Шинэ долоо хоногийн мэнд. Өнөөдрийн дугаартаа бид фэйсбүүк дэх "Hulegun Story" хуудсаараа дамжуулан эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө контент, хүүхдэд зориулсан ном, бүтээгдэхүүн зэргийг бэлтгэн гаргаж буй хоёр хүүгийн ээж Номинг урьлаа. АНУ-д эдийн засгийн чиглэлээр боловсрол эзэмшсэн тэрээр ээж болсноос хойш амьдралд нь гарсан өөрчлөлтүүд, энэ хугацаанд сурч мэдсэн зүйлсийнхээ тухай бидэнтэй илэн далангүй хуваалцсан юм

Нэр: Номин
Ажил: "Hulegun Story" хуудасны админ, "Банштай цай бол гэр бүл", "Бяцхан маама Улаанбаатараар аялсан нь" номын зохиогч
Ам бүл: 4
Сошиал хуудсууд: hulegunstory (Инстаграм), Hulegun Story - Хүлэгүн Стори (Фэйсбүүк), a.nominaа (Инстаграм)

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

Манайх Б.Санжаажавынх гэдэг айл. Ам бүл дөрвүүлээ. Нөхөр маань төрийн компанид ажилладаг. Намайг Номин гэдэг. Их сургуулиа төгссөнөөс хойш бага дүүгээ хараад үргэлжлүүлэн хүүхэдтэй болоод одоо долоон жил хүүхэд харах болон ээж, эзэгтэйн ажилдаа төвлөрч байна. Сүүлийн жилүүдэд өөрийн итгэл үнэмшил, сонирхлынхоо дагуу эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чиглэлийн зөвлөгөө мэдээлэл бүхий "Hulegun Story" хуудсыг ажиллуулахын хамт хүүхдийн ном, сонирхолтой бүтээгдэхүүнийг (мерчендайз) бэлтгэн гаргах болсон.

Том хүү Аригун маань таван настай. Бага хүү Хүлэгүн маань гурван настай.

ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?

Нөхөр маань эрт ажилтай болохоор биднээс түрүүлээд сэрдэг. Тийм болохоор бид аавынхаа үнсэлтээр өглөөг угтаад, ажилдаа гарахтай нь зэрэгцээд өдрөө эхлүүлнэ. Босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл бол бүлээн ус уух. Хөл хориогүй, энгийн үед бол хүүхдүүддээ өглөөний цайг нь уулгачхаад албанд нь хүргэж өгдөг. Үүний дараа хувьдаа хийх ажлаа амжуулж байгаад нөхөртэйгээ хамт өдрийн хоолоо иднэ. Ер нь долоо хоногт 3-4 удаа заавал хоёулхнаа өдрийн хоол идэж бие биедээ цаг гаргахыг хичээдэг. Ээж аав болцгоосон ч хосын амьдралаа орхигдуулахгүй явч явах нь их чухал санагддаг юм.

Оройдоо бол заавал гэр бүлээрээ хоолоо идэхийг хичээдэг. Энэ үед гэр бүлийн бүх гишүүд цуглахад нэлээд ач холбогдол өгнө. Зурагтаа унтраагаад, гар утсуудаа хол тавиад хоол идэх явцдаа бие биеэ бүрэн сонсож, өдрийнхөө тухай ярилцдаг. Унтахын өмнө ном уншиж, тоо бодож, үлгэр ярих дадалтай болцгоосон.

ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕХНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?

Энэ талаар анх нөхөртэйгээ ярьж байгаад нэг нь хатуу, нэг нь зөөлөн арга барилаар явъя гэж тохирч байсан юм. Миний хувьд хүүхдүүдийнхээ өмнө хатуу буюу шийдвэртээ бат зогсдог, хэлснээ заавал хийдэг байх үүрэгтэй бол нөхөр маань илүү буулт хийж, олон талыг харж, харьцуулах маягаар явдаг. Гэхдээ эцсийн шийдвэрээ хамтарч гаргаад, түүн дээрээ хамтдаа зогсож, нэг баг гэдгээ харуулан хүүхдүүдээ элдэв төөрөгдөлд оруулдаггүй. Гол нь л нэг шийдвэрийг олон талаас, олон өөр арга барилаар гаргадаг гэдгийг харуулахыг хичээдэг юм. Багаар ажиллах тухай өдөр тутмын амьдралаараа харуулаад явдаг гэх үү дээ.

