"Жомолунгма" буюу дэлхий нийтийн нэрлэж заншсанаар Эверест хэмээн алдаршсан Гималайн нуруунд орших их цаст оргил далайн түвшнөөс дээш 8848.86 метрт дүнхийх нь цэнхэр гарагийн хамгийн өндөр цэгт тооцогддог билээ. Бусдын хүрээгүйд хүрч, хийгээгүйг хийхээр хүсэн шунаж, үргэлж шинэд тэмүүлсээр ирсэн хүн төрөлхтний мөрөөдлийн нэгэн оргил болох энэ их хайрханы оройд анх хүний мөр гарсны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Өөрөөр хэлбэл хэдэн сая, хэдэн мянган жилийг энэ гарагт өнгөрүүлсэн хүн төрөлхтөн ХХ зуунд л анх удаа дэлхийн зулайд амжилттай хүрсэн гэсэн үг.
Сүүлийн 100 шахам жилийн хугацаанд л гэхэд 300 гаруй уулчдын амь насаа өргөн байж тэмүүлсэн энэ аюулт аялал хүнд байж болох бүхий л тэсвэр тэвчээр, зориг хатуужил, аз хийморийг сорих нь зүрх халгам ч гэлээ одод тэнгэрт хамгийн ойр байрлах хэсэгхэн тэр алга дарам газарт өөрийн хөлөөр зогсох давтагдашгүй мэдрэмжийн төлөө жил бүр хэдэн зуун уулчин эрсдэлийг үл тоон энэ зүг жолоо мушгисаар байх ажээ. Үүний дунд Ази тивийн цээжинд орших Монгол хэмээх нэгэн улсын далбаа "Тэнгэрийн дагина"-ын оройд анх 2005 онд мандсанаас хойш өдгөө 12 монгол уулчин энэ оргилд амжилттай авираад буй.
Өнөөдөр бид уншигчдадаа зориулан тэдгээр уулчдынхаа Эверестийн оргил өөд тэмүүлсэн их аяллынх нь түүхийг, Эверестийн талаар мэдвэл зохих ойлголтуудын хамтаар багцлан хүргэхээр бэлтгэлээ.
Нэрний тухай: Бидний нэрлэж заншсанаар Эверест гэх нэр нь Британийн байр зүйч Жорж Эверестийн нэр ажээ. Уг нэрийг 1865 онд Британи улс баталснаас хойш албан ёсоор олон улсад ашиглагдаж эхэлсэн байна. Угтаа буюу нутгийн уугуул иргэд Жомолунгма хэмээн нэрийддэг нь Төвөд хэлнээс нь орчуулбал "Оройн дээд (Гэгээн) эх" гэсэн утгатай болдог байна. Харин Балба хэлэнд Сагармата гэх бөгөөд монголоор "Тэнгэрийн дагина" гэх утгатай. Мөн "Бурхны сэнтий" хэмээх утгатай нэр ч байдаг аж.
Г.Өсөхбаяр

Оргилд гарсан: 2005, 2006
Авирсан тал: Непал
Багийн бүрэлдэхүүн: ОУХМ Д.Баярням, ОУХМ Р.Тулга
Би 1989 оноос эхлэн уулын спортоор хичээллэж эхэлсэн юм. Тухайн үед Эверестэд монгол хүн гарч байгаагүй, энэ уулын талаар мэдлэг мэдээлэл багатай, сураг төдий байсан болохоор миний үеийнхний хувьд зүүдэнд л үзэгддэг, тэртээ холын мөрөөдөл шиг санагддаг байлаа. Дэгэсдүүлж хэлэхэд "Эверестийн бэлд очсон" гэж дуулдсан хүнд залбирахад бэлэн байсан тийм л үе. Харин 1996 онд манай Ноокоогийн Жуков хэмээх эрхэм хүмүүн Монголоос анх удаа оролдлого хийж, чамгүй өндөрт гарч, Хималайн ууланд анх удаа монгол хүн хөл тавьсан нь бидэнд их урам өгсөн. Ингээд бид 1998 онд Эверестэд гарах бат зорилго өөрсдөдөө тавьж байлаа. Шууд хэлэхэд шар байсан л даа.
Одоо мэдээлэл их болж, ууланд авиралтын технологи, хувцас хэрэглэл төрөл бүрээрээ хөгжиж, Эверестийг ч тал талаас нь судалж, үүнийг бизнес болгосноор энэ оргилд хүрэх нь байдаг л зүйлийн нэг шиг болчихсоноос биш тэр үедээ бол зөвхөн мэргэжлийн, тэр дундаа дээд зэргээр бэлтгэгдсэн, мөнгө санхүүгийн сайн дэмжлэгтэй, багагүй хугацааны судалгаатай, туршлагатай уулчид л гардаг, зүйрлэвэл сансарт нисэхийн дайтай мөрөөдөл байв. Тэглээ гээд бид үүнийг бүтэшгүй мөрөөдөл гэж бодож байсан удаагүй л дээ. Магад энэ тэмүүлэл л биднийг Эверестэд хүргэсэн байх.
