"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
unread.media
Хэн нэгэнтэй ганц, хоёр удаа уулзах төдийд дотоод ертөнцийг нь танин мэднэ гэдэг барагтай бол боломжгүй. Харин үг хэлээрээ бус үйлдэл бүтээлээрээ өөрийгөө бусдад баталж чадсан нэгэнтэй хэдхэн үг солиход л хэдийнээ танил дотно нэгэнтэйгээ учирсан мэт сэтгэл дүүрэх нь сайхан. Эргэн тойрондоо өрнөж буй үйл явдал бүрийг нэг бүрчлэн ажиглаж, хэний ч үл анзаарам бяцхан асуудлын гарц гаргалгааг ч толгойдоо бясалгачихдаг адтай сэргэлэн зангаараа бүсгүйчүүд бид өөр хоорондоо жигтэйхэн адилхан юм шиг. 99 бүтэхгүй гэх хариултын дараах ганцхан эерэг үгэнд найдаж урагшлах “тэнэг” зориг эмэгтэй хүнээс л гардаг. Яг л дээрх бичсэн оршилтой эн дүйцэх шийдэмгий, зоригтой хэр нь ер бусын энгүүн, тайван эмэгтэй бол бидний ээлжит ярилцлагын гол дүр билээ.
Одоогоос найман жилийн тэртээ гал тогооны өрөөндөө анхны ванны бөмбөлөг, органик савангийн үйлдвэрлэлээ эхлүүлж байсан энэхүү хөдөлмөрч бүсгүйг "Lhamour" брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан гэдгээр нь уншигчид маань андахгүй таних биз ээ. Ердөө арьсны асуудлаа нэг мөр шийдэх гэсэн жирийн эмэгтэйн хүсэл, нөгөө талдаа байгаль орчинд ээлтэй эрүүл органик брэнд бүтээх алсын зорилго хоёрын дундаас үрсэлсэн "Lhamour" өдгөө 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн 9 улс руу экспорт хийж буй. Хэдхэн сарын өмнө л гэхэд Amazon дээр албан ёсны брэнд болон байршиж чадсан тус брэндийн амжилт бүрийн ард Д.Хулан, түүний хамт олон чимээгүй боловч зогсолтгүй хөдөлмөрлөж байдаг. "LHAMOUR бол Хулан, Хулан бол LHAMOUR" хэмээн хэрэглэгчдэдээ танигдах хүртлээ өөрийн алсын хараагаа ажилтайгаа нэгтгэж чадсан түүний дотоод ертөнцийг бид энэ удаа эмэгтэй хүн, ээж гэдэг утгаар нь нээхээр зорьсон юм.

өөрийгөө олох аялал: дэлхийн иргэн
Дипломатч аавынх нь ажлын онцлогоос шалтгаалан түүний хүүхэд нас Герман, Монгол хоёрын дунд нааш цааш явсаар өнгөрчээ. Монголд амьдарсан зурвасхан хугацаандаа төрөлх хэл дээрээ суралцахын сацуу үе тэнгийн олон найз нөхөдтэй болж амжсан өсвөр насны Д.Хуланд Германд дахин төвхнөх санаа тийм ч их таалагдсангүй. Ахлах сургуулийнхаа цор ганц ази эмэгтэй хүүхэд байсан түүнд соёлын ялгаа, арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдсэн дарамт, гадуурхал өдөр ирэх тусам илт мэдрэгдэж, төрөлхийн сониуч, өөртөө итгэлтэй охин аажимдаа хичээлдээ ч явах сонирхолгүй нэгэн болчих нь тэр. Аль ч нийгэмд бүрэн харьяалагдаж чадахгүй, саармаг тодотголтой амьдарч буйдаа сэтгэлээр унасан Хулан гэнэтхэн л нэг өдөр эрс шийдвэр гарган Швейцарт байрладаг олон улсын сургуульд суралцахаар шийдэв.
