Энэ удаагийн "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын буланд худалдааны салбарт 40 гаруй жил ажиллаж мөн 40 гаруй орноор аялсан эрхэм Фужимото Казухиса оролцлоо. Тэрээр сүүлийн дөрвөн жил даатгалын салбарт хүч үзэж, салбартаа суурьтай өөрчлөлтүүд авчрахаар ажиллаж буй нэгэн юм. Монгол Улсад сүүлийн 15 жил амьдарч буй тэрээр бидэнтэй зөвхөн салбарынхаа талаар ярилцахаас гадна Монгол болон Япон хүний сэтгэлгээний ялгаа, өөрийн үнэт зарчим, ажлын арга барилын тухай нээлттэй хуваалцсан билээ. 

Байршил: Олимпын гудамж, Moncon оффис
Эрхэлдэг ажил: "Агула" даатгалын Ерөнхийлөгч

Ашигладаг гар утас: Samsung S24
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro M3

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ? 

Би Японы Кёото хотод төрж өссөн. Хүүхэд насанд минь хөл бөмбөгөөс өөр зүйл сонирхлыг маань татдаггүй байсан тул “хөл бөмбөг тоглож болдог л их сургуульд орно доо” гэж бодсоор, улмаар Васеда их сургуульд санхүү худалдааны чиглэлээр суралцаж төгссөн.

Тухайн үед мэргэжлээс илүүтэй сайн их сургуульд л орж байвал яг юугаар сурах нь нэг их хамаагүй байлаа л даа. Сайн их сургуульд орж байж цааш сайн компанид орж ажиллана хэмээх төсөөллөөр мэргэжлээ сонгосон хэрэг.

Ингээд сургуулиа төгсөөд Японы томоохон худалдааны корпорац болох "Марубени"-д ажилд орж, тэр компанидаа бүтэн 40 жил ажилласан. Марубени бол зөвхөн Японд биш, дэлхийн 120 гаруй улсад салбартай, эрчим хүч, тоног төхөөрөмж, хүнсний импорт, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлдэг, сүүлийн жилүүдэд ногоон эрчим хүч болон тогтвортой хөгжлийн чиглэлд хүч түрэн орж буй корпорац.

Миний хувьд ажлын гараагаа хамгийн доод шатнаас эхлэн, худалдаа, хэлэлцээ, логистикийн үндсийг газар дээр нь сурч, туршлага хуримтлуулсаар удирдах түвшний албан тушаалд дэвшин, шинэ үеийн залуустай мэдлэг, туршлагаа хуваалцдаг болсон.


Энэ 40 жилийн турш би дэлхийн 45 улс орнуудаар ажлын шугамаар аялжээ. Жакартагийн зах дээрээс эхлээд Ойрх Дорнодын газрын тосны талбай, Африкийн тариалангийн бүс, Европын өндөр технологийн төвүүд гээд худалдааны гэрээ хэлэлцээрүүд надад улс орон бүрийн өөр өөр үнэт зүйл, зарчим, харах өнцгийг нээж өгсөн гэж боддог шүү. Харин Марубенид ажиллаж байх сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол улстай маш гүн гүнзгий холбоотой болсон.

Анх 1996 онд Монгол улсад ирж байлаа. Буянт-Ухаа онгоцны буудал дээр буухад хотын төв рүү хүргэж өгөх автомашин ч байхгүй, орой нь гудамж талбай харанхуй бас интернэт байтугай утас ч ховор үе. Эхний дөрвөн жил Марубени корпорацын ерөнхий менежерийн албаны шугамаар ирж очин байсаар сүүлийн 11 жилд нь Худалдаа Хөгжлийн Банкинд лизинг хариуцсан орлогч захирлаар, дараа нь гүйцэтгэх захирлаар ажилласан түүхтэй.

