"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
Unread.media
2011 он. АНУ-ын “The Foreign Policy” сэтгүүл тэргүүн нийтлэлдээ Монгол улсыг бүс нутгийнхаа хөгжиж буй ямар ч улстай харьцуулахааргүй хурдтай өсөн дэвшиж байгаа бөгөөд хязгаар нутагт их бүтээн байгуулалтын давлагаа айсуй хэмээн онцлов.
Шинэ мянганы эхний арван шувтарч, их хямралын сүүдэр дөнгөж арилж байсан тэдгээр жилүүдэд залуусын дунд энтрепренер, гарааны бизнес, экосистем, инновац гэх үгсийн цучил үүсэж, асар богино хугацаанд гал болон дүрэлзэж байлаа. Орчуулгын уран зохиол, хайрын өгүүллээр дүүрэн, номын дэлгүүрийн тавиурт “Та өөрөө стартап компани”, Уолтер Айзексоны "Стив Жобс" зэрэг бүтээлүүд бестселлерийн эгнээнд заларч, залуус жинхэнэ утгаараа томоор сэтгэх зоригтой болж эхэлснийг уншигчид маань санаж байгаа нь лавтай.
Харамсалтай нь, "ганц эвэрт" болох алсын хараатайгаар, их хотын аль нэгэн булан тохой, кофе шопт үүсгэн байгуулагдсан олон компани арваад жилийн хугацаанд өгсөж уруудаж, зах зээлээс арчигдахыг бид харав. Олон ч залуусын хүсэл тэмүүлэл дөрвөн уул дотроо шингэж, замхран алга болж буй үйл явдлын гэрч нь болов. Гэхдээ өнөөдрийн өгүүлэх түүхийн эзэн энэ хүчтэй давлагаан дунд мөрөөдлөө гээлгүй, урагшилж чадсан нэгэн. Нисэхийн дэнж дээрх гэр хорооллоос эхэлсэн түүний аялал МУИС, Youngreader.mn, Mongol ID, Deal.mn бартер арилжааны платформ, YMC цаашлаад BZP Design & Development, Аnd Global-аар үргэлжлэн, яг одоо бол Ард Холдинг дээр зангуугаа татаад буй.
Apprentice Mongolia шоуны хоёрдугаар улиралд оролцож, олон дараалсан ялалтыг байгуулж, цорын ганц ялагчаар тодорсон ч жинхэнэ амьдрал дээр тэрээр насандаа ахдам олон ялагдал, бүтэлгүйтлийг амссан. Бидний одоо өгүүлэх түүх бол гагц Ж.Дашнямынх бус зорилго, мэдлэг хоёроос өөр зүйлгүйгээр зах зээлийн өрсөлдөөнд хөл тавьсан өнөөгийн нийгмийн мянга, мянган залуусын бодит түүх юм.
Жолооч аав, багш ээжийн хүү түүний хорвоод мэндэлсэн түүх тун сонирхолтой. Хугацаанаасаа өмнө хорвоод мэндэлсэн бяцхан нярай төрөөд хэдхэн хоногийн дараа хөхүүл ханиад буюу коклюш гэх амьсгалын замын өвчин тусаж, эмч нар гэр бүлийнхэнд нь сэтгэл санаагаа хатамжилж, ажил явдалд нь бэлдсэн дээр гэх үгсийг хэлсэн аж. Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж буй зээгээ харсаар байгаад нүдэн дээрээ алдахыг хүсээгүй эмээ нь “Үхэхээ тулбал хаана ч үхнэ” гээд Ж.Дашнямыг хөдөө гэр рүүгээ авч явж, гурван нас хүртэл нь гар дээрээ өсгөжээ.
