Бидний энэ удаагийн зочин бол Америкийн хамгийн өндөр өсөлттэй 5000 компанид багтсан инженерчлэлийн шийдлийн STEMBoard компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал, АНУ-ын Үндэсний аеронавтик, сансар судлалын захиргаа (NASA - National Aeronautics and Space Administration)-д аеронавтикийн инженерээр ажиллаж байсан хатагтай Аиша Бөү.

Улсын коллежид математикийн чиглэлээр суралцан улмаар Мичиганы Их Сургуульд сансрын системийн инженерчлэлийн чиглэлээр мастерийн зэргээ хамгаалсан тэрээр карьерынхаа турш эмэгтэй инженерүүдийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг эвдэж, дэлхий даяарх олон мянган охидод математик, байгалийн шинжлэх ухаанаар суралцах, мэргэжил эзэмших урам зориг түгээж буй манлайлагч нэгэн юм.

Түүнийг АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирж, “STEM салбарын эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн гол илтгэгчээр оролцох үеэр бид цөөн хором түүнтэй ярилцах завшаан тохиосон билээ.

Байршил: Улаанбаатар, Монгол
Эрхэлдэг ажил: Технологийн энтрепренер, STEMBoard&Lingo Coding Kit компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Aisha Bowe (Facebook), Aisha Bowe (Instagram), Aisha Bowe (Twitter)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Бага байхдаа би өөрийгөө хэзээ ч инженер болно хэмээн төсөөлж байгаагүй. Шинжлэх ухааны хичээлийг ч төдийлөн сонирхдоггүй охин байв. Ахлах сургуулиа төгсөх үед аавынхаа ятгалгаар орон нутгийнхаа коллежийн математикийн ангид элсэн орж байлаа. Харин коллежид суралцаж байхдаа байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг сонирхон судалж, улмаар Мичиганы Их Сургууль руу шилжин суралцсаны эцэст аэронавтикийн инженерчлэлийн бакалавр болон сансрын системийн инженерчлэлийн чиглэлээр мастерийн зэргээ хамгаалсан. Сургуулиа төгссөний дараа ажлын гараагаа Америкийн Үндэсний аеронавтик, сансар судлалын захиргаа буюу НАСА-аас эхлүүлж, зургаан жилийн турш аэронавитикийн инженерээр ажилласан туршлагатай. НАСА-д ажиллаж байсан он жилүүдээ би амьдралынхаа хамгийн сайхан цаг үе хэмээн дурсах дуртай шүү.

НАСА-гаас гарсныхаа дараа би дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа охид, эмэгтэйчүүдэд математик, байгалийн шинжлэх ухааны салбарт суралцах, карьер хөөх боломж байгааг ойлгуулж, тэдэнд урам зориг түүхийг хүссэн юм. Улмаар технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр старт-ап компани үүсгэн байгуулсан түүхтэй. STEMBoard нь АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн шинжилгээ, аналитик дэмжлэг зэрэг мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг бол Lingo Coding Kit өсвөр насныханд тээврийн хэрэгсэлд ашигладаг нөөц мэдрэгч, түүнийг ажиллуулахад шаардлагатай кодыг бие даан бүтээхэд туслах замаар техник, программ хангамжийн үндсийг заадаг.

Коллежид суралцаж байх үедээ би хэрхэн сайн ажлын байртай болох вэ? гэдэг дээр бүхий л анхаарлаа хандуулдаг байлаа. Учир нь гэвэл манай гэр бүл Бахамын арлуудаас цагаачлан АНУ-д суурьшсан ажилчин ангийн төлөөлөл. Миний аав насаараа таксины жолооч хийсэн бол ээж айлуудын гэр цэвэрлэн орлого олдог байв. Харин одоо бол аав маань охиныхоо амжилтаас урам зориг аван нас дээр гарсан хойноо цахилгааны инженерээр суралцан бакалавр, магистрын зэрэгтэй болж, ээж минь надад туслан нэг компанийг маань хариуцан ажиллаж байна.

