"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

"Алга ташуулах гэж бүү улайр. Эхлээд хүлээн зөвшөөрөгд” гэдэг үгийг тэр сануулсан. Үнэхээр ч ийм бодол сэдлээр ажиллаж амьдарч яваа юм билээ. "Миний ажил бол урдах зүйлээ л нам хийх. Үр хүүхэд минь миний аав, миний өвөө ийм юм хийсэн шүү гэж бахархалтайгаар хэлүүлэхийн төлөө л явдаг” хэмээн өгүүлэх бөгөөд хийж буй зүйлс нь хэрэгцээтэй өгөөжтэй ажил байсныг ойр ч бай, хол ч бай, хожим хойно хүмүүс ойлгож мэднэ гэдэгт итгэдэг. Түүнтэй хийсэн яриа маань орчин цагт залуучуудын харьцангуй бага ярих болсон эх орны тухай, эх оронч үзлийн тухай эрхгүй бодогдуулж, тэр тусам олзуурхан уншигчдадаа хүргэх сэн гэж яарсан билээ.

Н.Эрдэнэбаяр Оюу толгой компанид Байгаль орчны менежерээр ажилладаг. Монголчуудын хувьд нэн чухал уул уурхай, байгаль орчин гэсэн хоёр салбарын огтлолцолд хариуцлагатай алба эрхэлдэг залуу. Оюу толгой төслийн 13,000 монгол ажилтны төлөөлөл тэрээр хориод хүнтэй багийг удирдан ажилладаг. Энэ ажлыг хийж байгаа минь хувь заяа хэмээн ярих нь шууд сонсвол үнэмшилгүй сонсогдож мэдэх ч намтар түүхийг нь уншаад үзвэл чин сэтгэлийн үг болохыг ойлгоно.

Н.Эрдэнэбаяр Улаанбаатарт төрж, Толгойтод өсжээ. Аав нь Өмнөговийнх болохоор хүүхэд ахуйдаа зун бүр Өмнөговийн Ноён суман дахь эмээгийндээ очдог байжээ. Үзэсгэлэнт Хүрэн ханын нуруу оршдог, өмнөд хилтэй ойр тэр сайхан говь нутагт монгол ахуйтай танилцаж, мал хариулж явсан нь байгальд хайртай болох, байгаль орчинтой амьдралаа холбох үүдэл шалтгаан болсон байх гэж тэр боддог. Толгойтын 65-р сургуульд сурч байгаад 6-р ангиасаа хотын төвийн 45-р сургуульд шилжсэн хүү 10 жилээ төгсөөд тухайн үеийн хошуурлаас хазайлгүй КТМС-д бизнесийн удирдлагаар суралцсан байна. Их сургуулиа төгсөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хоёр жил, дараа нь Мобикомд жил хэртэй ажиллажээ.

Юунд дур сонирхолтойгоо эрж хайсаар байсан залуу удалгүй Солонгосын тэтгэлэг зарлагдахад шалгалт өгч тэнцэн, усны инженерээр сурахаар хилийн чанадыг зорьсон аж. Яагаад энэ мэргэжлийг сонгосон талаараа ярихдаа “Байгаль орчны чиглэлээр суръя гэсэн санаа төрсөн байсан. Хаанаас ийм бодол төрснийг мэдэхгүй. Тухайн үед газар тариалангийн мэргэжил бас сонирхож байлаа” гэв. Тэнд очоод математикийн суурь сайтайдаа дулдуйдан нэг жилд бакалавраа шахаж үзээд, хоёр жил магистрт суралцжээ. Сурахын зэрэгцээ сургуулийнхаа лабораторид ажиллаж, энэ хугацаанд судлаачийн хувиар олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж хүртэл амжжээ. “Тэнд би цэвэрлэх байгууламжийн төсөл дээр ажиллаж байсан юм. Үнэр танар ихтэй бодистой ажилладаг болохоор орой шөнөөр л ажиллана. Амар байгаагүй. Гэр бүлээ тэжээх мөнгө олох гэж айл нүүлгэж байгаад багшдаа баригдаад, багш маань чи судалгааны бүтээлдээ анхаар гээд мөнгөн туслалцаа үзүүлж байлаа” хэмээн дурсав.