Хэрэв дөнгөж ахлах ангийн босго алхаж буй таны хүүхэд таньж мэдэх хүн үгүй, харь улсад бие даан амьдарна гэх сонголт хийвэл та хэрхэн хандах вэ? Насанд хүрээгүй хүүхдийнхээ шийдвэрт эргэлзэж, санаа зовних тэр бүү хэл тас хориглох эцэг эхчүүд ч цөөнгүй биз ээ. Хачирхалтай нь гэвэл, гэр бүлийнхэн нь түүний саналыг ганцхан болзолтойгоор бүрэн дүүрэн зөвшөөрсөн аж. Сургалтын төлбөрөө өөрөө олж чадна гэвэл хүсээд буй сургуульдаа сурахад асуудалгүй хэмээжээ. Ерөөс түүнтэй ярилцан суухад хүүхдийнхээ хүсэл сонирхлыг бүрэн дүүрэн дэмжиж, балчир гэж гололгүйгээр хангалттай эрх чөлөөг олгох нь ирээдүйд нь оруулж буй үнэт хөрөнгө оруулалт юм байна шүү гэх бодол миний толгойд тасралтгүй эргэлдэж байв.
“Эмэгтэй хүн ямар ч нөхцөлд өөрийн гэсэн ертөнцтэй, бие даасан нэгэн байх учиртай” гэж багаас нь түүнд зөвлөсөн ээж нь балет, хийл, уран нугаралт, синхрон сэлэлт гээд охиныхоо хүсэл сонирхол бүрийг талархан дэмжиж, насан туршид нь түүний баттай ар тал, ментор нь байсаар иржээ. Ташрамд дурдахад, зочин маань анхны цалин болох 20 дойче маркийг есөн настайдаа Германы хүүхдийн циркэд уран нугаралтын үзүүлбэр үзүүлэн олж байсан түүхтэй ( хоёр метрийн өндөртэй тайзнаас унаж бэртэх хүртлээ тэрээр хүүхдийн циркэд нугарч байсан). Усан доторх уран гимнастик гэгддэг синхрон сэлэлтээр тасралтгүй хичээллэсээр Берлинд зохиогдох томоохон тэмцээнд багаараа оролцох боломжтой болсон ч харамсалтай нь яг тэр үед Монгол явахаар болж улмаар спортын замналаа дуусгасан гунигтай түүх ч түүнд бий. Үргэлжид шинэ хот, шинэ улс руу нүүх гэр бүлийнхээ онцлогоос шалтгаалан Хулан нэг л мэдэхэд ямар ч шинэ орчинд түүртэлгүй дасан зохицох чадвартай, өөрчлөлтөөс хулчийж арагш суудаггүй нээлттэй нэгэн болж төлөвшжээ. Тиймдээ ч охиноо хэн хүнээс сайн мэдэх эцэг эх нь түүний энэ зан чанарт бүрэн дүүрэн найдаж, өөрийгөө олох аялалд нь амжилт хүсээд онгоцны буудал дээрээс Швейцар луу үдэн гаргасан гэдэг.
Хүн бүхэн амьдралынхаа аль нэг мөчлөгт “Би хэн юм бэ?” гэх ээдрээт асуулттай нүүр тулдаг агаад өөрийгөө ойлгох, олох, бүтээх үйл явц эл энгийн асуултаас л эхлэлтэй мэт. Харин ярилцагчийн маань тухайд гэвэл Швейцарт суурьшаад л дээрх асуултад “Би бол дэлхийн иргэн” гэж тунчиг товч бөгөөд өөртөө итгэлтэй хариулжээ.

харамсах зүйлгүй гэнэтийн шийдвэр
Төрөлхийн нийгмийн идэвх өндөртэй, хичээл номондоо түүртэхээргүй толгой сийрэг, хэний ч аяыг олохдоо гаргуун Д.Хулангийн хувьд дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдээс бүрдсэн олон улсын сургуульд суралцахад ер асуудал тулгарсангүй. Харин сургалтын төлбөр болох багагүй өндөр дүнтэй зээлээ дуусгахын төлөө их сургуульд элсэн орох хугацаагаа бүтэн хоёр жилээр хойшлуулан, ёстой л залуу охины хийж болох төрөл бүрийн ажлыг туршжээ. Толгой мэдэн шийдсэн өөрийнх нь шийдвэр учраас хэн нэгэнд гомдоллох, буцах зам гэж үгүй. Тэрээр сургуулийнхаа герман, англи хэлний тэнхимд дадлагын багш хийхийн зэрэгцээ хэрэглээний зардлаа олохын төлөө хүүхдүүдэд гэрээр багшлахын сацуу ахлах ангийнхны их сургуульд элсэх эссэг нь хүртэл бичиж өгдөг байсан аж. Нөр их хөдөлмөрийн үр шим хэзээ ч хүнийг хуурдаггүй. Нэг л нартай өдөр бүх зээлээ барагдуулж, их сургуульд элсэн орохоор Герман руу буцав. Бакалаврын дөрвөн жил түүний хувьд нүд ирмэх мэт хурдтай өнгөрсөн тул юутай ч магистрт үргэлжлүүлэн суралцах ёстой юм байна хэмээх шийдэлд хүрчээ. Улмаар төрийн бодлогоор суралцаж эхлэв. Яг энэ үед түүний сургууль АНУ-ын Айви лигийн топ сургууль болох Колумбын их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, ганц оюутанд бүтэн тэтгэлэг олгохоор болсон нь Хулан байх хувьтай байжээ. Гэхдээ аз гэдэг бүрэн бэлтгэлтэй нэгэнд л ирдэг боломж гэдгийг мартаж боломгүй. Ийнхүү түүний амьдралын цоо шинэ хуудас бичигдэж эхэлсэн юм.

