Манай редакц энэ наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан цуврал нийтлэлээр цэгцтэй мэдээлэл хүргэж буй. 

Ээлжит нийтлэлээрээ бид аливаа сэдвийг А-Я үсэгт цогц байдлаар тайлбарладаг форматын дагуу COP17 хурлын тухай таны мэдэх ёстой бүхнийг багтаалаа. Манай улс яагаад энэ хурлыг амжилттай зохион байгуулж, хэрхэн олон улсын анхаарлыг татаж, яаж хөрөнгө оруулалт, санхүүжилт авч, ямар хандлагаар иргэн нэг бүр хандах учиртайг эл нийтлэлээс олж мэдээрэй. 

Өмнөх нийтлэлүүдтэй танилцах:


Яагаад цөлжилт XXI зууны хамгийн том сорилтуудын нэг болсон бэ?

COP гэж юу вэ?: Дэлхийн газрын асуудлаарх хамгийн том хэлэлцээрийг ойлгох нь


Өмнөх COP хурлуудын амжилт ба сургамжаас


UNCCD-ийн талаар таны мэдэх ёстой бүх зүйлс


А бол Амлалт

Монгол Улс дэлхий нийт болон НҮБ-ын өмнө хүлээсэн байгаль орчны амлалтууд, тэр дундаа цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах санаачилгын хэрэгжилтийг баталгаажуулах, цаашид өргөжүүлэх зорилгоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг эх орондоо зохион байгуулж байгаа билээ. Энэхүү хурал нь Зүүн Хойд Азийн бүс нутагт гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд бэлчээр-хээр, нүүдлийн мал аж ахуй, малчид, соёл, өв уламжлал болон газрын доройтлын асуудлыг эдгээрт тулгуурлан шийдвэрлэх том боломжийг олон улсад таниулах, зөвшилцөх, шийдвэрлэх томоохон боломж юм. НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил" болгон зарласан нь UNCCD COP17 хурлын агуулга, түүний ач холбогдлыг өндөрсгөсөн явдал болсон.

Манай улс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) зорилтынхоо хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн. Түүнчлэн Газрын доройтлыг тэглэх сайн дурын зорилтуудаа тодорхойлсон ба COP17-г эх орондоо зохион байгуулснаар дотоодын бодлогод баталгаажуулах чухал хөдөлгүүр болох юм. Бид уг хурлаар “Restoring Land, Restoring Hope” буюу “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор нүүдлийн соёл, бэлчээр хамгаалалтын өвөрмөц туршлагаа дэлхийн байгаль орчны бодлого боловсруулагчдын өмнө дэлгэн тавих гэж байна.

Б бол Бэлчээр

Монгол Улсад цөлжилт үүсэхэд нөлөөлж буй олон хүчин зүйлээс хамгийн эхэнд бичигдэж буй нь бэлчээрийн талхлалт юм. Энэ бол байгаль орчин, ялангуяа хөрс болон бэлчээр муудаж, үржил шимээ алдах үйл явц. Манай нийт газар нутгийн 70 гаруй хувийг буюу 110 орчим сая га талбайг бэлчээрийн газар эзэлдэг буюу ийм хэмжээний газар нутаг нь мал аж ахуйн салбар, нүүдлийн соёлын үндэс суурь болж буй. Гэвч жилээс жилд бэлчээрийн газар шороо талхлагдсаар байна. Харин ийнхүү талхлагдах гол үндэс нь малын тоо толгойн зохицуулалтгүй өсөлт юм.

1990-ээд оны эхээр мал хувьчлагдсанаас хойш малын тоо толгой тасралтгүй өссөөр 2022 онд түүхэн дээд цэгтээ буюу 71.1 сая толгойд хүрсэн байдаг. Тэр дундаа дэлхийн ноолуурын зах зээлийн эрэлтийг дагаж, ямаан сүргийг олноор өсгөсөн нь цөлжилтийг улам бүр эрчимжүүлжээ. Биологийн хувьд хонь, үхэр өвсний зөвхөн нахиаг тасалж иддэг бол ямаа ургамлыг үндсээр нь сугалан иддэг. Үндэс нь тасарсан ургамал дахин ургах чадваргүй болсноор хөрс эргэн нөхөн сэргэх боломжгүйгээр доройтдог байна. Ингээд бэлчээрийн талхлалтын уршгаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд нэрвэгдээд буй.


unuudur.mn

В бол Ваат, хоёр дахин гэнэ ээ?

Статистик тоо баримтаас харвал сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 1.1°C-аас 1.2°C орчмоор нэмэгдсэн. Тэгвэл Монгол орны жилийн дундаж температур 2.25°C-аас 2.46°C хүртэл нэмэгджээ. Эндээс манай улс дэлхийн дунджаас даруй 2-3 дахин хурдан дулаарч байгааг харж болно. Температур ийнхүү огцом өсөхийн сацуу ургамал ургах нэн чухал үе буюу дулааны улирлын хур тунадасны хэмжээ 7-8 хувиар буурсан нь асуудлыг улам хүндрүүлж байгааг дурдах нь зүйтэй.



Г бол Ган 

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар Монгол оронд зун нь ган, өвөл нь зуд болж хослон нүүрлэх аюултай үзэгдлийг дагуулах болов. Тодруулбал, жилийн нийт хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурснаар хуурайшилт туйлдаа хүрээд байна. Үүний уршгаар зуны улиралд хэт халуун, гандуу болж бэлчээрийн өвс муудан, мал сүрэг өвлийг даван туулах чадавхгүй болоход хүрч байгаа юм.

