Бид энэ удаагийн дугаартаа “Amaraa’s weekly show” нэвтрүүлгээр нь үзэгчдийн эчнээ таних, “Comedy Lab” клубийн комедиан Д.Амартүвшинг урилаа. Тэрээр комеди клубийн тоглолтууд, долоо хоног бүр цацагдах шоуны их ажлын хажуугаар дөрвөн настай охиноо бие даан өсгөдөг туршлагатай, сайн эцэг. Ингээд олон мянган хүмүүст инээд бэлэглэдэг түүний охиноо өсгөхдөө баримталдаг зарчим, арга барилтай танилцацгаая.
Нэр: Д. Амартүвшин
Ажил: Комедиан
Ам бүл: 2
Сошиал хуудсууд: Amartuvshin Dorj (facebook), amaraaliberty (instagram), AMARAA'S weekly show (youtube)

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?
Манайх Амартүвшингийнх гэдэг айл. Одоогоор охинтойгоо хоёулаа амьдарч байна. Гэр бүлийн үүргийн тухайд манай охин тоглоом тоглох, гэр орноо нураах, аавыгаа хөгжөөх гэх мэт үүргийг хариуцаж аваад харин санхүүгээ зохицуулах, хоол хийх, хүүхдээ хүмүүжүүлэх гээд аж ахуйтай холбоотой даалгаврууд тэр чигтээ миний нуруун дээр бууж байна даа.
ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?
Өглөө босоод нэн түрүүнд охин бид хоёр бие биенийгээ ханатлаа тэвэрч аваад өдрөө эхлүүлдэг юм байна. Тогтмол нүүр гараа угаах, ариун цэврээ сахих тал дээр жаахан маруухан. Өдрийн хоолоо идсэнийхээ дараа хөтлөлцөөд ариун цэврийн өрөө орно. Оройдоо бол харин зайлшгүй хамтдаа үлгэр уншина. Хоёроос гурван видео үлгэр үзсэнийхээ дараа нэг үлгэрийг би өөрөө уншиж өгдөг уламжлалтай. Бусад аав, ээжүүд шиг үлгэр жишээ болохуйц зөв дадлууд харьцангуй цөөхөн ч өглөөний тэврэлт, оройн үлгэрийн цагаа бол хэзээ ч алгасахгүй, өдөр бүхэн хийдэг шүү. Манай гэр бүлийн алтан дүрэм гэх юм уу даа.
ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕХНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?
Аль болох өөрийнх нь хүслээр, чөлөөтэй өсгөхийг эрмэлздэг. Мөн охиноо хайрлаж, халамжилж байгаагаа цаг ямагт мэдрүүлэхийг хичээдэг. Манай зарим томчууд хүүхдийг айдсаар нь удирдаж, өсгөх гээд байдаг талтай. Миний бодлоор тэр хүмүүжлийн арга барил хүүхдийн сэтгэлзүйд маш хор хөнөөлтэй санагдаад байдаг юм. Жишээ нь: согтуу хүнд өгөөд явуулчихна шүү, эмч дуудаад тариа хийлгэчихнэ шүү, ээж чинь хөхөө шувуу болоод нисчихнэ шүү гээд л аав ээжүүдийн амны уншлага болчихсон айлган сүрдүүлэх үгнүүд байна шүү дээ. Өнгөн дээрээ бол гэм зэмгүй хөөрхөн үйлдэл юм шиг боловч цаагуураа хүүхдийг хүчээр өөрсдийн эрхшээлд оруулах гэсэн нэгэн төрлийн арга хэлбэр. Энэ үйлдэл даамжирсаар хүүхэд насанд хүрч, том болох үед бусдын нөлөөнд орох магадлал өндөр болдог юм шиг. Ирээдүйд хэн нэгэн айдсаар нь дамжуулан өөрийг нь удирдах, эрхшээлдээ оруулах магадлалтай. Бодит амьдрал дээр биелэх бараг боломжгүй үйл явдлаар хүүхдийг өдөр бүхэн айлгах чинь аймшигтай зүйл гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоосой. Айдсаар нь хүүхдийг удирдаж хэрхэвч болохгүй.


ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН/ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?
