Бид төрөл бүрийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн бэлтгэсэн чанартай нийтлэл, материалуудыг уншигчдад энгийнээр, илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор “Зочин нийтлэлчийн булан” нээж буйгаа зарлахад таатай байна. Энэхүү булан нь долоо хоног бүрийн баасан гарагт шинэчлэгдэж, шинэ нийтлэлээр та бүхэнтэйгээ уулзах юм. Ажиллаж буй салбар, судалж буй сэдвийнхээ хүрээнд шинэ санаа, сонирхолтой ажиглалт, чухал дүгнэлт гаргаж тавих мэргэжилтнүүдийг энэхүү буланд хамтран ажиллахыг урьж байна. 

Эхний дугаартаа бид "Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо"-ны Бодлого ба хамтын ажиллагааны ахлах менежер Э.Нандин-Эрдэнийн санхүүгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх нийтлэлийг онцлон хүргэж байна. Тэрээр санхүүгийн салбарыг илүү жендэрийн мэдрэмжтэй болгох чиглэлд 2021 оноос эхлэн багагүй судалгаа хийсэн бөгөөд жендэрийн эрх тэгш байдлын тухай ерөнхий ойлголт, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтууд болон санхүүгийн байгууллагын эмэгтэй харилцагч нарт тулгардаг асуудлыг тоо баримт, судалгаан дээр үндэслэн тайлбарласан юм.


Монголын санхүүгийн салбар өнгөрөгч жилүүдэд байгаль орчны асуудлуудад илүүтэйгээр анхаарч ажиллажээ. Тухайлбал ногоон санхүүгийн урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Үндэсний ногоон таксономи боловсруулж, санхүүгийн байгууллагууд ногоон санхүүгийн бүтээгдэхүүн олноор хөгжүүлж, иргэд, бизнес эрхлэгчид түүний ашиг шимийг хүртэж, шууд бус утгаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байна. Гэвч бид нийгмийн асуудлууд, тухайлбал жендэрийн асуудлыг санхүүгийн үйл ажиллагаанд төдийлөн авч үзэлгүй иржээ. Энэ нь нийгмийн үр нөлөөг хэмжих, бүртгэх, тайлагнах тогтолцоо бүрдээгүйтэй ч мөн холбоотой юм.

"Тогтвортой санхүүгийн санаачилга" Монгол Улсад 2013 оноос эхэлсэн бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд манлайлан тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, шийдлийг нэвтрүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж ирэв. "Тогтвортой санхүүгийн санаачилга" өргөн дэмжлэг хүлээснээр "Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)" төрийн бус байгууллага 2016 онд бие даан байгуулагдаж гишүүн банк, санхүүгийн байгууллагуудын идэвх оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.


Монгол Улсын хувьд 2014 оныг хүртэл ядуурлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хүн амын тодорхой хэсгийг ядуурлын шугамаас дээш гаргаж чадсан. Гэвч сүүлийн үеийн үзүүлэлтүүд ядуурлын хувь хэмжээ эргээд нэмэгдсэн байгааг харуулж буй нь манай улсын эдийн засгийн төрөлжилт хангалтгүй, аливаа хямралд өртөмтгий байгааг илтгэх аж. Мөн эдийн засгийн өсөлт жигд хүртээмжтэй бус байгаагаас нийгмийн зарим бүлгүүд хөгжлийн гадна үлддэг бөгөөд тэр дундаа тодорхой эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон болон хувиараа хөдөлмөр эрхлэгч (албан бус бизнес эрхлэгч) эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд ихээхэн эмзэг байгаа юм. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс буюу нийгэмд тогтсон ташаа ойлголт нөлөөлж байгааг нэг бүрчлэн авч үзэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөв тодорхойлолт өгөхийг хичээлээ.



Жендэрийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай биш

Тэгш байдал гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эрх, үүрэг, боломж нь тэдний хүйсээс үл хамаарч, адил тэгш байх гэсэн утгатай юм. Тиймээс жендэр нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш. Харин эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эдлэх тэгш эрх, хүлээх үүрэг, олгогдсон боломж юм. Манай улс жендэрийн эрх тэгш байдлыг хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдүүлж, олон улсын өмнө тодорхой үүрэг амлалтуудыг авсан нь салбар бүрд жендэрийн эрх тэгш байдлыг хөгжүүлэх суурь болдог. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдаж, улмаар уг хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий институци болох "Жендэрийн үндэсний хороо" байгуулагдсанаар хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлыг хамгаалах эрх зүйн үндэс тавигдсан билээ.

