1905 онд Америкийн эрдэмтэн Н.Стивэнс, Э.Бийчэр нар эр хүйстэн XY харин эм хүйстэн XX бэлгийн хромосомтой байдаг хэмээх нээлтийг хийх хүртэл дэлхий дахин хүйс хэмээх ойлголтыг хоол унд, амьдралын хэв маяг тэр бүү хэл жирэмсэн эмэгтэйн сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг хэмээн нийтээрээ үнэмшдэг байсан гэвэл та итгэх үү? Хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл яагаад эрэгтэй, эмэгтэй хүйсэнд хуваагдан төрдөг байсны учрыг эцэст нь нэг юм X,Y хромосомын ачаар олж мэдсэн түүхтэй.
Ген өөрийгөө хувилж, дараачийн үед өвлөгдөн үлдэхийн тулд биднийг нөхөн үржихүйн үйл явцад хөтлөн оруулдаг. Эволюцын эл гайхалтай өгөгдөл биднийг хувьсаж өөрчлөгдөх боломжид хөтлөх төдийгүй генүүд маань хоорондоо холилдсоноор үр удамд маань өөр шинэ хувилбарууд дамжих боломжтой.
Гэвч бүх эрхтнүүд дундаас энэ гайхамшигтай хувьслыг гардан гүйцэтгэгч нөхөн үржихүйн эрхтний тухай бидний мэдлэг хамгийн хангалтгүй, бүрэн бус байдаг. Эмэгтэй хүний гадна бэлэг эрхтэнийг умайтай холбох мэдрэлийн холбоосны нэршил хүртэл "ичих" хэмээх латин үгнээс гаралтай гээд төсөөл дөө. 21-р зуунд ч хүмүүс дээрх сэдвийг нээлттэй ярилцахаас жийрхэж, хөшигний цаана үлдээснээс улбаалан жил ирэх тусам төрөл бүрийн БЗХӨ, умайн хүзүүний хорт хавдар гэхчлэн урьдчилан сэргийлэх боломжтой өвчний тархалт нэмэгдсээр буй нь харамсалтай.
Тиймдээ ч бид энэ удаагийн нийтлэлдээ эмэгтэй хүний биеийн хамгийн "чимээгүй" эрхтэн буюу шинэ амьдрал үүсгэх шидтэй умайн талаар таны мэдэх ёстой, мэдвэл зохих бүхнийг тайлбарлахыг хичээв.

ШИНЭ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ
Эхний сарын тэмдгээс цэвэршилтийн үйл явц хүртэл эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн эрэгтэй хүний бэлгийн эс буюу спермтэй нэгдсэнээр нэгэн шинэ амьдрал үүсгэдэг. Үтрээ нь хэвлийн доод хэсгийн дунд буюу давсаг шулуун гэдэсний хооронд байрлана. Харин хоёр өндгөвч нь үтрээний хоёр талд байрлаж, үтрээтэй умайн гуурсаар холбогдоно.
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнд өндгөвч болон умай багтдаг бөгөөд өндгөвчид өндгөн эсүүд тодорхой давтамжаар ялгарч улмаар хадгалагддаг. Харин умайн хүзүү нь үтрээ, умай хоёрын завсар байх нэгэн төрлийн хавхлага юм. Спермийг хэзээ дотогш оруулах, сарын тэмдгийн үеэр цус гарах, хүүхэд төрөх явцыг ч яг хэзээ гадагшлахыг нь шийддэг нэг ёсондоо хөл бөмбөгөөр бол хаалгач л гэсэн үг.
Сонирхуулахад, дөнгөж төрсөн эмэгтэй хүүхэд 1 сая гаруй өндгөн эстэй мэндэлдэг бол эрэгтэй хүний төмсөг өдөртөө 100 сая орчим эр бэлгийн эс үйлдвэрлэдэг. Өндгөн эс эр бэлгийн эстэй нийлж үр тогтох ба умай нь өндгөн эсийг эмбероноос эхлэн тэжээсээр ургийг төрөн төртөл хамгаалах чадалтай. Энгийнээр хэлбэл, бид өөрсдийн ирээдүйн үрсээ эрүүл, аюулгүй төрүүлэхийн төлөө нэн тэргүүнд хайрлах учиртай эрхтэн бол умай юм.

