Нэгэн илэрхийлэл болсон "Би хүүхдээ ингэж өсгөдөг" булангийн маань шинэ жилийн тусгай дугаарт тавтай морил. Энэ оны хавар сайтынхаа нээлтээ хийснээс хойш бид уг булангаараа дамжуулан нийт 16 аав ээжийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг арга барилаас та бүхэнтэй хуваалцсан байна. Эцэг эх болох, хүүхдээ хүмүүжүүлэх их үйлсэд мэдээллийн нэгэн шинэ суваг,  тогтвортой бөгөөд бүтээлч эх сурвалж байхыг эрмэлзсэн нь бага боловч биеллээ олсон гэж найдна.
Шинэ оны тусгай дугаартаа бид булангийн өмнөх зочдоосоо ирэх оны гэр бүлийнх нь төлөвлөгөөний тухай асуусан юм. Хүлээн авна уу.

Сайн байна уу, "Хөдөөний айл"-ын хоёр байна

1. Ирэх жил хүүхдээ юуг шинээр сураасай гэж хүсэж байна вэ?

Бид ирэх жил хүүхдүүдээ байгальтайгаа илүү сайн танилцаж, эх дэлхийгээ чин сэтгэлээсээ хайрладаг болоосой гэж хүсэж байгаа. Манай гэр бүл суманд амьдардаг тул энэ хүслээ биелүүлэх боломж харьцангуй ихтэй. Гэр бүлээрээ сумын хажуу дахь ойдоо байнга салхилж, чаргаар гулгадаг.

2. Үүний тулд та эцэг/эхийн хувиар хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

Үүний тулд хүүхдүүдтэйгээ байгальд ойр ойрхон гарч, жижиг гэлтгүй бүх зүйлстэй танилцуулж, тайлбарлаж өгч, улмаар байгальд биеэ дааж авч явах чадварыг бага багаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Одооноос хамтдаа ойд ургадаг, идэж болох, болохгүй ургамал, жимс жимсгэний тухай номоос уншиж, танилцаж эхлээд байна. Урин дулаан цаг болохоор ойлгож мэдсэнээ байгаль дээр туршиж, ялгаж үзнэ гээд их л баяртай байгаа. Мөн том хүү маань ирэх жил сургуульд орно. Удахгүй төрсөн өдөр нь болох юм. Төрсөн өдрөөрөө аавтайгаа хамт анх удаа өвлийн ойд хонож үзэхээр бэлдэж байна. Цай чанах, гал түлэх, ойд алхах, цастайд майхнаа барих гээд аавынхаа чаддаг зүйлсээс суралцана, бас тэвчээртэй болно гээд л их ач холбогдолтой бэлэг гэж бодож байгаа шүү.

3. Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд гэр бүлээрээ хийхээр төлөвлөсөн зүйл?

2020 онд бид гэр бүлээрээ эх орноороо тойрон аялах мөрөөдлөө эхлүүлсэн юм. Тиймээс энэ зун хүүхдүүдийнхээ очиж байгаагүй таван аймгаар аялсан. Ирэх онд ч энэ мөрөөдлөө үргэлжлүүлж Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж байна.

Бүрэн ярилцлага: "Хөдөөний айл"-ын хоёр байна, бид хүүхдээ ингэж өсгөдөг

3 хүүгийн ээж А.Уянга

1. Ирэх жил хүүхдээ юуг шинээр сураасай гэж хүсэж байна вэ?

Хүүхдүүдээ урлаг, спортын аль нэг төрөл болон шатарт мэргэжлийн биш ч сонирхогчийн шатанд сонирхон дурладаг байгаасай гэж хүсдэг. Том хүү маань ирэх жил дөрвөн нас хүрэх болохоор шатрын дугуйланд явуулахаар төлөвлөсөн байгаа. Харин дунд хүү маань одоо л хэлд орж байгаа тул үсэг, тоо, өнгө гээд наад захын мэдэгдэхүүнийг сургах бодолтой байна. Мөн хэлд орохтой зэрэгцэн гурван нас хүрэх тул бие даан хоолоо идэж, хувцсаа өмсөж, тайлдаг, тоглоомоо хураадаг дадалд сургах төлөвлөгөөтэй байна. Бага бид хоёрын хувьд бол бор хоолонд орох том ажил бий.