Монгол Улс жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд дэлхийн 156 орноос 69-р байр эзэлж, эдийн засгийн оролцоо, боломжийн ялгааны дэд индексээр дэлхийд 23-р байранд жагссан үзүүлэлттэй байна.

хэн, хаана, яаж ажиллаж байна?

Манай улсад эмэгтэйчүүдийн боловсролын хамрагдалтын түвшин дэлхийн бусад орнуудтай харьцуулахад өндөр байдаг ч энэхүү давуу талаа ашиглан хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож төдийлөн чаддаггүй. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны 2020 оны мэдээллээр эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс 10.5 хувь бага байгаа юм.


Харин аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын дундаж цалинг авч үзэхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 16.3 хувиар бага цалин хөлс авдаг байна. Түүнчлэн ижил төрлийн ажлын байранд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага цалин авдаг бөгөөд цалингийн хувьд жендэрийн зөрүүтэй байдал хэвээр үлдсэн аж. Тухайлбал, магистр ба түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд яг ижилхэн түвшний боловсролтой эрэгтэйчүүдээс дунджаар 22 хувиар бага цалин авдаг нь судалгаагаар тогтоогджээ. Эмэгтэйчүүд худалдаа, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг уламжлалт сэтгэлгээгээр “эмэгтэйчүүдийн” хэмээн танигдсан салбаруудад түлхүү ажилласаар байгаа юм.

Хэдийгээр эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаан дахь эмэгтэйчүүдийн оролцоо сайжирч, “мэргэжилтнүүд”-ийн түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин эрэгтэйчүүдийнхээс бараг хоёр дахин илүү байгаа боловч шийдвэр гаргах, удирдах дээд албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөн хэвээр буй билээ.

хэвшмэл ойлголтыг халахуй

Хэвшмэл ойлголт гэдэг нь тухайн хүн өөрийн хамаарч буй нийгмийн бүлгийн талаарх сөрөг хэвшмэл ойлголтыг баталсан нөхцөл байдлын гэрч болох үйл явц, аливаа хүний зан авирыг өөрчилж чадна гэсэн ташаа ойлголт.

Уг үйл явцыг өргөн хэмжээнд баримтжуулсан бөгөөд 300 гаруй эрдэм шинжилгээний судалгаагаар сөрөг хэвшмэл ойлголтыг онцолсон тохиолдолд энэ нь өөрөө биелдэг болохыг харуулсан. Жишээлбэл, арьс өнгөнийх нь талаар сануулахад цөөнхийн бүлгийн оюутнууд стандарт шалгалтдаа цагаан арьст оюутнуудаас муу дүн авдаг бол энэ хэвшмэл ойлголтыг сөхөөгүй тохиолдолд шалгалтаа яг ижил түвшинд өгч байсан аж. Мөн ахмад настнуудаас ой тогтоолтын тест авахын өмнө тэдний насыг онцолсон тохиолдолд тэд тестээ муу гүйцэтгэж байжээ. Ийм сэтгэлгээ нь зан үйлийг өөрчилдөг. Арьс өнгө, угсаа гарал, соёлтой холбоотой ойлголтууд хамгийн түгээмэл тохиолддог сөрөг хэвшмэл ойлголтууд юм.



Ташаа ойлголт #1 - Эмэгтэйчүүдэд гэрийн болон асрах сувилах ажил зохидог тул илүү их цаг зарцуулах ёстой.