Мөрөөдлөө биелүүлэх гарц суваг хайж, тэр хүртлээ бэлтгэлээ таслахгүй байсаар бид 2005 онд Монголоос багаа бүрдүүлж, Эверестэд авирах анхны оролдлогоо хийж, зорилгодоо амжилттай хүрч чадсан. Ингэхдээ санхүүжилт тааруу, улсаас дэмжлэг байхгүй, өөрсдөө ч ойлголт багатай байсныг хэлэх үү, Эверестэд авирахаар явж байж Нарантуулаас жаал жуул юмаа аваад, Непалд очиж нэг, нэг өдөн куртик авч өмсөөд л хөдөлж байлаа. Хөлөрдөг куртик, чийг татдаг хэрэглэл гээд стандартын юмгүй шахуу л авиралтаа эхлүүлцгээсэн. Тун эрсдэлтэй. Залуу насны ачаар давж гарсан энэ авиралтын гор нь одоо ч бие дээр их гардаг шүү. Одоо бол залуустаа мөнгө төгрөг нь хамаагүй, алив экстрийм спортод зориулалтын юманд зохистой хэрэглэлийг нь л авч байж замд гараарай гэж захидаг болсон. Бидний хувьд бол хүсэл мөрөөдлөөс өөр зүйл байгаагүй л юм л даа. Монгол хүн энэ оргилд гарч, Монголын далбаа энд мандах ёстой л гэдэг ганц нягт бодолтой байв.
Ингээд 2005 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 11:10 цагт миний бие багаа төлөөлөн Эверестийн оргилд амжилттай гарч чадсан нь энд хүрсэн анхны монгол хүн гэх тодотголыг авч ирсэн. Оргил дээр гараад "За Монгол минь энэ зүгт л байгаа даа" гэж бодоод огшиж байсан даа. 11 цаг гэдэг Эверестэд ер нь оройдоо орно. 12 цагаас бүр оройтлоо гэхэд 14 цагт гарахгүй л бол цаг агаар ширүүсдэг тул авиралтыг шууд цуцалдаг. Амжиж гарсандаа азтай.
Угтаа бол нэр нь надад боловч багийн амжилт л даа. Хүмүүс үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Уулын авиралтын ямар ч баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оргилд гарна гэдэг ховор тохиолдолд ордог. Нөхцөл байдал, цаг агаар, эрүүл мэнд, тоноглол хэрэглэл гээд олон нөлөөлөгч хүчин зүйл гарч ирснээр сонголт хийдэг, эсвэл аргагүй байдалд хүрдэг юм. Тэгэхээр би үүнийг 1989 оноос хойш баг болж, хамтдаа мөрөөдөж ирсэн багийн амжилт гэж нэрлэнэ. Ерөөс багийн спорт шүү дээ. Миний хувьд нэг том давуу тал байдаг. Би бие физиологийн хувьд өндөрт тун хурдан дасан зохицдог, шаардлагатай нөхцөлд сэргэлт түргэн авдаг онцлогтой. Тэр минь ч нөлөөлсөн байх.
Үүнээс хойш яг нэг жилийн дараа 2006 онд эмэгтэй уулчдынхаа тавьсан саналын дагуу Эверестийг хоёр дахиа зорьсон юм. Надад ахин гарах зорилго байгаагүй л дээ, гол зорилго нь өмнө жилийн туршлагадаа суурилан монгол эмэгтэй уулчдынхаа багт зөвлөн, тэднийг оргилд хүргэх байсан. Ингээд Д.Эрдэнэтогтох, Б.Гангаамаа, Ч.Тэрбиш гэсэн гурван бүсгүйтэйгээ баг болж авиралтаа эхлүүлэв ээ. 8000-аас дээшлэхдээ Эрдэнэтогтохтойгоо үлдсэн боловч харамсалтай нь 8700 дээр ирэхэд цасан шуурга ширүүсч, Эрдэнэтогтоход харааны асуудал үүссэн. Оргилд хүрэхэд 150 гаруй метр үлдсэн нь ойрхон мэт боловч замд хэт эгц хад бүхий Хиллари стэп байсан тул тэндээсээ бууж өгөөд найзыгаа аваад буух уу? ганцаараа үргэлжлүүлэх үү? гэдэг бэрх сонголттой тулгарсан.
Тэгэхэд Эрдэнэтогтох "Багаас ядаж нэг нь гарах ёстой, би шерпагаар туслуулан буух болохоор заавал оргилд хүрээрэй" гэсэн. Үнэндээ тэр авиралтаас таашаал аваагүй ээ. Тиймдээ ч оргил дээр гараад тэндээ удаа ч үгүй. Гол зорилгодоо хүрч чадалгүй, гурван бүсгүйгээ буулгачихсан, дээрээс нь Эрдэнэтогтохын биеийн байдалд санаа зовоод, хурдхан далбаагаа мандуулж, нэг зураг даруулсан болоод л буусан тийм нэг гэмшил дүүрэн авиралт байсан. Гэхдээ мань хүн 8000-аас дээш гарсан анхны монгол бүсгүй юм шүү.