2. Үүний тулд та эцэг/эхийн хувиар хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

Хамгийн гол нь хүүхдийнхээ сонирхлыг татаж байж үр дүнд хүрнэ гэж боддог. Жишээ нь, бид хүүхдүүддээ шатар тоглохыг заах гэлгүй эхлээд өөрсдөө тоглож харуулсан. Тэгэж байтал том хүү маань харж сонирхсоор өөрөө өрөөд сурчихсан шүү. Тэгэхээр сургахыг хүсэж байгаа зүйлсээ өөрсдөө эхлээд харуулж, үлгэрлээд явна даа. Дунд хүүгийн хувьд гэвэл агаагаа дагаж их юм сурдаг. Агаатай нь тоглонгоо дүрс, өнгөө ярилцахад л хажуунаас харж байгаад нэлээд хэдийг нь сурчих юм шиг байна.

3. Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд гэр бүлээрээ хийхээр төлөвлөсөн зүйл?


Гадагшаа аялахыг хүсэж байна. Том хоёр маань овоо ухаан орж байгаа тул одооноос дэлхийтэй танилцуулах хүсэлтэй болсон. Монголд байдаггүй, дэлхийн гайхамшгуудыг хөвгүүддээ үзүүлж оюуныг нь тэлмээр байгаа. Цаашид олон асуудалтай тулж, хүний хань, хүүхдүүддээ үлгэрлэх эцэг хүн болох тул багаас нь л сэтгэлийн хат сайн суулгаж, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх гэж их хичээдэг. Зөв хүн болоод өсчихвөл ямар хүнтэй суух бол, амьдралд нь хэцүү асуудлууд тохиолдож байгаа болов уу гэж санаа зовох зүйлгүй болох юм болов уу л гэж боддог.

Бүрэн ярилцлага: 3 хүүгийн ээж Уянга байна, би хүүхдээ ингэж өсгөдөг

2 хүүгийн ээж А.Номин

1. Ирэх жил хүүхдээ юуг шинээр сураасай гэж хүсэж байна вэ?

Манай том хүү ирэх намар сургуульд орох тул бие даасан байдлыг нь илүү хөгжүүлмээр байна. Дүүгийнх нь хувьд гэвэл монгол дуу шүлэг сайн сураасай гэж хүсэж байгаа.

2. Үүний тулд та эцэг/эхийн хувиар хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

Эхлээд өөрийнхөө эд зүйлсэд хайр гамтай байхыг заахын тулд хувийн орон зайг нь илүү их тодорхой болгож, тусад нь шүүгээ болон хичээлийн ширээ бүрдүүлж өгөх төлөвлөгөөтэй байна. Дүүд нь харин шинэ дуу шүлэг заахын тулд, илүү тулж харилцан, хамтдаа цагийг чанартай өнгөрүүлэх хэрэгтэй байх.

3. Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд гэр бүлээрээ хийхээр төлөвлөсөн зүйл?

Амралтын өдрүүдээр хийдэг байсан зүйлсээ хийж, амьдралаа хэвийн горимд нь оруулах болов уу. Эмээ өвөө нар дээрээ очих, гадуур хооллох, музей галерей үзэх, аавтайгаа тоглоомын төв, кино театрт очих гээд л. Мөн өвлийн улирал болохоор мөсөн баримал болон баярын гэрэлтүүлгүүдийг хүүхдүүддээ үзүүлмээр байна. Энгийн боловч байнгын энэ дадлууд л хүүхдийг илүү хөгжүүлдэг гэж боддог.

Бүрэн ярилцлага: 2 хүүгийн ээж Номин байна, би хүүхдээ ингэж өсгөдөг

4 хүүгийн аав Ө.Үнэнбүрэн

1. Ирэх жил хүүхдээ юуг шинээр сураасай гэж хүсэж байна вэ?

Хоёр онцлох зүйл байгаа юм байна. Спорт ба хөгжим. Ирэх жил хүүхдүүдээ өмнө нь хичээллэж байсан спортууддаа илүү сайжрахын сацуу өөр шинэ төрөл сонирхож судлаасай гэж хүсэж байгаа.

