240 эмэгтэй. Энэ тоо бол зөвхөн 2020 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд хөхний хорт хавдрын улмаас хөхөө авахуулсан, ямар нэгэн байдлаар мэс засалд орсон, химийн эмчилгээ хийлгэсэн бүсгүйчүүдийн тоо. Зөвхөн монгол гэлтгүй дэлхий даяар эл чимээгүй тахал сая сая бүсгүйчүүдийн сэтгэлийн шаналал, цагаасаа эрт хайртай хүмүүсээсээ хагацах шалтгаан болж буй. 

АНУ-ын хэмжээнд найман эмэгтэйн нэг нь амьдралынхаа аль нэг хугацаанд дээрх хавдраар оношлогддог бөгөөд жилдээ 40 мянга гаруй америк бүсгүй энэ өвчний улмаас хорвоогоос хальдаг гэх сэтгэл шимшрэм тоо баримтыг цухас дурдъя. Байгаль орчны бохирдол, удамшил, эрүүл бус амьдралын хэв маяг, дааврын бэлдмэл, үр хөндөлт гээд тоо томшгүй олон шалтгаанаас үүдэлтэй тус хавдрын тухай нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд зохих хэмжээний мэдлэгтэй байж гэмээнэ өвчнийг эрт оношилж, эмчилж чадна хэмээн эмч нар тогтмол сануулах нь бий.

Хөх хэмээх эрхтэн гоо сайхны хэмжүүр болсон орчин цагт хөхнийхөө талаар ямар нэгэн гомдол мэдүүлдэггүй эмэгтэй хүн тун ховор. Гэвч жижиг, том, унжсан, сэргэр гээд аль ч хөх эрүүл л байвал бүгд хөөрхөн, бүгд үзэсгэлэнтэй шүү дээ. Тийм ч учраас өөрсдийн үргэлжлэл болсон нялх үрсээ хооллоход үлэмж их үүрэг гүйцэтгэдэг гайхамшигтай эрхтнээ хэрхэн хайрлан хамгаалах талаар мэдээлэл түгээх зорилгоор ээлжит  нийтлэлээ сэтгүүлч миний бие сийрүүлэв.



ТАЛАРХАЛ ХҮРТЭХ БҮРЭН ЭРХТЭЙ  “ЭРХТЭН”

“Дэлхий анх эргэхэд
Дэвсэж өгсөн эхийн сүү би
Дээдэс анх төрөхөд
Дэнсэлж хөхүүлсэн эхийн сүү би” 
Д. Төрбат шүлгийн хэсгээс

Эрт дээр үеэс л хүн төрөлхтөн дээрх шүлэгтэй адил эхийн сүүг сүслэн дээдэлж ирсэн. Энэ дэлхийд мэндлэхдээ эхийн ангир уургийг хөхөж хүн болоогүй нэгэн тун цөөхөн биз ээ. Гэвч хөх гэдэг эрхтэн түүхийн аль нэгэн мөчлөгөөс эхлэн өөрийн гүйцэтгэх үндсэн үүргээсээ илүүтэй гоо сайхны бэлгэдэл, эмэгтэй хүний үзэсгэлэнт байдлын хамгийн чухал хэмжүүр болон хувирсан нь харамсалтай ч юм шиг.  Магад энэ нийтлэлийг уншин суугаа бүсгүй та  хэзээ нэгэн цагт өөрийнхөө хөхний хэлбэр, хэмжээнээс болж сэтгэлээр унаж, тавгүйтэж байсан ч байж мэдэх. Өсвөр насны охин байх үеэс бэлгийн бойжилт явагдахтай зэрэгцэн энэхүү шилжилтийн үйл явцыг тодоос тод илтгэх хөхний асуудалтай бид шуудхан нүүр тулдаг.  Миний хөх яагаад найзуудынхаас маань жижиг байна? Ямар хувцас өмсвөл энэ том хөхийг хөвгүүдийн нүднээс нууж чадах вэ? Яагаад бусад охидынх хэвийн хэмжээтэй байхад минийх хоёр өөр байгаад байна? Энэ хөхний толгой хэзээ наашлах вэ? Өөртөө тохирсон хөхний даруулгыг яажшуухан сонгох ёстой юм бол оо?