Ирчхээд бодоход жил дарааллан хоёр удаа Эверестэд амжилттай авирах нь муугүй үзүүлэлт ч ганцхан хит дуутай дуучин шиг байхыг хүсээгүй тул сэтгэл хөдлөлөө дарж аваад л дараагийн зорилгууддаа төвлөрсөн. Одоогоор "Seven Summit" буюу долоон тивийн долоон оргилоос Өмнөд Тивээс бусдад нь хөл тавьсан байна. Дэлхийн эцсийн хязгаар буюу зүггүй цэг болох хаашаа ч харсан бүх зүг урагш болдог Өмнөд, Хойд туйлын хэсэгт очих зорилготой байна даа.
Хэрхэн хүрэх вэ?: Уг уул нь Хималайн нуруунд орших бөгөөд хойд зүгээс БНХАУ-ын Төвөд талаас болон урд зүгээс Непал буюу Балба улсын талаас авирах боломж бүхий хоёр замтай. Ингэхдээ Непал талаас авирах замыг стандарт зам хэмээн тодорхойлдог байна.
Б.Гангаамаа

Оргилд гарсан: 2011 оны тавдугаар сарын 21
Авирсан тал: Төвөд (БНХАУ)
Багийн бүрэлдэхүүн: Олон улсын багт
Бусад оролдлого: 2006 онд Непал талаас Монгол багтай авирч ... метрт хүрээд буусан.
Жомолунгма буюу Эверест хайрханыг нутгийн иргэд эрт дээр үеэсээ бүсгүй хүнтэй зүйрлэн нэрлэдэг байсан нь учиртай л байж таарна. Тиймдээ ч хоёр удаа оролдлого хийж, 2011 онд амжилттай авирахдаа ерөөс "Энэ уул надад ээлтэй байна, түшнэ" хэмээн итгэн авирч байлаа.
Гэвч уул гэдэг тоглоом биш. 2006 онд анхны оролдлогоо хийхдээ багаас хэн нь ч хамаагүй, гол нь монгол эмэгтэйгээ Эверестэд гаргана гэж төлөвлөөд чадалгүй буцаж ирсэн болохоор сэтгэл дундуур үлдээд, түүнээсээ болж нэг хэсэг шал өөр төлөвлөгөөтэй болчихсон байсан. Тухайн үед багаа ахалж явсан нь ч их ачаалал өгсөн л дөө. Аль 1997 оноос эхлээд л тавьсан зорилго, мөрөөдөл минь болохоор түүндээ бүр хэт автсан шиг байгаа юм. Ер нь л их сэтгэлээр унасан. Ингээд анхны оролдлогоо хийснээс хойш даруй хоёр дахь оролдлогоо хийж чадаагүй, тэгье ч гэж бодоогүй.
Үүний дараа дэлхийн хамгийн аюултай уул гэгддэг К2-т авирахаар нэг хэсэг бэлтгэж байгаад ерөөс Эверестэд гараагүй байж К2-ийг төлөвлөх хэрэггүйг ойлгоод Эверестийг дахин зорихоор шийдэж байлаа. Ингэхдээ баг ахалж явалгүй, гаднын багт орж, ганцаараа явахаар шийдсэн. Энэ нь нуруун дээр ирэх ачааллыг үлэмж бууруулж, зөвхөн авиралтдаа төвлөрөх боломж олгох давуу талтай сонголт байсан. Ууланд тэр дундаа хэт өндөр ууланд авирна гэдэг уулчны чадвараас гадна хөрөнгө мөнгөний том асуудал. Хүсэл байгаад санхүү болохгүй бол яаж ч чадахгүй. Түүний нөлөө ч байсныг дурдах хэрэгтэй байх.
Ингээд нутгаасаа 2011 оны дөрөвдүгээр сарын 4-нд гараад тавдугаар сарын 21-ний өдөр 14 жилийн турш цээжинд ассан зорилгоо биелүүлж, Эверестийн оргилд гарсан анхын монгол эмэгтэй, хоёр дахь монгол хүн болсон. Энд Гангаамаа авирч гарсан гэхээс илүү "Монгол эмэгтэй Эверестэд хөл тавьлаа, Монголчууд энд ирлээ" гэдэг нь л нэн чухал байсан юм. Эверестийн оргил дээр сууж байхдаа өдөр шөнө хоёрыг зэрэг харсан тэр ховорхон агшинг би хэзээ ч мартахгүй. "Тэнгэрийн дагина" үнэхээр л намайг ивээсэн юм шиг санагддаг. Түүнээс хойш энэ амжилтдаа урамшин K2 оргилд амжилттай авирсан анхны монгол хүн болсноос гадна, Монголын анхны "Seven Summiter" буюу долоон тивийн долоон ноён оргилд амжилттай гарсан анхны монгол уулчин болсон доо. Монголдоо гэвэл эх орныхоо зулай Алтай Таван Богдын Хүйтэн ууланд 2022 оны байдлаар 74 удаагийн оролдлого хийж 58 гарсан нь дотооддоо хамгийн ихэд тооцогдох болов уу. Одоогоор өөрөө ууланд авирахын хажуугаар дасгалжуулагчийн ажилдаа илүүтэй төвлөрч байна.