Д бол Дэлхийн асуудал

Цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш билээ. Энэ асуудал нь хүнсний аюулгүй байдал, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдалтай шууд холбоотой дэлхийн хэмжээний сорилт юм. Тиймдээ ч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-д 197 улс нэгдэж, дэлхий даяар хамтран тэмцэж байна.

Тоон судалгаанаас цухас дурдахад, цөлжилт, газрын доройтолд дэлхийн 100 гаруй орны 3 тэрбум гаруй хүн ямар нэг байдлаар өртөж, хүнсний хомсдол, ядуурлын туйлтай нүүр тулж буй гэнэ. Бүс нутгаар нь авч үзвэл,

Сахелийн бүс ба Африкийн орнууд: Сахелийн бүсийн бэлчээр, тариалангийн талбайн 80 хувь нь доройтож, дараалсан их гангаас үүдэн Сомали, Эфиопид 90 гаруй сая хүн хүнсний тусламж авахад хүрснээс гадна Зимбабве, Замбид эрдэнэ шишийн ургац 70 хүртэлх хувиар буурчээ.

Ойрхи Дорнод ба Хойд Африк: Хамгийн ихээр хуурайшилд нэрвэгдээд буй тус бүс нутагт Йемен Улс элсэн шуурганаас болж жил бүр тариалангийн талбайн 20 хувийг алдаж байгаа бол Мароккод үр тарианы үйлдвэрлэл 40 хувиар унаж, ундны усны хомсдол дээд цэгтээ хүрээд байна.

Төв ба Зүүн Ази: БНХАУ-ын газар нутгийн 27.4 хувь цөлжиж 400 сая хүний амьдрал хүндэрсэн бол өмнө нь дурдсанчлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртөж, бэлчээрийн хомсдол болон шороон шуурганы давтамж нэмэгдэн нүүдэлчин малчдын амьжиргаанд шууд аюул учруулж байна.

Газар дундын тэнгисийн орнууд: Европын Холбооны газар нутгийн 23 хувь цөлжилтөд өртөмтгий болж, эрчимжсэн хөдөө аж ахуйгаас үүдэн хөрс давсжиж буйн улмаас Испани, Италийн фермерүүд усалгааны усны хатуу хязгаарлалтад орж байгаа аж.

Е бол Египетийн жишээ


Египет Улсын жишээ бол цөлжилт, газрын доройтол нь тухайн орны оршин тогтнох үндэс, хүнсний аюулгүй байдалд хэрхэн шууд заналхийлж болдгийг харуулсан сургамжтай кэйс юм. Нийт газар нутгийнх нь 95 гаруй хувь нь цөл, хүн амын 97 хувь нь зөвхөн Нил мөрний сав газар дагуу бөөгнөрөн амьдардаг тус улс байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй сорилт бэрхшээлийг сөрөн амьдардаг.

Нэг талаас, усалгааны буруу систем болон далайн ус гүний ус руу нэвчсэнээс үүдэн Нил мөрний бэлчир орчмын хөрс асар хурдацтай давсжиж, үржил шимээ алдсаар. Нөгөө талаас, 110 сая давсан хүн амын өсөлтөөс шалтгаалан хотууд тэлж, ганц тариалангийн зурвас газраа барилгажуулснаар чидун жимсний ургац нь зарим бүсэд 60 хувь хүртэл унажээ. Харин энэхүү аюулын эсрэг Египет Улс "Шинэ Дельта" (New Delta Project) хэмээх 15 тэрбум ам.долларын өртөгтэй мега төслийг эхлүүлээд буй. Уг төслөөр Эль-Хаммам дахь дэлхийн хамгийн том бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглан өдөрт 7.5 сая м.куб усыг цэвэршүүлж, 170 км урт хиймэл суваг болон 13 насосны станцаар дамжуулан цөл рүү шахаж байгаа юм. Үр дүнд нь 924 мянган гектар буюу Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийг даруй 2 дахин нийлүүлсэнтэй тэнцэх 9,240 км.кв цөлжилттэй газрыг нөхөн сэргээж, газар тариалангийн талбайгаа 15 хувиар тэлэхээр ажиллаж байна.



Ё бол Ёс зүй ба хариуцлага

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудал бол ерөөсөө л хүн төрөлхтний байгаль дэлхийдээ хандах ёс зүй, хойч үеийнхээ өмнө хүлээж буй хариуцлага юм. Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн 40 орчим хувь нь байгалийн хүчин зүйлээс хамаарч буй бол үлдсэн 60 гаруй хувь нь бидний хариуцлагагүй үйлдэл, хэт үйлдвэржилт болон зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байгаа юм. Байгаль дэлхий өөрөө нүүрсхүчлийн хийг шингээх, нөхөн сэргээх төгс системтэй ч хүний зохисгүй үйл ажиллагаа тэрхүү тэнцвэрийг нь алдагдуулсаар байна. Хэт их шаардлагагүй хэрэглээг хязгаарлах, хөрс ба усаа хайрлах, бэлчээрээ онгон дагшин чигээр нь хамгаалж үлдээх нь зөвхөн төрийн бодлогоос гадна иргэн бүрийн ёс зүйн ухамсар билээ.

Ж бол Жил жилийн COP

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал (COP) нь 1997 онд буухиагаа эхлүүлснээс өнөөг хүртэл цөлжилт, газрын доройтлын эсрэг дэлхий нийтийн замын зургийг чиглүүлж ирсэн түүхтэй. Жил жилийн COP хурал тус бүр дараах үндсэн 3 үе шатыг туулж, дэлхийн хэмжээнд бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргасаар ирсэн.

1. Суурь бүтэц, институцийг бүрдүүлсэн үе (1997-2001)

COP 1 (1997, Ром): Конвенцын дүрэм, бүтцийг эцэслэн баталж, Шинжлэх ухаан, технологийн хороо болон Глобал механизмыг байгуулав.

