Оршил
2022 он. 78 дахь удаагийн Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын түүхэнд анх удаагаа шилдэг туслах дүрийн шагналыг Өмнөд Солонгосыг төлөөлөн энэ жил 78 нас хүрч буй жүжигчин У Ён Сү хүртэв. "Parasite", "Minari"-ийн амжилтаас хойш солонгос контентын шуугиант амжилтад төдийлөн цочирдохоо больсон дэлхий нийтийн хувьд дээрх мэдээ хэзээ нэгэн цагт болох л ёстой байсан, жам ёсны үзэгдэл мэт санагдсан гэхэд хилсдэхгүй.
Нээлтээ хийсэн өдрөөсөө яг нэг сарын дараа гэхэд дэлхийн 94 орны 142 сая хэрэглэгчдэд хүрч, Netflix-ийн түүхэн дэх “хамгийн алдартай шоу” гэх хэргэмийн эзэн болсон "Squid Game" (2021)-ийн амжилт магад өнгөрөгч онд сошиал ертөнцийг шуугиулсан хамгийн том үйл явдал байсан билээ. Сүнсний баярын өдрүүдэд ногоон биеийн тамирын хослол мода болж, Леброн Жеймс солонгос цувралын төгсгөлд сэтгэл гонсгор үлдсэн тухайгаа жиргэж, "далгоне" хэмээх хайлуулсан элсэн чихрийн эрэлт огцом өсөн зарим нэгэн инфлюнсерүүд кинон дээр гардагтай ижил амь өрссөн тоглоомыг бодит амьдрал дээр зохион байгуулах тухайгаа ч мэдэгдээд авав.
Өөрийн эх орон төдийгүй Азийн зах зээл, Азиар зогсолгүй дэлхий дахиныг байлдан дагуулсан ийм хэмжээний драмаг бид урьд хожид үзсэн бил үү?
Бүтээсэн өртөгтэйгөө харьцуулахад 41 дахин нугалсан орлого олсон эл драмын түүхээр дамжуулан бид энэ удаа Өмнөд Солонгос улсын олон ангит киноны хөгжлийн замнал, амжилтын нууцыг эрэлхийлэхээр шийдэв. Тун богино хугацаанд дэлхийн энтертайнмент зах зээлд өөрсдийн ул мөрөө тод гэгч нь үлдээж буй тэдний түүх хаанаас эхлэлтэй вэ?
ЭХЛЭЛ-1997 ОНЫ ДОЛДУГААР САР
Kia, Daewoo, Samsung гээд томоохон корпорацуудын хэт их өр эцсийн дүндээ банкны салбарыг чанаргүй зээлийн дарамтад оруулж улмаар тухайн үедээ дэлхийн 12 дахь том эдийн засаг байсан Өмнөд Солонгос улс нэг л өдөр "Зүүн Азийн Санхүүгийн Хямрал"-д хүчтэйгээр нэрвэгдэх нь тэр. Өмнөд Солонгосын Засгийн газар энэхүү хямралын уршгаар ДНБ-тэй харьцуулахад гурав дахин их үндэсний өртэй үлдсэн нь эдийн засгаа солонгоруулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг эрэлхийлэх зайлшгүй шаардлагыг бий болгосон түүхтэй.
Улмаар ирэх жилээс нь буюу 1998 оноос Солонгосын Соёлын яам энтертайнмент зах зээлийг хөгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулан, улсын хэмжээнд коллеж, их дээд сургуулиудад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих 300 тэнхим шинээр байгуулах их хэмжээний хөрөнгө оруулалтыг улсын төсөвтөө суулгажээ. Үүнтэй зэрэгцэн тухайн цагт Солонгост ид мандан бадарч байсан ж-поп, аниме, манга гээд Япон соёлын давлагааг хязгаарлах арга хэмжээг ч шат дараатайгаар хэрэгжүүлж эхлэв. "Hallyu" буюу "Солонгос соёлын давлагаа" энэ үеэс эхлэлтэй.

ЭЛСЭН ЦАГ (1995) - Түүхийг эхлүүлсэн бүтээлүүд
1990-ээд оноос эхлэн технологи хөгжихийн хэрээр шинэ боломжууд гарч ирж, Сөүлийн өргөн нэвтрүүлгийн телевиз (SBS) хэмээх арилжааны шинэ суваг үзэгчдийн анхаарлыг өөрсдөдөө татахын тулд уламжлалт олон ангит киноны дүрмийг бүхэлд нь өөрчлөв. Шинэхэн суваг SBS-ийн хамгийн анхны амжилттай цуврал нь монголчуудын сайн мэдэх "Элсэн цаг" (1995) байсан бөгөөд тус бүтээл нь 16-24 ангитай дунд хэмжээний цуврал өргөн тархах эхлэл цэг болов. Оргил цагтаа өргөн телевизийн үзэгчдийн 64.5 хувийг цэнхэр дэлгэцийн урд уяж чадсан "Элсэн цаг"-ийн гайхалтай амжилт Солонгосын олон ангит киноны экспортын суурь болсныг дурдах нь зүй.
"Миллениал" хэмээн тодорхойлох үеийн сүүлийг мушгиж төрсөн биднийг дөнгөж ухаан орохтой зэрэгцэн Үндэсний телевизийн хойморт "Анхны хайр" (1996), "Элсэн цаг" (1995), "Загварын ертөнц" (1997) цувралууд ээлж дараалан цацагдаж, Чан Ү, Чан Сан гэх харь нэрүүд чихэнд хоногшиж эхэллээ. Эгч нарын дунд киноны гол дүрийн бүсгүйчүүдийн зүүдэгтэй ижил томоо гэгчийн үсний боолт, тод гэгчийн уруулын будаг тренд болж, харин ах нар өргөн өмд, коршонкон малгайн эрэлд гарах болов.

ӨВЛИЙН ХАЙРЫН ДУУ (2002) - Гунигт хайрын түүхүүд
Шинэ мянган гарахтай зэрэгцэн машинд дайруулан ой санамжаа алддаг аль эсхүл эдгэшгүй хорт хавдар тусаж хайртынхаа мөрийг дэрлэн амьсгал хураадаг золгүй хувь тавилангийн биелэл болсон "Зүрхэнд шингэсэн намар" (2000), "Бүгдийг нь" (2003), "Балид болсон явдал" (2004), "Өвлийн хайрын дуу" (2002) драмууд шил шилээ даран үзэгчдийн хүртээл болж, бид ч тэр болгоныг тоо бодож, үсэг бичиж сурах зуураа шимтэн үзэж өслөө. Энэ дундаас "Өвлийн хайрын дуу" хэний ч санаанд оромгүй амжилтыг Япон, Зүүн Азийн орнуудын зах зээлд үзүүлэх нь тэр. Япончуудын дундах Өмнөд Солонгосын имижийг тэр чигт нь өөрчилж чадсан гэгдэх энэхүү драмын зөвхөн DVD хувилбар нь гэхэд 330 мянган хувь зарагдаж, өөрийн орны аялал жуулчлалын салбарт 27 гаруй тэрбум ам.долларын ашгийг авчирч чаджээ.