Бас хүүхдүүддээ уйдах боломжийг нь олгодог. Учир нь хүүхэд уйдах үедээ бодож эхэлдэг гэлцдэг. Уйдаж сураагүй хүүхэд хүнээс хамааралтай, шаардлагагүй зүйлсэд ч байнга зөвшөөрөл авдаг, хажуудхаасаа зүүгдэж наалддаг, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрдөггүй, түүнийг хэрхэн хүлээж авахаа мэддэггүй болчихдог талтай санагдсан. Харин уйдсан хүүхэд тоглоомоо өөрөө олж, зохиож тоглодог. Дагаад бүтээлч сэтгэлгээ, биеэ даах чадварт суралцдаг. Тоглож дуусаад гэрийнхээ ажлыг ч түүргүй хийж сурдаг санагдсан. Ер нь л ганц уйдах гэлтгүй хүүхдүүддээ сэтгэл хөдлөлөө мэдрэх, ойлгох, түүнийгээ удирдах цаг өгөхийг бодно. Бэрхшээлтэй тал нь эцэг эхийн зүгээс тун их тэсвэр тэвчээр шаарддаг. Хоёр хүү болохоор хамтдаа байхдаа ч, тус тусдаа ч биеэ даагаад тоглож сурсан.

Мөн хүүхдийг багаас нь тусад оруулах тал дээр анхаардаг. Чадахгүй гэж гололгүйгээр чадах зүйлсийг нь даалгаад, хийж дуусах хүртэл нь хүлээдэг. Одоо том хүү маань бүх оймснуудаа өөрөө угаалгын машинаас гаргаад хатаагаад сурчихсан. Хоол хийхэд ч оролцох болсон байх жишээтэй. Хоол хийх тал дээр би бол хүүхдээ гурилаар тоглуулчихдаг. Болохгүй гээд холдуулаад л байхаар явцдаа аливаа ажлаас хол хөндий өсчих гээд байх шиг санагддаг юм л даа.

Тиймээс гэрийн ажлыг ч хөгжилтэйгээр хийж сургахын тулд, мөн бусад хүүхдүүдийг ч тийм байгаасай гэж хүссэндээ "Hulegun Story" дээрээ хүүхдийн хормогч, малгай гэх мэт бүтээгдэхүүнийг гаргасан. Түүнийг нь өмсгөөд гэр бүлээрээ банштай цай хийдэг. Ер нь гэр бүлээрээ банштай цай хийх нь олон талын ач холбогдолтой санагддаг. Нэгт хүүхдүүдээ ажилд сургана, гэр бүлээрээ цагийг яг л хамт өнгөрөөнө, багаар ажиллаж сурна, хамтын хөдөлмөрт дөртэй болно, монгол хоол, монгол ахуйн талаар ойлголт өгнө гэх мэт. Гурил элдэх нухах явцдаа гарын жижиг булчин нь хөгжинө, банш тоолуулж хөгжилтэйгээр тоонд сургана. Үүнийгээ бас "Банштай цай бол гэр бүл" зурагт ном болгон гаргасан. Эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч тун ам сайтай байдаг шүү. Хүүхдүүд нь амралтын өдөр болохоор л хормогч, малгайгаа өмсчихөөд банштай цай хийе гээд дууддаг болчихсон гэсэн сэтгэгдэл ирэхээр номын маань зорилго биелсэн санагддаг.

ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН/ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?

Хүүхдүүдээ арай бага байхад нь "Pampers" брэндийн живхийг сонгон хэрэглэдэг байснаас гадна аль болох органик хоол тоглоом хэрэглүүлэхийг боддог байсан. Модон тоглоом ч юм уу. "Honest" брэндийн бүтээгдэхүүнийг гэр ахуйн хэрэгцээндээ ашигладаг. Том болох тусам шат шатанд нь хэрэглэх дуртай зүйлс дагаад өөрчлөгддөг юм билээ. Одоо бол хөвгүүд маань паззл эвлүүлж, чадахгүй хэсгүүдээ аавтайгаа хамтран эвлүүлэх үнэхээр дуртай. "Netflix"-ийн "Magic School Bus", "Hello Ninja", "Story Bots", "Justin time" контентуудыг таашаан үздэг.