Анхны хүмүүс: Эверестийн оргилд хамгийн анх 1953 онд Шинэ Зеланд улсын уулчин Эдмунд Хиллари, Непал-Энэтхэг гаралтай шерпа Тэнзин Норгай нар авиран, эсэн мэнд бууж ирснээр "Эверестэд хүрсэн анхны хүмүүс" гэх тодотголыг хүртжээ (Өмнө нь хоёр хүн авирч байсан ч авиралтаас эргэж ирээгүй тул оргилд хүрч чадсан эсэх нь үүрд эргэлзээтэй үлджээ). Тэнзиний хувьд өмнө жил нь Швейцарийн багтай хамт авиралт хийж 8500-аас дээш өндөрт гарч байсан туршлагатай шерпа байсан юм. Хилларигийн хувьд түүний Эверестэд авирсан анхны хүн болсныг хүндэтгэж Эверестийн "Үхлийн зоо" буюу 8790 метрээс дээш ойролцоогоор 12 метр үргэлжлэх эгц хад бүхий хоёр талдаа 2400-3000 метрийн гүн ангалтай аюултай хэсгийг "Хиллари Стэп" хэмээн нэрийдэх болжээ.
с.Бат-эрдэнэ

Оргилд гарсан: 2012 оны тавдугаар сарын 19
Авирсан тал: Төвөд (БНХАУ)
Багийн бүрэлдэхүүн: Н.Алдархишиг
Миний хувьд 1997 оноос эхлэн уулын спортод орсон цагаасаа Эверестийг МУГТ Г.Өсөхбаярынхаа хамтаар мөрөөдөж ирсэн юм. 15 жилийн дараа мөрөөдлөө биелүүлсэн нь 2012 он. Багагүй хугацааны төлөвлөгөө, хүсэл тэмүүлэл, ивээн тэтгэгчдийн эрэл хайгуул, олон улсын багт багтах гээд нүсэр ажлын ард гарч байж 2012 оны тавдугаар сарын 19-ний өглөө 07 цагт оргил дээр амжилттай гарсан. Мэдээж оргил дээр гарах мөчийг юутай ч зүйрлэшгүй. Монгол хүний нөөц боломжийг биеэр мэдэрч, өөртөө илүү итгэлтэй болсон давтагдашгүй цаг мөч.
Оргил дээр гараад бичлэг хийсэн. Тэнд бичлэг хийх тийм ч амар биш л дээ. Тэр үеийн техник технологийн хүртээмж одоогийнх шиг биш. Наанадаж хүйтэн хэм даалгүй унтардаг гэх мэт. Гэхдээ л хийсэн. Одоо ч үзэхэд сайхан байдаг. Хэцүү цаг үе гэвэл өмнөх өдөр нь хамтдаа нэг олсонд явж, авиралтын явцаа инээлдэн ярьж байсан багийн гишүүн маань цаст оргилд мөнх үлдэх мөч. Дээшлэх тусам замд таарах цогцос улам олшрох нь Эверестийг бие бялдар, тэсвэр хатуужлаас гадна сэтгэл зүйн хувьд том даваа болгож байдаг. Замын бартаа, цаг агаар, хүчилтөрөгчөөс гадна сэтгэл зүйн хувьд сүүлийн 200 орчим метр утгаараа Үхлийн зоо болдог гэсэн үг.
Манай багийн хувьд бид амжилттай Үхлийн зоо буюу Хиллари стэпийг давж, оргилдоо гарсан ч буух замд Италийн багийн гишүүн маань гэнэт л эрч хүчгүй болж, цаашаа зам туулах ямар ч чадваргүй болчихож билээ. Арга буюу орхиж, нэг найз минь тэгээд л цаст оргилд мөнх үлдсэн дээ. Уулчид бол анх энэ спортод орохдоо л үхсэн ч гомдолгүй хэмээн зөвшөөрч байж аяллаа эхлүүлдэг улс. Хэдий тэнд хүрээд амьсгалаа татаж байгаа ч мөрөөдлөөсөө атгаж чадсан тул сэтгэл хангалуун нүд аньсан гэдэгт нь итгэдэг. Экстрим спортыг ойлгодоггүй хүнд ингэж ярихаар сонин санагдах байх л даа. Гэхдээ мэдэх хүмүүс нь ойлгох байх аа. Ингээд бодохоор уул гээч үнэхээр л хүний мөс чанар, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат зэргийг тултал шалгадаг айхтар спорт шүү.