Цувралын зураг авалт хийгдсэн Намисеом аралд өдгөө жил бүр 650 мянга гаруй жуулчин очдог болсон бөгөөд хэрэв та энэхүү арал дээр очвол гол дүрүүдийн үнсэлцэж буй хөшөөг ч олж болох. Түүнчлэн гол дүрийн жүжигчин Бэ Юн Жүн энэхүү бүтээлээрээ Япон эмэгтэйчүүдийн дунд жинхэнэ шүтээн болж чадсан билээ. Түүнийг 2004 онд Японд айлчлахад 350 цагдаагаар хамгаалагдсан 3000 гаруй эмэгтэй угтан авахаар онгоцны буудалд цугласан гэх бөгөөд тухайн үеийн Японы ерөнхий сайд Жуничиро Коизүми "Бэ Юн Жүн Японд надаас ч илүү алдартай юм" хэмээн хошигносон түүхтэй. Товчхондоо бол, "Өвлийн хайрын дуу" драмын амжилт нь киногоор дамжуулан солонгосчууд бусад улсад аялал жуулчлал, хувцас загвар, хоол хүнс гээд олон салбараа таниулах, шууд утгаараа хөрөнгө оруулалт татах боломжтойг бодитоор мэдрүүлсэн юм.

ДЭ ЖАНГУМ (2003) - Түүх соёлоо түгээхүй
Үзэгчдийг нус нулимстай нь хутгах эмгэнэлт драмуудын амжилтын хажуугаар түүхэн драмын эрин үеийг "Дэ Жангум" (2003) эхлүүлэв. Жусон гүрний түүхэн дэх хааны анхны эмэгтэй оточ байсан Жангум гэх бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэсэн энэхүү бүтээлийг 15 сая ам.доллараар бүтээж, хожим дэлхийн 91 орноос 103 сая ам.долларын ашиг цуглуулж чаджээ. Солонгосын уламжлалт соёл, тэр дундаа Солонгосын хааны ордны хоол, уламжлалт анагаах ухааныг дэлгэцэд амжилттай буулгаж чадсан нь хожмоо "Тэ Жу Ён" (2007), "Жү Мун" (2007) гэх зэрэг түүхэн драмуудын амжилтын жимийг зурж чадсан билээ.
ӨРНӨЛ

2000 оны сүүл үеэс к-драма цар хүрээгээ улам тэлж, "Миний байшин" (Full House), "Диваажингийн шат" (Stairway to Heaven) зэрэг цөөн тооны сонгодог бүтээлээрээ дагнан хоногших бус харин шинээр гарч буй контент бүрээрээ үзэгчдийн анхаарлыг татаж, зорилтот зах зээлээ тэлэх болов. 21 дүгээр зуун эхлэхтэй зэрэгцэн дэлхийд соёл, аялал жуулчлалын томоохон экспортлогч болж, соёл урлагаараа дамжуулан хөгжиж буй эдийн засгийн чухал хэсэг болох нүсэр зорилт тавьсан өмнөд солонгосчууд уг зорилгодоо нийцүүлэн к-драмынхаа хэвшмэл өнгө төрхийг өөрчлөхөөр шийдсэн нь өнөөгийн хэв маягийн гол суурь нь болжээ.
"Кофешопын ханхүү" (Coffee Prince)-ээр урамтай эхэлсэн уг давлагаа анх 1995 онд бичигдэж асан "Hana Yori Dango" хэмээх Япон манганаас сэдэвлэсэн Азийн алдарт франчайз F4 буюу "Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд" (Boys over flowers)-ийн ээлжит хувилбараар дуулиантайхан буухиалсан нь олон улсад к-драмаг нэгэн хэвийн, жаргал үздэггүй гэмээр уйтгартай төсөөллөөс нь амжилттай салгаж өгсөн юм. Эдгээр кинонуудын гол дүрийн жүжигчдийн бүрдүүлсэн дүр төрх, хувцаслалт, үс засалтууд өнөөг хүртэлх солонгос кино, цаашлаад азийн охид залуусын өдөр тутмын загварын хэв маяг болж тогтсоныг харахад кино контент, энтертайнмент бүтээлүүд улс орон цаашлаад бүхэл бүтэн нэг тивийнхэнд ямар хүчтэй нөлөөлж болдгийг бэлхнээ гэрчилнэ. Үүнээс хойш ахлах сургуулийн үйл явдлыг тун ч зугаатай байдлаар харуулсан "Шилдэг сурагч" (Master of Study), "Сахилгагүй үнсэлт" (Playful kiss), "Мөрөөдлөөс ч илүү" (Dream High), "Сургууль" (School) цувралууд шил шилээ даран гарсан нь к-драмын хөгжлийн өрнөл үеийг бүрэн утгаар нь өдөөж өгсөн юм. Үндсэндээ 2010 оны эхээс к-драма анхны хэлбэрээ бүрэн өөрчилж, үзэгчдийнхээ хүлээлтийг амжилттай өөрчлөн "дахин төрж" чаджээ.
Хөнгөн, хөгжилтэй, романс төрлийн учрыг нэгэнт олсон тэд "Дурлалын амт" (Personal taste), "Миний найз охин есөн сүүлт үнэг" (My Girlfriend is Gumiho) тэргүүтэй романтик инээдмийн кинонуудыг гаргаж эхэлсний дотор "Нууц цэцэрлэг" (Secret Garden) ази даяар алдаршиж, тоглосон жүжигчдийнхээ нэр хүндийг өндөрт мандуулж өгсөн юм.
Үүний сацуу тэд илүү сонирхолтой төрлүүдэд хүч үзэж эхэлсэн нь алдарт "Солонгон бүрхүүл" (Iris) байсан юм. Өмнөд, Хойд Солонгосын улс төрийн хурцадмал асуудал, тагнуул, тусгай хүчнийхний ээдрээт амьдралыг зохиомол үйл явдлаар харуулсан уг бүтээл БНСУ-ын кино урлаг зөвхөн гэрийн эзэгтэй нар болон оюутан залуусаар хязгаарлагдахгүй гэдгийг зарлан тунхаглах мэт тун ч чанартай бүтээл болсон билээ. Тухайн арвандаа л баймгүй их зардлаар буюу 20 гаруй тэрбум воны өртгөөр бүтсэн уг киноны тулааны эффект, технологи, компьютер график болон зохиол, дүрийн хөгжүүлэлт, зураг авалтууд ярих юмгүй байсан нь олон улсад к-драмад нуугдсан жинхэнэ нөөц бололцоог нээн таниулж эхэлсэн гэлтэй.
Кинон дундах сурталчилгаа ба мерчендайз бүтээгдэхүүнүүд
Солонгосчууд тухайн үеийн нийгмийнхээ хөгжил, техник технологийн шинэхэн бүтээгдэхүүнүүдийг уран бүтээлдээ тод томруунаар харуулдгаараа алдартай. Дурын киног эхлүүлэхэд л гол дүрүүдийн хэрэглэж буй гар утас, унаж буй машин, гэр ахуйн бараанууд нь цөм Samsung, LG, Hyundai тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчдийнх нь шинэхэн бүтээгдэхүүн болохыг төвөггүй анзаарч болно.
Тэгвэл 2010 оны эхээр к-драма ийн хэлбэрээ өөрчилж эхэлснээр уг хандлага улам газар авч, өмнө нь зөвхөн гар утас, машин тэргүүтнээр хязгаарлагддаг байсан сурталчилгааны бүтээгдэхүүнүүд хувцас, хоол зэргээр төрөл зүйлээ нэмж эхлэв. Өсвөр насныхны дунд төрөл бүрийн загварын пальтонууд өндөр эрэлт үүсгэж, БНСУ-д очсон жуулчид хоолны асруудыг ёс мэт зорьдог болсноор үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхан дунд энтертайнмент салбарын үнэлэмжийг өсгөж, уран бүтээлчдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлжээ. Ингэснээр кино бүтээгчид төрөл бүрийн бүтээлч мерчендайзууд гаргаж, түүнийгээ хормын дотор үй олноор нь борлуулах фенүүдийн их халуурлыг эхлүүлсэн байна. Өдгөө энэ буухиа гоо сайхны бүтээгдэхүүн, сүлжээ хоолны газар, БНСУ-д төвтэй франчайз дэлгүүрүүдээр үргэлжилж буй. Цаашид ч хэрхэн өргөжихийг хэлж мэдэшгүй.