COP 2 (1998, Дакар): Нарийн бичгийн дарга нарын газрыг Бонн хотод байршуулахаар шийдвэрлэж, Африк тивийн цөлжилтөд анхаарал хандуулав.

COP 3 (1999, Ресифи): Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хэрэгжилтийг эрчимжүүлэв.

COP 4 (2000, Бонн): Төв болон Зүүн Европын орнуудыг конвенцод хамруулах "Хавсралт V"-ийг баталсан.

COP 5 (2001, Женев): Үндэсний тайланг хянан хэлэлцэх Хэрэгжилтийг хянан үзэх хороо (CRIC)-г байгуулав.

2. Стратеги болон дэлхийн зорилтуудыг тодорхойлсон үе (2003-2015)

COP 6 (2003, Гавана): Глобал хүрээлэн буй орчны сан (GEF)-г UNCCD-ийн санхүүжилтийн үндсэн механизм болгожээ.

COP 7 (2005, Найроби): Газрын тогтвортой менежментийг ядуурлыг бууруулах хөгжлийн бодлоготой уялдуулав.

COP 8 (2007, Мадрид): Анхны дунд хугацааны "10 жилийн стратеги төлөвлөгөө (2008-2018)"-г баталсан.

COP 9 (2009, Буэнос-Айрес): Цөлжилтийн талаарх шинжлэх ухааны үнэлгээг сайжруулах механизмыг хэлэлцэв.

COP 10 (2011, Чангвон): Хуурай газрын менежментийг дэмжих олон улсын "Чангвоны санаачилга"-ыг гаргав.

COP 11 (2013, Виндхук): Ган гачигт бэлэн байх үндэсний бодлогуудыг боловсруулахаар тохиров.

COP 12 (2015, Анкара): Газрын доройтлыг тэнцвэржүүлэх (LDN) үзэл баримтлалыг конвенцын гол зорилт болгон баталгаажуулсан.

3. Бодит үр дүн, заавал биелүүлэх амлалтуудын үе (2017-Өнөөг хүртэл)

COP 13 (2017, Ордос): 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх "Стратегийн хүрээ: 2018-2030" баримт бичгийг баталсан.

COP 14 (2019, Нью Дели): "Нью Делигийн тунхаглал"-аар эмэгтэйчүүдийн газрын өмчлөх эрх болон ган гачгаас сэргийлэх асуудлыг тусгав.

COP 15 (2022, Абиджан): Ган гачгийн эрсдэлийг удирдах түншлэлийг байгуулж, Монгол Улсад COP17-ыг зохион байгуулах эрхийг олгосон.

COP 16 (2024, Эр-Рияд): Дэлхийн анхны Экосистемийн атласыг танилцуулж, ган гачгийн эсрэг санхүүжилтийг шинэчлэв.

З бол Зуд

Агаарын температурын хэт савлагаа ихэссэнээс шалтгаалан рекордууд эвдсэн зудын давтамж ойртож, эрсдэл нь 2.5 дахин нэмэгдээд байна. Тухайлбал, 2024 оны зудаар 7-8 сая гаруй мал буюу нийт малын 10 орчим хувь хорогдсон нь нүүдэлчин малчдын амьжиргаа болон Үндэсний аюулгүй байдалд уур амьсгалын өөрчлөлт ямар том цохилт болж байгааг бэлхнээ харуулсан.



И бол Их ногоон хэрэм

Энэ бол цөлжилт, шороон шуургатай тэмцэх, элсний нүүдлийг зогсоох зорилгоор олон мянган километр үргэлжлэх газарт мод, бут, ургамал тарьж, амьд ногоон зурвас үүсгэж буй дэлхийн томоохон экологийн бүтээн байгуулалт юм. Дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд энэ нэр томьёогоор дараах гол хөтөлбөрүүдийг нэрлэж буй.

Хятадын Их ногоон хэрэм: 1978 онд эхэлсэн, 2050 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй төсөл. Говь болон Такла-Маканы цөлийн тэлэлтийг зогсоох зорилгоор Хятадын хойд хэсгээр 4,500 км гаруй урт газарт тэрбум тэрбум мод тарьж, элсийг бэхжүүлэх, шороон шуурганы давтамжийг бууруулах, агаарын чанарыг сайжруулахаар ажиллаж байна.

Африк тивийн Их ногоон хэрэм: Сахарын цөлийн урд захын Сахелийн бүсэд буюу Сенегалаас Жибути хүртэл 8,000 км урт, 15 км өргөн зурваст ногоон байгууламж байгуулах, эвдэрсэн газрыг сэргээх зорилгоор Африкийн холбооноос 2007 онд санаачилсан. Энэ нь цөлжилттэй тэмцэхээс гадна ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах давхар зорилттой.

Монгол дахь Ногоон хэрэм: Говь, хээрийн бүсийн заагт цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах үндэсний хөтөлбөр бөгөөд БНСУ-ын Засгийн газартай хамтарсан төслийг 2007 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй. Ойжуулалт, мод үржүүлгийн хүрээнд Сүхбаатар, Өмнөговь, Булган зэрэг аймгуудад хамгаалалтын ойн зурвас байгуулсан бөгөөд өдгөө “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй нягт уялдаж байна.