“Нисэхийн долоо” гэх нэршилтэй, арван жилийн долоодугаар сургуулийг төгссөн түүний сурагч ахуй нас Нисэхийн дэнжтэй салшгүй холбоотой. ИНЕГ-т жолооч хийдэг аав нь ууган хүүгээ өөрийн салбарт уруу татах хүсэлтэй байсан ч хар багаасаа эрх дураараа өссөн отгон хүүгийнхээ мэргэжил сонголт, ирээдүйн амьдралд нь огтхон ч оролцоогүй гэдэг. Математикийн багш мэргэжилтэй ээжийн хүү бага ангиасаа математик, байгалийн ухааны хичээлүүддээ сайн байж, дүүрэг хотын бүх л олимпиадад сургуулиа төлөөлөн оролцдог байжээ. Гэвч ах, эгч хоёрыг нь гадаадад сургахын төлөө хамаг бүхнээ зориулж, шинэ хувцас худалдан авах мөнгөө хүртэл хэдэн жилээр далд хийж буй эцэг эхээ харж өссөн түүний хувьд харь улсад суралцана гэдэг биелшгүй мөрөөдөл байв.
Арван жилийн турш онцоос өөр дүн авч үзээгүй жаалхүү ЭЕШ-даа хамгийн өндөр оноог авна гэдэгтээ итгэл дүүрэн байсан ч өөрийнх нь тодорхойлсноор сагсуу, бардам зангаасаа болж төсөөлсөн шигээ амжилт үзүүлээгүй нь амьдралдаа мөргөсөн эхний хана байлаа. Алдаагаа ухаарч, бүтэн жилийн турш хичээсээр МУИС-ын Бизнесийн менежментийн ангид шилжин суралцжээ.
Гуравдугаар курсээсээ ажлын гараагаа эхлүүлж, тухайн үед Эдийн засгийн сургуулийн багш байсан М.Халиунбат захирлын Вай Эм Си (YMC) компанид дадлагажигчаар орж үнэлэгдэн цаашлаад шинээр эхлүүлсэн Монгол Айди компанид нь төгсөх хүртлээ ажиллажээ.
Тухайн үед маркетингийн идэвхжүүлэлтийг нь гардан гүйцэтгэсэн Монгол Айдид үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан ч өөрийн стартапаа босгоно хэмээн тогтвортой ажлын байрнаас татгалзав. Түүний эхний бүтэлгүйтэл бол Deal.mn гэх бартер арилжааны сайт. Unread-ийг үүсгэн байгуулагчдын нэг А.Ундралтай хамтран байгуулсан тус платформ эхэн үедээ төсөөлснөөс илүү амжилт үзүүлсэн ч бизнесийг тогтвортой авч явах туршлага хийгээд мэдлэггүйн улмаас ахин нэг хана мөргөсөн сургамж түүнд бий.
Deal.mn-ээс гадна монголдоо энтрепренершип, технологийн талаар дагнан бичдэг сайтуудын анхдагч Youngreader.mn-ийг Ж.Дашням оюутан байхдаа сургуулийн найзтайгаа эхлүүлсэн. Шинэ тутам хөгжиж буй технологи, стартап бизнесийн эргэн тойрны сонирхолтой мэдээллийг бусдад түгээх гэсэн тун энгийн зорилготойгоор эхлүүлсэн энэхүү блог тухайн үеийн залуусын дунд хэсэгтээ тренд болж, уншууртай сайтуудын тэргүүн эгнээнд багтаж байсан билээ.
Харамсалтай нь, нөгөө л бизнес модель боловсруулах тал дээр туршлагагүйн улмаас Youngreader.mn-ийг орлого олдог медиа хэлбэрээр үргэлжлүүлж чадаагүй аж. Дахиад л нэг хана. Одоо юу хийх вэ? хэмээн гайхширч байх тэр үед cайтынх нь тогтмол уншигч, одоогийн "BZP Digital Agency - Дижитал маркетинг"-ийн агентлагийн үүсгэн байгуулагч Б.Батзориг түүнд ажлын санал тавих нь тэр.
