Энэ удаагийн ярилцлагад Монголын хөдөлмөрийн зах зээлд 14 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Монголиа Талент Нэтворкийн хамт олон оролцлоо. Хөдөлмөрийн зах зээлд шинэ соёл, хандлагыг нэвтрүүлэх зорилготой тэдний ажлын арга барилтай танилцъя. 

1. Танай байгууллагын замналаас бид юу юуг мэдэж болох вэ?

М.Үжин - Гүйцэтгэх захирал

Манай компани байгуулагдаад 14 жил болж байна. Эхний 11 жилдээ бид зөвхөн удирдах түвшний ажилтны сонгон шалгаруулалтын үйлчилгээнд төвлөрч, олон байгууллагын итгэлийг хүлээн амжилттай ажиллаж чадсан. Харин сүүлийн гурван жилд бид үйл ажиллагааны үйл ажиллагааны хүрээгээ тэлж, хүний нөөцийн салбарт илүү олон шийдэл, инновацлаг үйлчилгээг санал болгож эхэлсэн бөгөөд тэдгээрийн нэг нь технологид суурилсан Worki платформ юм.

Өдгөө бид хүний нөөцийн чиглэлд долоон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд мэдээж ажилд зуучлалын үйлчилгээ (recruitment service) болон мэргэжлийн ажил олгогчийн үйлчилгээ (professional employer organization service) буюу гадны байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулахад тулгардаг хөдөлмөрийн харилцааны төвөгтэй асуудлыг бид хариуцан шийдэж өгдөг үйлчилгээ үзүүлж байна. Мөн дотооддоо олон ажилтантай, бүтцийн хувьд том байгууллагуудын хүний нөөцийн ачааллыг бууруулах дэмжлэг үзүүлдэг.

Сүүлийн жилүүдэд хамгийн эрэлттэй, шинэлэг үйлчилгээ бол ажил олгогчийн брэнд хөгжүүлэлт (Employer Branding) юм. Энэ нь Монголдоо анхдагч үйлчилгээ бөгөөд байгууллагын имиж, соёлыг илүү бодитой, бүтээлч, сонирхолтой хэлбэрээр харуулах зөвлөх, контент, маркетингийн иж бүрэн шийдэл гэсэн үг. Үүнээс гадна бид хүний нөөцийн консалтинг болон захиалгат судалгаа зэрэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг юм. Сүүлд жишээ нь, уул уурхайн ассоциацитай хамтран салбарын ажиллах хүчний судалгаа хийж, үр дүнгээ олон нийтэд нээлттэй байршуулсан.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Б.Эрдэнэбадрал - Сонгон шалгаруулалтын ахлах

Миний өдөр өглөөнөөс авхуулаад орой болтол дуудлагаас дуудлагын хооронд өнгөрдөг. Ихэвчлэн ярилцлага өглөө болдог учраас сэрээд л тухайн өдөр уулзалттай хүмүүс рүүгээ залгаж сануулдаг. Оффисдоо ирээд кофе ууж суух зуураа LinkedIn-ээ нээгээд, холбогдсон хүмүүст хариу өгч, утсаар ярих цагуудаа тохируулна. Дараа нь Outlook-оо шалгаж, хэдэн шинэ мэйл ирсэн, өмнөх өдрүүдийн ярианаас хэдэн хүн CV-гээ илгээснийг харж, ажилдаа ордог. Өглөөний хамгийн чухал хэсэг бол ирсэн CV-үүдийг системдээ бүртгэх байдаг бол үдээс хойш харилцагч байгууллагуудтай холбогдож, ярилцлагын сэтгэгдэл авах, заримдаа ажлын санал тавьсан ажил горилогчдын цалин, нөхцөлийн талаар тохиролцоно. Эргээд ажил горилогчтой холбогдож, дараагийн алхмуудыг ярилцана гээд товчхондоо бол миний нэг өдөр бол ажил горилогч болон харилцагч байгууллагын хооронд харилцааны тасралтгүй гүүр болж, бусдын карьерыг чиглүүлж байдаг харилцаа суурьтай ажил байдаг.

3. Таны ажлын нөү-хау?

О.Батжаргал - Сонгон шалгаруулалт хариуцсан захирал

Байгууллага болгон л тодорхой хэмжээнд өөр өөр байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг байх. Тэр дундаа манай мэргэжил гадаад, дотоод, жижиг том байгууллагуудаас гадна төслийн менежер, гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүн гэх зэрэг маш баялаг туршлагатай хүмүүстэй хамт ажилладаг нь сонирхолтой.

