“Мэдлэг” гэх жингийн цуваа манай гарагийн өнцөг булан бүрээс эх орноо дайн наашилсаар. “Бид хэрхэн суралцдаг вэ?” булангийн эхний дугаартаа бид Чевенингийн тэтгэлэг хүртэж, Их Британид мэргэжил дээшлүүлж буй Монгол залуусын их эрдмийн аяны тухай түүхийг хуваалцаж байсан билээ. Харин энэ удаа Өмнөд Солонгос Улсын Засгийн газрын магистр, докторт суралцах тэтгэлэгийн сонгон шалгаруулалт үргэлжилж буйтай холбогдуулан 2019-2021 оны хооронд уг тэтгэлгийг хүртсэн залуусын түүхийг онцолж байна. 

1967 оноос хойш Өмнөд Солонгосын Засгийн газар дэлхийн 148 орны 6556 гадаад оюутанд тэтгэлэг олгоод буй. Уг тэтгэлэгт бакалавр, магистр, докторын түвшинд суралцах оюутнууд болон судалгааны оюутнууд хамрагдах боломжтой. Зарлагдах хугацааны хувьд жил жилдээ бага зэрэг өөрчлөгддөг ч дунджаар бакалаврын түвшний тэтгэлэг есдүгээр сард, түүнээс дээш түвшний тэтгэлэг хоёрдугаар сард зарлагддаг. Тэтгэлэгт хоёр талын онгоцны тийз, сургалтын төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хэлний сургалтын зардал зэргийг зуун хувь хөнгөлдөг тул хэрэв тэнцсэн тохиолдолд ямар ч зардалгүйгээр та Солонгосын шилдэг их дээд сургуульд боловсрол эзэмших боломжтой.  

2024 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай. Ташрамд дурдахад, материал хүлээн авах эцсийн хугацаа 02/29 буюу ирэх пүрэв гарагаар дуусгавар болж буй.

1. ТА СОЛОНГОСЫН ЗГ-ЫН ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАНА УУ?  

Тэтгэлэгт хамрагдсан он: 2023 он

Би бакалавраа хувцас дизайны мэргэжлээр төгссөн ч, мастераа ОУ-ын бизнесийн чиглэлээр сурахаар төлөвлөчихсөн байлаа. Мэргэжил сольж байгаан дээр дөрвөн жил зөвхөн график дизайнераар ажилласан, бизнесийн чиглэлийн туршлагагүй гэх мэт сул талууд их байсан тул мастерийн тэтгэлэгт тэнцэхийн тулд ямар давуу талыг өөртөө бий болгох вэ? хэмээн багагүй хугацаанд бодсон. Эцэст нь IELTS, TOPIK-ийн оноонууд авч, Солонгосын Засгийн газрын тэтгэлэгт материалаа өгөхөөр шийдсэн хэрэг. Би тухайн үед англи хэлтэй ч солонгос хэлний мэдлэг тун тааруу байсан юм. Долоодугаар сарын нарлаг өдөр энэ бодол толгойд орж ирсэн болохоор надад тэтгэлэг зарлагдах хүртэл солонгос хэлээ бэлдэх долоон сарын хугацаа л байв.

Уг тэтгэлэгт материалаа өгнө хэмээн шийдсэн даруйдаа солонгос хэлний сургалтанд анхан шатнаасаа TOPIK бэлтгэл хүртэл гурван сар суралцаад TOPIK таван оноо авч байлаа. Анх гурван оноо авна гэж зорьж байсан ч санаснаас хамаагүй өндөр оноо авсан нь надад маш их урам зориг өгсөн. Дараа нь IELTS-ийн шалгалтад хоёр сар орчим хувиараа бэлдээд найман оноо авсан даа. Өмнө хэлсэнчлэн туршлагагүй гэдэг нь миний сул тал болж байсан ч хэлний оноо сайн байсан нь тэнцэх шалтгаануудын нэг болсон гэж боддог. Ажлын хажуугаар бэлдэж байсан болохоор хагас жилийн хугацаанд хамгийн эртдээ гэхэд л гэртээ шөнийн 22-23 цагт ордог байснаа одоо бодоход бас л “чанга” сонсогдож байна шүү.

