Өнөөдрийн дугаарын зочинтой маань та бүхэн 11 жилийн өмнө МҮОНТ-ээр цацагдаж байсан "Хэцүү анги" киноны Сувдаагийн дүрээр анхлан танилцаж байсан билээ. Өдгөө тэрээр жүжигчний хувиар хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээсний сацуу карьераа эхлүүлсэн МҮОНТ-дээ сэтгүүлчээр ажиллаж байгаа юм. Харин энэ удаа хоёр хөөрхөн охины ээжийн хувиар бидэнтэй ярилцсаныг уншигчдадаа хүргэе.

Нэр: Э.Уянга
Ажил: МҮОНТ-ийн сэтгүүлч, хөтлөгч
Ам бүл: 4
Сошиал хуудсууд: Uyanga Enkhtur (Фэйсбүүк), uyangatsagaan (Инстаграм)

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

Сайн байна уу? Намайг Э.Уянга гэдэг. Одоо мэргэжлээрээ МҮОНТ-д ажилладаг. Нөхрийг маань З.Эрдэм гэдэг. Эрх зүйч мэргэжилтэй, одоо энэ чиглэлээ программ хангамжтай хослуулан мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулдаг. Том охиныг маань Цэцэн (4 настай), бага охиныг маань Энхлэн (2 настай) гэдэг. Ам бүл дөрвүүлээ.

Гэр бүлийн үүргийн хувьд нөхөр бид хоёр хэн хэнээсээ хараат бусаар 100 хувь хүүхдүүдээ харж, дааж үлдэж чаддаг нь бидний өдөр тутмын амьдралд маш том давуу тал болдог. Жишээ нь, эрэгтэй хүмүүс бага насны хүүхдийн нарийн ширийн арчилгаа, асаргаа тал дээр мэдэхгүй чадахгүй зүйлс олонтой, хүүхдээ харж үлдэх нь том ажил болдог бол манай нөхрийн хувьд энэ тал дээр ямар ч асуудалгүй. Ер нь хөхүүлдэггүй л болохоос бараг надаас илүү байх гээд байдаг шүү (инээв). Охидоо маш сайн харж, хоол, амин дэмийг нь яг цагаар нь өгөхийн дээр гэрээ цэвэрлээд, цэгцэлчихсэн угтдаг. Нэг үеэ бодвол бид хоёр үүргийн хуваарилалт, зохицуулалт, ачаалал тал дээр дажгүй сайн дадлагажаад л байгаа.

ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?

Нөхөр бид хоёр хоёул ажилладаг, том охин цэцэрлэгт гээд дөрвөн хүний гурав нь ажил албатай тул өглөөг тогтсон цагт, эрт эхлүүлэх хэрэгтэй болдог. Үүний тулд гэр бүлээрээ эрт унтаж, эрт босох зарчмыг баримтална. Хүүхдүүдээ ямар ч нөхцөлд орой 09:00-09:30 цагийн хооронд унтуулаад, өглөө 07:30 гээд сэрээхэд нойроо бүтэн авч чаддаг. Амралтын өдрүүдээр ч юм уу зуны сайхан цагаар орой унтсан ч, өглөө тайван сэрэх байдлаар явж үзсэн л дээ. Гэхдээ хүүхдийн амрах ёстой биологийн цаг гэж байдаг бололтой юм билээ. Хэдий нойроо аваад байгаа ч оройтож унтах тусам амархан ханиад хүрч, дархлаа сулраад байгаа нь ажиглагдсан. Иймд эрт унтаж, эрт сэрэх хуваарийг эрхгүй мөрдөнө.