ҮР ТОГТОХ УРАЛДААН
Эр бэлгийн эс нь үтрээгээр дамжин умай руу орж, умайд байгаа өндгөн эстэй нийлэхийн тулд 20-30 см зайг туулах ёстой. Энэ нь хүнтэй жишвэл 10 км зайг сэлж туулахтай ижил юм. Өөрсдийн газар нутгийг орхин одож, цоо шинэ гадна ертөнцийг нээх хувьтай тэднийг сансрын нисгэгчидтэй ч зүйрлэж болохуйц. Гэсэн хэдий ч эмэгтэй хүний үтрээ нь маш хүчиллэг орчинтой тул сая сая эсүүд энэ хэсгийг даван гарч чадалгүй устдаг. Сая сая эсүүд уралддаг боловч цөөн хэд нь өндгөн эсэд хүрэх ч зөвхөн нэг нь л үр тогтоно. Уралдааны цорын ганц ялагч болсон баатарлаг эр бэлгийн эс өндгөн эсийн гаднах хальсыг өрөмдөн ороод бусад эсийг нэвтрэх боломжгүй болгох химийн бодисыг цацдаг. Амжилттай нэвтэрсэн ялагч маань эцэст нь өөрийн шагнал болох өндгөн эсийн бөөмтэй нийлэх боломжтой болж буй нь энэ. Ийнхүү үр тогтох үйл ажиллагаа дуусаж, үр хөврөл бий болсноор шинэ амь умай дотор бүрэлдэж эхэлнэ.

ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЬЁОГ
Дундад зуунтай харьцуулахад анагаах ухаан харьцангуй өндөр түвшинд хөгжиж, төрөл бүрийн өвчний учиг шалтгааныг олж нээсэн тэртээ 19-р зууны үед ч эмэгтэйчүүдийн өвчин, үр зулбалт, төрөхийн хүндрэл гэх асуудлын шийдэл тун бүрхэг байв. Тухайн цагт эмэгтэй эмч тун ховор байснаас үүдэн нөхөн үржихүйн эрхтэнд нь асуудал үүссэн эмэгтэйд хэвлийн үзлэг тун ховор хийхээс гадна үтрээний үзлэг бараг огт хийдэггүй, өвчтөнүүд өвдсөн газраа харуулах нь бүү хэл өвдсөн эрхтнийхээ нэрийг ч хэлэхээс эмээнэ. Тиймээс ч эмчийн өрөөнд байх загвар бие дээр зааж харуулдаг байсан гэдэгт итгэмээргүй. Тэр бүү хэл аймшигтай зүйл гэвэл XX зууны эхээр мэс засалчид "оофорестоми" гэх мэс заслын аргаар өндгөвч авах шинэ ажилбар хийж эхэлжээ. Уг мэс ажилбарыг сарын тэмдэг ирэх үед ихээр өвддөг зовуурьтай баян эмэгтэйчүүдэд өөрсдийнх нь сонголтоор арваад жил хийсэн ба 1906 он гэхэд 150 мянган америк эмэгтэй дээрх мэс ажилбарыг хийлгэсэн гэх судалгаа бий. Энэ мэтчилэн өнгөрсөн зууны дунд үе хүртэл "нууц" эрхтний талаарх эмч, эрдэмтдийн мэдлэг төдийлөн хангалттай бус байсныг илтгэх баримтуудыг дэлгэвэл нэлээд урт жагсаалт хөврөх биз ээ. Бидний өвөг дээдэс эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний талаарх ямар хачирхалтай таамаглал, бодолтой байсныг цааш мөшгөн хайвал:
- Эртний египет болон грекчүүд тухайн үед эмэгтэйчүүдэд тохиолдох бүхий л өвчний (ханиад томуу, хоолой өвдөх, гэдэс хямрах г.м) шалтгааныг умайгаас үүдэлтэй хэмээн итгэдэг байжээ. Эмэгтэй хүний сав биеийг нь тойрон тэнүүчилж, сэтгэл санааны болон бие махбодын бүх төрлийн өвчин үүсгэдэг гэж үздэг байсан гэнэ. Харин анагаах ухааны эцэг Гиппократ анхлан умай нь эмэгтэйчүүдийг эрчүүдээс эрс ялгаатай махбод болохын баталгаа хэмээн таамагласан билээ.
- Леонардо да Винчиг хүний биеийн анатомийг гайхалтай нарийн дүрсэлж зурснаар нь орчин цагт шагшин магтдаг хэдий ч мань эр эмэгтэй хүний нөхөн үржихүйн замыг буулгахдаа айхтар том алдаа гаргажээ. Тухайн үед тэрээр эмэгтэй хүний биед задлан хийхээс илүүтэй амьтдын нөхөн үржихүйн эрхтнийг судлахыг илүүд үзсэний улмаас амьтныхтай төстэй умай, үтрээ, өндгөвчийг зурсан байх хэмээн эрдэмтэд үздэг.
- "Үтрээ" гэх үгийг анхлан 1946 онд Уолт Дисней медиа зах зээлд ашигласан түүхтэй. Тухайн үеийн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэгч Кимберли-Кларк компани "Kotex" брэндийн сурталчилгаанд зориулан Уолт Диснейгээр "Сарын тэмдгийн түүх" нэртэй хүүхэлдэйн киног бүтээлгэж, дунд сургуулийн эрүүл мэндийн хичээлийн үеэр охидод үзүүлжээ.
- 1967 онд Кэтрин Свицер хэмээх тамирчин Бостоны марафонд албан ёсоор бүртгүүлсэн анхны эмэгтэй болсон боловч тэр даруйдаа олны эсэргүүцэлтэй нүүр тулах нь тэр. Учир юу гэвээс энэ хол зайд гүйх нь эмэгтэй хүний умайд тун осолтой бөгөөд хэт их ачаалал нь умайг гэмтээж магадгүй хэмээн эрэгтэй тамирчид түүнийг тэмцээнд оролцохыг хориглож байжээ. Магад энэ мэтийн батлагдаагүй мэдээллээс үүдэн эмэгтэйчүүд хэзээ хойно эрчүүдтэй адил спортоор хичээллэх эрхтэй болсон ч байж мэднэ.
ТООНЫ ХЭЛЭЭР
500: Жирэмсний сүүл үе гэхэд эмэгтэй хүний умай энгийн үеийнхээс 500 дахин томорсон байдаг. Энгийн үед эмэгтэйчүүдийн умайн бүтэц лийртэй төстэй бөгөөд ойролцоогоор 7 см урт, 5 см өргөнтэй байдаг нь атгасан гарын хэмжээтэй дүйцэхүйц гэсэн үг. Харин жирэмслэлтийн явцад умай жинхэнэ утгаараа өөрийнхөө ид шидийг үзүүлдэг гэхэд хилсдэхгүй. Хүүхэд өсөхийн хэрээр умай даган сунаж, улмаар жирэмсний сүүлийн долоо хоног гэхэд тарвасын дайтай болно.
500: Эмэгтэй хүн нөхөн үржихүйн амьдралынхаа туршид нийтдээ 500 орчим удаа жирэмслэх боломжтой. Өөрөөр хэлбэл эрүүл эмэгтэйн амьдралын мөчлөгт 500 гаруй сарын тэмдэг үзэгддэг байх нь.
4500: 4500 эмэгтэй тутмын нэг нь төрөлхийн умайгүй хорвоод мэндэлдэг (Олон улсад энэхүү эмгэгийг MRKH синдром гэж нэрлэнэ). Сүүлийн жилүүдэд умай шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж эхэлсэн бөгөөд 2014 онд Шведэд умай шилжүүлэн суулгасан анхны эмэгтэй эсэн мэнд амаржжээ.
2: Түүнчлэн үр хөврөлийн хөгжлийн үед ургийн гажгаас шалтгаалан маш ховор тохиолдолд хос умайтай хүүхэд төрөх нь ч бий. Энэ төрлийн эмгэг нь маш ховор буюу нийт эмэгтэйчүүдийн 0.1-0.5%-д тохиолддог. Хоёр умайтай төрсөн эмэгтэй хоёр умайн хүзүү, хоёр үтрээтэй байж болдог бөгөөд бусадтай адил хэвийн жирэмсэлж, нөхөн үржих боломжтой.