БНХАУ-ын Их ногоон хэрэм

Й бол Йорданы туршлага

Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд орон нутгийн иргэдийн оролцоог хэрхэн хангах боломжтойг Йордан Улсын Хааны Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэнгийн туршлага тодхон харуулна. Гүнж Басма бинт Алигийн санаачилгаар байгуулагдсан 180 га талбай бүхий уг хүрээлэн нь бэлчээрийн хэтрэлийн улмаас талхлагдсан газрыг нөхөн сэргээхэд малчидтай хамтран ажиллах замыг сонгосон юм. Анх нутгийн малчид бэлчээрээ алдахаас эмээж байсан ч 2008 оноос газраа гурван жил амраан, улмаар сэлгэн бэлчээх менежмент хийснээр ургамлын биомасс нь 250 тонн болж өсжээ. Үүнээс гадна Иорданы үндэсний бэлгэдэл Хар цахилдаг зэрэг уугуул ургамлын зүйл 436-гаас 600 гаруй болж сэргэжээ.

Энэхүү төсөл нь малын эрүүл мэнд, үржлийг сайжруулахын сацуу сүү цагаан идээ боловсруулах, зөгийн ахуй, гар урлалаар дамжуулан эмэгтэйчүүдийн орлогыг дэмжсэнээр хамрагдах малчин өрхийн тоо 10 дахин өссөн байна. НҮБ-аас "Дэлхийн сэргээн босголтын манлайлагч санаачилга"-аар цоллосон уг туршлага нь өдгөө Ойрхи Дорнодод түгэн дэлгэрч байгаа бөгөөд бэлчээрийн талхлалттай тулгараад буй манай улсын хувьд малчдын хамтаар бэлчээрээ амилуулах бэлэн жор, суралцах тод жишээ болж байна.



К бол КОП16

Саудын Арабын Эр-Рияд хотноо 2024 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 16 дугаар бага хурал (UNCCD COP16) нь дэлхийн цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр нийт 39 түүхэн шийдвэр баталснаараа онцлог болсон. Онцлогуудаас нь цухас дурдвал,

Эр-Риядын Ганд тэсвэртэй байдлын дэлхийн түншлэл (RGDRP): Ган гачигт нэрвэгдэх эрсдэлтэй орнуудыг дэмжих, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Опек сан, Исламын хөгжлийн банк болон Саудын Арабын талаас 12 тэрбум гаруй ам.долларын санхүүгийн амлалт авчирсан.

Бэлчээр ба мал аж ахуйг онцолсон нь: Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй бэлчээрийн газар болон нүүдлийн мал аж ахуйн системд онцгой ач холбогдол өгсөн тогтоол баталсан нь Монгол Улсын зохион байгуулах COP17 хурлын үндсэн сэдэвтэй шууд уялдахуйц.

Шинжлэх ухаан ба иргэдийн оролцоо: Шийдвэр гаргах үйл явцад уугуул ба орон нутгийн иргэдийн дуу хоолойг тусгах хоёр шинэ зөвлөлийг байгуулж, Шинжлэх ухаан-Бодлогын Хамтын Ажиллагааны Сүлжээний (SPI) мандатыг өргөжүүлэв.

Харин ган гачигтай тэмцэх дэлхийн нэгдсэн тогтолцоог "Заавал биелүүлэх хууль эрх зүйн баримт бичиг" болгох уу, эсвэл "Зөвлөмжийн шинжтэй баримт бичиг" болгох уу гэдэг дээр талууд нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй. Уг маргаантай үлдсэн гэрээний эцсийн хэлэлцүүлгийг COP17 хурлаар шийдвэрлэхээр шилжүүлсэн тул Монголд болох хурал дэлхийн байгаль орчны түүхэнд шийдвэрлэх ач холбогдолтойд тооцогдож байгаа юм.



Л бол Логистик ба бэлтгэл

Манай улс хурлын дэд бүтцийн ажлуудыг өнгөрсөн жилээс эхлүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт нийт 12 барилга байгууламжийг барьж дуусгаснаас гадна зам талбайг шинэчлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлээд байна. Одоогоор дотор заслын ажлууд хийгдэж, нийт бэлтгэл ажил 90 хувьд хүрсэн бөгөөд бүх ажил дууссаны дараа Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцод хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Хурал болохоос дөрвөн долоо хоногийн өмнөөс эхлэн, хурал дууссанаас хойш нэг долоо хоногийн хугацаанд тус хурлын талбай нь НҮБ-ын нутаг дэвсгэрт шилжиж, цэнхэр тугаа хатгах аж.

Дэд бүтцийн шийдлийн хувьд Францын компаниас том цагаан асруудыг түрээсэлж байгаа ба эдгээр нь түр байгууламж байх юм. Харин 36 метрийн диаметртэй цомцог гэр, гол хурлууд болох 29 метрийн диаметртэй гэр, мөн 80 хүний багтамжтай, бие засах газартай хоёр байгууламж зэрэг үндсэн дөрвөн барилга нь байнгын байгууламж болон үлдэх гэнэ. Хурал дууссаны дараа эдгээр байнгын барилга байгууламж, зам талбай, ногоон байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүлээлгэн өгөх төдийгүй цаашид иргэдийн амралт, олон нийтийн арга хэмжээнд ашиглахаар төлөвлөжээ.



М бол Медиа

СОР17 хурлын бэлтгэл ажил болон хэлэлцэх асуудлуудыг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхэд хэвлэл мэдээллийн салбарын оролцоо нэн чухал. Одоогоор Зохион байгуулах Үндэсний хорооноос долоо хоногт 2 удаа тогтмол хэвлэлийн бага хурал хийж, бэлтгэл ажлын явцыг мэдээлж байгаа бөгөөд дотоодын 70 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөл хурлын үндсэн бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцаж, сурвалжилга бэлтгээд байна. Харин олон улсын сэтгүүлчдийн хувьд НҮБ-ын албан ёсны Indico системээр дамжуулан магадлан итгэмжлэлээ авч, Улаанбаатар хотооос дэлхий даяар шууд дамжуулалт хийхээр бэлтгэж эхэлжээ.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) болон Олон улсын ганд тэсвэртэй байдлын холбоо (IDRA) хамтран "Land and Drought Media Reporting Fellowship" тэтгэлэгт хөтөлбөрийг явуулаад буй. Уг хөтөлбөрт шалгарсан олон улсын шилдэг сэтгүүлчид Монгол Улсад хүрэлцэн ирж, уур амьсгалын өөрчлөлт, хөрс болон бэлчээрийн доройтлын талаарх сурвалжилгуудыг бэлтгэн дэлхий нийтэд хүргэх юм.

