Д. Хулан
Lhamour брэндийн үүсгэн байгуулагч
YOLO - You only live once
1Чулуун бугуйвч
Өөр өөрийн гэсэн утга учир болоод дурсамж түүхтэй энэ байгалийн чулуун бугуйвчууд бол надад эрч хүч өгдөг, миний биеийн салшгүй хэсэг. Ээждээ жирэмсэн болсноо хэлэхэд ээж маань хоёр бугуйвчийг нь бэлэглэж байв.

2Кофений аяга
Колумбын их сургуульд сурч байх үедээ өглөө хичээл рүүгээ явах замд кофе авдаг дадалтай болсон юм. Энэ аяганд уухаар сайхан дурсамжууд, мөн тэр ачаалалтай үеийг даван туулсан минь бодогдоод урам зориг өгдөг. Ажлын өглөөг кофегүйгээр төсөөлшгүй.



3 Ургамал
Энэ ургамлыг ийш тийш их чирч яваагаа бодохоор "Leon: The Professional" кинонд тоглоод байгаа ч юм шиг санагддаг. Дотроо олон төрлийн ургамалтай энэ цэцгийг найз залуу минь бэлэглэсэн. Хоёр жилийн дараа анх удаа цэцэглэсэн нь ургамал ямар тэвчээртэй юм бэ гэж бодогдуулж, сэтгэл их хөдөлж билээ.


4Эко тор
Би маш их юм авч явдаг, дээр нь байгальд ээлтэй байхыг эрхэмлэдэг болохоор эко торноос салдаггүй. Манай гэрийнхэн ч бүгд барьж хэвшээд байгаа.


5Нэрийн хуудас
Миний бараг бүх цүнх, халаасанд нэрийн хуудас байж байдаг. Дахин боловсруулсан цаасаар хийсэн нь биднийг, манай бизнесийг шууд илэрхийлдэг. Бизнест нэрийн хуудас чухал шүү дээ.


6Тэмдэглэлийн дэвтэр
Би гараар бичих дуртай. Бодол санаа, төлөвлөгөөгөө цаасан дээр буулгахад илүү ойр, бас илүү сайн хяналт тавих боломжтой санагддаг.


7Macbook Pro
Энэ Lhamour гэсэн бичигтэй компьютерийг манай ерөнхий менежерийн санаачилгаар хамт олон маань надад 2018 оны шинэ жилээр бэлэглэсэн нь маш том сюрприз болсон шүү. Мэдээж ажлын маань гол багаж.


8Усны сав
Аль болох хуванцраас татгалзаж, энэ саваа байнга л авч явдаг. Бас өөрийгөө хэр их ус ууж байгааг хянах боломжтой. Савгүй бол ус уухаа мартаад байдаг талтай.


9Уруул өнгөлөгч
Монгол маш хуурай, эрс тэс уур амьсгалтай тул уруул хатах гээд байдаг. Тиймээс тослог сайтай, уруулыг удаан хугацаанд зөөлөн байлгах энэ уруул өнгөлөгчийг бүтээсэн. Өөртөө зориулж хамгийн сайнаар хийсэн энэ бүтээгдэхүүнээ байнга хэрэглэдэг.


10Нүдний шил
Нартайд шилгүй гарч огт чаддаггүй. Хүнд болон хэт бариу шилэнд дургүй. Хөнгөн, классик шил илүү амар бөгөөд олон ч хувцастай зохицдог.