Хос бүр өөр өөрийн гэсэн түүх, сэтгэл хөдөлгөм романстай байдаг. Гэвч түүний дотроос гэрлэх саналаа үзэгчдийн өмнө тавьж, алдарт “Ромео, Жульетта” жүжгийн үеэр Валентины баяраа тэмдэглэж, улсын их наадмын үеэр хуримаа хийсэн хос өнөөдрийн зочдоос өөр байхгүй л болов уу. Цэрэндагва, Мэндбаяр хоёр, Жаргалсайхан, Урнаа хоёр гээд олонд хүндлэгдсэн театрын сайхан хосуудын үргэлжлэл болж, УДЭТ-т гэр бүлээрээ ажиллаж яваа Г.Алтангэрэл, Г.Номуун нарын гэр бүл өдгөө гурван хүүтэй өнөр бүл болжээ. Завсарлаж болдоггүй урлагийн карьераа амжилттай авч явахын сацуу гурван хүүгийн ээжийн амаргүй үүргийг нугалж яваа Г.Номууны хүүхэд хүмүүжүүлэх арга барилтай нь танилцъя.

Нэр: Г.Номуун
Ажил: УДЭТ-ын жүжигчин
Ам бүл: 5
Сошиал хуудсууд: Aagii&Nomuun (Фэйсбүүк), Nomuun Gantumur (Фэйсбүүк), nomuun.gantumur (Инстаграм)



БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

Сайн байцгаана уу? Намайг Г.Номуун гэдэг. УДЭТ-ын жүжигчин. Нөхрийг маань Г.Алтангэрэл гэдэг, мөн УДЭТ-ын жүжигчин. Бид хоёул СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд, хамтдаа УДЭТ-д ажилладаг болоод долоон жил болж байна. Намайг анх СУИС-д орж байхад нөхөр маань төгсөх курс байсан юм. “Ах нь чамайг авч сууна аа” гэж байгаад л суучихсан даа (инээв).

Одоо бид хоёр гурван сайхан хүүтэй, ам бүл тавуулаа. Том хүү маань таван настай, дунд хүү гурван настай, бага хүү долоон сартай. Дархан бэр болоод удаагүй л байна. Нөхөр бид хоёрын хувьд нэг газар ажилладаг, ажил амьдралын хуваарь бүгд нэг болохоор бүх л ажлаа хувааж аваад хийдэг. Гурван хүүтэй болохоор гэр байнга л чимээ шуугиантай байдаг юм. Дуу дуугаа авалцаад их сахилгагүйтнэ, аав нь бас нэмэгдчихнэ. Хааяа нөхрийгөө яаж ингэж яг хүүхэд шиг болж чаддаг юм бол гэж боддог шүү. Заримдаа дөрвөн хүүтэй юм шиг л санагддаг.

ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?

Манай гэрийн өглөө ихэнхдээ зургаан цагаас эхэлдэг. Гэрийн хамгийн том соёл гэх үү, дүрэм гэх үү, баримталдаг зарчим бол өглөөний цайг заавал уух явдал. Ямар ч ажилтай, яаруу байлаа гээд өглөөний цайгаа огт алгасадаггүй. Үүнийгээ ч хөвгүүдийнхээ байнгын хэвшил болгоно гэж боддог. Өглөөний цайгаа хамтдаа уусны дараа хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явна. Харин орой эрт тараад, өөрсдөө хамт байгаа үедээ хөвгүүдээ 22 цаг гэхэд оронд нь оруулдаг. Урлагийн хүмүүс болохоор баяр ёслол, жүжигтэй, жүжгийн бэлтгэлтэй үе, зураг авалттай үе гээд шөнөөр ажиллах тохиолдол олонтоо. Тиймээс өөрсдөө байгаа үедээ гэж тодотгож байгаа юм шүү. Урлагийн гэр бүлийн онцлог гэх үү дээ.



ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕКНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?

