"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.
“Намс намс хийх алхаа, намуухан хоолой”
Яриа эхэлж, надад өөрийн ертөнцөө уудлахаас өмнө би түүнийг ингэж л тодорхойлж чадахаар байлаа. Харин төгсгөлд нь “Энэ ярилцлага ч бас бидний тус тусын дурсамжийн ойд хадгалагдах байх даа, би тээр нэг зуны халуун өдөр нэгэн уран бүтээлчтэй ярилцаж, тэр надад өөрийн түүхийг хуучилж билээ, би түүний ярианаас ийм мэдрэмж авч билээ” гээд л.
Нийтлэлийн турш миний үгс түүний дурсамжаас бүтсэн түүхээр таныг аялуулах тул оршил хэсгийн агуулгыг зочноос тусгаарлая. Харин оронд нь та өөрийнхөө хамгийн мартагдашгүй дурсамжийг эргэн нэг санаарай. Тэр нь сонсох үг, харах зураглал, тэмтрэгдэх хэлбэр, мэдрэгдэх мэдрэмж гээд юу ч байж болно. Учир нь дурсамж бүхий л мэдрэхүйд хоногшин үлддэг эд ажээ.
Түүний аав тулгуур эрхтний бэрхшээлтэй байсныг өөд болсноос нь хойш хэдэн жилийн дараа ойлгожээ. Ардчилал гарч, гэрээсээ ажиллах болсон авто инженер аав нь түүнд тавилга угсрах, дриллдэх, эрэг шураг хийх зэргийг яг л лего тоглоом шиг хялбаршуулан зааж өгсөн бол ээжээсээ харин хатгамал хэрхэн хийхийг сурчээ. Ээжийгээ ажилдаа явсан хойгуур өдрийн ихэнх цагийг аавтайгаа өнгөрүүлдэг байсан тэрээр шугам зургийг яг л техникийнх нь дагуу нямбай зурж сурсан гэдэг. Нийслэлийн ЕБ-ын нэгдүгээр сургуулиас Сант сургууль руу шилжихэд хөдөлмөр болон зургийн хичээл орох цаг илт багасаж, оронд нь математикийн хичээл илүү олон цагаар ордог болсон ч энэ нь түүнийг зургаас холдуулсангүй.
Эрэлт хэрэгцээтэй, амьдралын баталгаатай, хамгийн гол нь шугам зургийг сууриа болгосон мэргэжил тул архитектор болохыг хүсдэг байсан ч ур чадварын шалгалтаасаа хоцорч, өөр мэргэжил сонгохоос өөр аргагүй болов. Улмаар ЭШ-ын математик, биологийн хичээлийн өндөр оноондоо тулгуурлан МУИС-ийн Биологийн ангийг сонгож оров. Сант сургууль биологийн хичээлийг англи, монгол хэл дээр үздэг байснаас гадна биологи түүнд шинжлэх ухаан талаасаа сонирхолтой санагддаг байсан нь ийм сонголт хийхэд түлхэц болж, биотехнологич эсвэл генетикч болох хүсэл тэрхэн зуур төрсөн гэдэг. Биологийн ангийн оюутнууд хоёр жил ерөнхий мэдлэг үзэж, гуравдугаар курсээсээ дахин шалгалт өгч, цаашид гүнзгийрүүлэн судлах чиглэлээ сонгодог. Гэвч тэр ойлгоход дэндүү бэрх биологийн эрдэмд бууж өгч, үргэлжлүүлэн сурахаас татгалзжээ. Хоёр жилийн хугацаанд их ч үймээн болж гэнэ. Сургуулиасаа гарч ажил хийх гэж нэг үзнэ, сургуулиас нь гэр рүү нь залгаж, хичээлдээ явахгүй байгааг нь аав ээж нь мэднэ, ер нь л сахилгагүй, өөрийнхөөрөө гэмээр оюутан цагийг туулж байж. Энэ зуур тэрээр өөрийнхөө хүүхэд настай эргэн нүүр тулж, “Сүрээн, чи өндөр өвөө шигээ уран бүтээлч болохыг хүсдэг хүүхэд байсан шүү дээ, тэр хүсэл чинь хайччихсан юм бэ?” гэх асуулт бодлоос нь уягдаж, эрс шийдвэр гаргахад хүрчээ. Улмаар Дүрслэх урлагийн дээд сургуулийн шалгалтад бэлдэж, архитектор ч биш, генетикч ч биш, зураасан зургийн зураачийн ангид орж, хавтгай үзүүрлэсэн харандаагаар амьдралыг эхнээс нь шугамдаж эхэллээ.
