Хөгжим сонсох мөчид бид бусдын хүлээлт, нийгмийн тогтсон хэм хэмжээнээс ангижирч, тэрхүү аялгуун дунд хэн байх, юуг мэдрэхээ өөрсдөө шийддэг учраас хөгжим бол хүний дотоод эрх чөлөөний хамгийн тод илэрхийлэл, сэтгэл зүрхний тусгаар тогтнол билээ. Гагцхүү энэ л эрх чөлөөг сүүлийн жилүүдэд олон хүний зүрх сэтгэлд мэдрүүлж яваа хамтлаг бол “mxrningstar”. 

Тэдний гурав дахь амьд хөгжмийн тоглолт ирэх тавдугаар сарын 22-ны өдөр Social Pay Park-д зохион байгуулагдах гэж буй. Ид бэлтгэлийн ажил өрнөж байгаа энэ үеэр тэдэнтэй ярилцах завшаан тохиосон нь энэ юм. Саяхан л шинэхэн эхлэлийн тухай ярьж асан залуус өдгөө Монголын амьд хөгжмийн түүхэнд шинэ хуудас бичилцэн яваа бөгөөд эл аяллынх нь багахан хэсгийг уншигч танд учирлан өгүүлье. “mxrningstar” хэрхэн ажилладаг вэ?

Эрхэлдэг ажил: Амьд хөгжмийн хамтлаг
Сошиал хуудсууд: mxrningstar (Facebook), mxrningstar (Instagram)

Хамтлагийн гишүүд: 

Дуучин: Азаа (Б.Аззаяа)
Бөмбөрчин: Эрка (Х.Эрдэнэбаяр)
Ритм гитарчин: Эба (Г.Эрдэнэбаяр)
Даралтат хөгжимчин: Эрдук (Н.Эрдэнэсайхан)
Соль гитарчин: Обо (З.Оюунболд)

Тоглолтын тасалбар худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу.

1. Танай хамтлагийн замналаас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Азаа: Төгсөх ангид орох үедээ би уран зохиол, монгол хэлний хичээлд хамгийн дуртай байлаа. Эхэндээ эсээ бичдэг байж байгаад нэг ая дээр шүлэг бичээд, дуулж үзсэн чинь боломжийн санагдсан юм. Хүмүүсийн хэлдгээр "эмо, гунигтай" залуугийн өөрийгөө илэрхийлэх боломж нь тухайн үед хөгжим байж таарж л дээ. Гэсэн ч өөрийгөө яаж илэрхийлэх аргаа бүрэн олохгүй явж байгаад Playtime наадмаар дамжуулан амьд хөгжмийн амин сүнсийг мэдэрсэн. Хип хоп, текно хөгжмөөс авч чадахгүй тэр л амьд мэдрэмжийг тэндээс мэдрээд "За, яг хамтлагтай л болох юм байна" гэж мөрөөдөж эхэлсэн.

Тийнхүү 2020 онд Silhouette Tuesday хамтлагийн дуучин Масакигийн хийж байсан O.Yu Sessions-д орохдоо "Хамтлаг байгуулахыг хүсэж байгаа залуучууд байвал холбогдоорой" гэж хэлж байв. Тэр дагуу Эрка (Х.Эрдэнэбаяр) надтай холбогдож, өөрөөсөө гадна ритм гитарчин Эба (Г.Эрдэнэбаяр), даралтат хөгжимчин Эрдук (Н.Эрдэнэсайхан), соль гитарчин Обо (З.Оюунболд) нарыг дагуулан ирсэн. Ер нь одоо бодоход бие биеэ таньдаг, зарим нь ах дүүсийн холбоотой байсан нь нэг хамтлаг болоход дөхөм болгосон гэж боддог.

Хамтлагтай болох зорилго маань биелсэн тул яаж дараагийн шатанд гарах талаар бодож эхэлсэн. Одоо хаанаас эхлэх вэ? Хэнтэй уулзах вэ? Бэлтгэлийн байр яах вэ? гээд л менежментийн тал дээр их бодож явсан л даа. Тэгээд 2021 онд "Unitel Live Session"-д оролцох үеэрээ "Monadd" лэйблийн захирал Насаа эгчтэй танилцаж байснаа санаад эргэж холбогдсон. Анх танилцах үед надад төрсөн сэтгэгдэл маш гоё, хандлага нь үнэхээр дулаахан санагдсан учраас Насаа эгчид "Би хамтлагтай болох гэж байгаа. Та манай хамтлагийн менежментийг хариуцах уу?" гээд л шуудхан асуусан. Дараа нь биднийг Тамираа ахтай танилцуулж, хэд хэдэн уулзалтын дараа гэрээгээ үзэглэж байв. Тэр цагаас хойш зөвхөн дуу хөгжимдөө анхаарч, бусад зүйлд санаа зоволгүй уран бүтээлээ хийж байна.