Хөл хорионы хугацаанд хоёулханаа гэртээ байгаа учраас "Univision", "Netflix", "Amazon Prime"-ийг "хашрааж" байна даа. Охин маань энэ жил дөрвөн настай. Хүүхдийн сонирхол энэ насан дээрээ маш хурдан хувирч өөрчлөгддөг тул өдөр болгон шахуу өөр өөр төрлийн хүүхэлдэйн кино, контент үзэж байна. Саяхнаас "Bubble Guppies" гэдэг нэртэй "Nickelodeon"-ийн хүүхэлдэйг хамтдаа үзэж байгаа. Бас "Dora the Explorer" хүүхдэд олон зүйл сургадаг. Ажиглагчийн байр сууринаас зүгээр нэг дэлгэц ширтээд суух биш, хүүхэлдэй дотор өрнөж буй үйл явдалд давхар оролцоод явдаг интерактив, бүтээлч шийдэл нь манай охинд зугаатай санагддаг байх, "Dora"-г үзэх дуртай шүү. Нэгэнт орчин үеийн хүүхдүүд хорвоод мэндэлсэн цагаасаа хойш технологийн ертөнцтэй танилцаж, насан туршдаа энэ ертөнцөд хөл нийлүүлж амьдрах нь тодорхой тул ухаалаг утас, зурагтын хэрэглээг миний зүгээс хэвийн зүйл гэж хүлээж авдаг. Мэдээж эрүүл мэндэд нь нөлөөлөхүйц их хугацаагаар бага насны хүүхдэд технологи хэрэглүүлэх нь буруу байлгүй яах вэ. Мөн нэмээд хэлэхэд хүүхдэдээ анхаарал тавихгүйгээр, хүүхдээ төвөгшөөсөндөө ямар ч хамаагүй контент үзүүлж, утсаа бариулаад суулгах бол хувиа хичээсэн, залхуу үйлдэл юм шүү, томчууд аа. Хүүхэд үзэж харж байгаа зүйлсээрээ орчлон хорвоог өөрийнхөө нүдээр таньж байгаа учраас аль болох чанартай, мэдлэг олгохуйц контентийг хамтдаа үзэж, хүүхдэдээ давхар тайлбарлаж явах нь чухал гэж хэлмээр байна.
ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Ер нь хэдий чинээ залуу насандаа гэр бүл зохионо, төдий чинээ залуусын амьдралын хэв маяг, ажлын карьерт өөрчлөлт ордог гэдэгтэй олон хүмүүс санал нийлэх байх. Хамгийн наад зах нь хүүхдээрээ хүүхэдтэй болчихсон хүмүүс чинь эцэг эхээсээ тусдаа гарах хэрэгтэй, тогтвортой ажилд орох шаардлагатай гээд төрөл бүрийн бэрхшээлүүд шил шилээ даран үүсэх нь тодорхой. Миний хувьд гэвэл, хувийн асуудлуудаа шийдсэнийхээ дараа гуч гараад хүүхэдтэй болсон учраас айхтар санхүүгийн дарамт, бэрхшээл бол үүсээгүй ээ. Хүүхэдтэй болсны дараа ч миний амьдрал ганц бие байхдаа ямар байсан тэр хэвээрээ үргэлжилж байгаа. Өөрчлөгдсөн зүйлс гэвэл илүү хариуцлагатай, гэр амьтай болсон байж магад. Мөн “Амьдралын утга учир бол тэр чигтээ хүүхэд” гэх мэт ухаарлын үгстэй би санал нийлдэггүй. Хүүхэдтэй байх мэдээж сайхан, гэхдээ миний амьдралын утга учир, аз жаргал зөвхөн хүүхэд биш шүү дээ. Хувь хүн гэдэг утгаараа би чинь хүүхэд, гэр бүлээс тусдаа зөвхөн өөрийн гэсэн амьдралын зорилготой байх ёстой. Энэ үзэл бодлоо ч охиндоо багаас нь ойлгуулахыг хичээдэг. “За, чи бид хоёр ялгаагүй бие хүмүүс. Би чамайг ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрлаж, чиний өмнө хариуцлага хүлээж, насанд хүртэл чинь асран халамжилна. Гэхдээ чи миний бүх зүйл биш. Чи бид хоёр өөр үзэл бодолтой, хоёр тусдаа ертөнц” гэж хэлж, ойлгуулж чадвал хэн хэнийхээ ирээдүйд хэрэгтэй.
ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦГИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?
Мэдээж яаралтай, гал унтраах хэрэгтэй болох үед эцэг эхээсээ тусламж авалгүй яах вэ. Гэхдээ аль болох охиноо өвөө, эмээгээр нь харуулахгүй байх гэсэн зарчимтай. Өвөө, эмээтэйгээ цагийг өнгөрүүлэх тусам охин маань тэр хоёр хүний амьдралыг үзэх үзэл, харах өнцгөөр хүмүүжиж, тэдний хуулбар болж өснө. Харин би энэ хүнийг яг л өөрийнхөөрөө өсгөмөөр байна. Ээж нь сүүлийн үед амралтын өдөр болгон охиноо авч байгаа болохоор тэр хугацаанд гадуур зохицуулах шаардлагатай ажлуудаа амжуулчихдаг.