Хөгжмийн хувьд гэвэл саяхан найз маань нэгэн сонирхолтой судалгааны талаар ярьж өгсөн юм. Ойролцоо гараанаас эхэлсэн, ижил түвшний мэргэжилтэй хүмүүсийн дунд хийсэн судалгаанд карьер болон хувийн амьдралдаа илүү амжилттай яваа хүмүүст нь хөгжмийн өндөр мэдрэмжтэй, цаашлаад ямар нэг хөгжмийн зэмсэг тоглодог адил тал ажиглагдсан байна. Үүн дээр үндэслээд бусад хүмүүсийг ажиглаад байхад хөгжмийн мэдрэмж гэдэг нь амьдралаас илүү их таашаал авах, төвлөрөх чадварын эхлэл байдаг бололтой. Тиймээс хүүхдүүдийнхээ хөгжмийн мэдрэмжийг хөгжүүлж, хөгжмийн зэмсэг тоглож сураасай гэж хүсэж байна.

2. Үүний тулд та эцэг/эхийн хувиар хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

Цар тахлын улмаас хөл хориотой байгаа энэ үед хөдөлж тоглох хамгийн их хэрэгцээтэй байдаг хүүхдүүд маань хөдөлгөөний дутагдалд орох вий гээд хөдлөх тоглох орчин нөхцөлийг гэртээ бүрдүүлэх гэж тун их хичээж байгаа. Үр дүнд нь ямар их нөөц боломжийг олж хардаггүй байснаа анзаарсан шүү. #БайгааГазрааХөгж #ХүнБүрТамирчин гэх мэт урианаас урам авч гэртээ гэр бүлээрээ Homecourt зэрэг апп-ийг ашиглаад хөл хорио тавигдахаар бараг фитнесийн ч шаардлагагүй хэмжээнд очихоор их дасгал хийж байгаа. Гэр маань нэгдүгээр давхарт байдгийг ч хэлэх үү. Тиймээс сагсан бөмбөг залах дасгал хийх боломжтой байдаг нь сайхан ч, гаргаж байгаа дуу чимээгээ сонсохоор дээд айлаасаа эмээдэг шүү (инээв). Мөн дунд хоёр хүүгээ төгөлдөр хуурын онлайн сургалтад хамруулсан.

Энэ мэтээр цаг сайхан болохыг хүлээлгүй ямар ч үед байгаа нөөц бололцоогоо ашиглан өөрийгөө хөгжүүлэхэд хойш суухгүй байхыг өөрсдөөрөө үлгэрлэн харуулахыг хичээж байгаа нь бидний хүүхдүүддээ өгөх хамгийн том үлгэр дууриал болов уу. Ер нь бүх л аав ээжүүд хүүхдээ мундаг сайн хүн болгох гэж хичээдэг. Гэхдээ тэр хүсэлдээ ч гэх үү, шуналдаа ч гэх үү хэт улайраад хүүхдүүдээ хүчилж, дуртай байж болох байсан зүйлд нь дургүй болгочих вий гэж болгоомжлон, тэнцвэрийг нь олоход анхаарч байна.

3. Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд гэр бүлээрээ хийхээр төлөвлөсөн зүйл?

Хөл хорио тавигдахыг тэсэн ядан хүлээхээс илүүтэй одоогоор үүний давуу талыг мэдрэхэд анхаарч байна. Сул тал ихтэй ч гэлээ энэ цаг үе бидэнд цаг мөчөөр өсөж буй хүүхдүүдийнхээ ямар том болсныг анзаарч, хамтдаа цагийг өнгөрөөх, тэднийгээ ойлгох боломж өгч байх шиг.

Төлөвлөсөн зүйл гэвэл гэрээсээ ч гарч болохгүй үеийн хүсэл мэдээж аялахад л чиглэгддэг юм байна. Өмнө нь аялах дуртай байсан ч жинхэнэ үнэ цэнийг нь бүрэн мэдэрч, тэр цаг үедээ хангалттай талархдаггүй байсан юм уу даа гэж бодогдоод байгаа. Тиймээс бид одоо "Гэр бүлээрээ томоохон цанын баазтай Европын аль нэг хотод хоёр сар амьдарч үзэх юм сан" гэж ярьдаг байсан мөрөөдлөө зориглоод хийе гэж бодох болсон.

Бүрэн ярилцлага: 4 хүүгийн аав Ө.Үнэнбүрэн байна, би хүүхдээ ингэж өсгөдөг

Тэнүүкагийн ээж Б.Номин

1. Ирэх жил хүүхдээ юуг шинээр сураасай гэж хүсэж байна вэ?