Эдгээр асуултууд бидний сурагч ахуй үеэс нас бие гүйцсэн эмэгтэй хүн болох хүртэл насан туршид дагадаг гэхэд хилсдэхгүй. Бидэнд цаг үргэлж хөхтэй холбоотой эргэлзээтэй, санаа зовом, сэтгэл эмзэглүүлсэн асуултууд тулгарч байдаг.



Бидний хөх товчхондоо хөхний хэлбэр хэмжээг тодорхойлдог өөхөн эд, амаржсаны дараа сүү ялгаруулах дэлбэнцэр, хөхөөр хооллох үед хөхний толгой руу сүү зөөх сүүний цоргоос бүрдэнэ. Хөхний хэлбэр, хэмжээ, харилцан адилгүй байх нь удамшил, түүнд агуулагдах өөх, булчингийн хэмжээ зэргээс шууд хамааралтай. Цээжний тойргоо бид эцэг эхийн аль нэгнийх нь ДНК-аас өвлөн авдаг тул таны хөх эгчийнхээс тань хавьгүй том эсвэл жижиг байгааг нэг их гайхсаны хэрэггүй.

БИЕ ДОТОРХ 24 ЦАГИЙН ҮЙЛДВЭР

Хөх нь бэлгийн сэрэлд тодорхой үүрэг гүйцэтгэх боловч сүү үйлдвэрлэх, хүүхдэд сүү дамжуулах үндсэн үүрэгтэйг ахин дахин сануулъя. Бэлгийн сэрэл гэснээс хөхний толгойн төгсгөлд хэлүү болон үтрээтэй адил хэдэн зуун мэдрэлийн эсүүд байдаг тул зарим эмэгтэйчүүд зөвхөн хөхний толгойгоо цочроон дур ханаж чаддаг гэнэ шүү.

Хөхний толгой нь хүрэхэд мэдрэмтгий бөгөөд бэлгийн сэрэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүний хувьд дааврын хэмжээнээс шалтгаалаад хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх нь бий. Хөх нь ихэвчлэн бэлгийн бойжилт, сарын тэмдгийн өмнө, жирэмсэн, хөхөөр хооллох үед томордог болохыг бүсгүйчүүд хэдийнээ анзаарсан биз ээ. Гэвч сарын тэмдэг ирсэнээс хойш хэд хоногийн дараа  дааврын түвшин огцом буурч, таны цээж хамгийн бага хэмжээндээ шилждэг аж. Даавар гэгч тун ч хоржоонтой нөхөр юм даа.

Бидний хөхөнд хэрхэн сүү боловсордог тухай товчхон хүүрнэхэд, төрсний дараа сүү боловсорч эхлэхээс өмнө эхийн хөхөнд шим тэжээлийн бодис, эсрэг биеэр баялаг ангир уураг бий болдог. Хэрэв та бие давхар бол хөхнөөсөө гарч буй шингэнийг хараад санаа зовох огтхон ч шаардлагагүй юм шүү, таны бие хүүхдийн чинь хоолыг бэлтгээд зогсоо зайгүй ажиллаж байгаа нь энэ.

Жирэмслээгүй эмэгтэйчүүдэд идэвхгүй байдаг сүү боловсруулах булчирхай нь жирэмсний үед нярай хүүхдийг хооллоход бэлтгэгдэж аажмаар сүү боловсруулах боломжтой болдог билээ. Хүүхэд хорвоод мэндлэх үед өнөөх булчирхайнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ 24/7 ажиллаж, таны үрийг хангалттай цатгах хэмжээний сүү үйлдвэрлэнэ.  Хөхүүл эх дунджаар өдөрт дунджаар нэг литр орчим сүү боловсруулдаг гэхээр ээжүүдийн дотор үнэхээр гайхамшигтай үйлдвэрлэлийн процесс явагддаг байгаа биз?



ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ

Цаг хугацааны явцад хөхний хорт хавдрын талаарх маш олон таамгуудыг эрдэмтэд дэвшүүлж байсан түүхтэй.

-Гиппократ хөхний хорт хавдар үүсэх шалтгааныг "хар цөсний илүүдэлтэй" холбосон юм. Тэрээр хүний бие цус, цэр, шар цөс, хар цөс гэсэн дөрвөн шингэнээс бүрддэг бөгөөд эдгээр шингэний аль нэгийг хэт их эсвэл хэт бага хэмжээгээр биедээ агуулбаас хүн өвчилдөг гэж үздэг байсан аж. Энэ санаа 1300 жилийн турш үргэлжилсээр лимфийн онолоор солигджээ.