Амьдралынхаа ихэнх жилүүдийг Европын тайван амгалан орчин дунд өнгөрүүлсэн түүний хувьд Нью-Йорк ёстой л түм түжигнэж бум бужигнасан, алмайран гайхшируулах зүйлсээр дуусаж дундаршгүй гял цал хот байлаа. Хурд, хурд, бас дахин хурд гэж тодорхойлох энэ их хотод суралцсан цаг хугацаа түүний сэтгэлгээ болоод аливааг харах өнцгийг орвонгоор нь өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Магистрын хөтөлбөрт хамт суралцаж байсан ангийнх нь найз Африкийн нэгэн тосгоныг цэвэр усаар хангах том төсөл хэрэгжүүлсэн тухайгаа ердөө л кофе уух зуураа ойр зуурын сонин болгож хуучилсан нь түүнд “Би чинь нээрээ юу хийж бүтээх, ямар зорилготой нөхөр билээ?” хэмээн эрхгүй бодуулжээ. Хар багын гадаад хэлэнд дур сонирхолтой, ирээдүйд яг л аавтайгаа ижил дипломатч болох, эсвэл олон улсын том байгууллагад ажиллах тухай бодож явсан түүний төлөвлөгөөг төгсөх үетэй нь зэрэгцэн ирсэн нэгэн ажлын санал бусниулах нь тэр.
АНУ-ын хэд хэдэн компаниас ажиллах санал аваад байсан түүнтэй тухайн үеийн Ньюком группийн захирал Б.Бямбасайхан ЛинкедИнээр холбогджээ. “Манай баг Монгол улсад анх удаа салхин цахилгаан станцын бүтээн байгуулалт хийж байна. Чи сэргээгдэх эрчим хүч, төрийн бодлого гээд энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм чинь эх орондоо ажиллах боломжтой юу? Хэрэв чи наанаа үлдвэл Айви лигийн сургууль төгссөн, залуухан туршлагагүй мянга мянган ази охидоос ялгарч чадахгүй. Том корпорацын хамгийн доод албан тушаалаас карьераа эхлүүлж, сайн ажиллалаа гэхэд хэдэн жилийн дараа менежер болно. Харин Монголдоо ирвэл эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу эх орондоо хувь нэмрээ оруулах боломж чамд байна” гэхэд тэр эргэлзэх зүйлгүйгээр шийдвэрээ гаргажээ. Удалгүй гурван хоногийн дараа гэхэд Хулан Нью-Йорк хоттой холбогдох бүхий л зорилгоо эд хогшлынхоо хамт ардаа үлдээж, ээлжний хэдэн хувцаснаас өөр зүйлгүй ганц чемодантайгаа Улаанбаатарт газарджээ. Түүний халаасанд улс эх орныхоо шинэ тутам хөгжиж буй эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлтийг авчирна гэдэг итгэл найдвараас өөр юу ч байсангүй.