Ер нь утас, сошиал хэрэглээг нь ч хорьж цагдаад байдаггүй. Хэрэглэх зүйлээ хэрэглэх л ёстой, гагцхүү бидний зүгээс зохистой хэрэглээнд сургаж, цагаа үр дүнтэй өнгөрүүлж байгаа эсэхийг нь хянаж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөргүй байдлаар ашиглаж сургахад анхаарах нь зүйтэй. Нөгөө талаар хүүхэд хориглох тусам шунан дурладаг, нэг хэрэглэхээрээ хэдэн цагаар ч хамаагүй орчноос тасарчихдаг. Харин зөвшөөрөөд, хамт ашиглаад, бодитоор ойлгуулах тусам хязгаараа мэддэг, өөрийгөө удирдаж чаддаг болдог. Бусад давуу тал гэхэд л биднээс өөр ямар санхүү зардал гаргалгүй, маш зугаатай амар хялбараар хос хэлтэй болж өсөж байна, бас ахуйн болон бусад хүнд ойлголтуудын тухай энгийн байдлаар мэдлэг мэдээлэлтэй болж байна. Бага хүү маань гараа угаах ямар чухал болохыг, үүнийг байнгын дадал болгох тал дээр "Story Bots"-оор дамжуулж өөрөө ойлгож сурсан.

Багаас нь зөв зохистой зүйл үзүүлэх нь их чухал гэж үздэг. Үзвэр үйлчилгээний хэрэгцээг нь сайн хангахыг бодно. Тогтмол галлерей орж, бас "Creative Bamboo", "Tree family kids", "Цөмөөхэй" зэрэг дотоодын хүүхдийн эвэнтүүдэд жил бүр гэр бүлээрээ цаг гаргаж байгаад, хамрагдахыг хичээдэг. Хүүхүүддээ аль болох хүүхэд насны болон гэр бүлийн дурсамжийг бүтээхийг хүсдэг.

Бас зуны сайхан цагаар хамт автобусаар явж, хоттой, бусад хүмүүсийн амьдралтай, өөр орчинтой танилцуулж, ажиглуулдаг. Мөн эмээ өвөө, ах дүү нарынхаа гэрт зочлуулан, найз нөхдийнхөө хүүхдүүдтэй тоглуулж найзлуулахыг хичээнэ.

ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Бэлэн болсон хойноо ээж аав болно гэхээсээ хүүхэд ээж аавыгаа бэлэн болгож, хүмүүжүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Бид төгс биш шүү дээ. Хүүхдээ дагаж өсөөд, хүүхдээ дагаж л том болдог юм билээ. Би ээж болохоор миний үг зөв гэдэг хандлагыг ч өөрөөсөө ангид байлгахыг хичээж байгаа.

Бас нөхөр бид хоёрын хувьд өмнө нь олсноо яаж үрэх үү л гэж боддог байсан нь одоо бол яаж илүү олох уу, олсноо хэрхэн зөв хуваарилах уу гэж боддог болж өөрчлөгдсөн. Ер нь хүүхэд эцэг эхдээ бие махбод болон сэтгэлзүйн их ачаалал болж ирдэг. Гэхдээ энэ нь ээж аавыгаа урагш түлхэж, өөдөө татдаг, хүчтэй болгодог ачаалал. Би өөрийгөө хэзээ ч ийм их ачаалал даах чадвартай гэж бодож байсангүй. Төсөөлж байснаасаа ч хүчтэй юм байна гэдгээ хүүхэдтэй болоод л ойлгосон доо. Үр дүнд нь өмнө нь хүсээд ч зориглодоггүй байсан зүйлс бүгд сэтгэлд багтахаар хэмжээний зоригтой болсон байна. Түүнийхээ ачаар зорьсон зорилгуудаа эхнээс нь биелүүлэн, ном бичиж, интерьер дизайнаар сурахын хажуугаар ажиллаж байгаа.

Бас нийгмээ, хүрээлэн буй орчноо том зургаар хардаг болсон. Утаатай бол маск зүүгээд л, бартаатай байвал тойроод л явчихдаг байсан би энэ чинь миний хүүхдийн амьсгалах агаар, миний хүүхдийн амьдрах нийгэм гэж хараад бүх зүйлсийг засаж сайжруулах, нөлөөлөх тухай эрхгүй бодож эхэлдэг юм билээ. Би төвтэй байхаа больсон гэх юм уу. Тэгэхээр эмэгтэй хүн ээж болохоор хүүхдээрээ дамжуулан бүх л ертөнцийг хайрлаж сурдаг бололтой.