НЭР ТОМЬЁОНЫ ЛАВЛАХ
ДЭМБ-ын 2018 онд хийсэн судалгаагаар умайн хүзүүний хорт хавдраар дэлхийн дахинд хагас сая гаруй эмэгтэй өвчилж, 300 гаруй мянга нь энджээ. Дээрх хорт хавдар нь хөгжингүй орнуудаас илүүтэй Африк Сахар орчмын, Ази тивийн орнууд тэр дундаа Энэтхэг, зарим Төв ба Өмнөд Америкийн орнуудад түгээмэл бүртгэгддэг онцлогтой. Монгол эмэгтэйчүүдийн дунд өнгөрсөн онд л гэхэд 480 умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол илэрснээрээ зонхилох хавдрын хоёрдугаарт энэ өвчин эрэмбэлэгдэж буй. (Нийт хавдраар өвчлөгсдийн 14.2%). Зүүн өмнөд азийн бүс нутгийн орнуудад (Япон, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгос) дунджаар 100 мянган хүнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин 10.9 тохиолдол, нас баралтын түвшин 4.1 байгаа бол Монгол Улсад 100 мянган хүнд 23.5 тохиолдол, нас баралт 10.2 байгаа нь бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг анхаарууштай.
Умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) - Хавдрын тохиолдлын 99 хувь нь хүний Папиллома Вирус (ХПВ)-ээр үүсгэгддэг. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн тал хувь нь амьдралынхаа туршид ХПВ-ийн халдвар авдаг боловч маш цөөн тооны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар өвчилдөг байна. Хөгжингүй орнуудад эрт илрүүлгийн сорил (ПАП тест) хийж, ХПВ-ээс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсанаар умайн хүзүүний хавдраас сэргийлдэг.
Умайн хүзүүний эсийн шинжилгээ - Бидний умай буюу сав маань өвчний эцсийн шат хүртэл ямар нэгэн зовуурьгүй өвддөг "дүлий" эрхтэн тул УХХХ-аас сэргийлэх хамгийн оновчтой арга нь урьдчилан сэргийлэх үзлэг буюу ПАП тест. Монгол улсын тухайд умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 30-60 насны эмэгтэйчүүд 3 насны давтамжтайгаар /30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60/ харьяа өрхийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
ХПВ вирусын эсрэг вакцин - УХХХ-аас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэгд вакцин ордог. Энэхүү вакцин нь ХПВ-ын гадна бүрхүүлтэй адил бүтэцтэй вирус төст хэсгүүдийг агуулдаг. Вирус төст хэсгүүд нь вирус агуулдаггүй тул ХПВ-ын халдвар үүсгэхгүй, вирусын эсрэг үүсэх эсрэг биеийн хөгжлийг дэмжсэнээрээ халдвараас урьдчилан сэргийлдэг хэмээн энгийнээр ойлгоход болно. Түүнчлэн вакцины тусламжтай урьдчилан сэргийлэх боломжтой маш ховор өвчнүүдийн нэгд УХХХ багтдаг гэдгийг онцлууштай.

Түгээмэл асуулт, хариулт
УХХХ ямар зовууриар илэрдэг вэ?
Дээр хэлсэнчлэн умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах шинж тэмдэг байдаггүй тул зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилно. Харин өвчний хожуу үед:
- Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
- Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
- Хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх
- Гуя руу дамжиж өвдөх
- Тодорхой шалтгаангүй турах
- Бие сульдан, ядарч тамирдах шинж илэрдэг байна.

Эсийн шинжилгээ өгөхөд өвдөх үү?
Энэ шинжилгээ нь умайн хүзүүнээс наалдац авч, эсийг тусгай аргаар будаж, микроскопоор харан эсүүдийг шинжилж, дүгнэлт гаргадаг бөгөөд эмэгтэйчүүдийн үзлэг хийх явцад наалдац авдаг. Энэ шинжилгээ нь оношилгооны өндөр үр дүнтэй. Урт удаан цаг хугацаа шаардахгүй. Өвчтөнд ямар ч өвдөлт өгөхгүй, гэмтэл учруулахгүй.
ХПВ вирусын эсрэг вакциныг хэрхэн хийлгэх вэ?
ХПВ-ийн вакцинжуулалт нь умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэнд ХПВ халдварлахаас сэргийлнэ. Уг вакциныг хөгжингүй орнуудад 11-12 насны охид, хөвгүүдэд хийхийг зөвлөдөг боловч хамгийн эртдээ 9 насанд, хамгийн хожуу 26 насанд хийлгэж болно. Сайн мэдээ гэвэл Монгол Улс энэ оноос эхлэн 9-13 насны охидод ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакциныг хийж эхэлсэн байна.

