"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread media

Ярилцах зочинтойгоо яг л товлосон цагтаа уулзахаар ирэхэд хэдийнээ ирчихсэн хүлээж суух нь тэр. Гялалзсан нүдээрээ даруухан инээмсэглэж угтах энэ бүсгүйг Э.Сүндарь гэдэг. Улаанбаатарын унаган охин дэлхийн шилдэг Стэнфордод хөл тавьж, Монголынхоо боловсролыг сайжруулж, өөрчлөхийн тулд суралцахуйн шинжлэх ухаанд шамдаж суралцаад ирсэн. Харин хувь заяаны гэх үү тохиолоор түүний хамгийн том багш нь бяцхан хүү нь болов. “Хүн яаж суралцдаг вэ?” гэж судалж байх явцдаа хүүхдийнхээ аутизмтай гэдгийг, энэ дэлхийд тэс өөр сэтгэхүйтэй төрдөг сая сая хүн байдгийг олж мэдсэн.

Багшийн асуулт бүрд гар өргөж, анги сургуулийн ажил бүхэнд гүйж явдаг нэгнээ “хэнхэг” гэж хочилдог. Харин тэр монголын боловсролын салбарт хүртээмжтэй боловсролыг түгээхээр “хэнхэг”-лэж яваа нэгэн. Сайн сурагчийг “А” үсгээр дүгнэж, Кэмбриж, IB-ийн хөтөлбөрийн стандартаар зааглаж, хүүхэд бүрийг “хайрцаглаж”  буй боловсролын тогтолцоонд салхи оруулахаар тэмүүлж буй судлаач. Тэрээр одоогийн боловсролын системд олон асуудал байгаа ч манай улс боловсролын тогтсон дэд бүтэц, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоотой, хүүхдүүдийн сургуульд хамрагдалт өндөр, эцэг эхчүүд боловсролыг үнэлдэг гээд олон давуу тал бий гэж үздэг.

Э.Сүндарь ижил зорилготой найзуудын хамтаар “Боловсрол судлаачдын бүлгэм”байгуулж, “Цонхтой цаг” цуврал подкастаараа эцэг эхчүүд, багш нарт хандсан шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд суурилсан мэдлэг, мэдээлэл, шинэлэг хандлага түгээж буй. Мөн сайн дураараа ЕБС-ийн хичээлийн агуулгын цөм хөтөлбөрийн стандартыг илүү хүртээмжтэй болгох судалгаагаа эхлүүлсэн. Үүгээр зогсохгүй “Бяцхан халим - Autism Adventures” хуудсаар аутизмын тухай мэдээлэл хуваалцаж, “Монголын Аутизмын Холбоо"-ны сайн дурын гишүүний хувиар аутизмын эмгэгийг нийгэмд зөвөөр ойлгуулах, сэтгэхүйн олон янз, ялгаатай байдлыг таниулахаар ажиллаж яваа.

 “Зорилготой хүнд дэлхий хүртэл зам тавьдаг” гэх үгээр оршлоо төгсгөж боловсролын салбарт салхи оруулахаар зориглон яваа Э.Сүндарийн түүхийг хүргэе.

40 мянгатын гавал охин

Цаг хугацааг жаахан ухрааж, түүний хүүхэд нас руу очвол Э.Сүндарь охин 40 мянгатын буйдхан гэртээ математик, англи хэлээ давтаж, дэлхийн сонгодгуудыг шимтэн уншиж сууна. Багаасаа л онц сурдаг, урлаг соёлын идэвхтэй, анги сургуульдаа манлайлагч охин орчлон ертөнцийг таньж мэдэх, хөгжин боловсрох тэмүүллээр цангах атлаа хаанаас, хэрхэн яаж эхлэхээ үл мэднэ.

“Манай ээж боловсрол ямар чухлыг багаас надад ухааруулсан. Намайг математик суурьтай болгох гэсэн нь ээжийн шийдвэр. 30 нас ч хүрээгүй залуухан, ганц бие ээж гэр бүлээ авч явахын зэрэгцээ эгч бид хоёрыг хувийн сургуульд сургасан юм. Ээжийн хувьд нэгдүгээрт англи хэлтэй, математик суурьтай байх нь чухал гэж намайг хоёрдугаар ангиас “Тольт” сургуульд, дунд ангид “Олонлог” сургуульд сургасан. Ээж сургуулийг минь дагаад гэрээ нүүлгэнэ. Гэхдээ үүнээс бусдаар хэзээ ч амьдралд минь зааж байгаагүй.”