Ээж хүний хувьд ерөөс өвдөх эрхгүй болсон юм шиг санагддаг болсон болохоор өөрийнхөө, гэр бүлийнхээ эрүүл мэндэд илүү анхаардаг болсон. Хүүхэд өсгөхийн сацуу тогтсон цагтай, албаны ажил хийдэг ээжүүдээрээ хэчнээн их бахархдаг гээч. Ер нь хүн ам багатай манай улс өнөр өтгөн болъё гэвэл гэр бүлтэй, хүүхэдтэй ажилтнуудаа ойлгодог, дэмждэг, амьдралыг нь хүндэтгэдэг байх хэрэгтэй болов уу.


ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?

Нөхөр маань сурч байсан болохоор манай гэр бүл том хүүгээ ой гартал нь АНУ-д амьдарсан юм л даа. Тэнд гэр бүлээрээ амьдарсных нэг соёлыг нь сурч авсан. Энэ нь амралтынхаа өдрөөр хүүхдээ аав нь харж, ээжийг нь амраадаг соёл. Амралтын өдрөөр цэцэрлэгт хүрээлэнд ороход хүүхдээ аавууд нь л авч явж байдаг. Үүнийг гэр бүлдээ яг хэрэгжүүлсэн. Нөгөө талаар аавуудад хүүхдийн сайхныг ойлгуулж, ар талыг нь авч явж буй эхнэрээ ойлгож, баярлаж талархах, эргээд гэр бүлийн харилцаа тогтвортой байх үндэс болдог юм билээ. Тиймээс амралтын өдрөөр амарч чаддаг.

Нөхөр маань ч хүүхдүүдээ бага байх үед ажлаас бусад бүх цагтаа миний дэргэд байх ёстойгоо ухамсраараа ойлгож, үүргээ хэлүүлэлтгүй гүйцэтгэдэг байсанд их талархдаг. Ер нь тун саяхнаас л ажлынхантайгаа заал авдаг болж байгаа. Аавын үүргээ огт түүртэхгүй, барьцалгүй мэдрээд хийдэгт нь маш их баярладаг шүү.

Бусдын туслалцаа гэвэл нэн шаардлагатай үед ээж аав болон оюутан дүү нараасаа туслалцаа авдаг. Тиймээс гэр бүл болон цэцэрлэгийн багш нартаа их баярладаг. Хүүхэд өсгөх тал дээр "It takes a village to raise a child" гэдэг үг байдаг шиг нэг хүүхдийг өсгөхөд тэр аяараа оролцдог. Хүүхдийг зөвхөн гэр бүлийнхэн нь л өсгөдөггүй, олон хүн оролцдог. Ангийнх нь хүүхэд, тэдний ээж аав, орчин тойронд нь байгаа бүх л хүн, гудамжинд алхах хүмүүс гээд л бүгд хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг.

АЖИЛЛАДАГ, СУРДАГ ЭЭЖ, ААВ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ?

Намайг бүх цагаа хүүхдүүддээ зориулах боломжийг бүрдүүлж өгсөн нөхөртөө, гэр бүлдээ их баярладаг. Манай гэрийн хувьд асрагч хөлсөлье гэвэл цалингийнхаа 70-80 хувийг зарцуулах учир хүүхдүүдээ цэцэрлэгт ортол нь өөрөө харсан маань хүүхдийн эрүүл мэнд болон төлөвшлийн хувьд сайн хэрэг болсон. Миний хувьд гэвэл өмнө нь өөрийгөө олон жилээр бүтэн цагийн гэрийн эзэгтэй болно гэж төсөөлж байсангүй. Үүнийгээ эергээр үзэж, баяртайгаар хийдэг болох нь өөрөө сорилт байсан. Одоо бол хэзээ ч дуусахгүй гэрийн ажилдаа түүртэхгүйг хичээж, хүүхдүүд маань бага байгаа энэ үнэтэй цаг мөчийг ямар нэг харамсалгүйгээр өнгөрүүлж, эзэгтэйн үүргийг баяртайгаар биелүүлж байгаа.

