"How I Parent" булангийн шинэхэн дугаартаа цахим орчинд “Декрет авсан аав” нэрээр олны хайрыг хүртсэн Г.Амаржаргалын гэр бүлийг урилаа.
Г.Амаржаргал нь дунд хүүгээ асрахаар ажлаасаа чөлөө авах хугацаандаа "Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулахад чамгүй нөлөөтэй оролцсон юм.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцгүүд тэтгэмж авдаг болсон билээ. Ингээд хүүхдээ асрахаар чөлөө авсан ДХИС-ийн анхны аав Г.Амаржаргалын хайр бялхсан гэр бүлтэй хамтдаа танилцъя.
Нэр: Г.Амаржаргал
Байршил: Улаанбаатар
Ажил: Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн сургалтын арга зүйч
Ам бүл: 6
Сошиал хуудсууд: Amarjargal Gunsenchoimbol (Фэйсбүүк) amarjargal.mgl (Инстаграм)

Бидэнд гэр бүлээ товч танилцуулна уу? Гэр бүлийн үүргээ хэрхэн хуваарилдаг вэ?
Намайг Г.Амаржаргал гэдэг. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд сургалтын арга зүйчээр ажилладаг. Гэргийг маань С.Батчимэг гэдэг хуульч мэргэжилтэй. Бид дөрвөн сайхан хүүхэдтэй, ханилаад 17 жилийг үджээ. Том хүүг А.Халиунболд, удаах хүүг А.Очирхуяг гэдэг дунд сургуулийн сурагчид. Бага хүүг А.Эрдэмтөгс, бага охиныг А.Есөнсувд гэдэг цэцэрлэгийн багачууд.
Бид гэр бүлийн алив асуудлыг эхнэртэйгээ ярилцаж шийддэг. Хэн нэгэнд нь давуу эрх байна гэсэн ойлголт байхгүй. Заримдаа хоёр том хүүтэйгээ ярилцана, санаа бодлыг нь сонсоно. Гэр бүлийн харилцаа гэдэг харилцан ойлголцол, итгэлцэл юм. Тиймээс аливааг эвийн журмаар ярилцаж шийдвэрлэх ёстой гэж боддог.
Танай гэрийнхний өглөө, оройны дадлууд гэвэл?
Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг бүгд өглөө ордог учраас ажлын өдрүүд үүрийн 05:50 гээд эхэлнэ дээ. Эхнэр бид хоёр түрүүлж босоод хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлтгэх, багачуудын цэцэрлэгийн хувцсыг зэхэх зэргээр хийх ажлууд тодорхой. Оройтлоо гэхэд 20:00 цагт бүгд гэртээ цугларна. Оройн хоолоо идээд заримдаа өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай хүүхдүүдтэй ярилцана.
Харин амралтын өдөр аль болох гэр бүлээрээ хамт байхыг хичээдэг. Гэхдээ чадахгүй тохиолдлууд ч бий. Манай хоёр том дүү нартаа янз бүрийн дасгал хийлгэнэ, дуу, бүжиг заана. Хоёр дүү нь ч түүндээ нэн дуртай. Хүүхдүүдээ багаас нь дадал зуршилтай болгох зорилгоор зуршлын самбар хэрэгжүүлдэг.


Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхдээ ашигладаг сонирхолтой, арга техникээсээ хуваалцвал?
Хүүхдүүд маань юу хүсдэг вэ, ямар спортоор хичээллэмээр байна вэ, ямар хөгжим тоглож сурахыг хүсдэг бол, ер нь юу сонирхдог юм бол гээд л эцэг эхчүүд бидэнд бодох зүйл их бий. Энэ талаар хүүхдүүдээсээ асууна, ярилцана.
Бидний хувьд хүүхдүүдээ аль нэг спортын төрлөөр хичээллэдэг, хөгжмийн нот хараад тоглож чаддаг, өөрийгөө аль нэг хэлээр ярьж танилцуулаад, гаднын хүнтэй чөлөөтэй ярилцаж, ойлголцож сураасай гэж их хүсдэг. Тиймээс хөгжим, спорт, хэлний дугуйлан, сургалтад хамруулдаг.
Сүүлийн үед эхнэртэйгээ ярилцаад гэртээ халуун ам бүлээрээ цуглах үедээ тоглох хөгжилтэй тоглоомтой болъё гэж шийдсэн. Хамтдаа тоглонгоо хүүхдүүдээсээ асуулт асууж, санаа бодлоо солилцвол хэн хэндээ тустай. Нэг талдаа хүүхдүүд маань анх удаа хүүхэд болж амьдарч, нөгөө талд бид мөн анх удаа өсвөр насны хөвгүүд өсгөж байна шүү дээ.
Заримдаа ярилцахад нээлттэй хариулах нь хөөрхөн. Гэтэл заримдаа огт тоох шинжгүй, сонсоогүй мэт аяглана. Дараа нь яагаад, яасан юм бол гэж үргэлж бодно, мэдэхгүй, ойлгомжгүй зүйлс ч их гарна. Хэрхэн харилцаж, ойлголцох тухай судалж, суралцаад л явж байна.
Нэг удаа том хүүгийн төгөлдөр хуурын сургалт тарах үед Улсын их дэлгүүрийн номын дэлгүүр дагуулж оров. Хүүдээ гоё ном авч өгье гэхэд хүү за тэгье гээд нэг юм хайгаад л байсан. Би ч чимээгүй араас нь дагалаа.
Тэгсэн хүү маань “Астрономи” гээд танин мэдэхүйн ном заасан. Яагаад ийм нэг сонгосныг лавлаж хэсэг ярьж суусны дараа хүү маань одон орон, гараг эрхэс сонирхдог гэдгийг нь мэдэж байх жишээтэй. Хүүхдийнхээ юунд дуртай гэдгийг ч мэдээгүй гэж бодоход өөрөөсөө их ичсэн дээ.
Танай гэрийнхний дуртай хүүхдийн бүтээгдэхүүн, хүүхдийн гэр бүлийн контент?
Бага насны хүүхэдтэй айлууд тогтож үздэг цөөхөн нэвтрүүлэг, кинотой шүү дээ. Пороро, Маази, Кокомелон гээд л хүүхдийн кино, контентууд, гадаадын богино хэмжээний хүүхдийн контентуудыг их үздэг. Манайх гэр бүлийнхэн ч мөн адил. Хүүхдүүд сургууль цэцэрлэг эхлэхээр ханиад хүрэхээс эхлүүлээд өвдөх ихэсдэг тул жил бүр аньс, чацаргана, нэрс бэлддэг. Хүүхдүүд ч тун дуртай.


