"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Энэ долоо хоногийн даваа гарагт уг ярилцлагын цагийг товлон, Дүрслэх урлагийн академийн урланг зорилоо. Хаалгаар орж амжихаас өмнө гаднах бяцхан талбайд байрлах хоёр чулуун сандал, түүн дээрх дүрс үсэг, хаалганы дээд хэсэгт орших төрөл бүрийн зураглал зэргээс хараад өөртөө болон зочиндоо хандсан олон асуултыг тээсээр дотогш оров. Аливаа содон үйл ажиллагаа бүхий орчинд орохоор зөвхөн тэндхийнх л гэх өвөрмөц үнэр, өөр орчин угтдаг даа. Яг л тийм. Тэр гэхийн тэмдэггүй үнэр ээлж дараалан таамаг эвдэж байсан ч азаар зочин маань “а ч үгүй” хүмүүст танилцуулж дадсан янзтай эргэн тойронд орших дүрс, зураг бүрийн учир утга, чухам юу болохыг нь хялбаршуулан тайлбарлаж байсан нь дөхөм боллоо.  

Юмсын учир зүй, эв цавыг олохдоо гаргууд учраас дархан хүний ухааныг бурхантай адилтгах нь аргагүй юмсанж. Энэ удаагийн онцлох зочныг даруухнаар танилцуулбал, дархан Маргад. Тэрээр ямар замаар, хэрхэн туучиж, өнөөдрийг хүрсэн түүхээ бидэнд ийн хуваалцлаа.  


Бага ангийн жаал хүү байхаасаа л тэрээр гар сунгаж, хуруу тэмтрэх үйл бүхэнд авьяас билигтэй байсныг ээж аав, эргэн тойрных нь хэн бүхэн эрхгүй анзаардаг байж гэнэ. Содон бичиглэл, сонин хэлбэр дүрстэй болоод ч тэр үү, монгол бичгийн хичээлдээ онцгойлон шамдахаас өгсүүлээд дүрслэх урлаг, цаасан хайчилбар, модон наамал зэргийн дугуйланд элсэж, түүндээ ч их сонирхолтой болоодхов. Дүрс дуурайлгах наад захын хайчилбар сурах гэж ядаж цөхсөнгүй. Эцэг эх нь хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, хайч, цаас эрэн бэдрэх боловч XXI зуун гарснаас хойш гуравхан намрыг элээгээд буй хөдөө сумаас хөөр наадгайны агуурс олно гэдэг ай мөн бэрх шүү дээ. Хэвлүүхэн хайчилж, эвлүүхэн урласан юмсыг нь сонжих хэн бүхэн “Гарын дүйтэй” гэх хэлцээр сэтгэлийг нь мялааж, бага ангийн бяцхан хүү ч битүүхэн баясдаг байлаа. Гэвч тэр зөвхөн ахуй гэртээ л тодроод байсангүй. Түүний сургуульд алслал гэх зүйлийг онхи заадаггүй байж. Магад Маргад заасныг нь үл анзаарсан ч байж мэдэх. Лав л алслал гэх зүйлийг аль зүгийн салхинаас ч юм олж мэдээд чүүчгэр хэдэн мялтсаар чүдэнзний модон байшин бүтээхдээ ч хэв шинж, харагдах байдлыг нь нямбайлан ижил дүрсэлж, үеийнхнээсээ тодроод эхлэв. Энэ үед тэр дөрөвдүгээр ангийн сурагч байлаа.


Амьдралын эрэл хайгуул түүний гэр бүлийг дараагийн өртөө рүү хүргэсэн нь Эрдэнэт хот. Тийнхүү 14 настай хүү наймдугаар ангийнхаа хагас улирлаас “хотын сурагч” болж гэнэ. Ийш харвал “Цох” хүүхдийн сонин, тийш харвал “Залуу зохион бүтээгч” сэтгүүл, хана руу ширтвэл дэлхийн атлас, хажууд нь хангинах ОРТ телевизийн суваг. Энэ бүхэн аавынх нь түүнд бүрдүүлж өгсөн чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зай юм. Улмаар Маргад хүссэн хүсээгүй танин мэдэхүйг тархиндаа зугуухнаар нэвчүүлсээр архитектор гэх мэргэжлийг эзэмшихээр сэтгэл шулууджээ.

Санаж сэдсэн зүйлгүй жирийн нэг өдөр. Сурагчдын дунд зохион байгуулдаг усан онгоц зохион бүтээх улсын чанартай тэмцээнд оролцохоор хөдөлмөрийн багшаасаа даалгавар авлаа. Аварга том онгоцыг хэдэн зуу дахин жижигрүүлж, эсгүүр гаргах, наах, будах гэх мэт нарийн тооцоололтой, бодит бүтээмж шаардсан тус тэмцээнд “Aurora” хэмээх байлдааны онгоцны загвараар оролцохоор болов. Өөрийнх нь дурссанаар “санаандгүй” тохиолдлоор спортын II зэргийн болзол хангасан нь тэр юм. Хээв нэг бүтээчихсэн тэрхүү усан онгоцны загвар нь хэр баргийн сурагч барахааргүй яггүй эд бөгөөд насанд хүрэгчид л тус загварыг бэргэн байж сонгодог гэнэ.


