Unread.today сайт үүсгэн байгуулагдсан цагаас хойш буюу нийт долоон жилийн хугацаанд бид “Би хэрхэн ажилладаг вэ?” буланд 350 гаруй ярилцлага бэлтгэснээс энэ удаагийн дугаарыг хамгийн өндөр цэгээс хийсэн гэдгээрээ бусдаас онцгойрч буй. Тодруулбал, бид далайн түвшнээс дээш даруй 11 мянган метрийн өндөрт мөнгөн цагаан хөлгийн бүхээг дотроос энэхүү ярилцлагыг хийсэн билээ.
Иргэний нисэхийн салбарт тасралтгүй 21 жил үйл ажиллагаагаа явуулж буй монголын анхны хувийн агаарын зорчигч тээврийн компани болох “Аэромонголиа” ХХК-ийн хамт олон бидний энэ удаагийн зочид.
Зуу зуун хүний амь насыг хариуцаж, сонор сэрэмжээ ганц ч хором алдах эрхгүй тус хамт олонтой бид нийт 10 цагийн турш нисэж, ажил мэргэжлийнх нь жаргал зовлонгийн зах зухаас ойлгох явцдаа тэднээр бахархаж, “хариуцлага” гэх үгний мөн чанарыг ойлгосон гэхэд хилсдэхгүй. Ингээд тэнгис далайг гатлан, түмэн олноо зорьсон газарт нь саадгүй хүргэдэг тэдний ажиллах арга барилтай танилцацгаая.
Байршил: Төв аймаг, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал
Онгоц: AIRBUS A319
Сошиал хуудсууд: Aero Mongolia LL (фэйсбүүк), aeromongoliaair (инстаграм)
1. ТА БҮХНИЙ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Б.Уламбаяр: Э.Чинзориг бид хоёр 2010 онд ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийг нисэх техникийн механик мэргэжлээр дүүргэсэн нэг ангийн хоёр. Сургуулиа төгсмөгцөө шууд “Аэромонголиа” авиа компанид инженерээр ажилд орсон. Удалгүй тухайн үеийн удирдлагууд маань шинэхэн инженерүүд дундаас нисгэгчээр сурах сонирхолтой залуусыг сонгон шалгаруулахад бид хоёр азаар тэрхүү шалгаруулалтад тэнцэж, улмаар АНУ-ын Флорида мужид байрлах "Epic Flight Academy"-д нисгэгч мэргэжлийг эзэмшсэн. Буцаж ирснийхээ дараа компанидаа тасралтгүй нисгэгчээр ажиллаж байна даа.
Б.Билэгсайхан: Миний хувьд ахлах сургуулиа АНУ-ын "Murry Bergtraum High School"-д төгссөн. Түүний дараа ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуульд суралцах хугацаандаа "Epic Flight Academy"-д нисгэгчээр суралцах завшаан тохиож, нисгэгч болсон түүхтэй. Энэ онгоцыг жолоодож яваа бид гурвуул нэг сургууль, нэг хотхонд хамтдаа номын дуу сонсож, нисгэгч болж бэлтгэгдсэн хүмүүс.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Б.Билэгсайхан
Онгоцны дарга
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас өглөө 8.30 минутад хөөрөх УБ-Нарита чиглэлийн өнөөдрийн нислэгт бид бэлэн байхын тулд өглөө таван цагт босож, дор хаяж хоёр цагийн өмнө ажлын байран дээрээ бэлэн байх ёстой. Нислэг эхлэхээс өмнө тухайн өдөр гарч буй нисгэгчид цаг агаар, техникийн аюулгүй байдлын талаар хуралдаж, онгоцны хөдөлгүүрүүдээ нарийвчлан шалгасны эцэст нислэгт бэлэн болж, хөөрнө.