Шерпа гэж хэн бэ?: Эртнээс нааш Эверестийн ойролцоо буюу өндөрлөг газар амьдарч ирсэн тосгон, овгийнхныг шерпа хэмээн нэрлэдэг. Тэд бие физиологийн хувьд өндөрт дассан байдаг тул Эверестийн авиралтын гол сүнс болдог гэхэд хилсдэхгүй. Уулчдын ачааг зөөх, түрүүлж очин майхан барих, олс бэхлэх зэргээр авиралтыг амжилттай болгох бүхий л үйлчилгээг үзүүлэн, тухайн уулчныг орой дээр гарсан эсэхийг баталгаажуулдаг нутгийн иргэд байдаг. Шерпа нарын ачаар Эверестэд бизнес авиралт хийх боломжтой болсон ба тэдэнгүй бол Эверестэд авирах нь бараг л боломжгүй гэхэд болохоор ажээ.
Ц.Цогзолмаа

Оргилд гарсан: 2012 оны тавдугаар сарын 19
Авирсан тал: Непал
Багийн бүрэлдэхүүн: Б.Ганбаатар, Л.Баярсайхан, Элбэгжаргал, Б.Цэвээндаш
Бусад оролдлого: 2006 он
ОУХМ Ц.Цогзолмаа нь бага залуу наснаасаа уулын спортоор хичээллэсэн бөгөөд 54 насандаа Эверестийн оргилд амжилттай гарсан юм. Эверестийн түүхэнд 2006 болон 2012 онуудад авиралтын хүнд жил хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдгаас тэрээр хоёуланд нь нөхөр Б.Ганбаатарын хамтаар авирах оролдлого хийж байсан ажээ.
Өндөрлөгийн өвчин гэж юу вэ?: Хүний бие 3000-аас дээш метрийн өндөрт гарахад үүсдэг бие махбодийн хариу үйлдэл, зовуурь болно. Өндөрт гарахад агаарын даралт багасаж, хүчилтөрөгчийн хэмжээ хэд дахин буурснаар толгой өвдөх, дотор муухайрах, нүд бүрэлзэх гэх мэт зовууриуд илрэх бөгөөд бие махбодь дасаагүй байхад 5000 метрээс дээш өндөрт гарвал цээжинд ус хурах, харвах, сохрох зэрэг амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул үүснэ. Иймд Эверестэд авирахын өмнө Base camp-д байрлан нэг сар орчим биеэ өндөрт дасгаж байж үндсэн авиралтыг эхлүүлдэг.
Л.Баярсайхан

Оргилд гарсан: 2012 оны тавдугаар сарын 19
Авирсан тал: Непал
Багийн бүрэлдэхүүн: Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, Элбэгжаргал, Б.Цэвээндаш
Эмэгтэйчүүдийн эмч, ОУХМ Л.Баярсайхан нь Эверестээс гадна Ама Даблам, Лобуче Ийст, Монт Бланк зэрэг өндөр оргилуудад мөрөө гаргасан туршлагатай уулчдын нэг юм. Тэрээр Чо Оюу, Шишапангма гэсэн хоёр оргилд авирсан тэмдэглэлээрээ “8000-тай хоёр оргилд авирсан тэмдэглэл” номоо хэвлүүлсэн байдаг.
Хэр өндөр гэсэн үг вэ?: Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест (8848.86 метр)-ийг Монгол орны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богд (4374 метр)-той харьцуулбал даруй хоёр дахин өндөр гэсэн үг юм.
Б.Цэвээндаш

Оргилд гарсан: 2012, 2016
Авирсан тал: Непал, Төвөд (БНХАУ)
Багийн бүрэлдэхүүн: Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, Л.Баярсайхан, Элбэгжаргал
Бусад оролдлого: 2015 онд 6000 метрт хүрээд газар хөдлөлтийн улмаас буусан
Юуны өмнө Эверестийн оргилд авирахаар мөрөөдөн зүтгэж, авиралт хийж байсан, амжилттай оргилд гарсан нийт уулчдадаа Эверестийн өдрийн мэндийг хүргэе.
Миний хувьд уулын спорттой их сонин тохиолоор холбогдчихсон хүн байгаа юм. Өмнө нь огт өндөр ууланд авирч үзэлгүй байж байгаад Эверестийн бэлд очиж анх удаа уулын эд хэрэглэлүүдтэй танилцаж, заавар авч, хоёр сар хэртэй кэмп дээрээ бэлтгэл хийгээд, үндсэн авиралтаа эхлүүлж байсан. Нутгийнхан, мэргэжилтнүүдийн тодорхойлсноор би бол "Үхлээ эрж, амиа хорлохоор тэнд очсон галзуу хүн" л дээ. Гэхдээ энэ бол тэр үед надтай хамт байсан зөвлөх, шерпа нарын л тодорхойлолт юм шүү. Би бол чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан.