Ажилдаа баримталдаг хамгийн гол зарчим бол мэргэжлийн байх. Тухайлбал, ярилцлагад орж буй хүмүүст “энэ ур чадвараа илүү онцол”, “энэ хэсгийг заавал хөндөх шаардлагагүй” гэх мэт хүн бүрийн нөхцөлд таарсан нарийн зөвлөгөө өгөхийг хичээдэг. Хүн байнга ярилцлагад ороод байхгүй учраас, бид ажил горилогч болон байгууллагыг нэг цэгт уулзуулахын тулд бүх талын дэмжлэг, ойлголцлыг сайтар бүрдүүлэхийг зорьдог.

Хувьдаа хүмүүст “аль болох нээлттэй байгаарай” хэмээн зөвлөдөг юм. Учир нь компани бүрийн цаана нээгдээгүй олон боломж бий. Зарим хүн өөрийн карьерын замд өөрөө хаалт тавьчих гээд байдаг талтай. Уг нь байгууллагад тухайн хүнд тохирсон маш гоё боломжууд байгаад байдаг, гэтэл ажил горилогч маань өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүйгээсээ болоод тэднийг анзааралгүй өнгөрүүлэх нь бий.

Мэдээж бид компанийн нууцлал, ёс зүйн гэрээг чанд мөрдөнө. Тиймээс тухайн хүнд тохирох боломж байгааг мэдэж байсан ч шууд хэлэх эрхгүй үе байдаг. Жишээ нь, нэг уул уурхайн компани болон нэг банк санхүүгийн байгууллага гэж бодоход, кандидат маань банкны салбарт сонирхолгүй гэдэг л дээ. Гэтэл тус байгууллагад тухайн хүний үнэ цэнийг илүү тодорхой харуулж чадах боломжууд маш их байх жишээтэй. Тиймээс бид тэр өнцгийг нь харуулж, ойлгуулахыг хичээн, сонголтоо илүү бодитоор хийхэд нь тусалдаг.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Ч.Саруулбуян - Хүний нөөцийн менжер

Манай байгууллага дотоод харилцаа холбоондоо Teams, Outlook голчлон хэрэглэдэг мөн мэдээж хүний нөөцийн менежер учраас Worki Platform-оо хамгийн их ашигладаг. Яг ажлаа хийж байхдаа Youtube, Spotify-аар дуу сонсох дуртай. Манайх өөрсдөө бас Untie гээд подкасттай түүний шинэ дугааруудыг үргэлж сонсдог.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

А.Халиунаа - Маркетингийн менежер

Маркетингийн менежерийн хувьд би сар бүрийн төлөвлөгөөндөө тулгуурлан өдөр тутмын ажлуудаа нарийн төлөвлөчихсөн байдаг. Хэрвээ төлөвлөгөөнд анх тусгагдаагүй шинэ эвент эсвэл үйл ажиллагаа 7 хоногийн багийн хурлаар орж ирвэл, би хамгийн түрүүнд бусад ажлуудтайгаа хэрхэн уялдуулах, хугацаа болон нөөцийн хувьд хэр боломжтойг харгалзан төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулдаг. Хэрвээ тухайн үед цаг болон хүч хүрэлцэхгүй байвал үүнийгээ хүлээн зөвшөөрч, багийнхнаасаа дэмжлэг авч хамтдаа шийдвэрлэхийг илүүд үздэг. Энэ нь бусдаас гуйх гэхээс илүүтэй цаг хожих, цагийг хий дэмий үрэхээс сэргийлж чаддаг гэж боддог.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Б.Түвшинбаяр - Маркетингийн багийн ахлах

Өглөө бүр ажил эхлэхийн өмнө тухайн өдөр болон долоо хоногийн ажлуудаа Excel хүснэгт болон дэвтэр дээрээ төлөвлөж, хийж дууссан ажлуудаа тэмдэглэдэг зуршилтай. Энэ нь ажлынхаа явцыг тодорхой харахад мөн хаана илүү анхаарах хэрэгтэйг ойлгоход их тус болдог. Мөн долоо хоног бүр зураг авалт, контентын зохиол, харилцагч байгууллагуудтай уулзалт, санал хүсэлт болон засварын ажлуудаа Excel дээр төлөвлөж, шат дараатайгаар хөтөлдөг. Ингэснээр аливаа ажил аль шатандаа явааг тодорхой харж, цаг хугацаагаа илүү оновчтой зохицуулах боломжтой болдог.

