Өнгөрөгч оны төсвийн нэгдсэн дүнгээс харахад уул уурхайн салбар дангаараа ДНБ-ий 25 хувь, экспортын 90 хувийг бүрдүүлж байна. Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж буй тэргүүлэгч салбар гэдэг утгаараа уул уурхайтай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байдаг билээ. Гэвч одоог хүртэл орон нутгийн иргэд тус салбарын амьдрал ахуйд үзүүлж буй бодит үр нөлөөг тайлбарласан энгийн бөгөөд ойлгомжтой мэдээллээр дутагдсаар байна. Үүний улмаас орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани болон нутгийн иргэдийн хооронд үл ойлголцол, маргаан тасралтгүй үүссээр байгаа юм.
Нөгөө талдаа, нээлттэй өгөгдөл, мэдээллийг ашиглан бодлогын түвшинд оновчтой шийдэл гаргах, олон нийтийн үр дүнтэй хяналт, оролцоог бий болгох тал дээр хангалтгүй хэвээр байна. Тус салбарын мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байгаа хэдий ч хүн бүхэн уул уурхайн талаар цэгцтэй мэдээлэл олж авч чадаж байгаа болов уу?
Ийм ч учраас тус салбарт хамаарах чухал сэдвүүдийг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэж, уул уурхайтай холбоотой бүхий л нээлттэй өгөгдлийн сан, шаардлагатай мэдээллүүдийг цэгцлэн боловсруулах зорилгоор Дэлхийн Банк Группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Нээлттэй Нийгэм Форум, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон "Unread Media" хамтран "Уул уурхайг өгөгдлөөр урлахуй" сэдэвт дата хакатоныг энэ сарын 12-18-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Уул уурхайн салбарын чухал сэдвүүдийг цогцоор нь хэлэлцэн уралдах тус дата хакатонд оролцох хүсэлтэй залууст дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Дата хакатон гэж юу вэ? 

Хакатон нь товчхондоо богино хугацаанд үр дүнд хүрэх, шийдлийг олох явц гэсэн утгатай. Тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүс баг бүрдүүлэн, богино хугацаанд өгөгдсөн датаг боловсруулж, шинэ санааг хөгжүүлж асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх уралдаант үйл ажиллагаа юм. Энэ удаагийн хакатоныг цаг үеийн онцгой нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

“Уул уурхайг өгөгдлөөр урлахуй” Дата Хакатоны тухай


Тус дата хакатон нь олон нийт болон орон нутгийн иргэдийн амьдралд хэрэгцээтэй уул уурхайн салбарын нээлттэй өгөгдөл, мэдээллийг илүү хүртээмжтэй, ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэх дижитал нөлөөллийн бүтээгдэхүүн бий болгох, салбарын засаглалын асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах үндсэн зорилготой юм. Энэ хүрээнд шинэ санааг нэвтрүүлэх, уралдаанаар дамжуулан өгөгдөлтэй ажиллах, дата сэтгүүл зүйн арга барилд түшиглэсэн веб нийтлэл бичиж олон нийтэд хүргэхээс гадна өгөгдлийн шинжилгээ хийх, өгөгдлийг дүрслэх, дата сэтгүүл зүй, вэб контент боловсруулах чадвартай залуус, мэргэжилтэн болон судлаачдыг хооронд нь холбох ач холбогдолтой.

 Дата Хакатоны дүрэм

Дата хакатон нь дэвшүүлсэн есөн асуудлын хүрээнд шинэ санаа, шийдлүүдийг уралдуулах болно. Багууд доорх есөн сэдвээс нэгийг сонгон, хоёр үе шаттайгаар тухайн сэдвийн дагуу нээлттэй өгөгдлийг судалж, боловсруулан, асуудлыг шийдэх шинэ санаа гаргах юм.

Оролцогч баг нь ихдээ гурван хүний бүрэлдэхүүнтэй байх ба уул уурхайн салбарын асуудлыг тодорхойлох, өгөгдлийн шинжилгээ хийх, өгөгдлийг дүрслэх, дата сэтгүүл зүй, вэб контент боловсруулах гэх мэт төрөл бүрийн чадвартай залуучуудаас бүрдэнэ. Оролцогчдыг хакатонд оролцох хугацаанд тус салбарын туршлагатай мэргэжилтнүүд онлайн хэлбэрээр зөвлөж, дэмжих болно.



Дата хакатоны сэдвүүд


Шагналын сан


Бүртгэл

Хакатонд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.
Эвентийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжийг энэ хаягаас аваарай.

Холбоо барих дугаар: 88077077, 88007870, 91056664