“Инбаунд, CRM, дижитал маркетингийн талаар дийлэнх бизнесийн байгууллагууд анхан шатны ойлголтгүй байсан тэр цагт Б.Батзориг ах нэгэн CRM системийн албан ёсны эрхийг авч байсан юм. Түүний ярьж байгаа бүх зүйлс нь цоо шинэ байсан болохоор энэ чиглэлээр илүү мэргэших ёстойгоо ухаарсан хэрэг. Маркетингийн менежерийн хувиар хариуцаж авсан эхний ажил вэбсайт бүтээх байж таарсан. Код бичих талаар А-ч байхгүй миний хувьд эхний төсөл хамгийн хэцүү байсан ч ард нь гарсныхаа дараа өөрөөрөө бахархаж байлаа.
Ажлын явцдаа вэб гэдэг зөвхөн компани болон үйлчилгээний танилцуулга төдий бус, бүтээлчээр ашиглаж чадвал маркетингийн хамгийн чухал хэрэгсэл, борлуулалтын суваг болж харахыг олж харсан. Байгууллагууд ирээдүйд CRM, веб хөгжүүлэлт, дижитал маркетингийг ашиглахаас өөр гарцгүй болохыг ойлгож эхэлснээр компанийнхаа зөвхөн ажилтан бус 50 хувийг эзэмшигч буюу хувь нийлүүлэгч нь болсон түүхтэй.”
Ж.Дашнямын карьерын онцлох үйл явдлын нэг бол 2021 оны есдүгээр сард Анд Глобалын багт нэгдсэн явдал. Хайлтын системийн оновчлол тэргүүтэй монголд төдийлөн хийгддэггүй ажлуудыг ахлан гүйцэтгэсний үр дүнд Зүүн Өмнөд Азийн хамгийн том старт-апуудын нэгээс хамтран ажиллах санал хүлээн авчээ. Үндсэн бизнес BZP-тээ ажиллахын зэрэгцээ хагас цагаар тус компанийн дижитал маркетингийн хэлтсийг ахалсан энэхүү хугацаа нь түүнд монгол залуу эх орноосоо глобал зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах бүрэн боломжтой гэдгийг ойлгуулсан аж.
Амьдрал өөрөө хөдөлгөөн юм болохоор айхтар сүрхий бусгах үе бишгүй. Тэр цагт хазайж хэлтийсэн ч халгиад уначихгүйгээр тогтож чадна гэдэг амаргүй. Карьер, гэр бүл гээд бүх зүйлс нь тэгш дүүрэн байсан Ж.Дашнямын амьдралд эргэлтийн цэг тохиосон нь улс даяараа цар тахлын нөлөөнд орсон 2021 он юм. Коронавирусээр өвчилсөн, өөд болсон иргэдийн мэдээллийг өдөр бүрийн 11 цагт хүргэсээр жил тойрох үеэс бидний хувьд тэр бүх тоо ердөө л статистик болж хувирсан. Гэвч тэрхүү тоо бүрийн ард хэн нэгний гэр бүл, хайртай хүмүүс нь байсныг мартаж боломгүй. Ковидын улмаас 2021 оны арваннэгдүгээр сарын найман, есөн буюу ганцхан өдрийн зайтай төрсөн эгч, аавыгаа алдсан явдал нь түүний хувьд “Apprentice Mongolia 2” шоунд орох гол шалтгаан болж.
“Тэр үйл явдлаас өмнө шоуны зарыг зөндөө хардаг байсан ч хэзээ ч оролцъё гэдэг бодол толгойд төрж байгаагүй. Гэхдээ амьдрал гэдэг цагаа тулахаар маш богино гэдгийг ойлгосон болохоор хүүхдүүд маань том болоод аав нь залуудаа юуны төлөө зорьж, зүтгэж байсныг олж хараасай гэж хүссэн сэтгэлээр Apprentice-д бүртгүүлсэн. Нөгөө талдаа манай аав ИНЕГ-т жолооч, эгч маань хүнсний технологич, Абсолют дэлгүүрийн бүх тортыг хийдэг нэгэн байсан. Энэ шоугаар дамжуулаад эгч, аавыгаа дурсаж, хамгийн гол нь хэний ч танихгүй, жирийн нэгэн жолоочийн хүүхэд яаж хичээгээд энд хүрсэн бэ гэдгийг хүмүүст харуулахын хүссэн юм.