16 настай Э.Сүндарь МУИС-ийн “Хэрэглээний математик” ангид элсэв. 40 мянгатын онц сурлагатан гадаадад сурахыг мөрөөдсөн ч “А” гэх дүнгээс өөр өмнөө барих гавьяагүй тул эс тэнцэв. “Эсээ бичих гэхээр л гацчихна. Би юунд дуртай, дургүй, миний сайн, муу тал юу вэ гээд бодохоор өөрийгөө ч мэдэхгүй. Санаачилсан сайн дурын ажил, олон нийтийн хүрээлэл гээд л гаднын их сургуулиудын онцлон хардаг тэр бүхэн байгаагүй. Үнэндээ бас тэр үед ээжид маань намайггадагшаа сургах боломж байгаагүй учраас явахыг тэгтэл хүчлээгүй юм. Тэр үед энэ удаа биш ч гэсэн дараа нь заавал дэлхийн том гэгддэг мөрөөдлийн сургуулиудынхаа нэгэнд сурна гэж өөртөө амласан.”

Шинэ оюутанд их сургуулийн амьдралын юм бүхэн соньхон. МУИС-ийн Ротаракт клубт элсэж үеийн олон найзуудтай болж, өөрийгөө нээж эхлэв. Оюутан байхдаа нийтлэлч эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы туслахаар ажиллаж ганц математикаас гадна нийгэм, эдийн засаг, хот тохижилт зэрэг олон сэдвээр уншиж, нийгмийн олон асуудлуудыг ултай таньж мэдсэн нь өөртөө хийсэн том хөрөнгө оруулалт байв.


Бүдэгхэн дэнг чиглүүлэгч багш

Өглөө бүр сэрээд дуртай зүйлээ хийнэ гэдэг хамгийн сайхан ажил. Сургуулиа төгсөж хэсэг зуур борлуулалтын салбарт ажиллахдаа өндөр цалин, үр өгөөжөөс илүү өөрийн сайн чаддаг, дуртай зүйлээ дурлан хийхийн чухлыг ухаарах нь тэр.

Хүсэл зорилгоо даган Э.Сүндарь ахлах сургуулийн зөвлөх багш болов. Ахлах, дунд ангийн сурагчдад гадаадын сургуульд өргөдлөө илгээхэд шаардлагатай материалыг бэлдэхэд тусална, сурагчдаа чиглүүлнэ, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлнэ. Гүйцэлдээгүй мөрөөдлөө сэтгэлдээ тээсээр өөр бусад олон хүүхдийн ирээдүйд зам гаргаж туслах нь түүний хийж чадах, басхүү хийх дуртай ажил.

“Эцэг эхчүүд хүүхдээ дагуулж ирээд алдартай их сургуульд оруулмаар байна гэдэг. Гэсэн атал хүүхэдтэйгээ хангалттай сайн ярилцаагүй байх тохилдол олон. Хүүхдээсээ асуугаагүй зүйлээ багшаас асууна. Хүүхэд үнэхээр тэр сургуульд орохыг хүсэж байна уу, тэр мэргэжлээр сурахыг хүсэж байна уу, эсвэл нэг жил монголдоо сурч харзнах уу? гэдгийг гэр бүлээрээ ярилцаж, баттай шийдсэн бол хамтдаа судалж бэлддэг байсан билээ. Гадагшаа өргөдөл бэлдэх үйл явцыг тэр бүр ээж, аавууд мэдэхгүй учраас хүүхэд их ганцаарддаг. Тиймээс заримдаа сэтгэлийг нь дэмжиж, зоригжуулна, харин зарим үед бодит байдлыг хэлж хөрсөнд нь буулгана. Үргэлж л хүүхэдтэй ажилладаг учраас ажилдаа дурлана”.

Монголын боловсролын салбар амжилтыг тоогоор дүгнэдэг нь нууц биш. “А” гэх дүнгээс илүү хүүхдийн дотоод ертөнц, нөөц боломж, ил гараагүй авьяасыг хөгжүүлэх сэн гэсэн чин хүсэл нь дийлсээр залуу багш төд удалгүй өөрийн замыг сонгов.


Эрсдэлд дурлагч энтрепренер

Залуу насанд хорвоо ертөнцийг таних хүсэл, хийж бүтээхийн урам зориг дундаршгүй халгидаг нь жам гэлтэй. Зохиолч Гэри Жэннингсийн “Ацтек” номыг уншиж, багадаа үздэг байсан төв америкийн эртний соёл иргэншлүүдийн тухай баримтат киног төсөөлж үүргэвчээ үүрээд л Мексикийн зэлүүд байгалийг зорино гэдэг хэн хүнд, ялангуяа эмэгтэй хүнд баймгүй зориг юм шиг. Тэр эрсдэлд дуртай. Залуу насаа гадаадын олон орон, хэд хэдэн тивээр таваргаж, оюун бодлоо үргэлж тэлэхийг эрмэлздэг байж.