Тэгэхээр энэ бүхнийг эхнээс нь тайлбарлах нь зөв байх. Миний хувьд залуу халуун насандаа нэг хэсэг сархдын амтанд орж, түүндээ хэсэгтээ л донтож явсан нэгэн. Ингэж хагас дутуу ухаантай багагүй хугацааг өнгөрүүлсний эцэст нэг л өдөр амьдралаа ямар болгосноо хараад, хөгшин ээжийгээ ингэж зовоож яваагаасаа ичиж, хатуу идээнээс нэгмөр гарахаар эрс шийдсэн. Үүний тулд эхлээд холын марафоноор дөрвөл жил хичээллээд дараа нь Эверестийг зорихоор шийдсэн юм. Тэр үед би Бурхан Халдунаас (2445 метр) өөр өндөр ууланд авирч үзээгүй нөхөр явсан болохоор их ч эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр бүрийг нэг нэгээр нь шийдээд, өөрийгөө Эверестийн оргил дээр байгаагаар нүдэндээ бодит юм шиг харчихаад л сэтгэл зүй, бие бялдараа дээд зэргээр бэлдээд, зардлаа босгоод явсан.
Эхний удаа 2012 онд Монголоос таван уулчинтай баг бүрдүүлэн явсан нь уулын хашир туршлагатай супер баг таарсанд өөрийгөө азтайд тооцдог. Гэвч багийн хоёр гишүүнд маань өндрийн өвчин илэрч арга буюу буцсанаас бусдаар Ц.Цогзолмаа эгч, Л.Баярсайханыхаа хамтаар бид гурвуул Эверестийн оргилд тавдугаар сарын 19-ний 11:36 цагт гарсан нь нэг дор хамгийн олуулаа Монгол улсаас гарсан тохиолдол болж байлаа. Тэр жил их сонин. С.Бат-Эрдэнэ маань биднээс гурав, дөрөвхөн цагийн өмнө Төвөд талаас нь гараад буусан. Бид болохоор Непал талаас. Нэг жилд, тэгээд бүр нэг өдөр, Эверестийн хоёр талаас дөрвөн монгол уулчин хэдхэн цагийн зайтай гарчихсан шүү. Тэр өдөр 600 гаруй уулчин оргилруу мацсанаас тал хувь нь л оргилд гарч, 11 хүн амь үрэгдэж, нэг хүн сохорч, олон хүн хөлдсөн юм байна лээ. Шерпа нар урьд өмнө тохиож байгаагүй шуургатай жил байна гэж байсан юмдаг. Ёстой л хамар, хуруунаас эхлээд хөлдөлттэй бууж ирсэн дээ.
Ирснийхээ дараа Эверестрүү Төвөдийн талаас авирахаар ахин зорилго тавьж 2015 онд МУГТ Т.Гүррагчаагийн хамтаар ахин очсон юм. Санах нэгэн нь санаж байгаа байх. Тэр жил Непалд сүүлийн 100 жилд тохиогоогүй айхтар том газар хөдлөлт болсон. Тэгэхэд би яг Эверестэд 6000 метр дээр гарчихсан байлаа. Тийм өндөрт ойр ойрхон гурван удаа газар хөдлөхөд дуу чимээнээс эхлээд нөхцөл байдал их л эвгүй болдог юм билээ. Ингээд эрх баригчдын шийдвэрээр тухайн үед авиралт хийж байсан бүх уулчдыг хүчээр буулгасан. Зардлаараа ёстой л хиншүү гартал шатна гэдэг нь болоод л, нуугдах гэж хальт оролдоод бараг хөөгдөөд шахуу буусан ш дээ. Тэр газар хөдлөлтийн улмаас Эверестийн хэлбэр дүрс ч багагүй өөрчлөгдөж, олон ангал цав шинээр үүссэн. Ямартай ч ус уух хувьтай, амьд мэнд бууж ирсэн. Гэр бүлийнхнээ л их зовоосон байна лээ.
Хэдий энэ авиралтаас маш их алдагдалд орсон ч зориг мохоогүй. Төвөд талаас авирах зорилгодоо заавал хүрмээр байсан тул дараа жил нь дахиад оролдож амжилттай оргилд гарч чадсан. Гэр бүлийнхэн маань эсэргүүцсэн ч дэмжих хүн олон байсан нь цүнхэн дотор явсан 28 туг, 40 орчим хийморийн дарцагаас шууд харагдана. Тэнд байсан Моника гээд уулчин маань надруу хараад инээгээд л тооны машинаар нэг юм бодоод байсан. Тэгсэн Эверестэд гарах уулчин 60*40-ийн туг авч явж мандуулахад 10 мянган ам.доллар авдаг албан бус ханштай байж л дээ. Тэгээд л миний авч яваа тугуудын ханшийг бодоод "чи ийм баян байх байж шүү дээ" гээд тоглоод байж. Энэ мэтээр олон удаагийн дэндүү хүнд, сорилт бэрхшээлийн дараа зорилгодоо хүрч, оргил дээр хоёр дахиа гарах дэндүү сайхан мэдрэмж байсан. Үгээр хэлэмгүй.