Эссэгээ бичихдээ өөрийнхөө туулж өнгөрүүлсэн бүхий л амьдралаа эргэцүүлэн бодож бичсэн. Бакалаврын мэргэжлээ одоо сонгох мэргэжилтэйгээ сайн “уях” тал дээр ч чамгүй анхаарснаа дурдах нь зүй. Харин тодорхойлох захидлыг өөрийн тань ур чадвар, өгөгдлийг сайтар мэддэг багшаараа бичүүлэх хэрэгтэй шүү.

Тэтгэлгийн материал яг ийм байвал тэнцэнэ гэсэн зүйл огт байхгүй. Учир нь хүн бүрийн түүх, карьерын амжилт харилцан адилгүй. Хамгийн гол нь өөрийгөө “Нэг их хийсэн зүйл байхгүй дээ” гэж голохоос илүүтэйгээр үлдсэн хугацааны туршид тэнцэх магадлалыг тань өсгөж болох юу байна, түүндээ бүхий л анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Миний хувьд “Солонгос хэл бараг мэдэхгүй шүү дээ, ердөө гурван сарын дотор яаж оноо авах вэ дээ” гээд хойш суусан бол TOPIK таван оноо авахгүй байсан нь үнэн. Хэрэв бүр цаг нь тулчихсан бол эссэн дээрээ өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх хэрэгтэй. Англи, солонгос хэлний бэлтгэл, мэргэжил сонголт, сургууль сонголт, эссэ зэрэгт долоон сарыг зарцуулсан ч тун шахуу бэлдсэн санагдаж байна. Тиймээс үнэхээр тэтгэлэг авахыг хүсэж байгаа бол дор хаяж нэг жилийн хугацаанд бэлдэнэ хэмээн сэтгэлзүй, санхүү, ажлын ачааллаа төлөвлөөрэй.

2. ТЭТГЭЛГИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТУУДАД ХЭРХЭН БЭЛДСЭН БЭ?

Тэтгэлэгт хамрагдсан он: 2019 он

Солонгосын Засгийн газрын бакалаврын түвшний тэтгэлэгт хөтөлбөр есдүгээр сард зарлагддаг бөгөөд гурван шаттай. Миний хувьд өмнөх онуудын тэтгэлгийн зарлалуудыг хайж үзээд, тэр зундаа материалуудаа бэлдэж эхэлж байлаа.

Эхний шат нь өргөдлийн шалгаруулалт. Өөрийгөө бүрэн тодорхойлох, бусдаас ялгарах онцлогоо илтгэх эссэ, сургалтын нарийн төлөвлөгөө зэрэг дээрээ түлхүү анхаарах нь энэ шатны гол зүйл. Өргөдөл дээрээ дурдаагүй зүйлсээ эссэн дээрээ тодотгох хэрэгтэй. Тухайлбал, хийж байсан сайн дурын ажил болоод тухайн мэргэжлийг сонгон суралцах болсон хүсэл эрмэлзлээ итгэл үнэмшил төрүүлэхүйц үнэн бодитоор тусгах нь чухал. Миний хувьд Солонгос дахь биологийн чиглэлээр судалгаа хийдэг нэгэн лабораторийн судалгааны ажлыг нь ихэд сонирхдог тухайгаа эссэн дээрээ тусгаж байсан юм. Сонирхолтой нь, одоо би тухайн лабораторидоо ажиллаж байгаа шүү.

Хоёрдугаар шатанд Элчин сайдын яаман дээр ярилцлага өгөх бөгөөд гурван шалгаруулагчийн асуусан асуултад солонгос болон англи хэлээр хариулна. Ярилцлагын үеэр аль болох нээлттэйгээр өөрийгөө бүрэн илэрхийлж, бусад оролцогчдоос илүү онцгой сэтгэгдэл үлдэхүйц хариулах хэрэгтэй. Ярилцлагад бэлдэхдээ өөртөө сайтар дүн шинжилгээ хийж, зорилгоо асар нарийн төлөвлөсөн байх нь чухал. Тэгэж гэмээнэ ярилцлагын үеэр нүднээс оч гэрэлтээд л, өөртөө итгэлтэй ярьж чаддаг. Миний хувьд асуултад хариулах үедээ нүд рүү нь эгцэлж хараад, чаддаг бүхнээ тодоор хэлж байсан тул надад эргэлзэх өчүүхэн ч сиймхий үлдээхгүй байхад тусалсан болов уу. Мөн өмнө нь асуух магадлалтай гэсэн асуултуудад урьдчилаад бэлдчихсэн байсан нь ярилцлагын шатад их хэрэг болсон.

