Шинэ Монгол ЕБС-иас Unread медиа компанитай хамтран зохион байгуулсан “ShineCon 2026 | Sharing. Shaping. Shifting.” арга хэмжээ нэгдүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ өдөр 350 гаруй Шинэ Монгол ЕБС-ийг төгсөгч, үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч нар хүрэлцэн ирсэн бөгөөд нэгэн өдрийг дурсамж дуртатгал дүүрэн өнгөрүүлсэн юм.

АРГА ХЭМЖЭЭГ ХИЙХ БОЛСОН ШАЛТГААН ЮУ БАЙВ?

2025 онд Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиосон билээ. Тодруулбал, тэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд 24 үеийн 2,903 төгсөгчийг бэлтгэн гаргаж, түүхт 25 жилийн ойгоор төгсөгчдийн нэгдсэн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Ингэхдээ улс эх орныхоо өнцөг булан бүрд, эзэмшсэн мэргэжлээрээ салбар салбартаа амжилттай ажиллаж, суралцаж, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй төгсөгчдөө урьж, нэгэн дээвэр дор нэгтгэх зорилго тавин, Unread media компанитай хамтран зохион байгуулсан юм.

Уг арга хэмжээний нэр болон түлхүүр үгсээр дараах санааг илэрхийлэхээр зорьжээ.

Shine: Шинэ Монгол сургуулийн “Шинэ” гэдэг үгийг латин үсгээр галигласан хувилбар + “Shine” буюу англи хэлнээ “Гэрэлтэй, гялалзах” утгыг илэрхийлнэ.

Con: Шинэ Монгол сургуулийн гэрэлтсэн залуусыг нэгтгэн холбох (Connect), мэдлэг туршлагаа хэлэлцэх (Conference), улмаар нийгэм болон ирээдүйдээ бодитой хувь нэмэр оруулах (Contribution) зорилгыг илтгэж буй.

Мөн хамтдаа хуваалцсан туршлага бүхэн маргаашийн өнгийг урлан бүтээж, ирээдүйн чиг хандлагыг шинээр тодорхойлох учир тэд энэхүү арга хэмжээгээ Sharing. Shaping. Shifting. хэмээн тодорхойлсон аж.


Sharing (Хуваалцах): Туршлага, мэдлэг, цаг хугацаа
Shaping (Бүтээх/Урлах): Ирээдүйг хэлбэржүүлэх, биежүүлэх, бодит болгох
Shifting (Шилжих/Тодорхойлох): Хуучнаас шинэ зүйл рүү, өөрчлөлт рүү тэмүүлэх

ИЛТГЭГЧДИЙН ОНЦЛОХ ЭШЛЭЛ

“ShineCon 2026 | Sharing. Shaping. Shifting.” арга хэмжээний тайзнаа нийт 11 илтгэгч өөрийн туршлага, үнэ цэнтэй санаагаа хуваалцсан бөгөөд “Нийгмийн өмнө үүрэг хүлээхийн учир” гэсэн сэдэв дор панел хэлэлцүүлэг тус тус өрнөв.

Илтгэлийн сэдэв: Дэлхийн зэрэгцэн оршихуйн түлхүүр ба бидний боломж

“Өдгөө хүн төрөлхтөн, байгальтайгаа зэрэгцэн оршихуйн хамгийн том түлхүүр нь ногоон шилжилт - байгаль орчны дипломат ажиллагаа бөгөөд энэ шилжилтийг хийхээр маш олон улс амлалт өгч, бодит арга хэмжээ авч эхлээд байна. Гагцхүү хамтдаа өсөн дэвших чухал боломжийг цаг алдахгүй ашиглаж, өөрчлөгдөж буй системд өөрийн байр суурийг бэхжүүлэн, олон улсад Монгол Улсын манлайллыг бэхжүүлэхийн төлөө бид ч бас хүчээ нэгтгэх хэрэгтэй.”

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээч А.Нарангаравуу

Илтгэлийн сэдэв: Сэргээгдэх эрчим хүч

“Эрчим хүчний салбар 5, 15, 30 жилээр тэргүүлэн хөгжиж, эдийн засгаа дэмжин ажилладаг салбар байх учиртай. Гэтэл өнөөдөр төрөөс жил бүр татаас авдаг, өртөг зардлаа ч хааж чадахгүй байдалд хүрсэн энэ салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол бага хэвээр байна. Улмаар олон улсын банкууд нүүрсний станцуудад хөрөнгө оруулалт хийхээ больж, илүүтэй сэргээгдэх эрчим хүч дээр хөрөнгө оруулалт хийж байгаа. Харин манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Цаашлаад цахилгаан эрчим хүч экспортлох боломж ч байна. Гол нь энэ боломжоо алдахгүй байх, ашиглах, бодлогоо хэрэгжүүлэх нь чухал. Үүнээс гадна бидний заавал хийж үлдээх нэгэн зүйл бол Монгол Улсын усны нөөц санг бий болгох, эрчим хүчний системийг дэмжин ажиллах усан цахилгаан станцуудыг барьж байгуулах явдал юм.”