Эхний удаагийн авиралт маань уулчин биш хүн, Эверестийн бэлд очиж хамаг юмаа заалгаад амжилттай гарснаараа онцлог бол, хоёрдахь авиралт Непалын газар хөдлөлттэй давхацсанаараа онцлог. Харин сүүлийн авиралтдаа үхлийн хэсэгт шерпагүй явж, бууж ирэхдээ хүчилтөрөгч ашиглаагүй нь онцлог юм. Би тэр удаагийн авиралтаас олон юм ойлгож авсаан. Амьдралд хүн ерөөс өөртөө л найдах хэрэгтэй, хэнд ч бүрэн найдаж, амьдралдаа санаа амарч болохгүй. Бас хүнийг жинхэнэ мөн чанарыг танья гэвэл ууланд гарах хэрэгтэй. Өөрсдөөс чинь өөр хэн ч байхгүй, нотлох ямар ч техник байхгүй, амь өрссөн нөхцөлд хэн нь хэн бэ гэдгийг ууланд харж чадна. Дэндүү их итгэж үнэлж явсан хүн минь ууланд ямар хувиа хичээсэн болж байхыг харж, урам хугарч явлаа. Эсрэгээрээ энэ ч дээ гэж бодож байсан хүн ямар хүнлэг болохыг харж байлаа. Уулын ачаар олон сайхан хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг таньж, чанартай сайхан хүрээлэлтэй болж авсан. Бас би ууланд гарахдаа сэтгэл зүйгээ цэвэрлэж байж, асар хүндэтгэлтэй гардаг. Тэр нь их тус болдог шиг санагддаг. Уул бол миний амьдрал ирсэн хамгийн том бэлгийн нэг гэж бодож явдаг юм.
Уулын хар тамхи/сэргээш гэдэг нь?: Өндөрлөг газарт хүний бие физиологийн онцлогоос шалтгаалан урьдчилан таамаглах боломжгүй олон хүндрэлүүд гарч ирсээр байдаг. Учир шалтгааны нэг нь Эверестийн оргил дахь хүчилтөрөгчийн хэмжээ жирийн орчинд байдгаас 3-5 дахин бага байдагтай холбоотой. Иймд уулчид савласан хүчилтөрөгчийг "уулын хар тамхи", "уулын сэргээш" хэмээн зүйрлэн нэрлэдэг.
Ж.Бямбасүрэн

Оргилд гарсан: 2018 оны тавдугаар сарын 16
Авирсан тал: Непал
Багийн бүрэлдэхүүн: Олон улсын баг
Уулын спортоор 6-7 жил хичээллэж, хоёр жил төлөвлөсний дүнд Эверестийн оргилд гарч байлаа. Авиралтын хувьд нэг өгсөөд нэг уруудаад л байдаг ч алсуураа өгсдөг, түүгээрээ уулчдын тэвчээр, сэтгэл зүйг хүнд байдалд оруулдаг нэг хэсэг байдаг юм. Тэр хэсгийг түгжрэл, бөөгнөрөл, ачаалал гээд олон шалтгааны улмаас их хүнд давж очсон болохоор оргилд гарснаас 10 минутын дараа л "би үнэхээр ирчихэж" гэдгээ ойлгож байсан. Түүний дараах мэдрэмжийг юу гэж хэлмээр юм дээ, үүлэн дунд нисэж байгаа мэт л байсан. Боинг онгоц гэхэд 9000-10000 метрийн өндөр авч нисдэг. Харин бид хөлөөрөө 8848 метрийн өндөрт гарсан байгаа гэхээр үүлэн дээр байгаа мэт санагдахаас яалтай.
Ууланд авирна гэдэг уулчин хүний ажлын ердөө 20-30 хувь нь л даа. Түүнээс наана бэлтгэл, зардал босгох ажлууд нь талаас илүү хувь нь болдог. Үзэгч байхгүй, нэгдүгээр байр гэж үгүй, хүн танихгүй, хангамж багатай, амь насны эрсдэл дэндүү их гээд болихоор шалтгаан олон байвч уулчид зүгээр л тэр оргилд гарах хэдхэн минутын мэдрэмжид донтчихдог юм. Тэгээд л больж чадахгүй, цаашаа улам цаашаа яваад байдаг. Миний хувьд Эверестийг ахин нэг удаа зорих бодол бий. Өмнө нь явахдаа орой дээр гарах уулчдын түгжрэлээс болоод орон нутгийн цагаар нэлээн оройтоод гарчихсан юм. Эрт гарсан бол гэсэн бодол үлдсэн.
Уулчид ба экосистем: Сүүлийн 70 жилд Эверестийг зорих уулчид, сонирхогчдын тоо тасралтгүй өсөж байгаа нь ууланд эрсэдсэн хүмүүсийн цогцос, тэдний хэрэглэсэн хүчилтөрөгчийн баллон болон бусад хог хаягдал нь байгалийн экосистемд сөргөөр нөлөөлж буй талаар яригдах хэмжээнд хүрээд буй. Нэмээд 2015 онд Непалд болсон газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь Эверестийн оргилд хүрэх аяллыг улам аюултай болгож байгааг мэдүүштэй.
