Найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэх олон арга бий. Тэр дундаа хамтдаа шинэ зүйл сурч, өөрсдийн гараар ямар нэгэн бүтээл урлангаа мартагдашгүй дурсамж бүтээвэл ямар вэ?

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод гар урлалын олон төрлийн воркшоп, бүтээлч орон зайнууд нэмэгдэх болсон нь хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх сонголтыг улам төрөлжүүлж буй. Тэдгээрийн нэг болох Нойм студио нь гар урлалыг зөвхөн тодорхой авьяас, ур чадвартай хүмүүсийн хийх зүйл бус, хүссэн хэн бүхэн туршиж үзэх боломжтой бүтээлч үйл ажиллагаа гэдгийг харуулахыг зорьж байгаа гэнэ.

Энэ оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус студийн хувьд гар урлалын эцсийн бүтээгдэхүүнээс илүүтэй түүнийг бүтээх үйл явц, хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа, түүнээс үлдэх дурсамж чухал ажээ.

Бизнесийн нэр: Нойм студио
Үйл ажиллагааны чиглэл: Гар урлалын воркшоп
Хаяг: БЗД, 6-р хороо, Орчлон комплекс А блок 6 тоот
Үүсгэн байгуулагдсан: 2026 он
Сошиал хуудсууд: noim.craftsudio (Instagram), Noim Art & Craft Studio (Facebook)

Ярилцсан: Үүсгэн байгуулагч М.Номин, М.Мөнх-Эрдэнэ нар

СЭДЭЛ

Эндээ анх хувцасны дэлгүүр ажиллуулдаг байлаа. Дэлгүүрээ хаасны дараа өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан орон зайгаа өөр зориулалтаар ашиглах тухай бодож эхэлсэн юм. Тухайн үед хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх сонголт харьцангуй хязгаарлагдмал санагддаг байв. Оюутан байхдаа ч найзуудтайгаа уулзахаар ихэвчлэн кофе шоп орох, хоол идэх, караокед дуулах зэрэг цөөн хэдэн сонголтын дунд эргэлддэг байлаа. Тиймээс хүмүүс зүгээр нэг уулзаж суухаас гадна хамтдаа ямар нэгэн зүйл хийж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой газар байвал сонирхолтой юм байна гэж бодсон юм.

Бид өөрсдөө шинэ хобби туршиж үзэх дуртай юм л даа. Гэвч гар урлалыг сонирхоод үзье гэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, материалуудыг бүгдийг нь худалдаж авах хэрэгтэй. Багагүй зардалтай төдийгүй ганц хоёр удаа туршиж үзсэний дараа сонирхол буурвал авсан материал, хэрэгслүүд маань ашиглагдахгүй үлдэх нь бий. Тиймээс бүх хэрэгслээ худалдаж авах шаардлагагүйгээр хүссэн үедээ ирж, төрөл бүрийн гар урлалыг туршиж болох орон зай бий болгохоор шийдсэн. Улмаар хоёр, гурван сарын турш үйл ажиллагаагаа туршиж үзсэний эцэст энэ оны зургаадугаар сард албан ёсоор нээсэн юм.

Гар урлалын олон студи, бүтээлч орон зай бий болж, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх сонголт нэмэгдсэнд баяртай байгаа. Бидний хувьд энэ чиглэлийг Монголд хөгжүүлэхэд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа нь хамгийн сайхан санагддаг.

ЯЛГАРАЛ

Манай студийн онцлог нь насны хязгаар тогтоодоггүй, бүх насны хүмүүст нээлттэй байдаг. Хүүхдүүд эцэг эхтэйгээ, залуус найзуудтайгаа, гэр бүлийнхэн хамтдаа ирэх боломжтой юм. Тиймээс ч гар урлалын ямар нэгэн туршлагагүй, анхлан суралцагчдад ч тохиромжтой үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, манайд ирэхийн тулд заавал зураг зурах авьяастай, урлагийн мэдрэмжтэй эсвэл гарын ур дүйтэй байх шаардлагагүй. Бид тухайн бүтээлийг хийх эхний алхмаас дуусах хүртэл нь зааж, чиглүүлдэг учраас хэн бүхэн өөрийн гараар ямар нэгэн зүйл урлаж чадна.

Мөн бид бүтээлийг хэр хурдан дуусгахаас илүүтэй түүнийг хийх явцдаа тайван, тухтай байх боломжийг чухалчилдаг уяраас харьцангуй уян хатан цагийн зохион байгуулалттай ажилладаг. Тухайлбал, хивс урлахад хэмжээ, загвараасаа хамаарч багадаа 10 орчим цаг зарцуулах тохиолдол бий шүү дээ. Үйлчлүүлэгчид бүтээлээ үлдээгээд, дараа нь завтай үедээ ирж үргэлжлүүлэн хийх боломжтой юм.

