Бидний өнөөдрийн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн ээлжит зочноор “Омни Капитал ББСБ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Пүрэвсүрэн оролцлоо. “Омни капитал” ББСБ нь санхүүгийн зах зээлийн дижитал шилжилтийг хурдасгаж, хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүдийг бий болгохоор 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Өрсөлдөөн ихтэй уг салбарт тогтвортой үйл ажиллагаагаа авч явж буй түүний ажиллах арга барил, нөү хаутай хамтдаа танилцацгаая.
Байршил: Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: "Омни Капитал ББСБ" ХХК-ийн ТУЗ-ийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro M3
Сошиал хуудас: Purevsuren Elbegbayan
1. Таны мэргэжлийн замналаас бид юуг мэдэх ёстой вэ?
Би 2002 онд Дархан хотын Монгол-Туркийн хамтарсан сургуульд суралцаж төгссөн. Ахлах сургуулиа дүүргэсний дараа Улаанбаатар хотод ирж, тухайн үед ШУТИС-ийн харьяа байсан Компьютер, техник, менежментийн сургуульд маркетинг, менежментийн чиглэлээр суралцан бакалаврын зэрэг хамгаалсан.
Манай үеийнхэнд мэргэжил сонголтын тухай мэдээлэл одоогийнх шиг өргөн хүрээтэй, хүртээмжтэй байгаагүй. Ихэнхдээ их сургуулийн нэр хүнд, сургалтын чанарыг харгалзан сонголт хийдэг байлаа. bТухайн үед мэдээллийн технологийн чиглэл, программист, эдийн засагч, хуульч гэдэг мэргэжил их од байсан. Эдийн засагч гэхээр яг ямар ажил хийдэг, ямар чиглэлд мэргэших боломжтой талаар бүрэн ойлголтгүй байсан учраас мэргэжлээ сайтар бодож, төлөвлөж сонгоогүй.
2006 онд бакалавраа төгсөөд Хадгаламж банканд маркетингийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Хэсэг хугацаанд ажилласны эцэст 2009 онд Америкийн Виржиниагийн Их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар явж, 2012 онд эх орондоо эргэн ирсэн билээ. Монголдоо ирснийхээ дараа Ньюком Майнинг Сервис ХХК болон уул уурхайн ханган нийлүүлэгч компанид ажиллаж байгаад 2018 онд “Омни Капитал” ББСБ-ыг үүсгэн байгуулсан.
Шуудхан хэлэхэд, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, ажиллаж байхад намайг хамгийн их эмзэглүүлдэг зүйл нь энэ мэргэжил нарийн мэргэшил шаарддаггүй мэт санагддаг явдал байлаа. Учир нь хэн нэгэн миний хийж буй ажлыг ажиглаад, суралцаад, дадлагажаад хийчихэж болох юм шиг санагддаг байсан учраас эхэндээ төдийлөн сонирхолтой биш байв. Гэхдээ мэргэжлийн дагуу ажиллаж, шаардлагатай ур чадвар, туршлагыг хуримтлуулж, карьерын шат ахих тусам энэ бодол маань өөрчлөгдсөн шүү.
“Омни Капитал” ББСБ-ыг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилласнаас хойш олон хүнийг удирдах, стратегийн түвшинд төлөвлөх шаардлагатай болсон нь мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү гүнзгий ойлгоход хүргэсэн. Цаашлаад ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаандаа бизнесийн удирдлага гэдэг нь олон талын мэдлэг, чадвар шаарддаг өргөн хүрээтэй мэргэжил юм байна гэдгийг ухаарсан билээ. Илүү өргөн цар хүрээнд асуудлыг харж, төлөвлөж, олон талын ур чадварыг шаарддаг мэргэжил юм байна, тэр ч утгаараа надад тал бүрийн туршлага өгдөг юм байна гэдгийг анзаарснаас хойш мэргэжилдээ илүү дуртай болж байсан.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Миний өдөр тутмын ажил ихэвчлэн тодорхой нэр томьёо онооход хэцүү, гэхдээ компанийн амин сүнс болсон ажлуудтай холбоотой өнгөрөх нь элбэг. Үүнд компанийн засаглал, хөрөнгө оруулалт, стратегийн шийдвэрүүдтэй холбоотой асуудлууд багтана. Өөрөөр хэлбэл, компанийн өнөөгийн дүр зураг, ирээдүйн замналыг тодорхойлох, чиглүүлэх үүрэгтэй ажиллаж байна гэж ойлгож болно.