Хичээл нь хүнд байсан гэхээс өөрөөр тэрээр биологийн сургуульд сурсан он жилүүдээ огтхон ч үгүйсгэсэнгүй. Харин ч тэрхүү цаг хугацааны ачаар өнөөдрийн уран бүтээлүүдээ хийж чадаж байна гэв.
Дүрслэх урлагийн дээд сургуульд нэг жил орчим сурсны хойно Монголын урлагийн зөвлөлийн “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ. Тэнд урлаг судлаач, хөгжимчин, продюсер, зураач, зурагчин зэрэг олон төрлийн найзуудтай болж гэнэ. Тэдний дундаас хоёр нь Итали руу магистрын зэрэг хамгаалахаар явах гэж байгаа нь түүний сонирхлыг ихэд татжээ. Багш нар нь түүнд аль байдгаараа эрдэм мэдлэгээ “юүлж” байсан ч хичээлийн хэрэгслийн нөөц бололцоо сургуульд нь хангалтгүйгээс болоод сурах ёстой бүхнээ бүрэн дүүрэн сурч чадахгүй л байв. Тэрээр амссан мэдлэгээ халбага дүүрэн залгилахын тулд Италийн улсын тэтгэлэгт хамрагдаж, улмаар Болонья хотын Урлагийн академид зураасан зургийн зураач мэргэжлээр сурахаар сэтгэл шулууджээ. Тэтгэлгийн журмын дагуу нэг жилийн хугацаанд Хятадад итали хэлний бэлтгэлд сурсны эцэст Италийн анхны их сургууль байгуулагдаж байсан хот болох Болоньяд ирлээ.
Италид сурсан гурван жил хагасын хугацаанд гэр бүлийнх нь хувьд ихээхэн хүнд цаг үеийг туулж, жилд нэг удаа гэртээ очих бүрд нь хайртай дотнын хүмүүс нь нэгээр цөөрсөөр гурван жилийн дотор гурван ч хайртай хүнээ алджээ. Гэлээ ч үргэлж онц сурах ёстой тэтгэлгийн оюутан тул хагацлын хар бараанд бүрэн дийлдэлгүй шалгалтаа сайн өгч, хичээлдээ идэвхтэй оролцох ёстой. Италичууд багын найзуудтайгаа урт удаан хугацааны турш бат бэх харилцаатай байхыг илүүд үздэг учраас нас биенд хүрсэн итали хүн шинэ танилаа найз болгон хүлээж авна гэдэг амаргүй. Гэлээ ч Сүрэнгийн тэр хүнд цаг хугацааг туулахад ангийнхан болон багш нь ихээхэн тус нэмэр болжээ. Нөгөөтээгүүр италичууд зан араншингийн хувьд монголчуудтай төстэй тул харилцахад хялбар, дотносоход дөхөм байсан байж мэдэх юм. Эцэст нь сургуулиа төгсөж, дипломоо хамгаалахад хатуу чанга, ууртай ширүүнээрээ сургуульдаа зартай ангийн багш нь нулимс дуслуулан харж суусан гэдэг. Ингэж л Итали орон түүний хоёрдахь гэр нь болжээ.
Бичээчийн хувиар түүнээс гурван жил хагасын хугацаанд та хэр гадааджсан байв? гэж асуухад “Би Монголдоо эргэж ирээд өмнө нь харж байгаагүй олон өнцгийг харах болсон” гэх.
