурын чуулга”-ынхаа нэр хүнд, ур чадварыг өндөрт өргөж, тасралтгүй өнгөлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн уламжлалтай. Тухайлбал, өдгөө чуулгын Ерөнхий удирдаачаар ажиллаж буй МУУГЗ Д.Түвшинсайхан нэг болон хоёрдугаар үеийн “Чөлүгэн”-ий гишүүн аж.
Чөлүгэнчүүдийн түүхийг сөхөөд үзвээс нэгдүгээр үеийнхэн нь тухайн үеийн морин хуурчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн бол хоёрдугаар үеийнхэн нь морин хуурын дөрвөлд зориулсан хөгжмийн бүтээлийн урын санг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж, хөгжмийн зохиолчидтой нягт хамтран ажиллажээ. Харин гуравдугаар үеийнхэн морин хуурын дөрвөлийн тухай ойлголт, тоглолтын онцлогийг олон улсад идэвхтэй сурталчилж, Монголын үндэсний хөгжмийг хайрлан сонирхох гаднын үзэгчдийн тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн гэдэг.
Харин одоо тэдний үе. Дөрөвдүгээр үеийн Чөлүгэнчүүдийн хийж бүтээх цаг.
Хүсэн хүлээсэн үг, догдлол дүүрэн анхны тоглолт
Өнгөрсөн хавар зохион байгуулагдсан морин хуурын дөрвөлүүдийн тоглолтын үеэр Ерөнхий удирдаач “Та нар үүгээр дараагийн “Чөлүгэн” боллоо шүү” хэмээсэн нь санаанаас хэзээд гарамгүй баярт мөч. Өмнө нь тэд өөрсдийгөө өдий төдий харуулсаар ирсэн ч арайхан энэ үгийг сонсож чадахгүй явсаар хэдэн оныг үдсэн байлаа. Үүний дотор удирдаач Д.Дарьзавын нэрэмжит "Цэнгэлийн эгшиг" улсын анхдугаар уралдаан тэргүүтэй мэргэжлийн томоохон тэмцээнүүдэд тэргүүн байр эзэлж, гранпри шагнал авсан амжилтууд ээлж дараалан орно. Энэ мэт багагүй хугацааны хөдөлмөр зүтгэл, бэлтгэл сургуулилтын дүнд 2023 онд албан ёсоор Чөлүгэн болсон билээ.
Тэд энэ үүрэг хариуцлагыг өндөр хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Тиймдээ ч морин хуураар хичээллэсэн 20 шахам жилийн туршлага, энэ бүрэлдэхүүнээрээ таван жил орчим тоглосон бэлтгэл сургуулилтандаа эрдэж, тоглолт хийхээр адгаж яараагүй юм. Эсрэгээрээ үндсэн ажилдаа идэвхийлэн төвлөрч, морин хуурын дөрвөлийн эгшиг хүрж амжаагүй явсан Австрали улсын Сидней Опера хаус, Франц улсын Версалын ордон зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзан дээр ээлж дараалан гарч, “анхны” хэмээх тодотголын эзэд болж, хөг эгшгээ олон улсад түгээсээр, сурсаар, туршлагажсаар байлаа.
Үүгээр зогсохгүй ирээдүйд хийх анхны бие даасан тоглолтдоо ч хариуцлагатай бэлдэж эхлэв. Харин хуучныг давтахыг хүссэнгүй. Шинийг эрэлхийлэх, шинийг үзүүлэх нь л сонин. Таатай нь гэвэл, энэ салбарт олон жил суралцаж, ажилласан хөгжимчдийн хувьд яах ийх дээр бодож цөхөх зүйл байсангүй. Эцсийн шийдвэр гарах төдийд, үндэсний хөгжмийн бүтээлийн зохиолчид болох Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат нарыг эргэлзэлгүй зорин очлоо. Учрыг тайлбарлаваас, морин хуурын дөрвөлд зориулсан том хэлбэрийн хөгжмийн бүтээл буюу 3-4 ангит, 20-25 минутын урттай зохиол шинээр бичигдээгүй 20 жил өнгөрсөн байжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөл морин хуурын урын сан шинэ уран бүтээлээр баяжаагүй төдий удсан байх нь. Ингэж хоёр арваны дараа морин хуурын дөрвөлийн шинэ хөгжмийн зохиол мэндэлсэн юм.
Өөрсдөдөө оноосон эхний даалгавраа ийн биелүүлснээр сая л тэдэнд тоглолтоо хийх урам зориг төрж эхэллээ. Үүний л төлөө төвлөрсөн, төлөвлөсөн, тэмүүлсэн. Цаг нь иржээ.
2024 оны тавдугаар сарын 18. Энэ бол тэдний анхны бие даасан тоглолтоо төрөлх “Монгол Улсын Филармони”-ийхоо тайзнаа тавьж, хөгжимд хайртай үзэгчдэдээ дөрөвдүгээр үеийн “Чөлүгэн” гэдгээ албан ёсоор танилцуулсан догдлол дүүрэн орой байлаа.