Азаа

2. Танай хамтлагийн дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Тоглолт болоход хоёр сарын хугацаа л үлдсэн учраас бэлтгэлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлж байгаа. Үдээс өмнөх цагийг хувийн ажлуудаа амжуулахад, үдээс хойш болон оройн цагийг хамтлагийн бэлтгэлд зориулж байна.

Бид “Хүн” нэртэй анхны цомгоо 2024 онд сонсогчдын хүртээл болгож, арваннэгдүгээр сард нь Corporate Convention Center-т бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулсан. Тухайн үед 2,500 орчим хүнтэй тоглолт болж байсан бол 2025 оны тавдугаар сарын 17-ны Steppe Arena-д хоёр тоглолтод 6,000 гаруй хүн ирж байв. Харин энэ тавдугаар сарын 22-нд Social Pay Park-д болох тоглолтоор ойролцоогоор 30,000 хүн ирэх төлөвтэй байгаа учраас бидний хариуцлага дагаад нэмэгдэж байгаа.

3. Та бүхний ажлын нөү-хау? 

Арга барил гэж тогтсон зүйл байхгүй. Биднийг нэгтгэдэг цөм нь ерөөсөө л хөгжимд хайртай тэр чин хүсэл. Бид тавуулаа энгийн үедээ дуу муутай, дотогшоо хүмүүс ч гэлээ хөгжмөө тоглоод эхлэхээр л нэг хүн шиг болж, нэг шугаманд гар нийлж чаддаг. Энэ л бидний хэлгүйгээр ойлголцдог амин сүнс маань.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Spotify бол бидний хувьд №1 апп. Зүгээр ч нэг апп биш, амьдралын салшгүй хэрэглээ гэж хэлж болох юм. Учир нь дуу хөгжимгүйгээр нэг өдрийн амьдралаа төсөөлөхийн аргагүй. Мөн хамтлаг байгуулагдсаны эхэн үед шинэ санаагаа бичиж авахад GarageBand бидэнд хамгийн их тус болдог байсан.

Гэвч эцсийн дүндээ бидний хувьд хамгийн хүчирхэг технологи бол мини төгөлдөр хуур, аман хуур зэрэг амьд хөгжмийн зэмсгүүд. Авсаархан болохоор байнга авч явдаг.


Обо

Эрка

Эрдук

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Бидний хувьд цаг хэмнэх хамгийн шалгарсан арга бол лэйблээс гаргаж өгсөн төлөвлөгөөгөө ягштал баримтлах. Нэгэнт гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа амжуулаад явахад л аяандаа болдог.

Нөгөө талаас, бусдын цагийг хүндэтгэх нь чухал. Хэрэв ажилдаа амжихгүй эсвэл хоцрох нөхцөл байдал үүсвэл түүнийгээ эртхэн мэдэгдэж байвал хэн хэндээ амар юм шиг санагддаг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Яг одоо тоглолтын бэлтгэл ид өрнөж байгаа болохоор энэ үеийн ажлуудаа яаж төлөвлөж байгаагаа хуваалцсан нь дээр болов уу. Тоглолтын бэлтгэл ажил ерөнхий хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Нэг талдаа манай хамтлагийнхан шинэ дуу, хөгжим, бэлтгэл сургуулилтаа хариуцаж байгаа бол нөгөө талдаа MONADD лэйбл маань менежмент, маркетинг, хамтрагч байгууллагуудын харилцааг бүрэн хариуцаж байна.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Азаа: Тухайн үед юу үзэж харж, юу сонсож байгаагаас гадна сэтгэл санааны байдал ямар байгаагаас шалтгаалж аялгуу, шинэ санаа төрдөг. Уран бүтээлч хүний хувьд байнга л хөгжим сонсож байдаг учраас бусдын бүтээлээс ч урам зориг авах үе бий. Сонсож байгаа хөгжмийнхөө тодорхой хэсэг, хэмнэлээс санаа авч, түүнийгээ өөрсдийнхөөрөө дуу болгон хөрвүүлэх тохиолдол ч гардаг. Бэлтгэл хийх явцдаа хөгжимдөө илүү “халаад” ирэхээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хоолой болон хөгжмийн зэмсэгтэйгээ бүрэн нэгдэж чаддаг. Хөгжмөөс гадна өөрийгөө цэнэглэдэг зүйл бол спорт. Сагсан бөмбөг тоглох, усанд сэлэх эсвэл дугуй унах нь гоё эрч хүч өгдөг шүү.

