Энэ дугаар маань урьд өмнөх бүх дугааруудаас маань онцгой. Учир юун гэвэл бид есөн жилийн турш үргэлжилж буй “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн түүхэнд анх удаа нэг зочноо хоёр дахь удаагаа урьж, түүний ажил мэргэжил, хувь хүний өөрчлөлтийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Банк санхүү, гадаад худалдаа, хүнсний үйлдвэрлэл, финтек, даатгал, хөрөнгийн бирж зэрэг олон салбарт 20 жилийн туршлагатай түүнийг олон нийт “Сүү”-гийн Гантулга гэдгээр нь андахгүй сайн мэддэг. Тэрээр 2019 оноос хойш финтек болон санхүүгийн салбарт ажиллаж байсан ч өнгөрсөн жилээс Сүү ХК-даа эргэн нэгдэж, үйлдвэрлэлээ шинэ шатанд хүргэхээр зорьж байна.
Байршил: Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S24 Ultra
Сошиал хуудас: Facebook, Instagram
1. ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
2004 оноос хойш албан ёсоор НДШ төлсөн гэхээр 20 дахь жилдээ хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцоод явж байна. Миний хувьд 5 жилийн мөчлөгтэйгөөр өөрийн карьераа төлөвлөж ирсэн байдаг. Мэдээж бүх зүйл төлөвлөгөөний дагуу хэрэгжихгүй, гэнэтийн асуудал тулгарах үе олон. Гэхдээ дийлэнхдээ урьдчилан төлөвлөснөөрөө өөрийн карьераа бүтээж чадсан гэж боддог. Эдгээр жилүүдэд банк санхүү, гадаад худалдаа, хүнсний үйлдвэрлэл, финтек, даатгал, хөрөнгийн бирж гээд хангалттай олон салбарт өөрийгөө сорьж үзлээ.
ОХУ-ын Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөнийхөө дараа ХасБанкнаас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Оюутан байхдаа ч гэсэн хичээлийн хажуугаар бармен, FM-ийн хөтлөгч, загвар өмсөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Хасбанкинд теллерээс эхлээд гүйцэтгэх захирлын туслах, Харилцааны төвийн захирал, Маркетингийн газрын дэд захирал зэрэг албан тушаалыг нийтдээ таван жилийн хугацаанд хашсан. Банкинд байхдаа “Apprentice”-тай адил форматтай, Монголд анх удаа зохиогдож байсан "Global CEO" реалити шоунд оролцож байлаа. Шоуны дараа өөрийгөө зөвхөн ганц салбарт хязгаарлахгүйгээр олон салбарт сорьж үзэх ёстой юм байна гэдгийг ойлгож, тухайн эдийн засагч мэргэжлийнхээ хүрээнд хамгийн хөрвөх боломжтойгоор нь гадаад худалдааны бизнес рүү орсон юм.
Улмаар Моннис группийн маркетингийн газрын захирал, дэд захирлаар 3 жил, "Royal Dutch Shell" компанийн тос тосолгооны материалыг зах зээлд нэвтрүүлэх ажил дээр 2 жил төвлөрсөн. Үүний дараа Сүү ХК-ын Гүйцэтгэх захирлын албыг 5 жил хашсаны эцэст санхүүгийн салбар руу эргэн шилжиж, LendMN, Ард Лайф, UBX Улаанбаатар Үнэт цаасны Бирж дээр нийтдээ 4 жилийн хугацаанд ажилласан байна.
Би ярилцлагын эхэнд дурдсан. НДШ төлөөд 20 дахь жилтэйгээ золгож байна аа гэж. НДШ гэдэг энэ улсад бизнес эрхэлж байгаа бүх хүний хувьд үнэхээр толгой өвтгөсөн асуудал. Бусад улсуудтай харьцуулахад бид одоог хүртэл НДШ-ийг албан татвартай андуурч, тэтгэврийн тогтолцоо маань одоог хүртэл тэтгэврийн даатгалын сан гэх нэг тулгуурт системээс хамааралтай байгааг би арваад жилийн өмнөөс л хүчтэй шүүмжилдэг байлаа. Ард Лайф ХХК-д нэгдсэн шалтгаан маань ч үүнтэй холбоотой байсан.
2. СҮҮ ХК-Д ЭРГЭН НЭГДЭХ БОЛСОН ШАЛТГААН?
