Цахим спорт буцалж байна. АНУ-ын Даллас хотод CS2-ийн The MongolZ баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, Монголын Улаанбаатар хотод MLBB-ийн багууд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авахын төлөө үзэлцэж буй энэ цаг үед нэгэн сонирхолтой зочинтой ярилцлаа. 

Тэр бол “Цахим спортын загалмайлсан эх” хэмээн хэлж болох Е.Ариунзаяат. Түүнийг цахим спортынхон андахгүй. Учир нь тэрээр цахим спорт, видео тоглоомыг “дээд үе”-ийнхэнд зөвөөр ойлгуулах гэж амьдралынхаа нэгэн арваныг зориулаад буй нэгэн. 

АНУ-аас эх орондоо 19 жилийн дараа ирж, “Подвалоос эхэлсэн цахим спорт” бүтээлээ өлгийдөж аваад удаагүй байгаа түүний ажил, амьдралын арга барилтай уншигч таныг танилцуулъя. 

Цахим спорт мандтугай. 

Байршил: АНУ, Калифорни муж, Оакланд хот
Эрхэлдэг ажил: esportsnews.mn-ий үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 14 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал суваг: Ariunzayat Yunren


1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ? 

Амьдралдаа олон төрлийн ажил хийж байжээ. 1990 онд Орос хэлний багшийн дээд сургуулийг төгсөөд Завхан аймгийн МСҮТ-д багшаар орж байсан. Үүнтэй зэрэгцээд ардчилсан хувьсгалд оролцож, аймгийнхаа Социал демократ намд бүртгүүлээд анхны ардчилсан сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож байлаа. 1995-1997 онд аймгийнхаа МСДН-ын дарга хийж явлаа бас. Монгол Улс коммунист тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжих тэр их үйлсэд хувь нэмрээ оруулж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, жендерийн асуудалд өөрийн дуу хоолойгоо хүргэж явсандаа одоо ч бахархах сэтгэл төрдөг. Мөн бизнес хийж үзээд цөм шатаж байсан. Санхүүгийн сахилга бат маш чухал юм байна гэдгийг ойлгож билээ.

Удалгүй Улаанбаатарт шилжиж ирээд намын (МСДН, АН) болон эмэгтэйчүүдийн байгууллагуудад ажиллаж байв. Олон нийтийн ажил хийхээр хүнтэй харилцаж сурахаас гадна үг дааж, цагаа зохицуулдаг болдог. Ингэж явсаар хорин жилийн өмнө Америкт ирээд хүүхэд асрагч, аяга угаагч, түгээгч, настай хүн асрагч гээд олон төрлийн ажил хийж байна даа. Энэ бүгдийг эргээд харахад “Туг ч барина, Тугал ч хариулна” гэдэг үг зөвхөн эрэгтэй хүнд хамааралтай биш юм даа. Хүн ер нь хөрвөх чадвартай байж, түүнийгээ цаг ямагт ашиглаж, гол нь хийж байгаа бүхэндээ сэтгэлээ зориулах хэрэгтэй санагддаг.

Цар тахлын үеэс өмнө цахим спортыг сонирхох болсон нь өдгөө миний гол ажил болоод байгаа. Залуу уншигч нар үүгээр минь ч илүү мэдэх байх. Энэ тухай дараагийн асуултуудад дэлгэрэнгүй өгүүлье.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Өглөөний кофеноос бүх юм эхэлнэ дээ. Кофегоо ууж суухдаа фэйсбүүк хуудас, вэбсайтаараа орж цахим спортын салбарт юу болж байгааг сонирхоно. Үйл явдлын мэдээлэл авахын тулд ABC, CNN, Fox, Bloomberg зэрэг сувгийг ээлжилж үздэг. Ингэж байж л хэт их мэдээлэлтэй “noisy” нийгэмд мэдээллийн тэнцвэртэй байдлыг бий болгохгүй бол хэцүү. Ажил дээрээ (хүн асардаг ажил) подкаст, мэдээ, ном сонсоно.

Ингээд үндсэн ажил дууссаны дараа цахим спорттой холбоотой мэдээ, мэдээллээ бэлдэнэ. Унтахын өмнө Монголд байгаа гэр бүлийнхэн, шаардлагатай бол esportsnews-ийнхээ freelancer-үүдтэй холбогдоно. Миний ажилд цагийн зөрүү их нөлөөлдөг учраас ажил, амьдралдаа няхуур ханддаг.

3. Таны ажлын нөү-хау? 