НОЙМ СТУДИО ГЭЖ ЮУ ВЭ?

Нойм студио бол хүмүүс өөрсдийн гараар төрөл бүрийн бүтээл урлангаа чөлөөт цагаа тайван, бүтээлчээр өнгөрүүлэх боломжтой гар урлалын орон зай.

Бид анх хивс урлал болон цөөн төрлийн гар урлалаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол түүнээс хойш шавар урлал, арьсан эдлэл, дэвтэр, түлхүүрийн оосор, слайм, сквиши зэрэг олон төрлийн бүтээл хийх боломжийг нэмээд байгаа юм. Гар урлал бүр өөрийн гэсэн онцлог, хийх арга барилтай. Жишээлбэл, арьсан эдлэл урлахдаа энгийн нэг материал хэрхэн бидний өдөр тутам хэрэглэдэг эд зүйл болон хувирч байгааг өөрийн гараар мэдрэх боломжтой.

Харин хивс урлахад хэмжээ, загвараасаа хамааран 10 орчим цаг зарцуулах боломжтой тул бид үйлчлүүлэгчдэдээ бүтээлээ хоёр өдөрт хуваан хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Эхний өдөр хивсээ тусгай буугаар урлахад 3-4 цаг зарцуулдаг бол дараагийн удаа ирэхдээ хивснийхээ урд болон ар талыг янзалж, эцсийн байдлаар дуусгахад хоёр цаг орчим шаардлагатай. Ингэхдээ заавал дараалсан өдрүүдэд ирэх албагүй бөгөөд зургаан сарын хугацаанд өөрт тохиромжтой, завтай өдрөө сонгон ирж, бүтээлээ үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

НЭР

NOIM гэдэг нэрийг өөрийн Номин хэмээх нэрнээс санаа авч бүтээсэн. Богино, цээжлэхэд хялбар, бас өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлсэн нэртэй байхыг хүссэн юм.

ОДОО

Хүмүүс чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх тухай бодохдоо хамгийн түрүүнд манай студийг санадаг болоосой гэж хүсдэг. Үүний тулд аль болох олон төрлийн урлал нэмэхийг зорьж байгаа юм. Санал болгож буй урлал бүрийн чанар, материалын сонголт, зааж чиглүүлэх арга барилд ихээхэн анхаарахч тогтмол үйлчлүүлдэг хүмүүсийнхээ хүрээг нэмэгдүүлэхийг хүсэж байна даа.

Тухайлбал, хивс урлалд ашигладаг утасныхаа чанарыг чухалчилж, аль болох зузаан, чанартай бүтээл гаргах боломжтой материалыг сонгодог. Учир нь хүмүүс өөрсдийн бүтээлээ нэг удаа хийгээд хаях бус, удаан хугацаанд хадгалж, өдөр тутамдаа хэрэглэж болохуйц байгаасай гэж боддог.

Нөгөөтээгүүр, бид үнийн хувьд ч үйлчлүүлэгчдэдээ аль болох хүртээмжтэй байхыг хичээж байгаа юм. Гар урлалын зарим төрөлд материалын зардал өндөр байдаг учраас хүмүүс үнийг нь харьцангуй өндөр гэж хүлээж авах тохиолдол бий. Тиймээс материалын чанараа алдагдуулахгүйгээр боломжийн үнэ тогтоох тэнцвэрийг олохыг зорихоос гадна шинэ төрлийн гар урлалыг сар бүр эсвэл улирал тутам бага багаар нэмэхээр төлөвлөж байгаа юм.

БАГ

Одоогоор бид хоёр студийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан, ээлжээр ажиллаж байна. Нэг маань өглөө 11 цагаас өдрийн 15 цаг хүртэл ажилладаг бол нөгөө нь ажлаа үргэлжлүүлэн оройн 20 цагт тарах жишээтэй.

Гар урлалын студи ажиллуулна гэхээр бүтээл хийх арга барил, ур чадвар хамгийн чухал мэт санагдаж болох юм. Гэвч бидний хувьд үүнээс дутахгүй чухал зүйл нь хүмүүстэй харилцах, тэдэнд тав тухтай орчин бүрдүүлэх явдал. Учир нь үйлчлүүлэгчдэд зөвхөн гар урлалын арга техник заахаас гадна хүн бүрийн онцлог, ур чадварт тохируулан зөвлөгөө өгч, бүтээлээ дуусгах хүртэл нь чиглүүлж ажиллах шаардлагатай байдаг.

Үйл ажиллагаагаа явуулах тусам үйлчилгээний чанар, харилцааны ур чадвар ямар чухлыг ойлгосон. Мэдээж туршлага дутсанаас үүдэлтэй алдаа, оноо цөөнгүй гарсан ч тэр бүхнээс суралцаж, ажлын арга барилаа сайжруулахыг хичээсээр байна.