Ийнхүү академик салбарт гүнзгийрэн ажиллах боломж байсан ч Н.Эрдэнэбаяр дурлаж хийх зүйлээ хараахан олоогүй, өөрийгөө хайсаар л байжээ. 2011 онд Монгол руугаа буцаад ирэхэд “дуулиант” Оюу толгойн төсөл эхэлж байж таарав. Эхлээд усны чанарын ажилтан авна гэсэн зараар нь ажлын ярилцлагад орсон ч сонгогдсонгүй. Гэхдээ гадаад мэргэжилтнүүд нь удахгүй байгаль орчны хууль тогтоомж хариуцсан ажил гарна, тэнд материалаа өгөөрэй гэжээ. Ингэж л Н.Эрдэнэбаяр Оюу толгойд орсон юм. Эхлээд байгаль орчны эрх зүй хариуцсан ажилтан, дараа нь газар мониторингийн багийн ажилтан, усны багийн ахлах ажилтан хэмээн бага багаар түвшин ахисаар 2017 онд одоогийн Байгаль орчны менежерийн албанд томилогджээ. “Хийж байгаа зүйлдээ дуртай учраас өнгөрсөн хугацаанд их хичээж ажилласан. Ер нь би сэтгэлээсээ, алсаа бодож ажиллахыг эрмэлздэг, бусдадаа ч тэгж хэлж уриалдаг, шаарддаг нэлээн хэнхэгдүү хүн байгаа юм. Нэг л мэдэхэд ажилдаа дэвшсээр өдий зэрэгт ирсэн байна” хэмээн ярилаа.

Тэрээр өнгөрсөн хугацаанд “Ундай голыг хамгаалах, голдиролд тохируулга хийх төсөл”, “Усны хайгуулын цооног битүүмжлэх төсөл” зэрэг томоохон төслүүд дээр ажиллажээ. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдтэй ойлголцолд хүрэх нь амаргүй байсан гэнэ . Хуучин хайгуулын цооногуудыг битүүмжлэх ажил нь олон улсын стандартын дагуу цооногуудыг битүүмжлэн нөхөн сэргээж байгаа гэдгээрээ манайдаа анхдагч болсон аж. Тодруулбал, хайгуулын хуучин цооногийг газрын доорх уст үеүдийг тусгаарлан, найдвартай битүүмжлэх Австралийн стандартыг Монголд нутагшуулсан бөгөөд одоо энэ ажлынхаа үр дүнд үндэслэн үндэсний арга аргачлалыг батлуулахаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны холбогдох хүмүүстэй ярилцаж байгаа гэлээ.

Оюу толгой компанид өдгөө 2900 (Оюу толгой төслийн ажилчид буюу гэрээт компаниудаа оруулбал нийт 13000 Монгол ажилчид болно) хүн ажилладгийн 93 хувь нь монголчууд юм. Ажлын орчныхоо тухайд “Уурхайн орчин өндөр зохион байгуулалт, дэг журамтай. Овилгогүй, хүмүүжилгүй хүн бол энд ажиллаж чадахгүй. Ер нь ийм өндөр стандарттай газар ажилласан хүн ажил мэргэжилдээ ахидаг төдийгүй ажлын арга барил, хувь хүний ханлага нь зөв төлөвшин тогтдог” гэлээ. Н.Эрдэнэбаяр хамт ажиллагсдаараа их бахархдаг бөгөөд монголчуудын чадварыг ажиглаж үнэлэх болсон Рио Тинто сүүлийн үед бусад улсууд дахь орд, уурхай руугаа монгол залуусыг шилжүүлэн ажиллуулах, дэвшүүлэх нь нэлээд нэмэгдсэнийг онцлон ярьж байлаа. Түүний бодож байгаагаар, 150 жил уул уурхайн бизнес эрхэлсэн, дэлхийд тэргүүлэгч энэ аварга компани аль улсад аль төрлийн уул уурхай төсөл явуулахад ямар асуудал, ямар хүндрэл гардаг, түүнийг яаж шийдвэрлэхийг маш сайн мэддэг гэнэ. Тиймдээ ч байгалиас хамаарал ихтэй, байгалийг хүндэтгэн дээдэлдэг монголчуудтай хамтран ажиллахдаа анхнаасаа л байгаль орчны тал дээр онцгой анхаарч, хамгийн дэвшилтэт технологиудыг ашиглаж, хамгийн сайн жишгийг тогтоох гэж эрмэлзэж ирсэн байна. Жишээ нь Оюу толгой нийт хэрэглэсэн усныхаа 80-аас дээш хувийг дахин ашиглах технологийг анхнаас нь төлөвлөж суурилуулсан бөгөөд тус төслийн бүх барилга байгууламжууд хаягдал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Тус компани байгаль орчин, усны хэрэглээтэй холбоотой бүх л мэдээлэл, статистикаа цахим хуудасдаа ил тод тайлагнадаг боловч хүмүүс тэр бүр уншиж танилцдаггүй, ихэнхдээ шууд л сураг таамгаар ярьдаг гэнэ.

Өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн түүнийг, хамт олныг нь янз бүрээр хэлдэг. Энэ хандлагад эхэндээ эмзэглэдэг байсан бол одоо хийж буй шинжлэх ухааны үндэслэлтэй ажилдаа илүү итгэлтэй байж, шаардлагатай үед тохирох хариултыг нь өгөн өнгөрөөдөг болжээ. Гэхдээ орон нутгийн иргэд, нийгэмд оролцогч талуудын зүгээс уул уурхайд хяналт тавих нь зайлшгүй байх ёстой асуудал, монголчууд бид эрүүл зөв замаар урагшилж байгаа гэдэгт итгэдгээ хуваалцсан юм. “Одоогоор уул уурхай л Монгол гарц юм шиг харагдаж байна. Одоо бидэнд дэлхийд өрсөлдөх технологи, нөү-хау хараахан алга. Одоогийн түвшинд уул уурхайгаас олж буй орлогоо л зөв хуваарилж, зөв зарцуулах ёстой болов уу. Монгол хүн бүр энэ уурхайн үр өгөөжийг хүртэх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Мөн монгол хүн бүр шууд биш гэхэд дам байдлаар энэ уурхайн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог” хэмээн ярив.

Өнгөрсөн жил LEAD Mongolia буюу ардчиллыг бэхжүүлэх залуу лидерүүдийн хөтөлбөрт хамрагдахдаа тэр салбар салбарын шилдэг залуу мэргэжилтнүүдтэй танилцаж, хийж буй ажлаа, хүрээлэн буй нийгмээ илүү өргөн хүрээнд харах болсон аж. Энэ хугацаанд төрж өссөн гэр хорооллын хүүхдүүд рүү чиглэсэн жижиг төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ мэдлэг туршлагаа бусадтайгаа харилцан солилцжээ. Менежер буюу удирдан манлайлагч хүн бусдыгаа урам зоригтой, стресс багатай ажиллах орчин нөхцөлөөр хангахыг эн тэргүүнд тавьдаг, ажил бүтвэл тэдэндээ талархдаг байх ёстойг тэр одоогийн ажлаасаа сурсан бөгөөд ажил мэргэжлийн талбарт ийм сэтгэлгээ улам бүр түгэн дэлгэрээсэй гэж хүсдэг.

"Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө!"

О.Дашбалбар

Хувь заяа хэмээсний нэг учгийг тайлахад, Н.Эрдэнэбаярын өвөө нь тэртээ 1948 онд Байтаг Богдын тулалдаанд алтан амиа өргөсөн, Монголын Улсын Баатар Баянбалын Тэгшээтэй ах дүүгийн хүүхдүүд байжээ. Түүний дээдцүүл Өмнөговиос Ховд аймгийн нутаг хүртэл нүүдэллэн амьдарч өртөөний алба залгуулдаг, хил хязгаарын харуул хүмүүс байж. Өвөг дээдэс нь эх орныхоо төлөө хил хязгаараа сахин хамгаалж, аав нь ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцож явсан гээд түүнд бахархах, бодох зүйлс бий. Тэр энэ бахархлыг үзэмж төгс говь нутаг, байгаль дэлхийгээ хамгаалах ажлаараа үргэлжлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг. “Энэ чинь бидний л нутаг. Өмнөх үеийнхэн маань энэ газар нутаг, эх орныг амиараа төлж бидэнд өвлүүлсэн, одоо цагт залуучууд бид ядаж хөлс хүчээ өгөх ёстой биз дээ” гэсэн нь бүгдэд байнга л сануулж баймаар үнэн.

Н.Эрдэнэбаяр одоо эхнэрийнхээ хамтаар хүүхдүүдээ зөв зүйтэй өсгөж хүмүүжүүлэхэд онцгой анхаарахыг хүсэж байгаа. Хүүхдүүд нь өөрийнх нь өсөж том болсноос тэс өөр орчинд өсөж буйд баярлавч нөгөө талаар хэт эрх танхи, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж төлөвших вий гэж санаа зовдог гэнэ. Ирээдүйд нийгэм их өөр болно, ажлын талбарт ч өрсөлдөөн ширүүн болно, түүнд хүүхдүүдээ бэлдэх ёстой гэж боддог.

Ажил амьдрал нь дараагийн үе шатандаа орж, нас хижээл болмогц Н.Эрдэнэбаяр энгийн л амьдрах хүсэлтэй. “Тансаг юманд шүтэхгүй, тайван энгийн л амьдарна даа” гэсэн билээ.

Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.