Нийгэмд тогтсон жендэрийн хэвшмэл ойлголт болон соёл, хандлагаас шалтгаалан гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь ёсоор гэр ахуйн ажил үүргийн ихэнх нь эмэгтэйчүүдэд ногддог. Хүүхэд асрах болон гэр бүлийн цалин хөлсгүй хөдөлмөрийн дийлэнх нь эмэгтэйчүүдийн нуруун дээр байдаг нь эмэгтэйчүүд албан бус эдийн засагт шилжих бас нэгэн нөхцөл болдог байна. Тухайлбал, асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүдийг асрах гэх мэт цалин хөлсгүй хөдөлмөрт монгол эмэгтэйчүүдийн зарцуулдаг цаг эрэгтэйчүүдийнхээс даруй 2.1 дахин их байдаг. Мөн эрэгтэйчүүд гэр орны цалин хөлсгүй ажилд өдөрт 117 минут зарцуулдаг бол эмэгтэйчүүд дунджаар 281 минут зарцуулж байна. (ҮСХ, 2020) Түүнчлэн, монголын нийт хүн амын 6 хувь нь гэр бүлийнхээ эмэгтэй хүнийг гэрээс гадуур цалин хөлстэй ажил эрхлэхийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. (ЭЗХАХБ, 2019)

Нөгөө талаас, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үүргийн талаарх жендэрийн хэвшмэл ойлголт нийгэмд хүчтэй байсаар байгаа нь Монгол Улсын хүн амаа өсгөх бодлогын нөлөө байж болох юм гэж судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл, төрөөс төрөлтийг дэмжих бодлого явуулж байгаа ч олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд асрах үйлчилгээ болон цэцэрлэгийн хүртээмж, хүрэлцээ муугаас болж гэртээ хүүхдүүдээ харахаас өөр эдийн засгийн үр ашигтай сонголт хийх боломж байхгүй байна.



Ташаа ойлголт #2 - Эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээх ёстой.

Эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээх ёстой гэсэн хүлээлт Монголд маш өндөр байгаа бөгөөд хөвгүүд, эрчүүд хүчтэй байж, сэтгэл хөдлөлөө харуулахгүй байхыг шаарддаг. Мөн сэтгэл хөдлөлөө харуулах нь сул дорой байдлын шинж гэж үзэн, нийгмээрээ хүлээн зөвшөөрдөггүй. Ийм хүлээлт, нийтээр хэвийн гэж үздэг зохисгүй зан үйлийн улмаас эрэгтэйчүүд хохирч, дундаж наслалт эмэгтэйчүүдээс асар их зөрүүтэй (9.6 жилээр бага) байх нөхцөл үүсдэг. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн үүргийг ихэвчлэн эхнэр, ээж, амраг, гэрийн эзэгтэй, бэлгийн объект, гоёл чимэглэл гэж харах нь элбэг бөгөөд улмаар энэ үзэл баримтлалаар маркетингд дүрсэлж, жендэрийн хэвшмэл ойлголт даамжрахад хүрдэг.

Түүнчлэн санхүүгийн салбарын маркетингийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийг ихэнхдээ үл ойшоож, зар сурталчилгааны агуулгад оруулдаггүй. Хэвлэл мэдээлэл, маркетингд жендэрийн үүргийг эергээр харуулан, эмэгтэйчүүдийн үзэл бодлыг тусгаж, нийгэм дэх эмэгтэйчүүд, охидын үүрэгтэй холбоотой хэвшмэл ойлголтуудаас зайлсхийх замаар нийгэмд тогтсон хэм хэмжээ, ялгаварлан гадуурхалттай тэмцэх боломжтой.


Санхүүгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдал

Санхүүгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлыг авч үзвэл, “Монгол Услын Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамрагдах байгууллага, агентлагийн жендэрийн стратегийн дунд хугацааны бичиг баримт” нь санхүүгийн салбарт хамааралтай цорын ганц жендэрийн бодлогын баримт бичиг юм. Гэвч уг баримт бичигт хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагуудад хамаарах асуудлыг оруулаагүй байдаг.