Ирэх жил хүүгийн маань хувьд онцгой жил байх болно. Учир нь Швейцарын боловсролын системээр хүүхэд дөрвөн нас хүрээд сургуульд ордог, сургуулийн өмнөх боловсрол гэх юм уу даа. Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, сургуулийн сургалтын хөтөлбөр хоёрын голынх нь гэсэн үг. Тийм болохоор хүүгээ биеийг нь даалгаж сургах тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Дээрээ ах, эгч, дүү байхгүй хүүхдүүд биеэ дааж сурах нь арай удаан байдаг талаар хэд хэдэн номноос уншиж байсан. Тэр нь ч бидний амьдрал дээр ажиглагдаад байгаа. Миний хүүгийн үеийн, дүүтэй хүүхдүүд биеэ маш сайн даасан харагддаг.

2. Үүний тулд та эцэг/эхийн хувиар хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

Бие дааж сургахад хугацаа их ордог юм байна лээ. Дээр нь манай гэр бүл хүүхдийг хүчлэхгүй бүх зүйл дээр нь өөрийнхөөр нь байлгахыг хичээдэг болохоор жаахан удаад байж магадгүй. Биеийг нь даалгаж сургахдаа яг насанд нь тохирсон өөрийнх нь хийж чадах зүйлсийг бага багаар хийлгэж байгаа. Жишээ нь: Өглөө сэрээд хувцсыг нь өөрөөр нь өмсүүлэх, хоол идсэн аягыг нь хураалгах, гадаа гарахдаа хувцсаа өөрөө сонгох боломж олгох, усны саваа өөрөө дүүргэх, тоглосон тоглоомыг нь хураалгах гэх мэтээр. Тэгэхдээ хүүгээ ерөөсөө хүчилдэггүй. Зарим үед хэлээгүй байхад өөрөө бүх зүйлийг дуртай хийдэг ч зарим үед яаж ч гуйсан надаар хийлгүүлэх гээд байдаг. Тэр үед нь "Хамтдаа хийе" гэж хэлээд цуг хийдэг. Ер нь хүүдээ үглэх дургүй. Энийгээ хураа, тэрийгээ хий гэх мэтээр. Дандаа л биеэрээ үлгэрлэхийг хичээдэг.

3. Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд гэр бүлээрээ хийхээр төлөвлөсөн зүйл?

Манай гэр бүлийн хувьд хамтдаа эх орондоо очилгүй нэлээн удаж байгаа. Ялангуяа хүү маань нэг ч очиж үзээгүй болохоор хөл хорио тавигдвал Монголдоо очиж аав ээж, өвөө эмээ нартайгаа хүүгээ уулзуулахыг маш их хүсэж байна. Мөн хүүгээ хөдөө авч явж таван хошуу мал, хөдөөний аж амьдралтай танилцуулж, морь унуулахыг хамгийн их хүсэж, бас төлөвлөж байна даа.

Бүрэн ярилцлага: Тэнүүкагийн ээж Б.Номин байна, би хүүхдээ ингэж өсгөдөг

5 хүүхдийн ээж Г.Ариунзул

1. Ирэх жил хүүхдээ юуг шинээр сураасай гэж хүсэж байна вэ?

Хүүхдүүдээ нас насандаа тохирсон чадвараа цаг алдалгүй хөгжүүлээсэй гэж хүсэж байна.

2. Үүний тулд та эцэг/эхийн хувиар хүүхдэдээ хэрхэн туслах вэ?


Тийм ч учраас нөхөр бид хоёр хүүхдүүдээ өөрийн гэсэн хоббитой байх түүнийгээ хөгжүүлэх тал дээр хангалттай орчинг нь бүрдүүлж өгөхийг хичээдэг. Жишээ нь, 14 настай том хүү маань бие даан Рhotoshop программ дээр дроноор хийсэн бичлэг, зургаа янзалж сурч байна. Бидний зүгээс зураг дарах боломжтой гоё газар олох, тэнд хамт очих гэх мэтээр дэмжинэ. Мөн хүүхдүүд маань үе үе гэр бүлийнхэндээ нас насандаа тохирсон дүрдээ орсон жүжигчилсэн тоглолтоор бэлэг барьдаг. Түүнийг нь хамт зохион байгуулалцаж, тоглонгоо суралцах боломжийг бий болгохыг бодно.

