НҮБ-ын Нийгэмлэгээс “НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Уг хөтөлбөрийн "Гоё дэлхийтэй хүмүүс" төслийн багаас 16-25 насны залууст ногоон бизнесийн ач холбогдол, үр нөлөөг түгээх зорилгоор "Greenify" хакатоныг есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгууллаа.
Энэ хүрээнд хакатоны оролцогчдод НҮБ-ын тогтвортой хөгжлийн “Хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих” зорилгыг таниулж, сэдэвтэй холбоотой сургалтуудыг мэргэжилтнүүдийг урьж оролцуулан танилцуулсан юм. Үүний дагуу хог хаягдлын менежмент, хариуцлагатай үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээг дэмжих чиглэлд залуус сонирхолтой шийдлүүд боловсруулж, туршсаныг онцлон хүргэж байна.
ХАКАТОНЫ ТУХАЙ
Энэхүү хакатонд нийт 172 өргөдөл ирснээс шалгарсан 50 оролцогчдод хоёр өдрийн туршид дизайн сэтгэлгээний аргачлал, холбогдох сэдвүүдээр санаа гаргах орон зай өгснөөс гадна ногоон бизнес, санхүүжилт сэдвээр онлайн сургалт оржээ. Энэ дагуу нийт 11 баг хог хаягдал, цэвэр технологитой холбоотой төсөл, санаа гарган уралдаж, шилдэг гурван санааг шалгаруулсан юм.
Онлайн сургалтын эхний өдөр "Лхамур" компанийн гүйцэтгэх захирал Д.Хулан оролцож, өөрийн ногоон бизнес, ногоон үйлдвэрлэл эрхэлж буй туршлагаас хуваалцжээ. Мөн Юнител группын Тогтвортой хөгжил хариуцсан мэргэжилтэн С.Уянга дижитал хог хаягдлын талаар танилцуулсан байна. Түүнчлэн "Эйрий" компанийн Гүйцэтгэх захирал М.Оюунгэрэл ногоон бизнестэй холбоотой мэдээллүүдийг хуваалцжээ.

Харин дараагийн өдөр хуучин Банк санхүүгийн академийн сургагч багш, Арвид Гейт ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болормаа санхүүжилтийн төрлүүд, санхүүжилт босгох талаар мэдээлэл өгсөн бол "Хөх Үүр" компанийн гүйцэтгэх захирал С.Сайнбилэг ногоон мал аж ахуй эрхлэх тухай болон төсөлдөө хэрхэн санхүүжилт босгосон талаар туршлагаасаа хуваалцлаа.
Энэхүү хакатоныг цаашид Засгийн газраас хэрэгжүүлж буй "NextGen" төслийн хүрээнд Дархан-Уул аймагт хэрэгжих ахлах ангийнханд зориулсан экологийн боловсрол хөтөлбөрт тусгахаас гадна цаашид илүү олон аймагт хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэж байгаа ажээ.
I БАЙР - АНГИЛЛАА ТӨСӨЛ

Манайд хуванцар хог хаягдлын хүлээн авах төвүүдийн хүртээмж бага тул энэхүү төслийн хүрээнд ангилах боломжит газруудыг хэрэглэгчдэд ойртуулах, зөв дадлыг урамшуулах зорилготой шийдэл боловсруулжээ.
Тухайлбал, нийслэлийн бүсэд олон салбар дэлгүүртэй "CU" сүлжээтэй хамтран хуванцрын хогийн сав байрлуулж, хадгалахаас гадна түгээлтийн машинаар нь хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх шийдэл гаргажээ. Ингэхдээ CU утасны аппликейшнд “Ангиллаа” цэсийг нэмж, иргэд өөрт ойр байрлах CU-гийн дэлгүүрт хуванцраа тушааж, урамшууллаас нь рояалти оноо цуглуулснаар иргэд болон дахивар боловсруулагчдыг ойртуулсан хөшүүргийн механизм бий болох ажээ.
II БАЙР - ӨӨХӨН БӨМБӨӨЛЭЙ