САЯ ДОЛЛАРЫН ЭРГЭЛЗЭЭ
Зөвхөн бэлгийн замбараагүй хавьтагчтай эмэгтэйчүүд л УХХХ-аар өвчилдөг шдээ.
Үгүй. Уг өвчин бэлгийн харилцаанаас үүдэн үүсэх боломжтой ч үрэвсэлт өвчнөө эмчлүүлэхгүй удах, ерөндөг хэт удаан тавиулах, гормоны өөрчлөлт, удамшил гээд олон хүчин зүйлс нөлөөлж болох. Тийм ч учраас бусдаас ичиж санаа зоволгүйгээр тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж, урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх нь тун чухал.
Өвдөхөөр нь гялс эмчлүүлчихнэ дээ.
Хүний биед дунджаар ХПВ вирус 5-15 жил болж байж хавдар үүсгэдэг. Энэ хугацаанд хавдрын өвчнөөс эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрт илрүүлбэл өвчин бүрэн эдгэрнэ, эмчилгээ ч үр дүн сайтай. Харин хавдрын түвшинд шилжсэн бол байдал маш аюултай. Умайн хүзүүний хорт хавдартай монгол эмэгтэйчүүдийн 59.3 хувь нь таваас дээш жил амьдардаг гэсэн судалгаа бий.
Юу нь ч өвдөөгүй нялх охиндоо вакцин хийлгэхгүй.
Охидыг ХПВ-ын халдварт өртөхөөс нь өмнө дархлаажуулалтад хамруулах учиртай тул 9-13 нас хэмээн заасан. Бэлгийн харьцаа эхлэнгүүт ХПВ-ын халдвар авах магадлалтай тул ХПВ-ын эсрэг вакциныг бэлгийн харьцаа эхлээгүй охидод хийх нь зүйтэй гэж үздэг. Олон улсад хийгдсэн судалгаагаар ХПВ-ын эсрэг вакцин хийлгэсэн 15-аас доош насны охидод үүссэн эсрэг биетийн тоо 15-аас дээш насны охидынхоос илүү байсан аж.

ИРЭЭДҮЙГЭЭС ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ
ХПВ илрүүлэх апп: Америкийн Үндэсний Хавдар Судлалын Нийгэмлэгийн (NCI) зүгээс хөгжүүлж буй хиймэл оюун ухааны тусламжтай ойрын ирээдүйд эмэгтэйчүүд зайлшгүй ПАП тест өгөлгүйгээр зөвхөн бэлэг эрхтнийхээ зургийг дарж, тусгай апп-д уншуулаад хэвийн аль эсхүл өөрчлөлттэй байгаа эсэхээ олж мэдэх боломжтой гэнэ. Энэ дэвшилтэт технологи нь жил бүр шинжилгээнд орох боломжгүй амьжиргааны түвшин доогуур эмэгтэйчүүд болон ПАП тест буруу аргачлалаар хийгдэх өндөр эрсдэлтэй хөгжил буурай орнуудад эерэг үр дүн авчрах нь дамжиггүй.
Робот умай: Хятадын Жиансу мужийн Шизоу биохими инженерийн технологийн институтаас роботын умайд хүүхэд тээх нээлтийг хийгээд байна. Энэхүү робот нь хэдийнээ хэд хэдэн хулганын үр хөврөлийг амжилттайгаар бойжуулж буй. Гэсэн ч хүний үр хөврөлийг роботонд тээх нь одоогоор олон улсын хуулиар хориотой хэвээр байгаа тул туршилт хийж чадахгүй байгаа аж. Роботын умайд ураг тээх технологи нь үр хөврөлийг хянаж, өөрчлөлтийг илрүүлж чадах төдийгүй судлаачид нь өөрсдийн хөгжүүлж буй системээ уламжлалт хүүхэд төрүүлэх үйл явцаас илүү аюулгүй байх болно гэж амлажээ.


Сэтгэгдэл бичих (1)


D DR. PRADHAN 102.89.41.107
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)