"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media


Хэд хэдэн удаа уулзалт товлож, багагүй хугацаанд хойшлогдсоны дүнд өнөөдрийн дугаарын зочинтойгоо уулзаж билээ. Эртнээс имэйл солилцож, ярилцлагаа онлайнаар хийхээр төлөвлөж байсан ч уурхайн ажлыг төлөвлөхөд санаснаас хүнд ажээ. Имэйл ирдэг цагуудаас нь харвал үүрээр сэрж, үдшээр амардаг нь илт. Эцэст нь, бид түүнийг уурхайн ээлжээсээ бууж, Улаанбаатарт ирэхийг хүлээхээс өөр сонголтгүй гэдгээ ойлгосон юм.

Бүтэн сарын дараа сая нэг гэртээ ирж байгаа хэр нь арваадхан хоног л саатаж буй түүнтэй амралтынх нь зурвасхан үед амжиж уулзсан нь хоёр цаг гаруй үргэлжилсэн яриа болсон. Чамлахааргүй урт ярилцлага хэдий ч нэг л хангалттай санагдаагүй нь магад түүний ажлын баялаг намтартай холбоотой биз. Уурхайгаас хол хөндий хүнд нэмэлт тайлбаргүй л бол ойлгоход бэрхшээлтэй мэргэжлийн нэршил, ойлголтуудыг намдуун хоолойгоор, эелдэгхэн хариулах түүний байр байдлыг ажихад чимээ шуугианаар үл тасрах уурхайн гүнд сургагч багш хийдэг гэхэд эхэн үедээ итгэмээргүй. Асуулт ахих тусам түүний даруу төлөв мөртлөө тасралтгүй шинийг эрэлхийлж өсөж хөгжих, аливаад өөрийгөө сорих дуртай нэгэн болох нь ойлгогдож, сониучирхалдаа би бүрэн хариулт авсан юм.

Монголдоо төдийгүй дэлхийд дээгүүр өрсөлдөх Оюу Толгойн зэс, алтны уурхай нь 10 гаруй жилийн турш олон улсын стандартад нийцсэн гүний уурхайн нүсэр бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буй. Дэлхийн хэмжээний энэ том төсөлд гадаад, дотоодын олон мэргэжилтэн хүч хавсран ажиллаж буйн нэг нь өнөөдөр бидний "Өртөөлөгч" буландаа онцолж буй Д.Золбоо билээ. Оюу Толгойн туслан гүйцэтгэгч компанид орчуулагчаар ажлын гараагаа эхлүүлж байсан тэрээр ажил мэргэжилдээ тасралтгүй өсөж, өдгөө гүний уурхайн олборлолтын дахин бутлалтын сургагч багшаар ажиллаж байгаа юм.



анхны өртөө: Орчуулагчаас уул уурхай руу

Төмөр зам, галт тэрэгний чимээ түүний хүүхэд ахуй насны мөрөөдлийг санагдуулдаг. Бага насаа төмөр замд өнгөрүүлсэн түүний ирээдүйн хүсэл зорилго төмөр замтай л холбогддог байсан бол тэрхүү мөрөөдөл нь уул уурхай гэх салбарт гэнэхэн саатаж, улмаар үлдсэн амьдралыг нь өөрчлөх юм хэмээн Д.Золбоо төсөөлж ч байсангүй. Нэг үе аялал жуулчлалын салбар "моод"-нд ороход олон хүүхдийн адилаар энэ чиглэлээр их сургуульд элсэж, нэмэлтээр мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн сургалтад хүртэл хамрагдаж, оюутан ахуй цагтаа гадаад хэлний мэдлэгээ багагүй зузаатгаж чаджээ. Ингээд ажлын гараагаа "Моннис Групп"-д төсөл хариуцсан ажилтнаар эхлүүлсэн нь өмнийн говийн их уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд төвлөрч байв.

