Өнөөдрийн дугаартаа бид хоёр хүүгийн ээж Б.Тэмүлүнг урилаа. Хоол хийх урлагаар дамжуулан олон мянган эмэгтэйчүүдэд урам зориг, гэр бүлд нь аз жаргал түгээж буй тэрээр "Sweet Kitchen" бүтээлч бүсгүйчүүдийн группийн үүсгэн байгуулагч билээ. Б.Тэмүлүн хоол, нарийн боов, бялуу хийх төрөл бүрийн сургалт явуулахын зэрэгцээ "Sweet Kitchen" нэрийн бялуугаа түгээж, саяхан "Bitter Sweet" хоолны жорын дэвтэр гаргаад буй юм. Ингээд түүний гэр бүлтэй танилцаж, хүүхэд өсгөх "амтат жор"-оос нь хуваалцъя.
Нэр: Б.Тэмүлүн
Ажил: "Sweet Kitchen" бүтээлч бүсгүйчүүдийн группийн үүсгэн байгуулагч, "Bitter Sweet" жорын дэвтрийн зохиогч
Ам бүл: 4
Сошиал хуудсууд: Temulun Batbum (Facebook), Temulun (Instagram)
БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?
Би нөхөр, хоёр хүүтэйгээ амьдардаг. Урлаг судлаач, багш мэргэжилтэй. Олон жилийн өмнөөс хоббигоо даган "Sweet Kitchen" группийг байгуулж, бялуу хийдэг болсон юм. Нөхөр маань батлан хамгаалах салбарт ажилладаг цэргийн хүн учраас гаднын орнууд руу томилолтоор явах тохиолдол цөөнгүй. Энэ үед гэр бүлийнхээ арыг нь дааж, ажлаа хийхийн хажуугаар хоёр хүүхдэдээ хангалттай цаг гаргахыг хичээдэг. Харин нөхөртэйгөө хамтдаа байх үедээ нэг нэгнийхээ ачааг хөнгөлж, хийх ажлуудаа зохицуулаад явдаг даа.
ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?
Хүүхдүүдийн хичээл өглөө 7.30 цагт эхэлдэг учраас эрт босож цайг нь уулгаад, хичээлд нь хүргэж өгдөг. Харин оройдоо хоёр хүүхдээ унтуулахын өмнө биед нь тос түрхэж, заримдаа тай массаж хийж өгдөг юм. Хүүхдүүд гоё үнэртэй тос, иогийн намуухан аялгуунд амархан тайвширч, гүн нойрсдог шүү. Харин зундаа агаар салхинд түлхүү гаргаж, гадаа тоглуулдаг. Бас нөхөр бид хоёр орой унтахын өмнө хүүхдүүдтэйгээ янз бүрийн зүйлсийн тухай ярилцаж, бодлыг нь сонсохыг хичээнэ. Тэр үед хүүхдийнхээ хүсэл сонирхол, онцлогийг илүү мэдэрч, ойлгох боломжтой. Бага хүү маань нэг удаа яагаад үргэлж дээшээ харж унтдагаа тайлбарлахдаа гэр бүлийнхнээ бүх гишүүнд хайртай учраас хэн нэгнийг гомдоохгүйн тулд нэг тийш харж унтахгүйг хичээдэг гэсэн юм. Гадаа тоглохдоо хүртэл ганцаардаж байгаа байх гэж бодоод ганцаараа тоглож байгаа хүүхэд дээр очдог гэснийг сонсоод хүн бүрд ижил тэгш хандаж, хайрладаг болохыг нь анзаарсан.
ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕКНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?
Эрэгтэй хүүхдийг багаас нь хатуу, чанга өсгөх хэрэгтэй гэх зөвлөгөө их ирдэг. Ямар ч хүүхдийг эрх чөлөөтэй, элдэв айдасгүй байх нээлттэй орчинд, эр зоригтой, өөртөө итгэлтэй болгож өсгөх нь зүйтэй. Тэгэхдээ хүүхдүүдийнхээ зан төлөв, онцлогт нь тааруулж, өөр өөр арга барилаар ажиллах хэрэгтэй санагддаг. Манай том хүү бодож санаснаа шуудхан илэрхийлдэг, нээлттэй талдаа бол бага хүү маань интроверт буюу дотогшоогоо учраас илүү нухацтай хандаж, сайн ярилцахыг хичээдэг. Ер нь хүүхэд бие хүн болж төлөвшихөд өөрийгөө зөв илэрхийлж сурах нь чухал учраас аль алинтай нь дотоод сэтгэлийг нь нээж ярилцах нь зүйтэй санагддаг. Том хүү маань онгоц, галт уулын тухай янз бүрийн контент үзэж, онгоцны ослуудын шалтгаан, ослоос урьдчилан сэргийлэх арга техникүүдийг сонирхон судалдаг юм. Харин бага хүү гарын эв дүй, анхаарал төвлөрөл шаардсан зүйлс сонирхож, нарийн эд ангитай тоглоом угсрах дуртай. Тиймээс хүүхдүүддээ тоглоом авахдаа хүртэл сонирхлыг нь харгалзан өөр зүйлс авдаг.