Н бол Нүүдэлчдийн ирээдүй

197 орны зочид, төлөөлөгчийг хамарсан томоохон хурал гэхээс гадна нүүдэлчин амьдралын хэв маяг цаашид хэрхэх, орших уу, эс орших уу гэдгийг шийдэх учиртайг анзаарч, ойлгох хэрэгтэй. Нүүдэлчдийн уламжлалт мал аж ахуй нь байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдардаг экосистем хэдий ч хүний буруутай үйл ажиллагаа болон цаг агаарын хатуу ширүүн нөхцөлөөс үүдэн хамгийн эмзэг салбар болоод байна.

Энэ удаагийн СОР17 хурал нь НҮБ-аас зарласан "Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил"-тэй давхцаж байгаагаараа онцлогтой. Тиймдээ ч Монгол Улс дэлхийн олон сая нүүдэлчдийн дуу хоолой болж, тэдний амьжиргааны үндэс болсон бэлчээрийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг дэлхийн түвшинд тодорхойлох чухал үүрэг оноогдоод байна.



О бол Оролцоо

Энэхүү хурал нь иргэдийн оролцоог бүрэн хангахаар төлөвлөөд буй. Зохион байгуулагчдын зүгээс нийт иргэдэд зориулан хурлын талбайд нэвтрэх хялбаршуулсан систем, бүртгэлийн зохицуулалтыг шийдвэрлэжээ.

Тодруулбал, иргэд тогтоосон нэвтрэх цэгээр өөрсдийн иргэний үнэмлэх болон E-Mongolia системийн бүртгэлийг ашиглан хурлын талбайд нэвтрэх боломжтой. Зохион байгуулалтын хүчин чадлын хувьд нэг цагт дунджаар 1,500 орчим хүн нэвтрүүлэхээр нарийвчлан тооцоолсон нь иргэдэд чирэгдэлгүйгээр үзэсгэлэн болон дагалдах арга хэмжээнүүдийг биечлэн сонирхох боломж олгож байна.



Ө бол Өртөх байдал

Манай орон уур амьсгалын хувьд эрс тэс, хуурай бүсэд хамаардаг учраас нийт газар нутгийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртөх өндөр эрсдэлтэй эмзэг бүс нутагт тооцогддог. Судалгаанаас харахад нутаг дэвсгэрийн 31.5 хувьд сул, 22.1 хувьд дунд, 18.6 хувьд хүчтэй, 4.7 хувьд нэн хүчтэй цөлжилт илэрч байгаа нь эх байгаль, экосистем маань уур амьсгалын өөрчлөлтөд ямар өндөр өртөмтгий байгааг бэлхнээ харуулж байна.

П бол Павильонууд

Цэнхэр болон ногоон бүсийн талбайд байрлах павильонууд нь дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, бизнесүүд өөрсдийн санаачилгыг танилцуулах, туршлага солилцох, шинэ хөрөнгө оруулалт, түншлэл тогтоох гол харилцааны талбар юм. Хурлын турш эдгээр павильонуудад цөлжилт, газрын доройтлын эсрэг дэвшилтэт шийдлүүд болон шинжлэх ухааны ололт амжилтуудыг дэлгэн үзүүлнэ.

Цэнхэр бүсийн павильонууд: Албан ёсны төлөөлөгчдөд зориулсан энэ хэсэгт 3,456 метр.кв талбайг хамран нийт 96 павильон байршина. Улс орнууд болон олон улсын байгууллагууд бие даасан павильондоо газрын тогтвортой менежмент, уур амьсгалын дасан зохицлын шийдлүүдээ танилцуулж, дипломат яриа хэлэлцээ, түншлэлийн уулзалтуудыг зохион байгуулна.

Ногоон бүсийн павильонууд: Иргэний үнэмлэх эсвэд И-Монголиагаараа үнэ төлбөргүй, бүртгэлгүй нэвтрэх боломжтой энэ бүсэд 4,000 м² талбайтай 125 стенд бүхий Үзэсгэлэнгийн павильон (192 суудалтай тайзтай), 1,500 м² талбай бүхий Шинжлэх ухаан-олон нийтийн павильон (106 суудалтай илтгэлийн танхимтай), болон 416 суудалтай Соёлын арга хэмжээний танхим ажиллах гэнэ.

Ногоон бүсийн хүрээнд нийт 481 удаагийн арга хэмжээ, үзэсгэлэн, соёлын хөтөлбөрүүд төлөвлөгдсөн бөгөөд уламжлалт кино гэр (Movie Ger), нүүдэлчдийн соёлын бүс, гудамжны хоол, медиа төв ажиллаж, иргэдэд цөлжилттэй тэмцэх дэлхийн шийдлүүдтэй танилцах боломжийг нээх юм.


Цэнхэр бүс

Ногоон бүс

Р бол Риогийн конвенц

Анх 1992 онд Бразилын Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдсан Байгаль орчин ба хөгжлийн Дэлхийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн улс орнууд байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг түүхэн уулзалтаас НҮБ-ын Байгаль орчны нийт гурван чухал конвенц шаглагдан гарсны нэг нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) билээ. Энэхүү Риогийн чуулганаар талууд хамтын зөвшилцлөөр олон улсын байгаль орчны асуудлыг шийдвэрлэх суурийг тавьсан юм.