Тахин шүтэж, түгээн дэлгэрүүлэх учиртай “Морин хуур” хэмээх өв
Морин хуурын түүх бол тэр чигээрээ монголчуудын түүх. Бидний угсаа язгуур, өв соёлтой холбогдох нэн эртний энэ хөгжмийн зэмсгийн эд эс бүрд мод, адууны дэл сүүл тэргүүтэй амь, амьсгал шингэсэн байдгаараа онцлогтой. Төв Азийн цээжинд хэдэн мянганы туршид идээшин дассан монгол хүмүүний сэтгэлийг чухамдаа энэ газарт л оршдог өвөрмөц содон аялгуу угт нь хүртэл хөдөлгөж чаддаг мэт. Морин хуурын хоёрхон чавхдаст монгол хүн, монгол нутаг, монгол соёлтойгоо цөм багтдаг нь ийм л учиртай. Ямар ч цаг үед хүний сэтгэлийн нарийн углуургыг хөндөж, уярааж, огшоож, хайлуулж чадах увидастай энэ хөгжмийг хайрлан хүндлэх монголчуудын сэтгэл өнгөрсөн олон зууны туршид өөрчлөгдөж байсан нь нэгээхэн ч үгүйг хөг аялгууг нь сонссон хэнд ч ойлгомжтой болж ирэх биз ээ.
Тиймдээ ч жил бүр Хөгжим Бүжгийн дунд сургуулийг зорин ирдэг зуу зуун хүүхдүүдийн нэг нь тэд байлаа. Мэргэжлийн хөгжимчдийн карьер хүүхэд ахуй цагаас эхлэх учиртай. Тэгэж гэмээн гар зүгширч, ирээдүйд томоохон бүтээлүүдийг тоглож чадах сэтгэлзүй, сонсгол, чадвар тогтдог аж. Сонгодог хөгжимчдийн хувьд энэ нь зургаан наснаас эхэлдэг бол морин хуур тэргүүтэй үндэсний болон зарим сонгодог хөгжмийн хувьд дунд ангиас буюу 11 наснаас эхэлдэг байна.
М.Бат-Өлзийгийн хувьд телевизийн найруулагч өвөө, хөгжимчин аавын нөлөөгөөр энэ мэргэжлээ сонгожээ. Эрэгтэй хүүхдийн хувьд ид бөмбөг хөөж, байрны гадаа найзуудтайгаа хөгжилдөх насанд нь морин хуурын нум атгуулан суулгасанд гайхах, сандрах нь зэрэгцэх үе байсан ч хуураа татаж дадсан үеэс хөгжимдөө эргэлт буцалтгүй дурласан гэдэг.
Ц.Анхбаярын хувьд хэвлийд байхаасаа хөг аялгуунд уярсаар энэ дэлхийд ирсэн хөгжимчин ээж аавын хүү. Тиймдээ ч Хөгжим бүжигт элсэхээсээ өмнө хоёр жил гаран төгөлдөр хуураар хичээллэж, улмаар дунд ангиасаа албан ёсоор мэргэжлийн морин хуурч болохоор сурч иржээ. Одоо ч түүний ойлголтод хөгжмөөс өөр мэргэжил байдаггүй гэлтэй.
Их хуурч М.Мөнхбат бол МУГЖ, хөөмийч Сундуйн ач хүү. Үндэсний урлагийн үр шим, сайн сайхан талыг мэдэрч өссөн аав нь түүнийг дунд сургуулийн дотуур байранд бие даан амьдрахтай болохтой нь зэрэгцэн хүүгээ сургуульд тушаахаар алс холын Ховд нутгаас Хөгжим бүжгийн сургуулийг зорин ирсэн гэдэг. Хол замд өдөр богинодож морин хуурын ангийн шалгалтад хожимдсон ч гандан буурахгүй их хуурын ангид эргэлзээ үгүй оруулсан түүхтэй.
Харин О.Төмөрхуяг эсрэгээрээ. Урлагийн хүнгүй гэр бүл дундаасаа дуу хөгжимд дуртай нь тэр байлаа. “Ерөөс би хөгжмөөр л явах юм байна” гэдгээ хэнээр ч хэлүүлэлгүй ойлгосон хүү 11 нас хүрмэгцээ гэрийнхнээ ятгаж, хот бараадсан нь мэддэг ганцхан хөгжим болох морин хуураа л сурах гэснийх байлаа.
Дөрвөн өөр салаа замын уулзвар энд л ирж огтлолцсон нь түүх ийм. Ингэж л тэд монгол хүн бүрийн “тахин шүтэж, түгээн дэлгэрүүлэх учиртай” морин хуур хэмээх энэ их өвийг цаашид улам таниулж, тив дэлхийд хөг эгшгийг нь цуурайтуулах хувь тавилан дор нэгдсэн юм.
Чөлүгэн дөрвөл цаашид ч үргэлжлэн оршсоор, тэд ч улам ассаар байх болно.