Монголын нийгэмд амжилтын талаар лекц уншиж, илүү их хичээ, битгий шантар гэж сургамжилдаг залуус яг үнэндээ санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй, баттай дэмжлэгтэй байх нь элбэг. Тиймдээ ч миний бүтээж байгаа түүх, өдийг хүртэл туулсан амьдрал маань гэр хорооллын аль нэгэн хашаанд шоуг үзээд сууж байгаа хүүхдэд урам зориг өгөх болов уу гэж найдсан хэрэг.”
Шоунд оролцохоос өмнөх Ж.Дашням ирээдүйд үе дамжих компанийг үүсгэн байгуулж, үр хүүхдэдээ өвлүүлнэ хэмээн мөрөөддөг байсны дагуу одоо тэр “Green Spot” төслөө өөрийнхөө “legacy” болгон хойч үедээ үлдээхийг зорьж байна. “Apprentice Mongolia 2” шоун дээр санаачилсан хот тохижилт, ногоон байгууламжийн тус төслийн зорилго нь Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 25м2 хүртэл нэмэгдүүлэх бөгөөд аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэд, төрийг хамруулсан үр ашигтай экосистемийг 15 жилийн хугацаанд бүрдүүлэх юм.
Ингэхдээ Улаанбаатарт буй тохижилтгүй байршлууд дахь ногоон байгууламжаас бий болсон карбон кредитийг олон улсад арилжаалж, өгөөжийг аж ахуйн нэгж хувь хүмүүст өгөх загвартай. Тус бизнес төслийн хүрээнд тэд хамгийн эхний хөрөнгө оруулалтаа “Бид” ББСБ-аас авч, “Бүтээлч 100” төслийнхөнтэй хамтран “Улаанбаатар Элит” сургуулийн урдах, хуучин граш байсан талбайг энэ хавраас тохижуулахаар болжээ.
Өөрийгөө 100 хувь эх орны хэмээн хошигнох дуртай түүний хувьд монгол бол тэр чигтээ боломжийн орон. Монголд ажиллахын давуу талын тухайд тэрээр “Өндөр хөгжилтэй улсад хамгийн жижиг деталь ажлыг хүртэл тэр чигтээ системийн хувьд угсарчихсан байдаг бол манайд эсрэгээрээ бүх зүйл тодорхойгүй тул бүхнийг цоо шинээр сурах шаардлагатай болдог нь давуу тал. Өсөх сэтгэлгээтэй залуус эх орондоо 100 хувь хичээхгүй байсан ч өөрийгөө нотолж, харуулах боломжтой бөгөөд тэрхүү боломжийг дагаад хөгжих суурь гарч ирнэ гэж боддог” хэмээн хариулсан юм.
“Exponential Partners”, “Тогтох Трейд”-ийн захирал, “Growth Summit”-ийн үүсгэн байгуулагч агсан Ч.Мэргэн бол түүний ахаас өөрцгүй, хамгийн дотнын ментор нь байжээ. Ажил, амьдалд нь луужин болсон ахыгаа хүндэтгэн ууган хүүгээ Мэргэн хэмээн нэрлэсэн түүхтэй. Монголын залуус дэлхийн хэмжээний бизнестэй болоосой гэж хүсэж, түүний төлөө хөдөлмөрлөж явсан ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх нь түүний бас нэгэн мөрөөдөл.
Өдгөө тэр Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани болох Ард Венчурс ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ард Санхүүгийн Нэгдлийн дижитал стратеги эрхэлсэн захирлын албан тушаалд томилогдоод байна. “Хөрөнгө Оруулагч Үндэстэн”-г цогцлоох зорилгын хүрээнд түүнд төлөвлөсөн ажил олон бий.
