Ч. Ганжавхлан
Лантуун Дохио ТББ-ын тэргүүн
“Бусдыг гэм нүгэлтэй нь хамт хайрла!” Ф.М.Достоевский
1Гитар
Гитар бол хөгжим юм, хаха. Зүгээр л ойрхон байхыг сурахыг хүсдэг нэг хөгжмийн зэмсэг. Хурган хэдэн ая тоглоно, тэрэндээ тэгээд өөрөө баясчихна, болоо!  


2Кофе - Ethiopia Sidamo Grade 2
Кофег анх зүгээр л маш ихээр уудаг байсаан, түүнийгээ аймар кофечин энэ тэр гэж боддог байв. Одоо харин тун чиг хайрлаж бага багаар мэдэрч уудаг болсоон. Ethiopia Sidamo Grade бол сүүлийн үед шунан дурлах болсон сорт юм. Гэхдээ юу л гэж Танзаниасаа урвахав. Мэдэхгүй хүнд бол аль аль нь зүгээр л гашуун хар ус бөлгөө.



3Аяны сандал
Их жижигхэн болдог, бас биеэсээ зүүчихэж болдог нь таалагддаг юм. Сүүлд энийгээ зүүгээд Хяргас нуурын Хэцүү хадны нууц газар авирч гараад яг нар мандаж байхад Хээрийн кофегоо чаначихаад хэдэн минут сайхан сууж билээ. Аз жаргал гэдэг тэгээд сайхан хором мөчүүдийн нийлбэр л юм даа.


4Углааш
2011 онд Шанхайгаас авч байсан энэ углааштайгаа би Монголыг, бас АНУ-г бүтэн тойрсон. Тэгээд Энэтхэг, Хятад гээд яривал хамтдаа өнгөрүүлсэн мөч хормууд минь өөдөөс ихийг ярина. Хачиргүй хэлэхэд, Нью Йоркт байдаг Азаа найз маань энэ углаашны түүхийг миний өмнөөс бичээд Nike руу маркетингийн санал хүртэл тавьж байсан гээд бод доо. Хөөрхий нэлээд элэгдсэн ч оёулаад улам олон жил чирнэ гэж бодож байгаа, ккк.


5Камер
Аль болох сайн камер, линз хэрэглэхийг хичээдэг. Тэр өөрөө технологийн тасралтгүй дэвшил шинэчлэлийг даган хурдан хуучирч хоцорч байдаг ч түүний үлдээсэн дүрс мөнхөд үлддэг.


6Дрон
Хүнийг залхуу болгож буй дүрс видеоны ертөнцөд хувьсгал хийж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Шувуунууд түүнийг харь гарагийн шувуу гэж боддог юм уу хаашаа юм, их дайрдаг юм билээ, хаха.


7Гар утас - GalaxyS10+
Саяхан нэг юу яасийн. Ухаалаг утас хэрэглэхээ больдог хүн болоод Tedy-ээс 30,000 ₮-өөр нэг танк шиг утас авсийн. Тэгээд хэд хоноод л худлаа гэдгийг ойлгосон. Тэгсэн Samsung намайг рекламанд тоглооч гэсэн. Тэгээд тоглосон надад Galaxys10+ бэлэглэсэн, камерыг нь биширсэн.


8Ажлын хантааз
“Ид шидийн орон 2” барилга ид баригдаж байх үед бараг орондоо орж унтахаас бусад үед үүнийг өмсөж явсан. Бидний 100 орчим хантааз заримдаа холилдож орхино, халааснаас нь мэрсэн ааруул, 500 төгрөг, уранхай бээлий гэх мэт элдвийн юм гарч ирнэ. Бидний хантааз элэгдэж урагдаж муудах тусам “Ид шидийн орон 2” улам өнгө засан царайлаг болж байв. Энэ бүх хантаазыг “Наран шигтгээ” оёдлын цехийн сайхан эгч нар ашиг нэмэхгүй оёж өгдөг. Миний амьдралдаа өмсөж үзсэн хамгийн тансаг “брэнд” хувцас билээ!


9Дрип сэт
Энэ их ядаргаатай, хаха… Зарим нэгний хувьд гутал хувцас, бусад зүйлс тансаг хэрэглээ байдаг бол минийх гар аргаар кофе чанах энэ хэрэгслүүд юм уу даа. Жишээ нь тэр зэс данх шүүгч бол хэдэн зуун мянган төгрөгөөр яригдаад явчихна. Яг үнэндээ “маяг” л даа. Гаргах амтын хувьд 9500-ийн хуванцар шүүгчээс ямар ч ялгаагүй. Гэхдээ л жаргах наранд нүд гялбуулж зүлгэх тусам өнгө орох зэс данх минь гээд ярихаар л өөр “Эморол” болоод явчихаж байгаа юм. Ихэнх нь Монголоос олдохгүй, гадна дотнын хүнд “Данх, сав, газан плетка” захиж авчруулна. Эд нарыгаа үүрээд эх орноо дахин дахин тойрмоор… Бүх л тэр давтагдашгүй мөчүүдэд ууж л явмаар, хахахаха.


10VR
Бидэнд өгөгдсөн цаг хугацаа, боломж бүр хязгаартай. Бид бүхнийг үзэж мэдэрч чадахгүй ч тийм шунал бол бий! Зарим нэг хязгаарыг үгүй болгож боломжгүй зүйлсийг боломжтой болгон, хойд туйлын цагаан баавгайг миний өрөөнд оруулаад ирэх шидтэн бол VR технологи юм. Drone + VR = Тийм ээ, би нисэж байна! VR-ийн тусламжтай сонирхолтой дасгал хөдөлгөөн хийж, бүр сэтгэл зүйн эмчилгээ хүртэл хийж болдог. Өглөө болгон би өндөр хавцлын ирмэг дээр суугаад хөгжим сонсонгоо шувуудын жиргээг сонсоно (Жаахан уянгалсийн, өглөө болгон тэгээд байгаа юм бол байхгүй шүү, ккк)