Энэ бүхэн мэдээж БНСУ-ын Засгийн газар гарааны бизнесүүддээ шаардлагатай зээл, санхүүжилтийг олгох замаар бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин, улмаар дэлхийд соёлын экспортлогч болох, зөөлөн хүчний бодлогоо өргөн хүрээнд хэрэгжүүлэх стратегийн бодлоготой нягт холбоотой. АНУ-ын 100 гаруй жилийн турш ноёрхсон энэ орон зайг тэд сүүлийн 30-хан жилийн дотор хурдтай нэхэн гүйцэж байгаагийн амьд гэрч нь бид болж яваа. 2014 онд Өмнөд Солонгосын Засгийн газар жилийн төсвийнхөө нэг хувийг зөвхөн соёлын салбарт хуваарилахаас гадна үүнд зориулж нэг тэрбум ам.долларын санг босгосон гэдэг. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр энтертайнмент салбар тэлж, уран бүтээлийн чанар чансаа ч мэдэгдэхүйц хурдаар сайжрах нь ойлгомжтой.
Интернэт сүлжээг ашиглахуй ба бүтээлч фенүүдийг бүтээх нь
К-драма хэрхэн ийм том хүрээг хамарч, тухайн киног үзэхгүй л бол нийгмээсээ, үеийнхнээсээ хоцорчих гээд байгаа мэт мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг вэ?
Энэ бол 2000-аад оноос хойш Солонгосын энтертайнмент салбарыг олон улсын үзэгчдэд таниулах зорилгоор тусгайлан хөгжүүлсэн сошиал хаягууд болон төрөлжсөн платформуудын үр дүн юм. Жишээ нь, та сонирхсон жүжигчин эсвэл киноныхоо түлхүүр үг, бяцхан сэжүүрийг Google-д бичээд хайхад л түүний тухай хангалттай олон мэдээлэл, зураг, бичлэгүүд хүссэн хэмжээ, хэлбэрээр тань олдох болно. АНУ-аас бусад аль ч орны уран бүтээлчдийн мэдээлэл, контентууд англи хэл дээр ийм олон илэрцтэй биш л болов уу.
Солонгосын гэх тодотголтой бүх л кино, уран бүтээлчдийн баг, түүнд тоглосон гол болон туслах дүрүүд, тэр бүү хэл утсаар ярьдаг хэсэгт хоолой нь хальтхан сонсогдоод өнгөрсөн жүжигчдийг ч бүгдийг нь бүртгэлжүүлэн нэгтгэсэн, хэрэглэхэд хялбар Asianwiki, Mydramalist тэргүүтэй платформуудын талаар энд ярьж байна. Тэдгээр сайтуудыг ашиглан сонирхсон кино тань Солонгостоо ямар хэмжээний хандалт авч, түүгээрээ телевизийн хөтөлбөрүүд дундаа хэдэд жагсаж байгааг төвөггүй хянах боломжтой. Түүнчлэн уран бүтээлчдийн Wikipedia дээрх мэдээллүүд минут тутам шинэчлэгдэж, шаардлагатай холбоосуудаар нэгээс нөгөөд тасралтгүй хөтлөн, хөгжүүлэгдсээр байдаг нь энэ салбарт дөнгөж татагдаад удаагүй фенүүдийг уг тойргоос эргэж гарахын аргагүй болтол нь мэдээллээр бөмбөгдөж, сонирхлыг нь гижигдэх болно.
Мэдээж энд дурдахгүй өнгөрч боломгүй нэг зүйл бол YouTube контентууд. Бүрэн хэмжээний киног нь яах аргагүй үзэхийг хүсэм YouTube-д л зориулж эх киноноос таслан авч, эвлүүлж бэлтгэсэн богино хэмжээний түүвэр бичлэгүүд нэг кинонд гэхэд хэдэн арваараа бий. Киноны шинэ ангитай зэрэгцээд шахуу гардаг тэдгээр контентуудыг ази даяар дурлан үздэг үзэгчид тун олон учир хийж буй youtuber-үүддээ ч үзэлтийн тоогоороо давхар ашиг олж өгдөг. Инерц ихсэх тусам татах хүч нэмэгддэг байгалийн хуулиар нэгэнт эрчээ авсан экосистем өдгөө өөрийн эрхээр хөгжиж, тэдгээр контентуудыг хийхийн тулд хэдэн шөнөөр ч цалингүй суун ажиллаж чадах үнэнч фенүүдийг бүтээсээр. Энэ хандлага хэдийн Youtube-ээс хальж инстаграм, фэйсбүүк, твиттер, тикток-д шилжсэн. Тэдний ачаар та дэлгэцээр хэдхэн хормын өмнө гарсан үйл явдал хэдийн зураг болоод, орон орны хэл дээр хадмалтай орчихсон явж байхыг харах болно.
Дуу хөгжмөөр сэтгэлд хүрэх нь
Солонгос киноны хамгийн чухал, сэтгэл татам хэсгийн нэг нь киноны дуу. Тав, багадлаа гэхэд гурваас цөөн дуутай сүүлийн үеийн к-драма бараг л байхгүй гэхэд болно. Үйл явдалдаа бүрэн уусгаж, зарим тохиолдолд драмаас авах мэдрэмжийг дангаараа чирэх учиртай төрөл бүрийн хэмнэлтэй дуу, хөгжмүүдээр к-драма харин ч нэг хээнцэрлэн гоёдог. Ингэхдээ киноны дууг хэн, ямар хэлбэрт оруулан дуулах нь тухайн драмын чанар чансаа, хөрөнгө оруулалтыг шууд л илтгэж, нээлтээ хийхээс ч өмнө эрэмбийг нь илтгэх нь бий. Драмын OST (Original soundtrack)-ын гол төлөөллүүд болох Yoon Mi Rae, Gummy, EXO, Punch, Sam Kim тэргүүтэй алдартай уран бүтээлчид нэгдсэн л бол киног нь эргэлзэх зүйлгүй үзэх архаг фенүүд ч олон бий. Учир нь эдгээр дуучид чанар муутай уран бүтээлд хамтрах нь тун ховор.
Маркетингийн болон бусад шалтгаанаар онцгой содон уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэж чадсан бол жилд нээлтээ хийдэг олон арван киноноос гоцгойрох бүрэн боломжтой. Жишээ нь сүүлд гарсан "Our beloved Summer" драмын дууг алдарт BTS хамтлагийн V дуулсан бол, "Crash Landing on you" драмын дууг дуучин IU дуулсан нь түүний есөн жилийн дараах анхны киноны OST болсноороо үнэ цэнтэй гэх мэт. Харин 2020 онд нээлтээ хийсэн "Hospital Playlist" цуврал киноны хөгжмийн чиг хандлагыг нэг түвшнээр ахиулсан юм. Гол дүрийн жүжигчид нэг хамтлаг болж, өөрсдөө амьд хөгжим тоглон, дуулж, 24 ангийн турш 23 бүрэн дууг өндөр чанартайгаар коверлон хүргэсэн нь к-драма ертөнцийн онцлох плэйлист болжээ. Цаашид к-драмын хөгжим энэ мэтээр улам л хөгжих нь дамжиггүй.