Монгол Улсад хүрэлцэн ирсэн шалтгаан нь ч одоо хийж буй ажилтай холбогдож буй. “Би “STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь” буюу технологийн чиглэлээр суралцах чинхүү хүсэлтэй, итгэл найдвар тээсэн охид бүсгүйчүүдтэй уулзахаар АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар ирсэн. Хүсэл мөрөөдлөө хараахан олоогүй байгаа олон охид STEM салбарт карьер хөөх боломж байгаа гэдгийг мэдэж авч, энэ чиглэлд хүчээ сориосой хэмээн хүсдэг.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 

Би хувьдаа өглөө эртлэн босох дадлын үнэнч фен. Амралтын аль эсвэл ажлын өдөр аль нь байхаас үл хамааран өглөө бүр зургаан цагт босдог. Дөнгөж сэрснийхээ дараа эрүүл саруул байгаадаа, амьд байгаадаа, дуртай ажлаа хийж байгаадаа талархана. Ажлын цаг эхлэхээс өмнө амжиж биеийн хүчний дасгал хийх дуртай. Харин бялдаржуулах төвөөс буцах замдаа NYTimes Daily Podcast, Apple News зэрэг аппаас тухайн өдрийнхөө гол мэдээллүүдийг авдаг. Дараа нь уламжлал ёсоор и-мейлүүдээ шалгана.

Өдрийн арван нэгээс гурван цагийн хооронд хамгийн өндөр бүтээмжтэй байдаг тул энэ цагаар багийнхантайгаа хуралдаж, шийдвэрлэх ёстой гол асуудлуудынхаа ард гардаг дадалтай. Мартсанаас өдөр бүхэн ээжтэйгээ утсаар ярьдаг юм байна шүү.

Одоогийн байдлаар миний амьдралын хамгийн чухал зүйл бол миний ажил. Миний үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй STEMBoard компанийн бүтээгдэхүүнийг гэхэд дэлхийн арав гаруй улсын 5,000 гаруй сурагч хэрэглэж байна. Тийм ч учраас мөрөөдлийг маань биелүүлэхээр надтай хамтран ажиллаж байгаа ажилтнуудынхаа итгэлийг алдахгүйн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.



3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Манлайлал гэх үгийг би олон жилийн турш хүмүүсийг араасаа байлдан дагуулах тухай гэж боддог байлаа. Гэвч сүүлийн арваад жилийн турш бизнес эрхлэх явцдаа манлайлал гэдэг нь зөв цаг үед бусдыг дагах тухай ч байж болох мэт санагдах болсон. Заримдаа би өөрийнхөө үндсэн ажлаас гадна чамгүй их хугацааг хамтран ажиллаж буй хүмүүстээ зарцуулдаг. Хэрвээ тэдэнд шинэ санаа төрвөл түүнийнх нь тухай нухацтай ярилцаж, шинэ төсөл эхлүүлэхийг хүсэж байвал төслийнх нь ахлагчаар ажиллах жишээтэй.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Надад одоогоор зайлшгүй хариулах шаардлагатай 10-аас 20 мянга гаруй и-мейл байна. Тэгэхээр и-мейл апп хамгийн нэгдүгээрт бичигдэх байх. Түүнчлэн дээр дурдсан NYTimes News Daily Podcast-ыг өдөр тутамдаа сонсож, хэрэгцээт мэдээллээ авдаг. Ер нь Google-ийн бүх нэмэлтийг маш сайн ашиглана. Хуучинсаг байж мэдэх ч би цаасан дээр бичихгүй л бол төлөвлөсөн ажлаа мартчих гээд байдаг сул талтай. Тийм болохоор өдөр тутамдаа хийх ажлаа гар утас болон өврийн дэвтэр, үзэгтэй хослуулаад л тэмдэглэдэг дээ.

Би арьс арчилгаа, гоо сайхны төрөл бүрийн төхөөрөмжинд маш их хорхойтой. Тиймдээ ч долоо хоногтоо хэд хэдэн удаа нүүр чийгшүүлэх төхөөрөмж ашигладаг. Үүнгүйгээр амьдарч чадах эсэхдээ эргэлзэж л байна шүү. (инээв). Ажлын онцлогоос шалтгаалан маш их аялдаг хүний хувьд энэ төхөөрөмж стресс тайлах цаашлаад арьсыг маань эрүүл, залуу харагдахад тусалдаг.