Өнөөдрийн УБ-ТОКИО-УБ нислэг гэхэд хоёр талдаа арван цаг үргэлжилдэг. Газардсаныхаа дараа бид дахин багаараа хуралдаж, нислэгийн үеэр гарсан зөрчил, асуудлыг зайлшгүй ярилцана. Ингээд бодохоор өглөө таван цагаас эхэлсэн бидний ажил шөнийн 10 цагт л шувтардаг гэсэн үг. Аюулгүй байдлын үүднээс нисгэгчид дараалсан 28 хоногт 100 цаг, жилдээ 1000 цагаас илүү нислэг үйлдэж болохгүй гэх иргэний нисэхийн дүрэм бий.
Тэрчлэн, ажиллах цаг дотроо нислэгийн цаг болон ажлын байран дээр ирсэн цаг буюу flight time, flight duty time нь тус тусдаа тэдэн цагаас доошгүй байх ёстой гэсэн нарийн дүрэм бий. Шөнийн хоёр цагт ч босоод ажилдаа явах нь нисэхийн салбарынхны хувьд энгийн л үзэгдэл. Нислэг ихтэй зуны цагт бол өдөр бүр таван цагаас өмнө босож, оройн 10 цагаас хойш гэртээ орно. Зуны цагаар гэрийнхэнтэйгээ бараг уулздаггүй гэхэд болно доо.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Б.Билэгсайхан: Нисгэгч хүнд зайлшгүй байх ёстой чухал чанар бол хариуцлагатай байх. Овсгоо самбаа, санаачилгатай байх нь он цагийн уртад, дараалсан нислэгүүдийн турш угаас хүнд суугаад ирдэг дадал юм. Хувь хүн талаас дээд зэргийн хариуцлагатай, аливааг том жижиг хэмээн ангилахгүйгээр нэг бүрчлэн анхаарал хандуулж, ач холбогдол өгдөг байж л чадварлаг нисгэгч болж чадна.
Н.Отгонтулга
Бүхээгийн ахлах ажилтан
Бидний ажиллаж буй орчин бол тун хязгаарлагдмал орон зай. Тулгуургүй цэг л гэсэн үг. Ийм хариуцлагатай нөхцөлд хүмүүст үйлчилж буй тул бидний бүх ажил заавар журмын дагуу нарийн бэлтгэсэн гарын авлагатай. Тэрхүү дүрэм, стандартыг яг тас мөрдөж байж л хүндрэл үүсэх магадлал буурна.
Нэг талдаа бидний хийж буй ажил өдөр бүр давтагддаг. Өнөөдөр цоо шинэ зүйл сураад ажил дээрээ турших гэсэн ойлголт байхгүй. Олон жилийн турш өдөр бүр хийх тусам ажил гарт орж, бид мэргэжилдээ мэргэших учиртай. Гэхдээ тэр тусам ганц ч хором анхаарлаа алдаж болохгүй. Анхаарал алдсан л бол бидний хажууд алдаа отоод хүлээж байдаг юм.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Б.Уламбаяр
Хамтран нисгэгч
Нислэгийн компьютер буюу нийтлэг нэршлээрээ MCDU бидний хамгийн чухал хэрэгсэл. Нислэгтэй холбоотой бүх мэдээллийг бид уг компьютероос шалгаж явдаг.
Мөн технологи хөгжсөний үр шимээр авиа компаниуд цааснаас электрон хэрэгслүүд рүү шилжсэн. Бидний хувьд Airbus компаниас хүлээн зөвшөөрөгдсөн Ipad дээр Jeppesen FD( Flight Deck) PRO болон NAV BLUE аппуудыг нислэгийн үеэр ашигладаг.
Jeppesen FD( Flight Deck) PRO нь мэргэжлийн нисгэгчдэд зориулагдсан нислэгийн маршрутын график мэдээллийг өндөр нарийвчлалтайгаар бэлтгэн өгдөг апп юм. Жишээ нь, бид одоо Нарита олон улсын нисэх онгоцны буудал дээр газардах үед энэхүү апп аль замаар хэддүгээр хаалган дээр очих зэрэг бүх нарийн мэдээллийг харуулна.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Э.Чинзориг
Хамтран нисгэгч
Бидний ажил цаг хэмнэхээс илүү цагийн хуваарийн дагуу ажиллах нь чухал. Бид А-аас Б цэг рүү нисэх багийг аюулгүй хүргэх үүрэгтэй тул тэрхүү цэгт очихын төлөө эрсдэлүүдээ тооцоолж шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал.