Даатгалын салбарт өнгөрсөн оны намар орж ажиллаж байгаа. Ноднин 9,10-р сард ХХБ гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууж, зөвлөхөөр ажиллахаар болсон тэр үед Монгол даатгалын тэргүүлэх менежер байсан хуучны танил Долгор захирал “Агула даатгалд ажиллах уу?” хэмээн санал тавьсан. Шинэ салбар байсан ч олон жилийн туршлагаа өөр орчинд сорьж үзэх нь сонирхолтой санагдаж, ийнхүү Агула даатгалд нэгдээд одоогоор таван сар болж байна.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 


Өглөө ажил дээрээ эрт ирж, хамгийн түрүүнд Монголын мэдээний сайтуудыг орчуулж уншихын сацуу Япон болон дэлхий дахинд болж буй үйл явдлуудыг сонирхон судална. Дараа нь тухайн өдрийн хийх ажлуудаа төлөвлөж, уулзалтуудад оролцоно.

Ажлын гол чиглэл маань шинэ бизнесийн хөгжүүлэлт, харилцагчийн үйлчилгээний стандартыг сайжруулахтай холбоотой. Энэ хүрээнд өөрийн олон жилийн туршлага, практик жишээг хуваалцаж ажиллаж байна. Мөн шинэ харилцагчидтай уулзах, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах зэрэг ажлууд ч өдөр тутмын хийх ажлын жагсаалтад багтдаг даа.

3. Таны ажлын нөү-хау? 

Аливаа ажлыг хийхэд хурд, алсын хараа хоёр хамгийн чухал гэж боддог. Хамгийн түрүүнд хааш явах гээд буй зүг чигээ гаргаж, жижиг ажил ч байсан сайн толгойдоо зурагладаг.

Миний хийж байсан ажлууд бүгд л харилцагч болон худалдаалагчийг холбодог гүүр байснаараа онцлог. Лизинг, даатгал аль аль нь хоёр талыг ойлгож, тэдэнд тохирсон, бие биедээ харилцан ашигтай нөхцөлийг санал болгодог ажил. Тиймээс хүмүүсийг юу бодож, хүсэж байгааг сонсож, нөхцөл байдлыг ойлгохыг бүхий л амьдралынхаа туршид ойлгож, хэрэгжүүлж байна даа.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?


Мэдээж өдөр тутамдаа MS Outlook, Teams, One Drive болон Viber ашиглана. Хамгийн их ашигладаг нь орчуулгын аппууд, гадуур явах, ажилчидтайгаа ойлголцоход ч тэр байнга хүмүүсийн яриаг орчуулах хэрэгтэй болдог.

Мөн Ковидийн үеэс хойш би энэ төхөөрөмжийг байнга зүүдэг болсон. Хасах ион буюу анион ялгаруулдаг энэхүү жижиг хэрэгсэл нь хүний ам, хамар руу цэвэршүүлсэн агаар дамжуулж, вирусийн гаралтай ханиад, томуунаас сэргийлэх үйлчилгээтэй. Уг нь Ковидоос өмнө нэг их ач холбогдол өгөлгүй хэрэглэдэг байсан ч халдварын оргил үед би нэг ч удаа өвдөөгүй. Тэр цагаас хойш бүрэн итгэлтэй болсон тул бараг л биеийн минь нэг хэсэг шиг салгалгүй зүүдэг болсон доо.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Хүн бүр ажил дээр ч тэр амьдрал дээр ч тэр юу хийх хэрэгтэй байна ?, юу хийж чадах вэ? мөн юу хийхийг хүсэж байна ? гэсэн гурван асуулттай байнга тулгардаг. Энэ гурвын тэнцвэрийг олох нь л чухал юм билээ. Зөвхөн хүсэлдээ хөтлөгдөж бүхнийг хийгээд байвал амьдралын чухал зүйлсийн эрэмбэ дараа алдагдаж эхэлнэ, харин зөвхөн хийх ёстой зүйлсээ л хийж амьдарвал хэтэрхий уйтгартай, утгагүй амьдралаар амьдарна шүү дээ. Цаг хэмнэнэ гэдэг нь эдгээр асуултад тухай бүрд нь зөв хариулж, дарааллыг нь зөв тогтоохтой холбоотой гэж бодож байна.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?


