Хаврын урь наашилж, гадаах спортоор хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдэж буй энэ цаг үед @guilee_guilee инстаграм хаягийн админ, Sustainable Mongol подкастын санаачлагч, хөтлөгч Н.Энхзулын бэлтгэсэн, монголд тогтмол зохион байгуулагддаг томоохон марафонуудын талаар цогц мэдээллийг хүргэж байна.

Биднийг бага байхаас эхлээд гүйнэ гэдэг нь хамаг хурдаараа уралдаж, өрсөлдөх гэх ойлголтыг багш нар суулгасан гэхэд буруудахгүй болов уу. Тиймээс ч олон хүмүүс гүйхээс халширч, гүйлт миний спорт биш хэмээн өөртөө итгүүлдэг юм шиг санагддаг.

Гэхдээ гүйх тусам гүйхийн мөн чанарыг илүүтэй ойлгож эхэлдэг. Хол, ойр, хурдан, удаан, уралдаж, өрсөлдөж гүйхийн оронд өөрийнхөө биеийг сонсож гүйх нь хамгийн зөв бөгөөд гүйлтийн дараах сэтгэл ханамжийг (running high) илүү өгдөг болохыг миний бие энэ спортоор хичээллэх тусмаа ойлгодог юм.

Ингээд гүйлтийн спортыг сонирхогч хэн бүхэнд Монголд тогтмол зохион байгуулагддаг онцлох марафонуудын мэдээллийг хуваалцъя. Эдгээр марафонууд бүгд өөрсдийн гэсэн онцлогтой бөгөөд хил хязгаараа даван туулах, хэнээс ч илүүтэй өөртэйгөө хамт байх боломжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

1. улаанбаатар марафон 2024


Улаанбаатар марафон жил бүр зуны нээлтийг угтаад автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсаар хэдийн арван жилийн хугацаа өнгөрчээ. Ковидын хоёр жилийн хугацаанд хэдий завсарласан ч 2022 оноос эхлээд марафоны брэндинг, өнгө дүр төрхөнд томоохон өөрчлөлт орсныг онцлох нь зүйтэй болов уу.

Улаанбаатар марафон HiPay-тэй хамтарч ажилласнаас хойш нийслэл хотын нэрээр нэрлэгдэх энэхүү марафон илүү олон улсын түвшин хүртлээ зохион байгуулагдах болсон. 2022 оноос хойш RFID технологиор бүрэн автоматжиснаар оролцогчдын гүйлтийн мэдээллийг үнэн зөв, бодитой хүргэж, мөн гэрэл зургаа ч дурсгал болгон авах нөхцөл бүрдсэнийг онцлууштай.

Жил ирэх тусам тэмцээний зэрэглэл болон тамирчдын амжилтууд нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил гэхэд нийт 30 орны 30 мянга гаруй оролцогч, 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 500 гаруй сайн дурын ажилтан тус тус оролцжээ. Энэ жилийн Улаанбаатар марафоны хувьд тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар тов нь гараад буй.

Хэзээ: Тавдугаар сарын 25
Хаана: Сүхбаатарын талбай
Гүйлтийн зайн төрлүүд: 1.5км- 5,000₮, 5км- 5,000₮, 10км- 30,000₮, 21км- 50,000₮, 42км- 60,000₮
Насны ангилал: Бүх насны ангилал, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Энд дарж бүртгүүлээрэй.

2. mongolia sunrise to sunset 2024


Хөвсгөл аймагт 1999 оноос хойш тасралтгүй зохиогдож байгаа "Монголын хоёр нарны хооронд" буюу Mongolia Sunrise to Sunset (42км, 100км) уулын гүйлтийн тэмцээн “Runner's World” сэтгүүлийн 2022 оны тавдугаар сарын дугаарт Дэлхийн топ 100 гүйлтийн тэмцээний жагсаалтын 73 дугаар байранд эрэмбэлэгдсэн.

Түүнчлэн:

"Монголын хоёр нарны хооронд" уулын гүйлтийн тэмцээн энэ жил наймдугаар сарын 6-13-ны хооронд зохион байгуулагдана. Монголын үзэсгэлэнт байгальд гүйж, өөрийгөө сорих хүсэл сонирхолтой гадна дотнын найзууддаа энэ мэдээллийг цааш нь дуулгаарай. Тус тэмцээний орлого нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын гайхамшигт байгаль, соёлын хамгаалах үйлсэд зориулагддаг. Финишер медаль болох дурсгалын мөнгөн товчийг барианд орсон бүх тамирчид авах боломжтой.

Хэзээ: Наймдугаар сарын 14-нд
Байршил: Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар
Гүйлтийн зайн төрлүүд: 42км– (1400м өндөр авалт) 250.000₮, 100км– (2120м өндөр авалт) 250.000₮

Энд дарж бүртгүүлээрэй.

3. ТАЛ НУТГИЙН МАРАФОН 


1997 оноос эхлэн Тал нутгийн Марафон нэртэйгээр жил бүрийн есдүгээр сард Хүй долоо худагт зохион байгуулагдаж эхэлсэн. Тус марафон нь Монгол соёлын салшгүй нэг хэсэг болсон морины уралдааны талбайд болдгоороо онцлогтой. Финишер медаль зөвхөн 21,42 км-ийн бариандаа орсон тамирчид авах боломжтой.

Энэ жилийн тал нутгийн марафоны ялагчийг хундан цагаан хониор шагнах гэнэ. Өнгөрсөн жил тус марафонд гадаад, дотоодын1000 гаруй оролцогч оролцсон. Энэ жилийн тэмцээн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт зохион байгуулагдах төлөвтэй байна.

Хэзээ: Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн бямба гараг
Байршил: Хүй долоо худаг
Гүйлтийн зайны төрлүүд: 3км- ​​20.000₮, 5км- 20.000₮, 10км- 30.000₮, 21км- 50.000₮

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

4. ХАДАТ ТРЭЙЛ 50к 


2020 оноос iRun уулын гүйлтийн клубээс жил бүрийн есдүгээр сард зохион байгуулж эхэлсэн Хадат трэйл 50k уулын гүйлт нь Улаанбаатар хотын ойр орчимд байгалийн сайхныг мэдэрч, дуу чимээ ихтэй хотын орчноос хөндийрөх боломжийг өгөх болно. Өнгөрсөн жилээс эхлээд гүйлтийн зай болон өндөршилд өөрчлөлт орсноор тус тэмцээн нь олон улсын хэмжээний уулын гүйлтийн шалгуурыг хангасан оноот тэмцээн болсон юм. Финишер медалийг зөвхөн 21, 42км-ийн бариандаа орсон тамирчид авах боломжтой.

Хэзээ: Есдүгээр сарын 14
Байршил: Хадат вилла
Гүйлтийн зайны төрлүүд: 10км- 50.000₮, 25км- 90.000₮, 50км- 120.000₮

Энд дарж бүртгүүлээрэй.

5. ИТГЭЛ, НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР МАРАФОН 


2015 оноос хойш жил бүрийн есдүгээр сард Ахиллис Монгол олон улсын байгууллагаас уг марафоныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэхийг нь уриалах зорилготойгоор зохион байгуулж эхэлсэн. Финишер медалийг зөвхөн 21, 42км-ийн бариандаа орсон тамирчид авах боломжтой.

Хэзээ: Жил бүрийн есдүгээр сард
Байршил: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Гүйлтийн зайны төрлүүд: 1.5км, 5км, 10км, 21км, 42км

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Энэ онд зохиогдох бусад марафоны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах