Та өөрийгөө Монгол руу аялахаар төлөвлөж буй гадаад аялагч гээд төсөөлөөд үзээрэй. Гэтэл буудлаа урьдчилж захиалах, аяллын төлөвлөгөө гаргахад бүх мэдээлэл Монгол хэлээр гарч ирнэ. Монголд дөнгөж газардаад такси дуудахаас эхлээд олон улсын карт ажиллаж болох эсэх гээд эргэлзээтэй асуултууд тархи гашилгана гээд бод доо. Энэ бүх хүртээмжгүй байдал Монголд жуулчдыг татахад хамгийн их тээр болж буй зүйл гэхэд хилсдэхгүй байх. 

Мэдээж дэлхийн хаана ч очсон тодорхой хэмжээнд иймэрхүү асуудал тулгардаг. Харин эдгээр бэрхшээлийг нэг дор шийдсэн цогц систем дэлхийд цөөн гэдгийг та мэдэх үү? Зочид буудлууд ихэвчлэн Booking, Trip Advisor, харин тур операторууд WhatsApp, WeChat-аар дамжуулж захиалгаа авдаг байх жишээтэй. Ерөнхийдөө бүх захиалга, үйлчилгээний систем дэлхий даяар салангид байгаа юм. Үүн дээр нэмээд энэ төрлийн бизнес эрхлэгчид вэбсайттай байх ямар ч шаардлагагүй гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Ялангуяа Монголд зуны гуравхан сар тэр вэбсайтыг ашиглах хэрэг юу байна гэж бодох нь олонтоо. 

Тэгвэл Эрксис компани аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд бүх үйл ажиллагаагаа автоматжуулах цогц системийг санал болгож байгаа юм. Жишээ нь Тур операторууд, тухайн цогц системээр хөтөлбөр зохиох, хөтөлбөрөө хянах, шууд төсвөө тооцоолох, захиалгаа авах, түүнийгээ хянах, хэрэглэгчийн нэгдсэн сантай болох боломжтой. Дэлхийд шинэлэг энэ системийг бүтээсэн тус компанийн аялал жуулчлалын салбарын баг энэ удаагийн дугаарт оролцож байна. 

Байршил: Сүхбаатар дүүрэг, Business Tower
Эрхэлдэг ажил: Аялал жуулчлалын систем хөгжүүлэлт
Сошиал хаяг: erxes Mongolia

Сонирхуулахад зөвхөн Unread-ийн уншигчдад зориулсан эхний тур оператор, зочлох үйлчилгээ эрхлэгч, ресторан гэх мэт тус тус арван байгууллагад 99$-ын багцыг 49$-оор авах боломж олгож байна. Дэлхийд шинэ энэхүү системд хэдэн өдрийн өмнө ч болов нэгдэж, бизнесээ томруулаарай. Эхний 10 хүний нэг болохыг хүсвэл энд дарж форм бөглөөрэй.

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
 

Т. Буяндэлгэр - Бүтээгдэхүүний менежер

Би Эрксис компанид орохоосоо өмнө аялал жуулчлалын салбарт тур оператор чиглэлээр 10 гаран жил ажилласан туршлагатай. 2024 онд Эрксисийн аялал жуулчлалын салбарыг удирдах урилга авснаасаа хойш энэ багийн бүтээгдэхүүний менежерээр ажиллаж байна.

Аялал жуулчлалын салбарт ажиллах хугацаандаа Солонгос болон Хятадын зах зээлийг хариуцаж бүхнийг тэгээс эхлүүлээд сард 100 гаруй аялал авч чадах хэмжээнд хүртэл хөгжүүлж байсан юм. Ингэхдээ маркетингаас эхлээд аяллын хөтөлбөр зохиох, аялал зохион байгуулах гэх мэт бүхий л ажлыг ганцаараа хийдэг байв. Монгол дахь аяллын менежерүүд бүхнийг гараар хийдэг. Вэбсайт дээрх өөрчлөлт бүрд заавал нэг хөгжүүлэгч юм уу веб хариуцсан хүнээрээ засуулна, хүлээх хэрэгтэй болно. Жуулчны гаргасан хүсэлтийн дагуу аяллыг нь засахдаа удвал жуулчнаа алдана. Ажлаа хөнгөвчлөх программ ашиглая гээд хайхаар монголын тур операторын нөхцөлд ажиллах хэмжээний хэрэгсэл байдаггүй. Ядаж байхад улирлын чанартай ажил гээд байгууллагууд өндөр үнэтэй гаднын программд зардал гаргадаггүй.