Хэрэглээний математикаар суралцахдаа компьютерын шинжлэх ухааны суурь онолыг сурсны учир танилынхаа саналаар код бичих сургалтад багшилж үзэв. 7–11 настай хүүхдүүдэд хоёр сарын хугацаанд нэг хөтөлбөр заана. Хөтөлбөр бүрээ дуусгаад алдаа оноогоо тунгаасны эцэст хөтөлбөрөө сайжруулан, нэмж баяжуулна. 2020 оны цар тахлын ид үед ахтайгаа хамтран “Loopy Code Academy” сургалтын төвийг үүсгэн байгуулж, Э.Сүндарь яг л өөрийн ертөнцдөө ажиллаж эхэллээ.

“Хүүхдийн онцлогт нийцсэн агуулга бэлдэж, хөтөлбөр боловсруулна гэдэг амаргүй ажил. 20-30 минутын хичээлийг багадаа 20-30 цаг сууж бэлдэнэ. Жишээ нь АНУ, Солонгос, Австралийн стандарт маш нарийн төлөвлөлттэй бөгөөд бусад хичээлтэй нягт холбогддог. 40 минутын турш зөвхөн код бичихийг заах бус хүүхэд өөрийгөө илэрхийлэх, бусадтай харьцах, бүр алдсан үед нь зөв бичгийн дүрэм хүртэл заана. Гурван жил боловсруулсан хөтөлбөрийг маань өдгөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Мөрөөдлийн хөтөч” сургалтын төв хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү үр дүнгээс улбаалаад цаашид хөтөлбөр маань Монгол Улсын өнцөг булан бүрд хэрэгжих боломжтой болно гэсэн итгэлийг олж авсан.”


Стэнфордыг зорьсон ээж

Дэлхийн шилдэг Стэнфордын Их Сургуульд “Суралцахуйн дизайн технологи” магистрын хөтөлбөрт хоёр монгол хүн суралцаж төгссөний нэг нь “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх бол нөгөөх нь Э.Сүндарь юм. Олонд танигдсан, өндөр ур чадвартай нэгнээс илүү нийгэмдээ нөлөөлөгч, бүтээлч нэгнийг хайдаг уг хөтөлбөрт хүн хэрхэн суралцдаг, сурахад зориулсан нөхцөл арга хэрэгслийг хэрхэн бүтээдэг тухай заан, туршиж, бодитой бүтээл туурвидгаараа онцлогтой.

“Ахлах сургууль төгсөхдөө л хэзээ нэгэн цагт “Харвард”, “Стэнфорд” хоёрын аль нэгэнд явна гэж өөртөө амласан, түүний төлөө 11 жил тууштай бэлдсэн. Тэр сургуульд зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө сурах хүн хэрэггүй. Тиймдээ ч элсэгчдээс амьдарч буй нийгмээ манлайлж, асуудлын шийдлийг олж, өөрчилж чадах уу гэдгийг гэдгийг хардаг. Миний хувьд стартап байгуулж, системийн гаднаас туршилт судалгаа хийж, өдөр бүр шинэ амьдралаар амьдардаг маань энэхүү хөтөлбөрт тэнцэхэд нөлөөлсөн болов уу. Дээрх хоёр сургуульд аль алинд нь тэнцлээ гэдэг мэдээг авсан 2022 оны хавар хүү маань нэг ой хүрч, бусад хүүхдээс нэг л өөр байгаа нь ажиглагдаж эхэлсэн. Эцэг эхийн хувьд үр хүүхэд нь энгийнээс өөр байгааг мэдрэх тун хэцүү.”