COP гэдэг нь ерөнхий нэр томьёо бөгөөд НҮБ-ын олон тусдаа гэрээнүүд өөрсдийн гэсэн СОР-той байдаг тул хуралдсан тоо нь харилцан адилгүй. Тодруулбал, 1992 оны Риогийн түүхэн уулзалтаас байгаль орчны дараах 3 өөр конвенц төрсөн бөгөөд тус тусдаа хуралддаг:

UNFCCC (Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц): Хамгийн алдартай нь бөгөөд жил бүр хуралддаг. 2025 онд Бразилд болсон хурал нь тэдний 30 дахь уулзалт буюу COP30 байв.

UNCCD (Цөлжилттэй тэмцэх конвенц): Хоёр жилд нэг удаа хуралддаг. Энэ 8 дугаар сард Монгол Улс яг энэхүү конвенцын 17 дахь удаагийн уулзалт буюу COP17-г Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

UNCBD (Биологийн олон янз байдлын конвенц): Мөн хоёр жилд нэг удаа хуралддаг бөгөөд саяхан Колумб улсад COP16 уулзалт нь болж өнгөрчээ.



С бол Санаачилга

Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулагч орны хувьд өмнөх амлалтуудаа ажил хэрэг болгохын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн үйлсэд манлайлах гурван чухал санаачилгыг тунхаглаж буй.

Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
Бэлчээрийн экосистемийг нөхөн сэргээх, хөрсний эрүүл байдлыг дээшлүүлэх замаар нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах дэлхийн хэмжээний шинэ бодлого, стандартыг тодорхойлно.

Ус-газрын нэгдсэн менежмент
Цөлжилт болон хуурайшилттай тэмцэхэд усны нөөцийн зохистой ашиглалтыг хөрс хамгаалалтай нягт уялдуулсан цогц шийдлийг олон улсын анхаарлын төвд гаргаж байна.

Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц
Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах, шар шороон шуурга зэрэг байгалийн гамшгаас сэргийлэхэд экосистемд ээлтэй, байгалийн өөрийнх нь дасан зохицох чадварт суурилсан дэд бүтэц хөгжүүлэхийг уриална.

Т бол Тэрбум мод

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зохистой түвшинд барих зорилгоор, Ерөнхийлөгчийн санаачилгаар 2030 он гэхэд 1 тэрбум мод тарих амлалтыг дэлхий дахинд зарласан билээ. Тэгвэл СОР17 хурал нь энэхүү амлалтынхаа хэрэгжилт, ахиц дэвшлийг олон улсын дахин дахь түншүүддээ тайлагнах, үндэсний ногоон хөдөлгөөнөө дэлхийн санхүүжилт ба уур амьсгалын сангуудтай шууд холбох нэн хариуцлагатай талбар болох юм.

Үүнээс гадна уг амлалт нь зөвхөн дотоодын хөдөлгөөн төдий биш, бүс нутгийн экосистемийг хамгаалах сүлжээ болж өргөжин тэлж байна. Тухайлбал, манай "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг Казахстан улсын "Хоёр тэрбум мод" төсөлтэй уялдуулан Төв Азийн бүс нутгийн хэмжээнд цөлжилтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцоод буй. Ийнхүү "Тэрбум мод" хөтөлбөр нь СОР17 хурын хүрээнд олон улсын хөрөнгө оруулалт, технологийн туршлагыг татах гол хөшүүрэг болох боломжтой.



У бол Усны хомсдол

Ширгэсэн гол мөрөн бүрийн цаана сүйрч буй экосистем, шахагдаж буй нүүдэлчдийн амьдрал оршдог. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хийсэн усны тооллого болон судалгааны дүнгээр нийт 887 гол горхи, 2,096 булаг шанд, 1,166 нуур тойром хатаж ширгэсэн харамсалтай дүн гарчээ. Үүнд дэлхийн дулаарал, хайлж буй мөнх цэвдэг, хүний зохисгүй үйл ажиллагаа хавсран нөлөөлж буй. Мэдээж энэ асуудал нь зөвхөн байгаль орчны хүндрэл бус, бэлчээрийн мал ахуй, хүнсний аюулгүй байдалд шууд заналхийлж буй томоохон эрсдэл юм.

СОР17 хурлын үеэр тусгайлан наймдугаар сарын 25-ны өдрийг "Усны өдөр"-өөр нэрлэж буй бөгөөд усны хомсдолтой тулгарч буй бүс нутгуудад практик шийдэл гаргахаар зорьж байна.



Ү бол Үндэсний төлөвлөгөө

Монгол Улс цөлжилт, газрын доройтолтой тэмцэх ажлыг урт хугацааны хөгжлийн стратегийн түвшинд нэгдсэн бодлого, системтэй хөтөлбөрүүдээр дамжуулан цогц байдлаар хэрэгжүүлж буй. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд:

Стратегийн түвшинд: "Алсын хараа-2050" бодлогоор байгаль орчны тогтвортой байдлыг хуульчилж, НҮБ-ын "Газрын доройтлыг тэглэх" (LDN) 2030 зорилтын дагуу доройтсон газрын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх олон улсын үүрэг амлалт авсан.

Хууль, эрх зүйн орчинд: "Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр" болон "Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль"-иар салбар дундын зохицуулалт, хариуцлагын тогтолцоог хангаж байна.