Есдүгээр ангийн намар. Гэнэт нэг өдөр ходоод нь айхавтар өвдөж, нэгдсэн эмнэлэг бараадав. Янз бүрээр үзсэн ч яасан нь мэдэгдэхгүй байсанд эмч дорвитой оношгүйдээ бухимдсан уу? балмагдсан уу? “Юун сүртэй юм? Зүгээр, гэртээ харь” гэх ширүүн дуугаар сүр үзүүлж, гэрт нь буцаав. Гэвч өвчин намдах нь бүү хэл өглөө болтол зовлонтой нь аргагүй өвдөж, эргээд эмнэлэгт ирсэнд гайхшаа барсан эмч нар даруй мэс засал товлож, хэвлийн хөндийг нь нээхээр болов. Хүний сэтгэл санаа, ходоодны үйл ажиллагаатай уялдаа холбоотой гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэг дээ. Ходоодны мэс заслыг 18 см оёдлын сорвитой давсан Маргад ээжийгээ санаж бэтгэрснээс үүдэн ходоодны шарх авч, улмаар ходоодны цоорол түүнийг шөнө ч унтуулалгүй шаналгаад байж. Ээж, ах хоёр нь Эрдэнэт рүү урьдаар нүүж, Маргад аавтайгаа хамт үлдсэнээс энэ бүхэн эхлэлтэй аж. Ер нь ч ээжийн эзгүйд ихэнх айлууд яажшуухан аж төрдгийг бид цөм мэднэ шүү дээ. Хооллох цаг, ундлах хүнс нь “танхай” маягтай болж, аавтайгаа шөнө бүр гал тогоонд таарах нь сонин бас хөгтэй.

Сэтгэл хямралаас үүдэлтэй өвчин зовуурь илааршиж, нэг л мэдэхэд конкурсийн сезон эхэлээ. Волейбол, гимнастик, хайр дурлал эргүүлдэж явсаар суурь хичээлүүдээ цалгардуулж орхисон тэрээр архитектур гэх эртний мөрөөдөлтэйгөө эргэн нүүр тулах нь тэр. Суурь шинжлэх ухааны хичээлүүд дундаас арай учиртай нь түүний хувьд физик. Математикийн хичээлд язгуур орж ирснээс хойш учир зангилаа нь тайлагдахаа больсон бол химийн хичээлийг бүр дурсаад ч хэрэггүй. Сурлагын түвшин, дүнгийн явцын хувьд дөнгүүр хэдэн хичээлээс нь архитекторын мэргэжилтэй холбогдох нь хөдөлмөр болон дүрслэх урлаг. Улмаар цагийн багш авч, ур чадварын шалгалтдаа бэлдэж эхлэв. Гэвч ШУТИС-ийн архитекторын ангид элсэхийн тулд математик тэргүүтэй таван хичээлээр шалгалт өгөн тогтоосон босго оноог давж, боломжит хамгийн өндөр оноог авах учиртай. Түүний шалгалтуудын үр дүнгээс харахад, гялтайх ганц хичээл нь англи хэл. Гэвч наанадаж шинжлэх ухааны хичээлүүдийн шалгалтын дүн онхи дутаж, цаанадаж архитекторын ангийн цөөхөн хуваарь аймагт нь ирсний улмаас хувь тавилантайгаа эвлэрэн, өөр мэргэжлээр суралцахаар болов.


Чамлалгүй чанга атгасан мэргэжил нь иргэний ба үйлдвэрийн барилга. ШУТИС-ийн хоёрдугаар дамжааны зуны амралтаар барилгын талбайд ажиллаж, багаж хэрэгслийн талаар ойлголтоо зузаатган дадлага туршлага сууж байсан нь энэ чиглэлээр мэргэшиж буй “оюунтны” хувьд аз завшаантай боловч аминд халтай талбар гэдгийг хэрхэн мэдэх билээ. Хэдэн мянган тоосгонд дарагдахаас өгсүүлээд шороонд булагдах, гурван давхраас унах, өндөр хүчдэлд цохиулах гэх мэт осол гэмтлийн тоо, төрлийг тоочоод үл барам. Гэвч авдаг цалин нь ахуйн дээр эзэмшиж буй мэргэжлээрээ ажиллах боломж тул дөрвөн жил орчим барилгын салбарт тэссэн ч тэр хугацаанд өнөөх л ослын тохиолдол нэмэгдэнэ үү гэхээс багассангүй. Эцэст нь тэрээр “амьд байх” сонголтыг хийж, барилгын салбараас нэг мөр гарав.