Тоглоомын дүрмийг шинэчлэн тогтоосон 2016 он
Хэтэрхий гэмээр хурдтай хөгжиж байсан к-драмын дараагийн томоохон эргэлт 2016 онд гарсан шилдгийн шилдэг бүтээлүүдээр үргэлжилсэн юм. "Гоблин" (Guardian: The Lonely and Great God), "Сарны хосууд" (Moon Lovers: Scarlet Heart Ryeo), "Нарны үр сад" (Descendants of the Sun), "Дурсамж 1988" (Reply 1988), "Хоёр ертөнц" (W: Two Worlds Apart), "Цэнхэр тэнгисийн домог" (The Legend of the Blue Sea), "К2" (The K2), "Дохио" (Signal), "Романтик эмч Ким Са Бү" (Dr.Romantic), "Томоогүй хайр" (Uncontrollably fond), "Гэрэлт сарны дурлал" (Love in the Moonlight), "The Royal Gambler" зэрэг ар араасаа гарсан шилдэг жүжигчдийн үзүүштэй хамтралууд, дараагийн ангийг эхлүүлэхгүй байхын аргагүй сонирхолтой кино зохиол, нүд баясгам хийц найруулга, хэдий хэмжээний хөрөнгөөр бүтсэнийг нь эрхгүй гайхан бишрэм тайз засал, компьютер графикууд энэ оныг тодорхойлно.
2016 онд цацагдсан эдгээр бүтээлүүд одоогийн ихэнх к-драма фенүүдийг энэ салбарт татан урвуулж, бүр цаашлаад Netflix-ийг БНСУ-ын зах зээлийг сонирхон судалж, хамтран ажиллахаас өөр аргагүйд хүргэжээ. Энэ онд хийгдсэн кинонуудыг бүтээсэн зардал нь тухайн үеийнхээ хамгийн өндөр өртөгт тооцогдож байсан бөгөөд үүнээс хойш к-драмад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж хэмжээгээр өссөн аж. Жишээ нь гэхэд, бүх цагийн үеийн шилдэгт зүй ёсоор тооцогдох "Гоблин" 15 тэрбум вон, "Цэнхэр тэнгисийн домог" 22 тэрбум воны зардлаар тус тус бүтсэн бол түүнээс хойш буюу 2018 онд хийгдсэн "Mr.Sunshine" 30 тэрбум вон, 2019 онд хийгдсэн "Артдалын он тоолол" (Arthdal Chronicles) 52 тэрбум вон, 2021 онд гарсан "Penthouse" драма 32 тэрбум воны зардлаар хийгдсэн байдаг.
Солонгос соёлын давлагаа дэлхий даяар хэт хүчтэй өрнөсөн энэ жилүүдэд дэлхийн эдийн засгийн томоохон төв болох БНХАУ бодлогын хүрээнд БНСУ-ын контент бүтээлүүдийг тодорхой түвшинд хязгаарлахаар хэдэнтээ оролдсон ч интернэт хөгжиж, дэлхий даяарчлагдсан өнөө үед хүссэн үр дүндээ төдийлөн хүрч чадалгүй явсаар буй. Харин ч Хятадын уран бүтээлчид солонгос жүжигчдийг уран бүтээлдээ урин, цөөнгүй хамтралуудыг хийж, үзэгчдээ татахаар оролддогийг энгийн хайлтаар харж болно.

Өргөн нэвтрүүлгийн сувгуудын уналт ба кабелын телевизүүдийн байлдан дагуулалт
БНСУ-д дөрвөн өргөн нэвтрүүлгийн суваг байдгийн дотроос гурав нь энтертайнмент салбарт үйл ажиллагаа явуулж, кино контент бүтээдэг. Мэдээж тэд бол өдгөө 61 настай KBS, 53 настай MBC, 31 настай SBS зэрэг болно. 1980 оны сүүл, 1990 оны эхээр хуулийн зүгээс холбогдох зохицуулалтууд боловсруулагдаж, цаашлаад 1995 онд Өмнөд Солонгосчууд өөрсдийн телевизийн хиймэл дагуулыг газраас дээш 36 мянган км-ийн алсад хөөргөснөөр эдгээр үндэсний сувгуудын араас хувийн кабелын телевизүүд олноороо гарч ирэн, өрсөлдөөнийг бий болгож эхэлжээ. Энэ дунд бидний сайн мэдэх JTBC болон CJ группийн эзэмшдэг OCN, tvN сувгууд ч багтана. Уг давлагаатай зэрэгцэн үндсэн гурван сувгууд ч мөн адил 2000 он гармагц төрөлжсөн кабелын сувгуудаа нээж, бүтээлч салбарт зарцуулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болсон юм.
Цэвэр өрсөлдөөнт зах зээлд мэдлэг туршлага, хүн хүчнээс гадна хэн хурдан, уян хатан бөгөөд бүтээлч байж чадсан нь хождог жамтай. Бизнесийн ертөнцийн энэ л хуулийн дагуу нээгдээд удаагүй кабелын сувгуудын кино контентууд олон арван жилийн түүхтэй, арвин нөү-хаутай үндэсний сувгуудын контентуудыг чанар болон хандалтын хувьд хэдхэн жилийн дотор гүйцэж ирэв. Хэдийгээр үндэсний суваг болон кабелын сувгуудын контентуудыг үзэлтийн хувиар нь жишиж харьцуулахад төвөгтэй ч гэлээ оригнал контентуудынх нь олон улсад танигдсан байдал, цэвэр орлого болон үнэлгээг аваад үзвэл кабелын сувгууд БНСУ-ын к-драма зах зээлийг маргаангүй атгах болжээ. Өрсөлдөөн дүүрэн энэ дайны дүнд өргөн нэвтрүүлгийн сувгууд гэр бүлийн сэдэвтэй 50-100 орчим ангитай драмуудад үнэнч үлдэж, үргэлжлүүлэн төвлөрөх болсныг уг жагсаалтаас харж болно.
Харин кабелын телевизүүдийн хувьд бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй шилдэг 50 драмын 33 нь буюу 66 хувь нь өдгөө 15 дахь жилийнхээ түүхийг бичиж буй tvN сувгийн бүтээлүүдээс бүрдэж байгаа бол 16 хувь нь JTBC, үлдсэн 18 хувийг бусад телевизүүд хуваан эзлэх аж. Гэхдээ энэ тоо нь дан ганц БНСУ-ын үзэлт бөгөөд үүн дээр нэмээд олон улс дахь нэр хүнд, хандалтын тоог оруулбал тун сонирхолтой статистик гарч ирэх нь эргэлзээнгүй гэдгийг онцгойлон тодотгох нь зүйтэй.
ТЭСРЭЛТ БА ЯЛГАРАЛ
Богино болон дунд хэмжээний (16-24 ангитай) урттай цувралууд илүүтэй зонхилох болсон үеэс к-драма Азийн бусад орон төдийгүй дэлхийд танигдаж эхэлжээ. Түүнчлэн к-драма үзэгчдийн тоо өсөхийн хэрээр солонгос хэл сурах хүсэлтэй хүмүүс ч нэмэгддэгийг дурдах нь илүүц биз.
Олон улсад танигдаж, дэлхийн кино урлагийн зах зээлд хүч түрэн орж ирсэн өөр нэг шалтгаан бол өргөн нэвтрүүлгийн болон кабелын телевизүүд цувралуудаа төрөлжүүлсэн явдал байлаа. Тухайлбал, tvN телевиз хайр дурлал, уран зөгнөлт, зурагт номоос сэдэвлэсэн бүтээлүүдэд түлхүү анхаарч, OCN телевиз гэмт хэрэг, нууцлаг төрлийн цувралуудаараа алдаршин, өргөн нэвтрүүлгийн SBS, KBS, MBC зэрэг сувгууд гэрийн эзэгтэй нарын цувралаас гадна дундын урттай кинонууд хийх болов. Ингээд 2016 оноос хойш бүтээгдэж, олон улсын үзэгчидтэй болж чадсан к-цувралуудыг төрөл, жанраар нь ангилан авч үзье.
