Unread Media-ийн ерөнхий редактороор Д.түшигт-Эрдэнэ томилогдлоо
Улаанбаатар хот. 2023 оны долоодугаар сарын 3.
Дэвшилтэт контентоор дамжуулан шинэ үеийнхнийг хүчирхэгжүүлэх зорилготой Анрид ХХК (Unread Media)-ийн ерөнхий редактороор Д.Түшигт-Эрдэнэ томилогдлоо. Тэрээр 2022 оны "Forbes 30 under 30" жагсаалтад багтаж байсан бөгөөд өмнө нь TomYo-д ерөнхий редактор, gogo.mn-д гэрээт технологийн сэтгүүлчээр ажиллаж, TechNomad Media, MetaMori NFT-г үүсгэн байгуулж байсан туршлагатай. Д.Түшигт-Эрдэнэ нь Unread Media-ийн өдөр тутмын контентын үйл ажиллагааг удирдахаас гадна урт хугацааны редакцын бодлого, контент стратегийг чиглүүлэн ажиллана.
Unread-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Ундрал энэхүү томилгооны тухайд
"Монголын дижитал медиагийн салбарын шилдэг залуу боловсон хүчин бидэнтэй нэгдэж байгаад ихэд баяртай байна. Манай редакц түүний удирдлаган дор Unread-ийн үндсэн өнгө төрх болсон технологи, бизнесийн чиглэлийн агуулгуудаа илүү баяжуулж, технологид суурилсан медиа компани болох зорилгодоо хүрэхэд улам ойртоно гэдэгтээ итгэлтэй байна.
Мөн үүсгэн байгуулагчдын нэг, анхны ерөнхий редактор, итгэлт хамтрагч Д.Ганзоригтоо тун удахгүй эхлүүлэх гэж буй эрдэм номын аялалд нь амжилт хүсье. Ганзо болон манай үе үеийн редакторууд болох П.Номинбилэг, Ш.Цогзолмаа, Б.Алтанхуяг нарын үлдээсэн бат бэх өв биднийг цаашид улам өөд зүтгэх хөшүүрэг болсоор байгааг цохон тэмдэглэе" гэсэн юм.
Unread Media нь залуу мэргэжилтнүүдэд хандсан нийтлэл контентыг www.unread.today сайтаараа хүргэж, Unplug, DevSummit зэрэг томоохон эвентүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн билээ. Тус компанийн хөрөнгө оруулалттай TenGer TV нь өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулан ажил хэрэгч мэдээ мэдээллийн чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг.
Холбоо барих:
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Тэнгэрлиг Медиа Группийн байр
Утас: 8891-6446, 99731632
И-мэйл: editor@unread.media
Unread-ийн хамтран үүсгэн байгуулагч, анхны ерөнхий редактор Д.Ганзоригийн зурвас
Д.Түшигт-Эрдэнэ миний халааг авч Unread Media-ийн Ерөнхий редактороор ажиллах болсонд баяртай байна. Хамтран байгуулагчийн хувьд Unread-ийн дараагийн үеийн лидерүүд гарч ирж байна даа гэж олзуурхан сууна. Биднийг анхны оффистоо буюу IT Park-ийн жижиг өрөөнд байсан үед Түшигт манайд дадлага хийн анх Unread-тай холбогдож байлаа. Түүнээс хойш төрөл бүрийн ажил эрхэлж сэтгүүлч, редакторын хувиар ихэд өсөн дэвжин, энэхүү албыг авах хэмжээнд өөрийгөө боловсруулж бэлтгэжээ.
Түүнийг Unread-ийн Ерөнхий редактор байхад яг тохирно гэж боддог. Бизнес, технологи, хувийн хөгжил гэсэн яг л Unread-ийн төвлөрдөг сэдвүүдээр мэргэшиж яваа, үүсгэн байгуулагчдын эрхэмлэдэг энтрепренерлэг сэтгэлгээг өөртөө шингээсэн шилдэг залуу мэргэжилтэн. Тийм болохоор, эрч хүчтэй шинэ редактортой болсон Unread маань контентуудаа улам чамбайруулан уншигч хэрэглэгчдээ чанартай мэдээлэл, урам зоригоор тэтгэсээр байна гэдэгт үл эргэлзэнэ.