Хүүхэдтэй болсноор таны ажлын арга барил, үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Анх том хүү төрөхөд аав болсон мэдрэмжийг хэзээ ч мартагддаггүй. Тэр үед болсон бүх зүйлс одоо ч санаанд тодхон байна. Хүүхэдтэй боллоо, аав боллоо, айл гэрийн ноён нуруу боллоо гэж бодоход хариуцлага ирдэг юм билээ. Бага хүү төрөхөд, хөдөлмөрийн хуулиар хүүхэд асрах чөлөө авч, хүүгээ харах үедээ илүүтэй мэдэрсэн.
Өмнө нь хоёр хүүхэдтэй байсан ч энэ талаар төдийлөн боддоггүй байж, санаанд буухгүй байна. Бага хүүгээ хараад гэртээ байх үедээ аав хүн ямар байх ёстой, гэрийн ноён нуруу, хүний хань, хүүхдийн эцэг ямар байх ёстой юм бэ гэдгийг өөрөөсөө асууж, хариултыг нь олсон. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл шинээр мэдэх, суралцах зүйлс байсаар л байна.
Гэрлэлт гэдэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын нандин харилцаа учраас үүссэн бүхий л асуудлыг хоорондоо ярилцаж шийдэх учиртай. Эхнэр бид хоёр ярилцаад хүүгээ хоёр сар хүрэхэд би хүүхэд асрах чөлөө авч гэртээ хүүхдээ харсан. Тэгж шийдэхэд нөлөөлсөн ханьдаа үргэлж талархдаг.
Хэрэв энэ зүйл амьдралд минь тохиогоогүй бол урьдын адил эхнэр хүүхдээ харж үлдсэн бол би гэр бүлийн асуудлыг олж харж, оролцож, шийдэл гарцыг гаргахад одоогийнх шиг биш байх нь лавтай.
Гэр бүлтэйгээ хамтдаа байхыг илүү хичээж, үр хүүхдүүд маань хожим хойно аав, ээжийгээ дурсах нандин дурсамжтай үлдээсэй гэж их боддог. Үүнийгээ ч хэрэгжүүлэхийг хичээдэг залуу гэр бүл байна.
Эцэг эхийн хувиар бусдын туслалцааг хэр авдаг вэ?
Энэ асуултаар дамжуулан хадам аавыгаа дурсах сайхан боломж гарлаа. Манай хадам аавыг Ц.Сосоржав гэдэг. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж амьдарсаар 2018 онд тэнгэрт заларсан. Хадам ээжийг маань Д.Ариунчимэг гэдэг. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг.
Манай том хөвгүүд өвөө, эмээгийн амины хүүхдүүд дээ. Ой хүрээгүй байхдаа өвөө, эмээ дээрээ үлдэж, цэцэрлэгт орох нас хүртлээ хүмүүжсэн. Зун бүр өвөө, эмээгийндээ очно. Хадам аав маань хүүхдэд маш их хайртай.
Хүүхдүүдтэй тоглож, хамтдаа ногоо тарьж, услуулж, өөрсдөөр нь хураалгана, ууланд авирч, голд сэлэхийг зааж мартагдашгүй олон дурсамжийг бүтээсэн. Хамтын амьдралын эхний жилүүдэд хадам аав, ээж хоёр маань их тус болсныг мартах аргагүй.
Одоо хоёр том хүү маань дүү нараа анхаарч, халамжилж чадах насанд хүрсэн нь эхнэр бид хоёрт маш их дэмтэй байдаг. Мэдээж хэрэг ах, эгч, дүү нар үргэлж тусалж дэмждэг.


Ажилладаг аав байхын хамгийн хэцүү нь юу вэ?
Бүх л аавууд үр хүүхдийнхээ, гэр бүлийнхээ, хайртай ханийнхаа төлөө ажилладаг шүү дээ. 20 гаран настай байхдаа “Би ажил дээрээ байхдаа аз жаргалтай байдаг” гээд л бодлогогүй үгийг эхнэртээ хэлж явсан. Тэгж хэлсэндээ одоог хүртэл ичиж, харамсдаг. Энэ дашрамд ханиасаа дахин уучлалт хүсье.
Одоо аль болох ажлаа цагт нь дуусгаж, бусад цагийг амьдралдаа, үр хүүхдүүдтэйгээ, ханьтайгаа өнгөрүүлэхийг илүүд үздэг болсон. Мэдээж зайлшгүй үед илүү цагаар ажиллах хэрэг гарвал гэр бүлийнхэндээ хэлж, хамтдаа байх цагаасаа хороохгүйгээр шөнийн цагаар сууж амжуулахыг хичээдэг.
Эцэг эхийн хувиар хамгийн их баярлаж, бахархсан мөч?
Хүүхдүүддээ аав ээжийнхээ үр минь болж ирсэнд, амьдралыг олон өнгөтэй, аз жаргалтай болгосонд гээд цаг үргэлж баярлаж талархдаг. Тэдний анх хэлсэн үг, зурсан зураг, бүжсэн бүжиг, дуулсан дуу, анхны тэмцээн, анхны амжилт гээд бүхнээр бахархдаг. Нэгийг нь ч мартаагүй. Тод дурсамж шүү дээ.
Хүүхдүүдээ ямар хүн болоосой, ямар чанарыг өөриймшүүлээсэй гэж хүсдэг вэ?
Хүнийг гэсэн чин сэтгэлтэй хүн байгаасай, өөрийгөө бүтээж, чиглүүлдэг байгаасай. Аливааг хэлүүлэн байж хийдэг, сурдаг биш өөрөө хийе, суръя, мэдье гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаасай гэж хүсдэг дээ.



Сэтгэгдэл бичих