Харин өдөр тутмын үйл ажиллагааны хувьд ТУЗ-ийн хурал, уулзалт, хэлэлцээрүүдэд оролцох нь голлох ажлуудын нэг. Мөн бизнесийн бүтээгдэхүүний шинэ хувилбаруудыг зах зээлд турших, судлах, бусад салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, харилцаа холбоогоо өргөжүүлэх (networking хийх) зэрэг ажлууд өдөр тутамдаа давамгайлдаг. Үүнээс гадна хууль, бодлоготой холбоотой баримт бичиг судлах, шинэ мэдлэг, мэдээлэл авахын тулд унших, судлах ажил ч хийнэ.
Дунд эргэм насны эрэгтэй хүний өдрийн нийт цагийн 70-80 хувь нь ажилтай холбоотой байдаг гэх судалгаа байдаг юм билээ. Энэ нь хувь хүний орон зай харьцангуй бага гэсэн үг. Гэхдээ миний хувьд өөртөө зориулах хамгийн чухал мөч бол фитнестэй холбоотой. Чихэвчээ зүүгээд дасгал хийх нь өдрийн хамгийн амар амгалан, эрч хүчээ нөхдөг цаг минь.
Түүнчлэн өөрийгөө илүү бүтээмжтэй, үр дүнтэй байлгахын тулд "habit stacking" буюу дадлуудыг уялдуулан хослуулах аргыг ашигладаг. Жишээлбэл, өглөө эм уухаа мартахгүйн тулд шүдний сойзны хажууд эмийн хайрцгаа тавьж хэвшсэн. Энэ мэтээр өдөр тутмын амьдралаа системтэй зохион байгуулах нь цаг хэмнэх, үр бүтээлээ нэмэгдүүлэхэд ихээхэн тус болдог.
Мөн сүүлийн үед өдөр бүр 30 минут ном унших дадлыг хэвшүүлэхийг зорьж байна. Ажиллах арга барилын хувьд өглөөг илүү их анхаарал, төвлөрөл шаардсан ажлуудад зориулдаг. Ингэхдээ 45 минутын турш гүн төвлөрөн ажиллаж, дараа нь 15 минут завсарлах хуваарь баримтлах нь үр дүнтэй байдаг.
3. Таны ажлын нөү-хау?
3. Таны ажлын нөү-хау?
Байгууллагыг удирдахдаа хүмүүсийг илүү сайн ойлгохыг үргэлж чухалчилдаг. Миний бодлоор хүн өөрт таалагдсан, дуртай ажлаа хийж байхдаа хамгийн үр бүтээлтэй, урам зоригтой ажилладаг. Тиймээс ажилчдынхаа хүсэл сонирхол, хандлага, ажиллах арга барил, ямар чиглэлд ажиллахыг хүсэж байгааг нь сонсож, ойлгоход ихээхэн анхаарал хандуулдаг төрлийн хүн.
Мөн удирдлагын хувьд уламжлалт, хатуу тогтсон арга барил, үзэл хандлагад нэг их дуртай биш. Тиймээс ажлын орчныг илүү уян хатан, чөлөөтэй, бүтээлч байдлаар зохион байгуулахыг эрмэлздэг. Ингэснээр ажилчид өөрсдийн хамгийн сайн чаддаг зүйлдээ төвлөрч, сэтгэл ханамжтай, үр дүнтэй ажиллах нөхцөл бүрддэг гэж үздэг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Notion-ын үнэнч хэрэглэгч. Уг апп дээр жилийнхээ нэгдсэн төлөвлөгөө мөн өдөр тутмынхаа ажил, амьдралтай холбоотой бүхий л дэлгэрэнгүй төлөвлөгөөг нэгтгэж оруулдаг дадалтай.
Мөн цаг үетэйгээ хөл нийлүүлж, мэргэжилтэйгээ холбоотой мэдээ мэдээлэлтэй ойрхон байх үүднээс The Economist аппаас тогтмол мэдээлэл авдаг. Мөн Things гээд Герман аппыг өдөр тутмынхаа ажлыг жагсааж бичихэд ашигладаг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Миний хувьд хурдтай ажиллах нь гол биш, харин сэтгэлзүй, оюун санаагаа сэргэг байлгах нь чухал гэж үздэг. Хийх ажлаа толгой дотроо тодорхой ойлгож байж л хурдан, үр дүнтэй гүйцэтгэх боломжтой. Тиймээс баримталдаг нэг зарчим маань нэг дор зөвхөн нэг ажилд л анхаарал хандуулах—ямар ч ажлыг хийж байгаа тэр мөчид 100% төвлөрөх нь чухал.
Мөн асуудлыг хэт их "overthink" хийхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа ажил дээр тулгараагүй байгаа асуудлыг урьдчилан бодож, шаналснаар тухайн ажлыг хийхдээ зарцуулах ёстой энерги, цаг хугацаагаа алддаг. Үр дүн нь тодорхойгүй зүйлд санаа зовж, өөрийгөө зовоохын оронд хийх ёстой ажлаа бодитоор хийж эхлэх нь үр дүнтэй болов уу.