Үүний тулд бид хоёрын хэн нэг нь оройтож ирээд, тэр нь хүүхдүүдийн унтах цагтай давхацсан тохиолдолд "Бүрэн унтчихлаа" гэдэг мессежийг автлаа машиндаа юм уу орцондоо хүлээдэг. Учир нь хүүхдүүд яг унтах гэж байхад аав, ээжийн нэг нь ороод ирвэл нойр нь сэргээд, магадгүй дагаж юм идээд, унтах цаг нь хойшилчихдог. Маргааш нь нойр дутуу тул ааш муу сэрнэ, тэгвэл хүүхэд цэцэрлэгтээ дургүй орно, эргээд ээж аав нь ажил дээрээ бүтэн өдөр санаа зовно гээд л гэр бүлийн бүх гишүүдийн маргаашийг нураачихдаг талтай. Нөгөөтээгүүр, хоёр тэрсхэн хүүхдийг зэрэг унтуулна гэдэг нэлээд тэвчээр, чадвар, цаг шаарддаг ажил. Нэгнийхээ энэ хөдөлмөрийг хүндэтгэж байгаа хэлбэр нь уг хүлээлт юм болов уу.

Өглөөдөө хүүхдүүдээ овьёосоор хооллодог. Бага насны хүүхдийн хооллолтын 40 хувийг үр тариа эзлэх ёстой гэдэг шүү дээ. Тэр хэрэгцээг нь өглөө хангахыг хичээдэг.

ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕХНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?

Хүүхдийн нэг ой хүртэлх хамгийн гол хоол нь хөхний сүү байх ёстой гэдэг дээр манайхан бүрэн санал нэгддэг. Нөхөр маань эрх зүйч хүн болохоор дэлхийн томоохон гэмт хэрэгтнүүдийн ихэнх хувь нь төрснийхөө дараа эхийн сүү амлаагүй байдаг талаар судалгаа хүртэл уншиж өгч байсан гээч. Хөхний сүү бол ганцхан хоол хүнс, амин дэм гэхээс илүү хүүхдийн төлөвшлийг бий болгож байдаг тархи, зүрхтэй холбогддог маш нандин утга агуулгатай зүйл. Иймээс хүүхдүүдээ аль болох урт хугацаанд хөхөөр хооллохыг хичээдэг. Бас чихрийг анхнаас нь хэрэглүүлэхгүй сургахыг бодно. Идээд л байх тусам ханах нь бүү хэл улам донтдог, өгөхгүй бол муухай аашилж эхэлдэг. Түүнчлэн хуурамч цадсан мэдрэмж аваад хоолондоо муу болдог, унтахын өмнө идчихвэл бие нь сэргээд орой унтдаг гэх мэтчилэн сөрөг тал ихтэй.

Хүмүүжүүлэх тал дээр гэвэл охид маань тэс өөр араншинтай. Тиймээс зан ааш, хувь хүний онцлогт нь тааруулж, илүү үр дүнтэй аргаар харилцахыг хичээнэ. Өмнө нь хүүхэд хувь хүний онцлог төлөвшлөө эцэг эхээсээ авдаг юм болов уу, эсвэл цаанаасаа төрдөг юм болов уу гэж их боддог байлаа. Өөрөө ээж болсон чинь яг ойлгосон. Цаанаасаа төрдөг юм билээ. Түүн дээр эцэг эхчүүд зөвхөн ёс зүйн хэм хэмжээ, болох болохгүй зүйлсийг л чиглүүлж өгч, байгааг нь илүү баяжуулдаг санагдсан. Иймээс хүүхдээ ингэж л хүмүүжүүлнэ гэж хайрцагладаггүй. Ээжийн хувьд бол хүүхдээ хоёр ой хүртэл, бүр боломгүй бол ядаж нэг ой хүртэл нь хамт байж, өсөх үйл явцыг нь хянаж, дэмжиж, мэдрэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ирээдүйд хүүхдийнхээ бодол санаа, бие бялдрыг нь мэдэж байхад их тустай юм билээ.