ГАНЦ БИЕ ААВ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ?
Анх төрсөн цагаасаа л монгол гэрт амьдарч эхэлсэн хүн ус зөөж, гал түлж, модон жорлонд орохыг хүнд хүчир ажил биш, харин амьдралынхаа энгийн нэгэн хэсэг л гэж боддог шүү дээ. Түүнтэй ижил охиныгоо хэдхэн сартай байхад би хүмүүсийн нэрлэдгээр ганц бие аав болж, хүүхэд өсгөхтэй холбоотой бүх ажлыг дангаараа хариуцаж үлдсэн болохоор ганцаараа хүүхэд өсгөхийг “хэцүү” гэж тодорхойлохоос илүүтэй миний зайлшгүй хийх ажил, үүрэх ёстой хариуцлага гэж хүлээж авдаг. Охинтойгоо хоёулаа үлдсэн эхний хэдэн сар хамгийн хэцүү байсан байх. Бүрэн бүтэн байсан гэр бүл хоёр тийшээ болоход сэтгэл санаа хямарна, гутарна. Тэр сэтгэлзүйн хямралаа шийдсэний дараагаас хэцүү үе тохиогоогүй юм байна шүү. Би чинь бүтэн цагийн ажил эрхэлдэггүй, өөрөө цагийн хувиараа зохиодог учраас давуу талтай. Хүүхэд харах хүн олдвол гялс ажлаа амжуулна, олдохгүй байвал ажлаа дараагийн боломжит цаг руу хойшлуулчихдаг тул ганцаараа бүхнийг амжуулж байгаадаа уурлаж, бухимдаж байсан удаагүй ээ.
ЭЦГИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?
Эрүүл, саруул хорвоод мэндэлсэнд нь хамгийн их баярласан юм байна. Олон нийтийн сүлжээгээр өвчтэй, зовлонтой хүүхдийн хандивын постуудыг унших бүрд сэтгэл зүрх шимшрээд өөрт тийм үйл явдал тохиочихсон юм шиг хэцүү мэдрэмж төрдөг. Тийм ч болохоор тэр үү, үр хүүхэд маань сэргэлэн цовоо, тоглож наадаад явж байгаа мөч бүхэн тэр чигтээ баярлаж, бахархмаар үйл явдал шиг санагддаг.
ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?
Хүүхэд хэдэн настай ч байсан томчууд бидэнтэй ижил хувь хүмүүс. Томчууд бусадтай хэрхэн харилцаж, үзэл бодлоо солилцож, маргаан дэгдээж, нэг нэгнийхээ дотоод ертөнцийг хүндэлдэг шигээ хүүхэдтэй ч мөн адил эрх тэгш харилцах ёстой. Энэ бол миний охиноо өсгөхдөө баримталдаг хамгийн суурь, үндсэн зарчим.
Нэмээд амьдралын турш ямар ч хүнд, хэцүү үйл явдал тохиосон чамайг тосоод авах гэр бүл, асуудлыг чинь сонсох хэн нэгэн байгаа шүү гэдгийг хүүхдэд мэдрүүлэх бас их чухал юм шиг. Зарим хүмүүс нялх хүүхэд уйлахаар “Өө хүүхэд юм чинь уйлж л байг. Тоохгүй орхичихвол хэсэг харзнаж байгаад өөрөө уйлахаа больчихно” гэж хэлдэг шүү дээ. Хүүхэд томорсон ч эцэг эхийн энэ хандлага арилахгүй байвал хүүхдийн сэтгэлзүйд “Надад өөрөөс минь өөр хэн ч туслахгүй юм байна” гэдэг мэдрэмж үүсээд, хаалттай хүн болж өсдөг. Эсрэгээрээ уйлж байх үед нь ухасхийж очоод “За яасан, юу нь тухгүй байна? Яагаад уйлав? Сэтгэл санаа нь тавгүй байгаа юм уу?" гээд харилцан ярилцах тусам хүүхдэд дутуугийн комплекс бага үүсдэг гэсэн. Хүүхдээ бага гэлтгүй байнга тэвэрч, хайртайгаа илэрхийлж, сэтгэл санааных нь тавгүй байдлыг ойлгох гэж хичээж, өөрийг нь ямар ч нөхцөлд хайраар өлгийдөөд авах бүрэн бүтэн ар тал байгаа шүү гэдгийг мэдрүүлж байх ёстой гэж л дотроо байнга санаж явдаг даа.
ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?
Сэтгэлзүйн хувьд бага асуудалтай, өөртөө итгэлтэй хүн болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Бусдаар бол ямар мэргэжил сонгож, хэрхэн амьдрах нь түүний сонголт, миний оролцох асуудал биш.

Сэтгэгдэл бичих