асуудал бүхэнд шийдэл бий
“Урьд өмнө зөвхөн багшийн лекц, хичээлийн самбар дээрээс л харж байсан онолууд нүдэн дээр минь их бүтээн байгуулалт болон босож буйг харах үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байсан” хэмээн Д.Хулан "Clean Energy Asia" компанид ажиллаж байсан үеэ дурсав. Салхин паркийн төсөлд гар бие оролцож, эзэмшсэн мэргэжилдээ жинхэнэ утгаараа эзэн болж явах үетэй нь зэрэгцэн түүний эрүүл мэндэд асуудал тулгарчээ. Чийглэг, дулаан орны уур амьсгалд дасан зохицсон түүний арьс эрс тэс уур амьсгалтай Монголын цаг агаартай харшиж улмаар экзем гэх арьсны өвчин болтлоо хүндрэв. Хорин хэдэн нас хүртлээ хэзээ ч арьсны асуудалтай нүүр тулгарч үзээгүй тэрээр экземээ эмчлэхийн тулд арьсны эмч нарын зөвлөсний дагуу ямар нэгэн химийн хортой нэмэлт байхгүй, цэвэр органик бүтээгдэхүүний эрэлд гарчээ. Улаанбаатарын хаанаас ч өөрийнхөө хайж буй зүйлийг олж чадахгүйгээ ухаарсан Хулан аргагүйдэж алс холын Германаас аав ээждээ органик тос захитал өнөөх нь чацаргана жимсний найрлагатай байв. "Тэр үед л миний толгойд яагаад Монгол шиг органик түүхий эдийн баялаг нөөцтэй, онгон зэрлэг байгальтай газар бид өөрсдөө энэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж болохгүй гэж? гэсэн бодол зурсхийн ороод ирсэн.”
Энэ явдлаас төд удалгүй өөрийн зээ дүү Лхамогийн нэрийг франц хэлний хайр буюу "amour" гэх үгтэй нэгтгэсэн “Lhamour” хэмээх Монголдоо төдийгүй олон улсад анхдагч, патенттай органик гоо сайхны брэнд мэндэлсэн билээ. Монголчуудад эрүүл, органик бүтээгдэхүүнийг танилцуулж, байгаль орчноо хайрлах философийг түгээх зорилготойгоор “Lhamour” брэнд үүсгэн байгуулагдаад өдгөө найман жилийг ардаа үджээ.

lHAMOUR мэндэлсэн нь
“Надад арьсны асуудал тулгарахаас өмнө би хэзээ ч стартап компани байгуулж үйлдвэрлэл эрхэлнэ гэж бодож байсангүй. Өөрийнхөө арьсны асуудлыг шийдээд зогсохгүй над шиг асуудалтай бусад хүмүүст тусалж, сайнаар нөлөөлөх боломжийг олж хараад зоригтойгоор эхлүүлсэн."
Д.Хулан
Ямар ч зүйлийг нэг сонирхоод эхэлбэл гүнд нь ортол судалдаг зантай Д.Хулан бизнесээ эхлүүлэхийн тулд Английн нэгэн их сургуульд органик гоо сайхны технологийн чиглэлээр суралцаж, анхны бүтээгдэхүүнүүдээ гэрийнхээ гал тогоонд үйлдвэрлэж эхлэв. Бизнес эрхлэх ямар ч туршлагагүй байсан тул эргэн тойрны хүмүүсээсээ зөвлөгөө автал бүгд л нэгэн дуугаар “органик хүнсээ ч бүрэн ойлгоогүй монголчууд органик гоо сайхны бүтээгдэхүүн юу гэж худалдаж авах вэ дээ, наад бодлоо мартаж үз” гэсэн хариу өгч байжээ. Гэвч ганц дайчин ганцаарддаггүйн үлгэрээр стандартын дагуу орц найрлагыг бүтээх, сав боодлыг шинээр сэтгэх, бүтээлч байдлаар дизайн гаргах гээд үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад ганцаараа ажилласаар эцэст нь эхний бүтээгдэхүүнээ өлгийдөн авав. Түүнийг нь хэрэглэж үзсэн анхны хэрэглэгчдээсээ урмын үг сонсоод цааш тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бат итгэлийг олж авсан гэдэг.
Гарааны бизнес амжилттай урагшлахад хэрэглэгч болон хамт олон эн тэнцүү чухал үүрэгтэй гэдэгт тэр итгэдэг. “Аливаа компанийг нэг хүн үүсгэн байгуулдаг ч олон зуун жил оршин тогтнох суурийг компанийн соёл л бий болгож, авч явдаг учраас байгууллагын соёлыг бий болгох нэн чухал. Бид бүгд өөрийн хувийн мөрөөдөл, алсын хараатай. Ганц л амьдрах учраас бид ажиллаж буй хүмүүстээ ихийг өгөхийг хүсдэг. Тэдний хувийн алсын хараа компанийн алсын хараатай нийцсэн цагт хүн хийж буй зүйлдээ аз жаргалтай, сэтгэл хангалуун байж чадах болов уу” хэмээн түүний ярьсан нь өнөөг хүртэл бүтээсэн амжилт бүрээ хамт олонтойгоо холбон тайлбарладаг удирдагч болохыг нь бэлхнээ илтгэнэ.