-1700-аад оны үед Шотландын мэс засалч Жон Хантер цөс биш харин лимфийн судаснуудаар тээвэрлэгдэх шингэн нь хөхний хавдар үүсгэдэг хэмээх онол гаргасан ч удалгүй онол нь няцаагдав.

-1838 онд Германы эмгэг судлаач Йоханнес Мюллер тунгалгийн онолыг эсэргүүцэв. Мюллер хорт хавдар нь лимфээс бус эсээс үүдэлтэй хэмээн баталсан байдаг.Мюллерийн шавь Рудольф Вирхов бүх эсүүд, тэр ч байтугай хорт хавдрын эсүүд бусад эсээс гаралтай болохыг тогтоожээ.

-Хөхний хорт хавдрын тухай анхлан медиа хэрэгслүүдээр хүчтэй давлагаа өрнүүлж, энэхүү өвчинд анхаарал хандуулахыг шаардсан цуутай тэмцэгч бол The Seventeen сэтгүүлийн редактор асан Бабетт Росмон юм. Тэрээр хөхний хорт хавдрын үе шат, эмчилгээний арга барил, эдгэрэлтийн явцын тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан анхны хүн болжээ. Түүний зоригтой алхам нь энэ хавдраар өвчилсөн бусад хүмүүст өвчнийхөө түүхийг хуваалцах урам зориг түгээж, эрдэмтдийг өвчний талаарх илүү их судалгаа хийх, санхүүжилт олох хэрэгцээг нэмэгдүүлсэн аж.

ТООНЫ ХЭЛЭЭР


200: Монгол улсын хувьд хөхний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдруудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, жилд дунджаар  200 орчим хүн хавдрын улмаас хөхөө авахуулах мэс засалд ордог.

80%: Хөхөө тогтмол шалгаснаар хөхний хорт хавдрын 80 хувийг эрт үед нь илрүүлэх боломжтой. Хорт хавдрыг хэдий чинээ эрт оношилно эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байна.

10%: Хөхний хорт хавдар удамших магадлал 5-10 хувь. Таны гэр бүлийн эмээ, ээж, эгч зэрэг хүмүүс энэ өвчнөөр өвчилж байсан бол танд ч мөн удамших магадлал байгаа гэсэн үг.

2 мин: АНУ-д дунджаар 2 минут тутамд нэг эмэгтэй хөхний хорт хавдартай хэмээн оношлогддог. 2022 оны нэгдүгээр сарын байдлаар АНУ-д хөхний хорт хавдраар өвчилсөн 3.8 сая гаруй эмэгтэй байна.

50 нас: Хөхний хорт хавдраар өвчилсөн 10 хүний 8 нь 50-иас дээш насны эмэгтэйчүүд байна.


НЭР ТОМЬЁОНЫ ЛАВЛАХ

Эмэгтэйчүүдийн хөхтэй холбоотой түгээмэл тохиолддог өвчнүүдийг дурдвал:

Хөхний бэрсүү: Хөхний эдэд мэдрэгдэх ямар нэгэн хавдар эсвэл цуллаг эд. Хөхний бэрсүү нь түгээмэл тохиолддог эмгэг юм. Олон эмэгтэй ерөнхий бэрсүүжилтийг ялангуяа бэлгийн бойжилт, жирэмслэлт, сарын тэмдгийн мөчлөгийн өмнө хөх томрох үед мэдэрдэг. Энэ нь хөхний хөгжлийн хэвийн өөрчлөлт бөгөөд хөхний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй. 10 хөхний бэрсүүний нэг нь л хөхний хавдрын улмаас үүсдэг гэдгийг анхаарууштай.

Мастит: Мастит нь хөхний идээт үрэвсэл бөгөөд нийт тохиолдлын 90 хувь нь төрсний дараах хөхүүл үед тохиолддог . Хөхний толгой хагарах, сүү зангирах, буруу арчилгаа, хувийн ариун цэвэр алдагдах, хөхний арьсанд үүсэх идээт өвчнүүд нь үүсгэгч гол хүчин зүйлс.