Б.Гантулга

Оргилд гарсан: 2022 оны тавдугаар сарын 14
Авирсан тал: Непал
Багийн бүрэлдэхүүн: Олон улсын баг
Миний хувьд 2013 оноос хэт өндрийн авиралтууд хийж эхэлснээс Эверестэд авирахаар 2018 оноос эхлэн төлөвлөж, 2022 онд амжилттай гарч чадсан. Дэлхийд 8000-аас дээш өндөртэй 14 хайрхан байдаг ба би болон манай багийн хувьд "Монгол Мөрөөдөл 14" төслийг эхлүүлж энэ 14 хайрханд Монголын далбааг мандуулах зорилготой (Төслийн хүрээнд тэдэнд одоо таван ууланд амжилттай авирах үлдээд буй). Би Эверестрүү авирахын яг өмнө нь энэ 14 уулын нэг болох Аннапурна хайрханд гарсан анхны монгол хүн болсон юм. Тэнд хэт өндөрт гараад, бие сэтгэлийн хувьд бэлтгэлээ хангасан байсан болохоор Эверестэд харьцангуй богино хугацаанд, маш бага хүчилтөрөгчтэйгээр гарсан. Дараа боломж олдвол Төвөд талаас, хүчилтөрөгчгүй гарах зорилго тавина хэмээн төлөвлөөд байна. Аннапурнад авирч байхдаа баруун гарын хуруугаа хөлдөөгөөд, тэр нь хүндэрсний улмаас жумар гэдэг олсноос татдаг багажаа ашиглаж чадахгүй нэг гараараа авиралтаа хийж явсан нь авиралтыг чанга болгосон.
Эверестэд гарахад түгжрэл үүсэх гэдэг нэг бэрхшээл байдаг. Түүнээс болж хүчилтөрөгчийн дутагдалд орох, хөлдөх зэрэг олон бэрхшээл үүсдэг юм. Миний хувьд нэг гар хөлдөлттэй, тэр хэвээр нь удаан явбал тайруулах хүртэл эрсдэлд орох байсан учраас харьцангуй эрт буюу орон нутгийн цагаар үүрийн 04:45 цагт очоод, таван цагийн үед оргилд гарсан. Тэндээ 30 минут хүн багатайд тухтай сууж, 30 орчим минут хүлээж нар мандахыг хараад буусан. Хүчилтөрөгчийн дутагдалд орох тун эрсдэлтэй ч нар мандах үеэр тугаа бариад Эверестийн оргил дээр төрийн дууллаа нэг бадаг дуулсан. Энийг л бодож явсан л даа. Төрийн дуулал минь тэнд эгшиглэх учиртай гэсэн бодол байсан юм. Цээж, уушгинд нэлээд ачаалал ирж, хэцүү болсон ч дуулаад дууссаны дараах мэдрэмж нь үнэхээр гоё байлаа.
Үүлэн дээгүүр алхаж, дэлхийн дээврээс нар мандахыг харах шиг энэ насанд тохиох зол баяр ховор шүү. Гэхдээ хайртай хүмүүсээ сайн бодох хэрэгтэй. "Бодол хүрсэн газар бие хүрнэ" гэдэг үг бий. Уулын спортын амжилтыг би оргил дээр гарснаар биш амжилттай бууж ирснээр үнэлнэ гэж боддог. Цаашид өөрийгөө болон залуу үеэ энэ тийш сайтар бэлтгэж, осол эндэгдэлгүй олон хайрхны орой дээр монгол хүний мөрийг үлдээх юмсан гэж мөрөөдөж, зорьж байна даа.
Яаж авирах вэ?: Эверестэд авирахын тулд эхлээд авирах талын улсаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Бэлтгэл хийх кэмпийн төлбөр, зөвшөөрөл, байрлах зардал, хүчилтөрөгч, хувцас хэрэглэл, шерпагийн цалин гээд 20-40 мянган ам.доллар хэрэгтэй болно. Мэдээж тодорхой хугацааны бие бялдар, сэтгэл зүйн өндөржүүлсэн бэлтгэл зайлшгүй шаардлагатай ба үүнээс гадна авиралтын үеэр амь насаа алдах эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн баримтад гарын үсгээ үлдээх хэрэгтэй.
2022 оны байдлаар уг хайрханд 11 мянга орчим уулчид авирах оролдлого хийснээс 6000 гаруй нь амжилттай оргилд хүрч, 400 гаруй хүн харамсалтайгаар амь эрсэджээ.

Нэмэлт: 2023 онд Эверестийн оргилд С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Гэрэлт-Од, Ц.Анхбаяр нарын Монголын уулчид гараад байгаа бөгөөд тэд өнөөдөр буюу Дэлхийн Эверестийн өдрөөр эх орондоо эргэн ирж байна.

Сэтгэгдэл бичих