Нөхөр бид хоёрын хувьд одоо хүүхдүүддээ цаг гаргах нь бүү хэл, өөртөө ч цаг гаргах асуудалтай байдаг ч аль болох ажил амьдралаа хослуулан авч явж, бие биедээ сайн эхнэр нөхөр байхыг хичээж байна даа.

ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?

Бусадтай гоё эелдэг харьцах болон өдөр бүр аав ээждээ хайртайгаа илэрхийлэхэд нь их баярладаг. Намайг "Ядарч байна" гэхээр ирж нуруу илээд, хөл барьж өгдөг юм. Мэдээж тэр нь хэдхэн минут л даа гэхдээ л намайг ойлгож, мэдрэмжийг минь хуваалцаж байна, өөрийнхөөрөө туслах гэж хичээж байна гэдэг нь ихэд баярлуулдаг.

ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?

Энэ асуултад Барууны орны хүүхэд өсгөх хандлагаас санал нийлдэг нэг, санал нийлдэггүй нэг зүйлээ хэлмээр байна.

Санал нийлдэг нь гэвэл Барууны орнуудад хүүхдийг бие даасан хүн гэж авч үздэг болохоор битгий бусадтай харьцуулаарай гэх хандлагатай байдаг шүү дээ. Жишээ нь, шүд ургалт, хэлд болон хөлд орох үеийг бусдын хүүхэдтэй жишихгүй байхыг, хүүхэд өсөх үйл явц бол уралдаан биш, хүн бүр өөр гэдгийг ойлгуулан уриалдаг. Тиймээс би судалж байгаад "Baby center" app-аас ирүүлдэг имэйлээс багагүй мэдээлэл авдаг болсон. Ийм үзэл баримттайгаар явуулж буй имэйлүүдэд нь хүүхэд тань энэ насанд очсон бол тэр зүйл дээр нь анхаарч эхлэх цаг болж байна шүү гэсэн агуулга багтдаг нь их амар, итгэж болохуйц санагдсан. Бас хүүхдийн хүмүүжлийн талаар номоос болон интернэтээс олон төрлийн мэдээлэл уншихыг хичээдэг.

Санал нийлдэггүй гэвэл хатуу үг хэлэлгүй бүхнийг тайлбарлах ёстой гэдэгтэй зарим талаар санал зөрдөг. Ийм аргаар өсгөсний үр дүнд тэдгээр хүүхдүүд том болоод үг даадаггүй, тодорхой хэмжээний ажлын дарамт авч чаддаггүй, багахан зүйлд гутардаг болчихдог тухай олон хүмүүс хэлдэг. Үнэхээр ч амьдрал хүнд ээж аав шиг нь зөөлөн хандахгүй нь ойлгомжтой. Тиймээс шаардлагатай үед хүүхдэдээ хатуу хандах, жинтэй үг хэлэх ёстой гэж үздэг. Сэтгэлзүйн эрүүл мэнд чухлаар яригдах болсон энэ үед хүүхдээ багаас нь сэтгэлзүйн дархлаатай, хатуужилтай болгох нь эцэг эхийн нэг чухал үүрэг.

Мөн монгол хүмүүжил, ёс заншлыг ойлгуулахын тулд зүйр цэцэн үгсээс их санаа авч байгаа. Жишээ нь "Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл" гэдэг үгээр бусадтай хүндэтгэлтэй харьцахад сургахыг хичээж байна.

ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Дэргэдээсээ аз жаргалыг мэдэрч чаддаг, энгийн зүйлд баярлаж чаддаг бүх талаараа эрүүл бие, сэтгэлзүйг цогцлоосон хүмүүс болоосой гэж хүсдэг. Ийм байж чадвал мөнгө бол цаг хугацаа болон хөдөлмөрийн л асуудал гэдгийг ойлгох байх.

Гэр бүл сайхан байж л сайн иргэн бий болно гэж боддог. Тиймээс миний үүрэг бол хүүхдүүдээ сайн иргэн болгон хүмүүжүүлж хүний итгэлийг даадаг, найдаж болдог, даваа сорилтуудад өөрийгөө алддаггүй нэг үгээр жинхэнэ жентлмэнүүдийг өсгөх сөн гэж зорьдог.