Цаг хэмнэхийн тулд бид зорчигчдын аюулгүй байдлыг дэнчин тавих эрхгүй. Дээрээс нь иргэний нисэхийн дүрэм болон авиа компаниас бэлтгэсэн холбогдох журмууд байж болох хамгийн үр бүтээмжтэй байдлаар манай багийнхны цагийг хуваарилсан байдгийг дурдах нь зүйтэй. Зорчигчид хүртэл дамжин нислэгийн дагуу дараа дараагийн ажлуудаа цаг минуттай төлөвлөсөн байдаг учраас бидэнд хоцрох, ажлаа таслах гэх ойлголт байхгүй.
Түүнчлэн OTP буюу цагийн гүйцэтгэлийг олон улсын нисэх буудлууд чухалчлан авч үздэг. Хэрэв цагаасаа хоцорч нислэг үйлдвэл манай компанийн эрхийг түдгэлзүүлэх аюултай. Минутын дотор хэд хэдэн онгоц газардаж, хөөрч байдаг Нарита нисэх буудал дээр гэхэд манай онгоц 30 минут хоцорвол биднийг гарсны дараа орох онгоц хуваариасаа хоцорно. Тиймээс цагийн хуваарийн дагуу бүх зүйл явагдах учиртай.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Б.Билэгсайхан: Товчхондоо бидний ажлын бүх үйл явц нарийн төлөвлөгдсөн тул өдөр тутамдаа шинэ төлөвлөгөө гаргах шаардлага төдийлөн гардаггүй.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Б.Хангайсайхан
Инженерингийн менежер
Нисэхийн инженер гэдэг бахархмаар мэргэжил хэдий ч цаг наргүй ажил. Шөнийн цагаар онгоцонд асуудал гарсан л бол шууд дуудагдана. Онгоц асуудалгүй нисэж буйн ард чадварлаг инженер техникийн ажилчид болон бусад баг хамт олны хичээнгүй зүтгэл байдаг. Бидний багийн ажиллагаа, ажлын гүйцэтгэл агаарт харагдаж, хэдэн зуун хүний амь настай холбогддог тул хариуцлагатай байхаас өөр гарцгүй.
Тиймдээ ч чөлөөт цагаа аль болох гэртээ л өнгөрүүлэхийг эрмэлзэнэ. Өсвөр насны хүүтэйгээ playstation тоглох, сагсан бөмбөгийн тоглолтуудыг шимтэн үзэх дуртай.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Б.Билэгсайхан: Хүн бүрийн энергиэ нөхөх, стрессээ тайлах аргууд өөр. Манай Уламбаяр нисгэгч гэхэд нислэггүй үедээ фитнесээр хичээллэнэ. Гэхдээ бид бүгд өндөр ачаалалтай ажилладаг учраас амралтын өдрүүдээ гэр бүлдээ л зориулахыг эрмэлздэг. Үр хүүхэд, найз нөхөд, гэр бүлийнхэн гээд зайлшгүй цаг зориулах ёстой хүмүүсээ мартаж болохгүй шүү дээ. Мөн боломж олдвол хамт олноороо загасанд явах нь стрессээ тайлах сайхан завшаан болдог.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Э.Чинзориг: Өнгөрсөн жилийн хавар Антальяагаас Улаанбаатар руу нисэж байх үед нэг зорчигч маань гэнэт таталт өгч, онгоцоо хамгийн ойр нисэх буудал дээр газардуулах уу эсвэл үргэлжлүүлэн нисэх үү гэх асуудал тулгарсан. Буусан нөхцөлд цар тахлын хөл хорио нисэх буудлууд дээр хэрэгжиж байсан тул яаралтай тусламжийнханд зорчигчоо хүлээлгэн өгөөд цааш хэрхэн нисэх вэ гэхчлэн нислэгийн үеэр тааварлашгүй олон асуудал гарч ирнэ.