![]() | |
![]() | |
![]() | Guardian – The Lonely And Great God (2016) |
![]() | Hotel Del Luna (2019) |
![]() | Tale of the Nine Tailed (2020) |
![]() | |
![]() | True Beauty (2020) |
![]() | Sweet Home (2020) |
![]() | All of Us Are Dead (2022) |
![]() | |
![]() | My Name (2021) |
![]() | Vagabond (2019) |
![]() | Healer (2014) |
![]() | |
![]() | High Kick 2006-2011 |
![]() | Welcome to Waikiki (2018) |
![]() | The Sound of Your Heart (2016) |
![]() | |
![]() | It's Okay to be Sensitive (2018) |
![]() | Love Playlist |
![]() | One Fine Week (2019) |
![]() | |
![]() | The World of the Married (2020) |
![]() | Sky Castle (2018) |
![]() | The Penthouse: War in Life (2020-2021) |
![]() | |
![]() | Mouse (2021) |
![]() | Signal (2016) |
![]() | Voice 2017-2021 |
![]() | |
![]() | Crash Landing On You (2019) |
![]() | Weightlifting Fairy Kim Bok Joo (2016) |
![]() | It's Okay, That's Love (2014) |
Fantasy / Уран зөгнөлт
Дэлгэцийн бүтээлээс бодит ертөнцөд үл тохиох ер бусын үзэгдлийг харах нь үзэгчдийн хувьд хэзээд таатай сонголт байсаар ирсэн. Зөвхөн барууны цувралаас л үздэг байсан дэвшилтэт компьютер график дүрслэлүүд, зохиолын логик уялдаа, жүжигчдийн чанар чансааг солонгосын олон ангит бүтээлээс тольдох боломжтой болсон нь энэ төрлийн контентыг дэлхийд таниулах том түлхэц болсон юм. Бурхны хүсэл, тэнгэрийн таалал, мөнх амьдрал, зэрэгцээ ертөнц… Бидний яг дэргэд байдаг мэтээр дүрслэх үйл явдлыг, жүжигчдийн онцлог дүр төрхтэй хослуулснаар уран зөгнөлт бүтээлийн тал дээр өөрсдийн гэсэн стандартыг тогтоов. Өөрөөр хэлбэл Холливүүдийн болон Хятадын Сүн-Үкүн тэргүүтэй бүтээлүүдээс үлгэр домгийн ертөнцийг нэмэлт дүр хувиргалт, санаанд багтамгүй хэлбэр дүрстэй харийн гэмээр амьтдаар дамжуулан төсөөлдөг байсан бид бурхан, чөтгөр, тэр бүү хэл харь гаригийн хүмүүсийг ч энгийн хүний дүрээр ойлгож, хүлээж авах боломжийг к-драмуудаас олж авсан юм.
Энэ төрлийн цувралуудын гол төлөөллүүд бол мөнх настай чөтгөр ба эрлэгийн элчийн хамтрал "Guardian – The Lonely And Great God" (2016), үйлийн үрийн төлөөс үргэлж байдгийг харуулсан "Хааны нар" (Master's sun), "Дел Луна зочид буудал" (The Hotel Del Luna), сонгодог дүр болсон есөн сүүлт үнэгийн тухай өөр нэгэн түүхийг өгүүлэх "Tale of the Nine Tailed" зэрэг цувралууд юм. Уг бүтээлүүд хэдийгээр бүгд хайр дурлалын талаар дүрслэх мэт боловч цаад утга санаа нь ямагт амьтай бүхэн өөрийн хувь тавилангаар, бурхны зураг төөргөөр, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан орших ёстойг харуулсан байлаа.
Webtoon / Зурагт ном
Дэлхий дахинд алдартай Marvel, DC-гийн бүтээлүүд бүгд зурагт номоос эхтэй. Үүний адилаар 2017 оноос Өмнөд Солонгосын кино бүтээгчид вэбтүүнд анхаарлаа хандуулж эхэлжээ. Зурагт номын уншигчид дунд хэдийн гол сэдэв болж чадсан бүтээлийг дэлгэцийн цуврал болгон хөрвүүлэх нь к-драмын зах зээлийг дахин нэг шинэ шатанд хүргэх үйл явдал байлаа. Тиймдээ ч хайр дурлал, уран зөгнөлт, аймшгийн, гэмт хэрэг, нууцлаг гээд бүхий л төрлийн вэбтүүнээс сэдэвлэн хийгдсэн олон ангит кинонууд гарсан цагаасаа өндөр үзэлттэй байх болов. Өөрөөр хэлбэл, зурагт номоос сэдэвлэсэн цувралууд бие даасан төрөл, жанр болсон юм. Үүнийг дагаад Naver, Kakao Page зэрэг Өмнөд Солонгос төдийгүй Азийн уншигчдад алдартай вэбсайтууд 2020 онд 843.6 сая ам.долларын ашиг олжээ.
Гоо үзэсгэлэн гэдэг хүний гадна төрхөнд бус дотоод сэтгэлд оршдог гэдгийг ахлах сургуулийн амьдралаар харуулсан "True Beauty" (2020), бидний доторх хүн чанарыг мангасаар дүрсэлсэн "Sweet Home" (2020), үе тэнгийн дээрлэхэлт, хүчирхийллийг үл тоовол эцэст нь хорвоо ертөнцийг үгүй хийх хүч болж ч болохыг үзүүлсэн "All of Us Are Dead" (2022) зэрэг цувралууд нь вэбтүүнээс сэдэвлэсэн топ бүтээлүүдийн тод жишээ билээ. Ялангуяа өнгөрсөн сарын 28-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон "All of Us Are Dead" цуврал нь "Squid Game"-ийн амжилтын араас нэхэн явж буйг онцлох хэрэгтэй.
Action / Тулаант
Үйл явдлын хурдан өрнөл, хүлээлтэд хүрсэн тайлал, суудлаас өндөлзүүлэх тулаант хэсгүүд, сэтгэл татам эсрэг дүрүүд. Хайр дурлал, гэмт хэрэг, нууцлаг гээд аль ч төрлийн кинотой төгс зохицох тулаант төрлийн цувралууд чанаржиж байгааг "Vagabond" (2019), "My Name" (2021) тэргүүтэй бүтээлүүдээс харж болох юм. Тэр дундаа "My Name" цуврал нь эл төрөлд шинэ стандарт тогтоож өгсөн гэхэд хилсдэхгүй. Кино эхэлсэн цагаас дуусах хүртэл үргэлжлэх тулааны хэсгүүдээс огтхон ч уйдамгүй бөгөөд үзэгчдийн сэтгэлд хүрэх тулаануудыг харуулахын тулд тус цувралын жүжигчид зураг авалтаас хоёр сарын өмнө бэлтгэл сургуулилтаа эхэлсэн гэдэг. Тэрчлэн гол дүрийн жүжигчин Хан Су Хи дүрээ бүтээхийн тулд 10 килограмм жин нэмж, эрэгтэй жүжигчдээс нэг сарын өмнө бэлтгэлээ эхэлсэн гэх мэтээр хөдөлгөөн нэг бүрээ үнэмшилтэй үзүүлэхийн тулд асар их хичээл зүтгэл гаргажээ. Бидний үзэж өссөн "Ким Ду Хан"-ы үеийн "ориг" нь давамгайлсан тулаант хэсгүүдтэй өнөөгийн цувралуудыг харьцуулбал жүжигчдийн чадвар, эвлүүлэг, дуу дүрсний чанар хэрхэн сайжирсныг харж болно.