Айл өрх бүрд өөхөн тосны хаягдал 7 хоногт 1-2 удаа гардаг ч дахин ашиглахгүйгээр хаядаг. Тиймээс айл өрхийн өөх тосны хог хаягдлыг цуглуулж, угаалгын нунтаг хийх шийдэл гаргажээ. Тухайлбал, БНСУ-д өөх тосны хаягдлын 5 хувийг дахин боловсруулж, хөрс, усанд ил хаяхгүй байх зохицуулалттай байдаг бол Монгол Улсын хувьд одоогоор энэ төрлийн зохицуулалт байхгүй байгаа юм.
Шийдлийн хувьд өөх тосыг шүлтийн тусламжтайгаар маш сайн хөөсөрдөг угаалгын нунтаг хийх боломжтой аж. Үүнийг энгийн угаалгын нунтагтай харьцуулахад гурав дахин илүү хямд үнээр хийх боломжтой. Мөн иргэд өөхөн тосны хаягдлаа аваачиж өгснөөр 30 хувийн хямдралтайгаар угаалгын нунтаг худалдан авч, өөрсдөө сургалтад хамрагдан үйлдвэрлэгч болох боломжтой. Энэ дагуу төслийн багийнхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораториор баталгаажсан бүтээгдэхүүн хийжээ. Ингэснээр хакатоны турш 30-аад хэрэглэгчээс бүтээгдэхүүнтэй холбоотой санал сэтгэгдлийг авсан байна.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
III БАЙР - ЦААСАА ХАЯДАГГҮЙ СУРГУУЛЬ

Монгол Улсад цаасны хог хаягдал нь ЕБС, оффисуудаас хамгийн их гардаг ч цаас дахин боловсруулах төвүүд хангалттай хог цуглуулж чаддаггүй аж. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид жилд 2,050 тонн дэвтрийн цаасны хаягдал буюу 50 мянган ширхэг мод ашигладаг байна. Гэвч тэдгээрийг дахин боловсруулах зуршил тогтоогүй, энэ талаарх мэдлэг дутмаг хэвээр байгаа аж. Тиймээс тус баг нь ЕБС-ийн хүүхдүүдэд цаас болон бусад хаягдлыг дахин боловсруулж ашиглах туршилтыг сурталчлан таниулах, үлдэгдэл хаягдлыг "Төвшин сайхан" төвд тушаах дадалд хэвшүүлэх төсөл гаргажээ.
Тэд хаягдал цаасыг гар доорх аргаар дахин боловсруулж, цаас гаргаж авах аргыг өөрсдийн "Олонлог Эгзэ" сургуулиас эхлэн сургалт орж эхлэх бөгөөд цаашлаад бусад ЕБС-иудад заахаар төлөвлөж буй аж. Энэ нь сурагчдад хаягдлын үнэ цэнийг таниулах, дахин боловсруулах дадал зуршил суулгах ач холбогдолтой хэмээн үзэж байна.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
БУСАД САНААЧИЛГУУД
- "Beco" баг - Ресторануудад ясны хаягдлыг цуглуулах хөргүүртэй хогийн сав хийж, хаягдлыг тээвэрлэх оновчтой систем үүсгэн, ясны хаягдал дахин боловсруулагчид тушаах схем
- "Ethos" баг - Хаягдал хувцсыг дөрвөн байршилд цуглуулж, шинэ хэрэглэгчдэд хүргэх, дахин загварчилж шинээр цүнх, хаягдал тоглоом бүтээх санаачилга
- "Mesobu" баг - Хиймэл оюун ухаанаар хуванцрын хаягдлыг таниулж, оноо цуглуулах аппликейшны шийдэл
- GMIT Wakanda багийн "Eco-Nation" төсөл - CU болон Юнителийн салбаруудаар цахилгааны хог хаягдлыг цуглуулж, засварлах боломжгүйг нь хоёрдогч түүхий эд хүлээн авч дахин боловсруулах цэгүүдэд тушаах
- "Greener" багийн багийн Боргол төсөл - Кофе шопоос гарах кофены хаягдлаар биеийн гуужуулагч хийж борлуулах төсөл
- "Cotanx" багийн Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл - Хүнсний хог хаягдлаас гидропоникийн бордоо гаргах
- "Matrix" багийн "JunkE" төсөл - Хиймэл оюун ухаанаар хогийг ангилсны дараа компрессороор эзэлхүүнийг найм дахин багасгах, хогийн савыг супермаркетад байршуулж, иргэдийг ангилан ялгахад сургах шаардлагагүйгээр ангилах боломжийг олгох
- "Team Waste" багийн Хог хаягдал дахин боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэр төсөл - Хүнсний хог хаягдал, кофены шаар, модны үртэс цаас, мөөгний спор ашиглан авс үйлдвэрлэх
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |











