CU-гийн гол хөдөлгөх хүч, амжилтын нууц болсон залуус хэрхэн ажилладаг, тэдний дотоод соёл, ажлын арга барил ямар байдгийг бид цуврал ярилцлагаараа хүргээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл энэхүү цувралын маань сүүлийн дугаарын зочдоор "Хүйтэн түгээлтийн төв"-ийн хамт олон оролцож байна.
Ингээд БНСУ-ын технологиор тоноглогдсон 680 м.кв хагас автомат агуулахыг 24 цагийн турш тасралтгүй авч явдаг, компанийнхаа "ар тал" болсон залуусын ажлын нөү-хау, сорилт болон цаг хэмнэх аргуудтай танилцацгаая.
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би Нийслэлийн "Ирээдүй" цогцолбор сургуулийг төгсөөд, БНСУ руу хэлний бэлтгэлд сурахаар явж байлаа. Хэлний бэлтгэлээ төгсөөд их сургуульд оролгүй Монголдоо буцаж ирээд, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Солонгос хэлтэй байсан болохоор дандаа Солонгосын хөрөнгө оруулалттай компаниудад захирлын туслахаар ажилладаг байв. Гэтэл манай захирал нутаг буцах болсноор орчуулгын ажил гэхээс илүүтэй монгол компаниуддаа ажиллаж эхэлсэн юм.
Тэр дундаас миний бодлыг тэр чигтээ өөрчилсөн газар бол "Номин Холдинг". Тэнд би Гаалийн бүрдүүлэлтийн менежерээр зургаан сар орчим ажилласан юм л даа. Импортын барааны гаалийн бүрдүүлэлтийг хийж, агуулах руугаа татан төвлөрүүлж, нөөцөө төлөвлөдөг энэ ажил надад маш сонирхолтой санагдсан. Нөгөө талаас дотоод руу орж ирэх бараа надаас болж дутвал тухайн борлуулалт алдагдаж, үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй тул нэн өндөр хариуцлагатай. Гэхдээ энэ ажлаасаа эрүүл мэндийн шалтгаанаар гарч байсан юм.
CU-тэй холбогдсон түүх гэвэл, анх 2021 онд CU-д ээлжийн ахлах (supervisor)-аар ажилд орж байв. Тухайн үед CU-гийн дэлгүүрийн тоо 100 ч хүрээгүй, ердөө 60-70 орчим салбартай байсан үе. Агуулах маань ч одоогийнх шиг ийм том, сэлүүхэн байсангүй. Ердөө 300 м.кв жижигхэн агуулахад подон, хайрцаг тавьж байгаад цаасаа харж, гараар тэмдэглэн бараагаа бэлддэг байсан юм. Одоо CU маань 680 м.кв том агуулахтай.
Бид 2023 онд Солонгосын "Азитек" компанитай хамтран CU-гийн үндсэн системийг ашигласан хагас автомат тоног төхөөрөмж суурилуулсан юм. Өмнө нь цаас хараад "Тэр дэлгүүрт таван сүү" гээд тэмдэглэдэг байсан бол одоо 300,000ширхэг бараа бүр нь өөрийн гэсэн бар кодтой. Тэрхүү бар кодыг уншуулахад тухайн эгнээний дэлгүүрийн жижиг цонхон дээр хэдэн ширхэг вэ гэдэг тоо нь гараад ирдэг. Энэ систем нь ажлын хурдыг 2-3 дахин нэмэгдүүлж, бараа зөрөх алдааны магадлалыг тэр чинээгээрээ бууруулж чадсан. Стандартын дагуу ажиллаад сурчихсан хүн бол бараа алдах магадлал нэг хувь ч хүрэхгүй.
Гаднаас хүмүүс ирэхэд би маш бахархалтайгаар тайлбарладаг. Яг одоо Солонгос руу очоод CU-гийн агуулахыг харахад манайхтай яг ижилхэн байгаа. Манай залуучууд ч Солонгосын CU-гийн агуулахад очоод шууд ажиллах хэмжээний ур чадвартай болж чадсан.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

CU-д орох болсон шалтгаан маань амьдралын хэв маягтай холбоотой. Би урьд нь хөдөө ростероор явж ажилладаг байсан юм. 2025 онд хотод тогтмол, тогтвортой ажилтай болохоор шийдэж, CU-д эрүүл ахуйчаар ажилд орсон.