Housewife drama / Гэрийн эзэгтэй нарын олон ангит кино
"Савангийн дуурь" буюу гэрийн эзэгтэй нарт зориулсан 50-130 ангит бүтээлүүд нь яахын аргагүй к-драмд жин дарах бие даасан төрөл билээ. Эзэгтэй нарын өдөр тутмын амьдралын нэгэн хэв маяг болж, орой бүр дэлгэцийн өмнө уясаар ирсэн энэ төрлийн бүтээлүүд ихэнх тохиолдолд гэр бүлийн гишүүдийн дунд болдог нийтлэг асуудлуудыг олон өөр өнцөг, жишээгээр харуулдаг. Та бид "Гэр бүл", "Эхнэрийн урхи", "Жан Бу Ри ирлээ" зэрэг олон бүтээлүүдийг нь нэрлэж мэднэ. Харин сүүлийн үед энэ төрлийн бүтээлийг илүү богино бөгөөд хурц үйл явдалтай болгосон зохиолтой драмууд үзэгчдийн хүлээлтэд ихэд нийцэж буй.
"Sky Castle" (2018), "The World of the Married" (2020), "The Penthouse: War in Life" (2020-2021) бол тэдний гол төлөөлөл. Ээдрээт үйл явдал, гэнэтийн эргэлт, өшөө авалтаар дүүрэн дээрх олон ангит кинонууд кабелын телевизүүдийн дунд хамгийн их үзэлтийг ээлж дараалан авав. Тодруулбал, улсынхаа хэмжээнд үзэлтээрээ "Sky Castle" 12.5, "The World of the Married" 18.8, "The Penthouse: War in Life" 19.1 хувьд тус тус хүрснээр энэ амжилтад хүрсэн анхны цувралууд болсон юм. Хэдийгээр дундын болон богино хэмжээний цувралууд дэлхий дахинаа алдаршиж байгаа ч солонгос цувралын өөр нэг стандарт болсон гэрийн эзэгтэй нарын олон ангит бүтээлүүд одоо ч топ сэдэв байсаар буй.
Comedy / Инээдмийн
Бидний үзэж дассан "Friends", "How I met your mother", "Big Bang Theory" гэх мэт барууны ситкомтой харьцуулахад солонгос комеди нь харьцангуй егөөдөл багатай бөгөөд эсрэгээрээ бодит амьдрал дээр хэзээ ч тохиохооргүй үйл явдлуудыг гол дүрүүд хэрхэн хөгтэй байдлаар даван туулж буйд илүүтэй анхаарал хандуулдаг.
Гэр бүлийн дотоод асуудал, бүтэлгүй дурлал, нөхөрлөлийн хүч гэхчлэн үзэгчдийн өдөр тутмын амьдралд харьцангуй ойр, нийтлэг сэдвийн хүрээнд дийлэнх комеди цувралыг хийдгээрээ онцлогтой. Хэрэв та солонгос комедиг хаанаас эхлэн үзэхээ мэдэхгүй байвал хувийнхаа зүгээс гурван улирлын турш нийтдээ 300 гаруй анги үргэлжилсэн "High Kick" (2006), Солонгостоо хамгийн олон жилийн турш тасралтгүй бичигдсээр байгаа алдарт вэбтүүнээс сэдэвлэсэн "The Sound of Your Heart" (2016) болон Netflix дээрх нуугдмал эрдэнэс "Welcome to Waikiki" (2018) цувралуудыг санал болгоё.
Webdrama / Богино хэмжээний драма
Орчин үеийн залуусын дунд бүтэн драмын ганцхан ангийг нэг цагийн турш телевизийн өмнө тухлан сууж үзэх боломж ховордсон тул энтертайнмент контент бүтээгчид "вэб драма" гэх хаана ч, хэзээ ч ухаалаг утсаараа үзэх боломжтой богино хэмжээний, шинэхэн контентыг сүүлийн арван жилд эрчтэйгээр зах зээлд нийлүүлж буй. Солонгосын шилдэг хайлтын систем Naver-ийн санаачилсан платформ болох "TV Cast"-д анх 2013 онд "вэб драма" хэмээх бие даасан ангилал гарч ирснээр энэ төрлийн контент ар араасаа бүтээгдэх болсон юм.
Бид завгүй үедээ цайны цагаараа хөнгөн зууш иддэгтэй адил таваас арван минут үргэлжлэх вэб драма нь хичээлийнхээ завсарлага болон тээврийн хэрэгсэлд түгжирч явахдаа гар утаснаасаа үзэх боломжтой, энтертайнмэнт хэрэгцээг бүрэн хангаж чадах контент гэдгээрээ алдаршсан юм. Тэр ч утгаараа зохиол нь ихэвчлэн их сургуулийн оюутнууд эсвэл дөнгөж ажил дээр гараад буй залуу мэргэжилтнүүдийн өдөр тутмын амьдрал, хайр дурлал, нөхөрлөлийн тухай хөнгөнөөс хөнгөн түүхийг өгүүлдэг. Үзэгчид энэ төрлийн драмыг дийлэнхдээ утасны жижиг дэлгэцээр үздэг учраас кино бүтээгчид өргөн өнцгөөс илүүтэй ойрын зайн зураг авалтыг түлхүү ашиглаж, дүрүүдийн нүүр царай болон илэрхийллийг сайтар харах боломж олгодгоороо онцлогтой. "Love playlist" (2017), "It's okay to be sensitive" (2018), "One fine week" (2019) энэ төрөлдөө хамгийн алдартай нь.
Thriller, Mystery / Гэмт хэрэг нууцлаг
Сүүлийн хэдхэн аравны дотор огцом хөгжсөн солонгосын кино үйлдвэрлэлээс гарцаагүй онцлох ёстой төрөл бол триллер. Дэлхийн кино урлагийг мод хэмээн зүйрлэвээс "солонгос триллер" гэгч нэгэн мөчир нь өөрийн хэв маяг, чанар чансааг хэдийнээ хэр баргийн салхинд ганхах аргагүй болтол бат бөх үндэстэйгээ бэхэлж, шинэ санааны мухардалд ороод байсан энэхүү жанрыг олны анхааралд дахин авчирч чадсаныг хэн бүхэн анзаарч буй нь дамжиггүй биз ээ.
Хайр дурлалын гурвалжин, үнсгэлжингийн түүх, атаа жөтөө, өшөө авалт гэх нийтлэг солонгос драмын өнгө төрхийг бүрдүүлэгч элементүүдийн оронд илүү ахуйлаг, эгэл хүний дотоод мөн чанар руу хандаж чаддагаараа триллер олон ангитыг бусдаас нь төвөггүйхэн ялгаж болох. Сүүлчийн ангийн төгсгөлийн минут хүртэл үйл явдал нь хаашаа эргэж, аль дүр алуурчин болж, хэн амиа золиослохыг таамаглахын аргагүй нөхцөл байдал, зохиолын шилжилтийг үзэгчдэд санал болгож, тэднийг ганц хором ч суудал дээр нь тайван суух аргагүй болтол өндөлзүүлж чаддаг тул сүүлийн жилүүдэд энэ жанрын олон ангитад дурлах үзэгчдийн тоо эрс өсөж буй.
"Хэрэв бид сэтгэцийн өвчтэй алуурчныг хорвоод мэндлэхээс нь ч өмнө тодорхойлж чадвал яах вэ?" гэх хүн чанар зулгаасан ээдрээт асуултыг өмнөө тавьсан "Mouse" (2021), аавынхаа үхэлд буруутай цуврал алуурчны араас алдартай мөрдөгчийн хамтаар хөөцөлдөх, сонсох чадвар нь гоц гойд хөгжсөн цагдаа бүсгүйн тухай "Voice" (2017), 15 жилийн өмнө хулгайлагдсан охины үхэлд өөрийгөө буруутгах цагдаагийн ажилтан гэнэт нэгэн өдөр өнгөрсөнд байх мөрдөгчтэй холбогдож болох радио станц олж, түүний туслалцаатай мартагдсан хэргийн мөрөөр мөшгөх "Signal" (2016) гээд энэ төрөлд багтах чансаатай бүтээлийг тоочвоос яггүй урт жагсаалт хөврөх нь мэдээж.
