НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хүн төрөлхтөн 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгох зорилт дэвшүүлсэн билээ. Дэлхийн 190 гаруй орнууд тэг рүү тэмүүлж буй энэ цаг үед манайд байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж буй бизнесүүд нэгдэж, тогтвортой хөгжлийн төлөө ажиллаж байна. 

Энэ хүрээнд “Shambala 2056” инженерийн сэргээгдэх эрчим хүчний кампус, “HybOrg” hybrid хувцасны брэнд болон хог хаягдлын "Өнгө нэм" байгуулага хамтран байгальд ээлтэй технологийн санаачилгуудыг нэгтгэж, ногоон хөгжлийн төлөөх түншлэлийг бий болгох зорилготой "Go Zero" арга хэмжээг энэ сарын 25-нд Hub Innovation Center-д зохион байгуулах гэж байна. 

тэг рүү тэмүүлэхийн учир 

Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбумд хүрэх тооцоо бий. Тэр он цаг үед бид хүлэмжийн хийг ялгаруулалтыг 0 болгох амлалт өгсөн. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд дэлхийн 193 орон тогтвортой хөгжлийн төлөөх арга хэмжээнүүдийг дэс дараатайгаар авч хэрэгжүүлэх амлалт өгч, хүлэмжийн хийг бууруулах даалгавар авсан юм.

Хэрэв бид нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 0 болгож чадахгүй бол дэлхийн дундаж температур 1.5-2 хувиар нэмэгдэх магадлалтай. Дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр нийт амьд амьтадын 90 хувь устах, байгалийн гамшигт үзэгдлийн тоо 3-5 дахин ихсэх зэрэг олон сөрөг үр дагавар бий болох эрсдэлтэй.

Тиймээс дэлхийн 193 орон хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахаар төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Манай улсын хувьд ч хувийн хэвшлийн олон салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүд хүлэмжийн хийг бууруулахаар өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.


Арга хэмжээг танилцуулах нь 

Арга хэмжээнд хүрэлцэн ирснээр хүлэмжийн хийг бууруулах зорилгод нэгдсэн Монголын технологи, үйлдвэрлэл, байгальд ээлтэй төслүүдийн олон шийдлүүдтэй танилцах боломжтой.

Сонирхолтой нь, арга хэмжээ эхлэхээс дуусах хүртэл оролцогчдын идэх, уух, гар утсаа ашиглах, эрчим хүч хэрэглэх, хог хаягдал бий болгох зэрэг тухайн хугацаанд гаргаж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг бодит үйлдэл, шийдлүүдийн тусламжтайгаар эргүүлэн 0 хэмжээнд бууруулах юм.

Ингэснээр тулгамдаад буй байгаль цаг уурын өөрчлөлтөд шууд, үр дүнтэйгээр нөлөөлөх олон арга зам, дадал зуршлуудыг таниулан, итгэл найдвар, хамтралыг үүсгэх чухал үр нөлөөтэй хэмээн үзэж буй.

Арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Өнгө нэм, Toki, Худалдаа хөгжлийн банк, Yves rocher байгууллагууд оролцож буй бол 10 гаруй бизнес дэмжигчээр ажиллаж, хүлэмжийн хийг бууруулах нөлөөллийн арга хэмжээнд нэгдээд байна.


юу болох вэ? 

Арга хэмжээний туршид байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг технологийн тусламжтай хэрхэн бий болгох аргуудаас хуваалцах аж.

Мөн хувцасны хог хаягдлыг бууруулж, дахин загварчлах, AR, блекчейн технологийг ашиглан, (Fast fashion) хямд үнэтэй, олон сая ширхгээр үйлдвэрлэгдэх загвараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдлийг танилцуулах юм.

Монгол орны цөлжсөн бүс нутагт урлаг технологиор дамжуулан хэрхэн нөхөн сэргээлт хийж хүлэмжийн хий бууруулж буй туршлагыг хуваалцана. Түүнчлэн органик хог хаягдлыг боловсруулж хөрс бордоо болгох замаар хүлэмжийн хий бууруулах арга замыг бодитоор харуулах аж.

Үйл ажиллагааны чиглэл юу байх вэ?

  • Хүлэмжийн хийг бууруулах арга технологийн шийдлүүдийг танилцуулах
  • Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг технологиор дамжуулан хүргэх
  • Тогтвортой хөгжлийн зорилтуудын индикаторуудыг нутагшуулах
  • Сэргээгдэх эрчим хүчийг хүлэмжийн хий бууруулахад ашиглах

Хэн оролцох вэ?

  • Байгальд ээлтэй технологи
  • Хог хаягдлын менежмент
  • Хувцас үйлдвэрлэл
  • Дахин боловсруулах үйлдвэр
  • Банк, санхүү
  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн эрдэмтэн, судлаачид болон дижитал уран бүтээлчид оролцоно.

ирэх шалтгаан 

Ойлгох нь
Арга хэмжээнд оролцсоноор чухам яагаад хүлэмжийг хийг бууруулах шаардлагатай байгааг бүрэн дүүрэн ойлгох боломжтой. Мөн өдөр тутмын амьдралын хэрэглээгээ байгальд ээлтэй болгох олон боломжит сонголтыг танилцуулна.

Хэрэгжүүлэх нь
Оролцож буй байгууллагуудын шинэ шийдэл болон бүтээгдэхүүнүүдтэй танилцаж анхны хэрэглэгчид нь болох боломжууд бүрдэнэ.

Нэгдэх нь
Байгальд ээлтэй, бизнесийн ёс зүйтэй, тогтвортой хөгжлийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бизнес, санаачилж буй холбогдох хүмүүстэй танилцан хүрээллээ тэлэх, хамтрах чухал цэг болно.