Манайх шөнийн ээлжтэй ажилладаг учраас өглөө 09:00 цагт ирээд хамгийн түрүүнд шөнийн ээлжийн тайлангуудаа шалгадаг. Агуулахын температур бүртгэл хэвийн байсан уу, хүйтний хяналт алдагдсан уу, бараа бүтээгдэхүүн хүлээн авахад ямар нэгэн гомдол, доголдол гарсан уу гэдгийг нэгд нэгэнгүй хянаж дуусгахад үдийн 11:00 цаг болчихдог.
Үүний дараа төлөвлөгөөний дагуу бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудаас бараа бүтээгдэхүүн ирнэ. Хүйтэн агуулахад ирж буй хүнс маань маш эмзэг тул температурыг нь бага зэрэг алдагдуулахад л муудах эрсдэлтэй. Тиймээс тээвэрлэх явцад стандартаа барьсан эсэхэд хатуу шаардлага тавьдаг.
Ингээд агуулахын дотоод хяналтын ажлууд үргэлжилнэ. Манайх хоёр цаг тутам температурын бүртгэлээ хянадаг юм. Мөн баримт бичгүүдээ цэгцэлж, долоо хоногт нэг удаа Хүйтэн түгээлтийн төвийнхөө Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын (ХЭМАБ) менежертэйгээ хамтран дотоод аудит хийдэг. Хэрэв үл тохирол, зөрчил илэрвэл тухай бүрд нь сайжруулах арга хэмжээ авдаг даа.
3. Таны ажлын нөү-хау?
Хүйтэн түгээлтийн төвийн Менежер О.Чинзориг
Манай хүйтэн түгээлтийн төвийн ажилчдын 70-80 хувь нь залуучууд. Тэдэнтэй ажиллахад үнэхээр гоё, өөрийгөө ч шинээр нээж, өөрчилж эхэлсэн. Зүгээр нэг ширүүн дарга байхаас илүү дунд нь ороод, зовлон жаргалыг нь ойлгож, найзууд шиг байх үедээ тунг нь тааруулахыг хичээдэг. Манай залуучууд ачаалал ихтэй байсан ч "ард нь гарна" гэсэн сэтгэлтэй, үнэхээр мундаг.
Ажлын зарчим гэвэл төлөвлөнө, тооцоолно. Гэхдээ хэтэрхий их онол яриад байвал бодит амьдрал дээр наалддаггүй. Тиймээс шинэ ажил орж ирэхэд ерөнхий зургийг нь гаргаж ажилчдадаа танилцуулаад, өөрөө дунд нь орж ажилладаг. "Миний тооцоолсноос юу нь болохгүй байна, би хаана алдав" гэдгийг нүдээрээ харж засдаг гэсэн үг. Дарга хүн ширээний ард сууж, ойлгомжгүй даалгавар өгчхөөд хий гэвэл ажилчид нэг буланд байгаа юмыг нөгөө буланд тавих гэж хайран цаг, бүтээмжээ алдана шүү дээ.
Хамгийн гол нь хийж байгаа хүнээсээ саналыг нь нээлттэй сонсох хэрэгтэй. Манай ажилчид ч надтай нээллтэй харилцдаг. "Чинзориг менежер ээ, таны энэ санаа чинь болохгүй байна" гээд шууд хэлдэг юм. Тэр үед нь төлөвлөгөөгөө хамт харж байгаад "Нээрээ тийм байна, чиний зөв" гээд засаад явах чадвартай байхыг хичээдэг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

2024 оны арванхоёрдугаар сарын 20-ноос Хүйтэн түгээлтийн төвийнхөө Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын (ХЭМАБ) мэргэжилтнээр ажиллаж байна. CU дэлгүүрүүдийн хэрэгцээ шаардлага, цар хүрээ нийгэмд маш өндөр байна шүү дээ. Ийм эрчтэй хөгжиж буй, шинэлэг салбарт хүч үзэж, өөрийгөө хөгжүүлье гэсэн зорилгоор анх компанидаа орж байлаа.
Манай төв хурдтай ажилладаг учраас бид процессоо цахимжуулах гол зорилго тавин ажиллаж байгаа. Өдөр тутмын хяналтад хамгийн чухал хэрэгсэл бол Bukhbat апп юм. Энэ нь ХАБ, эрүүл ахуйн мэргэжлийн байгууллагаас гаргасан систем бөгөөд үүгээр ажлын байрны аюул эрсдэлийг үнэлэх, хяналтын хуудас хөтлөх, ажилчдад зааварчилгаа өгсөн эсэхийг системтэйгээр хянадаг. Энэ бол манай хамгийн гол хэрэгсэл.
Үүнээс гадна группийн бусад салбарын ХАБ-ын мэргэжилтнүүдтэйгээ холбогдох, аюулгүй ажиллагааны мэдээлэл солилцох зэрэгт Microsoft Teams-ийг ашигладаг. Тайлан, төлөвлөгөө, албан бичигт Outlook, ажилчдын аюулгүй ажиллагааны зааварчилгааг илүү сонирхолтой, ойлгомжтой болгож бэлтгэхэд Canva-г хэрэглэж байна. Мөн сарын дата, статистик мэдээллээ Excel дээр боловсруулдаг.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Намайг анх ажилд орж байхад Монголд CU дөнгөж нээгдээд, 150 орчим дэлгүүртэй, ид эрчээ авч байсан юм. . Олон улсын франчайз компанийн соёл, орчин ямар байдаг бол гэдгийг сонирхоод орж байсан чинь нэг мэдэхэд л таван жил өнгөрчээ.
Манайх зөвхөн Улаанбаатараас гадна хөдөө орон нутагт салбаруудтай болохоор шөнө 01:00 цагт заавал түгээлт гаргах хуваарьтай байдаг юм. Энэ цагт амжиж түгээлтээ гаргахад тухайн өдөр ажиллаж байгаа ажилчдын ирц, сахилга бат хамгийн чухал. Хүмүүс цагтаа ирээд ажлаа ягштал гүйцэтгэвэл бид хугацаандаа амждаг гэсэн үг.
Хувийн зүгээс сул цаг гаргахгүй байхыг хичээдэг. Жишээ нь, тамхи татдаг хүмүүс "тэдээс тэдэн цагийн хооронд л татна" гэсэн тодорхой цагийн хуваарьтай байвал цагаа илүү үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой. Сул чөлөөтэй цагаа зөв хуваарилж чадвал цаг маш сайн хэмнэдэг. Би өөрөө долоо хоногоор ажлаа төлөвлөдөг учраас хувийн амьдралдаа ч цаг гаргаж амждаг. Төлөвлөгөөтэй байж л цаг гарна шүү дээ.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Миний хувьд 2024 оны есдүгээр сарын 3-нд CU-д ажилд орж байсан. Үүнээс өмнө гэртээ хүүхдээ хараад хувиараа бизнес хийдэг байлаа. Тэгээд цагийн ажил хийж үзье гэж шийдээд анкет бөглөхдөө цаг хугацаа болон орчны хувьд хамгийн тохиромжтой нь CU байсан юм. Анх орохдоо агуулахад захиалга бэлтгэгчээр орж, жил гаруй ажилласан. Тэгээд саяхнаас буюу сар орчмын өмнөөс дотоод дэвшилтээр Хяналтын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байна.
Бид ажлаа сар сараар нь төлөвлөдөг. Миний хувьд тэрхүү сарын төлөвлөгөөг өдөр тутам болгож, тэмдэглэлийн дэвтэр дээрээ эрэмбэлж бичдэг. Хамгийн чухал, яаралтай ажлуудаа юун түрүүнд амжуулна. Хэрэв тэр өдөртөө амжаагүй ажил гарвал дараагийн өдөр лүү шилжүүлэх зарчмаар явдаг. Ажлын явцад цаг хэмнэхийн тулд ямар асуудлыг яаж шийдвэл оновчтой вэ гэдгийг практикаар сурдаг учраас гаргалгаагаа хурдан олдог юм.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Би өмнө нь олон байгууллагад ажиллаж үзсэн. Тэр дундаас манай CU-гийн хамт олны уур амьсгал үнэхээр найрсаг санагддаг. Манай менежер хүртэл байнга инээж ярьдаг, нэг нэгэндээ урам өгдөг хүн бий. Ажил дээрээ ядрах үед хамт олонтойгоо маазарч, хөгжилтэй зүйл ярихад л шууд сэргэчихдэг.
Бас нэг зүйл нь, манай зааланд ажиллаж байгаа хүүхдүүд дандаа Z үеийнхэн буюу 18-25 орчим насны, ихдээ л 30 настай залуучууд байдаг юм. Залуу үеийнхний эрч хүчтэй уур амьсгал надад өдөр бүр сэргэг байхад тусалдаг даа.