Хүүхэд хүмүүжүүлэх хамгийн гол арга нь тэднийг ойлгох, ойлгох гэж хичээж, хайрлаж байгаагаа харуулах явдал гэж боддог. Үүний илрэл нь ярилцах. Мэдээж хүүхдүүдээ загинах, зэмлэх үе гарна. Гэхдээ тэр бүрийн араас заавал тусгайлан цаг гаргаж, тухайн үед юу болсон, яагаад тэгсэн гээд хүүхэдтэйгээ өөрийнх нь түвшинд ярилцаж, үзэл бодлыг нь сонсдог.

Бас гурван хүүдээ тэнцвэргүй хандчих вий гэдгээс болгоомжилдог. Хүмүүс том хүүхдэдээ дүү нараас нь болоод насанд нь ихэдсэн хэт их хариуцлага үүрүүлчихдэг гэсэн шүү, том бага хоёр гэж байгаад дунд хүүхдээ орхигдуулах тохиолдол байдаг шүү, бага хүүхдийг хэт бөөцийлөх хандлага гаргах вий гэж болгоомжилж юун дээр ч хүүхдүүдийнхээ нүдээр өөрсдийгөө харж, тэдэндээ адил тэгш хандахыг хичээдэг.

Мөн бид хоёул хүүхдүүдээ багаас нь монгол ахуйтай танилцуулж, үндэсний дархлаатай, монгол хүн болгож өсгөх хэрэгтэй гэдэг дээр санал нэгддэг. Тиймдээ ч зун ямар ч ажилтай байсан нэг сарыг чөлөөлж, хүүхдүүдээ аваад сүлжээгүй, хөдөө малчин айлд байдаг. Энэ үеэр хонинд хамт явж, тарвага, зурам зэрэг амьтантай танилцуулж, адуун соёлыг зааж өгнө. Эмээлийг тоноглолоор нь нэрлээд ялгачихдаг, цагаан идээгээ хэрэглэдэг, яаж хийдэг тухай суурь ойлголттой, өдрөөс өдөрт цөөрч буй нүүдэлчин соёлоо хайрладаг, өөрийн эх орон, гарал угсаагаа чин сэтгэлээсээ хүндэлдэг тийм л иргэд болгохыг хүсдэг дээ.

ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН/ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?

Нас насаараа өөрчлөгдөөд явдаг юм байна лээ. Бага маань "Пороро", дунд хүү маань "Атлон", том хүү маань "Шидтэнүүдийн клуб" үздэг. Нэмээд нөхөр бид хоёр аль болох дээр үеийн, хүмүүжлийн ач холбогдолтой "Бэмби" гэх мэт хүүхэлдэйн кинонуудыг үзүүлж, унтахад нь үлгэр уншиж, ярьж өгдөг юм. Хүүхдүүд маань "Цуутын цагаагч гүү"-г цээжээр ярьчихна шүү.



ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Ганц бие Номууны хувьд зөвхөн карьер л чухал байсан бол хүнтэй сууж, айлын эзэгтэй болсноор бүх л мөрөөдөл хүслээ нөхөртэйгөө хуваалцаж, хамтдаа гэдэг сэтгэлгээтэй болж эхэлсэн гэж боддог. Бид хоёрын давуу тал нь нэг мэргэжилтэй, нэг хамт олонтой шүү дээ. Удалгүй бид хүүхэдтэй болсон. Биеэсээ бие төрүүлж, эх хүн болсоны дараа хүний үзэл бодол, хандлага бүх талаараа өөрчлөгдөөд эхэлдэг юм байна лээ. Одоо бол миний хувьд ажлаа сайн хийх нь, сайн хүн байх нь, сайн уран бүтээлч болох нь өөрийнхөө төлөө гэхээс гадна хүүхдүүдийнхээ бахархалт ээж, үлгэр жишээ нь байх юм шүү гэдэг хариуцлага болж хувирсан. Тиймдээ ч би бүх л ажлыг амжуулж, гэр бүлээ ч, өөрийгөө ч алдалгүй авч явахад анхааран, эхний хоёр хүүхдээ төрүүлээд нэг сарын дараа л ажилдаа орж байлаа.

ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?