Утасныхаа Notes дээр урт хугацааны, өдөр тутмын төлөвлөгөөнүүдээ бүгдийг нь нэг дор бичиж тэмдэглэдэг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Ганцаараа байх хугацаа хэрэгтэй үедээ саун орж чилээгээ тайлдаг. Заримдаа Солонгос драма үзэж, найзуудтайгаа гольф тоглох зэргээр амардаг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
 


Одоогоор хувийн амьдралын тухайд миний бүх чөлөөт цаг визний асуудлыг шийдэхэд л зарцуулагдаж байна. Сүүлийн гурван сар энэ асуудалтай холбоотой бичиг баримт бүрдүүлж, холбогдох байгууллагуудтай ажиллаж байна.

Би Монголд ирсэн цагаасаа хойш “Амь насны даатгал монголчуудын амьдралын салшгүй хэсэг болох ёстой.” хэмээн хэлсээр ирсэн.

Нэг хүнд ногдох ДНБ таван мянган доллароос дээш хүрэх үед дундаж орлоготой өрхүүдийн тоо нэмэгдэж, даатгалын хэрэгцээ бодитоор өсдөг. Монгол Улсын хувьд энэ тоо аль хэдийн зургаан мянган долларт хүрсэн нь илүү олон хүнд даатгалыг ойлгуулж, хүртээмжтэй болгоход хамгийн тохиромжтой цаг үе ирснийг илтгэж байгаа юм.

Тиймээс даатгалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох дараагийн төслөө хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?


Хүндрэлтэй зүйл гэвэл ажлын хурд гэж хэлнэ. Ялангуяа Монголд ирснээс хойш ажлын хурд маш удааширсан нь хүндрэлтэй байгаа. Би өөрийн ажил, амьдралын туршлагаасаа л харьцуулж ярих гээд байна л даа. Япон хүмүүс ажлыг хол харж, алхам бүрийг нь нарийн төлөвлөдөг. Харин Монголчууд зорилгоо тодорхойлдог ч түүнд яаж хүрэхээ, тухайн үед нь больё гээд үлдээх эсвэл ажил хэдийн эхэлчихсэн явж байхад дундаас нь бодлоо өөрчлөх, нэг бол өөр юм яриад явчихдаг байх жишээтэй.

Ажил үүрэг даалгах үед хамгийн түгээмэл тулгардаг бэрхшээл бол цагийн менежмент. Зарим тохиолдолд ажилтан маань ажлаа хүлээлгэж өгөх ёстой хугацааны яг өмнөхөн танилцуулдаг, тэр нь ихэвчлэн олон алдаа мадагтай, асуудал ихтэй байх нь олонтоо. Тиймээс би аливаа ажлыг даалгахдаа заавал дунд шатны шалгах хугацааг төлөвлөж оруулдаг. Ингэснээр ядаж л ажлын эцсийн мөчид ямар ч бэлтгэлгүй байхаас урьдчилан сэргийлдэг юм шиг санагддаг.

Харин Монголчуудтай хамтран ажиллахын давуу тал нь бүтээлч, шинийг эрэлхийлэгч сэтгэлгээ юм болов уу. Шинэ санаа байнга ундарч, өөрчлөлтөд хурдан дасан зохицдог нь үнэхээр гайхалтай. Жишээ нь, Япон хүн шинэ бүтээгдэхүүн авахдаа эхлээд зааврыг нь нухацтай уншдаг бол Монгол хүн зааврыг хүлээлгүй шууд хэрэглэж эхэлдэг. Ийм шинэлэг, сэргэг хүмүүстэй хамт ажиллах үргэлж сонирхолтой, урамтай байдаг.

 10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Хиймэл оюунд суурилсан даатгалын хоёр төрлийн систем хөгжүүлснийг бид ирэх долоо хоногт танилцуулах гэж байна. "Zuragu AI" нь жижиг осол гэмтэл гарсан тохиолдолд гар утсаар зургийг нь авч, хиймэл оюунаар таниулж, ослын зэрэг, хохирлын хэмжээг тооцоолуулах систем . Харин "Amin AI" нь хүний эрүүл мэндийн амин 12 үзүүлэлтүүдийг хиймэл оюун ашиглан нэг минутад хэмжиж харуулдаг систем юм.