Энэ бүх асуудал бэрхшээлийг 10 гаруй жил туулсны эцэст шийдэл хайж эхэлсэн. Технологийн хөгжил, боломжоор дүүрэн цаг үед аялал жуулчлал хоцрогдсон байдлаар удаан явж болохгүй шүү дээ. Аялал жуулчлал, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн манай баг бүх асуудлыг нэг дор шийдэх хүртээмжтэй хувилбар боловсруулахаар уйгагүй ажилласан. Эцэст нь өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулах шинэ программ дээрээ мөнгө санхүү, харилцаа холбооны хэрэгслүүдийг нэгтгээд цогц систем бүтээж чадсан. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч, ажиллаж буй хүмүүс, хэрэглэгч гээд бүх талд ойлгомжтой маш ухаалаг технологийн шийдлүүд нэвтэрэхэд бэлэн боллоо.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?  

Соёмбо - Технологийн багийн лийд инженер

Гурван настай байхад манай аав надад Nintendo Switch авч өгснөөс хойш компьютертой найзалсан юм. Ахлах ангиа төгсөөд өөрийн хүссэн КТМС-ийн программ хангамжийн ангид орсон. Их сургуулиа төгсөөд 2011 оноос эхлээд IOS хөгжүүлэгчээр бараг 8 гаруй жил ажилласан. Олон жил нэг чиглэлээр ажилласан болохоор одоо хөрвөх цаг болсон байх гэж төлөвлөж байгаад 2019 онд зоригтой алхам хийсэн нь Эрксис байв. Тухайн үед Мэнд-Орших захиралтай уулзаад арай өөр чиглэлд өөрийгөө соримоор байгаагаа хэлсэн. Намайг JavaScript-ийн ямар ч туршлагагүй байхад итгэл хүлээлгээд ус цаг уурын төсөл дээр бак энд хөгжүүлэгчээр ажиллах боломж олгосныг их л олзуурхаж билээ. Тэр үеэс хойш Эрксисийн багтайгаа олон төсөл хөтөлбөрийн ард амжилттай гарчээ. Харин 2024 оноос аялал жуулчлалын төслөө технологи талаас нь ахалж байна.

Манайх хаанаас ч ажиллаж болно, гол нь бүтээмж өндөр байх ёстой гэдэг зарчим баримталдаг юм. Би долоо хоногтоо нэг удаа оффис дээр ирдэг, бусад үед гэрээсээ ажилладаг. Ерөнхийдөө гол санаа, төлөвлөгөөгөө боловсруулаад багийнхаа гишүүдэд хуваарилж өгнө. Багийнхан маань код бичих явцдаа гацвал гацааг нь арилгаж өгөх үүрэгтэй. Одоогоор өдрийн хагасыг OTA интеграци холболт буюу аялал жуулчлалд зориулсан Эрксисийн шинэ системүүдийг тур оператор болон зочлох үйлчилгээний байгууллагуудын түгээмэл ашигладаг Booking, trip.com, AirbNb гэх мэт платформуудтай холбож, нэг цонхноос бүх удирдлагыг хангах ажил дээр түлхүү судалгаа хийж өнгөрүүлж байна.

3. Таны ажлын нөү-хау? 

