Хүн төрөлхтөн аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалын оргил үед буюу Хиймэл оюун бидний өдөр тутмын амьдрал, ажлын байрны салшгүй хэсэг болж буй түүхэн цаг үед амьдарч байна. Технологийн энэхүү хурдтай дэвшил нь нэг талаас бүтээмжийг нэмэгдүүлж байгаа боловч, нөгөө талаас уламжлалт хөдөлмөр эрхлэлтийн загварыг үндсээр нь өөрчилж, зарим төрлийн ажлын байр үгүй болох эрсдэлийг ч дагуулж эхэллээ.

Энэхүү тодорхойгүй байдал, өөрчлөлтөд бэлэн байх нь зөвхөн хувь хүний бус улс орны оршин тогтнох, хөгжих үндэс болоод байна. Иймээс ч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан төр, хувийн хэвшлийн 300 гаруй төлөөллийг нэг дор цуглуулж, "Хувьсан өөрчлөгдөх Хөдөлмөр" үндэсний форумыг зохион байгууллаа.

Форумын шууд дамжуулалтыг бүтэн үзэх

ЯАГААД ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОВ?

Форумыг зохион байгуулах болсон шалтгаан нь цаг үеийн шаардлага гэхээс илүүтэй ирээдүйг угтсан стратегийн зайлшгүй алхам байв. Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026-2027 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд хиймэл оюуны эрин үед нэн шаардлагатай дижитал болон зөөлөн ур чадваруудыг тодорхойлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг арилгахад гол анхаарлаа хандуулж буй.

Нийт 106.6 тэрбум төгрөгийн төсөвтэй энэхүү томоохон бодлогын шинэчлэл нь залуучууд, ахмад настан, өрх гэр гээд бүх насныхныг хамарсан цогц хөтөлбөрүүдийн суурийг тавьж байгаагаараа онцлогтой. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бизнес инкубатор, дагалдан ажиллуулах хөтөлбөр зэрэг практик шийдлүүдийг бодит ажил хэрэг болгоход хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог хангах замаар хөдөлмөрийн зах зээлийн хувьсан өөрчлөгдөж буй шинэ дүр төрхийг хамтдаа тодорхойлж байгаа юм.

Энэхүү бодлогын үр дүнд нийт 103 мянган иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдэд хамруулахаар төлөвлөж байгаа ба энэ нь зөвхөн тоон үзүүлэлт бус технологийн нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж буй шинэ цаг үед иргэн бүрийг орлоготой, ур чадвартай, ирээдүйдээ итгэлтэй байхад чиглэсэн үндэсний хэмжээний томоохон хөрөнгө оруулалт болох аж.

ФОРУМААС ОНЦЛОХ МӨЧҮҮД

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү арга хэмжээг нээж үг хэлсэн юм. Тэрбээр технологийн хөгжил, автоматжуулалт хөдөлмөр эрхлэлтэд хүчтэй нөлөө үзүүлж байгааг онцолсны сацуу хиймэл оюун зарим ажлын байрыг орлохоос гадна шинэ ур чадвар шаардаж байгаа нь насан туршийн сургалт, хөгжлийн хэрэгцээг нэмэгдүүлж буйг цохон тэмдэглэв. Мөн улс орнууд зах зээлийн өөрчлөлттэй хөл нийлүүлэх ур чадварын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бүх насныханд шинэ боловсрол, ур чадвар олгох замаар хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх, шилжихийг дэмжих шаардлагатай байгааг хэлж байлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар

Салбарын сайд Т.Аубакир форумын үндсэн илтгэлдээ хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх дараах гурван гол чиглэлийг танилцууллаа. Үүнд:

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих: Хүүхэд асран хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгох, ажлын байран дахь хүйсийн цалингийн зөрүүг арилгах болон эмэгтэйчүүдэд учирч буй бусад саад бэрхшээлийг шийдвэрлэхэд анхаарна.