Дээрх шатандаа тэнцсэний дараа өргөдөл өгсөн сургуулиудтайгаа цахим уулзалт хийдэг бөгөөд энэ үед таны хэлний мэдлэг, сонгосон мэргэжлийн талаарх суурь мэдлэгийг тухайн сургуулийн мэргэжилтэн шалгах болно. Гэхдээ сүүлд сонсохнээ бусад тэнцсэн оюутнуудаас суурь мэдлэг зэргийг асуугаагүй болохыг нь мэдсэн. Мэргэжлийн онцлогоосоо шалтгаалдаг байж мэдэх л юм.

3. ТАНЫ СУРАЛЦАХУЙН АРГА БАРИЛ, АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ НӨҮ-ХАУ 


Нэн түрүүнд хичээлийн төлөвлөгөөтэй сайтар танилцаж, тухайн улиралд ямар мэдлэг олж авахаа тодорхой болгодог. Учир нь хичээлийн төлөвлөгөөг зохиоход зүгээр ч нэг үзэх ёстой хичээлүүдийг жагсаагаад биччихдэггүй. Хичээлүүдийн дараалал, ойлголтуудын задаргаа зэргийг сайтар анзаарах хэрэгтэй. Ингэснээр хэчнээн ойлгохгүй зүйлс гарсан ч ерөнхий чиг баримжаа алдагдахгүй.

Солонгосын их сургуульд сурахад англи хэл маш их хэрэг болдгийг анзаарсан. Солонгос хэл дээр лекц сонссон ч унших материалууд ихэнх нь англи хэл дээр байдаг. Тиймээс энд ирж, суралцахыг хүсэж байгаа залууст зөвлөхөд англи хэлээ давхар сайжруулаарай.

Мэддэгээ чанартай бататгаж, мэдэхгүйгээ гүнзгийрүүлэн суралцахад бие болоод сэтгэлзүйн эрүүл мэнд нэн чухал. Сайн нойр авч, шим тэжээлтэй хоол идэж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгал хийхгүй байхаар цаанаасаа л бие хөшөөд, эрч хүч буураад байгаа мэт санагддаг. Магистрын хичээлүүд нэлээн хүнд, даалгавар ч ихтэй учраас цагийн менежмент, хувийн зохион байгуулалт чухал. Үргэлж өндөр ачаалал авч байгаа учраас мэдээж их ядарч, стресстдэг. Тиймээс өөрийнхөөрөө аргаар тэрхүү стрессийг дор бүр нь тайлж сурах хэрэгтэй санагдсан. Манай дотуур байрны хажууд караоке бүхээг бий. Эхний хичээлийн улиралд би хичээлээ тарж ирчихээд 5000 воноор 17 дуу дуулж стрессээ тайлдаг байлаа.

4. ОЮУТНЫ НЭГ ӨДӨР ТАНЬ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Тэтгэлэгт хамрагдсан он: 2023 он

Манай мэргэжлийн бүх хичээл англи хэл дээр явагддагаас гадна бусад мэргэжилтэй харьцуулахад хавь илүү буюу 39 кредит цуглуулах шаардлагатай. Өглөө нь хичээл дээрээ англиар, өдөр нь найзуудтайгаа солонгосоор, орой нь гэр бүлийнхэнтэйгээ монголоор гэх мэт өдрийн турш хэд хэдэн хэл сольж ярих нь тун сонирхолтой.

Орон орны оюутнуудтай улс төр, түүх, нийгэм, ард иргэд болон цаг үеийн байдлын талаар ярилцах нь өдрийн маань хамгийн дуртай хэсэг. Жишээ нь, саяхан өндөрлөсөн Индонез Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дарангуйлагч сонгогдсонд залуу үе нь дургүй байгаа тухай, Ираны эмэгтэйчүүд шашны удирдагч Рахбарын засаглал дор ямар хүнд үеийг туулж буй тухай, Этиоп Улсын нэг жил нь яагаад 13 сартай гэх мэт мэдээллийг тухайн улсын оюутнуудаас сонсох нь гүн сэтгэгдэл төрүүлж, бусад орны соёлыг шимтэн судлахад хүргэдэг.

