Энэ удаагийн дугаартаа бид шинэхэн аав ээжүүдийн дагах дуртай "Tenuuka's mom" хуудасны админ Б.Номинг урьлаа. Бага насны хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд хүүхдийн өсөлт хөгжил, хоол зүйн тухай монгол хэл дээр судалгаа шинжилгээтэй, эх сурвалжтай мэдээллийг тогтмол бөгөөд сонирхолтой, энгийн байдлаар авах хэрэгцээ тун их байдаг. Гэрийн эзэгтэй, ээж, их сургуулийн оюутан гээд завгүй амьдралынхаа хажуугаар 50 мянга гаруй дагагчтай сошиал хуудсуудаараа дамжуулан өөрийн эзэмшиж буй мэргэжлийн дагуу бусадтай мэдлэг туршлагаасаа хуваалцаж, залуу эцэг эхчүүдийн үнэнч туслагч болж буй түүний хүүхдээ өсгөдөг арга барилаас сонирхоцгооё.
Нэр: Б.Номин
Ажил: Эхнэр, ээж, оюутан
Ам бүл: 3
Цахим хуудсууд: Tenuuka’s mom (Facebook), Tenuuka’s mom (Instagram)

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?
Сайн байна уу? Юуны өмнө намайг энэ гоё буландаа урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа. Би нөхөр хүүгийн хамт Швейцарт амьдардаг. Одоогоор хүүхдийн хоол зүйч мэргэжлээр суралцаад явж байгаа оюутан ээж. Манай гэр бүлийн хувьд нөхөр бид хоёр хоёулаа сурдаг болохоор маш их ачаалалтай байдаг даа. Тийм ч учраас тэр нь энийг, энэ нь тэрийг хийнэ гэх мэт тогтмол хуваарилалтгүйгээр хэн эрт тарсан, хэн хичээл багатай байгаа нь гэрийнхээ ажлыг зохицуулж, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч авах гэх мэт ажлуудаа амжуулаад явдаг.
ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?
Өнгөрсөн жил зурагтаар хүүхдийн сэтгэлзүйчийн нэгэн ярилцлагыг сонссоноос хойш аль болох хүүхдэдээ өглөөг угтах боломж олгохыг хичээдэг болсон. Бид цаг байхгүй гээд хүүхдээ өглөө шууд орноос нь босгоод, гялс хувцаслаж, өглөөний цайг нь яаран сандран идүүлээд гарах нь хүүхдэд тийм сайн биш юм билээ. Өглөөг тайван, аз жаргалтайгаар угтсан хүүхдийн тухайн өдрийнх нь сэтгэлзүй тогтвортой байдаг ба цэцэрлэгтээ ч уйлалгүй ордог гэж тайлбарлаж байсан. Бүр цаашлаад хүүхдийн сурах чадварт ч мөн адил сайнаар нөлөөлдөг юм байна лээ. Тиймээс бид өглөөдөө хүүгээ сэрэхээс өмнө босож, бүх ажлаа амжуулчхаад тайван сэрээж, хамтдаа жаахан ч гэсэн тоглох бас ярилцах цагийг гаргахыг хичээдэг. Оройдоо бол хүү маань цэцэрлэгээсээ оройтож ирдэг болохоор хурдан хоолыг нь идүүлээд жаахан тоглуулж байгаад эртхэн унтуулдаг. Ингээд аав ээж нь хоёр талд хичээлээ хийгээд суудаг даа.

ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕХНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?
Миний бакалаврын мэргэжил "багш". Тийм болохоор бусад хүмүүсийг бодоход хүүхдийн хүмүүжил, сурган хүмүүжүүлэх арга зүйтэй харьцангуй эрт танилцсан гэж хэлж болно. Гэхдээ яг өөрөө хүүхэдтэй болоод ирсэн чинь нэг хэсэг яахаа мэдэхгүй төөрөлдсөн үе бий. Тэр үедээ өөрийнхөө хэмжээнд хэд хэдэн төрлийн хүүхэд сурган хүмүүжүүлэх арга барилаас судалж байсан ч аль нь ч миний хүүд тохирох юм шиг санагдаагүй. Тиймээс өөрөөрөө үлгэрлэх арга барилаар л хүүгээ хүмүүжүүлэх гэж хичээж байна даа.


ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН/ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?
Манай гэр бүлийн хувьд дэлгэцийн хэрэглээнд хязгаар тавьж байгаа болохоор одоогоор дуртай энтертайнмент контент байхгүй байна. Дуртай хүүхдийн бүтээгдэхүүн гэвэл олон байдаг. Би Munchkin брэндийн хүүхдийн хоолны хэрэгсэлд маш дуртай. Хүмүүс хуванцар гээд таагүй ханддаг ч миний хувьд аюул багатай, хөнгөхөн, өнгө үзэмж сайтай болохоор үнэхээр дурлаж хэрэглэдэг. Хүүхдийн тоглоомны хувьд сүүлийн үед Avdar toys-ын модон тоглоомнуудад маш дуртай болоод байгаа. Миний хүү ч дуртай тоглодог. Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж янз бүрээр тоглох боломжтой, хөнгөн гээд л маш олон давуу талтай санагдсан.
ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Хүүхэдтэй болоод хамгийн их ойлгосон зүйл бол би өөрийнхөө хувь хүний хөгжилд анхаарах хэрэгтэй юм байна гэдэг бодол байсан. Жишээ нь л гэхэд сөрөг мэдрэмжүүдээ зөвөөр гаргаж, илэрхийлж сурах, бусдад чин сэтгэлээсээ талархах, бусдыг хайрлах, хүндлэх гээд л олон зүйл дээрх хандлага маань өөрчлөгдсөн. Харин зан төлөвийн хувьд их хариуцлагатай, бүтээлч, нямбай болсон гэж хувьдаа боддог.
ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?
Манай нөхөр бид хоёр ярилцаад долоо хоногийн нэг, нэг өдрийг яг өөрсдөдөө зарцуулдаг. Жишээ нь, би бүтэн сайн өдрийг тэр чигт нь "Өөрийгөө хайрлах өдөр" гэж нэрлээд гэрийн ажил, хүүхэд, хичээл, сошиал медиа зэргээс хол байж гадуур ганцаараа алхах, ном унших, дуртай кофены мухлагтаа суух, найзуудтайгаа уулзах гэх мэтээр өнгөрүүлдэг. Харин нөхрийн хувьд ажлын өдрүүдээр хоёр оройг “Me time” болгодог. Энэ уламжлал тогтоод хоёр жил гаруй болж байна. Бүр дасчихдаг юм билээ. Энэ мэтээр өөрсдөдөө цаг гаргаж, амарч байхгүй бол биднийг гэж ирээд туслаад өгөх хүн энд байдаггүй.