Romance / Хайр дурлал
Өмнөд Солонгосын кино контентуудын гол цөм, суурь зохиол цөм хайр дурлал дээр суурилдаг. Нийтлэлийн эхэнд дурдагдсан к-драмын анхны үеийн төлөөлөл бүхий кинонуудад гол дүрийн хос хоёр биесээ тэврэн үнсэх нь бүү хэл гараасаа хөтлөн алхдаг ч үгүй хэтийдсэн эгэл даруу, гэнэн ариун хайрыг дүрсэлдэг байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ далд хүлээс бага багаар тайлагдаж байгааг үзэгч та ч бас мэдэрсэн биз дээ. 1990-ээд оны үед гэхэд л тулаант зураг авалт, график, визуалаараа нэгэнт хол тасраад байсан Холливүүдийн давчуу орон зайд давхардан орж, хүч тэнцвэргүй тулаан эхлүүлэлгүйгээр эсрэгээрээ ази хүмүүсийн сэтгэлийн нандин нюанс, сэтгэл хөдлөл дээр тулгуурлан салбарын ялгарлаа бий болгохыг чухалчилсан тэдний сонголтыг тун энгийн бөгөөд холыг харсан ухаалаг шийдэл хэмээн тодорхойлмоор.
Хос залуусын нэгнээ гэсэн үнэнч сэтгэл, гал халуун дурлал нь үзэгчдэд хэдий бэлхнээ мэдрэгдэвч хоорондоо нүүр хагарч өгдөггүй, бодит амьдралтай арай л нэг авцалдамгүй гэмээр "Анхны хайр"-ын цэвэр ичимтгий хайр дурлалын түүхээс залуу насны дур тачаалыг шулуун шударгаар илэрхийлэх "Nevertheless" хүртэлх өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төрөл бүрийн сэдэвтэй, зүйл бүрийн хайрын түүхийг өгүүлсэн олон зуун драма гарчээ. Хамгийн сүүлд хоёр Солонгосын хилийг холбон байж, хориотой дурлалаар холбогдсон "Чам дээр буух ослын буулт" (Crash landing on you) олныг ихэд шуугиулж кабелын сувгуудын үзэлтийг 21.683 хувьд хүргэж, хандалтаараа бүх цаг үеийн шилдэг гуравт жагссан билээ.
Товчхондоо гэвэл хайр дурлал хэзээ ч дуусахгүй сэдэв гэдгийг к-драма утгаар нь нотолдог.
БАЙЛДАН ДАГУУЛАЛТ

К-ДРАМА БУСДААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ГЭЖ?
БҮТЭЭЛ ТӨРӨХ ҮЙЛ ЯВЦ
Солонгосын олон ангит киног эхэн үедээ телевизийн сувгууд үйлдвэрлэдэг байсан бол 2000-аад оноос хойш бие даасан продакшн компаниуд (Studio Dragon, Lotte cultureworks, SM Life design group) зах зээлийн гол тоглогчид болов. (2012 оноос хойших нийт к-драмын 75 хувийг продакшн компаниуд дангаараа бүтээсэн байдаг)
Тиймдээ ч эдгээр компаниудын дундах өрсөлдөөн тун ширүүн. Шинэ төсөл эхлэхэд нийт төсвийг продюсер компани болон телевизийн суваг хоёр хуваадаг бөгөөд ихэвчлэн зардлын 50 орчим хувийг өргөн нэвтрүүлгийн суваг дангаараа хариуцаж, үлдсэн төсвийг продакшныхан ивээн тэтгэгчдээр босгуулах үүрэг хүлээнэ. Хэрэв шууд эфирийн цагаар зар сурталчилгаа явуулбал орлого нь тэр чигтээ телевизийн сувагт очдог зарчимтай. 2020 оны байдлаар дундаж к-драмын нэг анги босох төсөв 700 сая вон болсон бөгөөд түүхэн драмын өртөг үүнээс ч илүү үнэтэй болох нь бий. (Жишээлбэл, Netflix-ийн оригнал контент болох Kingdom-ийн нэг ангийн төсөв хоёр тэрбум вон байсан). Сүүлийн жилүүдэд Netflix зэрэг дотоод болон гадаадын OTT компаниуд продакшнуудтай хамтран ажиллах явдал эрс нэмэгдэж, үүнийгээ даган нэг ангид оногдох төсөв ч үлэмж хэмжээгээр өсөж буй.
ЖҮЖИГЧИД БОЛОН НАЙРУУЛАГЧ, ЗОХИОЛЧИД
Олон улирал дамнан үргэлжилдэг Холливүүдийн цувралууд төсвийнхөө ердөө арав хүрэхгүй хувийг жүжигчдийн зардалд төсөвлөдөг бол к-драмын тухайд зөвхөн жүжигчдэд нийт төсвийн талаас илүү хувь оногддогоороо онцлогтой. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг цэргийн албанаас халагдаад удаагүй байгаа жүжигчин Ким Сү-хён "One Ordinary Day" драмын анги бүрээс хагас тэрбум воны цалин авснаараа тэргүүлсэн бол хэдхэн жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан СунСун хосууд буюу Сун Хе Гю (Now, We Are Breaking Up) болон Сун Жүн Ги (The Vincenzo) нар тус бүрдээ өөрсдийн тоглосон драмын нэг ангиас 200 сая воны цалин авснаараа удаалсан билээ.
Жүжигчдийн зардал харьцангуй өндөр байдаг учраас продакшн компаниуд аль болох богино хугацаанд зураг авалтаа дуусгахыг хичээдэг. Бусад орны олон ангитаас ялгаатай нь дийлэнх солонгос цувралын эхний дөрвөн ангийн зургийг урьдчилан авч, үлдсэн хэсгийн зохиолын шугамыг үзэгчдийн үнэлгээ, санал хүсэлтэд нийцүүлэн өөрчлөх нь элбэг. Эдгээр өөрчлөлтүүд өдөр тутмын зураг авалтаас хэдхэн цагийн өмнө тохиолдож болох тул гэнэтийн зохиолын өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх зураг авалтаас шалтгаалан жүжигчид болон арын албаныханд унтах цаг ч олдохгүй байх нь түгээмэл гэнэ. Зураг авалтын талбайд эвгүй байрлалаар унтаж буй жүжигчдийн зургийг солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд jjok-jam (쪽잠) буюу "хажуугаар унтах" хэмээх тогтсон нэршлээр олон нийтэд цацах нь ч бий.
Мөн солонгос драмын хувьд найруулагч, зохиолчид нь жүжигчдээсээ дутахгүй алдартай. Маш олон үзэгч зөвхөн найруулагч болон зохиолчийн нэрсээс шалтгаалан тухайн драмыг үзэх эсэх шийдвэрээ гаргадаг. Хон эгч дүүс (My Girl, You're Beautiful, My Girlfriend Is a Gumiho), Ким Сун Ок (The Penthouse: War in Life, The Last Empress, Band of Sisters), Ким Юн Сүк (Secret Garden, The Heirs, Descendants of the Sun, Guardian: The Lonely and Great God) гээд энэ салбарт нэр алдрын оргилд хүрсэн олон зохиолчийг дурдаж болно. Дан ганц зохиолчоос гадна найруулагч зохиолчдын домогт хамтралууд ч бий. Жишээлэхэд, Reply 1988, 1994, 1997, Hospital Playlist 1, 2 гэх драмууд дээр гар нийлэн зүтгэсэн Шин Вон Хо болон И Вү Жун нар нь амжилттай хамтын ажиллагааны тод томруун жишээ.