Хичээлийн хувьд долоо хоногт хамгийн багадаа хоёроос гурван судалгааны ажил уншиж, тойм бичих, дүн шинжилгээ хийх, илтгэл хэлэлцүүлэх зэргээр ажлын өдрүүд өрнөдөг. Миний хувьд энэ улирлаас эхлэн сургуулийнхаа олон улсын оюутны холбооны удирдах албанд ажиллах болсон тул гадаад оюутнуудад чиглэсэн оновчтой, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахад гар бие оролцох, Солонгос Улсад оршин сууж буй дунд, ахлах ангийн иммигрант сурагчдад долоо хоног бүр дөрвөөс таван цаг мэнторлох зэргээр хичээлээс гадуурх цагийг өнгөрөөж байна.

5. ОЮУТНЫ ХУВИАР ХАМГИЙН ИХЭЭР АШИГЛАЖ БУЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД 

Тэтгэлэгт хамрагдсан он: 2019 он

- Хичээлээ ихэвчлэн IPAD-ийн Notability, Goodnotes апп дээр тэмдэглээд явдаг. Хуваарь, төлөвлөлт гаргахдаа харин Planit гэх аппыг ашигладаг. Өмнө нь олон төлөвлөгч апп хэрэглэж үзсэн ч одоогоор надад ашиглахад хамгийн хялбар санагдсан нь энэ апп. Өөрийн хуваарийг найздаа хуваалцаж болдог ба ингэснээр миний харуулахаар зөвшөөрсөн хуваарийг найз маань харах боломжтой.

- Их сургуульд суралцах явцдаа сургуулийнхаа номын сангийн сайтыг хамгийн их ашигласан юм байна. Сургуулийн номын сангаар дамжуулан судалгааны ажлуудыг Riss, Science direct, Scopus, Oxford academic зэрэг олон эх сурвалжаас үнэ төлбөргүй уншиж, татаж авах боломжтой байдаг нь маш том давуу тал.

6. ХИЧЭЭЛ, ШАЛГАЛТУУДДАА ХЭРХЭН БЭЛДЭЖ, ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ? 

Тэтгэлэгт хамрагдсан он: 2020 он

Ихэнх ажлаа Google Calendar ашиглаж төлөвлөдөг. Олон төрлийн төхөөрөмжөөс хандаж тогтмол шинэчлэлт хийх боломжтой байдаг учраас хамгийн тохиромжтой санагддаг юм. Шалгалтад нэгээс хоёр долоо хоногийн өмнөөс бэлдэж эхэлдэг ба ингэхдээ дараах алхмуудыг хэрэгжүүлдэг.

Эхний удаа бүх ерөнхий утга санаа, дэс дараалал, сэдвийн дагуу лекцээ хураангуйлан бичнэ. Дараа нь мэдэхгүй онол, томъёо зэргийг түлхүүр үг болгон дахин хураангуйлан буулгана. Хамгийн сүүлд нь сурсан зүйлсээ найзууддаа тайлбарлан ярьж өгөх эсвэл бие биенээсээ асуух маягаар давтвал толгойд илүү удаан хугацаанд тогтож үлддэг давуу талтай.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ? 


Хоёр төрлийн аргаар эрч хүчээ сэлбэдэг.

Эхнийх нь, урьдчилж нэг өдөр товлоод бүтэн өдрийн турш нойроо авч, сайн гэгч нь унтах. Хүн эрч хүчээ алдаж, ядарч гундах үеэ эргээд харвал нойр дутагдсанаас, эсвэл нойрны буруу хэмнэлээс үүдэлтэй байх нь элбэг.

Тиймээс бүтэн нойр авч, мэдрэлийн тогтолцоондоо амралт олгож байх хэрэгтэй. Тэгж байж маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж, амьдралаа тэтгэж чадна. Энэ арга маань үйлчилсэн ч буцаад сульдаад эхэлбэл өөртөө зориулаад нэг аяга хоол заавал хийж иддэг. Уургаар баялаг, ногоо ихтэй хоол хийж байхдаа түүндээ сатаарч, бүх стресс, ядаргаа огт байгаагүй юм шиг л арилчихдаг нь сайхан. Бас энерги гэх зүйл харилцан үйлчилж байдаг учраас нэг орой найзуудтайгаа уулзаад инээж хөхрөлдөн сайхан энергиэр бие биенээ тэтгэдэг.

8. СУРАЛЦАХЫН ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ? 