Өндөр цалинтай ажил, үхлийн аюул хоёроос хөндийрсний дараах жил гаруйн хугацаанд юу эсийг турших билээ. 45 хоногийн курст сууж, бариа засалч гэх мэргэжлийн зах зухаас амсаж, түүнчлэн “Iron man” киноны хуяг дуулгаас үүдэл болгон цаасан урлалыг төрөл төрлөөр нь хийж, хэсэгтээ л амжиргаагаа залгуулахын сацуу чинхүү дуртай зүйлээ ч олох шиг болов. Хэсэг өндрийг аваад байсан цаасан урлалын хөөсрөлт эргэн буурч, харин ажлын зарын ачаар “Хас гоёл” үнэт эдлэлийн газарт үйлдвэрийн дамжлагын ажилтнаар ажиллаж эхэллээ. Энэ нь түүний хувьд “барилга л биш бол” гэх шаардлагыг хангасан, хамгийн төгс сонголт нь байсан юм. Эхний гурван сар дадлагажих журмаар ажиллаж, урьд цаасан урлал хийж байх үед сэтгэлд нь ассан гал дөлийг дархаар амьсгалсан танил мэт шинэ орчин улам дүрэлзүүлэх шиг болсон тул цагийг ч анзааралгүй шунаж дурлан ажиллаж эхлэв.

Ийнхүү ажлын орчин, англи хэл хоёрынхоо хүчинд дархны багаж хэрэгслийг цөөн цөөнөөр цуглуулж эхэллээ. Ингэхдээ зөвхөн бөгж хийх бөгөөд эд гараас гарах чинээгээр багажны тоо ч нэмэгдэж, багажны тоо гүйцэх хэрээр ур чадвар ч чинээндээ тулах шиг болов. Хоёр жилийн хугацаанд сайн цалин, сайхан хамт олон дунд ажиллахдаа шаггүй эрдэмд суралцаж, багагүй туршлага хуримтлуулсан ч үйлдвэрийн дамжлага гэх зүйл дээр гацчихаад байсан нь эндээс явах болсны дохио байсан гэлтэй. Улмаар бурхан урлах, түүнийг элдэв материал дээр бүтээхийг үзэж, барималч, дархчуудын урлангаар хэсэж, цаашид урт хугацаандаа юу хийх ёстойг тунгаасны эцэст зоримог шийдвэр гарган 2021 онд Дүрслэх урлагийн академид дархны мэргэжлээр суралцахаар сэтгэл шулуудав.


Монгол дархан бол хэрэгцээтэй гэхээс илүү ховордсон мэргэжил. Тиймдээ ч түүний анги хоёрхон оюутантайгаар намрыг угтаж байж. Тэгтэл ... бодсоноос өөр гэхээс илүү бодсоноос өргөн их далай түүнийг угтаж авлаа. Дархны мэргэжил эзэмших гэсэн биш даян дэлхийг таних хэрэгтэй болов. Уламжлалт дархнаас өгсүүлээд урлагийн түүхийг ч судалж, чулуу, зэс харшуулан эдлэл хийх гэсэн биш чулуун зэвсгийн үеийн дүрс бичгийг судлах боллоо. Гэхдээ энэ бүхэн сорилт бэрхшээл гэхээс илүүтэй сонжиж дурламаар санагдаж буй нь онцлууштай.

Өнгөрөгч зун тэрээр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хийдэд орших Сүхбаатар жанжны хөшөөг сэргээн засварлах ажилд оролцсон бөгөөд их жанжны хөшөөний анхны хувилбарт гар хүрнэ гэдэг нэр төрийн хэрэг билээ. Зургаан метр орчим өндөртэй тус хөшөөг долоон хоногийн хугацаанд засварлаж дуусахаар төлөвлөсөн ч эхний дөрвөн хоног бороо цутгаж, ажил хийх чөлөөг өдөрт хоёр цаг л олгож байлаа. Улмаар есөн өдрийн дараа л сая нэг бүрэн засварлаж дуусжээ.

Урлагийн түүхийн хичээлээс улбаалан Улаанбаатарын уран барилгуудыг тэс өөр нүдээр харах болсон тэрээр хэн нэгэн эдгээр барилгыг нийслэлчүүдтэй зүй ёсоор нь танилцуулах ямар нэгэн соёл гэгээрлийн үйл хийхийг олон жил хүлээсэн гэдэг. Гэвч эцэст нь өөрөө тэр хүн нь болж, уран барилга, чимэглэлийн багана, хөшөө баримал зэргийг сонирхолтой байдлаар тайлбарлах богино бичлэгүүдийг цахим орчинд байршуулж эхэлсэн нь багагүй хүнд хүрээд буй. Улмаар УДБЭТ, УДЭТ, Хүүхдийн урлан бүтээх төв гэх мэт хотын төвд орших уран барилгуудад түшиглэн 30 орчим бичлэг хийсэн тэрээр цаашид дан ганц сонгодог хийц загвар гэхээс илүүтэй үндэсний ондоошлыг шингээсэн, Монголын уран барилгын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлан хүргэхээр төлөвлөж байна.