Мөн гэр бүлээсээ маш их эрч хүч авдаг. Ажлаа тараад ирэхэд намайг угтах тэр мэдрэмж хамгийн сайхан. Мөн амралтаараа аялал зугаалгаар явах дуртай.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Хүйтэн түгээлтийн төвийн Супервайзор М.Адил
Эрэгтэй хүн болгоны адил машинаа угааж, цэвэрхэн эдлэх дуртай. Би техник сэтгэлгээ сайтай талдаа хүн л дээ. Бусдаар бол үндсэн ажлаас гадуур өөр зүйлд зарцуулах цаг тэр бүр гардаггүй юм.
Мөн компаниас сургалт тогтмол ордог. Тухайлбал, би саяхан хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, анхны тусламжийн сургалт, мөн сэрээт өргөгчийн сургалтад суусан. Эдгээр сургалт нь бусад ажилчныхаа хийдэг ажлыг илүү сайн ойлгоходдэмтэй байдаг. Жишээ нь, ХАБ-ын сургалтад сууснаар ажилчдын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч, хаана юу нь эвдэрсэн байгааг анзаарч эхэлдэг юм билээ.
Харин хувийн зүгээс ном унших цаг хомс учраас YouTube-ээс баг хамт олноо удирдах арга барил болон тээвэр, логистик, түгээлтийн чиглэлийн подкаст, бичлэгүүдийг түлхүү үздэг.
9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?
Хүйтэн түгээлтийн төвийн Хяналтын мэргэжилтэн Б.Золжаргал
Биднийг компанийнхаа "нүд" нь гэж хэлж болно. Яагаад гэвэл Хоолны үйлдвэрээс гарсан бэлэн бүтээгдэхүүн, бэлтгэн нийлүүлэгчдийн ирүүлсэн хүнсийг салбар дэлгүүрүүд рүү алдаа, гэмтэлгүй хүргэх бүх процессыг камераар болон бүртгэлээр хамгийн түрүүнд хянаж, мэддэг.
Жишээ нь, дэлгүүр дээр бараа дутсан эсвэл талхны уут урагдсан гомдол ирлээ гэхэд бид камераа шүүгээд, захиалга бэлтгэгч нь салбарын стикерийг андуураад өөр сагсанд хийсэн үү, жолооч замдаа сагстай бараагаа унагаагаад гэмтээчхэв үү, эсвэл дэлгүүр дээр бүрэн очсон боловч ажилтан нь дутуу тоолж авсан уу гэхчлэн бүх шалтгааныг эрт илрүүлж, дүн шинжилгээ хийн, засах боломж олгодог. Ажил маань биднийг шинэ өөрчлөлтөд суралцах, дүн шинжилгээ хийж сурах том давуу тал олгодог.
Бэрхшээлтэй тал гэвэл, байнга алдаа, зөрчил илрүүлж, араас нь хөөцөлддөг учраас хүмүүст нэг тийм "шалгагч" маягийн таагүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай (инээв). Мөн гэнэтийн асуудлууд, маргаантай тохиолдлууд тогтмол гарч ирдэг учраас тэр болгонд бэлэн байх шаардлагатайн сацуу бага зэрэг стресстэх үе бий.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Хүйтэн түгээлтийн төвийн ХЭМАБ-ын мэргэжилтэн Т.Гэрэлт-Од
Миний баримталдаг гол зарчим бол ажилтан өглөө гэрээсээ эрүүл саруул ирсэн шигээ орой яг тэр хэвээрээ гэр бүлдээ эрүүл саруул харих орчныг бүрдүүлэх юм.
Яг одоо төвлөрч буй бодит ажил гэвэл, манай төвийн гадна талбайд түгээлтийн том оврын автомашины хөдөлгөөн болон явган хүний хөдөлгөөн давхцах эрсдэлтэй байдаг. Үүнийг тусгаарлаж, аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөдөлгөөний хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг шинээр хийж байна. Үүнтэй холбоотойгоор нийт тээврийн жолооч нартайгаа уулзаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөх тал дээр зааварчилгаа өгч, хяналт тавин ажиллаж байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Би 2019 онд CU-д дэлгүүрийн цагийн ажилтнаар орж байлаа. Түүнээс хойш тууштай ажиллаж үндсэн ажилтан, туслах менежер, дэлгүүрийн ерөнхий менежер хүртэл дэвшиж ажилласан. Дэлгүүр дээр 4, 5 жил ажиллаад, компанийнхаа дотоод шилжилтээр логистикийн хэлтэст Хяналтын мэргэжилтнээр шилжиж ажиллаж байна.