Тэтгэлэгт хамрагдсан он: 2019 он

Хичээлийн бус үеэр цагийг сонирхолтой байдлаар өнгөрөөхийг хичээдэг учраас Dog cafe, Cat cafe, Art cafe, Ceramic cafe зэрэг залуучуудын цагаа өнгөрөөж болох газруудыг хайж олоод, найзуудтайгаа эсвэл ганцаараа шинэ зүйл туршиж, Монголдоо нэвтрүүлж болох болох санаануудыг хайх дуртай. Миний хувьд Монголдоо хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой санагдсан нь DIY дэлгүүрүүд байсан. Энэ төрлийн дэлгүүрүүдэд хэрэглэгч материал, чимэглэл, орцоо сонгоод цор ганц стикер, утасны гэр, чихмэл тоглоом зэргийг өөрийн гараар бүтээдэг онцлогтой.

Хувь хүний хөгжлийн тухайд, солонгос хэлээ дээшлүүлэхийн тулд шүлэг, зохиол, дууны үг зэргийг орчуулж, эсвэл сургуулийнхаа хэл солилцооны клубд хамрагдах, шинэ хүмүүстэй танилцаж туршлага солилцохыг хичээдэг.

9. СУРАЛЦАЖ БУЙ ЧИГЛЭЛИЙН ТАНЬ ОНЦЛОГ? ОДОО СУРАЛЦАЖ БУЙ СУРГУУЛИА ЯМАР ШАЛГУУРААР СОНГОСОН БЭ? 

Тэтгэлэгт хамрагдсан он: 2020 он

Би эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Хамгийн элбэг, хүн бүр сонгодог мэргэжил гэж хэлэх нь бий ч миний хувьд улс орон оршин тогтнож байгаа цагт эдийн засагч гэх мэргэжил эрэлт хэрэгцээтэй хэвээр байна гэдэгт 100 хувь итгэлтэй байдаг. Томоор авч үзвэл микро макро эдийн засаг, жижиг хүрээнд авч үзвэл зах зээлийн эдийн засаг, байгууллагын эдийн засаг, ажлын зах зээлийн эдийн засаг, эрүүл мэндийн эдийн засаг гэх мэтчлэн маш олон салбарт манай мэргэжил хуваагддаг бөгөөд хөрвөх чадвар маш өндөртэй.

Хүмүүс эдийн засагч мэргэжлийг сайн мэддэг юм шиг хэрнээ огт мэддэггүй. Эдийн засаг бол зөвхөн тоо бодоод суудаг салбар огтхон ч биш. Бид бүх шатны, бүх салбарын шийдвэр гаргалтад шаардлагатай өгөгдлөөр хангах үүрэгтэй бөгөөд үүнийгээ олон төрлийн судалгаа шинжилгээний аргад тулгуурлан боловсруулдаг. Жишээлбэл, Улсын төсөв болон эдийн засгийн бодлого нь тэр чигтээ эдийн засагчид өмнөх жилүүдийн үзүүлэлтүүд дээр хийсэн судалгаа оношилгоон дээр тулгуурладаг. Тийм ч учраас сайн эдийн засагч болохын тулд өндөр тооцооллын чадамжаас гадна компьютерийн мэдлэг, аналитик шүүмжит сэтгэлгээ зэрэг чадваруудыг эзэмших шаардлагатай.

Миний хувьд Өмнөд Солонгос Улсад хамгийн нэр хүндтэй тэр тусмаа эдийн засаг, бизнесийн удирдлагын хөтөлбөрөөрөө улсдаа толгой цохидог учраас Кореа Их сургуулийг сонгосон. Улсдаа “толгой цохидог” багш нараас суралцах нь мэдээж нэр төрийн хэрэг. Мөн манай сургуулийн сонирхолтой онцлогуудын нэг нь Ёнсэ Их сургуультай хийдэг нөхөрсөг тулаан. Энэхүү тулааныг Солонгос даяараа мэддэг төдийгүй эртнээс уламжлагдан ирсэн маш том соёл бөгөөд өөр ямар ч сургуульд ийм төрлийн тэмцэл байдаггүй. Жил бүр манай хоёр сургуулийн дунд намрын спортын тэмцээн болдог бөгөөд зөвхөн тамирчид төдийгүй хөгжөөн дэмжигч оюутнууд хүртэл уриа, хөгжөөн дэмжих дуугаараа өрсөлддөг уламжлалтай. Энэхүү соёл маань ч бас миний сонголтонд тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу.