Дотоодын зарим санхүүгийн байгууллага жендэрийн асуудал хариуцсан тусгай нэгж буюу "Жендэрийн хороо"-той байгаа бөгөөд байгууллага доторх жендэрийн эрх тэгш байдлыг хариуцдаг ажилтантай банкууд, нийт банкны 25 хувийг эзэлж байна. Арилжааны банкны нийт ажилтнуудын 63 хувийг, дунд түвшний удирдлагуудын 43 хувийг, салбарын захирлуудын 45 хувийг, харин гүйцэтгэх түвшний удирдлагын 28 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эндээс албан тушаал ахих тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл багасаж байгааг харж болно. (ТоС-ийн хэрэгжилтийн үнэлгээ, 2021)

Санхүүгийн салбарын жендэрийн эрх тэгш байдлын суурь судалгаанд оролцсон томоохон банк, ББСБ-уудын 31 хувь нь жендэрийн бодлого, стратегитай байгаа бөгөөд харин 54 хувь нь жендэрийн асуудлыг тусгасан бодлого, стратегийг боловсруулж байна. Жендэрийн бодлоготой санхүүгийн байгууллагуудын "жендэрийн бодлого 2"-д тусгасан асуудлуудыг авч үзвэл, банкуудын 77 хувь нь хөдөлмөрийн хуульд тусгасан шаардлагаас илүү их амралт, чөлөөний боломжийг ажилтнууддаа өгөх, ижил тэгш ажил эрхлэх боломжийг олгох, 69 хувь нь уян хатан ажлын хуваариар ажиллах, 62 хувь нь ижил тэгш цалин, урамшуулал олгох, 54 хувь нь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай асуудлуудыг тус тус бодлого, журамдаа тусгасан байдаг.

ТоС Холбоо нь 2015 оноос эхлэн гишүүн санхүүгийн байгууллагууддаа тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн үнэлгээг жил тутам хийж ирсэн бөгөөд 2021 оноос эхлэн жендэртэй холбогдох асуудлыг үнэлгээний асуулгад нэмж оруулсан. Арилжааны банкуудын жендэрийн чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг таван талбарт авч үзсэн юм. Үүнд:

  • Бодлого
  • Ажилтнууд
  • Харилцагчид
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Чадавх бэхжүүлэлт ба тайлагнал гэсэн талбарууд багтсан ба үүнээс салбарын хэмжээнд жендэрийн бодлоготой болох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ жендэрийн мэдрэмжтэй болгох чиглэлд илүү их ажиллах шаардлагатай харагдаж байв.


тэгш тоо ≠ ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Аливаа үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш тоогоор оролцуулбал тэгш байдал хангагдана гэж андуурдаг. Гэвч тэгш оролцоо гэдэг нь өөр өөр хүйсийн гарал үүсэл, ялгаатай бүлгүүд, хувь хүмүүсийг нийгэм, соёлын хувьд хүлээн зөвшөөрч, адил тэгш харьцах хүчин чармайлтыг хэлнэ.

Эмэгтэйчүүд харилцах, хадгаламж, зээлийн дансны тоогоор эрэгтэйчүүдээс илүү байгаа хэдий ч авч буй санхүүжилтийн хэмжээ нь эрчүүдээс даруй 25 хувиар бага, харин нэг эмэгтэй зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ нь эрэгтэйчүүдээс 31 хувиар бага байгаа юм. Харин нийт чанаргүй зээлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс дунджаар 18 хувиар бага байдаг буюу сайн зээлдэгчид гэдгийг батлах статистик мэдээллүүд бий.

Дотоодын санхүүгийн байгууллагуудын санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг авч үзвэл, нийт арван нэгэн арилжааны банкны дөрөв нь, шилдэг арван ББСБ-ын нэг нь эмэгтэйчүүдэд зориулсан тусгай санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй байна. Гэвч “эмэгтэй жижиг дунд бизнес эрхлэгч” гэсэн хуулийн тодорхойлолт байхгүйгээс шалтгаалан санхүүгийн байгууллагуудын эмэгтэй бизнес эрхлэгчид тавих шаардлага янз бүр байдаг. Тухайлбал зарим банкны хувьд ТУЗ-ийн 51-ээс дээш хувь эмэгтэй бол "эмэгтэй бизнес эрхлэгч" гэж үзэх бол зарим банкны хувьд энэ хувь нь 66.7 хувь байх жишээтэй. Эмэгтэйчүүдэд зориулсан тусгай санхүүгийн бүтээгдэхүүний зээл олгох дээд хэмжээ нь нэг тэрбум төгрөг хүртэл дүнтэй, зээлийн хугацаа 36 сар хүртэл, хүү нь жилийн 12-15.6 хувь, зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх хугацаа 6-12 сарын хугацаатай байна. (Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээ, ТоС Холбоо, 2021)