Миний суралцах арга барил бол практик буюу үйлдлээр суралцах. Хүнээс сонсох, харах гоё ч яг өөрийн гараар хийж үзэж байж л тэр мэдлэг бататгагдаж, үр дүн нь гардаг. Туршиж үзээд, гарсан үр дүнд нь өөрөө дүгнэлт хийх нь надад хамгийн сонирхолтой, дөхөм арга зам шиг санагддаг юм. Дээрээс нь манай компани ажилчдаа сургалт хөтөлбөрүүдэд тогтмол хамруулдаг нь шинэ мэдлэг олж авах, ажлын цар хүрээгээ тэлэхэд маш том дэмжлэг болдог.
Үүний зэрэгцээ хүн ер нь эрүүл байж байж л цаашдын амьдрал нь өсөж дэвшнэ шүү дээ. Би 10 жилд байхдаа дуулж, бүжиглэдэг, спортдоо авьяастай, их хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм. Оюутан болоод цаг зав багассанаас хөдөлгөөн бага зэрэг хоригдсон. Одоо миний хийж байгаа хяналтын ажил маань ч мөн адил суугаа ажил. Тийм болохоор ажлынхаа хажуугаар гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис зэрэг спортын төрлүүдээр хичээллэж, идэвхтэй байхыг хичээж байна.
12. Санал болгох ном, хөгжим, кино?

П.Буяндэлгэр гуайн "Нар хүнээс манддаг" номыг санал болгомоор байна. Бидний ажил, амьдралын амжилт харилцаан дээр л тогтдог. Мөн оффис, ажил хэргийн чиглэлээр "СЕО-ийн өдрийн тэмдэглэл" ном өгөөжтэй санагддаг.
"The Secret" баримтат киног үе үе давтаж үзэх дуртай. Хүмүүс "бодол биелдэг" гэдгийг заримдаа мартчихдаг эсвэл ойшоодоггүй. Тиймээс бодлоо цэгцэлж, өөртөө урам авч байхын тулд энэ киног үе үе үзвэл гоё.
Дууны тухайд маш олон төрлийн дуу сонсдог. Тухайн үеийн сэтгэлзүйн байдлаас шалтгаалж сонголт өөр өөр. Тайвширч, амрахыг хүссэн үедээ байгалийн чимээ сонсох дуртай. Сүүлийн үед дуучин Болдын "Бидний амьдардаг ертөнц" дууг сонсож, гоё мэдрэмж авч байгаа.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Хүйтэн түгээлтийн төвийн Хяналтын мэргэжилтэн Э.Дэлэг
Манай ахын өгч байсан зөвлөгөө хандлагыг маань их өөрчилсөн. Би урьд нь жаахан түргэн ууртай, тэвчээргүй талдаа хүн байлаа. Хүн ярихаар дуустал нь сонсохгүй, эхний өгүүлбэрийг нь сонсонгуутаа л дотроо хариултаа бэлдээд суудаг байв. Тэр хүнийхээ ярианд төвлөрөхгүй, утгыг нь бүрэн ойлгохгүй, сэтгэл хөдлөлийг нь мэдрэхгүй өнгөрдөг байсан хэрэг. Үүнээсээ болоод буруу шийдвэр гаргах, ташаа зүйл ярих тохиолдол гардаг байлаа.
Үүнийг маань ажиглаад манай ах надад "Хүний үгийг битгий тасал, яриаг нь үргэлж дуустал нь анхааралтай сонсож сур" гэж зөвлөсөн юм. Ахын хэлснээр өөрийнхөө бодлыг урьтал болголгүй, хүний яриаг дуустал нь анхааралтай сонсож, утгыг нь ойлгодог болсноос хойш хүмүүстэй зөв харилцаж чаддаг болжээ. Сонсох чадвар гэдэг зөв харилцааны хамгийн анхдагч бөгөөд гол үндэс юм байна гэдгийг ухаарсан.
14. Бусдад шидэх санаа?

Энэ хугацаанд ажлаа хаяад зугтчихмаар, больчихмоор хэцүү үе зөндөө байсан. Тэр болгонд "Би чадна" гэж өөртөө болон багтаа итгэсэн. Тиймээс залуустаа "Тууштай бай" гэж хэлмээр байна.
Үнэхээр тууштай байж, чадахгүй байгаагаа чаддаг болж, тэдгээрийг дээд удирдлага чинь үнэлж байвал чи зөв газраа байна гэсэн үг. Мэдээж ирээдүйгүй, болохгүй зүйлийн араас туйлшрах нь буруу. Гэхдээ компани тань, захирал тань зүтгэлийг тань үнэлж байвал улам илүү тууштай байгаарай гэж захья.

Сэтгэгдэл бичих