10. ГАДААДАД СУРАЛЦАХЫН СОРИЛТ БА БЭРХШЭЭЛҮҮД 

Тэтгэлэгт хамрагдсан он: 2018 он

Би хувьдаа Их сургуульдаа элсэхээс өмнө хэлний бэрхшээл бол асуудал биш, мөн дээрээс нь математик бол хэлнээс хамаарахгүй хичээл гэж боддог байсан юм. Гэтэл хамгийн эхний хичээл дээр математикийн профессор маань самбар дээр нэг ч үсэг бичихгүй зөвхөн яриагаар лекцээ үргэлжлүүлэх үед үнэхээр харь гаригийн хүн шиг мэдрэмж төрч байсан сан. Ингээд л өөрийнхөө мэддэг бүх томьёо, математикийн ойлголтуудыг өөр хэл дээр цээжлэх шаардлага гарсан.

Түүнээс гадна боловсролын систем нь манай оронтой харьцуулахад дэндүү ялгаатай. Профессорууд зарим ойлголтыг хэдийн ахлах ангидаа сурчихсан гэж бодоод тайлбарлахгүй өнгөрөх тохиолдлууд цөөнгүй. Гэтэл яг тэр ойлголт нь хичээлийн маань гол суурь байх жишээний.

Харин шинэ соёл, шинэ орчинд уусан орно гэдэг тун сонирхолтой үйл явц шиг санагддаг. Зөвхөн өөрийгөө тухайн орчны хэлбэрт багтаах бус өөрийнхөө хэмжээг тэлэх боломж мэт.

11. ЭНЭ УЛИРЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ ХИЧЭЭЛ? СУРГУУЛИА ТӨГССӨНИЙ ДАРААХ ТАНЫ ОЙРЫН ЗОРИЛТ? 

Тэтгэлэгт хамрагдсан он: 2023 он

Өнгөрсөн улиралд “Боловсолын удирдлага ба боловсролын менежментийн ухаан” гэх хичээл хамгийн онцлох хичээл байсан юм. Өмнөд Солонгос Улсын ЕБС-ийн зарчим, арга ухааныг түлхүү судалж, сүүлийн үед энэ улсад үүсэж буй боловсролын асуудлуудтай танилцсан. Өмнөд Солонгос боловсролын чанараар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловч тухайн салбар дотор үүсээд буй сул тал, дэлгэрээд буй давуу талуудыг анзаарч, эх оронтойгоо харьцуулан олон зүйлийг ул суурьтай эргэцүүлэх боломжтой болсон.

Хичээлийн туршид сэтгэл эмзэглүүлсэн олон зүйлстэй тулгарсан. Өөрөөр хэлбэл Солонгос дахь нийгмийн өрсөлдөөнөөс үүдэн боловсролын салбарт хүн хоорондын харилцааны болон үр дүнгийн олон гажуудал бий болсны нэг том жишээ нь ЕБC-ийн багш нарын сэтгэл ханамж цаашлаад амиа хорлох асуудал байсан юм. Энэ асуудлуудын гол шалтгааны талаар солонгос багш нартай харилцаж, үзэл бодлоо солилцсон маань ирээдүйд боловсролын салбарт ажиллахад чухал туршлага болно хэмээн найдаж байна.

Монгол хүний хувьд хамгийн их эмзэглэсэн зүйл бол Монгол Улс болон Өмнөд Солонгос Улсын ЕБC-ийн багш нарын дундаж цалингийн хэмжээний ялгаа болон багшийн сэтгэл ханамжын судалгаанууд. Үндсэн хэрэгцээ хангагдаж байж хүн сэтгэл ханамжийг олж авч, улмаар ажил мэргэжлийн хувьд дээшилж, дэвших урам зориг ордог байтал манай орны багш нарын дундаж цалин үндсэн хэрэгцээгээ хангахад ч хүрэлцэхгүй ба солонгос багш нарын жилийн дундаж цалингийн хорин хувьд ч хүрэхгүй байна гэдэг нь үнэхээр сэтгэл өвдөм.