Дэлхийн шилдэг Стэнфордоос хүссэн хариугаа авсан ч сургалтын төлбөр, амьдрах зардал тооцсон шиг байсангүй. Жилийн сурах зардал ганц хүнээр бодоход багадаа 120 мянган ам.доллар. Гэтэл ой гарантай хүү, нөхрийн хамт гэр бүлээрээ суралцана. Хэрэв энэ удаа явж чадахгүй бол дараа нь дахиж зөвшөөрөх нь бараг л боломжгүй. Яахаа эс мэдэх тэр үед гэнэтийн боломжууд тохиох нь тэр. Хөтөлбөрийн 100 гаруй оюутнаас өрсөлдөж цөөхөн нь шалгардаг сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг хүртэв. 2023 оны шинэ журмаар дэлхийн шилдэг 50 сургуульд тэргүүлэх чиглэлээр тэнцсэн оюутнуудад олгосон “Боловсролын зээлийн сан”-гаас Ерөнхий сайдын тэтгэлэгт тэнцэв. Мөн Стэнфордын Их Сургуулийн гэр бүлтэй магистр, докторын түвшний оюутнуудад зориулсан нэмэлт тэтгэлэгт хамрагдаж чадав. Зорилготой хүнд дэлхий хүртэл зам тавьдаг гэдэг шиг 11 жилийн турш зүтгэсэн хөдөлмөр эзнээ шагнасан нь энэ гэлтэй.

“Очоод ёстой л усандаа ирсэн жараахай шиг санагдсан. Даалгавар хийж, эсээгээ бичих нь ч ажил шиг биш харин эрх ямба шиг л үнэ цэнтэй. Монголд байхдаа ганцаараа л уншиж, судалж их ганцаарддаг байснаа анзаарсан. Харин тэнд ижил сонирхолтой хүмүүс дунд боловсролын асуудлаар ярилцана, санал сэтгэгдлээ солилцоно. Миний сонгосон хөтөлбөр хичээл бүр дээрээ суралцахуйн онолууд үзэж, боловсролын асуудлыг нийгмийн бусад салбартай холбож судалдаг онцлогтой. Гэхдээ цагийн хуваарь их нарийн. Өглөө 7 цагт хүүхдээ цэцэрлэгт хүргэж, хичээлдээ явна, даалгавраа хийнэ. Орой тарж ирээд хүүхдэдээ цаг зарцуулна”.

Монголд байх цагаас л бяцхан хүү нь нас чацуу үеэлээсээ нэг л өөр байгааг ээж нь эртнээс анзаарч байсан аж. Ээж, аав нь дуудах үед нүд рүү харахгүй, нэг үйлдлээ олон дахин хийх зэргээр энгийн боловч хөгжлийн хувьд нэг л өөр. Ийнхүү АНУ-д очсоноос хойш тэрээр дөрвөн сар хөөцөлдөж, хүүгийнхээ аутизмыг оношлуулжээ. Аутизмтай хүүхдүүдийн хувьд 1 ой 9 сартайд оношлуулна гэдэг маш эрт гэсэн үг. 2023 оны нэгдүгээр сард хүүгийнхээ оношийг мэдсэнийхээ дараа цаашид яаж хүүхдээ дэмжих тухай судалж, магистрын дипломын ажлаа ч тийш эргүүлэв.


Хүртээмжтэй боловсролыг хөгжүүлэгч судлаач

Хүртээмжтэй боловсрол, тэгш хамруулалт гэдэг тэргэнцэртэй хүүхдийн налуу зам, сонсдоггүй сурагчийн дохионы орчуулагчаар хязгаарлагдах явцуу ойлголт биш билээ. Угтаа хүүхэд ойлгох агуулгагүй хичээл, сонирхолгүй хөтөлбөр, хүүхдэд ирээдүйд огт хэрэг болохгүй их мэдээлэл хүртэл хүртээмжгүй боловсролын нэгэн жишээ. Хүн бүр өөр өөрөөр сурч хөгждөг. Зарим нь харж, зарим нь сонсож, зарим нь хүрэлцэн мэдэрч суралцдаг. Угтаа аутизм бол нэг төрлийн сэтгэхүйн ялгаатай байдал бөгөөд бидний энгийн гэж ойлгодгоос өөрөөр сурч, өөрөөр хөгжинө гэсэн үг. Магистрын хөтөлбөрийн шаардлагын дагуу дадлага хийхээр сонгосон байгууллагууд нь “Стэнфордын хүүхдийн эрт үеийн хөгжлийн судалгаа институци” ба “Stanford Neurodiversity Project” (Стэнфордын сэтгэхүйн ялгаатай байдлыг дэмжих төсөл). Эдгээр байгууллага, төслүүд дээр ажиллаж, хамгийн сүүлийн үеийн хүүхэд хөгжил, тархи судлалын тухай мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхдээ хүүхдийн боловсрол гэдэг эхийн гэдсэнд байхаас эхэлдгийг мэдсэн нь эх орондоо ирээд хийх олон ажлын эхлэл болжээ.

