Б. Дөлгөөн
Дуучин, дуу зохиогч
“Би хүрээлэн буй орчныхоо бүтээгдэхүүн байхыг хүсэхгүй байна. Харин хүрээлэн буй орчноо миний бүтээгдэхүүн байгаасай гэж хүсэж байна.”

“The Departed” киноноос
1Akai mpk mini
Энэ жижигхэн 2 октавын midi keyboard-ээр гэртээ дэмо бичихэд маш амар, тохиромжтой байдаг. Өөрийн хөгжим дууг шинэ түвшинд гаргаж, өөрийгөө жинхэнэ хөгжимчин шиг мэдрэхэд тусалдаг, хаха.

2Levi’s Denim jacket
Деним хүрмийг ажлын хувцас болгож өмсөхөөс эхлээд high fashion-д ч хослуулж болдог хамгийн хувирамтгай хувцас. Мөн эрэгтэй эмэгтэй аль ч хүн өмссөн донжтой харагддаг.

3AirPods чихэвч
Маш багаасаа одоог хүртэл боломж л гарвал би хөгжим сонсож ирсэн. Орондоо, машинд, гудамжинд гээд… Тийм болохоор сайн чихэвч миний хувьд маш чухал зүйл байсаар ирсэн юм. AirPods бол өнөөдрийг хүртэл хэрэглэсэн чихэвчнүүдээс хамгийн сайн нь. Яг сурталчилгаа шиг сонсогдож байна уу?
4Бандана
Би саяхнаас л банданаг нээсэн гэх үү, татагдаж эхэлсэн гэх үү. Залхуураад гялс углачихсан хувцсан дээр бандана зүүчихээр чамин, өвөрмөц шинж нэмдэг. Яг л этгээд амттай халуу ногоо мэт, содон янзын тэмдэг нэр мэт.
5Kiehl`s-ийн үсний тос
Үс гэдэг ангид бөгөөд төвөгтэй зүйл. Миний хувьд Kiehl`s-ийн үсний тосоор учраа олдог. Зөөлөн мөртлөө хэвд оруулдаг, үсний гель, ваксаас илүү кремлэг мэдрэмж өгдөг.
6Эрнест Хемингвэйн зохиолууд
Бичих онгодгүй, үгийн эрэлд хатсан үедээ би Хэмингвэйн “The Sun Also Rises”, “A Moveable Feast” зэрэг номнуудыг сөхөх дуртай. Түүний бичлэгээс мэдрэгддэг өөртөө итгэлтэй байдал яг л өгзгийг чинь өшиглөж “номд оруулах” офицер мэт. Олигтойхон шиг цэх зогсоод, шүлгээ бичиж дуусга!
7Аналог цаг
Би хэдий технологи, цахим төхөөрөмжүүдэд дуртай ч гэсэн хуучнаар нь байлгахыг хүсдэг ганц зүйл бол бугуйн цаг. Ханан дээр өлгөсөн жаазтай зураг шиг аналог цаг хэзээ ч хуучиршгүй.
8Жаазтай зураг, постерууд
Би амьдарч байсан байр/өрөөнийхөө ханануудад дандаа постер зурагнууд наадаг юм. Постерууд тухай орон зайг чиний орон зай болгодог. Тэгснээр амьдрах орчин чинь чиний ертөнцийн үргэлжлэл болж байгаа юм.
9Гитар
Мэдээж гитар. Энэ бол миний бүтээл туурвих зэвсэг, хэрэгсэл билээ. Санаа сэрэхүйг маань бодит болгон илэрхийлэх багаж. Гитар үргэлж миний нэг хэсэг байгаа, байсаар байх болно.
10SXSW-ийн үүргэвч
Jansport-ийн үүргэвчүүд угаасаа л маш гоё байдгийн дээр SXSW-д албан ёсоор оролцогч уран бүтээлч гэсэн тэмдэг наачихаар илүү онцгой болчихож байгаа юм. SXSW-г даван гарсан дайчны цол тэмдэг л юм даа!