Би шинэ бүтээгдэхүүн хийх бүрдээ дээжийг нь хоёр хүүхдэдээ амсуулж, сэтгэгдлийг нь сонсдог юм. Хоёр хүү маань ч хариуцлагатайгаар амталгаа хийж, санал бодлоо бүрэн дүүрэн илэрхийлдэг. Том хүү бялуу хийсний дараах үр дүнг харж, шүүмж, сэтгэгдлээ хэлэх нь түлхүү бол бага хүү бялуу хийх явцад өөрийн гараар тусалж, оролцохыг хүсдэгээрээ хоёр хүүхдийн маань онцлог харагддаг.
Цаашид хүүхдийнхээ онцлогийг ойлгож, дутуу хөгжих магадлалтай ур чадварыг нь нөхөхийн тулд хүүхдүүдээ багаас спортоор хичээллүүлэх нь зөв гэж боддог юм. Одоогоор манай хоёр бассейнд явж байгаа. 12 нас хүрэхээр нь буудлагын спортоор хичээллүүлж үзье гэж нөхөртэйгөө ярьсан. Ерөнхийдөө багад нь ганцаарчилсан спортоор хичээллүүлж, анхаарал төвлөрөл, өөртэйгөө ажиллах дадал суулгасны дараа ахлах ангиас багийн спортод оруулах нь зүйтэй болов уу гэж ярилцаж байгаа.
ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН/ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?
Гэр бүлээрээ "Netflix"-ийн "Chef’s table" цувралыг үзэх дуртай. Мөн Оросын "Карусель" сувгийн хүүхдийн нэвтрүүлгүүдийг үздэг. Том хүүгийн сонирхлыг дагаад хааяа онгоцтой холбоотой кино үзнэ.
Бүтээгдэхүүний хувьд хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх "Tamiy" эвлүүлдэг тоглоомд хоёр хүү маань их дуртай болоод байгаа. Төрөл бүрийн онгоц, автомашин эвлүүлж, уралдуулахад багагүй цаг зарцуулдаг. Зөв угсарч, хүндийг жинг нь тохируулж чадвал уралдаанд түрүүлэх учраас том хүн ч сонирхож үзмээр бүтээлч тоглоом байна лээ. Мөн бага насны хүүхдийг хөгжүүлэх "Creative Bamboo" төвийн янз бүрийн сонирхолтой арга хэмжээ, сургалтуудад тогтмол хамрагддаг. Шинэ жүжиг гарах болгонд хамтдаа очиж үзнэ. Тэнд амралтын өдөр бүр очиж, цагийг хүүхдүүдтэйгээ хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлдэг шүү.
ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Эмэгтэй хүн ээж болохоороо улам өөртэй илтгэлтэй болж, хийхээр зорьсон бүхнээ зоригтойгоор эхлүүлэх том шалтгаан, түлхэц болдог юм шиг санагддаг. Үүнийг дагаад амьдралын хэв маяг идэвхтэй болж, өөрийгөө илүү дайчилж, хурц болдог. Амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийг харвал хүүхэдтэй болсныхоо дараа том бизнес, төсөл барьж авсан түүх олон. Миний хувьд ч анхны хүүхдээ гаргасныхаа дараа "Sweet Kitchen" группийг байгуулах санаа төрж, бизнесээ эхлүүлсэн.
ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?
Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж буй үедээ амттай хоол хийх, гадуур зугаалах зэргээр амардаг. Ажил, гэр, сургууль нэг дор ойрхон байрлах, орой эрт унтаж, өглөө босох зэрэг нь амьдралын чанарт маш их нөлөөлдөг юм билээ. Тэр хэрээр цаг хэмнэж, амрах боломж гаргаж чаддаг. Өмнө нь гэр хол байсан учраас хайран цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг байлаа. Одоо бол ажлаа тараад хүүхдүүдээ тоглоомын талбайд тоглуулах, дөрвүүлээ хамт гадуур алхах зэргээр амардаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өдрийг, тухайлбал өглөө хэдэд босох, хэзээ хоолоо идэх, гадуур тоглох зэрэг өдөр тутмын үйлдлүүдийг нь тогтмол дадал болговол их амар. Ингэснээр хүүхдийн толгойд хэзээ, юу хийх нь тодорхой болох тул тэвдэх шаардлагагүй, амгалан тайван болдог. Эцэг эхчүүдэд ч амрах цаг гарч, зөв амьдралын хэв маягтай болно.
АЖИЛЛАДАГ, СУРДАГ ЭЭЖ, ААВ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ ЮУ ВЭ?