Мөн манай хоёр том хүүхэд одоо өсвөр насан дээрээ ирж байна. Одоо тэднийгээ хийх ажлаа төлөвлөж, бүтээмжтэй байх тал дээр суралцаж эхлэх болсон гэж үзсэн тул "Өсвөр насныхны 7 дадал" сургалтанд хамруулж, ажлаа чухал болон чухал бишээр нь ялгаж, хийх ёстой ажлаа тухай бүрд нь хийж сурах дадалд сургаж байгаа.

3. Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд гэр бүлээрээ хийхээр төлөвлөсөн зүйл?

Энэ онд хуримын маань 10 жилийн ой болсон. Уг нь гэр бүлээрээ гадагшаа аяллаар явна гэж төлөвлөж байсан ч цаг үеийн нөхцөл байдлын улмаас боломжгүй боллоо. Анх л тэгээд бодчихсоноос ч болсон уу, цаг сайхан болохоор аяллаар явахыг хүссэн хүмүүс л гэрээр нэг байна.

Хөл хорио тавигдсаны дараа бол нөхөр бид хоёр фитнест, хүүхдүүд бассэйндаа явмаар байна гэсэн хувийн хариултууд авсан.

Бүрэн ярилцлага: 5 хүүхдийн ээж Г.Ариунзул байна, би хүүхдүүдээ ингэж өсгөдөг

Индранилийн аав Амараа

1. Ирэх жил хүүхдээ юуг шинээр сураасай гэж хүсэж байна вэ?

Айлын ганц хүүхдийн дархан эрх гэж нэг юм байна аа. Гэртээ ер нь л дураараа шүү. Өмнө нь яаж ч цэвэрлэсэн орж ирээд л эхнээс нь ажиг ч үгүй буулгаад явчихна, эргээд хураах тал дээр бодож санах юмгүй. Бид хоёр ирэх жил энэ тал дээрээ л хамтарч ажиллая гэж бодож байна. Цэгцтэй байх, авснаа эргэж хураах, ахуйн сахилга батад сургах, суралцах санаатай. Мөн дуртай контентоо үзсээр байгаад ямар ч илүү зардал, илүү сургалтгүйгээр англиар түлхүү яриад байгаа. Түүнийг нь дэмжээд өгье гэж бодож байна.

2. Үүний тулд та эцэг/эхийн хувиар хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

Энгийн үедээ эрхлэнгүй ярьдаг ч чухал зүйлс дээр яг л том хүн шиг харилцаж "Одоо ярьж байгаа зүйл чухал юм байна, аавын хэлж байгаа энэ зүйлийг яг хийх ёстой юм байна шүү" гэдгийг ойлгуулж, ярианы сэдвийг ялгаж салгахад хялбар болгож өгөхийг зорьдог. Ингэхдээ өөрийнх нь нүдний түвшинд очиж, хоёулаа нэг баг гэдгийг мэдрүүлэхийг бодно. Тэгээд өөрөө эхлээд хамт хийлцээд, давтан хийхэд уйтгартай болох үед нь уралдаан болгож хөгжилтэйгээр хийлгэсээр зорилтот ажлаа хийлгэж дадуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

3. Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд гэр бүлээрээ хийхээр төлөвлөсөн зүйл?

Бид хоёр жилийн хамгийн чухал амралтаараа өвлийн улиралд гаднын орноор аялдаг байсан юм. Энэ жил тасалдах шинжтэй. Уг нь охин маань яг л ухаан ороод, аливаа зүйлсийг ялгаж салган, өөрийнхөөрөө мэдэрдэг болж байгаа чухал үе. Тиймээс хөл хорио тавигдахаар дуртай хүүхэлдэйн баатрууд нь байдаг Диснейлэндтэй оронд очиж, хэрхэн баярлаж хөөрөхийг нь хармаар байна.

Бүрэн ярилцлага: Индранилын аав Амараа байна, Би хүүхдээ ингэж өсгөдөг

2 хүүгийн ээж Б.Тэмүлүн

1. Ирэх жил хүүхдээ юуг шинээр сураасай гэж хүсэж байна вэ?

