Ээлжит дугаартаа бид энэ жилийн эр цэргийн баярын өдрөөр төв талбай дээр золионд явах дөхсөн 2000 "нийгмийн дайсан"-г шинжлэх ухаанч байдлаар дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлээ.

“Хатуу юм хүртэх бүрдээ бид өөрсдийгөө бага багаар устгаж байдаг. Хэтрүүлэн хэрэглэвэл бүхэл шөнийн дурсамжийг чинь баллуурдаж мэдэх аюултай ундаа. Алкохол таны стрессийг тайлахгүйгээр үл барам ухамсар болоод эрүүлээр сэтгэн бодох чадварыг чинь арилгана.”
Хэдэн сарын өмнө уншиж дуусгасан This Naked Mind Control номоос би дээрх ишлэлийг авсан билээ. Хэвлэгдэн гарсан даруйдаа олон сая уншигчаас талархал хүлээсэн тус бүтээл бүхэлдээ хэрхэн сэтгэлзүйн хувьд алкохолоос хараат бус байх тухайд туйлын шударга бөгөөд илэн далангүй зөвлөж чадсанаараа онцлог. “Архичин”-энэ тодорхойлолтыг сонсох төдийд таны төсөөлөлд тал дундуур шил архитай хамт нэг удаагийн аяга хэд хэдийг өвөртөлчихсөн, ноорхой хувцас баргар царайтай нэгний зураглал бууж байна уу?
Улс орны ороо бусгаа байдал, нийгэм эдийн засгийн хямралаас үүдэн бидний үеийнхэн архины хамааралтай, алкохолоор сэтгэлзүйн асуудлаа шийддэг томчуудын армийг хангалттай харж өсөцгөөсөн. “Ийм л хүн болж өсөхгүй юм шүү” хэмээн балчир ухаандаа бат шийдвэр гаргасан хэдий ч эрийн цээнд хүрснийхээ дараа бид архийг ардаа орхиж чадав уу? Амьдралын аз жаргалтай хором мөч хийгээд гуниг гутралаар бүрхэгдсэн өдөр хоногуудад бидэнд алкохол хань болдог гэдэгтэй санал нийлж байна уу? Анд нөхдийн цуглаан дээр ч алкохол үгүй бол нэг л уйтай. Халбага пиво, хундага дарс гэх хөөрхөн нэршлээр алкохолонд шунаж, түүгээр сэтгэлзүйгээ эмнэж буй нөхцөл байдлаа бид анзаарч байгаа бил үү?

ТАРХИНЫ ЭС ҮХЖҮҮЛЭГЧ
Согтууруулах төрлийн бүх ундаанд агуулагддаг этанол хэмээх бодис нь алкохолын хамгийн энгийн, хүний биед шууд хор хөнөөл учруулахааргүй хувилбар. Гэхдээ байзаарай! Уусан даруйд хордуулахуйц хүчтэй биш ч гэлээ биеийн бүх хэсэгт алгуурхнаар нөлөөлөх аюулт хүч түүнд бий. Тархины үйл ажиллагааг удаашруулах, ходоод цочроох, цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлэх гээд ганц оройн үдэшлэг дээр уусан хоёр пиво таны биед хангалттай хохирол учруулах чадалтай. Тийм ч болохоор бүх төрлийн согтууруулах ундаа нь мансууруулах бодисын төрөлд багтана. Пенсильванийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар өдөрт хоёроос гурван хундага алкохол хэрэглэдэг хүмүүс 3.5 жилийн дотор мэдрэлийн өвчин тусах магадлалтай аж.
Алкохол нь тархины мэдрэлийн эсийг агуулж байдаг саарал эдийг устгадаг бөгөөд халбага пиво уух бүрд тархины эсүүд тань хэзээ ч сэргэхээргүй үхэждэг хэмээн энгийнээр ойлгоход болно. Цаашлаад та В аминдэмийн дутагдалд орж цагаасаа эрт хөгшрөх, тархи агшисны улмаас тэнэгрэх өндөр магадлалтай. Эдгээр шинж тэмдэг нь зөвхөн тархинд явагддаг процесс юм. Ингэхэд ер нь хүн төрөлхтөн хэзээнээс согтууруулах ундааг өдөр тутмын хэрэглээгээ болгосон юм бол?
ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ
МЭӨ 7000 он: Ойролцоогоор МЭӨ 7000-6600 оны үед Шар мөрний хөвөөнд оршиж байсан Хятадын Жиаху суурингаас малтаж гаргасан шавар ваарнаас дэлхийн хамгийн эртний согтууруулах ундаа олдсон. Тус ундааг будаа, зөгийн бал, долоогоно жимс болон усан үзмээр исгэсэн болохыг нарийн шинжилгээгээр эрдэмтэд олж тогтоожээ.
Эртний Египтэд талх, шар айраг нь өдөр тутмын хоол хүнсний гол хэрэглээ байсан бөгөөд шар айргийг бурхдын ундаа хэмээн дээдэлдэг байж. Ихэнх египетчүүд тус ундааг согтуурхах зорилгоор бус эмчилгээний журмаар хэрэглэдэг байсан. Гэхдээ энэ үед уугаад согтчих хэмжээний их шар айргийг үйлдвэрлэдэггүй байсныг ч дурдах нь зүйтэй. Гиза хотноо агуу Пирамидын бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан боолуудын хөдөлмөрийн хөлсийг өдөрт гурван аяга шар айргаар тооцон олгодог байсан баримт хүртэл бий.
Эртний Грекийн симпозиумын үеэр элит давхаргын эрчүүд философийн мэтгэлцээн өрнүүлж, харилцан санаа бодлоо солилцох үедээ зөвхөн дарс хүртдэг уламжлалтай байсан. Тиймдээ ч дарсны талаар Платоны Симпозиум болон Хомерын Илиада, Одиссэй туульс дээр баяр ёслолын үед зайлшгүй хэрэглэх ёстой хүндэт ундаа хэмээн алдаршуулсан.
1893 он: Шинэ Зеланд дэлхийд анх удаа эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрх олгосон улс. Харин энэ эрх архины хуурай хуулийг батлахын төлөө тэмцсэн сая сая эмэгтэйчүүдийн хичээл зүтгэлээр олдсон юм. Учир юу гэвэл тухайн цагт виски, коньякын хэтэрсэн хэрэглээнээс үүдэн айл гэрт байнгын хэрүүл тэмцэл, хүчирхийлэл тасралтгүй гарч байсан бөгөөд хууль батлах явцад зөвхөн эрчүүд санал өгдөг явдлаас шалтгаалан хуурай хууль дэмжигдэхгүй байв. Хуурай хуулийг батлуулахын төлөө тууштай тэмцсэн Шинэ Зеланд бүсгүйчүүдийн цуцашгүй тэмцэл үр дүнгээ өгч улмаар эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхээ олж авсан.
1918 он: Тус жил Их Британид согтууруулах ундааг хориглох “хуурай хууль” баталж, бүх төрлийн алкохолыг ням гарагт худалдаалахыг хориглосон түүхтэй. Энэ хуулийн ачаар архины хэрэглээ багасах болно хэмээн эрх баригчид өөдрөгөөр төсөөлсөн ч бодит амьдрал дээр хүмүүс бямба гарагт амжиж уухын тулд өглөөний 10:00 цагаас эхлэн пабын гадна дугаарлаж, үд дунд гэхэд эхнээсээ тасраад унадаг байсан гэнэ.
1921 он: Америкчууд 0,5%-ийн спиртийн агууламжаас дээш бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэх, худалдах, зөөвөрлөх явдлыг хориглох тухай “хуурай хууль”-ийг энэхүү жилээс хэрэгжүүлж, 13 жилийн турш мөрдсөн юм. Гэвч тус хууль хэрэгжих хугацаанд хүн амины хэрэг 80%-иар өсөж, төсөвт 14 тэрбум долларын алдагдал учирчээ.
