Хүн төрөлхтний баяр цэнгэлийн охь болсон хөлбөмбөгийн ДАШТ ёслол төгөлдөр эхэлж, эхний тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Түүхэн дэх хамгийн том, хамгийн олон багтай, хамгийн олон хотод зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээн эхний долоо хоногоосоо л шуугиан, сенсац, шинэ баатрууд, хуучны домгуудаар дүүрэн байлаа. 48 багтай болсон шинэ формат хэр зөв байсан бэ гэсэн асуулт тэмцээн эхлэхээс өмнө хамгийн их яригдаж байсан сэдвүүдийн нэг. Харин эхний тойргийн дараа олон хүний байр суурь өөрчлөгдөж эхэлжээ. Учир нь ДАШТ урьд өмнөхөөсөө илүү олон түүх, илүү олон өнгө төрх, илүү олон сюрпризийг бидэнд бэлэглэж байна. Ингээд эхний тойргийн хамгийн, хамгийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
хамгийн шилдэг баг
Фаворитуудаас Аргентин, Герман даалгавраа тултал биелүүлсэн ч Франц цаасан дээр ч, талбайд ч “ахисан түвшинд” байгаагаа батлан харуулав. Хэсгийн гол өрсөлдөгч Сенегалыг буулгахад тэдэнд ердөө 30 минут л хангалттай байлаа. Мбаппе болон түүний нөхдийг хэн зогсоох вэ гэдэг энэ жилийн гол асуулт байх шинжтэй.
Хамгийн шилдэг тоглогч
Уучлаарай, Олисе. Уучлаарай, Кэйн. Бидний сонголт мэдээж Месси. Европт тоглоогүй удсан 38 настай түүнийг хэн эхний тоглолтдоо хет трик хийнэ гэж бодох билээ. Гэвч класс гэдэг наснаас үл хамаардаг гэдгийг тэр дахин батлав. Одоо тэр ДАШТ-ий түүхэн дэх мэргэн буучдын жагсаалтыг 16 гоолтойгоор М.Клозегийн хамтаар тэргүүлж эхэлсэн. Месси ийм формтой байвал Аргентин аваргаа хамгаалахад хэн ч гайхахгүй.
хамгийн шилдэг тоглолт
Капо Верде Испанитай тэнцсэн нь ДАШТ-ий түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм тэнцээнүүдийн нэг байсан байж мэднэ. Гэвч бидний сонголт бол Нидерланд – Япон. “Тотал футбол”-ын эсрэг төгс зохион байгуулалт. Амьсгалах сөхөө өгөлгүй довтлолцож, боломжоос боломжийн хооронд үзэлцсэн энэ хоёр баг хасагдах шатанд ч нэлээн хол явах төлөвтэй.
хамгийн онцлох баг
Талбайн эзэд бүгд энэ жил онцгой байна. Канад түүхэн дэх хамгийн том ялалтаа байгуулж, Мексик хамгийн түрүүнд хасагдах шатны эрхээ өвөртөллөө. Харин гурван эзэн орны дундаас хамгийн их анхаарал татаж буй нь АНУ. Парагвай ч, Австрали ч тэдэнд бодит аюул учруулж чадсангүй. Багийн тоглолт эмх цэгцтэй, эрч хүчтэй, минутаас минутанд улам итгэлтэй болж буй мэт. М.Почеттиногийн баг энэ эрчээ хадгалж чадвал 2002 оны Өмнөд Солонгос, 2018 оны Хорват шиг тэмцээний бүх таамгыг өөрчлөх боломжтой харагдаж байна.
хамгийн урам хугалсан баг
Португал. Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчид Криштиану Роналдугийн сүүлийн бүжгийг аз жаргалтай төгсөөсэй гэж хүсэж байгаа. Гэвч эхлэл тийм байсангүй. Португал 52 жилийн дараа ДАШТ-д оролцох эрхээ авсан Ардчилсан Конготой тэнцэж, үнэ цэнтэй хоёр оноогоо алдав. Үр дүнгээс гадна тоглолтын чанар ч төдийлөн итгэл төрүүлсэнгүй. Хамгийн аюултай нь багийн уур амьсгал ч тиймхэн байгаа шинжтэй. Ийм өрнөл олон ч шилдэг багийг мулталсан даа.
хамгийн шилдэг залуу тоглогч
Аюуб Буадди. Ердөө 18 настай. Гэвч тэр Бразилын эсрэг яг л бэлтгэл дээрээ тоглож байгаа мэт эзэгнэж тоглов. Мороккогийн шигшээгийн энэ залуу од ойрын жилүүдэд Европын хамгийн том клубуудын нэгийн өмсгөлтэй харагдах нь тодорхой. Францын хөлбөмбөгийн холбоо түүнийг алдахгүйн тулд бүх хүчээ дайчилсан гэх яриа ч оргүй зүйл биш бололтой.
хамгийн ангайлгасан шийдвэр
Эхний тойрог дуусаагүй байхад Тунис дасгалжуулагчаа халчихлаа. 2024 оноос хойш зургаа дахь дасгалжуулагчийнхаа нүүрийг үзэж буй тэд Шведэд 5:1-ээр хожигдсоны дараа Саба Ламушиг шууд ажлаас нь чөлөөлөв. ДАШТ-ий эхний долоо хоногт дасгалжуулагч солигдоно гэдэг өмнө нь тохиолдож байгаагүй үзэгдэл. Тэд Аргентиныг ДАШТ дээр буулган авч байсан Эрве Ренарыг эргүүлэн авчирсан ч асуудал ганц дасгалжуулагчид биш бололтой.
хамгийн том тов
Трампыг март. Тасалбарын үнийг март. VAR-ын маргааныг ч март. Энэ ДАШТ-ий хамгийн том ярианы сэдэв бол ердөө л 48 багтай болсон явдал өөрөө юм. Курасао анхны гоолоо орууллаа. Капо Верде Европын аваргуудтай тэнцлээ. Дайнтай байгаа Иран эхний оноогоо авлаа. Бид илүү олон хэв маягийг, илүү сонирхолтой түүхийг, илүү олон мөрөөдлийг нэг дор үзэж байна. Магадгүй энэ л 48 багтай ДАШТ-ий хамгийн том ялалт байх.
Хамгийн том сургамж
Эхний тойргийн дараа нэг зүйл тодорхой болов. ДАШТ гэдэг зөвхөн хөлбөмбөгийн уламжлалт гигантуудын тухай биш болжээ. Бразилаас ч илүү уран, Германаас ч сахилга баттай, Францаас ч үзүүштэй багууд бас байна. Хөлбөмбөг дэлхий даяар улам тархан хөгжиж, улам өргөжин тэлжээ. Том болон жижиг багуудын зөрүү улам багасаж, хэн ч хэнийгээ хожиж чадах итгэл нэгэнт төрсөн мэт. Одооноос ойлгомжтой тоглолт гэж үгүй, одооноос муу баг гэж байхгүй. Магадгүй энэ л шинэ форматын хамгийн том амжилт биз ээ.
ТА ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ТОГЛОЛТУУДЫН ДҮНГ ТААЖ, НАЙЗ НӨХӨД, ФЕНҮҮДТЭЙ ӨРСӨЛДӨЖ ЭХЭЛСЭН ҮҮ? UNREAD-ИЙН ШИНЭ ТОГЛООМЫГ ТОГЛОЖ БУЙ 10 МЯНГАН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИЙН НЭГ БОЛООРОЙ
www.unread.games/league

Сэтгэгдэл бичих