Технологийн салбарт ажилладаг учраас маш олон тооны утасгүй чихэвч, keyboard надад бий. Зөвхөн гэртээ л гэхэд би гурван өөр төрлийн утасгүй keyboard ашиглан ажлаа амжуулдаг. Мөн байнга олны өмнө илтгэл тавьдаг тул үүргэвчиндээ “presentation wand” хэзээд авч явдаг.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Бодитоор хэмжиж болохуйц өсөлт, хөгжилтийг амьдралдаа авчрахын тулд зүгээр л өглөө босоод тааралдсан ажлаа барьж аваад хийх нь утгагүй. Түүний оронд чамайг амжилтад хүрэхэд нэн шаардлагатай бүхнийг жагсааж бичээд өдөр бүр бага багаар түүнийгээ жижиг ажилбар болгон биелүүлэх нь илүү дээр шийдэл.

Өдөрт хийх зүйлсээ чухлаас чухал бус руу эрэмбэлээд бичихэээр аяндаа хэрэгцээгүй ажлуудыг хийх зүйлсийн жагсаалтаас хасаад сурчихдаг. Миний хувьд өглөө болон бага үдийн цагийг зөвхөн өөртөө зарцуулдаг. Анхаарлыг минь сарниулах (утсаар ярих, мейлд хариулах гэх мэт) бүх зүйлсээс хамгийн бүтээмжтэй цагаараа татгалзаад сурчихвал чухал ажлуудаа хурдацтай гараасаа гаргаж чадна.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Юун түрүүнд ажлуудаа хамгийн чухлаас нь ач холбогдол багатай руу нь ангилж эрэмбэлнэ. Түүнийхээ дараа хамгийн чухалд тооцогдож буй ажлуудаа өврийн дэвтэр болон утасныхаа notes апп дээр ихэвчлэн тэмдэглэдэг. Бизнесийн гол зорилгуудаа харин бүтэн жилэээр нь төлөвлөж, сар бүр тавьсан зорилгоо эргэн харж, гүйцэтгэлээ хянадаг дадалтай.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Эрч хүчээ сэлбэх гол арга маань аялал. Жилдээ хоёроос доошгүй удаа өөртөө амралт өгч, цор ганцаараа аялалд гардаг. “Хэрэв чи сонсохоо зогсоовол хэрхэн бурханы дуу хоолойг таних билээ” хэмээх үгэнд дуртай.

Өөртэйгээ болон дэлхийн ертөнцтэй холбогдон, байгалийн нэг хэсэг гэдгээ мэдрэх хамгийн шалгарсан арга магад аялал байх. Би гар утасны сүлжээ ч барихгүй, зэрлэг онгон байгальд аялахыг илүүд үздэг. Хамгийн сүүлд гэхэд Перугийн Кускогоос баруун хойд зүгт 70 орчим км зайд байрлах алдарт Мачу Пикчу хүртэл явганаар аялсан.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би үргэлж боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төслүүдэд гар бие оролцох хүсэлтэй байсан. Хэдэн жилийн өмнөөс энэхүү хүслээ биелүүлэн өөрийн сурч байсан Washtenaw Community College-ийн оюутнууд дундаас Мичиганы Их Сургуульд инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудыг санхүүгийн хувьд дэмжих үүднээс өөрийн нэрэмжит тэтгэлгээ зарласан. Энэхүү төслөөрөө би маш их бахархдаг шүү.

Хобби гэвэл төрөл бүрийн амттан болон хоол хийх. Хэдийгээр амьдралын хэв маягаасаа шалтгаалан төдийлөн их хугацааг гал тогоондоо өнгөрүүлж чаддаггүй ч боломж олдвол төрөл бүрийн хоолны видео үзэх дуртай. Амттан хийх нь надад яг л нэгэн төрлийн бясалгал мэт санагддаг юм.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Яг одоо тантай ярилцаж байгаа нь ажлын маань хамгийн сайхан хэсэг юм болов уу. Хэрэв би математик, байгалийн шинжлэх ухаанаар суралцаагүй бол Монголд хүрэлцэн ирж, тантай ярилцаад суух завшаан тохиохгүй байсан биз ээ. Өмнө нь дурдсанчлан би шинжлэх ухаан, технологийн салбарт монгол эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар яриа хийхээр танай оронд айлчлан ирсэн. Уулзалтынхаа хүрээнд маш олон монгол эмэгтэйчүүд компьютерийн шинжлэх ухаанд дур сонирхолтой тэр ч байтугай энэ чиглэлээр аль хэдийнээ өөрсдийн компаниа үүсгэн байгуулаад амжилттай ажиллаж буй нь намайг үнэхээр гайхшруулсан. Тэд өөрсдийгөө алхам тутамдаа сайжруулж, гэр бүл болон үр хүүхдийнхээ ирээдүйг илүүг сайхнаар, илүү гэрэлтэйгээр өөрчилж байна.