ТООНЫ ХЭЛЭЭР:
10 нас: Дийлэнх улс оронд насанд хүрээгүй буюу 21 наснаас доош иргэд хуулийн дагуу согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэх хориотой байдаг. Харин Карибын тэнгист байрлах Антигуа Барбадуа улсад арван настай хүүхэд ч хүссэн дэлгүүрээсээ согтууруулах ундаа худалдан авах боломжтой.
3 сая: Дэлхий даяар жил бүр 3 сая хүн архины хор хөнөөлийн улмаас нас бардаг бөгөөд нийт хавдрын 5% алкохолоос үүдсэн байдаг.
100 сая: 2016 онд хийгдсэн судалгаагаар дэлхийн насанд хүрсэн хүн амын ойролцоогоор 1.3% буюу 100 сая гаруй хүн архинд донтох эмгэгтэй аж.
10 гр: Насанд хүрсэн хүний элэг 1 цагт ердөө 10 гр архийг задлан хоргүйжүүлэх чадалтай бөгөөд дор хаяж 10 цагийн дараа дээрх алкохол бүрэн гүйцэт биеэс гадагшилдаг.
25%: Пандемик эхэлснээс хойш дэлхий даяар алкохолын хэрэглээ эрс нэмэгдсэн. Зөвхөн Америкт гэхэд 2020 онд архинаас үүдэлтэй нас баралтын хэмжээ өмнөх онтой нь харьцуулахад 25%-иар нэмэгджээ.

ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ ГЭЖ ҮНЭХЭЭР БАЙДАГ УУ?
Дундаж хэрэглээ хэмээх ойлголт улс бүрийн тухайд өөр. Нэг хундага зохистой хэрэглээг АНУ-д 14 гр алкохол гэж тооцдог бол Японд 19.75 гр байх жишээтэй. Доорх зурганд нэг удаад хэрэглэж болох согтууруулах ундааны зохист хэмжээг харуулав.
Гэвч сүүлийн үеийн судалгаагаар нэг юм уу хоёр татах үед ч хүний биед хавдар үүсэх эрсдэлтэйг нотолсон. Хэргийн эзэн нь ацеталдеги гэгч алкохол задрах явцад үүсдэг бодис аж. Энэ бодис нь хүний биеийн эсүүдийг тэр тусмаа элэгний эсийг эргэж сэргэх аргагүй болтол нь гэмтээх аюултай. Тэгэхээр өвчин тусах эрсдэлээ тооцоолоод үзэх юм бол архины зохистой хэрэглээ гэж байдаггүй гэхэд буруудах зүйлгүй.

НЭР ТОМЪЁОНЫ ЛАВЛАХ
Дээр дурдсанчлан алкохолын хатуулгийн хувиас үл хамааран бүх согтууруулах ундаа хортой гэдгийг дахин дурдая. Гэхдээ түгээмэл хэрэглэгддэг хатуу ундаануудыг хэрхэн гаргаж авдаг, өөр хоорондоо ямар ялгаатай тухай багахаан мэдлэг бидэнд илүүдэх юун.
Шар айраг- Дэлхийн шар айрагны зах зээлийн хэмжээ 2020 онд 743.84 тэрбум ам.доллар байсан бол долоон жилийн дараа гэхэд бараг нэг их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Бидний нэрлэж заншсанаар пиво нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний согтууруулах ундаа. Шар айргийг эртнээс аль боломжтой ургацаар исгэж ирсэн бөгөөд Европ болон Умард Америкт арвай, буудайгаар исгэдэг бол Африк Азид будаагаар исгэх нь түгээмэл. Энэ ундаа нь хэдий антиоксидантаар баялаг ч сахар болон алкохолын найрлагаасаа үүдэн илчлэг ихтэй.
Дарс- Дарс нь зүрхний титэм судасны өвчин, "судасны хатуурал" (атеросклероз), зүрхний дутагдал, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх, цусны эргэлтийн тогтолцооны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ашиглагддаг. Цагаан виног гаргаж авахдаа исгэхээсээ өмнө хальс, үрийг нь ялгаж авдаг тул үүнд улаан дарсанд байдагтай ижил ашигт бодисууд байдаггүй.