Нөгөөтээгүүр, шинэ төрлийн гар урлал нэмэх бүрд бид өөрсдөө ч шинэ зүйл сурч, ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй болдог. Тиймээс одоохондоо багаа өргөжүүлэхээс илүүтэй өөрсдийн мэдлэг, туршлагыг ахиулж, үйлчлүүлэгч бүрд чанартай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч байна.

ИРЭЭДҮЙ

Өнөөдөр технологийн хөгжлийн ачаар хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнээ хаанаас ч хялбархан худалдан авах боломжтой болжээ. Гэвч дэлгүүрээс бэлэн картны гэр худалдаж авах, арьсан материалаар өөрөө зүсэж, оёж урлах хоёр тэс өөр мэдрэмж төрүүлнэ шүү дээ. Тиймээс бид хүмүүст зөвхөн шинэ зүйл хийж сурахаас гадна бүтээх үйл явцаас таашаал авч, өөрийн гараар урласан зүйлээ дурсамж болгон хадгалах боломж олгохыг хүсдэг.

Бид цаашдаа өөрсдийн студиог зөвхөн гар урлал хийдэг газар бус, хүмүүс өөртөө болон дотнын хүмүүстээ цаг гаргаж, шинэ зүйл туршингаа тайван амрах боломжтой бүтээлч орон зай болгон хөгжүүлэхийг хүсэж байгаа. Тухайлбал, студидээ жижиг кофе булан тохижуулж, үйлчлүүлэгчид маань бүтээлээ урлах зуураа дуртай уух зүйлээ захиалан, илүү тухтай цагийг өнгөрүүлэх байж болно. Мөн бүтээлч санаа, сонирхолтой ур чадвартай залуустай хамтран төрөл бүрийн воркшоп, арга хэмжээ зохион байгуулах ч хүсэл бий..

Нөгөөтээгүүр, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр байгальд ээлтэй материал ашиглах, гар урлалын явцад үүсдэг хаягдлыг багасгах тал дээр илүү анхаарахаар зорьж байна. Жишээ нь бид японд аялж явахдаа арьсан эдлэл үйлдвэрлэхэд үлдсэн жижиг өөдсүүдээр түлхүүрийн оосор зэрэг хэрэгцээтэй зүйлс урлаж байгааг харсан нь их сонирхолтой санагдсан юм. Заавал том хэмжээний бүтээл хийх шаардлагагүй, хаягдал гэж үздэг жижиг материалаар ч үнэ цэнтэй зүйл бүтээж болдог юм билээ. Монголд гар урлалын студи, воркшопууд олширч буй энэ үед зөвхөн шинэ бүтээл хийхээс гадна ашиглаж буй материал, түүнээс гарах хаягдалд анхаарах нь чухал гэж боддог. Тиймээс цаашдаа дотоодын түүхий эдийг түлхүү ашиглаж, үлдэгдэл материалыг дахин хэрэглэх боломжийг үйл ажиллагаандаа бага багаар нэвтрүүлэхийг зорьж байна даа.

ЭРСДЭЛ

Бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь гар урлалын материалын олдоц, нийлүүлэлт. Зарим төрлийн утас, багаж хэрэгсэл болон бусад шаардлагатай материалыг дотоодын зах зээлээс тогтмол авах боломжгүй тул гадаадаас захиалах хэрэг гардаг. Гэтэл тээвэрлэлтийн хугацаа, валютын ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалан материалын үнэ, нийлүүлэлт тогтворгүй байх нь бий. Заримдаа шаардлагатай материалын нөөц дуусаж, захиалга цагтаа ирээгүйгээс тухайн гар урлалын үйлчилгээгээ түр зогсоох эрсдэл ч үүсдэг. Тиймээс бараа материалын нөөцөө зөв тооцоолж, худалдан авалт, тээвэрлэлтээ урьдчилан төлөвлөхөд анхаарч байна.

Студийн маань орон зайтай холбоотой шийдвэрлэх шаардлагатай асуудлууд мөн бий. Ер нь бизнес эрхлэх явцад анх төсөөлж байгаагүй олон асуудалтай нүүр тулдаг юм билээ.

Хүмүүс манайд ирээд өдөр тутмын завгүй амьдралаасаа түр хөндийрч, шинэ зүйл туршин, өөрсдийн гараар бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун буцаж байвал бидний хувьд хамгийн том урам зориг болдог. Тиймээс цаашдаа ч гар урлалын төрлөө нэмэхээс илүүтэй хүмүүсийн манайд өнгөрүүлэх цаг хугацааг үнэ цэнтэй, дурсамжтай байлгахад анхаарч ажиллахыг хүсэж байна.