Практик ба мега төслүүдийн хувьд: Ойн санг 9%-д хүргэх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, элсний нүүлтийг зогсоох "Ногоон хэрэм", мөн говийн бүсийг усаар тэтгэж цөлжилтийг сааруулах "Хөх морь" төслүүдийг далайцтай хэрэгжүүлж буй.

Орон нутаг болон олон улсын түвшинд: Аймаг бүр дэд хөтөлбөрөөрөө орон нутгийн төсвөө зохицуулж байгаа бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын СОР17 хурлаар дамжуулан дэлхийн дэвшүүлсэн шинэ технологи, ногоон санхүүжилтийг үндэсний бодлоготойгоо уялдуулан ажиллаж байна.

Ф бол Фондууд ба банкууд

СОР17 хуралдаанд дэлхийн санхүүгийн салбарын манлайлагчид болон олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагуудын өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцоно. Тухайлбал, Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч, Европын хөрөнгө оруулалтын банк (EIB), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) болон Азийн хөгжлийн банк (ADB)-ны удирдах төлөөллүүд биечлэн ирэх юм.

Тэдэнд танилцуулах зорилгоор ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт авах боломжтой бэлэн төслүүдийг урьдчилан ялган бэлтгээд байгаа аж. Энэхүү ажлын гол зорилго нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн байгууллагуудад хөнгөлөлттэй зээл, санхүүжилт авах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа бөгөөд энэ нь хурлын бодит үр дүнг хэмжих гол үзүүлэлт болох юм. Түүнчлэн санхүүжилтийн механизмаа зөвхөн Монголд хэрэгжих төслүүдээр хязгаарлахгүй, бүс нутгийн болон олон улсын түвшний ногоон санаачилгуудыг дэмжихэд чиглүүлж буй.

Х бол Хандивууд

Хурлын бэлтгэл ажил болон зохион байгуулалтад шаардагдах төсвийг шийдвэрлэхэд гадаад, дотоодын хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор хандив, дэмжлэгээр нийт 15 орчим тэрбум төгрөгийг дотооддоо босгожээ.
Хурлын зохион байгуулалт болон төсөл хэрэгжилтэд чиглэсэн дэмжлэг, амлалтуудыг нэгтгэвэл:

Олон улсын байгууллага ба гадаад улс орнууд:

  • Европын хөрөнгө оруулалтын банк: 200 сая евро
  • Дэлхийн банк: 100 сая ам.долларын зээлийн асуудлыг хэлэлцэж байгаа
  • Люксембург Улс: 5 сая евро
  • Даян дэлхийн байгаль орчны сан: 3.3 сая ам.доллар (техникийн дэмжлэг)
  • Бүгд Найрамдах Франция Улс: 1 сая ам.доллар
  • Азийн хөгжлийн банк: 500 мянган ам.доллар

Дотоодын хувийн хэвшил ба байгууллагууд:

  • Рио Тинто Монгол: 1 тэрбум төгрөг
  • Оюу Толгой ХХК: 1 тэрбум төгрөг
  • Электрик Моторс Корпорейшн: 500 сая төгрөг
  • Энержи Ресурс ХХК: 500 сая төгрөг
  • Эрдэнэ Монгол ХХК: 500 сая төгрөг
  • Бадрах Энержи ХХК: 500 сая төгрөг
  • Кока-Кола: 460 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн
  • Мөнх Ногоон Амьдрах нийгэмлэг: 400 сая төгрөгийн тохижилтын цэцэг
  • BIB Дисковер: 212 сая төгрөгийн ажил, үйлчилгээ
  • ХасБанк: 200 сая төгрөг
  • Макс Экс ХХК: 100 сая төгрөг
  • Улаанбаатар Принт: Хэвлэлийн ажил, үйлчилгээ
  • Тэсо Групп: Ажил, үйлчилгээний дэмжлэг
  • Арадай Трэйд: Бараа, үйлчилгээний дэмжлэг
  • Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо: Сагсан бөмбөгийн асар, байгууламж


Ц бол Цэцэрлэгт хүрээлэн

Үндсэн үйл ажиллагаа болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах зорилготой 973 га нутаг дэвсгэрийг хамардаг Монголын хамгийн том эко бүс болох "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн зүүн хэсэгт буюу Шинэ Зуун айл худалдааны төвийн чанх урд зохион байгуулна.

СОР17 хурлын хэрэгцээнд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрээс тусгайлан 29.9 га талбайг тохижуулж байгаа. Үүнээс 5.6 га-д нь хурлын үндсэн арга хэмжээнүүд, чуулга уулзалтууд, павильонууд байрлах түр байгууламжууд байх бол үлдсэн 8 га буюу 80,000 ам метр талбайд зам тавьж, олон улсын төлөөлөгчдөд зориулсан 930 автомашины багтаамжтай нэгдсэн зогсоолыг байгуулжээ.

Ч бол Чухал өдрүүд

Цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдалтай шууд холбоотой дэлхий нийтийн цогц сорилт билээ. Иймд 12 хоногийн турш Санхүүгийн өдөр (Finance Day), Усны өдөр (Water Day), Газрын өдөр (Land Day), Хүн ба хүнсний өдөр (People & Food Day) зэрэг тусгайлсан сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулж, салбар бүрийн хүндрэл, шийдлийг дэлхийн хэмжээнд нарийвчлан хэлэлцэх юм.

Эдгээр чухал өдрүүд болон СОР17 хурал нь Монгол Улсын хувьд дараах томоохон боломжуудыг нээж байна:

- Санхүүгийн өдрүүдийн хүрээнд дэлхийн томоохон банк, сангуудаас ногоон төслүүддээ хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа татах.
- Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх үндэсний туршлага, "Тэрбум мод" хөтөлбөрийн ахицыг олон улсад тайлагнаж, нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг сурталчлах.
- Олон улсын том хэмжээний чуулганыг зохион байгуулах чадавхаа ахиулж, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт эдийн засгийн шууд ба шууд бус дэмжлэг үзүүлэх.