Жишээлбэл, зураг авалтын өмнө зохиол болон брэнд мессежийн чиглэлийг баталгаажуулах, харилцагч талаас санал авах, дараа нь контентыг засварлан баталгаажуулах гээд бүх үе шатыг нарийн төлөвлөдөг. Мөн Outlook болон Viber ашиглан уулзалт, зураг авалтын товыг уялдуулж, багийнхаа ажлыг зохион байгуулалттай явуулахыг чухалчилдаг. Энэ бүхнийг системтэйгээр хөтөлж явах нь ажлын үр дүнг хэмжихээс гадна бүтээлч санаагаа цаг тухайд нь хэрэгжүүлэхэд хамгийн их дэмжлэг болдог.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Г.Мөрөн - Сонгон шалгаруулалтын зөвлөх

Миний хувьд хамгийн их урам зориг өгдөг зүйл бол өөрийн зуучилсан хүмүүсийг тохирсон ажлын байрандаа очиж, шинэ орчиндоо дасан зохицож, сэтгэл хангалуун, урам зоригтой ажиллаж байгааг харах тэр мөч. Би өөрөө extrovert төрлийн хүн болохоор хүмүүстэй ярилцаж, асуудлыг шийдэж эрч хүчээ сэлбэдэг.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ? 

Н.Одгэрэл - Сонгон шалгаруулалтын зөвлөх

Би одоо Санхүү Эдийн Засгийн бизнесийн удирдлагын магистрт сурч байгаа. Ажлын хажуугаар хичээл авна гэдэг чамлахааргүй ачаалалтай юм бил ээ. Тэгэхээр энэ тал дээр ажлаа тараад л ер нь сургалт авах, найзуудаараа уулзаж хичээлээ хийх гээд амралтын өдрүүд их завгүй өнгөрч байгаа. Үүн дээр нэмээд СЭЗИС-ийн бүх магистрын оюутнууд 24 багт хуваагдаж нийгэмд тулгагдаж байгаа асуудлуудыг шийдсэн жижиг төсөл бичиж өрсөлдсөн юм. Сая өнгөрөгч есдүгээр сард энэ төсөл дээрээ илүүтэй төвлөрлөө.

Манай багийн төсөл хүүхдүүдэд чиглэсэн. Хүүхдүүд тоглоомуудаасаа маш хурдан уйддаг шүү дээ, эцэг эх бүрд бас шинэ тоглоом авч өгөх санхүүгийн бололцоо хомс. Тиймээс бид цэцэрлэгүүдэд хүүхдүүд уйдсан тоглоомоо аваачиж тавиад өөр ангийн хүүхдийн шинэ тоглоомыг авч яваад гэртээ тоглох санаачилга гаргасан юм. Энэ төслөө ажлаа тараад л багийнхантайгаа уулзаж ярилцах бас их сонирхолтой юм билээ, бас бид хичээсний үр дүн манай баг 3-р дугаар байранд орсон шүү.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд? 

М.Анухатан - Борлуулалт хариуцсан менежер

Миний үндсэн мэргэжил бол утга зохиол судлаач л даа. Тиймээс мэргэжилтэйгээ холбоотойгоор “дүр дээр ажиллах” буюу дүрийг унших, дүрийн нарийн зангилааг тайлах гээд ер нь хүний тархи, сэтгэл дотор юу болоод байгааг том зургаар нь харах дуртай. Энэ нь миний яг одоо хийж буй ажилтай нягт уялддаг юм шиг санагддаг. Хүн болгонд ямарваа нэгэн авьяас чадвар байгаа тэрийг нь тохирох байгууллагад нь холбох нь бидний ажил. Тэр нь бусад салбарт байдаггүй хүн, хүн хоорондын ойлголцол, мэдрэмжтэй холбоотой их онцлогтой мэргэжил юм шиг санагддаг. Эсрэгээрээ хүний нөөцийн салбар маань өөрөө асар хувьсамтгай, нэлээн маневр ажил ихтэй. Тэгэхээр хүний арга эв олохоос өгсүүлээд одоо юу тренд болж байна эсвэл юу хуучирсан байгаа юм байна ямар байгууллагад ямар үйлчилгээ хэрэгтэй юм байна гэдгийг бодох процесс нь өөрөө жаахан ядармаар санагддаг.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