Сургуулиа төгсөөд шууд Монголдоо очиж, ажиллах зорилготой байсан боловч эндээ ажиллаж, туршлага хуримтуулах нь Монголд очиход том давуу тал, шийдэл болж чадах болов уу. Тиймээс төгсөөд эндээ хэсэг хугацаанд мэргэжлийнхээ дагуу судлаачаар ажиллах төлөвлөгөө бий. Харин буцаж нутагтаа очихын цагт эх орныхоо боловсролын салбарт өөрчлөлт авчрах бага хамт олны нэг хэсэг болж ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

12. СОЛОНГОСД СУРАЛЦАХ, ТЭР ДУНДАА ЗГ-ЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХЫН ДАВУУ ТАЛ, БОЛОМЖУУД 


Солонгосын Засгийн газрын тэтгэлэг нь сургалтын төлбөр, хоёр талын тийз, эрүүл мэндийн даатгал, диплом хэвлүүлэх зардал, судалгааны дэмжлэгээс гадна TOPIK шалгалтын оноотой бол сар бүр 1,100,000 воны амжиргааны зардал олгодог.

13. САНАЛ БОЛГОХ КПОП ДУУ, КДРАМА, СОЛОНГОС НОМ 


Ихэвчлэн Hybe Entertainment-аас төрөн гарсан хамтлагуудын дууг сонсдог. Мөн аль болох шинээр гарсан, хит болж буй дуунуудыг цээжлээд караокед дуулангаа дуудлагаа сайжруулах дуртай.

Сүүлд The Dallergut Dream Department Store (달러구트 꿈백화점) гэх номыг уншсан. Зүүдээ худалдаж авдаг их дэлгүүрийн тухай өгүүлэх зөгнөлт бүтээл. Үйл явдал нь сонирхолтойн дээр солонгос хэл сурч байгаа хүнд тун тохирсон ном байсан. Хэрэв богино хэмжээний өгүүллэг, бэсрэг зохиол унших дуртай бол Postype гэх вэбсайтыг санал болгож байна. Ихэнх өгүүллэг нь үнэгүй, хайлтын систем нь ашиглахад хялбар болохоор үгсийн сангаа нэмэгдүүлэхэд дөхөмтэй.

Би ихэвчлэн адал явдалт, уран зөгнөлт төрлийн кино үздэг болохоор санал болгоход туршлага тутаж магадгүй. Гэхдээ Netflix-ийн Hospital Playlist (의사생활), Prison Playbook (슬기로운 감빵생활), Move to Heaven (무브 투 해븐) гэх кинонууд таалагдсан. Үйл явдлын хувьд бодит амьдралтай ойролцоо, үзэхэд “хөнгөн” төрлийн кинонууд байсан.

14. СОЛОНГОСЫН ЗГ-ЫН ТЭТГЭЛГИЙГ СОНИРХОЖ, МӨН БЭЛДЭЖ БУЙ ЗАЛУУСТ ШИДЭХ САНАА 


Миний хувьд 2022 онд баклаврын зэргээ Монголдоо хамгаалаад шууд мастерт суралцахаар Засгийн газрын тэтгэлэгт хүсэлт гаргасан боловч тэнцээгүй. Харин 2023 онд илүү сайн бэлдэж байгаад бага байхаасаа мөрөөдөж, зорьж ирсэн Сөүлийн Их Сургуульдаа тэнцэж чадсан. Тиймээс тэтгэлэгт бэлдэж байгаа бол “Бүтэлгүйтэхээс битгий айгаарай, тэнцэхгүй байхаас битгий эмээгээрэй” гэж хэлмээр байна. Мөн над шиг бакалаврын шинэхэн төгсөгч бол “Бусадтай харьцуулахад туршлага бага, мастерт суралцахад хэтэрхий залуудах вий” гэж битгий хойш суугаарай. Туршлага тодорхой хэмжээнд чухал боловч юу юунаас илүү чиний хичээл зүтгэл, өсөн дэвших хүсэл эрмэлзэл тань энэхүү тэтгэлэгт тэнцэх гол түлхүүр болох болно.

“Би Засгийн газрын тэтгэлэгт тэнцэх ёстой!” гэж бодохоос илүүтэйгээр “Би энэ тэтгэлгийг аваад, Монгол, Солонгос гэх хоёр орны хөгжилд хувь нэмэр оруулж чадах хүн юм шүү” гэдгээ эссэндээ сайтар дурьдахаа мартуузай. Учир нь хүсэлт гаргаж байгаа хүмүүс тэтгэлэг гэх нэрэнд хэтэрхий их ач холбогдол өгөөд зөвхөн авахын ухаанаар ханддаг юм шиг санагдсан. Тав тухтай, өндөр хөгжилтэй оронд 100 хувь үнэ төлбөргүй суралцана гэдэг эргээд асар их хариуцлага гэдгийг санаарай. Амжилт хүсье.