“Central Tower”-ийн 17 давхар буюу бидний төрөлх хотын нэгээхэн буланд өрнөсөн энэхүү яриа яг одоо амьдралынхаа аль нэгэн ханыг мөргөчхөөд бууж өгөх эсэхдээ эргэлзэн яваа ганц ч гэсэн залууд гэрэл болно гэдэгт итгэлтэй байна. Утаатай, түгжрэлтэй, хүүхдэд ээлгүй гээд асуудлаар дүүрэн ч Улаанбаатар бол бидний хот. Зөвхөн бидэнд харьяалагддаг энэ хотынхоо асуудлаас зугтаахын оронд, ханцуй шамлаж байгаад хамтдаа ард нь гарах хэрэгтэйг зочин маань надад хүчтэй гэгч нь ойлгуулж өгсөн билээ.
b bzp 2023.04.13 202.131.248.198
Энд илүү дэлгэрэнгүй ярилцлага нь байна, маш сонирхолтой болжээ. https://www.youtube.com/watch?v=FwG5rMZrcKE
З Зочин 2023.03.29 202.21.112.226
Youngreaders гоё сайт байсан даа Дашням хийдэг байсныг сая л мэдлээ амжилт хүсье ихийг хүлээж байгаа
r reader 2023.03.28 202.70.46.20
Үнэхээр гоё нийтлэл болжээ. Уншаад урам авахгүй байхын аргагүй сайхан ярилцлага болж. Энэхүү түүхийг хуваалцсан дашням ахад болон сэтгүүлч-д нь баярлалаа.
с сайн таних хүн 2023.03.28 192.82.64.133
BZP Batzorigiig ch sain ashiglaj hamag yumiig ni surch avaad gloabal business ehluulcheed Ard ruu yavchihsan oodgui zaluu
B Bro 2023.03.28 103.50.206.95
Jinhen manai and shdee Jinhen manai and shdee Jinhen manai and shdee Jinhen manai and shdee Jinhen manai and shdee Jinhen manai and shdee
З Зочин 2023.03.28 202.9.40.222
Энэ өдрийн хамгийн сайхан мэдээ. Нийтлэлийн баатар Дашням бол гэрэл гэгээтэй,ухаантай, өөрийгөө ,амьдралыг ялж чадсан ёстой ухаантай сэхээтэн,олон залуус үлгэр авч зориг зүрх, тэмүүлэлтэй болж өөртөө итгэн эх орноо хөгжүүлээсэй
З Зочин 2023.03.28 202.9.40.222
Ямар сайхан нийтлэл вэ,ашгүй дээ Дашням ялжээ, ганцхан шоундбиш амьдралын замд таарсан бүх бэрхшээлээ ялсан мундаг залуу байна, манай залуус бүгд ийм байгаасай. Уб-ын 1 хүнд 25 м2 ногоон эко талбай ногдох бол бүр сайхан. Төсөл, ажилд нь амжилт хүсьё
З Зочин 2023.03.28 202.9.40.222
Дашнямдбаяр хүргэе, Мельбурн хотод байхдаа Аппрёнтис шоуг үзсэн,ялагч тодрох дугаарыг үзэж чадаагүй байсан, дугаарын турш дэмжиж байсан. Ашгүй ялагч болжээ, би маш их баярлаж байна,ёстой ухаантай, мундаг залуу, эх орондоо ихийг бүтээгээрэй,амжилт, төслийг нь яаж сонсох вэ,?
З Зочин 2023.03.28 202.126.88.191
Гарчиг энэ тэр нь нээх патетик шүү. Бүх юман дээр өрөвдүүлэх, уянгалах, нийтэд таалагдах гэж хичээгээд алдах тактик хэрэглэх юм аа. УБ хотынхны тал нь гэр хороололд, энэ улсын 70 хувь нь малчин, гэр хорооллынхон байгаа. Тэр болгонд Малчны хотноос, Гэр хорооллын дэнжээс, Сумын сургуулиас гээд л гарчиг өгөөд байх маягтай юм аа. Энийгээ хэзээ Монголчуудын нийтлэг амьдрал гэдгийг төвийн хэдэн сургууль тойрч төгссөн залуус маөнь ойлгох юм болоо???