Ажиллах хүчний нийцэл ба залуучуудын дэмжлэг: Өнөөдөр мэргэжлийн зөрүүтэй ажиллах хүчин 53 хувьд хүрээд буйг бодлогын тохируулгаар засаж, эрэлт нийлүүлэлтийн харьцааг ойртуулах замаар залуучуудыг тасралтгүй ажлын байртай байх боломжоор хангана.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлт: Ахмад настнуудыг өөрсдийн туршлага, нөөц бололцоонд тохирсон зохистой ажлын байраар хангаж, нэмэлт орлоготой болоход нь төрөөс бодитой дэмжлэг үзүүлнэ.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир

ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД

Форумын хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллүүд бодит гарц гаргалгааг эрэлхийлсэн панел хэлэлцүүлгүүдийг өрнүүлэв. Үүнээс “Бүтээмжтэй, ур чадвартай ажиллах хүч бэлтгэх, нэмэгдүүлэх боломж, арга зам” сэдэвт эхний хэлэлцүүлэгт салбар бүрийн тэргүүлэх төлөөллүүд оролцлоо.

Панелистууд:


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн

Монголын бүтээмжийн төвийн Гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав

“Насан туршийн хөдөлмөр нь хүний мэдлэг, ур чадварын хөгжил, амьдралын баталгаа болох нь” сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэгт олон улсын байгууллага болон боловсрол, банк санхүүгийн салбарын төлөөллүүд санал солилцов.

Панелистууд:


Азийн Хөгжлийн банкны ахлах эдийн засагч Мартино Пелли

Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал П.Оюунаа

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Х.Цогтбилгүүндарь

ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын үндэсний зохицуулагч П.Болормаа

“Цахим шилжилт, хиймэл оюуны эрин үе дэх хүний нөөцийн бодлого” сэдэвт гурав дахь хэлэлцүүлгээр салбарын сайд болон хүний нөөцийн мэргэшсэн зөвлөхүүд хиймэл оюуны нөлөөллийн талаар ярилцлаа.

Панелистууд:


Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан

Монголиа Талент Нетворк-ийн Recruitment үйлчилгээ хариуцсан захирал О.Батжаргал

"HR Consulting firm"-ийн захирал Ш.Баярмагнай

Зангиа Портал ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал Б.Хосчимэг

“Ногоон шилжилт, эрчим хүчний шилжилтийн үеийн хүний нөөцийн бодлого” сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлгээр байгаль орчин, эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд шаардлагатай хүний нөөцийн асуудлыг хөндсөн юм.

Панелистууд:


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир

Нью Ком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх

УИХ-ын даргын зөвлөх Б.Булганчимэг

ИЛТГЭЛҮҮД

Форумын хүрээнд зочин илтгэгчид үнэ цэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм.

Тодруулбал, Карьер хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Ц.Булган "Ажил мэргэжил, карьерын төлөвлөлт" сэдвээр илтгэл тавьж, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлд карьераа хэрхэн зөв удирдах талаар зөвлөгөө өгсөн бол Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Дата судалгаа эрхэлсэн захирал Ч.Алтан-Өлзий "Цахимжилт, хиймэл оюун ухааны хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөлөл" сэдвийн хүрээнд технологийн дэвшил ажлын байрыг хэрхэн хэлбэржүүлж буйг танилцууллаа. Мөн ЮРИКА ХХК-ийн Байгаль орчин хариуцсан захирал Б.Онон "Уур амьсгалын өөрчлөлт ба ногоон ажлын байр" сэдвээр байгаль орчинд ээлтэй эдийн засаг руу шилжих үйл явц дахь хүний нөөцийн шинэ боломжуудыг онцолсон юм.


Карьер хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Ц.Булган

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Дата судалгаа эрхэлсэн захирал Ч.Алтан-Өлзий

ЮРИКА ХХК-ийн Байгаль орчин хариуцсан захирал Б.Онон

Форумыг хааж ГБХНХ-ын дэд сайд Б.Солонгоо үг хэлснээр энэхүү арга хэмжээ албан ёсоор өндөрлөв.



ФОРУМЫН ОРЧИН, УУР АМЬСГАЛ