ИРЭЭДҮЙ
Одоогоос ердөө гурван жилийн өмнө Netflix-ийн бүтээсэн анхны к-драма болох "Love Alarm" (2019) үзэгчдийн хүртээл болсон бол өнгөрөгч онд дэлхийн тэргүүлэгч стрийминг тус суваг зөвхөн солонгос контентод зориулан хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарласан билээ. Зөвхөн Netflix гэлтгүй Disney Plus (Snowdrop), Apple TV (Dr.Brain, Pachinko) гэх зэрэг бусад стриймингүүд к-драма фенүүдийг өөрсдийн сувагтаа нэгтгэхийн төлөө энэ зах зээлд хүчтэй өрсөлдөж байна. "Netflix"-ийн хамгийн том солонгос контент нийлүүлэгчдийн нэг, "Studio Dragon"-ы зах зээлийн үнэлгээ гэхэд сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр оны эхэнд 2.37 их наяд вонд хүрсэн бөгөөд энэ тоо ойрын жилүүдэд 3.4 их наяд вон болж өсөх бүрэн боломжтой гэх судалгаа байгаа юм.
Солонгос олон ангит нь Өмнөд Солонгос дахь аялал жуулчлалыг эрс нэмэгдүүлсэн бөгөөд 2017 онд Солонгосын Аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар гадаадын жуулчдын бараг тал хувь нь солонгос драма, кино үзсэний дараа тус улсад очихоор шийдсэн аж.
Netflix-ийн нөлөөгөөр солонгос олон ангитууд ("Kingdom", "Strangers", "Sweet home") барууны цувралуудтай адил олон улирал үргэлжлэх чиг хандлагатай болоод буй. Шоуны насыг уртасгах нь цоо шинэ зохиол бичиж, продакшны ажил эхлүүлэхээс хамаагүй хэмнэлттэй тул олон кино энэ систем рүү шилжиж байгаа гэхэд буруудах зүйлгүй. Дэлхий дахинд солонгос поп соёл өргөн дэлгэрэхэд олон янзын хүчин зүйл нөлөөлсөн байж болох ч давын өмнө тэд бусдын соёлоос суралцахад хэзээд нээлттэй байдаг хийгээд дорно дахины элементүүдийг өөрсдийн арга барилтай амжилттай хослуулж, олон нийтийн сонирхол татахуйц цоо шинэ зүйлийг бүтээж чаддаг нь амжилтынх нь нэгэн нууц мэт. "Хадмал гэх ганцхан инчийн саадыг та давж чадваас хангалттай олон гайхамшигтай бүтээлтэй танилцаж чадна" хэмээн Оскарын шагналт найруулагч Бун Жун Хугийн хэлсэнчлэн хэрэв зохиол, найруулга, жүжигчид хангалттай анхаарал татахуйц, авьяастай байж гэмээнэ үзэгчид хадмал орчуулгатай эсэхээс үл хамааран тухайн бүтээлд дурлаж, хайрлаж болохыг хангалттай олон солонгос драма сүүлийн жилүүдэд бахархалтай гэгч нь бусад орны кино бүтээгчдэд харуулж чадлаа.
Магад тэдний гаргасан энэ жим монголын кино бүтээгчдэд маань ч гэсэн үлгэр жишээ болж бид хэзээ нэгэн цагт Netflix дээрээс өөрсдийн орны контентыг үзэх болтугай хэмээх ерөөлтэй үгээр энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Санал болгох: BTS-ийг тайлбарлах нь: Ардын хөгжмөөс дэлхийн гайхамшиг хүртэл


































Сэтгэгдэл бичих (12)


B BC 192.82.86.67
LOL. Хайран цаг. Лүүзэр юмаа. Өрөвдчихлөө. Илүү үр ашигтай зарцуулсан бол, энэ их хэрэггүй баас судалж байхаар.
b better than badly written book 73.134.110.154
Unshij duuschaad neg tiim setgel hanamjtai medremj avsaan. Medeelliin chanar, aguulga, uyaldaa holboo geed sain bichsen baina. Hamgiin gol n vgiin songolt, nairuulga sain blaa.
O Ohin 66.181.161.8
Goy bolje ih udaan sain tsag zartsuulj bichsn ni medegdej baina. MASH IH BAYRLALAA UUNIIG BICHSEN HUND
З Зочин 103.26.193.24
100 жилийн дараа BTS-ийнхэн ч, бид нар ч, ARMY нар ч үхчихсэн бх болно. Одоо үхэлдээд бх хэрэггүй. Наадуул чинь зүгээр л зохион бгуулалттай мөнгөний машины хөөрхөн царайтай хэрэгслүүд. Ядаж л дууных нь үгийг өнөөгийн утсаа ширтэж, ганцаардсан охид хөвгүүдэд зориулж сэтгэлзүйч нартай хийлж хийж зохиодог.
R Raven 192.82.68.120
Uneheer chanartai medeelel hurgesend bayrlalaa. Kdrama sonirhdoggui ch bichih hev maygt n durlaad unshaad l bailaa. Niitlel dr bga link dr darahaar shine tab dr neegddg bolgoj boloh uu? Bayrlalaa
З Зочин 202.21.112.226
Үнэхээр урамтай уншиж дуусгалаа. Нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын нөлөөг сэтгэл хөдлөл, түүх жанр, өрнөл ялгарлаар нь шүүн тунгаасан нь үнэхээр урамтай нийтлэл болжээ. Бусад газруудын атаархлын жагсаалтад ямар ч эргэлзээгүй орох нийтлэл болсон санагдлаа
Б Бямбадорж 202.21.124.132
Чанартай сайхан нийтлэл уншлаа. Их хөдөлмөр зарцуулж, сайтар шүүсэн гэдэг нь уншихын хэрээр мэдрэгдээд сайхан байна. Чансаатай ийм нийтлэлүүд өшөө олныг бичих болтугай :)
G Guest 98.46.105.243
????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
Б БОЛД 202.126.89.184
Хөөөх үнэхээр их хөдөлмөр шингээж бичсэн байна. Баярлалаа юу болоод байгааг үнэхээр л сайн ойлголоо ????????♂️
З Зочин 192.82.80.108
Zochid buudliin ezen, I am sorry but I love you, Biy hamgaalagch geed kinoonuudiig bas nemj durdmaar sanagdlaa. Solongos entertainment salbar uneheer sain hugjij bgaa n uneen. Neg heseg manaihan savangiin duuri, kpop hamtlaguudiig n shoglodog bsan daa. Odoo bol suraltsahgui bhin argagui tiim tom, hollywood aas iluu bidend oirhon entertainment tov bolloo shude.
З Зочин 139.5.216.46
Хөдөлмөр шингээч их бичсэн байна. Харамсалтай нь зарим зүйлсийг хэт дэврэгсэн зарим утга санаа нь алдаатай, эсвэл тоо баримт нь дутуу байгаа нь ажиглагдлаа улам сайжрах байлгүйдээ
З Зочин 64.119.24.99
Ёстой хөдөлмөр шингэсэн сайхан нийтлэл болжээ????. Дундаас нь уйдамгүй урсаж уншигдаж байгааг ч дурдахгүй өнгөрч боломгүй. Үргэлж чанартай, чансаатай контент бүтээдэг Unread-ийн хамт олонд том амжилт хүсье!????