Ром- Чихрийн нишингэ бол ром дарсны гол түүхий эд. Анх Карибын тэнгисийн сахар үйлдвэрлэлийн дайвар хаягдал бүтээгдэхүүнийг ашиглан ром дарсыг хийж байсан. Цайвар ром дарсыг цэвэр болтол нь нэрдэг бол хар ром дарс амт оруулагч конгенерууд агуулсан байдаг.
Виски- Зөрөг цэцгээр гашуун, хурц амт үнэрийг нь дараагүй пивийг виски гээд энгийнээр ойлгочих. Вискиг арвай, эрдэнэ шиш, хөх тариа зэрэг буудайг нэрэх замаар бүтээдэг. Торхонд дарж исгэснээр өөрийнх нь онцлог амт үүснэ.
Цагаан архи- Хамгийн хямд бөгөөд олдоц ихтэй цардуулын эх сурвалжаар хийдэг. Дийлэнхдээ улаан буудайгаар хийдэг ч ховор тохиолдолд төмс, чихрийн манжингаар нэрэх нь ч бий. Цэвэр спирт болтол нь хатуу ундаа болгох явцад ихэнх үнэр, амт оруулагчид нь үгүй болчихдог тул юугаар нэрэх нь төдийлөн сонин бус.
Текила- Жимсний сахараар баялаг энэ ундааг зөвхөн Мексикт ургадаг цэнхэр агаве хэмээх кактустай төстэй ургамлын гол хэсгийг исгэж гарган авдаг. Түүх болон соёлын ач холбогдлоос нь шалтгаалан Мексикийн Текила хотын ойролцоох бүс нутгийг 2006 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ
Бусад шингэн уух зүйлсээс ялгаатай нь согтууруулах ундаа нь хүний цусанд маш хурдан хугацаанд нэвчих чадвартай бөгөөд ходоодонд хүрэхээс өмнө аль хэдийнээ 20% нь цус руу орчихсон байдаг. Улмаар элэг, тархи, нойр булчирхай руу салж очин задарч эхэлнэ. Алкохол эхлээд өнөөх айхтар ацеталдегид гэгч бодис болж задарснаа ацетат эцэстээ нүүрсхүчлийн давхар исэл, ус болж дуусдаг.

Элэгний өвчлөл хэрхэн явагддаг вэ?
Таны уусан хатуу ундааг задлахад хамаг хүчин чадлаа шавхан ажилласан элэг алкохолын хэтрүүлсэн хэрэглээнээс болж хамгийн түрүүнд өвчилдөг.Согтууруулах ундаа нь элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, хатуурал буюу цирроз гэх элэгтэй холбоотой гурван өвчинг үүсгэдэг.
Удаан хугацааны турш архи хэтрүүлэн хэрэглэвэл элэгний эсэнд өөхлөг толбо хуримтлагдаж, өөхлөхөд хүрэх ба үргэлжлүүлэн хэрэглээд байвал элэгний үрэвсэл, хатуурал болох аюултай. Элэг өөрийгөө нөхөн төхжүүлэх гайхалтай шидтэй эрхтэн хэдий ч хатуурлын үед элэгний эсүүд холбогч эдээр солигдон нэгэнт үүссэн гэмтэл эргэж сэргэх найдваргүй болдог.
Элэгний өөхлөлтийн үед илрэх шинж тэмдэг:
-Дотор муухайрах, бөөлжих
-Хэвлийн баруун дээд хэсэгт эвгүй оргих
-Турах, халуурах
-Арьс салст шарлах
-Хэвлий цардайх магадлалтай.
Архинд донтох эмгэг гэж юу вэ?
Архинд донтсон хүн тэсвэрлэшгүй ихээр архи хүсэж, амьдралын бусад зүйлсээ үл хайхарч эхэлнэ. Энэ эмгэг эрэгтэйчүүд ялангуяа 20-40 насныханд илүү түгээмэл тохиолдох нь бий. Үүний улмаас элгээ өвчлүүлэх төдийгүй сэтгэцийн эрүүл мэнд хүртэл ноцтой гэмтэнэ.