Эба: Заримдаа зүгээр л гэрийнхээ ойролцоох кофе шопод суугаад нарлах, сайн унтаж амрах, эсвэл агаарт алхах төдийд л сэргээд ирнэ.


Зүүн талаас Обо, Эба, Азаа

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Азаа: Одоохондоо бид хамтлагийнхаа үйл ажиллагаанд голлон төвлөрч байгаа ч ирээдүйд бизнес хийх сонирхол бий. Хэрвээ бизнес эхлүүлбэл хөгжмийн салбартайгаа ямар нэг байдлаар холбоотой, магадгүй арай өөр чиглэлийн сонирхолтой салбар руу орох болов уу гэж боддог. Жишээ нь, дуу бичлэгийн студи эсвэл хөгжим сонирхогчдод зориулсан тусгай орчин бүхий газар ч байж болох юм.

Эрка: Би хувьдаа ням гараг бүр сүмд очиж төгөлдөр хуур тоглодог. Энэ маань нэг талаараа яг л үндсэн ажил шиг маань тогтмол болчихсон зүйл.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Амьд хөгжмийн хүрээллийнхэн заримдаа туйлшрамтгай байх нь бий. Нэгнийгээ хэлбэр хөөлөө гэх мэтээр шүүмжлэх тохиолдол гардаг ч бидний хувьд ямар нэг хайрцагт баригдахыг хүсдэггүй. Бид зүгээр л дуртай хөгжмөө тоглож, таалагдсан дуугаа сонсож, өөрсдийнхөөрөө байхыг илүүд үздэг. Энэ чөлөөтэй байдал манай хамтлагийн гол өнгө төрх юм болов уу гэж бодож байна. Бас нэг том давуу тал нь бид тавуулаа зөвхөн хөгжимдөө л анхаарал хандуулдаг. Постер хаана хийлгэх үү, зургаа яаж авхуулах уу гэдэгт огт санаа зовдоггүй. Манай MONADD лэйбл энэ бүх менежментийг өндөр түвшинд хариуцдаг нь бидэнд хөгжимдөө бүрэн төвлөрөх боломж олгодог юм.

Нэг зүйлийг онцлоход, манай хамтлаг анх байгуулагдсан бүрэлдэхүүнээрээ өнөөдрийг хүргэсэн. Монголын амьд хөгжмийн зах зээлд нэг хөгжимчин олон хамтлагт тоглох эсвэл бүрэлдэхүүн нь ойр ойрхон солигдох үзэгдэл их байдаг бол манай хамтлагийн хувьд энэ тогтвортой байдал нь бидний үнэ цэнийг илүүтэй илтгэнэ.

Хэцүү бэрхшээлтэй зүйл олон бий. Ялангуяа олны танил байна гэдэг асар их хариуцлага дагуулдаг. Хүмүүс “тайзны соёлтой байх ёстой”, “ингэх ёстой, тэгэх ёстой” гэх мэтээр маш их шүүмжлэл, хүлээлт тавьдаг талтай. Мэдээж бусдын өгч буй зөвлөгөө, шүүмжлэлийг сонсохгүй өнгөрнө гэж үгүй. Гэхдээ тэр бүхэнд хэт автаж, хүн бүрийн таалалд нийцэх гэж оролдох нь өөрийнхөө онцлогийг гээхэд хүргэдэг юм шиг санагддаг.


Зүүн талаас Обо, Эба, Эрдук, Азаа, Эрка


10. Та бүхэн одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Энэ удаагийн тоглолт манай хамтлагийн хувьд нэгэн том бүлэг дуусаж буйг илтгэж байгаа хэлж болно. Бид энэ тоглолтоор өдий хүртэл үргэлжилсэн нэг бүлгийг хааж, дараагийн шинэ бүлгээ нээж байна. Тийм ч учраас бэлтгэл ажилдаа маш нухацтай хандаж байгаа. Бид тавуулаа тоглолт хүртэл нэг дор амьдарч, өглөө хамт сэрж, орой хамт унтаж, нэгэн хэмнэлээр амьсгалахыг хичээж байна. Хамтлагийн уур амьсгал, ойлголцол, цаг ашиглалтад энэ арга маш эергээр нөлөөлж, тайзан дээр гаргах эрч хүчийг маань хэд дахин нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Хоёрдугаарт, техникийн тал дээр манай арын албаныхан хүн бүрд хүртээмжтэй дуугаралт, тайз дэлгэцийг бүтээхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, үзэгч хаанаас ч үзсэн яг л ижил гоё дуугаралтыг мэдрүүлэхэд анхаарч байгаа юм. Том талбайд ард зогсож буй хүнд ч лед дэлгэцээр бүх зүйл тод харагдах стандартыг бий болгохоор хичээж байгаа. Тиймээс энэхүү онцгой үдшийг бидэнтэй хамт өнгөрүүлж, манай хамтлагийн нэгэн түүхэн мөчийн гэрч болоорой гэж сонсогчдоосоо хүсмээр байна.