Залуу байхад зэрэг олон ажил руу дайраад орчихдог байсан. Одоо бол нэг эхэлсэн ажлаа дуусгахыг урьтал болгож байгаа. Цахим спортын мэдээлэл бэлтгэхдээ бол мэдээнүүдээ чухлаар нь дараалуулж байгаад бичдэг. Ингэх нь мэдээ бичих ажлыг гарт оруулдаг боловч нөгөө талаар гаргаж байгаа мэдээ мэдээлэл нэг л хуурай, наалдацгүй болох эрсдэл дагуулдаг.

ESL Challenger at DreamHack Summer 2024

4. ашиглахгүй байж чаддаггүй АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Байнгын хэрэглэдэг апп гэвэл эрүүл мэнд, бясалгалын Headspace. Энэ апп нь бясалгалаас гадна шөнө нойр хүрэхгүй байгаа бол сонсох хөгжим, бүх төрлийн тайвшруулах дасгал, подкастуудтай. Нэмж хэлэхэд, бясалгалыг зааж байгаа, подкастаар ярьж байгаа хүмүүс нь англи хэлний бүх төрлийн аялгатай тул англи хэл сурах гэж байгаа хүмүүст ч их хэрэгтэй байх болов уу.

Утас, компьютер, чихэвч гурав бол миний байнга авч явдаг зүйлс. Уух усаа мартчихвал “за яахав” гэж боддог атлаа энэ гурвыгаа мартчихвал заавал буцах шаардлагатай болдог. Ухаалаг утас гэдэг гайхалтай зүйл юм. Мэдээлэл авах бас өгөх хэрэгсэл, сонин сэтгүүл, зургийн аппарат, ном дэвтэр гээд л асар олон зүйлийг орлож байна. Ташрамд дурдахад, утас заавал сүүлийн үеийнх байх албагүй шүү. Чиний хэрэгцээг хангадаг, хангалттай багтаамжтай, гол нь чи өөрөө утсаараа хийх боломжтой үйлдлүүдийн ядаж тал хувийг нь ягштал мэддэг байхад л болно.

Мөн Kindle-ээ байнга чирч явна. Сүүлд ном бичиж байхдаа нэг юм анзаарсан нь Kindle-ээр ном уншаад байхаар номын хавтас, хавтасны зургийг ерөөсөө санадаггүй юм байна лээ.

ESL Challenger at DreamHack Summer 2024

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Нэг зүйлийг олон дахин ижил загвараар хийгээд байхаар ямар ч үйлдэл гарт ордог. Жишээлбэл, долоо хоногийн мэдээгээ загварынхаа дагуу бэлдээд, түгээх үйлдлүүдээ ч бас жагсаалтын дагуу хийдэг. Ингээд хэвшчихээр мэдээ бэлдэх аргачлалтай болдог. Үүний дараа хэн нэгнээр мэдээгээ бэлдүүлэх бол нөгөө аргачлалаа өгчихнө. Би өөрөө мэргэжлийн сэтгүүл зүйн хүн биш болохоор амьхандаа ажлаа хөнгөвчилж, цаг хэмнэж байгаа нь энэ.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Дэлгүүрээс хүнс авахдаа, аяллаар явахдаа, цагаан сард бэлдэхдээ, мэдээ уншихдаа гээд бүх зүйлд жагсаалт гаргачихдаг. Түүнийгээ тухай бүрд нь бага зэрэг өөрчлөх байдлаар ашиглана. Тэгэхээр ер нь жагсаалттай л их найзалдаг юм байна.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Унтдаг. Заримдаа шөнө босоод асардаг хүнээ эргэж тойрох хэрэгтэй болно. Тэгэхээр ажилтай үедээ яг гэртээ унтаж байгаа юм шиг тавтай биш хөнгөхөн, сэрвэлзэж унтдаг. Харин гэртээ байгаа үедээ “үхэр буудсан ч” сэрэхээргүй унтдаг. Сайхан амарсан үедээ “хайлсан тугалга шиг”, үгүй бол “хаврын тэнгэр шиг” л босно шүү дээ.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Цалин авдаг ажлаасаа гадна цалин өгдөг ажил минь байна. Цахим спорт, видео тоглоомын салбарт ороод 9 жил болж байна. Миний амьдралыг завгүй болгож, баяр хөөр, бухимдал стрессийг зэрэг өгдөг ажил минь цахим спорт, видео тоглоомын мэдээлэл түгээдэг, 42 мянган дагагчтай Esportsnews фэйсбүүк хуудас болон энэ сэдвээр монгол хэл дээр тогтмол мэдээлэл өгдөг esportsnews.mn веб сайт.