Монгол түүхий эдийг гадаадын түүхий эдтэй хослуулан шинэлэг, өвөрмөц байдлаар олон улсын стандартад нийцсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх чин хүсэлтэй байсан түүний хувьд үйлдвэрлэлээ бүхэлд нь байгаль орчинд ээлтэй байлгахыг зорьж, 100 хувь хаягдалгүй үйл ажиллагаа явуулахыг эхнээсээ л зорьж, өдийг хүртэл энэ жанжин шугамаа алдалгүй мөрдөж яваа нь туйлын бахархууштай. Ялангуяа үйлдвэрлэл сайн хөгжөөгүй манай улсад массын бус бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргахад хүмүүсийн мэдээлэл дутуугаас эхлээд хууль эрх зүй, татварын орчин гээд асар олон хүндрэл гарсан нь ойлгомжтой. Гэвч тэрээр тууштай бөгөөд тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд өөрийнхөө брэндээр дамжуулан байгаль орчинд ээлтэй, органик бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр өсгөсөн билээ. Lhamour-ыг хөл дээр нь босгох энэ хугацаанд түүний бүх амьдрал тэр чигтээ ажил нь байсан гэхэд нэг их хол зөрөхгүй. Амралтын өдөр, анд найзын төрсөн өдөр, баяр ёслол, амралт зугаалга гээд жилийн аль ч үед ажилдаа л хамаг анхаарлаа төвлөрүүлдэг түүний амьдралд нэгэн гайхалтай сахиусан тэнгэр орж ирснээр Д.Хулан гарааны бизнес эрхлэгч завгүй бүсгүйгээс гадна бяцхан охины ээж, айл гэрийн халамжит эзэгтэй болсон юм.

ХОРВООГИЙН ХАМГИЙН ХЭЦҮҮ МЭРГЭЖИЛ – ЭЭЖ
Эмэгтэй хүн гэдэг алив бүхний эх булаг бөгөөд шинэ ертөнцийг хэвлийдээ бүтээдэг шидтэй хүмүүс. Эмэгтэйчүүдийн амьдралын зам хаагуур яаж зурагдсан, хэнтэй хэрхэн өнгөрснөөс үл хамаараад бид ээж болоод л өөр хоорондоо олон талаар ижилсэж эхэлдэг нь гайхмаар. Ямар ч өндөр албан тушаал хашдаг хүчирхэг удирдагч, гайхалтай гялалзсан бизнесийн эзэн байсан ч зөвхөн эмэгтэйчүүд л хүүхэд тээж, төрүүлж, хүн болгох байгалийн зохилдлоготой тул орчин цагийн бүсгүйчүүд энэ олон үүрэг хариуцлагыг зохицуулахаас өөр аргагүй.
Д.Хулангийн хувьд ч хөл хүнд болсон цагаасаа жирэмслэлт, төрөлттэй холбоотой бүхий л мэдээллийг уншиж судалсан ч хүүхэд хорвоо дээр мэндэлсэн цагаас бүх зүйл төсөөллөөс нь тэс ондоогоор өрнөжээ.
”Би чинь бизнес эрхлэгч тул төрсний дараах амралт эдэлнэ гэсэн ойлголт байхгүй. Амаржаад л шууд эмнэлгийн орон дээрээс яаралтай цахим шууданд хариулах, ажил дээр үүсээд буй асуудлуудад шийдэл олох шаардлага тулгарч байгаа юм. Тэр ч утгаараа ажил, амьдралаа хослуулж, тэнцвэрийг нь хадгалах зайлшгүй шаардлага үүссэн”
Д.Хулан
Төрсний дараа эмэгтэйчүүдэд тохиодог сэтгэл гутрал, дааврын өөрчлөлт, архаг ядаргаа түүнийг тойроогүй. Хүүхэд хорвоод мэндэлмэгц ээж гэдэг хүн хамгийн чухал зүйлсийн төгсгөлд бичигдэж эхэлдэг хүндхэн цаг үед тэрээр нөр их гэхээсээ ухаалаг ажиллаж эхлэх нь гэр бүлээ аз жаргалтай байлгах хамгийн чухал алхам гэдгийг ухаарчээ.