Бидний мэргэжил цаг наргүй ажилладагаас гадна байнгын идэвхтэй байхыг шаарддаг болохоор аав ээжүүд, хамаатан садан, ойр дотнынхны туслалцааг байнга авдаг. Ер нь төрөөд удаагүй бүсгүй хүнийг нөхөр болон гэр бүл нь л маш сайн ойлгож, туслан, хайрлаж халамжлах хэрэгтэй юм байна лээ. Амьдрал заавартайгаа ирдэггүй гэдэг шүү дээ. Анхны хүүхэд төрөхөд мэдээж бүх л гэр бүл хэсэгтээ учраа олохгүй сандарч, ядрах үе гардаг. Аз болж намайг миний нөхөр, хоёр талын ээж аав, гэр бүлүүд маань маш их хайрлаж, халамжилдаг байсан болохоор хүүхдүүдийнхээ нялх үеийг торох юмгүй даваад гарсан. Хүмүүс итгэх болов уу, яах бол… Би төрсөний дараах сэтгэл гутралыг мэдрээгүй өдийг хүрсэн. Шөнө хэд хэд сэрээд нойргүй хоноход “Миний хайр жаахан унтчих, би хүүгээ аваад салхилуулаад ирье” гэдэг нөхөртэй, ажил ид ихсэх үеэр “Миний охин ажилдаа яв, аав ээж хоёр нь хүүг нь харж байя” гэдэг гэр бүлтэй байхад юундаа гутрах вэ дээ. Иймээс төрөөд удаагүй ээжүүдийг эргэн тойрныхон нь жаахан л илүү анхаарахад төрсөний дараах сэтгэл гутралаас үүдэн гарах болсон олон харамсмаар үр дагавруудаас сэргийлэх юм. Миний хувьд цаашдаа үүний дуу хоолой болж, шинэ эхчүүдийг дэмжиж явахыг хүсдэг.

Амрах тухайд гэвэл гэр бүлээрээ агаарт гарах, бас тавуулаа зэрэгцэж хэвтээд кино үзэх нь хамгийн гоё амралт болдог доо. Миний хувьд амралт бол агаар ба гэр бүл.



АЖИЛЛАДАГ, СУРДАГ ЭЭЖ, ААВ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ ЮУ ВЭ?

Мэдээж хүүхэд харах найдвартай хүн олох явдал. Эмэгтэйчүүдийн хувьд ид хөдөлмөрлөх нас нь хүүхэд төрүүлж, гэр бүлдээ анхаарал хандуулах үетэй нь яг давхацдаг шиг. Тиймээс залуу ээж, залуу гэр бүлүүдээ дэмжсэн хүүхэд харах, нялх хүүхэд асрах зэрэг ажлуудыг хийвэл хөдөлмөрийн насны иргэдээ бүрэн дүүрэн ажиллуулж, эдийн засгаа идэвхтэй байлгахад дөхөмтэй болох юм шиг санагддаг. Одоогоор бол залуу гэр бүлүүд амьдралаа авч явахын тулд ээж аав, хамаатан саднаасаа л гуйх болж байна шүү дээ.

Нөгөө талаас, би ийм байна гомдоллоод суухыг хүсдэггүй ээ. Залуу байгаагийн хэрэг юу билээ, ямар ч үед бүгдийг нь зохицуулаад, амжуулж чаддаг л байх ёстой гэж боддог. Нөхөр маань ч адилхан. Тиймээс бид хоёр өөрсдөдөө маш өндөр шаардлага тавьдаг. Жүжгийн бэлтгэлийн үеэр хоёр цагийн завсарлага гарсан ч биеийн амрыг харж үлдэлгүй, хөтлөлцөөд шууд л хүүхдүүд рүүгээ гүйнэ. Зарим жүжигчид маань дөнгөж тайзнаас бууж байхад, бид хоёр аль хэдийн хувцсаа солиод гарч байх жишээтэй. Театрынхан маань бид хоёрыг “Яаж ийм хурдан байна аа”, “Яаж амжуулаад байна”, “Ядрахгүй байна уу” гэлцдэг л юм. Гэхдээ нөхөр бид хоёрт нэг зарчим байдаг. Тэр нь бидний гэр бүл гэдэг нь, гурван хүүхэдтэй гэдэг нь ажлаа тасалдуулах шалтаг, асуудлаас авч гарах бамбай байж болохгүй гэдэг зарчим. Хүсээд хийж байгаа ажил, зориод босгосон гэр бүл. Аль алиныг нь өөрсдийн сонголтоор хийсэн болохоор ард нь гомдоллож суух эрх байхгүй. Бүгдийг амжуулж, хажуугаар нь өөрийгөө ч хаяхгүй, үргэлж хөгжүүлж байхыг хичээдэг.

ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?

Хүүхдүүд маань зүгээр л бидэнд ирсэн нь, зүгээр өөрөөрөө байгаа нь л тэр чигээрээ бахархал юм шиг ээ. Бидний хүүхэд болж төрсөн нь, намайг хайрлаж байгаад нь, надаар хайрлуулж байгаад нь л хангалттай баярлаж явдаг. Бид хүүхдүүдээ төлөвлөж байгаагүй л дээ, хүүхэд ээж аавдаа ирэх цагтаа л ирдэг гэдэгт итгэдэг болохоор яг л тэр цаг үеийг сонгоод ирсэн нь үгээр илэрхийлшгүй сайхан хэрэг шүү дээ.

Ээж аавын хувьд хүүхдүүдээ бие биедээ туслахад нь, дүү нь ахыгаа бусдаас өмөөрч ямар нэг үйлдэл хийхэд нь, ах нь дүүгийнхээ хувцсыг эвхэж өгөх гэх мэт жижигхэн зүйлс дээр хүүхдүүд маань нэгнээ гэсэн сэтгэлтэй, хүнд хайртай, амь нэг болж өсөж байгааг харах үнэхээр сайхан байдаг.

Нэг удаа том хүү маань сумын төвийн жижигхэн дэлгүүрийн гялгар самбартай хаягийг харчихаад “Ээж ээ, би чамд ийм палааж авч өгнө өө. Бас охидуудын өмсөөд байдаг өндөр гутал авч өгнө. Тэгээд чи тэрийг өмсөөд гүнж болоорой за” гэж байсан юм. Тэгэхэд ёстой нисэх шиг болж байсан. Хүүхдэдээ хайрлуулах шиг жаргал эх хүнд байдаггүй юм билээ.

ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?

Зурагтаар нэг сэтгэлзүйч “Хүүхдийг хүүхэд гэж басалгүйгээр, чин сэтгэлээсээ ярилцаж, сонсох хэрэгтэй” гэж ярьж байхыг сонссон юм. Тэр үгийг сонсоод нөхөртэйгөө “За хоёулаа үүнийг л маш сайн хэрэгжүүлье” гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдтэйгээ цагийг чанартайгаар өнгөрүүлэхэд их анхаардаг.

Мөн туршлагаасаа, ойрхон төрөхийн давуу тал нь хүүхдүүд нь эрт биеэ даадаг, нийтэч болдог юм байна даа гэж дүгнэсэн. Жишээ нь, том хүү маань ангийнхаа айлын ганц чацуутнуудтай харьцуулахад олны дунд биеэ авч яваа байдал нь том хүн шиг л байдаг. Булааж, булаалгаж сурсан, дүүгийн арга эвийг олж, хүлээцтэй байж, зөнгөөрөө дүү нараа халамжлаад явдаг нь хүүхдийг алхам тутамд нь төлөвшүүлж байдаг юм байна гэж боддог.



ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Манайх чинь дан хөвгүүд шүү дээ. Тийм ч учраас би хүүхдүүдээ эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг хүн болоосой гэж хүсдэг. Энд зөвхөн эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх тухай яриад байгаа юм шиг боловч угтаа үүгээр дамжуулаад өөрөөсөө хүч дорой нэгнийг хамгаалах, хүнийг ойлгох, өнгөрөөх зэрэг сайн хүний, сайн эр хүний суурь хандлагуудыг давхар бий болгодог болов уу.