Энэ завшааныг ашиглаад намайг Монгол Улсад урьж энэхүү гайхалтай уулзалтыг хийх боломж олгосон АНУ-ын Элчин сайдын яаманд тусгайлан талархлаа илэрхийлж байна. Монголчууд маш найрсаг, зочломтой ард түмэн юм. Монголд өнгөрүүлж байгаа өдрүүд урам зориг дүүрэн сайхан байна. Өнөөдөр өдрийн хоолны үеэр "Код бичих охидын хөтөлбөр 2022"-т хамрагдаж байгаа дөрвөн охин надтай уулзаж, зөвлөгөө авсан юм. Тэднээс ямар бэрхшээл, сорилттой нүүр тулгарч байгаа талаар асуухад “Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах нь маш сонирхолтой байгаа бөгөөд веб хөгжүүлэх тал дээр гүнзгийрэхэд хангалттай хэмжээний эх сурвалж олоход хүндрэлтэй байдаг“ хэмээн хариулсан. Тэдний нэг нь ирээдүйд неврологиор мэргэшин эмч болох хүсэлтэйгээ дурдаж, хүний биеийн анатомийг 3D моделиор онлайн орчинд загварчлан оруулбал энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй залууст маш хэрэгцээтэй байгаа тухай санал хэлсэн нь надад үнэхээр гүн сэтгэгдэл үлдээсэн шүү.

Бэрхшээлтэй тал гэвэл нэгээс нөгөө тив рүү олон цагийн аялал хийх үед цагийн зөрүүнээс шалтгаалан маш их ядардаг. Өнөөдрийн уулзалтыг эрч хүчтэйгээр хийхийн тулд өчигдөр л гэхэд би таван аяга кофе, нэг энергийн ундаа уулаа шүү дээ.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Яг энэ цаг мөчид бол математик болон байгалийн шинжлэх ухаан охид, эмэгтэйчүүдэд ч хамаатай болохыг ойлгуулж, урам зориг түгээх нь чухал ажил болоод байна.

Сонирхуулахад, Харвардын их сургуулиас хийсэн сүүлийн үеийн нэгэн судалгааны үр дүн томоохон корпорациуд удирдлагын багтаа эмэгтэйчүүдийг ажиллуулснаар илүү их ашиг олохоос гадна бүтээгдэхүүнээ илүү сайн загварчилж, цоо шинэ зах зээлд гарах боломж бүрдсэн зэрэг бодит амжилтуудыг харуулсан. Би бизнесийн удирдлагын ямар нэгэн зэрэг аваагүй хэдий ч маш олон хүмүүсийн тусламжтайгаар амжилттай хоёр компанийг үүсгэн байгуулж, тогтвортой авч явж байна. Өөрт олдсон энэхүү боломжийг аль болох олон хүнтэй хуваалцаж, бусад эмэгтэйчүүдэд ч боломж байгаа гэдгийг ойлгуулах нь надад өндөр ач холбогдолтой.


11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би үргэлж л дараа нь юу сурах вэ? гэдэг дээр анхаарлаа хандуулдаг. Хэзээ ч сурах үйл явцаа зогсоодоггүй. Хиймэл оюун ухаан,machine learning, блокчэйн гээд дэлхий дахины хувьд анхаарал татсан сэдвүүдийн талаар боломжтой бүх мэдээллийг цуглуулан, бие даан суралцдаг. Хамгийн сүүлд гэхэд Udemy.com сайтаас блокчэйний технологи болон Sandbox-ийн талаарх сүүлийн үеийн журам, шинэчлэлтийн тухай таван цагийн хичээл авч үзсэн. Сониуч байх нь шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй хэн бүхний хувьд хамгийн чухал чадвар.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ид ажилдаа төвлөрч байх үедээ Cardi B, Summer Walker, Kanye West, Young Thug, Drake гэх мэт реп чиглэлийн уран бүтээлчдийг сонсож, эрч хүч мэдэрдэг. Харин үл ялиг сэтгэлээр унасан, ганцаардмал үедээ Amy Winehouse, Whitney Houston, Mariah Сarey-г сонсоно.