А.Тамир - Борлуулалт хариуцсан менежер

Бизнес дараагийн шатанд гарахдаа дижитал шилжилт хийх шаардлагатай тулгардаг. Ингэхийн тулд бүх хийсэн ажил баримт, өгөгдөл болж хадгалагдаж байж дараагийн алхам руугаа шилжих боломжтой болдог. Тэрийг хөнгөвчлөх зүйл нь систем. Тэрхүү систем нь бүгдийг нэг дор шийддэг байна гэдэг бүр ч том давуу тал. Эрксисийн гадаад дотоодын компаниудад нийлүүлдэг гол бүтээгдэхүүн бол энэ. Бидэнд НДШ, и-баримттай холбогдсон санхүүгийн цогц программ, фэйсбүүк, инстаграм, имэйл сувгуудыг нэг дор төвлөрүүлсэн дуудлагын төв, маркетинг ба борлуулалт, банк санхүү гээд салбар салбарын нийт 20 гаруй систем бий. Бүгд хоорондоо хоршиж ажиллах чадвартай энэ платформд аялал жуучллын салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудад зориулсан цоо шинэ 4 систем нэвтрэхэд бэлэн болсон байгаа.

Тур операторт зориулсан цогц систем, Зочлох үйлчилгээнд зориулсан цогц систем, Рестораны цогц системээс гадна бүгдийг нь нэг дор төвлөрүүлсэн захиалгын нэгдсэн платформ болох ALL-IN-MONGOLIA ажиллаж эхэлсэн. Эрксисийн бүтээгдэхүүнийг ашигласан л бол ALL-IN-MONGOLIA дээр мэдээлэл тань тусдаа байршиж, нэмэлт борлуулалт хийх талбар үүсгэж өгнө. Энэ программ гаднаас орж ирсэн сэжмийг барьж аваад ямар ч алдаагүйгээр цааш дамжуулах чадвартай. Нэг хүн фэйсбүүкээр чат бичихэд тэр нь шууд программ дээр орж ирээд, цааш борлуулалтын сэжим болгож хуваагдах, сэжмээсээ нөгөө хүнтэйгээ холбогдох байдлаар ажилладаг. Энэ процесс бүхлээрээ эмх цэгцтэй мэдээлэл болж хадгалагдана. Үйлчлүүлэгчээ хэзээ ч алдахгүй гэсэн үг. Борлуулалт хамаагүй амжилттай явагдана.

Манай баг хамт олон ч бас энэ системийг ашигладаг. Би механик ажиллагаа ихтэй Excel шиг программаас аль болох зайлсхийдэг юм. Бүх үйлдлийг нь автоматжуулсан өөрсдийнхөө программыг ашиглаж цагаа хэмнэдэг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ? 

Д.Ариунцэцэг - Бүтээгдэхүүний дизайнер


Миний хувьд уг төсөл дээр хэрэглэгчийн урсгалыг тодорхойлox, систем дээр харагдах өнгө төрхийг тодорхойлох талаас нь ажилладаг. Тиймээс судалгаа хийхдээ Mobbin вэбийг ашигладаг. Энэ вэб дээр хамгийн өргөн ашиглагддаг апп, вэб, систем, программуудын хэрэглэгчийн урсгалыг харуулсан дэлгэц болгож харуулдаг юм.

Ажилладаг гол хэрэгслүүд маань Figma болон Figjam. Figjam судалгаа хийж багаар ажиллахад илүү тохиромжтой. Бас Kindle бол миний өдөр тутамдаа хамгийн их ашигладаг хэрэгслийн нэг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Н.Бат-Орших - Ахлах бак энд хөгжүүлэгч

Ажлыг эхлэхээс өмнө зорилгоо тодорхойлох үедээ алдаагаа олж харж, тэр дор нь залруулбал хурдан засах боломжтой. Харин алдаагаа мэдсээр байж засахгүй бол эцэст нь ажлаа дахин шинээр эхлэхээс өөр гарцгүй болдог. Тиймээс цаг хэмнэх хамгийн энгийн арга бол ажлаа эхлүүлэхдээ сайтар судалж, төлөвлөх гэж боддог юм. Би Эрксисд 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай байгууллага цагт баригдахгүй байх боломж олгодог учраас хувь хүнийг өөртэйгээ ажиллах, цагаа зөв зохицуулах чадвар суулгадаг. Ажлын байрны соёл, хэв маяг үр дүнд суурилдаг учраас хүссэн хүсээгүй бүгд цагийн менежментээ анхаардаг болдог юм билээ. Эцэст нь ажил амьдралаа тэнцвэртэй удирддаг, гэр бүлдээ цаг гаргадаг болсон.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
 