Ш бол Шийдвэр гаргах ширээ

Дэлхийн байгаль орчны томоохон бодлого, хөрөнгө оруулалтын түүхэн шийдвэрүүдийг анх удаа хилийн чанадад бус, манай эх оронд, Монголын ширээний ард талууд хэлэлцэн батлах гэж байна. СОР17 хурлын гол зорилго нь талуудыг нэгдсэн хэлэлцээрт хүргэхээс гадна бэлчээр, хөрс хамгааллын бодит төслүүдийг олон улсын санхүүжүүлэгчидтэй шууд холбоход оршиж буй. Тухайлбал, бэлчээрийн газар нутгийг хамгаалах чиглэлээр Казахстан зэрэг бусад орнуудад хэрэгжих төслүүдийг санаачлагчдыг нь санхүүжүүлэгч банк, фондуудтай холбох гүүр нь бидний үүрэг юм.

Мөн Монгол Улс 2028 онд дараагийн СОР18 хурал болох хүртэлх хоёр жилийн хугацаанд Цөлжилттэй тэмцэх конвенцын бүх хурал, үйл ажиллагааг даргалан ажиллана. Энэхүү хугацаанд манай улс дэвшүүлсэн гурван том санаачилгаа дэлхийн түвшинд хэрэгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд эдгээр санаачилгын хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татаж, ямар бодит ажлууд гүйцэтгэснээр Монгол Улсад болох СОР17 хурлын эцсийн үр дүн, ач холбогдлыг дүгнэх юм.



Э бол Эдийн засгийн боломж

Энэхүү хурал нь Монгол Улсын хувьд шууд болон урт хугацааны үлэмж хэмжээний эдийн засгийн боломжуудыг нээж буй. Тодруулбал, манай улс энэхүү хурлын хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар зорин ажиллаж байна. Хөгжиж буй орны хувьд бид цаашид зөвхөн буцалтгүй тусламж харахаас илүүтэй хөнгөлөлттэй зээл, хамтарсан санхүүжилт болон хөрөнгө оруулалт авах боломж бүрдсэн бөгөөд олон улсаас хамтарсан санхүүжилтийн саналууд идэвхтэй ирсээр байгаа юм.

Хурлын эдийн засгийн шууд ба шууд бус ач холбогдлыг хоёр үндсэн чиглэлээр харж болно.

Шууд эдийн засгийн орлого (Дотоодын зах зээл): Хуралд оролцох төлөөлөгчдийн тооноос хамааран зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлал, худалдан авалтын салбарт томоохон хөдөлгөөн орно. Тооцооллоор 6,000-аас доош төлөөлөгч ирвэл 120 тэрбум, 6,000-8,000 төлөөлөгч оролцвол 150 тэрбум, нэг болон түүнээс дээш тооны зочид ирж 8,000-аас давбал дотоодын үйлчилгээний салбарт 170 тэрбум төгрөгийн шууд орлого төвлөрөх боломжтой.

Урт хугацааны бодлого ба олон улсын байр суурь: Урт хугацааны чанартай байгаль орчны төслүүд эхэлж, байгаль орчны салбарт томоохон хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Хамгийн гол амжилт нь олон улсын эсрэг тэсрэг байр суурьтай талуудыг нэгтгэн, ширээний ард ойлголцолд хүргэж чадвал Монгол Улсын олон улсын тавцан дахь нэр хүнд, геополитик болон эдийн засгийн үнэ цэн үлэмж хэмжээгээр өсөх юм.

Ю бол ЮНЕСКО ба Байгалийн өв

Манай орны говь, тал хээрийн бүсийн давтагдашгүй үзэсгэлэнт байгаль, экосистем нь уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтөд идэвхтэй өртөж, унаган төрхөө алдах эрсдэлтэй тулж ирээд байна. Монгол орны энэхүү ховор нандин байгалийн болон соёлын өвийг хамгаалан үлдэхэд олон улсын байгууллагууд, тухайлбал ЮНЕСКО-гийн Байгалийн ба дэлхийн өвийн сүлжээ, түүний хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах явдал чухал нөлөөтэй юм.


Я бол Ялалт

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх ажил бол зөвхөн нэг улсын хийж дөнгөх үйл биш. Харин бүх дэлхийн хамтын сорилт гэдгийг нийтлэлийнхээ төгсгөлд дахин тодотгох нь зүйтэй. Тиймдээ ч Монгол Улс СОР17 хурлыг эх орондоо зохион байгуулж, дэлхийн 197 орны дуу хоолойг нэгтгэн шийдвэр гаргах ширээний ард суулгаж чадаж байгаа нь өөрөө олон улсын тавцан дахь ялалт юм.

Тэр дундаа ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн болон соёлын өвд бүртгэгдсэн манай говь, тал хээрийн өвөрмөц экосистем, нүүдэлчдийн олон зуун жилийн турш бэлчээрээ хамгаалж ирсэн уламжлалт ухааныг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх томоохон боломж нээгдэж байна. Энэхүү хурлаас гарах шийдвэрүүд нь зөвхөн цаасан дээрх бодлого төдийхнөөр үлдэлгүй доройтсон газрыг нөхөн сэргээж, бэлчээрээ амилуулан, хойч үедээ эрүүл байгалийг өвлүүлэн үлдээх бодит өөрчлөлтийн эхлэл болох нь гарцаагүй. Эх байгалиа сэргээж, эх дэлхийнхээ итгэл найдварыг хамтдаа бадраацгаая.