Хоргүй хавдар:  Хорт хавдраас ялгаатай нь биеийн эд эсээс тодорхой заагтай байх ба эд эсийг түрж ургахаас биш нэвчиж ургахгүй.

Хортой хавдар:  Хөхний хорт хавдар нь аль нэг хөхний хэлтэнцэр (уутанцар) эсвэл сүү дамжуулдаг сувгийн дотор талд үүссэн хавдрын эсээс үүсэж, ойролцоо эд эсэд нэвчин, тэдгээрийн бүтцийг гэмтээж ургадаг бөгөөд биеийн бусад хэсгүүдэд ч үсэрхийлэх аюултай. Хорт хавдар нь цусны урсгал ба тунгалгаар тархдаг. Хамгийн түрүүнд суганы булчирхайд үсэрхийлж цаашилсаар тунгалгийн булчирхай, яс, элэг, уушгинд очно. Эмчилгээ цаг алдалгүй хийх нь хавдар бие махбодын бусад хэсэгт тухайлбал яс, нуруу, уушги эсвэл элгэнд тархах магадлалыг бууруулдаг. Эрт илрүүлэг нь 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд хөхний хавдрын шалтгаант нас баралтын хувь хэмжээг бараг гуравны нэгээр бууруулсан гэх судалгааны үр дүн бий.

Хөхний хавдар үүсэж буй суурь шалтгаан ихэнхдээ тодорхойгүй. Гэсэн хэдий ч зарим нэг эрсдэлт хүчин зүйлс бий. Ерөнхийдөө эмэгтэй даавар эстроген өвчин үүсэхэд чухал хүчин зүйл болдог гэж үздэг.


Эдгээр шинж тэмдгийн аль нэг нь танд илэрсэн бол яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

СЭРГИЙЛЭХ АРГА ЧАРГА БАЙНА УУ?

Дээр дурдсанчлан хөхний хорт хавдрыг эрт илрүүлж чадвал эмчлэх олон төрлийн арга бий. Юун түрүүнд та гэрийн нөхцөлд хөхөө тогтмол шалгах дадал хэвшүүлээрэй. Сарын тэмдэг дууссанаас хойш хоёроос гурван хоногт хөх зөөлөрч, даавартай холбоотой элдэв өөрчлөлтүүд арилдаг тул энэ үе хамгийн зохимжтой. Хэрхэн хөхөө шалгах тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг харин эндээс үзээрэй.

ЭРСДЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Эcтроген дааврыг хянах: Хэт таргалалтын улмаас бие дэх эстроген дааврын хэмжээ ихсэж, хөхний хорт хавдар тусах магадлал тодорхой хэмжээгээр ихэснэ. Түүнчлэн эстроген агуулсан эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн, жирэмснээс хамгаалах эм нь хөхний хавдар үүсгэх нэгэн хүчил зүйл болдог.

Өөрт таарсан хөхөвч сонгох: Цээжний тойрогтой харьцуулахад хэт бариу хөхний даруулга удаан өмссөнөөр хөхний эргэн тойрон дахь булчирхайнуудын хэвийн үйл ажиллагаа алдагдах аюултай.

Үр хөндөлт: Эмэгтэй хүний бие махбодод гарч буй дааврын өөрчлөлт бүхэн хөхөнд нөлөөлж байдаг. Ялангуяа жирэмслэлтийн үед дааврын нөлөөгөөр хөх өөрчлөлтөд орж хүүхэд хооллоход бэлтгэгддэг. Харин энэ үйл явцыг хүчээр тасалснаар дааврын гажуудал үүсэж улмаар хөхний хорт хавдар үүсэх эрсдэл бий болдог аж.

Хөхөөр хооллолт: Эх хүн хүүхдээ хөхүүлэх үйл явцын турш хөхний булчирхайнууд бүрэн чадлаараа ажилладаг. Эдгээр булчирхайнууд бүрэн хүчээрээ ажилласны үр дүнд  хөхний эд эсэд хуримтлагдсан хорт бодисууд гадагшилдаг. Мөн хүүхдээ хөхүүлэх үед эмэгтэй хүний биед окситоцин хэмээх даавар ихээр ялгарч сүү ивлэх рефлекс үүснэ.  Энэхүү даавар нь хорт хавдрын эсийн эсрэг үйлчлэлтэй нь батлагдсан билээ.


САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ

Хөхний даруулга зүүх нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй

Хөхний даруулга, ялангуяа дотуур хувцас өмсөх нь хөхний лимфийн шингэний урсгалыг хязгаарлаж, эд эсэд хорт бодис хуримтлагдахад хүргэдэг гэх таамаг үе үе медиа хэрэгслээр явдаг ч үүнийг батлах судалгаа одоог хүртэл гараагүй л байна. Хөхний хорт хавдартай 1500 орчим эмэгтэйгээс авсан судалгаагаар хөхний даруулга болон хөхний хорт хавдар хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй гэх үр дүн гарчээ.

Хөхний хорт хавдар ихэнхдээ удамшдаг

Олон хүмүүс хөхний хорт хавдрыг удамшлын өвчин гэж боддог. Гэвч хавдрын зөвхөн таваас арван хувь нь  удамшлын шинжтэй байдаг аж.

Хэрвээ би жингээ хэвийн хэмжээнд барьж, тогтмол дасгал хийж, эрүүл хооллож, алкохолны хэрэглээгээ хязгаарлавал хөхний хорт хавдрын талаар санаа зовох шаардлагагүй болно.

Хэдий  эдгээр дадал нь  хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах ч таныг хэзээ ч өвчин тусахгүй гэдгийг баталж чадахгүй. Та юу идэж, ууж байгаа, бие махбодийн хувьд хэр идэвхтэй байгаа гэх мэт өөрийн зүгээс хянах боломжтой эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нь мэдээж сайшаалтай үйл явдал. Гэсэн хэдий ч тогтмол үзлэгт хамрагдаж, хөхөө өөрөө шалгаж, хөхөндөө ямар нэгэн хэвийн бус өөрчлөлтийг анхаарч үзэх нь хамгийн чухал гэдгийг байнгийн санууштай.


ТАНЫ МЭДЭЭГҮЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

Хамгийн хүсэмжит хагалгаа: Сүүлийн 10 жилийн хугацаанд хөх томруулах мэс засал нь хамгийн эрэлттэй гоо сайхны мэс засал байсан бөгөөд Америкийн гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг (ASPS) 2014 онд нийтдээ 286,000 мэс засал хийсэн хэмээн мэдээлжээ. ASPS-ийн тайлангаас харахад 2000 оноос 2014 он хүртэл хөх томруулах мэс ажилбар хийлгэх сонирхолтой бүсгүйчүүдийн тоо 75 хувиар өссөн байна.

Жижиг, том хөхтэй байх нь хэвийн үзэгдэл: Ихэнх эмэгтэйчүүдийн нэг хөх нь нөгөөгөөсөө том байдаг тул хөх чинь хоёр өөр хэмжээтэй байгаагаас санаа зовох шаардлагагүй. Тэд ихрүүд бус эгч дүүс гэдгийг санаарай. Судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн 65 орчим хувь нь зүүн хөх нь ихэвчлэн баруунаасаа том байдаг хэмээн хариулж. Хувьслын явцад эмэгтэйчүүд баруун гараа чөлөөтэй орхиж, зүүн талдаа хүүхдээ хөхүүлэхийг илүүд үздэг байснаар энэ хөхөнд илүү их сүү үйлдвэрлэгдэж цаг хугацааны явцад илүү том хэмжээтэй болсон ч байж магад.

Тухгүй хөхний даруулга: Ихэнх эмэгтэйчүүд хөхний даруулгынхаа хэмжээг зөв сонгож чаддаггүй. Нийт эмэгтэйчүүдийн 80 хувь нь өөрийн биед таараагүй хөхний даруулга өмсдөг гэх судалгаа ч байна. Өөртөө ганц удаа тусгайлан цаг гаргаад, хөхний хэмжээгээ яг таг олж мэдэх нь наанадаж тухтай мэдрэмж цаашлаад хавдраас хүртэл сэргийлэх юм шүү.

Хөхний толгой тойрсон асуудал: Төрөлхийн хөхний толгойгүй байх эмгэгийг ателиа хэмээн нэрлэдэг бол хоёроос дээш хөхний толгойтой төрөх явдал 18 хүн тутмын нэгд тохиолддог гэнэ. (Чандлер Бинг гурван хөхний толгойноосоо тэгтлээ ичих шаардлагагүй л байж)



via GIPHY