Архинд донтоход маш олон хүчин зүйл хоршиж болно. Зарим тохиолдолд удамших бөгөөд архичин эцэг эхийн дэргэд өсөх, удамшлаар авсан уух хандлагаас үүдэлтэй. Ичимхий, хурдан хямардаг, нийгмээс айх айдастай, сэтгэл гутралтай гээд сэтгэлзүйн асуудлууд архи хэтрүүлэн хэрэглэх шалтгаан болох нь ч бий. Ажлын шаардлагаар бусадтай тогтмол архи уудаг хүмүүсийн хувьд донтолтод өртөх эрсдэл ихтэй. Түүнчлэн стресстэх үедээ ууж байж тайвширдаг хүмүүс яваандаа донтох магадлалтай.
Шинж тэмдэг:
-Уух хорхой байнга төрж, уусан хэмжээгээ хянаж чадахаа болих
-Архины гаж нөлөөнд тэсвэртэй болсноор их хэмжээгээр ууж байж мансуурах
-Ууснаас хэдэн цагийн дараа хамар битүүрэх, хөлрөх, чичрэх зэрэг архинаас гарах үед ажиглагддаг шинжүүд илрэх

Уух тусам цусан дахь алкохолын түвшин нэмэгддэг.
САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ
Уусны маргааш энергийн ундаа, кофейн хэрэглэвэл хурдан сэргэнэ.
Сахар нь бие дэх инсулины хэмжээг огцом нэмэгдүүлж, кофейн нь ядарсан мэдрэмжийг арилгаж магадгүй ч хэсэгхэн хугацаанд л үргэлжилж удалгүй бүүр ч хүчтэй бөөлжис цутгах болон толгой эргэх шинж тэмдгүүд илэрнэ.Түүний оронд алкохол хэрэглэх үедээ тасралтгүй ус ууж биеийнхээ шингэнийг нөхөх нь шарталтын шинж тэмдгийг багасгах энгийн арга юм.
Вино, дарс нь хатуулаг өндөртэй архинаас бага хортой.
Ямар ч алкохол элгэнд очиж хорт бодис болон задрах тул их, бага хортой гэсэн ойлголт үгүй. 250 мл дарсыг хүний бие гурван цагийн турш тасралтгүй ажиллаж байж задалж дуусгадаг.
Архины харшил гэж үнэхээр байдаг уу?
Зарим хүмүүс удамшил, гениэс шалтгаалан алкохолноос задрах ацеталдегийг биедээ илүү удаан хугацаанд хадгалдаг. Үүнээс үүдэн дотор согтууруулах ундаа амсах төдийд дотор муухайрах, нүүр улайх, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрнэ.
ТАНЫ МЭДЭЭГҮЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ
Тариалалт: Орчин цагийн усан үзмийн тариаланчид жимсээ илүү болц нь гүйцсэний хойно хурааж байгаагаас сүүлийн үеийн дарснууд илүү алкохол агууламж өндөртэй, илчлэг ихтэй болж буй. Нэг хундага дарс л гэхэд 200 ккал илчлэгтэй.
Таргалалт: Нэг гр алкохолд долоон ккал агуулагддаг нь цэвэр өөхтэй дүйцэх хэмжээ юм. Хэрвээ туръя гэж шийдсэн бол та нэн даруй алкохолоо хорих шаардлагатай гэсэн үг.
Согтолт: Оргилуун дарсан дах хий агуулсан хөөсөн бөмбөлгүүд нь алкохол цусанд илүү хурдан нэвчихэд тусалдаг. Тиймдээ ч энэ төрлийн согтууруулах ундаа нь илүү хурдан согтоодог. Хийжүүлсэн ундаатай хольсон алкохолууд ч мөн адил ийм нөлөөтэй.
Хадгалалт: Бараан өнгийн буюу шар шил нь шар айргийг муутгах хэт ягаан туяаг хаадаг. Хурц гэрэл тусгаж, амт үнэрт өөрчлөлт оруулахгүй гэх үүднээс пивийг тунгалаг шилэнд савладаггүй.


Сэтгэгдэл бичих