Хэсэгхэн зуур саатсан ч гэлээ "Моннис" гэх тэр л өртөө Д.Золбоогийн сэтгэлийг уул уурхай руу эргэлт буцалтгүй хөтөлж орхижээ. Тиймээс ч хэсэг хугацаанд өөр чиглэлээр ажилласан хэдий боловч хүсэл зоригоо дагахаар шийдэн Монголын хамгийн том уул уурхайн компанид ажилд орохоор нээлттэй зарлагдсан боломжит орон тоо бүрд өөрийн материалыг уйгагүй илгээх урт аялалд мордов. Уурхайд ажиллахад зайлшгүй шаардлагатай дадлага туршлага, мэргэжил, мэргэшлийн аль нь ч байхгүй учир таамагласан ёсоор эхний удаагийн оролдлогууд цөм бүтэлгүйтэх нь тэр. Гэсэн ч бууж өгөлгүйгээр Оюу Толгойд орох аргаа өөрчилж үзсэн нь амжилт олжээ. Тэр нь уул уурхайн төслүүдэд шаардлагатай мэргэжилтнүүдийг олж өгдөг хөдөлмөр зуучлалын компаниар дамжуулж Оюу Толгойн туслан гүйцэтгэгч компаниудын нэгд ажилд орох явдал байлаа.

Хичээл, зүтгэл хүнийг шагнадагчлан зорьсон зогсоолдоо ийн ойртжээ. Түүний их говь дахь эхний аялал Оюу Толгойгоос Гашуун Сухайт хүртэлх 80 гаруй км засмал зам тавих ажилд гар бие оролцох явдал байлаа. Энэ ажлыг хариуцсан "Fluor" гэх компанид зохицуулагч, орчуулагчаар ажиллах завшаан тохиож, уурхайд ажиллах тасалбараа олж авсан тэрээр энэ таатай мэдээг сонссон даруйдаа шууд л Өмнөговьд очиж, ажилдаа орсон аж.



Олон сорилт бэрхшээлтэй Оюу толгой гэх аялал

Оюу Толгойд орох тасалбар олдсон ч олон сорилт бэрхшээл тулгарч эхлэв. Эхний даваа, ажилчдадаа өндөр шаардлагатай даргынхаа арга эвийг олох. Энэ тухай тэрээр "Тухайн үед би нэлээд хатуу бэрх ааштай ч, ажилдаа жигтэйхэн нямбай ахимаг насны америк эрийн удирдлага дор ажилладаг байлаа. Өөрөө ажилдаа чадварлаг, тиймдээ ч бусдад тэр хэмжээний шаардлага тавьдаг, зааж чиглүүлдэг байсан нь цаашдын ажилд хэрэг болох арга барилаа олоход минь багагүй тусалсан гэж боддог. Тэгээд ч би хүнд хэцүү зүйлийн ард хичээж амжилттай гараад, түүнээсээ их сэтгэл ханамж авдаг төрлийн хүн юм шиг байгаа юм. Түүнээс ч болсон уу, тэр ажилдаа нэлээд дуртай байсан шүү" хэмээн ярив.

Уг ажилдаа жил гаруй хугацаанд ажилласны дараагаар Оюу Толгойн төв кэмп дээр ирж техникийн бичиг баримт, хяналтын ажилтан болж, уурхайн үндсэн ажилтан болоход нэлээд дөхөж ирэв. Харамсалтай нь ажлаа гартаа оруулж эхлэхтэй зэрэгцэн, 2013 онд уурхайн ажил түр хугацаанд зогсож, ажилчдаа цомхотгож эхэлжээ. Нэг дор олон зуун уурхайчид ажилгүй болсон энэ хүчтэй шуурганд өртөж, олон уурхайчдын адилаар амьдралынхаа ээлжит нэгэн цохилттой нүүр тулах нь тэр. Гэсэн ч өөрөөс нь шалтгаалахгүй уг бэрхшээлийг боломж болгохоор шийдэн, гурван жил алс нутагт өнгөрүүлсэн амьдралаа эргэн дүгнэж, суурин амьдралаас холдсон цаг хугацаагаа нөхөх олзуурхууштай завшаан гэж харжээ. Ингээд хотод ирснийхээ дараа найзтайгаа хамт кино импортын стартап эхлүүлж, театруудад "Hunger Game" тэргүүтэй Холливүүдийн бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэх ажилд ханцуй шамлан оров.

Түүний бизнесийн нэгэн үйлчлүүлэгч болж "Hunger Game" киног театрт үзэж явсан бид энэ бүхний цаана ийм нэгэн түүх өрнөж байсныг яахин мэдэх билээ. Соёлын үрийг тарих энэ ажил хэдий сайхан ч хүсэл гэдэг хяслантай, бас хүчтэй. Хуучин ажлаа санагалзаж, уурхайд ажиллах хүсэл үе үе сэдэрнэ. Мэдсэн мэт яг энэ үед түүнийг Сайншандын ашиглагддаггүй цогцолборын төсөл болон үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байсан Оюу Толгойд наадам зохион байгуулах комиссын багт орж ажиллахыг урьжээ. (Тухайн үед уурхайн удирдлага, ажлын хэсэгт гадаад мэргэжилтнүүд олноор ажилладаг байсан тул монголчуудад зориулсан арга хэмжээ тун бага байсан гэдэг.)

Өөртөө өгсөн энэ чөлөө, өөр салбарт хүч сорьсон хэсэгхэн хугацаа эцэст нь Д.Золбоог уурхайн хүн болохыг буцалтгүй ойлгуулж, явж байгаа чиглэлдээ илүү итгэлтэй тууштай нэгэн болоход нь нөлөөлжээ.



ЖИЛ ЖИЛЭЭР УРАГШЛАХ ӨСӨЛТИЙН ӨРТӨӨ

2015 оны тавдугаар сар. Дубайн гэрээ байгуулагдав. Уурхайчид уурхайдаа цуглаж эхэллээ. Дахиад нэг аялал. Дараагийн өртөө.

Илүү туршлагатай болсон түүнд дараагийн өртөөнд хүрэх аялал нь анх уурхайд ирж байсан шиг хэцүү байсангүй. Дасал болсон замаар, танил аялалдаа эргэн гарахдаа итгэл төгс, эрч хүчтэй байлаа. Шинэ гараагаа сургалтын төлөвлөгөө гаргагчаас эхлүүлэв. Уурхайд болох төрөл бүрийн сургалтуудыг төлөвлөн, зөв хуваарилалт, зохион байгуулалтад оруулах хариуцлагатай энэ ажилдаа нэг жил хүрэхтэй үгүйтэй ажиллаад байх үед өсөж дэвших боломж бүхий дараагийн тасалбар олдох нь тэр: Уурхайн өндөр эрсдэлийн сургагчийн ажлын байр. "Рио Тинто" групп, "Оюу Толгой" компани идэвх зүтгэлтэй ажилчдадаа таатай боломж олгохдоо сайн гэгддэг. Д.Золбоо хэдий өөртөө эргэлзэж байсан ч зориглоод үзэхээр шийдэв. Хийх ажлыг нь тодруулбал, уурхайн ажилчдад өндөр эрсдэлтэй ажлыг хэрхэн аюул, осолгүйгээр хийж гүйцэтгэх талаар сургалт хийх аж.

Нам дуутай, дотогшоо зантай өөрийгөө эвдэж, сургагч багшаар ажиллахаар хүсэлтээ өгсөн нь уурхайд эргэн ороод удаагүй байгаа түүний хувьд тун ч том шийдвэр болжээ. Уурхай, түүний дундаас Оюу Толгойн уурхай бол олон улсын технологийг Монголд нэвтрүүлж буй нүсэр бүтэцтэй том аппарат. Тиймдээ ч ажилчдаа сонгон шалгаруулах хүний нөөцийн бодлого нь бидний харж дадсан дотоодын компаниудаас өөр байдаг аж. Ярилцлага, сургалт, анкет гээд хэд хэдэн удаагийн сонгон шалгаруулалтын эцэст 2017 оноос өндөр эрсдэлийн сургагч багш болж дэвшин ажиллаж эхэлжээ. Тэр үеэс өнөөг хүртэл, газрын гадаргаас 1,284 метрийн гүнд олон уурхайчдад заавар зөвлөгөө өгөхдөө Д.Золбоо хүн нэг бүртэй тулж ажиллахыг эрхэмлэж ирсэн юм. Түүний энэ идэвх зүтгэл, өсөж хөгжих гэсэн эрмэлзэл дараа дараагийн өртөө рүү хөтөлж, үргэлж өөд нь замчилсаар...



ХИЛ ДАМНАСАН "ГАЛТ ТЭРЭГ"

Нэгээс нөгөөд хүрэх түүний ажил, амжилтын өртөө, карьерын шатлал жил жилийн зайтай гэхэд хилсдэхгүй. Сургагч багшаас илүү нарийн мэргэшсэн дараагийн сургагч багш болох дараагийн өртөө. Шинэ боломж. Жил орчмын л дотор. Блоклон олборлолт, дахин бутлалтын сургагч багшийн орон тоо...