Ер нь урьдаас төлөвлөөгүй, гэнэтийн шилжилт гэхэд болно. Жил гаруйн өмнө би бизнесийн салбарт чамгүй олон жил гүйцэтгэх удирдлагын албан тушаалыг хашчихлаа, одоо бодлогын түвшний өөрчлөлтүүдийг авчрах бодит боломж юу байна гэж бодож байгаад тухайн үед хашиж байсан ажлаа хүлээлгэн өгч, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн юм. Харамсалтай нь ялагдсан. Танхимын сонгуулийн дараа Д.Ганбаатар ерөнхийлөгчтэй уулзаж, Сүү ХК дээр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ажлууд, шинэчлэлтүүдийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон юм.
Хэдий Сүү ХК-ийн ажлыг хүлээлгэж өгөөд 5 жилийн хугацаа өнгөрсөн байсан ч танхимын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон хүмүүс намайг Сүүгийн Гантулга гэдгээр маань таньж байсан нь их гайхшируулсан л даа. Энэ мэтчлэн олон шалтгааны улмаас эргээд Сүү ХК дээр эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзье, үйлдвэрлэлээ шинэ шатанд хүргэе гэх амбицтайгаар эргэн ирсэн.
3. 10 ЖИЛИЙН ДАРАА КОМПАНИДАА ЭРГЭН НЭГДСЭНИЙ ДАРАА МЭДРЭГДЭЖ БУЙ ХАМГИЙН ТОМ ӨӨРЧЛӨЛТ?
2014 онд дөнгөж 30 настай байхдаа Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байлаа. 50 гаруй жилийн түүхтэй, Монголдоо томоохонд тооцогдох үйлдвэрийн удирдлагаар томилогдсон тул хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх, өөрийгөө батлах, ойлгуулах тал дээр маш их ажиллаж байснаа тод санаж байна. Багтаа өөрийгөө ойлгуулах, нэг зорилго доор нэгтгэх гэж бүтэн нэг жилийн хугацаа зарцуулсан шүү. Үр дүнд нь, таван жилийн хугацаанд манай компанийн үйл ажиллагаа 3 дахин томорч, жилийн 70 тэрбумын борлуулалт хийж, зах зээлийн үнэлгээ нь 90 орчим тэрбум төгрөгт хүрч байлаа.
Мэдээж тэрхүү өсөлтийн дараа эргээд ирэхэд хамт олны хувьд хүлээлт тун өндөр байсан. Энэ удаа харин багтаа өөрийгөө ойлгуулах, батлах ойлгуулах шаардлагагүй байгаа нь ажлыг хурдтай урагшлуулах давуу тал болж байна. Харин эсрэгээрээ 30 настай байхдаа өөрийгөө харуулах дээр илүү эготой, амбицтай байсан бол одоо хамт ажиллаж байгаа залуусыгаа илүү тодотгох, боломж олгох юмсан гэж боддог болж.
4. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Энэ асуултын хариу 5 жилийн өмнөх хариулттай яг ижил, хэвээрээ байгаа (инээв). Хурдтай шийдвэр гаргах нь өнгөрсөн жилийн хугацаанд миний өөртөө бий болгосон давуу тал юм болов уу. Хурдтай гэдэг нь хөнгөн хуумгай гэсэн үг биш, харин зах зээл, салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага дээр тулгуурлан оновчтой, зөв гэж бодож байгаа шийдвэрээ богино хугацаанд гаргах чадвар юм.
Сүү ХК-ийн гүйцэтгэх захирлаар буцаж ирээд ажиллаж эхэлснээс хойш яг нэг жил өнгөрлөө. Сүүний үйлдвэрлэл бол цаг хугацаатай өрсөлддөг, хурдтай шийдвэр гаргалт шаарддаг онцгой салбар. Багахан хугацааны хоцрогдол ч бүтээгдэхүүний чанарт нөлөөлж, шаардлага хангахаа болих эрсдэл дагуулдаг. Мөн Сүү ХК нь жилийн дөрвөн улиралд, 2,500 гаруй бэлтгэн нийлүүлэгчидтэй харилцан ажилладаг салбарынхаа хамгийн том тоглогч. Ийм өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг удирдаж, зохицуулна гэдэг өөрөө асар их сорилт. Удирдлагын хувьд ийм нүсэр системд автах, үйл явцдаа живэх эрсдэл бий. Жишээлбэл, бид өдөр тутмын жижиг шийдвэрүүдээс илүүтэйгээр компанийн хөгжлийн томоохон бодлогуудыг тодорхойлох хэрэгтэй болдог. Тухайлбал, бид экспортлогч болох уу, эсвэл дотоодын зах зээл дээр ус, ундааны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, хэвтээ өсөлт хийх үү гэдэг чухал асуултуудад хариулт олох шаардлагатай. Товчхондоо, амжилттай удирдагч гэдэг олон жижиг асуудлуудад төөрөлдөлгүйгээр бүх үйл явцыг томоор харж, цогцоор нь удирдаж чаддаг хүнийг хэлэх болов уу.
5. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД?
Имэйл харилцаа, оффисийн програмууд, чат аппуудаас бусдаар бол 5 жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй бага апп ашигладаг болж. Би Samsung-ийн үнэнч хэрэглэгч. Зөөврийн компьютер, гар утас, ажлын өрөөний тв гээд бүхэлдээ “Samsung” учраас ажлын файлуудаа ангилж, ялгахаас эхлээд тун хялбар байдаг. Сүүлийн үед бол гар утасныхаа “Notes”, “Health” гээд үндсэн аппликейшнуудыг л түлхүү ашиглаж байна.
6. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хийх ажлын жагсаалт, хийсэн ажлын жагсаалтаа хөтлөөд олон жил өнгөрч байна. Энэ дадал том зургаараа миний цагаа хэмнэдэг шалгарсан арга. Надад хоёр дэвтэр байдаг юм. Нэг дээр нь уулзалтын тэмдэглэл, санасан бодсон зүйлсээ дэлгэрэнгүй бичээд, дараа хэрэг болох, чухал гэсэн зүйлсийг шүүж нөгөө дэвтэртээ хуулдаг. Хурал дээр 3-4 хуудас юм тэмдэглээд, түүнийгээ нөгөө дэвтэртээ нэг хуудас болгон оруулах жишээтэй. Ингэж хуулах үедээ тухайн тэмдэглэлээ нягталж, бодож цэгнэх боломж бүрддэг. Орой болгон, ажлаа дууссаны дараа ирээдүйд хэрэгцээтэй хэмээн үзсэн мэдээллээ нөгөө дэвтэр рүүгээ хуулж бичдэг дадалтай.
7. хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Гараар бичих нь зүүн тархины үсэг болон хэлний боловсруулалтын хэсгийг, мөн баруун тархины дүрслэл болон бүтээлч сэтгэхүйн хэсгийг идэвхжүүлдэг гэдэг. Зүүн тархи нь хэл яриа, дэс дараалал, логикт илүү хүчтэй оролцдог бол баруун тархи нь бүтээлч сэтгэхүй, төсөөлөл, орон зайн мэдрэмжийг хариуцдаг. Гараар бичих явцад үсэг болон дүрсийг гаргаж, тэмдэглэх нь эдгээр хоёр талын тархины идэвхжлийг шаарддаг учраас тархины үйл ажиллагааг илүү тэнцвэржүүлж, гүн төвлөрөхөд давуу талтай. Тийм ч болохоор гараар бичихийг хэзээд илүүд үздэг. Хийх ажлын жагсаалт гаргахдаа аппликейшн, программ гээд төрөл бүрийн арга туршиж үзсэн боловч эцсийн дүндээ дэвтэр, үзэг хоёр л шалгарч үлдсэн.
8. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Гэр бүл. Сүүлийн нэг жилийн хугацаанд ажлаа бүрэн гартаа оруулах гээд цаг зав маш бага байлаа. Ажлаас бусад цагийг гэр бүлийнхэндээ л зарцуулж, тэднээсээ л эрч хүчээ сэлбэж байна.
9. ҮНДСЭН АЖЛЫНХА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Нэг хэсэг Дуулиан 2020 ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, Монголын Туялзуур Сэлэмний Холбооны дэд ерөнхийлөгч гээд спортын холбоодын ажил болон спортоор хичээллэхэд их цаг зарцуулдаг байсан. Ер нь сонирхож буй шинэ юм бүрээ турших дуртай. Харин одоо нийгмийн ажлуудаа харьцангуй цөөлсөн. Одоогийн үндсэн ажлаа тодорхой хэмжээнд жигдлээд ирэхээр хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах тал дээр өмнө нь хэрэгжүүлж, санаачилж байсан ажлуудаа үргэлжлүүлнэ хэмээн төлөвлөж байна.
10. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Намайг анх ажлаа авсан 2014 онд Монголын хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа сүүний зах зээлийн нөхцөл байдал өнөөгийнхтэй харьцуулахад хамаагүй хүнд байлаа. Тухайн үед супермаркетын гол лангууг Оросын шар сүү, Хятадын сүү эзэлж, Монголд үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүн ердөө нийт лангуунуудын дөрөвний нэг хүрэхгүйг эзэлдэг байв. Нөгөөтээгүүр, сүү бэлтгэн нийлүүлэгчид маань борлуулалтаа өөрсдөө хийж, байрны гадаа “Сүү аваарай” гэж хашхирч зогсдог байсныг бүгд л санаж байгаа байх.
Ердөө аравхан жилийн өмнө импортын болон задгай сүүний эрин үе байсан зах зээл өнөөдөр 100 хувь дотоодын үйлдвэрийн сүүн бүтээгдэхүүнээр хангагддаг болсон нь асар том дэвшил юм. Энэ өөрчлөлт нь салбарын бүх оролцогчдын хамтын хүчин чармайлтын үр дүн билээ.
2014 онд би огт танил биш салбар руу орж, бүхнийг А-гаас нь шинээр сурч эхэлж байсан. Харин одоо салбараа илүү нарийвчлан ойлгож, үйл ажиллагааны урсгал, мэдээллийн урсгал, мөнгөний урсгалын доголдлуудыг олж, эдгээрийг засахад анхаарч байна. Магадгүй эдгээр өөрчлөлтүүдийг гардан хийх нь салбарын онцлог, зах зээлийн эрэлт хэрэгцээг сайтар мэдэж байгаагийн маань илэрхийлэл болов уу.
11.ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Таван жилийн өмнө бид “Монгол сүүгээр дэлхийг ундаална” хэмээх шинэ алсын хараагаа тодорхойлсон. Энэ хугацаанд бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, малчдаас сүү цуглуулахаас эхлээд эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх хүртэлх бүх үйл явцыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулж чадлаа. Хөдөө аж ахуйн салбар бол асар их боломжтой салбар учраас бид зөвхөн дотоодын зах зээлдээ хязгаарлагдах нь хөгжлийн хувьд өрөөсгөл.
Тиймээс бид ойрын ирээдүйд экспортод гарах боломжийг идэвхтэй судалж байна. Жишээлбэл, зөвхөн Өвөрмонголд л гэхэд манай бүтээгдэхүүнд сонирхолтой 10 сая гаруй хэрэглэгч бүхий зах зээл бий.
Гэсэн хэдий ч бидний хувьд хамгийн том саад бол худалдааны татвар. БНХАУ-д 25 хувь, ОХУ-д 38 хувийн татвар ногдож байгаа нь экспортын өртөгийг огцом нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүний үнийг өндөрсгөх шалтгаан болж буй. Үүнийг эцсийн хэрэглэгч хүлээн зөвшөөрч, илүү өндөр үнээр худалдан авах эсэх нь эргэлзээтэй асуудал. Тиймээс бид хоёр хөршөөс гадна Солонгос, Япон, Дундад Азийн зах зээлд нэвтрэх боломжийг ч мөн эрчимтэй судалж байна.
Сэдвээс бага зэрэг хазайхад, манай улс урт хугацаандаа үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байгаа бол импортын 5 хувийн татварын бодлогодоо өөрчлөлт хийх шаардлагатай. 5 хувийн хамгаалалттай зах зээл дээр дотоодын үйлдвэрлэл өрсөлдөхөд тун хүндрэлтэй. Бидний урд хөрш дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орны нэг бөгөөд хэдэн зуун сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэгж өртгөө хямдруулж чаддаг. Харин бид хэдэн зуун мянгыг үйлдвэрлээд ч өртгийн хувьд том ялгаа гардаг.
Тиймээс ч одоогийн нөхцөлд дотоодын бизнесийн салбарт үйлдвэрлэхээс илүү худалдаа эрхлэх, импортлох нь илүү ашигтай байна. Гэтэл энэ нөхцөл байдал нь урт хугацаанд улс орны эдийн засгийн тогтвортой байдалд үргэлж сөргөөр нөлөөлдөг учраас импортын татварыг бодитой хэмжээнд өсгөх замаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай гэж хувьдаа бодож явдаг.
12. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Хэрэв ажлын байран дээр гарчихсан ажилтан суралцах шийдвэр гаргасан бол тухайн зарцуулж буй хугацаагаа зөвхөн суралцахад зориулах хэрэгтэй гэж боддог. Ялангуяа манайхан гадаадад сурахынхаа хажуугаар ажил хийгээд явах нь элбэг. Мэдээж санхүүгийн асуудал, сургалтын төлбөр гээд олон асуудал байх нь ойлгомжтой. Гэхдээ тухайн суралцах хугацаа нийт карьертай чинь харьцуулахад асар бага учраас академик мэдлэг рүүгээ бүрэн төвлөрөх нь илүү үр дүнтэй. Сурвал сурсан шиг сураад ажиллавал ажилласан шиг ажиллах хэрэгтэй.