АЖИЛЛАДАГ, СУРДАГ ЭЭЖ, ААВ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ?
Анхандаа би "Яасан хэцүү юм бэ? Монголд байсан бол..." гэж ирээд л их гунигладаг байсан. Хүн болгонд л байдаг "Би хүний нутагт хүүхдээ ганцаараа өсгөж байна" гэх мэт хохирогчийн дүрд тоглосон бодлууд нэлээн санаа чилээнэ. Ер нь хэцүү болгоныг дурдана гэвэл хэцүүгүй зүйл гэж хаа ч байхгүй. Харин тэрхэн үеийнхээ ачааллыг "Ямар хүнд хэцүү юм бэ?" хэмээн хүлээж авалгүй, хандлагаа өөрчлөх нь илүү амар юм байна лээ. “Би ямар азтай юм бэ. Хүүхдээ өсгөнгөө өөрийгөө хөгжүүлж сурч боловсрох боломжтой байна шүү дээ” гэдэг өнцгөөс хараад эхэлсэн чинь хэцүү санагдахаа больчихсон. Мөн сургуулийн маань багш нар надад маш их тусалж, хүүг маань өвдсөн үед ойлгож хүлээж авдаг болохоор надад тэгтэл хэцүү санагддаггүй. Хааяадаа жаахан ядардаг ч хүүгээ хараад л сэргэчихдэг дээ.
ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?
Миний хувьд хүүдээ дандаа баярлаж бас байнга хүүгээрээ бахархаж явдаг. Гэдсэнд бүрэлдсэн цагаасаа эхлээд л намайг маш сайн ойлгож, хайрлаж бас дэмждэг байсан. Хичээл ихтэй үед өвдөж, ядрах зовлонгүй л явдаг байсан. Жирэмсний хордлого ч өгч үзээгүй. Төрөхдөө ч ерөөс зовоолгүй төрсөн тул хүүдээ дандаа баярлаж явдаг. Мөн долоохон сартайгаасаа эхлээд ээж аавыгаа ойлгоод, өдөржин цэцэрлэгт үлддэг байсан болохоор хүүгээрээ бахархдаг.

ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?
Швейцарт хүүхдийн цэцэрлэгийн багш нар улирал болгон эцэг эхтэй нь биечлэн уулзаж ярилцдаг юм. Өнгөрсөн өвлийн уулзалтаар багш нь, "Тэнүүка ангийнхаа хүүхдүүдтэй тоглоомоо булаацалдаад өгөхгүй болохоор нь шууд түлхдэг. Та хоёр хүүхдэдээ сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн зөв гаргах, илэрхийлэх талаар зааж өгч байсан уу? Ямар арга барил хэрэглэдэг вэ?" гэж асууж байсан. Тэр үед үнэндээ энэ талаар юу ч мэддэггүй байсан болохоор багшийн тэр асуултаас маш их зүйл бодож, ойлгож авсан.
Бид хүүхдээ уйлахаар "Чимээгүй бай!", уурлахаар нь "Битгий уурлаад бай! Хүүхэд байж юундаа уурладаг юм" гээд шууд тас хорьчихдог. Энэ нь буруу юм байна лээ. Хүн л юм чинь сөрөг сэтгэл хөдлөлүүд төрнө шүү дээ. Энэ үед нь боль, битгий гэхээсээ өмнө хүүхдэдээ тухайн сэтгэл хөдлөлөө гаргах боломжийг нь олгох хэрэгтэй. Тэгээд бага багаар мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх талаар нь зааж өгч байгаарай. Сөрөг сэтгэл хөдлөлийг нь зөв илэрхийлэхэд сургахгүй бол хүүхэд их дотогшоо, огцом уурладаг, аливааг хүчээр, уураар шийддэг болдог тухай тэр явдлаас мэдэж авсан.
ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?
Хүүгээ өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бусдыг хайрлаж хүндэлдэг хүн болоосой гэж хүсдэг. Зан чанарын хувьд эхэлсэн ажлаа дуусгадаг, аливаад тууштай, хариуцлагатай зан чанарыг өөриймшүүлээсэй гэж битүүхэн хүсэж явдаг. Гол нь хүүхэд болгон өөрийн төрмөл зан араншинтай байдаг болохоор магадгүй миний хүссэнээр болохгүй ч байж болно. Гэхдээ өөрийнхөө чадах бүхнээр нөлөөлж бас үлгэрлэхийг хичээж байна.

Сэтгэгдэл бичих