Яг одоо гэхэд л Улаанбаатар хот цасан шуургатай, өөдөөс салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа энэ нөхцөлд эрсдэлээ тооцоолох, аюулгүй газардах талаар ярилцаж буй нь тэр чигтээ сорилт, багийн ажиллагаатай холбогдоно.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Б.Хангайсайхан: Манай компанийн хангамж, шугамын техник үйлчилгээ, төлөвлөлт болон инженерийн гэх дөрвөн хэлтэст нийт 40 орчим чадварлаг залуус ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд бид агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээ болох C-check үйлчилгээг гадаадын томоохон засвар үйлчилгээний газрууд дээр очиж хийлгэдэг байсан юм. Тэгвэл энэ онд Embraer ERJ-145 маягийн агаарын хөлгийн C-check хүнд хэлбэрийн техник үйлчилгээг гаднын мэргэжилтэнтэй хамтран анх удаа өөрсдөө бие даан амжилттай гүйцэтгэж дуусгаснаа дуулгая.
Ингэснээр инженер, техникийн ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, урсгал зардлаа хэмнэх томоохон алхам хийж чадсан юм. Ирэх онд бид илүү өндөр хүчин чадалтай онгоц дээр энэхүү засварыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэхээр зорьж байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Б.Билэгсайхан: Нисгэгчдийн хувьд сардаа хоёроос гурван сургалтад суух үе олон. Онцгой нөхцөл байдал буюу системийн алдаа гарах, хөдөлгүүр унтрах, гал алдах зэрэг урьдчилан тооцоолоогүй эрсдэл гарах үед хэрхэн ажиллах талаарх сургалтад зайлшгүй сууж, мэдлэг чадвараа дээшлүүлдэг.
Мөн онгоц үйлдвэрлэгч талаас онгоцны зарим нэгэн функц дээр өөрчлөлт хийх үед сургалт авах хэрэгтэй болно. Ер нь байнгын сургалтад суухгүй бол гэнэтийн нөхцөлд алдаа гаргах магадлал өндөр.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Э.Чинзориг: Хамгийн сүүлд үзсэн кинонууд дундаас Narco Saints, Фантастик продакшны "Зура-2: Цурам ажиллагаа" таалагдсан шүү.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Н.Отгонтулга: Нисэхийн салбарт ажиллаж буй хэн бүхэн ганц ажлыг ч бусдадаа тайлагнах ёстой. Өөрөөр хэлбэл, бие даан шийдвэр гаргах боломж барагтай тохиохгүй. Тиймдээ ч багийн ажиллагаанаас бүх зүйл хамаардаг тул нэг нэгнийгээ цаг үргэлж дэмжиж, урмаар тэтгэх учиртай. “Амжилт хүсье, чи чадна шүү, хүчтэй байгаарай, тууштай хичээгээрэй” гэх үгс тун энгийн юм шиг хэр нь хүний сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг юм шүү.
Би энэ байгууллагад нийт 20 жилийн хугацаанд тасралтгүй ажиллахад үе үеийн хамтран зүтгэгчид маань “Чи бол Аэромонголиа шүү” гэдгийг бат итгүүлж чадсан нь тууштай ажилласны минь нууц юм болов уу.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Нисэх баг: Англи хэл сурах, эрүүл мэнддээ анхаарах, хариуцлагатай байх тухай дурдъя. Хэрэв нисгэгч болохыг хүсэж байвал юун түрүүнд дээрх гурван чадварт одооноос анхаараарай. Англи хэлгүй бол энэ салбарт ажиллах бараг л боломжгүй.
Мөн нисгэгчээр сурна гэдэг маш өндөр зардалтай. Тэтгэлэг олдоход хэцүү. Бид гурвын хувьд компанитайгаа гэрээ байгуулж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж байсан. Тиймээс энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө тал талаас нь бодож үзээрэй гэж зөвлөе.