Урагшлах тусам улам өрсөлдөөнтэй болох энэ аялал өөрийн чадварыг улам бүр хурцлах боломж тул ухрах шалтгаан огтхон ч байсангүй. Оролдоод үзэхээр шийджээ. Энэ тухай тэрээр, "Тухайн үед тэр ажлын байран дээр надтай хамт олон чадварлаг залуус өрсөлдсөн болохоор сонгогдохгүй байсан ч огт гайхахааргүй байсан л даа. Туршлага л гэж хүлээж авах байсан. Уурхай, тэр дундаа гүний уурхай бол ажлын орчин нөхцөлийн хувьд тун аюултай, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөрт тавьж ажиллах учиртай газар. Энэ ч утгаараа миний өмнөх ажлын үр дүн, хариуцлагатай зан чанар уг ажлын байранд сонгогдох гол шалтгаан болсон байх" хэмээв. Түүнийг сонгосон нь зөв шийдвэр байсныг Д.Золбоо өдгөө өдөр тутмын ажил үйлсээрээ батлан харуулсаар байна.

Шинэ ажилдаа улам дадлагажиж, мэргэшил дээшлүүлсээр нэг л мэдэхэд ахин нэг жил өнгөрчээ. Дахин нэг жил, дараагийн нүүдэл. Гэхдээ энэ удаа илүү холд, хилийн чанадад түүнийг боломж хүлээж байв. Нэн ховор гэгддэг байгалийн ягаан ба улаан очир эрдэнийн (алмаз) олборлолтоороо дэлхийн нийт нийлүүлэлтийн 95 хувийг хангадаг, 40 гаруй жилийн түүхэндээ 865 сая гаруй каратын байгалийн цэвэр очир эрдэнэ олборлосон алдартай уурхайн хаалтын ажилд оролцож, олборлолтын дахин бутлалтын үйл ажиллагааг биеэр үзэж, галын шугамд ажиллан туршлага хуримтлуулах боломж тохиов. Баруун Австралид байрлах Рио Тинто группийн Аргайлын уурхай руу очих түүний энэ аялал бас л нэг жилийн хугацаатай. Тэгэх тэгэхдээ Австрали, Монголын хооронд олон удаагийн ирж буцах томилолттой. Нэг талын аялал нь сар гаруйн хугацаанд үргэлжлэх аж.



Аргайлын уурхай нь дэлхийд ховор төрлийн очир эрдэнийн чиглэлээр дагнадаг төдийгүй техник технологи, арга барилаараа сурах зүйл ихтэй газар байлаа. Харамсалтай нь төсөл дундаа орох үетэй зэрэгцэн цар тахал гарсны улмаас ирж очих явдал тушигдан, улс орнууд агаарын хилээ ээлж дараалан хаах болсноор, төлөвлөсөн ёсоор ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.

Давагдашгүй хүчин зүйлийн улмаас төслөө дуусгасан ч тэнд өнгөрүүлсэн хагас жил түүний хувьд дараагийн аялалдаа урагшлах хангалттай бэлтгэл болжээ. Өдгөө тэрээр дэлхийн жишиг стандартыг дотоодод нутагшуулж, олон улсын хэдэн зуун мэргэжилтнийг сургаж буй. Дэврүүн мөрөөдөлтэй, ирээдүйд дэлхийд үнэлэгдэх ур чадвартай операторуудыг ажлын талбар дээр бэлтгэн сургах их ажил. Австрали, Америк, Канад, Индонези, Финлянд тэргүүтэй улсаад ирсэн олон мэргэжилтний хамтаар уурхайнхаа блоклон олборлолт, олборлолтын дахин бутлалтын арга барил, туршлагыг сайжруулж, цаашлаад гаднын бусад уурхай Оюу Толгойн дахин бутлалтын баг, дахин бутлалтын арга барил хамгийн шилдэг нь хэмээн хүлээн зөвшөөрөх, монгол мэргэжилтнүүдээс суралцах хэмжээнд хүргэх цаг мөчийг ойртуулахаар зорин ажиллаж буй.

Ажил карьераа зогсолтгүй ахиулсаар Д.Золбоо өдгөө дэлхийд тэргүүлэгч алт-зэсийн томоохон уурхайн сургалтын багийн гишүүн, уурхайчин, олон улсын хэмжээний мэргэжилтэн болж чаджээ. Оюу Толгойд орох тасалбараа туслан гүйцэтгэгч компанийн орчуулагчийн албаар олж авсан түүний энэ аялал цөөнгүй бартаатай байсан хэдий ч хүүхэд ахуй насны мөрөөдөл, амьдралын олон зөрлөг, өртөөг дамжин жинхэнэ "Өртөөлөгч"-ийг бүтээсэн гэлтэй.


Түүний сошиал хуудсууд:

Zolboo Davaajav (LinkedIn)