Жил бүрийн 10-р сарын 24-ний өдрийг “НҮБ-ын өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) 80 жилийн ойн баяр тохиож буй нь хүн төрөлхтний хамтын ажиллагаа, энх тайвны төлөө хийсэн олон арван жилийн хүчин чармайлтыг эргэн сануулах чухал мөч болж байна. Тиймээс бид дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд 80 жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн НҮБ-ын түүхийн мөрөөр “аялуулахаар” энэхүү дугаараа бэлдлээ.

НҮБ гэхээр улс орнуудын засаглал, дипломат түвшинд өрнөдөг, биднээс харь холын ажил мэт санагддаг. Гэвч бидний эрүүл мэнд, үр хүүхдүүдийн боловсрол, уур амьсгал, аюулгүй орчинд амьдрах нөхцөл зэрэг өдөр тутмын амьдралын олон хэсэгт НҮБ-ын бодлого, төсөл, хөтөлбөр, дэмжлэг нөлөөлж байдаг билээ. 

Тиймээс голын өнгөт нүүрэнд НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын Монгол дахь бодит ажлууд, санаачилгыг тоймлон багтаалаа. Харин 10-р нүүрэнд дэлхийн өнцөг булан бүрд НҮБ-ын хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг сонирхолтой тоо баримтаар харуулав.

Редакц маань өнгөрсөн долоо хоногийн дугаартаа байгалийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналтнуудыг онцолсон бол энэ удаад утга зохиол, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн салбарын шагналтнуудын тухай нийтлэлийг 11-р нүүрэнд багтаасан юм.

Сониныхоо 6-р нүүрэн дэх бенто буландаа кино театруудын шинэ хуваарь, спортын мэдээ зэрэг сонин хачныг орууллаа. Түүнчлэн ярилцлагын буландаа ягаан логогоороо танигдсан “М-Март” дэлгүүрийн долоон жилийн ойг тохиолдуулан “Макс хүнс” ХХК-ийн хамт олны ажиллах зарчимтай танилцлаа. 

Хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд Монголчууд бидэнд хамгийн их хамаатай дэлхийн дулаарлын тухай сэдвийг 12-р нүүрэнд хөндөв. Дэлхийн дулаарлыг үгүйсгэхдээ бидний барьдаг өнцөг ихэвчлэн “Хэрэв дэлхий дулаарч байгаа юм бол өвөл яагаад ийм хүйтэн хэвээрээ байгаа юм бэ?” гэх асуултаар илэрдэг. Харин шинжлэх ухаан үүнийг тийрэлтэт урсгал болон туйлын хуйлралын өөрчлөлттэй холбон тайлбарладаг ажээ. 

Ингээд шинэ долоо хоногийн шинэ соргог мэдээлэл дүүрэн шинэхэн дугаараа хүлээн авна уу.


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Мэдүүштэй: Нобель 2025-ын эзэд (Нийгмийн ухаан): ХЭН ЯАГААД? - Манай редакц жил бүрийн Нобелийн шагналтнуудыг танилцуулдаг билээ. Энэ удаа эдийн засаг, утга зохиол, хүмүүнлэгийн түүхэнд шинэ бүлэг нээсэн Нобелийн шагналтнууд хэн байв? Унших

Мэдүүштэй: НҮБ-ын 80 жилийг 8 сэдэвт - НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хэрэгжүүлсэн ажлуудын бодит үр дүн бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийг энд найман сэдэвт хуваан бэлдлээ.

Тогтвортой хөгжил: Дэлхий дулаарч байхад яагаад өвөл болсоор байна вэ? - Дэлхийн дулаарал болоод байхад өвөл яагаад ийм хүйтэн байгаад байна? гэж хэн бүхэнд бодогдож байсан биз ээ. Тэгвэл энэ бүхэн тийрэлтэт урсгал, туйлын хуйлраатай холбоотой. Унших

Цаасаар болон цахимаар унших: newspaper.mn