Эмэгтэйчүүд санхүүгийн үйлчилгээ авахад тулгардаг саад бэрхшээлүүд

Нийгэмд тогтсон жендэрийн хэвшмэл ойлголтоор үл хөдлөх хөрөнгийн эзэмшил ихэвчлэн гэр бүлийн эрэгтэй гишүүдийн (аавын, том ахын, нөхрийн г.м) нэр дээр байх нь түгээмэл бөгөөд энэ нь эмэгтэйчүүд зээл, санхүүжилт авахад томоохон бэрхшээл болдог байна. Түүнчлэн эмэгтэйчүүд гэрлэлтийн байдлаас болж хэрэгцээтэй санхүүжилтээ авч чадахгүй байх тохиолдол гарсаар буй. Тухайлбал ихэнх санхүүгийн байгууллагууд хамтран зээлдэгчийн шаардлага тавьдаг жишээг дурдаж болно. Мөн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй, хүүхэд асрах тухай нийгмийн хэвшмэл ойлголт нь эмэгтэйчүүдийг эрсдэлтэй зээлдэгч гэж харахад нөлөөлдөг. Дээр дурдсанчлан, цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдал, гэрийн ажил, хүүхэд, ахмад, өвчтөнүүдийг асрах цалин хөлсгүй хөдөлмөрт эрэгтэйчүүдээс илүү их цаг зарцуулдаг зэрэг байдалтай холбоотойгоор санхүүгийн үйлчилгээ авахад орон зай, цаг хугацааны хязгаарлагдмал байдалд ордог.


Түүнчлэн бичил, жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ихэвчлэн оёмол, хатгамал бүтээгдэхүүн, гоёлын эд зүйлс гэх мэт өрхийн шинжтэй, бизнесийн хэмжээгээр эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй жижиг байх хандлагатай байдаг. Гэвч санхүүгийн байгууллагын эрэгтэй ажилтнууд дээрх эмэгтэйчүүдийн бизнесийн онцлогийг ойлгохгүй байх, үл хүндэтгэх, жендэрийн мэдрэмжгүй хандлага гаргах зэрэг нь эмэгтэйчүүд зохих санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгаануудын нэг мөн.

жендэрийн мэдрэмжтэй байхын давуу талууд

Жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн үйл ажиллагаа явуулах нь нийгэмд эерэг нөлөө авчрахаас гадна тухайн байгууллагад ч хэд хэдэн давуу тал бий болгодог. Ихэнх томоохон гаднын хөрөнгө оруулагчдын санхүүжилт хийх нэг шаардлагад жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой шаардлага ороод удаж буй. Тухайлбал "Уур амьсгалын ногоон сан", олон талт хөгжлийн байгууллагууд санхүүжилт олгохдоо жендэрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэгч жендэрийн хороотой болох, нийт ашиг хүртэгчдийн тоонд квот заах, жендэрийн үнэлгээ хийх, нээлттэй тайлагнахыг шаардах замаар жендэрийн эрх тэгш байдлыг хангуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн дэлхий даяаршлагдах тусам хүний эрх, тэгш байдлын асуудалд олон нийт анхаарлаа хандуулж, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх болсон. Иймд нийгмийн өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын шаардлага, тэгш байдлын төлөөх өсөн нэмэгдэж буй дуу хоолойг анзаарч үйл ажиллагаагаа түүнтэй уялдуулах, харилцагчид болон зах зээлээ хамгаалах зорилгоор санхүүгийн байгууллагууд одооноос дорвитой алхам хийж эхлэх цаг нь болжээ. Зөвхөн шаардлага гэж харахаас илүүтэйгээр жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр нэр хүндтэй байх, хүний нөөцөө тогтоон барих, эрүүл, тэнцвэртэй, олон талыг бодолцсон шийдвэр гаргах зэрэг эерэг давуу талууд ч бий.