ШИНЭ ЕРӨНХИЙ РЕДАКТОРЫН ЗУРВАС
Уншигч танд бороо шивэрсэн энэ өдрийн мэнд хүргэе,
Миний бие 2017 онд их сургуулиа орхиж, хэвлэл мэдээлэл, технологийн салбарын олон компаниудад ажиллажээ. Мөн сонирхолдоо хөтлөгдөн стартап үүсгэн байгуулж, бүтэлгүйтэхдээ бүтэлгүйтэж, онохдоо онож явсан. Энэ мэтээр олон төрлийн компанид янз бүрийн ажил хийж явсан ч бичих миний хамгийн дуртай үйл байсан юм. Төөрсөөр, төөрсөөр төрөлдөө гэдэг шиг чамгүй адал явдлын дараа хэвлэл мэдээллийн салбараа эргэж буцалтгүй сонгож, Unread-ийн Ерөнхий редактораар ажиллах болсондоо туйлын баяртай байна.
Намайг 10-р ангийн сурагч байхад Unread үүсгэн байгуулагдаж байлаа. Монгол хэлийг зөвхөн хичээл гэж хардаг байсан сурагч надад бичиж үнэ цэн түгээж болдгийг ойлгуулсан, товчхондоо нүд нээсэн хамт олон бол Unread билээ. Тэр үедээ цагаан атаархал төрж, жилийн дараа боловсролын чиглэлээр дагнан бичдэг вебээ нээж, амжилттай бүтэлгүйтсэн. Харин ахлах сургуулиа төгссөний дараах жил Unread-д дадлага хийх боломж гарч, нэг сарын хугацаанд уг хамт олны нэг болон ажиллаж түүнээс хойш холбоотой явсаар иржээ. “Барахгүй бол багт нь ор” гэдэг стратегийг тэгэхэд л дагасан юм даа.
Тооны хүн болно гэж боддог байсан хүүгийн хэвлэл мэдээллийн салбарт хөл тавих болсон хамгийн том шалтгаан нь Unread юм. Энэ утгаараа өөртэйгөө чацуу, сэтгэл зүрхнээсээ хайртай энэхүү дижитал компанид чухал үүрэг авсан нь нэг талаар сүрдэм ч, нөгөө талаар хийж бүтээх хүсэл төрүүлсэн, амьдралынхаа цөөнгүй жилүүдийг зориулахад харамсах зүйлгүй үйл явдал болж байна.
Миний анзаарснаар уншигчид өнгөрсөн хугацаанд асар хурдацтай хөгжиж, сонирхох сэдвийн цар хүрээ нэмэгдэж, гүн гүнзгий болохын зэрэгцээ мэдээлэл авах арга барил, амьдралын хэв маяг ч хувьсан өөрчлөгджээ. Чин үнэнийг хэлэхэд, Unread та бүхний энэ хурдыг гүйцэж, хамтдаа хөгжиж чадаагүй зарим нэг тал бий. Тиймээс бид ойрын хугацаанд контент, дизайн, технологи гэсэн гурван чиглэлдээ шаардлагатай шинэчлэлүүдийг хийхээр суурь ажлуудаа эхлээд байна. Бид энэхүү шинэчлэлийн үйл хэргийг "Project Horizon" хэмээн нэрлэж буй.
Эцэст нь, уламжлалаа даган энэхүү блог хэсгийг тогтмол хөтөлж, хийж буй зүйлсээ нээлттэй тайлагнах учир уншигч та завтай үедээ ороод гарч байгаарай. Бидний хийх зоригтой, заримдаа тэнэг мэт санагдах туршилт, оролдлогуудыг маань хүлээн авч, дэмжих үедээ дэмжин, шүүмжлэх үедээ шүүмжлээсэй гэж хүсэж байна.
Hasta la vista!
Сэтгэгдэл бичих