Түүнчлэн огт сурахгүйгээр дан ажлаасаа суралцаад явна гэдэг нэг талаасаа хангалттай хэмжээнд суралцаж чадахгүй, дээрээс нь нэг салбар, нэг компани дээр удаан хугацаанд ажиллах нь хүний ертөнцийг үзэх үзлийг богинохон, нарийхан болгочихдог юм шиг. Хэрэв ажиллангаа суралцаад явъя гэж бодож байгаа бол тодорхой хэмжээнд карьер төлөвлөлт хийж, компани солиод явах биш салбар солих нь илүү чухал.
13. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Бид цахим сүлжээний асар их мэдээллийг хүссэн хүсээгүй өдөр тутамдаа хүлээн авч байна. Сүүлийн үед энэ их хэрэгцээгүй мэдээлэл дундуур тархиндаа шинэ санаа, цэгцтэй мэдлэг өгөхийн тулд “Microlearning” буюу /том сэдвүүдийг жижиглэн ойлгуулдаг/ төрлийн номууд голчлон унших сонирхолтой болсон. Энэ төрлийн номын агуулга нь товч, тодорхой бөгөөд тархины мэдээлэл хадгалах үйл явцад нийцүүлэн бичигдсэн байдаг тул нэг уншсан мэдээллээ тун амархан тогтоочихдог давуу талтай санагддаг юм.
Амьдралд өөрчлөлт авчирсан бүтээл гэвэл хөгжилтэй талаасаа “Click” киног нэрлэе. Хөнгөн, зугаатай хэрнээ цаг хугацаа, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлсэн мөчүүдийн үнэ цэнийг ойлгуулж, амьдралын жинхэнэ утга учрыг сануулдаг кино.
14. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ
Дээр дурдсанчлан, Хасбанкны Харилцааны төвийн захирлаар ажиллаж байхдаа "Global CEO" реалити шоуны шилдэг оролцогчдын нэгээр шалгарснаар олон газраас ажлын санал ирж байлаа. Миний хувьд орос хэлтэй тул тухайн үед Монголд үйл ажиллагаа явуулж байсан Оросын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажиллах хүсэлт гаргасан юм. Гэвч удирдлага нь миний ажлын намтрыг хараад:
“Чи зөвхөн санхүүгийн салбарт, тэр дундаа ганц компанид ажилласан туршлагатай юм байна. Мэдээж энэ нь чамайг үнэнч, тууштай, тогтвортой мэргэжилтэн гэдгийг илтгэж байгаа ч бизнесийн мэдлэгийн цар хүрээ, туршлага тал дээр зөвхөн санхүүгийн салбараар хязгаарлагдсан нь Гүйцэтгэх захирлын хувьд хангалтгүй.”
гэсэн шалтгаанаар татгалзах нь тэр. Энэ хариулт миний амьдралд эрс өөрчлөлт авчирсан. Би тэр үеийг хүртэл эдийн засагч, банкир хүн тэс өөр салбар руу шилжих боломжтой гэж огт бодож байгаагүй юм. Харин энэ татгалзсан хариу миний бодлыг өөрчилж, өөрийгөө шинэ салбарт сорих эрмэлзэл төрүүлсэн хэрэг. Зээл олгодог биш, харин зээл авч ажилладаг талд нь шилжиж, огт өөр өнцгөөс бизнесийг ойлгохыг хүссэн. Ингэж л би Моннист ажилд орсон түүхтэй.
15. БУСДАД ШИДЭХ САНАА?
Өөрийгөө ахиулъя, хөгжүүлье гэвэл компанийнхаа, байгууллагынхаа хамгийн чухал, хамгийн том боломжид хөтлөх, хамгийн ихийг сургах ажлыг "амлан" авч байгаарай. Хэний ч хийж чадах зүйлийг, эсхүл нэг зүйлээ давтаж хийгээд хүн хөгжихгүй шүү дээ. Өөрийн туршлагаас харахад, тийм ажлыг бариад авбал өөрөө маш ихийг сурдаг, бас дараа дараагийн боломжийг бусдаас түрүүлэн шүүрч чаддаг юм билээ.