Бас ажилтай үедээ хүүхдээ харуулдаг хүмүүстэйгээ гар нийлэхэд анхаарах хэрэгтэй. Бидний хувьд ээж аавуудаасаа тусламж авдаг л даа. Энэ тохиолдолд хүүхэд эмээ өвөөгөө элэг барих хандлагатай байдаг шүү дээ. Өвөө эмээгийн илүү зөөлөн байдгийг ашиглаад гэртээ байдгаасаа илүү зүйл хүсэх, эрхлэх гээд байдаг тал бий. Манайд бол тийм зүйл байдаггүй. Ээж аавууд маань бидэнтэй нэг баг болж, хүүхэд өсгөх арга барил зарчмыг маань хүндлээд, бидний хөдөлмөрийг үнэгүйдүүлдэггүй. Түүнд их баярладаг.

ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН/ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?

Охид маань чацарганад их дуртай. Жимсээр нь ч, хандалснаар нь ч, жүүсээр нь ч ер нь бүх төрлөөр нь таашааж хэрэглэдэг. Үүнд нь их баярладаг юм. Бараг хандалж өгөхдөө усаар их шингэлсэн ч чацаргана орсон л бол баярлаад л уучихна. Ер нь чацаргана, тараг, овьёос гурав байнгын хэрэглээ. Тоглоом, контентийн хувьд гайгүй дээ. Ойрхон хоёр охин болохоор бие биеэ харж хөөрөөд, юугаар ч байсан хамтдаа хөгжилдчихдөг давуу талтай.

ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Өмнө нь юу ч хийсэн зөвхөн өөрийнхөө төлөө хийдэг байлаа. Одоо бол бүхнийг гэр бүлийнхээ төлөө уриатай. Илүү хариуцлагатай, дайчин, төлөвлөлттэй хийхэд суралцаж байна. Зохицохгүйг ч зохицуулж, нөхцөл байдлыг хүлээн авч, цаг минут бүрийн үнэ цэнийг мэдэрдэг болсон. Мэдээж хамгийн чухал нь хайрлаж сурч байна

ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?

Хүүхдүүд бага байгаа энэ үед амарна гэдэг дээдийн тансаглал болж хувирдаг юм байна. Энэ тал дээр сайн туршлагагүй л байна. Тухай тухайн үедээ л зохицуулаад, ярилцаад явдаг даа. Миний хувьд ээж болохоосоо өмнө маш идэвхтэй, хөдөлгөөнтэй ажил хийдэг байж байгаад төлөвлөсөн хугацаанаасаа хоёр дахин их хугацаанд гэрт суучихсан чинь эрхгүй стресст орсон. Төрөөд удаагүй байгаа ээжүүд бүр л ийм сэтгэл гутралын байдалд ордог юм билээ. Энэ үедээ дотроо хурааж хуримтлуулж, дарах гэхээсээ нөхөр болон ээжтэйгээ сайн ярилцах хэрэгтэй.

Эрчүүд аливаа зүйлийг том зургаар нь хардаг болохоор өдөр тутмын нарийн ширийн зүйлсийг ажиглаж мэдэхдээ жаахан удаан. Тиймээс санаачилгаа гартаа аваад, нөхрөө ажиглаж мэдэхийг нь хүлээн суулгүй нөхцөл байдал, сэтгэл санаагаа илэн далангүй өөрөө эхлээд ярьж мэдүүлэх нь илүү үр дүнтэй санагдсан. Ажигласнаар бол хосууд энэ үедээ л харилцаандаа сэв суулгаж, хүйтэн хөндий байдалд шилжчихдэг юм шиг. Тийм байдалд орчихсон эр хүн өөрийн эрхгүй "Энэ хүн миний анх хайрласан эмэгтэй биш байж, эхнэр маань үнэндээ өөр хүн байж, энэ миний хүссэн амьдрал биш байна, үнэндээ би гэр бүлийн амьдралд бэлэн биш байсан юм байна" гэх мэт эргэлзээтэй байдалд орчихдог юм шиг. Хэрэв ийм байдалд орсон шинэхэн аавууд байвал "Түрхэн тэвчээд, эхнэрээ сонсоорой. Чиний анх хайрлаж дурласан бүсгүй зүгээр л хэсэг хугацаанд өөрийнхөө том өөрчлөлтийг хүлээж авч, ойлгох сорилттой байгаа юм, тэр үед нь харин ч хамт байгаарай. Удахгүй чиний дурласан хүн буцаад л ирнэ" гэж хэлмээр санагддаг.