“Клин Энержи ХХК”-ийн Ерөнхий инженер Т.Энхсайхан

Илтгэлийн сэдэв: “Хүүхэд бүрийн онцгой чанарыг ургуулна” уриатай сургуулийг үүсгэн байгуулсан нь

“Өнөөдөр сургуулийн боловсролд эцэг эхийн буруу дэмжлэг, дүнг хэт тахин шүтэж, зөвхөн тоон дүн, үнэлгээгээр хүүхдийг үнэлэх зэрэг гажуудал газар аваад байна. Гэтэл өнөөгийн дэлхий ертөнцөд мэдлэг, чадвар, хандлага гэсэн гурван тэнхлэгийг хамруулан, хүүхдэд энэ чадварыг олгох сургалтыг илүүд үзэж буй. Тийм ч учраас энэ “хандлагыг” сургах хөтөлбөр, үнэлгээний аргачлал нэвтрүүлэх нь бидний хувьд том сорилт болж байна. Хандлага дотор сэтгэлийн хат, хичээл зүтгэл, бүтээлч чанар гэх мэт чадвар багтаж болох бөгөөд үүнийг хүүхдэд сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бидний тэргүүний зорилго.

Боловсролын зарим философичид хүнийг ургамалтай зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүр өөрийн гэсэн онцгой үртэй модтой ижил бөгөөд хүүхэд бүрийг нэг хэлбэрт цутгасан боловсрол бус онцлог, авьяас чадварыг нь илүү сайн хөгжүүлсэн, хүүхэд бүрийн онцлогт тохируулсан аргазүй маш чухал гэсэн үг. Иймээс манай сургууль “Хүүхэд бүрийн онцгой чанарыг ургуулна” хэмээх уриан дор тэднийг ажиглаж, хөгжүүлэх сургалтыг бүтээхээр зорин ажиллаж байна.”

“Шинэ Монгол 3” сургуулийн захирал Г.Суурь

Илтгэлийн сэдэв: Impact Doesn’t Scale Without Creativity

“We believe true success comes from the impact we make, not the profits we collect.”

“Tako Vintage” дэлгүүрийн үүсгэн байгуулагч, “Impact LAB” төслийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Цэлмэн

Илтгэлийн сэдэв: Зан үйл судлалын өнөөгийн хэрэглээ

“Монгол Улсад тусгай хэрэгцээт иргэдтэй ажиллахаас гадна байгууллага, эрүүл мэндийн салбарт зан үйл судлаачид нэн шаардлагатай байгаа. Тиймээс сэтгэл судлалаар суралцагч оюутнуудыг зан үйл судлалын салбарыг сонирхохыг уриалж байна.”

“АНА Монгол” төвийг хамтран үүсгэн байгуулагч, Зан үйл судлаач, BCBA (Board Certified Behavior Analyst) Б.Онон

Илтгэлийн сэдэв: Чанартай оршихуй

“Бид өдөр тутамдаа хооллолт, амьдралын хэв маягтаа зөв чанартай сонголтуудыг хэвшүүлж чадвал урт удаан, чанартай оршиж чадах болно.”

Монгол, Японы эмнэлгийн чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын эмч А.Цэнд-Аюуш

Илтгэлийн сэдэв: Суурь судалгаа: мэдэхгүйгээс мэдлэг бүтээх хүртэл

“Бидний тархи болон биед буй бүхий л эрхтэн хэвийн үедээ хэрхэн ажилладгийг нь эс, молекулийн түвшинд судлах буюу суурь судалгаа хийж, ойлгож гэмээнэ өвчин эмгэгийн үед юу нь буруу ажиллаж байгаа, ямар эмийн бодисоор эмчилж болохыг олж тогтооно. Гагцхүү "Хэрэглээнд шилжүүлэх судалгаа" буюу “Translational research” хийж, эрүүл мэндийн салбарт өөрийн гэсэн хувь нэмэр оруулж буй.”

Судлаач эрдэмтэн З.Норжин

Илтгэлийн сэдэв: Та ч бас төлөвлөгч

“Шинэ Монгол сургуулиас зохион байгуулдаг байсан нийгмийн талын үйл ажиллагаануудаас анх мэргэжил сонголтоо хийж байлаа. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд залуучууддаа хандаж хэлэхэд "Та ч бас төлөвлөгч” юм шүү хот төлөвлөлтийн ажлыг зөвхөн нийслэлд суугаа бид биш та бүхний оролцоотойгоор саналаа идэвхтэй хэлж байж амжилттай, урт хугацааны зөв төлөвлөлт болж чадна.”

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр

Илтгэлийн сэдэв: Монгол залуусын оюуны потенциалыг дэлхийд таниулах нь!

“Технологийн стартапын хувьд монгол залуусын оюуны потенциалыг дэлхийд таниулах гээд явж байх замд компаниуд гэлтгүй монголчууд маань өөр өөрсдийн чадах зүйлээр дэмжиж, тусалж байсанд нь талархмаар. Залуус бүгдээрээ ийм сэтгэлгээтэй байж, хийж бүтээж буй зүйлд нь чадах бүхнээрээ тусалж, дэмжвэл даацтай амжилтад хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.”

“АНД Глобал” группийн Гүйцэтгэх захирал, 
хамтран үүсгэн байгуулагч Б.Хос-Эрдэнэ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ОРЧИН, УУР АМЬСГАЛ

Номын ах, эгч нартаа зориулж мэндчилгээ дэвшүүлсэн Шинэ Монгол ЕБС-ийн 25-р үеийн сурагч Э.Энхбаатар

Номын ах, эгч нартаа зориулж мэндчилгээ дэвшүүлсэн Шинэ Монгол ЕБС-ийн 25-р үеийн сурагчид