АНУ руу явах үед нь санаандгүй гэхэд хачирхмаар явдал тохиосон нь эргэн тойрны танил найзууд нь яг ижил боловсролын чиглэлээр сурахаар дэлхийн олон орныг зорих нь тэр. Монголдоо бүх шатны боловсролын байгууллагад суралцаж, Монголынхоо боловсролын байгууллагуудад ажиллаж байсан тэдгээр залуус энэ салбарын асуудлыг ул суурьтай судалж, судлаад зогсохгүй нэгдэн нийлж өдгөө “Боловсрол судлаачдын бүлгэм”-ийг үүсгэн байгуулжээ. Тэд цаашдаа боловсролын судалгааны институци болон хүрээгээ тэлж, эх орныхоо боловсролын салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар зорьж буй.

Боловсролын салбарыг шүүмжилдэг олон хүн байдаг ч Э.Сүндарь тэдний нэг байхыг хүссэнгүй. Харин салбараа дэмжиж, олон нийтэд хандсан хүүхэд хөгжлийн тухай мэдлэг мэдээлэл, хандлага түгээхээр “Цонхтой цаг” подкастыг санаачилж, хүүхдийн боловсрол, хөгжилд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо туйлын чухлыг дугаар бүрдээ сануулах аж. Эцэг эх, багш нар завгүй амьдралынхаа “цонхтой цаг”-аар олон үнэ цэнтэй зөвлөгөө авч болох энэхүү подкаст өдгөө хэдийнээ дугаар бүрийг нь алдалгүй сонсдог үнэнч сонсогчидтой болоод амжиж.



“Би одоогоор судлаачийн хувьд сайн дураараа цөм хөтөлбөрийн стандартыг хэрхэн бие, оюун, сэтгэхүйн хөгжил, байгалийн өгөгдөлийн хувьд ялгаатай хүүхдүүдэд хүртээмжтэй болгох вэ гэдгийг судалж байгаа. Жишээ нь, хоёрдугаар ангийн сурагчийн стандартад хүүхэд уншсан зүйлээ яруу тодоор тайлбарлаж, хэлдэг байх гэж бий. Тэгвэл хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд энэ стандартыг яаж биелүүлж болох вэ? Магадгүй цөм хөтөлбөрийн стандартийг баяжуулаад “хэлэх” гэдэг үйлдлийг дохио зангаагаар илэрхийлэх, бичгэн байдлаар илэрхийлэх, мултимедиа технологи ашиглан илэрхийлэх зэргээр өргөжүүлж болно. Стандарт хүртээмжтэй болсноор багш нарт илүү бүтээлчээр ажиллаж, бие, сэтгэхүйн хөгжлийн ялгаатай сурагчдаа дэмжих боломж бүрддэг жишиг бий. Үүнийг Монголдоо нутагшуулах нь миний зорилго. Би өөрөө Монголын боловсролын системийн бүтээгдэхүүн, Монгол багш нарын шавь тул энэ системээ муулж шүүмжлэх, голох, “бэлэн гадаад хөтөлбөр авчиръя, бид чадахгүй нь” гэх мэт хандлагыг дэмждэггүй. Манай боловсролын системд сайн сайхан, болж бүтэж буй нь зөндөө бий. Харин цаг үеийн их шуурганд хөл нийлүүлж алхах нь аль ч улсын хувьд том сорилт болоод байна. Гэхдээ бид чадна, нэгхэн сая хүүхэд байна шүү дээ.”

Өмнө нь шинжлэх ухааны боловсролд түлхүү анхаардаг байсан тэр одоо илүү чухал зүйл хийх алсын хараагаа олсон. Түүний хүү гурван жилийн дараа сургуульд орно. Боловсрол хүртээмжгүй, тэгш биш гэж шүүмжлэхээс урьдаар хүүгийнхээ төлөө, түүнтэй адил олон хүүхдийн төлөө боловсролыг өөрчлөхийн тулд бага сургууль байгуулах нь түүний тэргүүн зорилго. Бага сургуульдаа хүртээмжтэй цөм хөтөлбөрийн стандартаа хэрэгжүүлж, арга зүй боловсруулж, түүнийгээ туршиж, үнэхээр хүртээмжтэй сургууль ямар байхыг бодит амьдрал дээр хэрэгжүүлж үзнэ. Энэ туршлагаа цаашлаад улс орны хэмжээнд хүүхэд бүрд хүргэхээр зорьж буй. Хүүхдүүд сурах эрхээр хангагдсангүй, сурах орчныг бүрдүүлж өгсөнгүй гэж хэн бүхэн шүүмжилдэг. Харин тэр өөрийн чадахаараа, магад чадахгүйгээс ч давсан хүчээрээ нийгмээ шинэчилэхийг, өөрчлөхийг өөрөөрөө үлгэрлэж явна.