Агула даатгал салбартаа дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй харьцангуй залуу компани. Тиймээс бид зөвхөн шинэ харилцагч татах бус харилцагчдаа тогтоон барих зорилгоор, тэдэнд зориулсан үйлчилгээний стандартдаа илүү анхаарал хандуулан ажиллаж байна.


Жишээлбэл, Японд даатгалын хэрэглэгчийн хадгалалтын түвшин (retention rate) 80 хувьтай байдаг бол Монгол Улсад энэ үзүүлэлт дөнгөж 20 хувьтай. Миний хувьд энэ тоог нэмэгдүүлж, үнэнч хэрэглэгчдийн тоог өсгөх нь чухал зорилт гэж үздэг.

Даатгал хийлгэнэ, осол гэмтэл гарна гэдэг ардаас нь хөөцөлдөж, гэрээ, контракттай зууралдах нэлээн их цаг хугацаа шаарддаг төвөгтэй ажил байдаг. Бидний гол зорилго бол үйлчилгээнийхээ бүхий л үе шатанд хэрэглэгчийн ачааллыг багасгаж, ойлгомжтой, хялбар шийдлийг санал болгох юм.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Энд тэнд харсан шинэ содон зүйлс, мэдээ, мэдээллээ яаж өөрийн салбартаа ашиглаж, шингээж болох талаар байнга бодож явдаг. Тиймээс ямар ч туршлага, мэдээллийг надтай хамаагүй гэж гололгүй бүх зүйлд нээлттэй, оролцоотой байх нь хүнийг их хөгжүүлдэг юм шиг санагддаг.

12. Санал болгох ном, хөгжим, кино? 

Кино, хөгжмийн нэр шууд орж ирэхгүй байна. Харин номын хувьд зохиолч Голдраттын “The Goal” болон Дейл Карнегийн “How to win friends and influence people” номуудыг хүүхэд, залуучууд сонирхоод үзээрэй хэмээн зөвлөе. Сүүлийнх нь хүмүүстэй хэрхэн хамтарч, өөрийн үзэл санаагаа зөвөөр ойлгуулах талаар ойлгомжтой тайлбарласан ном.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?


Би олон жил худалдааны салбарт ажилласан болохоор харилцагчидтай цахим шуудангаар харьцах нь миний хувьд хэвийн, өдөр тутмын ажил. Гэсэн ч цахим шуудантай холбоотой нэгэн чухал сургамжийг хэзээ ч мартдаггүй.

Тухайн үед миний шууд удирдлага байсан ахлах нэг өдөр надад хэлж байсан юм: “Цахим шуудан бичихдээ зөвхөн үг, хэллэгээ биш, уншиж буй хүн хэрхэн хүлээж авахыг бодолцоорой” гэж. Би тэгэхэд төдийлөн алдаа гаргадаггүй, ажилдаа няхуур ханддаг байсан ч намайг удаан ажиглаж байгаад хэлсэн зөвлөгөө байсан учраас нээрээ тийм шүү гэж голд ортол мэдрэгдсэн байх.

14. Бусдад шидэх санаа?


Зарим гадаад хүн Монголд ирээд Монгол хүмүүсийг үл хүндлэх, бага зэрэг өөрийгөө дээгүүр тавих хандлага ажиглагддаг, үүнд Монголчууд ч бас ижил үл хүндлэл үзүүлдэг. Надад бол ямар ч харилцаа хүндлэлээс эхэлж, хүндлэлээр дуусах ёстой юм шиг санагддаг. Тиймээс хүн бүрийг бие биедээ хүндэлтэй хандаарай л гэж хэлье.

Мөн би Монгол хүнийг эрүүл мэнддээ онцгой анхаарч, зөв амьдралын хэмнэлтэй, ажил амьдрал нь тэнцвэртэй байгаасай гэж хүсдэг. Тийм ч учраас манай хамт олон өөрсдийн хөгжүүлсэн "Amin AI" хиймэл оюуны системээ догдлон байж зах зээлд танилцуулж буй. Хэрэв та өөрийн бие махбоддоо илүү сайн анхаарч, эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягт шилжихийг хүсэж байвал манай системийг туршаад үзээрэй.