Миний нэг найзууддаа хэлдэг үг байдаг юм.
"Хэрэв чи нэгэнт хаалга татахаар шийдсэн бол татахаасаа өмнө цаана нь юу байгаа бол гэж санаа зовох хэрэггүй. Хэрэв хаалганы цаана асуудал, айдас байгаа бол татахаасаа өмнө, татсаны дараа хоёр удаа зовох болно. Харин хаалгаа татчихаад ганцхан удаа зовсон нь дээр биш үү?"
Энэ бол шийдвэр гаргахдаа дэмий эргэлзэхгүй, хэт их болгоомжлохгүй байх тухай санаа. Заримдаа хийхээс өөр аргагүй зүйлс байдаг. Харин хийж эхлэхээсээ өмнө хэт их бодож, айж, эргэлзэх нь зөвхөн цагаа алдахад хүргэдэг сул талтай.
Сүүлийн үед миний цаг хэмнэж, ажлын гацалт, удаашралаас сэргийлэхэд тусалж байгаа нэг арга бол асуудлыг өөр өнцгөөс харах. Ихэнхдээ хүмүүс нэг туршаад бүтэлгүйтсэн үр дүндээ гутарч эсвэл шалтгааныг нь олох гэж маш удаан зууралддаг, би ч гэсэн заримдаа тэгдэг. Гэхдээ энэ үед “машинаар явж хүрч болохгүй бол өөр ямар аргаар хүрч болох вэ?” вэ гээд л янз янзаар бас хөнгөн бодож үзэх нь зүгээр юм шиг байгаа юм.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Би хувьдаа төлөвлөх дуртай ч бүх зүйлээ нарийн зааглаж, хатуу төлөвлөөд байдаггүй. Төлөвлөлтөд ч гэсэн уян хатан байх хэрэгтэй. Учир нь амьдралын нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж байдаг учраас төлөвлөгөөг хатуу мөрдөх гэхээсээ илүү том зураглалыг харан, уян хатан зохицуулах нь илүү үр дүнтэй санагддаг.
Notion дээр жилийнхээ төлөвлөгөөг гаргадаг, ингэхдээ мэдээж тодорхой категориудад жишээ нь хувийн, гэр бүлийн, төсөл, bucket list гэдэг ч юм уу байдлаар хувааж төлөвлөдөг. Энэ том зургаар гаргасан төлөвлөгөөгөө Things гэдэг апп дээр долоо хоног бүр сонордуулга очиж байхаар тохируулж оруулдаг. Ингээд хянаад явахаар жилийн дараа харахад ер нь ихэнх нь биелсэн байдаг шүү.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Миний ажил олон хүнтэй харилцах шаардлагатай байдаг учраас өдөр тутамдаа илт ядарсан мэдрэмж төрөх нь ховор. Гэхдээ ганцаараа байх үедээ л ямар их ядарснаа мэдэрдэг. Энэ мэдрэмж олон хүнтэй ажилладаг хүмүүсийн хувьд нийтлэг үзэгдэл болов уу.
Тиймээс энэ төрлийн ажил хийдэг хүмүүсийн ядаргааг тайлах хамгийн үр дүнтэй арга нь яг эсрэг орчинд орох юм билээ. Миний хувьд ганцаараа байх, хөгжим сонсох, фитнес хийх, мотоцикл унах гэх мэт зүйлс хамгийн сайн амралт болдог.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Сүүлийн үед хиймэл оюуны сэдэв их сонирхол татаж байна. Манай компанийн хувьд процессыг автоматжуулах тал дээр хиймэл оюуныг ашиглах төлөвлөгөөтэй, гэхдээ одоохондоо санаа төдий явж байна. Харин хувийн сонирхлын хувьд бол эвдэрхий машин, мотоциклийг засаж, янзлах сонирхолтой. Өмнө нь нэг мотоциклийг тэгж янзалж дуусгасан, харин энэ жил машин тэгж засах бодолтой байна.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү, бэрхшээлтэй талууд?
Миний ажлын нэг эерэг тал нь шийдвэрүүдээ өөрөө гаргах, харьцангуй уян хатан, чөлөөтэй ажиллах боломжтой байх эрх чөлөө юм. Энэ нь илүү бүтээлчээр сэтгэж, үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдүүлдэг.
Харин хамгийн том сорилт бол салбартаа “мөс хагалах” явдал. Ялангуяа шинэ үйлчилгээ нэвтрүүлэх нь биет бус ажил учраас зөвхөн төсөөллөөр эхэлж, алсын хараа дээр суурилан түүнийг бодит зүйл болгох шаардлагатай.