Номын тухайд Дэйл Карнеги-ийн “Найз нөхдөө хэрхэн өөртөө татаж, бусдад нөлөөлөх вэ?” бүтээлийг санал болгоё. Хэдий 1936 онд хэвлэгдсэн, надаас бараг хагас зуунаар хөгшин ном ч хэрхэн зөөлөн чадварыг өөртөө нутагшуулах, бусадтай танилын холбоо тогтоох, олны өмнө илтгэл тавих гээд олон чухал зүйлсийг би энэ номоос сурсан. Анх удаа уншиж байх үедээ бараг бүх хуудсан дээр нь тэмдэглэгээ хийснээ тодхон санаж байна.

Сүүлийн үед үзсэн кинонуудаас Will Smith гол дүрийг нь бүтээж, Оскарын эрэгтэй гол дүрийн шагнал авсан “King Richard” маш онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Энэ кино бол дэлхийд нэр алдраа дуурсгасан Венус, Серена нарын аав Ричард Уильямсын тухай бүтээл. Бид бүхэн тэр хоёрыг дэлхийн хамгийн алдартай теннисчин эгч дүүс гэдгээр нь мэднэ.

Охид Калифорнийн Комптон дахь хуучирч муудсан теннисний талбай дээр бэлтгэл хийж байсан ч аавынхаа тууштай зангийн ачаар тэдний өмнө тулгарсан бүхий л бэрхшээл, хүлээлтийг даван туулж чаддаг. Энэ кинон дээр аав нь тэдэнд үргэлж л “Миний охид хэзээ нэгэн цагт заавал дэлхийн аварга тамирчид болж чадна аа” хэмээн байнга зоригжуулдаг юм. Магадгүй бид бүгдээрээ энэхүү түүхээс суралцах хэрэгтэй мэт. Би өөрийнхөө амьдралд ч энэ киноны өгүүлэх гэсэн гол санааг хэрэгжүүлэхийг хүссэн. Хэдийгээр би одоо тэрбумтан болж чадаагүй байгаа ч нэг л өдөр хүссэн зорилгодоо хүрч, дэлхийг өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Өөртөө итгэ. Бид амьдралынхаа ихэнх цаг үед өөрөөсөө илүүтэй бусдад найдах хандлагатай байдаг. Олон жилийн өмнө дунд сургуулийн сурагч байх үедээ би ч гэсэн бусдын адил эцэг эх, багш нар, найзууддаа өөрөөсөө илүү итгэдэг байлаа. Гэтэл нэгэн өдөр би өөртөө “Аиша чи пуужингийн инженер болж чадах юм биш шүү” хэмээн хэлэв ээ. Өөрийнхөө энэ мөрөөдлийг итгэж найдаж явдаг хүмүүсдээ хуваалцахад харамсалтай нь тэд миний чадварт, надад итгээгүй. Гэвч би тэдний юу гэж хэлэхийг үл тоон оронд нь зөвхөн өөрийгөө л сонсож эхэлсэн. Энэ сонголтыг хийсэн цагаас хойш миний амьдралд маш олон гайхалтай боломжууд гарч ирсэн дээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Цаг үргэлж мэдлэгээр цангаж яв. Том зорилго өмнөө тавьж, идэвх зүтгэлтэй байхаас бүү хулчий. Олны өмнө өөрийнхөө хийж буй зүйлсийг танилцуулж, бусадтай холбоо тогтоохоос бүү ай. Мөн хамгийн чухал нь бусдаас ялгаатай байгаагаасаа бүү ичээрэй. Амжилтад хүрэх үедээ ч илүү том сорилт өмнө чинь хүлээж буйг санан даруу байгаарай.