Б. Ууганбаяр - Ахлах хөгжүүлэгч

Би 9 жил фронт энд хөгжүүлэгчээр ажиллаж байгаа. Одоо өөрийн гэсэн ажил төлөвлөлтийн арга барилтай болсон. Хийх ажлуудаа жагсааж байгаад толгой сэргэг үедээ хамгийн хүнд ажлуудаа эхэлж хийнэ. Үдээс хойш уулзалтуудаа товлодог. Ахлах хөгжүүлэгч учраас жуниор хөгжүүлэгчдийнхээ ажлыг шалгахаас эхлээд менежментийн жижиг ажлууд бий. Бүгдийг нь бичиж, бэлэн болгох хугацаагаа зоогоод Эрксисийн систем дээрээ төлөвлөдөг.

Бид бас өдөрт Стэнд Ап гэдэг хурал хийдэг. Энэ хурлаар өчигдөр хийсэн ажил, өнөөдөр хийх ажил, тулгарч буй асуудал гээд гурван сэдвийн хүрээнд бүгд хоёр минутын хугацаатай ажлаа тайлагнадаг юм. Хурлын үеэр жуниор хөгжүүлэгчдийнхээ ажлын ерөнхий байдлыг сонсоод, ажлыг нь хуваарилж өгөх байдлаар зохицуулдаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

О.Энхбулган - UX/UI дизайнер

Өдөр тутамдаа би User Interface-ийн судалгаа хийдэг. Ихэвчлэн зайнаас ажилладаг хэмнэл ажиллах арга барилтай маань их нийцдэг л дээ. Өөрийнхөө хэмнэлээр ажиллахаар надад ажил илүү тээргүй, хөнгөн санагддаг. Ингэж завсарлахдаа сонгодог хөгжим сонсдог, хөлбөмбөгийн тоглолтын онцлох хэсгүүдийг гүйлгэж үзэх, боксын тулаан үзэх зэргээр завсарладаг.

Ерөнхийдөө эрч хүчээ хөлбөмбөг тоглох, боксоор хичээллэх зэрэг биеэ хөдөлгөх байдлаар сэлбэнэ. Одоо долоо хоногийн дөрвөн өдөр боксын дугуйланд явдаг. Ер нь оюуны өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүмүүс маш их ядардаг ч гэсэн орой яг орондоо орох үед нойр хүрэхгүй ч байгаа юм шиг, унтсан ч гэсэн хангалттай амраагүй юм шиг санагддаг нь тархи ядарсан ч биеэ хангалттай хөдөлгөөгүйтэй холбоотой гэж боддог шүү.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ? 

Н.Гантогтох- Фронт энд хөгжүүлэгч

VI ангидаа мэргэжлийн чиглэлээ хүүхдүүд сонгодог шүү дээ. Тэр үедээ сэтгүүлч болно гэж боддог байсан юм. Бичих дуртай болохоор Wisp гэдэг бичвэрийн платформ хөгжүүлж байсан, одоо ч хааяа заваараа хөгжүүлдэг. Блог, сонин, зураг гээд янз бүрийн хэсгүүдтэй. Тэр маань ер нь миний тухтай орчин гэх юм уу. Багадаа их гадагшаа хүүхэд байж байгаад жил ирэх тусам дотогшоо зан араншинтай болсон болохоор энергиэ бичиж гаргадаг. Ихэвчлэн тэмдэглэл, өдөрт болсон зүйлс зэргээ оруулчихдаг.

Багаасаа шатраар хичээллэсэн болохоор өдөрт 3-4 удаа 10 минут шатар тоглодог. Бас ажлынхнаараа тавдах өдөр бүр заал авах, сагс тоглох дуртай.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд? 