Ажлаа хийж байхдаа хүүхдэдээ санаа зовохгүй, хүүхдээ харж байхдаа ажлын асуудалд толгойгоо гашилгахгүй байх буюу тухайн цаг мөчдөө л орших нь түүний энгийн дүрэм. Тус зарчим бизнесээ амжилттай авч явахын сацуу охиндоо чанартай цаг гаргахад нь одоог хүртэл түүнд тусалж буй. Охиноо төрүүлснээс хойш тэрээр эмэгтэй хүн үр хүүхдээ өсгөж торниулахын төлөө ямар их тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, хөдөлмөр гаргадаг вэ гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн гэдэг. Эмэгтэйчүүд ээжийн эрхэм үүргээ авч явахын зэрэгцээ ажлаа хийх, гэр бүлдээ анхаарал халамж тавих зэрэг өөр олон чухал хариуцлагыг өдөр тутам үүрч, аль алийг нь орхигдуулахгүй явах хэрэгтэй болдог. Энэ бүхнийг удаан хугацаанд ажигласны эцэст Д.Хулан ээжүүдийн ажлыг бага ч гэсэн хөнгөвчлөх үүднээс 2020 онд япон ээжүүдийн түгээмэл хэрэглэдэг, хамгийн чанартай 13 брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг “Tanpopo” төслөө эхлүүлжээ. Тус брэнд нь жирэмсэн болон эх хүүхдийн цогц дэлгүүр болохоор зорьж буй бөгөөд хэдийнэ гурван салбар дэлгүүртэй болоод амжсан байна.
Хэдий бид 21-р зуунд амьдарч байгаа ч эмэгтэйчүүд одоог хүртэл ажил мэргэжил уу, гэр бүл үү гэсэн байнгын ацан шалаан дунд амьдарсаар байгаа нь харамсалтай. Нэгэнтээ нийгмийн зүгээс бүсгүйчүүдэд ачааны хүндийг үүрэх шаардлага тулгаж буй тул тэдэнд бусдын дэмжлэг ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэгнээ дэмжих халуун дулаан сэтгэл туйлын чухал мэт. Д.Хулан ч мөн адил бизнесийн орчинд хөл тавьснаасаа хойш аль болох эмэгтэйчүүдээ чадах зүйлсээрээ дэмжиж, олон ажлыг зэрэгцүүлж яваа тэднийг улам их хайрлан хүндэтгэх болсноо онцлон дурдсан.
Тэрээр үргэлжлүүлэн "Миний хувьд үндэсний үйлдвэрүүдээ маш их дэмждэг. Худалдан авалтуудаа аль болох үндэсний үйлдвэрлэгчдээсээ хийхийг эрмэлздэг. Өнөөдөр л гэхэд "LINE" брэндийг дэмжиж, зураг авалтанд оролцлоо. Энэхүү брэндийн ард байдаг уран бүсгүйчүүд гаднын мундаг брэндүүдтэй дүйцэхүйц чанартай, загварлаг хувцсыг Монголдоо үйлдвэрлэдэг, надтай л адил бизнес эрхлэгчид байдаг" гэсэн юм.
Хүсэл мөрөөдлийнхөө төлөө эрсдэлтэй алхмууд хийж, тэр хэрээрээ өөрийгөө дайчлан зүтгэдэг төрөлхийн тэмцэгч зан чанартай түүний “Хүсэж мөрөөдөж буй зүйлдээ бат итгэж байвал түүнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориул. Зорилгодоо хүрэхгүй байсан ч сургамж болно. Хожим амьдралаа эргэж хараад харамсахгүйн тулд хийгээд л үзэх хэрэгтэй” гэсэн үгээр энэхэн нийтлэлээ жаргаая.

Түүний сошиал хуудастай танилцах:
Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.
unread.media

Сэтгэгдэл бичих (2)


a azaa 192.82.65.88
ene huniig hichneen oruuldiimdee barag jil bolgon l neg buland chn bj bhiin nzuud taniluud yumuu oor hun erj haij sudalgaa hiildee boring
U Unen setgegdel 64.119.22.39
Tanai ene bulan ystoi goy shuu. Lhamour Khulantai iluu sain taniltslaa. Text ch oilgomjtoi saihan zurag n nud bulaam goy bn shuu, amjilt!