Энэ төрлийн ажил тасралтгүй идэвх чармайлт, тууштай байдал, тэвчээр шаарддаг, жишээлбэл хиймэл оюуны ажлыг би бол хувьдаа хамгийн багадаа хоёр жил зарцуулж байж бодит болох ажил болов уу? гэж харж байгаа.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
“Омни Капитал” ББСБ ойрын хугацаанд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах гэж зорьж байгаа. Бид дижитал хэлбэрээр зээлийн үйлчилгээ 350 орчим мянган харилцагчдадаа хүргэж энгийн зээлийг 10 гаран мянган харилцагчдад гаргаж өгсөн байна.
Бидний 2025 оны уриа үг бол “Зорилго бүхэн үнэ цэнтэй”. Өөрөөр хэлбэл хүн бүрийн амьдралын орчин, нөхцөл, боломж, түүх болон хэрэгцээ ондоо байдаг шүү дээ, тэр нөхцөлийг нь бид ойлгож, хурдан шийдвэрлэхийг зорилго болгон ажиллаж байгаа гэх үү дээ.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Хэдэн янзын сургалтад сууж, зуу зуун ном уншиж болно, гэхдээ өөр дээрээ тэндээс авсан зүйлсээ хэрэгжүүлж байна уу? гэдэг илүү чухал байх. Миний хувьд бол цөөхөн хэмжээний чанартай хувь хүний хөгжлийн чадваруудад суралцаж, түүнийгээ урт хугацаанд хадгалж авч явахыг илүүд үздэг.
Ажиллах суурь зарчим бол нэг их өөрчлөгддөггүй. Харин тэр үндсэн зарчим дээр нэмэлт “орц”-ууд орж ирж байгаа нь илүү сүүлийн үеийн шинэ технологиудыг судалж, мэдэх, орчин үеийн трендтэй ойр байх хэрэгцээ байна. Дээр дурдсанчлан салбартай холбоотой мэдээллийг бол Economist-оос уншиж, мэдээлэлтэй байх гэж хичээж байгаа.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Марк Мэнсон “Everything’s F*cked” номыг санал болгоё. Бодит байдлыг яг тэр чигээр нь бичдэг учраас зохиолчийнх нь бичгийн хэлбэр нь уншихад их амар байдаг. Киноны хувьд би бодит амьдралаас хол сэдэвтэй зохиолуудад дуртай, хамгийн сүүлд үзсэнээс гэх юм бол “Love, Death & Robots” цуврал их таалагдсан. Өнөөдөр ажилдаа ирэхдээ “Kendrick Lamar-luther” сонсож ирсэн бас “Boyz II Men - End Of The Road” дууг санал болгоё. Тухайн үед хар арьстай артистууд дандаа хип-хоп дуу гаргадаг байсан үед “Boyz II Men” илүү R&B, поп дуу дуулж хөгжмийн тэр барьерийг эвдсэн гэх юм уу.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Саяхан Boss Baby - 2 хүүхэлдэйн киног үзэж байхдаа нэг хэсэгт онцгой анхаарал хандуулсан. Гол дүрийн хүүхэд дугуйтай нэг дайсны араас хөөж байхдаа “Reach for failure, then you will succeed” гэж хэлдэг. Хэдий хүүхэлдэйн кино ч гэлээ, энэ үг тухайн үед надад гүн сэтгэгдэл үлдээсэн юм.
Ямар ч ажлыг хэчнээн хичээсэн ч хүссэн үр дүнд хүрэхгүй байх үе зөндөө бий. Гэхдээ ийм нөхцөлд гутарч, өөртөө урам хугарахаас сэргийлэхийн тулд хүлээлтээ зөв зохицуулах нь чухал. "Хөдөлж л байгаа хойно, алдаа гаргах нь ойлгомжтой" гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөх нь ажлын явцад сэтгэлзүйн хувьд илүү тэнцвэртэй байхад тусалдаг.
14. Бусдад шидэх санаа?
Сүүлийн үед анзаарснаар манай Gen Z үеийнхэн юм хийхээсээ өмнө хэт их зүйл бодоод байх шиг санагдсан. Уг нь хурдан хугацаанд, мундаг зүйл хийх бүгд хүсэлтэй ч гэсэн үйлдэл хийж эхлээ ч үгүй, туршиж үзээгүй мөртөө урьдчилж төсөөлж бодоод, санаа зовоод байгаа нь энерги, цаг хугацаанаас нь хомслоод байгаа юм болов уу. Тиймээс хэлэх гээд байгаа санаа нь хаалганы цаана байгаа зовлонг хоёр бодож цагаа битгий үрээрэй л гэж хэлэх гээд байгаа юм. Хэн мэдэх бил ээ, тэр хаалганы цаана бүр илүү том боломж байгаа ч юм бил үү?