Ээжтэйгээ мөн сайн ярилцдаг. Үнэхээр ээжүүд бүхнийг мэддэг шүү. Ээжтэйгээ ярилцаж байхдаа энэ бүхэн амьдралд, хүн болгонд тохиолддог зүйл юм байна, би ганцаараа биш юм байна, үүнийг давж туулах ёстой юм байна гэдгээ улам сайн ойлгодог.

Бусдын туслалцаа гэвэл ажлын өдрүүдэд бага охиныг хадам ээж маань харж өгдөг. Намайг ажилдаа эргэн орохыг хамгийн их дэмжиж ойлгосон хүн хадам ээж маань. "Ач нараа би өөрөө харж, хүмүүжүүлэх болно" гээд гэртээ амрах байсан цагаа охидод маань зориулж, бидэнд сэтгэл амар ажиллах боломж өгч байгаад нь байнга талархаж, чин итгэл үнэмшлээр "Ээж ээ" гэж хайрлан дууддаг. Амралтын өдрүүдэд ажилтай тохиолдолд өөрийн ээж аав, хоёр талын дүү хамаатнуудаасаа тусламж гуйна. Өөрөө гэртээ хүүхдүүдээ хараад суудаг байхад бол охин дүү маань байнга тусалдаг байсан. Хамт амьдраад, өөрийнхөө ажил хичээлийн хажуугаар дүү нараа харж өгөөд л. Юу ч хийлгүйгээр зүгээр ярилцах нь хүртэл ямар талархмаар байсан гээч. Яг тэр үед л дүүтэй, тэр дундаа охин дүүтэй болсондоо маш их баярласан.

АЖИЛЛАДАГ, СУРДАГ ЭЭЖ, ААВ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ?

Хүүхдүүддээ цаг гаргах л байдаг. Гэхдээ ийм завгүй, баялаг амьдрал маань илүү таалагддаг юм. Өглөө ажилдаа яараад л, орой хүүхдүүд рүүгээ яараад л. Түүнийгээ дагаад ажил дээрээ яаж илүү бүтээмжтэй байх вэ гэж бодно. Төвлөрөл, бүтээмж сайжирна. Яаж зохицуулах вэ гэж бодно. Төлөвлөлт, харилцаа, уян хатан байдал сайжирна. Гэртээ байхдаа хүүхдүүддээ яаж чанартай цаг гаргах вэ гэж бодно. Шинэ зүйл туршиж, аз жаргалтай цагийг өнгөрүүлнэ гээд л.

Нэмж хэлэхэд ажиллаж байгаа ээж аавууд ажилдаа хэт төвлөрөөд юуны тулд, яах гэж ажиллаад байгаагаа мартчихдаг талтай. "Та нарын төлөө л ажиллаж байна" гэдэг хандлага суух гээд байдаг юм шиг. Хэдий ажиллаж, гэр бүлээ сайхан авч явахаар хөдөлмөрлөж байгаа нь үнэн ч түүний эцсийн эцэст гэр бүл тань дэргэд байх нь л хамгийн чухал. Иймээс зорилгоо битгий мартаарай. Ямар ч үед гэр бүлээ хойш тавилгүй, тэдэндээ хайртайгаа хэлж, ар талыг тань хэн дааж, ажиллах боломж олгож байгааг байнга санаж, талархлаа илэрхийлж, хайрлахаа орхигдуулж огт болохгүй шүү. Хайраа байнга мэдрүүлж байгаарай.

ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?

Хүүхдүүд том болох тусам баярлаж бахархах зүйлс дагаад өөрчлөгдөх байх. Одоо бол зүгээр л эрүүл саруул, цовоо сэргэлэн өсөж торниж байгаад нь л хангалттай ихээр баярладаг.

ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?

Том охиноо тээж байхдаа хүүхэд хөгжүүлэх монтессори, ази, европ аргууд гээд л төрөл төрлийн л юм нэлээд судлан уншиж, сонирхон цаг гаргадаг байсан. Хүүхдээ анхнаас нь тусад нь унтуулж, авч сургалгүй эхний үеийн багахан уйлалтыг нь тэвчээд бага уйлдаг, биеэ даасан хүүхэд болгоход эртнээс бэлтгэнэ гэх мэтээр. Гэхдээ тэр бүхэн ном л юм билээ. Тэдгээр ном, гарын авлагууд дээр бичсэн зөвлөгөө бусад ази эсвэл европ хүүхдүүдэд тохирдог байж болох ч миний хувьд хүүхэд өсгөх хамгийн шилдэг арга нь ээжүүдийн маань биднийг өсгөсөн арга барил л байсан.

Жишээ нь, бид хоёр анхнаас нь хүүхдээ тусад нь унтаж сургана гэхэд ээж маань "Үгүй дээ, эхийн халуун энгэр, элэг гэж юм байдаг юм. Ээжийнхээ дулаахан хэвлийд, 10 сар дандаа хамт байсан хүүхдийг гарч ирэнгүүт нь өлгийдөж байгаад ганц орон дээр тусад нь тавиад орхиж болохгүй шүү дээ. Хүүхэд дотроо яасан их хямрах бол? Ийм байхад та хоёр хамтдаа унтаад байх гэж үү?" гэж байлаа. Тухайн үед охин маань ойр ойрхон уйлдаг, шөнөдөө олон сэрдэг байсан юм. Тэгээд ээж охины маань бүх хувцсыг нь тайлаад өөрөө ч цамцаа тайлж энгэртээ нааж хэвтүүлээд, халуун гараараа хөлийг нь барьж, нурууг нь илээд унтуулахад нүдэн дээр илт тайвширч, маш сайн унтсан юм. Үүнээс хойш янз бүрийн хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх гаднын туршлагуудыг хүүхэд дээрээ туршихгүй байхаар шийдсэн. Би чинь монгол ээж, миний хүүхэд ч монгол хүүхэд гэдгийг ойлгосон гэх үү дээ. Ер нь нөхөр бид хоёр ээж аавуудынхаа бидэнд өгсөн тэр хүмүүжил, арга барилд бүрэн итгэдэг.

Сонирхуулахад, би анхны жирэмслэлт дээрээ маш тэвчээртэй байж, хүүхдээ харшилгүй эрүүл төрүүлэхийн тулд хоолны дэглэм сайн баримталж, өөрийнхөө зүгээс тун их хичээл зүтгэл гаргасан юм л даа. Төлөвлөсөн байсан болохоор нярайн тэмдэглэл хөтлөөд л, ном уншаад л, өөрийгөө ч сайн бөөцийлсөн. Гэтэл том охин харшилтай төрчихсөн. Одоо цитрусын төрлийн жимс, хүнснээс харшаад байдаг. Харин эхний төрөлтөөс удалгүй бага охин маань ирсэн болохоор тэгж их романтиклах боломжгүй, байдгаараа л, ер нь бол ямар ч дэглэм барилгүй төрсөн. Тэгтэл эсрэгээрээ бага охин их эрүүл чийрэг, өлчир төрсөн шүү, үнэхээр сонирхолтой. Магадгүй энэ миний л биеийн онцлог байх л даа.

ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Өөрийнхөөрөө л байгаасай гэж хүсдэг. Хэн нэгний хүлээлтэд хүрэх гэж өөрийгөө хүчилдэггүй, хэн нэгэнд мундаг, гоё харагдах гэж өөрийгөө золиослодоггүй бие даасан, өөрийнхөөрөө хүн болоосой л гэж боддог доо.