Ж.Золзаяа - Зочлох салбарын зөвлөх

Манай монголын сүлжээний бус, одны зэрэглэл багатай зочид буудлууд программ хангамж ер нь их муутай. Олон улсын платформуудад бүртгүүлж орох, адаглаад гадны жуулчид Монгол руу аялахаар Google дээр хайлт хийхэд л хайлтын систем дээр гарч ирэх нь хүртэл асуудалтай. Яагаад гэхээр энэ тал дээрээ компаниуд огт анхаардаггүй. Салбарын хүний хувьд энэ асуудалд эмзэглэж явдаг юм. Гэхдээ би ганцхан зөвлөгөө өгч, стандарт яриад хэрэгжүүлнэ гэхэд надад программыг нь хөгжүүлэх баг байгаагүй. Өнгөрсөн хугацаанд программаар шийдье гэж олон байгууллага, хүнтэй хамтарч туршсан боловч амжилт олоогүй. Заримдаа хүн хүч дутаад, зарим том компани ач холбогдол өгөхгүй байсан юм. Гадны программ нэвтрүүлж суурьшуулах гээд үзэхээр PMS (Зочлох үйлчилгээний программ) дангаараа ажилладаггүй. Харин Эрксисийн төсөл дээр ажиллах боломж олдсон нь үнэхээр завшаантай явдал болсон.

Эрксисд PMS-тэй хоршиж ажиллах шаардлагатай бүхий л программ байдаг. Давхар санхүүгийн программ, вэбсайтыг нэг дор төвлөрүүлсэн цогц шийдэл бүтээсэндээ баяртай байна. Манай салбарт маш олон хүнтэй хамтарч ажилладаг учраас эерэг, найрсаг харилцааг өөрийн үйл хөдлөл, биеэрээ үзүүлж, түгээж байдаг. Энэ зан чанар, харилцаа, ажлын этикээрээ их бахархдаг юм. Тийм болохоор энэ салбарт ажиллахын давуу тал үргэлж инээмсэглэж, хамтарч ажиллаж, эерэг хандлага үзүүлэхэд оршдог болов уу гэж боддог.

Бэрхшээлтэй тал нь ажиллах хүчний хомсдол. Одоо манай системийг зочлох үйлчилгээний салбарт ашиглая гэхэд үүнийг ашиглаж, хэрэглэж чадах чадвартай хүний тоо цөөхөн байна. Нэгдүгээрт англи хэлний мэдлэг шаардагдана, дээрээс нь тодорхой хэмжээний техникийн мэдлэг шаардах учраас тэр тал дээр жаахан асуудалтай байна л даа. Бид хэчнээн сайн программ хийгээд тэрийг нь цаашид авч явж, ажиллуулах хүмүүс нь хомс байна.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

Т. Буяндэлгэр - Бүтээгдэхүүний менежер

Бид одоогоор “Бизнесээ томруулъя” комьюнити дээрээ төвлөрч ажиллаж байгаа. Энэ бол жижиг дунд бизнес эрхлэгчдийн системийг хөгжүүлж, мөн бизнес экспертүүдийн хичээлээр хангаж байгаа төсөл. Технологи ашиглаж зардал хэмнэх, ашгаа асар их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой байтал энэ ойлголт Монголд шинэ байна. Тэгэхээр одоогоор хүмүүст үүнийг таниулах, оролцуулах ажил хамгийн чухал.

Дижитал техник, технологи хэчнээн сайн хөгжиж, тэр бүхнийг бид цогцоор нь нийлүүлсэн ч гэсэн технологийг амьдруулах хүмүүс хэрэгтэй. Бизнесдээ зориулж дижитал бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна бусад бизнес эрхлэгчидтэй, бидэнтэй нэгдэхийг хүмүүст уриалж байгаа юм. Мөн сар бүр төрөл бүрийн бизнесийн мэргэжилтнүүдийн хичээлд суух боломжоор хангаж, хувь хүн болон бизнесийг цогцоор нь хөгжүүлэх тал дээр анхаарч байна. Үүнтэй холбогдуулан 4 дүгээр сарын 17 болон 24-ний өдрүүдэд зөвхөн тур операторуудад зориулсан коммьюнити уулзалт зохион байгуулна. Бидэнтэй нэгдсэн байгууллагууд урилгаар болох боломжтой.