О.Батжаргал - Сонгон шалгаруулалт хариуцсан захирал

Бид саяхнаас HR Community гэх төсөл эхлүүлсэн юм. Миний хувьд энэ ажил руу ханцуй шамлан орсон байна. Монголд хүний нөөцийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн коммюнити байдаг ч бид үүний хайрцгийг нь жаахан эвдэх гэж оролдож байгаа юм. Нөгөө л нэг уйтгартай цуглаан, илтгэлүүд, магадгүй зочид нь солигддог ч агуулга нь өөрчлөгддөггүй энэ тогтсон ойлголтыг өөрчилж хүн болгон өөрсдөө оролцдог хүн бүрд нээлттэй мэргэжилтнүүд өөрсдөө хөгждөг ийм цогц, орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Ц.Оргихбаяр - Борлуулалтын багийн ахлах

Саяхан миний хувьд борлуулалтын менежерээс борлуулалтын хэлтсийн ахлах болсон юм. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагын зүгээс надад ганцаарчилсан сургалт өгсөн. Өмнө жилээс мөн YPG буюу Yong Professionals хөтөлбөрөөс ментортой болсон маань карьерын маань замналд маш том түлхэц болсон. Ингэснээр би менторийнхоо салбарын туршлагаас нь сонсож, зөвлөгөө авч байгаа болохоор тэр нь надад бүр олон, даацтай том боломжуудыг нээж өгч байгаа гэж харж байгаа.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

М.Билгүүн - Борлуулалт хариуцсан менежер

Сүүлд би “Вавилоны хамгийн баян хүн” номыг аудио хэлбэрээр сонссон юм. Энгийн мөртөө амьдралд хэрэгтэй санаа их байсан, үүнээс ялангуяа аз гэдгийг тайлбарласан өнцөг нь нэлээд сонирхолтой байсан учраас хуваалцмаар санагдлаа. Нэг ёсондоо аз гэдэг бол зүгээр тохиолдол биш харин боломж гэдгийг анзаарч түүний төлөө алхам хийх нэг чадвар бас зориг. Түүнчлэн мөнгөө өөртөө ажиллуулах тухай буюу өмнө нь миний зөвхөн орлого олно гэж хардаг байсан өнцгийг тэс өөрөөр тайлбарласан байсан. Хөгжмийн хувьд ажлаа хийж байхдаа сүүлд гарсан F1 киноны soundtrack буюу Ханс Зиммерийн хөгжмийг сонсох дуртай болоод байгаа. Киноны хувьд ч тэр Брэд Питийн тоглосон F1 кино их таалагдсан.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Б.Хүслэн - Сонгон шалгаруулалтын зөвлөх

Би ажилдаа ороод удаагүй байхдаа нэг хамт ажилладаг найзаасаа аливаа зүйлийг зөв талаас нь харж чадвал зөвхөн ажил дээр гэлтгүй амьдралд ч хэрэг болдог юм байна гэдгийг ойлгож байсан юм. Хэрэв миний хүссэнээр зүйлс бүтэхгүй байвал тэр болгоноос нэг юм сурч, анзаарч чадвал одоо надад шууд үр нөлөөгөө үзүүлэхгүй ч магадгүй 2-3 сарын дараа буцаад надад хэрэг болдог, ядаж л би ингэж алдсан болохоор одоо би алдахгүй гэдэг сургамжийг зааж байгаа юм болов уу.

14. Бусдад шидэх санаа?

Р.Бямбасүрэн - Сонгон шалгаруулалтын зөвлөх

Миний хувьд илүү практик зөвлөмж хэлье гэж бодсон юм.

  • Ажилд орох гэж буй компани тань компанийнхаа ямар асуудлыг шийдэх гэж хүн хайж байгааг судлаад түүн дээр үндэслээд өөрийнхөө ур чадвар болон туршлагаа CV дээрээ бичээрэй
  • Мөн нэг бэлдсэн CV-гээ олон компани руу бүү явуулаарай. Учир нь өөр өөр үйл ажиллагаа, бүтэцтэй компаниуд биднээс өөр өөр чадварууд шаардаж байдаг. Тэгэхээр түүнд нь тааруулж CV-гээ бэлдэх нь ажилд тэнцэх магадлалыг тань нэмэгдүүлнэ.
  • Харин хүний нөөцийн мэргэжилтнүүддээ зөвлөхөд ажлынхаа хариуцлагыг илүү сайн ухамсарлаарай хэмээн зөвлөе. Бид бүхэл бүтэн хүний амьдралд маш том өөрчлөлт хийхэд нь тусалдаг, тэр хэрээрээ маш өндөр хариуцлага мэдрэгдэх хэрэгтэй, үүнийгээ ухамсарлаж аливаад маш мэргэжлийн хандаарай.