Энэ жил хүүхдүүд маань бие даан суралцах чадвар болон техник тоног төхөөрөмжүүдтэй ажиллах тал дээр сайжирсан гэж бодож байгаа. Ирэх жил эдгээр эзэмшсэн чадварыг нь дэмжээд, өөрийгөө илэрхийлэх, мэдлэгээ онлайн платформуудыг ашиглаж бусдадаа түгээдэг чадварт суралцаасай гэж хүсэж байгаа. Биеийн хөгжлийг нь дэмжих олон төрлийн спортуудаар хичээллүүлж, өөрт нь тохирсон төрлийг сонгон түүгээрээ тууштай хичээллүүлэх хэрэгтэйг энэ жил маш сайн ойлголоо. Хичээл онлайнаар зайнаас орж байсан учраас багаар ажиллах, хүнтэй харилцах чадварт суралцахад нь хугацаа өгч, зайнаас ажиглаж байна.

2. Үүний тулд та эцэг/эхийн хувиар хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

Хэд хэдэн спортын дамжаанд бүртгүүлээд боломжит хугацаанд нь явуулаад дараа нь сонголт хийхээр төлөвлөж байна. Мөн бие даах сурах чадварт нь тулгуурлаад TomyoKids-ийн сургалтуудад хамруулахаар төлөвлөсөн байгаа.

3. Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд гэр бүлээрээ хийхээр төлөвлөсөн зүйл?

Мэдээж аялал бодож байна. Гэр бүлээрээ бүтээх дурсамжуудыг илүү сонирхолтой байдлаар бүтээмээр байна. Мөн хамгийн сайхан хоолтой зоогийн газарт гэр бүлийн оройн зоог барих гээд хөл хорионы дараах хүсэл маань иймэрхүү л энгийн зүйлс байна даа.

Бүрэн ярилцлага: Хоёр хүүгийн ээж Б.Тэмүлүн байна, би хүүхдээ ингэж өсгөдөг

3 хүүгийн ээж Г.Номуун

1. Ирэх жил хүүхдээ юуг шинээр сураасай гэж хүсэж байна вэ?

Ирэх жил том хүү маань сургуульд, дунд хүү маань цэцэрлэгийн ахлах ангид тус тус орно. Энэ жилийн хувьд хэн хэн нь цар тахлын улмаас цэцэрлэгтээ явж, стандарт хичээл сургалтаа хангалттай сайн авч чадаагүй. Тиймээс зөвхөн өөрийн хүүхэд гэлтгүй бүх л хүүхдүүд ирэх жилдээ энэ хоцрогдлоо сайтар нөхөөсэй гэж хүсэж байна. Тиймээс ирэх жил хүүхдүүдийнхээ боловсролд илүүтэй анхаарна гэж төлөвлөсөн.

2. Үүний тулд та эцэг/эхийн хувиар хүүхдэдээ хэрхэн туслах вэ?


Бага насны хүүхдүүдийн хувьд хамгийн том боловсрол нь суурь хүмүүжил байдаг. Тиймээс бид хөл хорионы энэ үеийг ашиглан суурь боловсрол олгож чадахуйц тоглоомоор хүүхдүүдтэйгээ хамт тоглож, тэр үед нь аливааг зааж сурган, бүтээлч ажил хийхийг бодож байна. Шагай тоглох, шатар даам заах гэх мэт зааж өгч, хамт хийх зүйлс олон шүү. Гэхдээ энэ бол зөвхөн гэртээ өөрсдийнхөө хийж чадах зүйлсээр нөлөөлж байгаа нь юм. Хөл хорио тавигдахаар өөрсдийнх нь авьяас чадвар, дур сонирхлын дагуу дугуйланд хамруулна даа.

3. Хөл хорио тавигдахаар хамгийн түрүүнд гэр бүлээрээ хийхээр төлөвлөсөн зүйл?

Хүүхдүүдэд хамгийн хэрэгцээтэй байдаг зүйл бол цэвэр агаар. Хөл хорионы улмаас зөвхөн гэртээ байгаагийн хамгийн бэрхшээлтэй тал нь энэ л байна. Тиймээс байдал гайгүй болмогц гэр бүлээрээ агаар салхинд гарахыг л хүсэж байгаа даа.

Бүрэн ярилцлага: Гурван хүүгийн ээж Г.Номуун байна, би хүүхдээ ингэж өсгөдөг