11.Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Д.Цэрэнбат - Фронт энд хөгжүүлэгч

Мэргэжлийн хувьд би ажил дээр гарсан мэдэхгүй зүйлсээ шууд асуудаг эсвэл интернэтээс хайж судалдаг. Одоо би Эрксисд фронт энд хөгжүүлэгч хийдэг. Ажлынхаа хажуугаар бак энд, full stack талдаа код бичиж өөрийгөө хөгжүүлж байна.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Г.Цэлмүүн - Фронт энд хөгжүүлэгч

Хөгжим, кино хоёр санал болгоё. Би өөрөө ажлынхаа хажуугаар хамтлагт гитар тоглодог, мөн олон цагаар ширээний ард суудаг болохоор хөгжим үргэлж сонсдог. Night Train хамтлагийн сүүлд гарсан цомгийн “37 он” дууг санал болгомоор байна. Бас ажлаа хийж байхдаа Radiohead хамтлагийг сонсох дуртай. Санал болговол In Rainbows цомгийн“All I Need” дуу их гоё. Би яг цонхны хажууд суудаг болохоор Хонх хамтлагийн “Албан тасалгааны цонхоор” дууг сонсохоор их гоё байдаг юм.

Ойрд ганцаараа байж сурах ёстойг ойлгож байгаа. Үүнтэй холбоотойгоор “Whiplash” гээд кино үзсэн, их таалагдсан. Ер нь nerd-үүдийн ертөнцөөр аялмаар байвал бас “The Big Bang Theory” цувралыг үзээрэй.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Д. Бат - Очир - Фронт энд хөгжүүлэгч

Би ажилд орсноос хойш дөрвөн сарын дараа ажлаа бага зэрэг цалгардуулаад тухтай бүсдээ хэт удаан орчихсон. Тэр үед манай захирал намайг дуудаж байгаад ‘Ажил чинь явахгүй байна, яагаад ийм зогсонги байгаад байна?’ гэж асуусан юм. Тэгэхэд алдаа гаргахаас айгаад байна гэдгээ үнэнээр нь хэлсэн л дээ. Тэр үед манай захирал “Эрсдэлээс айгаад хөдлөхгүй бол чиний өсөлт хязгаарлагдана” гэж хэлсэн юм. Тэгэхэд л нэг байрандаа нэлээн удчихсанаа анзаараад, өөрчлөлт хийх цаг нь болжээ гэж ухаарсан болохоор ерөөсөө мартдаггүй.

14. Бусдад шидэх санаа? 

Д. Жавхлан - Аялал жуулчлалын салбарын зөвлөх

Аливаа бизнес эхлүүлэхэд үндэс, суурь нь бүрэлдэж байж тухайн бизнесийн орчин бүрддэг гэж үздэг. Тэгэхээр миний хувьд цаг үеэ олсон бизнес хамгийн чухал гэдэгт мянган хувь итгэдэг.

Монгол улсын засгийн газраас Go Mongolia кампанит ажлыг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Гадаад жуулчдыг Монгол улсад аялуулах, ирж байгаа жуулчдын тоог нэг дахин нэмэгдүүлэх зэргээр бодлогын хүрээнд аялал жуулчлалыг дэмжиж буй. Энэ бол бизнесийн орчин бүрдэж буйн нэг илрэл. Өмнө нь технологитой холбоотой аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх гэхэд томоохон компаниуд хүлээж авах болоогүй ч юм уу эсвэл арай өөр амбицтай байдаг асуудал их гардаг байсан юм.

erxes бол нээлттэй эхийн платформ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бүх кодуудын суурь энд бий. Бид энд маш их цаг хугацааг зарцуулж маш том амбицтайгаар хөдөлж байгаа учраас шинийг санаачлагч, аялал жуулчлал, технологийн салбарынхан, стартап, хувь хүмүүс бидэнтэй хамтраад, хамтдаа хөгжөөд явах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Нөгөө талаар erxes бол монголдоо технологийн компаниуд дундаа томдоо ордог компани шүү дээ. Энэ газар аялал жуулчлалыг сонирхоод ороод ирчихсэн байна гэдэг аялал жуулчлалын салбарт маш том аз завшаан гэж бид олзуурхах хэрэгтэй болов уу.