Нүүдлийн соёл иргэншил гайхалтай хэрнээ энгийн гэдгийг Сүрэн 2016 онд эх орондоо эргэж ирэхдээ анзаарч, нэг хэсэг монгол ахуйн зураг авчээ. Алслагдмал хөдөөний нэгэн айлд цагаан сарын баяраар хоёр жил дараалан зочилж, “унаган төрхөө алдаагүй” монгол ёс заншлыг дэргэдээс нь ажих түүнд үгээр зүйрлэмгүй сонихон байжээ. Бяцхан пөмбөгөр гэрт айлчин олон бужигнаж, одоо намжив уу гэтэл нохой хориулах чимээн сонстож, тойрог золголт дахин эхэлнэ. Гар утасны сүлжээ ордог бяцхан буланд хэн ч үл займчуулж зүрхлэх жимобайлын гар утас заларсан байх ба айлын хүмүүс ээлжлэн ирж, зоосон гадас шиг зогссоор утсан холбоо барих нь түүний нүдийг нээсэн шинэ ертөнц байлаа. Энэ л монгол ахуй Сүрэнгийн зургийн камерыг хөлөглөн Италийн Болонья хотод зохиогддог, бие даасан хэвлэмэл уран бүтээлчдийн фестивальд оролцжээ. Ном, стикер зэрэг маш олон төрлийн бүтээл энэхүү фестивалиар хоорондоо “танилцаж”, гурав хоногийн турш эртний барилгад чуулдаг гэнэ.
Сүрэн ажлын гараагаа Büro 24/7-оос эхэлжээ. Энд тэрээр гурван сарын хугацаанд график дизайнераар дадлага хийж, арт директорын үүргийг ч хэсэг хугацаанд гүйцэтгэв. Дараа нь мөн график дизайны чиглэлээр стартап компанид ажилласан ч энэ нь огт өөр салбар руу халтираад орчхож байгаа хэрэг биш юм. Учир нь зураасан зураг бол график дизайн, фото, хэвлэлийн эх зэргийн өвөг эцэг бөгөөд зураасан зургаар сурсан тохиолдолд эдгээр чиглэл рүү хөрвөн ажиллахад дөхөм байдаг ажээ. Улмаар принт дизайнер, гэрээт зурагчин зэргээр ажилласны эцэст Brainstorm агентлагт арт директороор гурван жилийг өнгөрөөж, дараа нь томоохон компанийн гадаад харилцааны албанд ажиллах мөрөөдлөө биелүүлэхээр “Оюу толгой” компанийн гадаад харилцааны албанд хэвлэл мэдээллийн ажилтнаар дөрвөн сар ажиллажээ. Өнгөрсөн хугацаа түүнд төсөл бичих, өөрийн санааг бусдад ойлгуулах, зохион байгуулах зэрэг чадвар суулгасны дээр уран бүтээлчийн замналд нь хөтлөх туршлага өгсөн он жилүүд байжээ.
Энэ агуулгыг хэт лавшруулалгүй илээд өнгөрөхөд, тухайн үед тэрээр их хүнд үеийг туулж байсан гэх. Тийнхүү тэвчээр заах замдаа Монголын урлагийн зөвлөлийн “Гэрэлт морьд” төслийн шалгаруулалтад оролцож, тэнцсэн гэх хариуг авчээ. Төсөл бичих, тэр тусмаа шалгаруулалтад тэнцэх хэмжээний төсөл бичнэ гэдэг дотогшоо зан төлөвтэй хүний хувьд ихээхэн энерги шаардсан ажил. Атал тэрээр өмнө дурдсан олон ажлын сайн нөлөөгөөр бага ч болов гадагшаа зан төлөвтэй болж, зураасан зургийн боловсрол олгох гол зорилготой төслөө бодит болгох боломжийг атгажээ.
Түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн буюу "Дурсамжаар бүтээв" цувралын төгсгөлийн үзэсгэлэн энэ сарын 16-25-ны хооронд Г.Занабазрын нэрэмжит дүрслэх урлагийн музейд тавигдлаа. Тэрээр 20 жил хадгалсан ургамал болон цэцгийн хатаамлын цуглуулгадаа тулгуурлан дурсамж, танин мэдэхүй, цаг хугацааны тухай сэдвийг эргэцүүлжээ. Цианотип, торгон хэвлэл, дуу, тактиль дүрслэл, инсталляц зэрэг олон техникээр урласан бүтээлүүдийг үзэгчид харах, сонсох, гараар мэдрэх боломжтой тул бүх хүртэхүйд хүрэлцээтэй хэмээн онцлох нь зүйтэй. Мөн үзэсгэлэнгийн бүх бүтээл харааны болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан брайл үсэг, аудио хөтөч, гарт мэдрэгдэхүйц товгор бүтэцтэй аж.
Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил номон завсар хавчуулсан ургамлуудаа хайхаас эхэлжээ. Дараа нь цианотип зургийн зориулалтын төхөөрөмж авах, торгон хэвлэл хийх, зарим ургамлыг шинээр хайж олж, хатааж, дэлгэж, шилэн хоргонд хийх зэрэг олон үе шат удаан хугацааны турш үргэлжлэхийн хэрээр үзэсгэлэнгийн том орон зайг би дүүргэж чадах болов уу? Хүмүүс юу гэж бодох бол? Ер нь би юу хийчих вэ? гэсэн эргэлзээт бодлууд төрж эхлэв. Бас тактиль хийх технологи Монголд байгаагүйн дээр ивээн тэтгэгч байгууллагууд олоход хүндрэлтэй байсан нь түүнийг юу юугүй шантраачих гээд л байв. Явсаар хуучны танил ах нь гар аргаар тактиль загвар гаргаж өгч, 116-р сургуулийн хүүхдүүдэд уншуулж, шалгуулснаар зарим зураас, тэмдэгтийг засварлаж, үзэсгэлэнд ашиглах боломжтой болжээ. Өмнө нь дижитал танилцуулга бэлдээд байгууллагуудын хаалгыг тогшиж байсан бол энэ удаа тактиль, бүтээл хоёроо бага ч болов баталгаа болгон үзүүлж байсан тул ивээн тэтгэгч байгууллагууд нааштай хариу өгч эхэллээ. Ийнхүү өнгөрсөн жилийн аравдугаар сард үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэж, 500 гаруй хүмүүст үзүүлжээ. Энэ бүхнийг бүтээхэд түүний ард бүтэн баг ажилласныг цохон тэмдэглэх нь зүйтэй. Инженер найз нь үзэсгэлэнгийн талбайн хэмжээ, хүмүүсийн урсгал, зургийн байршил зэрэгт тусалж байсан бол сав баглаа боодлын дизайнер, редактор зэрэг найзууд нь ч бас мэргэжлийнхээ дагуу чадах зүйлсээрээ тусалж байв.
Түүний үзэсгэлэнгийн бүтээлүүдээс гадна онцлох өөр нэг зүйл бол медиа арт. Үүнд хараацай шувуудын нисэх чимээ болон дүрс, мөн магнетафонд бичигдсэн аав, ээж, өвөө, эмээгийнх нь дуу хоолой багтжээ. Цэцэг, ургамлаар хийсэн бүтээлүүд хараацай шувуутай ямар сэжмээр холбогдож байгаа талаар сонирхвол, түүний аав зуны дулаан өдөр тагтаа нээлттэй орхиж, хараацай шувуудын нисэх чимээг сонсон ажлаа хийдэг байжээ. Тэрхүү дүр зураг Сүрэнгийн ой тойнд хадагдан үлдсэн аж. Энэ ташрамд түүний үзэсгэлэнгийн нэрийг дахин сануулахад, “Дурсамжаар бүтээв”.
Уран бүтээлч Сүрэн цаашид дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн үгүй болж буй ургамлуудын талаар судлахыг ихээхэн хүсэж байгаа бөгөөд торгон хэвлэл, цианотип, хулдаасан хэвлэл, модон бар зэрэг сэдвээр сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Мартсанаас, тэрээр үзэсгэлэнгээ Г.Занабазрын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гаргасан шалтгаан нь дурсамжаар цуглуулсан уран бүтээлээ өндөр өвөөгийнхөө уран бүтээлүүдтэй нэгэн орчинд оршоохыг хүссэн ажээ. Түүний өндөр өвөө Ц.Сүрэн (уран Сүрэн хэмээх тодотголтой) бурхан урлаач байсан бөгөөд бүтээлүүд нь Г.Занабазрын нэрэмжит дүрслэх урлагийн музей болон Чойжин ламын сүм музейд хадгалагдсан байдаг. Өндөр өвөө шигээ уран бүтээлч болохыг хүсдэг байсан бяцхан охин ...