11. Та бүхэн өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Бид хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед амьдарч байгаа учраас түүнтэйгээ хөл нийлүүлэн алхах шаардлагатай. Тиймээс өөрийгөө хөгжүүлнэ гэдгийг хэтэрхий том зүйл гэж харахаас илүүтэй, энэ цаг үетэйгээ таарч тохирон амьдрах, түүндээ зориулж өөрийгөө бэлтгэх л гэж ойлгож байна даа.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Азаа: Номын тухайд "Ногоон нүдэн лам", "Жаран цагаан хонь" гэсэн бүтээлүүд манай үндэсний тусгаар тогтнол, хэлмэгдүүлэлтийн үеийн үнэн учрыг харуулдаг болохоор залуучуудыг заавал уншаарай гэж санал болгоё. Киноны хувьд "Babylon" (2022)-ийг үзээрэй. Кино урлаг яаж үүссэн, амжилтад хүрээд хүн яаж эргээд унадаг, олны анхаарал дунд өөрийгөө яаж авч явах гээд уран бүтээлч хүний амьдралыг маш тод харуулдаг.

Эрдук: Мөн "Don't Look Up" киног нийгмийн тусгал гэдэг утгаар нь үзэхэд сонирхолтой.

Эрка: "Limp Bizkit" хамтлагийн бүтээлүүдийг сонирхоод үзээрэй. Бид хүмүүсийг урлагийг хүлээж авахдаа зөвхөн өнгөн хэсгийг биш, тэр жижиг деталь, гэрэл, хөгжмийн дуугаралт бүрийг мэдэрч үзээсэй гэж хүсдэг.



13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Азаа: Уран бүтээлч хүн олны анхааралд байхын хэрээр янз бүрийн шүүмжлэл, дарамттай тулгардаг. Тэр нь үргэлж таатай санагдахгүй нь мэдээж. Заримдаа ядаргаатай санагдах үе ч бий. Ийм үед нэг ах маань надад "Чи өөрөө энэ замыг сонгосон. Өглөө 08:00 цагт очоод орой 17:00 цагт тардаг оффисын ажил хийж болох байсан ч чи дуртай зүйлийнхээ төлөө өөр замыг сонгосон. Тийм болохоор ирж буй бэрхшээлийг ч бас сонголтынхоо нэг хэсэг гэж хүлээж ав" гэж хэлсэн юм. Энэ үг надад итгэл найдвар, өөртөө итгэх хүч өгсөн. Би дуртай зүйлээ хийж яваа атлаа хэнд гомдож, юунаас айх ёстой гэж? бодогдсон.

Эба: Хөгжим бүжгийн коллежид сурч байхад төгөлдөр хуурын багшийн маань хэлсэн үг сая санаанд орлоо. Шалгалт дөхөхөөр би бэлтгэлээ дутуу хийсэн ч "аргалаад" өнгөрөх гэж оролдоход багш маань "Чамайг дэмжиж, чиний төлөө зүтгэж байгаа хүмүүс чамаас болж зовох ёсгүй" гэж хэлж байсан юм. Энэ үг надад маш хүчтэй туссан. Тэр үеэс хойш хийж байгаа зүйлдээ эзэн байх, бусдын итгэлийг алдахгүй байх нь миний амьдралын зарчим болсон.

14. Бусдад шидэх санаа?

Эрка: Орчин үед хүмүүс маш туйлшрамтгай болоод байх шиг санагддаг. Юуг ч битгий өнгөцхөн шүүгээрэй. Хүний үгээр, бусдын хандлагаар аливааг дүгнэх биш, ухамсартай хандаасай гэж хүсэж байна. Хөгжимд яг таг тогтсон "зөв" дуугаралт, "төгс" мастер гэж байхгүй. Хүн хүссэн зүйлээрээ өөрийгөө илэрхийлэх нь тухайн хүний л эрх чөлөө.

Азаа: Урлаг гээч зүйлийн туйлын зорилго нь соён гэгээрүүлэх. Гэтэл энэ агуулгаасаа хазайж, залуусын сэтгэхүйг доош нь татсан бүтээлүүд газар авч байгаад хувьдаа сэтгэл зовнидог. Тиймээс залуучууд, дүү нар маань юуг сонсож, юунаас үлгэр дуурайл авахаа зөв ялгаж салгадаг байгаасай гэж хүсэж байна.