Эцэг эхчүүдийн хувьд аль аль нь ажлаа хийхийн хажуугаар хүүхдэдээ цаг гаргана гэдэг амаргүй учраас тодорхой хэмжээний золиос гаргах хэрэгтэй болдог. Миний хувьд өнгөрсөн жил Санхүү, эдийн засгийн их сургуульд сурахын хажуугаар ажлаа хийж, хүүхдүүдээ харах хэрэгтэй болсон. Нөхөр маань гадаадад томилолтоор явсан тул тэр бүгдийг өөрөө зохицуулах шаардлага гарсан юм. Бүгдэд нь цаг гаргаж, тэнцвэртэй амьдарна гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Өглөө бүр эрт босож, хоолыг нь бэлдээд, харин онлайн хичээлийг нь ахад нь даатгаж явахаас өөр арга байгаагүй.
Ажил орхигдож, удаашрах үед дараа нь нөхөж, гүйцээж болно. Харин гэр бүлийн цагийг нөхөх боломжгүй учраас ямар ч нөхцөлд хамгийн анхаарал хандуулах ёстой зүйл юм. Долоо хоногт нэг удаа гэр цэвэрлэдэг хүн дуудна, хааяа хадам ээжээсээ тусламж авдаг байсан. Том хүүгээ зургаан сартай байхад нь бялууны үйлдвэрт ажиллахаар болсон тул түр хугацаанд асрагч авч байлаа. Заримдаа оройтож ирэх үедээ хүүхдүүддээ яагаад оройтсон, ажил дээрээ юу хийсэн тухайгаа тайлбарлаж, ойлгуулахыг хичээдэг. Юу хийсэн нь мэдэгдэхгүй оройтоод байвал хүүхэд ойлгохгүй, хоорондын харилцаа улам л муудна шүү дээ. Тэрээр хэрээр манай хүүхдүүд заримдаа ээж, аавыгаа оройтож магадгүй гэдгийг ойлгож, өөрсдөө бие даахад суралцсаар л байгаа.
ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?
Том хүүгийн сургууль дээр гэр бүлийн өдөрлөг болж, хүүхэд бүр тайзан дээр гарч ирээд аав, ээждээ сэтгэлийн үгээ хэлж байсан юм. Ихэнх хүүхдүүд аав, ээждээ хайртай гэдгээ товч илэрхийлээд бууж байхад манай хүү яагаад хайртай гэдгээ тайлбарлаж, цаашид ч хайрласаар байхаа чөлөөтэй ярьсанд их баярласан. Хүүгээ өөрийгөө бусдад чөлөөтэй нээх хүсэлтэй, түүнийгээ айхгүйгээр зоригтой илэрхийлж буйг анзаарсан. Бага хүүгийн хувьд үргэлж бусдад ижил тэгш хандахыг хичээдэг тухайгаа ярих бүрд түүнээсээ үлгэр жишээ авмаар санагдаж, заримдаа өөрөөсөө хүртэл асуулт асуухад хүргэдэг юм. Энэ мэт хоёр хүүхдээрээ бахархах, үлгэрлэх жишээ олон бий.
ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?
Нэг танил маань намайг хүүхдийнхээ хувийн орон зай руу хэт нэвтрэх гэж байсныг ойлгуулсан юм. Хүүхдийн сэтгэхүй, дотоод ертөнцийг нь бүрэн таньж мэдэж чадвал тэр хэрээр зөв өсгөн хүмүүжүүлэх арга барилаа олж чадна гэж бодож байсан ч тэр бүхэн хэмжээ хязгаартай болохыг ухаарсан. Хүүхэд өөрөө өөрийнхөө дотоод ертөнцийг бүтээж, цэцэглүүлдэг учраас нийгэмд хэрхэн зөв хүн болж төлөвшихөд нь нөлөөлөхөөс биш хувийн орон зай руу нь хэт нэвтэрч, бүх асуудалд оролцож болохгүйг эцэг эхчүүд бодож үзэх хэрэгтэй болов уу.
ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?
Хамгийн гол нь, дуртай зүйлээ хийж, түүнээсээ таашаал авдаг байгаасай. Үргэлж өсөн дэвших сэтгэлгээтэй байж, өөрсдийн авьяас, ур чадвараа нээж, түүнийгээ бүрэн дүүрэн ашиглахын төлөө суралцаасай гэж хүсдэг. Мөн хэн нэгнээс хамаарахгүйгээр амьдарч, бие дааж шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй болов уу. Харилцааны хувьд бусдад ижил тэгш ханддаг, өөрийгөө ойлгуулахаас гадна бусдыг ойлгодог байгаасай гэж боддог юм. Гэхдээ хүүхдүүдээсээ хэт ихийг хүлээх гэсний хэрэггүй санагддаг. Тэд л өөрсдийнхөө амьдралыг бүтээж, шийднэ шүү дээ.