Цахим спортод ороод их юм сурсан. Залуусыг ойлгож, тэдний нүдээр харж, тэдэн шиг сэтгэж, тэдний хэлээр ярьдаг болж байна. Цахим спортын тухай мэдсэн сурснаа, толгойд байгаа бүхнээ хүмүүст хүргэчих юм сан гээд 19 жилийн дараа Монголдоо ирж, “Подвалоос эхэлсэн цахим спорт” номоо хэдхэн хоногийн өмнө болсон 37 дахь удаагийн Үндэсний номын баяраар гаргалаа.


Энэхүү ном маань эцэг, эхчүүдэд цахим спортыг хамгийн анхан шатнаас нь тайлбарлаж, залуусыг цаашлаад ирээдүйг ойлгох гарын авлага, хөтөч нь болно гэж итгэж байна.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Цахим спортын агуулга түгээж байгаагаа залуус болон нийгмийн хооронд гүүр болж буй үйл гэж бодох дуртай. Залуустай ажиллаж, тэдний сонирхдог зүйлсийг бичиж, цахим спортын арга хэмжээнд очих гээд л уйдах завгүй, үргэлж л шинийг мэдэж, түүнийгээ түгээж ажиллах их сайхан.

Энэ бүхнийхээ үйл ажиллагааг нь тогтвортой авч явах л бэрхшээлтэй тал юм даа. Бүх зүйл сайн дурын үндэс дээр явах боломжгүй. Ажиллаж байгаа залуусаа урамшуулахаас эхлээд арга хэмжээний тасалбар авах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, серверийн түрээс төлөх гээд зардлууд гарна. Энэ бүгдийг одоог хүртэл 100 хувь өөрөө гаргаад явж байгаа. Нэг талдаа ажлаа хийж, түүнээс олсон мөнгөөрөө энэ бүгдийг болгож байна. Хэдий дуртай, сонирхолтой ажил маань ч шантрах үе гарна. Тиймээс сүүлийн үед хийж бүтээснээ санхүүгийн эргэлтэд оруулчих юм сан гэж бодож л байна.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Эхний номын анхны хэвлэлээ ямар ч байсан гаргаад авлаа. Энэ ном маань жилдээ нэг удаа шинэчлэгдэж, тухайн жилд цахим спорт болон видео тоглоомын салбарт болж байгаа шинэ соргог бүхний багтаасаар, улам л жинтэй гарын авлага болсоор байх болно. Үүний зэрэгцээ цахим спортын эхлэлийг тавьсан монголын домгуудын ярилцлагыг эмхэтгэхээс эхлээд өөр ганц хоёр номын санаанууд ч байна.

Мөн вэбсайт, фэйсбүүк хуудсаа аажмаар англи хэл рүү хөрвүүлэх бодол байгаа.


11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Сониуч байх. Тэгж байж л зогсолтгүй суралцдаг юм байна. Зогсолтгүй, тасралтгүй суралцаж байж л хөгжинө.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Хөгжим: Europe хамтлагийн “The Final Countdown”-ийг хэд ч сонссон уйддаггүй. Бас энэ дуундаа бүжиглэнэ.
Кино: “Pearl Harbor” киног үзэх бүрдээ уйлдаг. “Monster In-Law” бас их хөгжилтэй кино.
Ном: Уран зохиолын ном их уншдаг байсан бол одоо цахим спорт, видео тоглоомтой холбоотой ном л их уншдаг болж.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ээжийн хэлж байсан “Хүнд битгий төвөг болж бай” гэдэг үг.


14. Бусдад шидэх санаа?

ПС-чин, ПС гэхээр л орон сууцны подвалын өрөөнд ажилгүй, сургуульгүй, бүтэлгүй хэдэн нөхөд компьютер “балбаж” байдаг гэсэн ойлголт хэдийн хуучирсан. Подвалын өрөөнд компьютер нүдэж байсан тэр залуус өнөөдөр Монголын цахим спортыг дэлхийн тавцанд гаргаж, дүү нарынхаа үлгэр дуурайлал нь болж, нэгэн цаг үеийн домгууд болсон байна. Подвалоос эхэлсэн Монголын цахим спорт дэлхийд данстай болж, дэлхийд нэрээ дуудуулсан мэргэжлийн тамирчдыг төрүүлсээр. Үүнийг л уншигч таныг ойлгоосой, бага ч гэсэн мэдээсэй хэмээн хүсэж байна.

Цахим спорт бол зүгээр л нэг ПС тоглоом биш. Энэ бол соёлын давлагаа. Энэ бол залуусын хэл. Энэ бол айсуй ирээдүй.