Саяхан болж өнгөрсөн Digital Nation 2021 арга хэмжээний тайзнаа бид "Би хэрхэн ажилладаг вэ?" шууд ярилцлагаа "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн Төр засаг, олон нийтийн харилцаа эрхэлсэн захирал Ж.Алтангүнийтэй хийсэн билээ. Тэр бол сүүлийн жилүүдэд хамгийн өндөр өсөлтийг үзүүлж буй, бүтээлч түйвээлт явуулан олон салбарыг "донсолгож" буй Ард Санхүүгийн Нэгдлийн гол тоглогчдын нэг. Өдгөө 60,000 орчим хувьцаа эзэмшигчтэй, хувьцаагаа нээлттэй арилжаалдаг 8, Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авдаг 6 компанитай болоод буй тус нэгдлийн төр засаг, олон нийттэй харилцах харилцаа амин чухал болж ирсэн тул тэрбээр одоогийн албаа энэ оны эхнээс хүлээн авчээ. Ингээд "Аппрентис Монгол" шоуны зөвлөх гэдгээрээ үзэгчдэд танигдсан Ж.Алтангүний захирлын ажлын арга барил, дадал хэвшлийг та бүхэнд танилцуулъя.
Байршил: Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн Төр засаг, олон нийтийн харилцаа эрхэлсэн захирал, Аппрентис Монгол шоуны зөвлөх
Хэрэглэдэг утас: iPhonе 11 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Air 13'
Сошиал хуудсууд: Altangunii Jargalan (Фэйсбүүк), @Altangunii (Твиттер), @altangunii (Инстаграм)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Их сургуульд ордог жилээ би Ротари хөдөлгөөн, Ротаракт клубийн талаар сонсож, элсэж орсноор ажлын гараагаа эхэлсэн гэхэд болно. Ротаракт клубийн шугамаар ХасБанкны ажиллагсдын санаачлан үүсгэн байгуулсан “Хөгжлийн Алтан Сан” ТББ-д Нидерланд Улсаас 100 сурагч сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэхээр ирэхэд нь сайн дураараа клубийн найзуудтайгаа орчуулга хийсэн юм. Үүний дараа тус ТББ-д хагас цагаар ажиллах санал аваад II курсээсээ ажлын талбарт хөл тавьсан. Тэнд тухайн үеийн ХасБанкны Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай танилцаж, түүнээс хойш одоог хүртэл хамт ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Монголын эдийн засгийн форум” ТББ-д Зохицуулагч, Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад Тайвань улсын Засгийн газрын тэтгэлгээр бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Төгсөж ирээд 2015 оноос өнгөрсөн оныг хүртэл "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлын алба хашиж, энэ оны эхнээс Төр засаг, олон нийтийн харилцаа эрхэлсэн захирал хэмээх шинэ албан тушаалд томилогдоод ажиллаж байна.
Анх манай байгууллага 2005 онд ХасБанкны ажиллагсдын үүсгэн байгуулсан И Ай Ти ХХК байсан. Стратегийн шинэчлэл болон ребрэндинг хийж, 2013 онд Ард Даатгал, Ард Кредит гэх мэт компаниудад хөрөнгө оруулалт хийснээр толгой компанийн нэрээ Ард Санхүүгийн Нэгдэл болгон шинэчилсэн юм. Түүнээс хойш эгнээндээ 33 компанийг нэгтгэж, Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй хувьцаагаа арилжаалдаг 8 компани, Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулагч байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авдаг 6 компанитай болоод байгаа нь төр засагтай байнга хамтарч ажиллах хэрэгцээг үүсгэсэн. Мөн манайх давхардсан тоогоор 60,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Ббид үйл ажиллагаа болон мэдээ мэдээллээ олон нийтэд байнга нээлттэй, ил тод тайлагнах үүрэгтэй учраас энэхүү шинэ албан тушаалыг бий болгож, миний бие томилогдсон хэрэг. Манай байгууллага мөн хувийн хэвшлийн дуу хоолой болсон олон ТББ, холбоодтой хамтран ажилладаг.
Товчхондоо, хамтарч ажилладаг төрийн, хувийн хэвшлийн байгууллагууд болон хэрэглэгчдэдээ тогтмол мэдээлэл түгээх, хамтын ажиллагааг алдагдуулахгүй үргэлжлүүлэх, санаа тавих ажлыг хариуцдаг гэсэн үг.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Энгийн үед бол өглөө 6 цагт босож, халуун йогоор хичээллэн өдрөө эхлүүлдэг. Йог гэдэг эрүүл мэндэд тустай, эрч хүч бэлэглэдэг. Гэхдээ цар тахал энэ дэглэмийг минь нэлээд алдагдуулсан. Айл гэрийн эзэгтэй учраас гэрийнхнийхээ цай ундыг бэлдэж өгөх, албанд нь явуулах зэргээр хувийн ажлаа амжуулж байгаад ажил дээрээ ирж, тухайн өдрийн төлөвлөгөөгөө хардаг.
Би аль болох үдээс өмнө байгууллагын дотоод хурал, уулзалтуудыг хийчихээд үдээс хойш гадагшаа чиглэсэн уулзалт, ажлуудаа амжуулдаг. Оройн цагаар бас арга хэмжээ, уулзалтууд хийх, уригдах тохиолдол их гардаг юм байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Миний ажлын онцлог өдөр бүр нэг хэвийн бус, өөр өөр асуудлыг шийдэхэд оршдог. Тэр нь надад сонирхолтой, таатай байдаг болохоор их ажилтай байсан ч төвөгшөөлгүй ажилласаар ард нь гардаг юм шиг санагддаг.
Би хурдан шийдвэр гаргадаг. Шийдвэрээ хурдан гаргахгүй бол ажлууд ар араасаа л ороод ирнэ шүү дээ. Мөн сайн төлөвлөхийн зэрэгцээ гэнэтийн зүйлсэд бэлэн байдаг. Өөр нэг чухал зүйл бол олон төрлийн хүмүүстэй харилцах, олон талыг хамруулсан шийдвэр гаргах шаардлага байнга тулгардаг тул төвөгтэй асуудлыг багийнхантай ярилцаж, шийдэл олохыг хичээдэг. Ийн хамтын ажиллагаанд төвлөрөх нь өөрийн хараагүй өнцгөөс асуудалд хандах, мөн хурдтай байхад тусалдаг гэж болно.
Ажлаа харилцаан дээр тулгуурлан явуулдаг болохоор миний ажлыг нетвөркгүйгээр төсөөлөхөд хэцүү. Хувийн болон албан харилцаагаар танилцсан найз нөхөдтэйгөө байнга харилцаатай байж, харилцаагаа тэтгэж, хүрээллээ тэлэхэд бас анхаардаг даа.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Би 24 цаг утсаа унтрааж болохгүй, интернэтээс салж болохгүй ажил хийдэг хүн. Хэзээ ч, юу ч тохиолдохыг мэдэхгүй тул утаснаасаа бараг холддоггүй.
Харилцаа эрхэлсэн хүний хувьд харилцаа холбооны, ажил хэргийн бүхий л апп, хэрэгслийг сайн ашигладаг. Сүүлийн үед Ард Аппаа л хамгийн их хэрэглэж байна. Ард Аппаар дамжуулан өдөр тутмын санхүүгийн гүйлгээгээ хийх, хэрэглээний төлбөрүүдээ төлөх, онлайн худалдаа хийх, хөрөнгийн биржийн арилжаанд оролцох,хувийн тэтгэврийн хуримтлалаа удирдах, хадгаламж нээх, зээл авах зэрэг олон үйлчилгээг авч болдог нь амьдралыг ихэд хөнгөвчилдөг. Хамгийн сүүлд хэзээ банк, санхүүгийн байгууллага орсноо ч санахгүй байна.
Мөн мэдээлэл сайтай байх ёстой тул сошиал медиа дээр идэвхтэй байдаг. Сүүлийн үед ялангуяа Твиттерт идэвхтэй болсон.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Сүүлийн үед цаг хэмнэж буй нэг арга бол аудио контент буюу подкаст сонсох. Ном барьж суугаад унших, ямар нэг бичлэг, подкаст сонсож мэдээлэх авах боломж хомс тул машин барихдаа эдгээрийг сонсдог. Ер нь би машиндаа солих хувцаснуудаас эхлээд олон зүйл авч явдаг. Манай ажлынхан Гүнийгийн машинаас гарч ирэхгүй юм байхгүй гэж шоолох нь бий. Гэнэтийн зүйлсэд ийн бэлтгэлтэй байх нь цаг хэмнэдэг байх.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Би ажлаа долоо хоног, улирал, жилээр төлөвлөдөг. Үүнийгээ мэдээж байгууллагынхаа төлөвлөлттэй уяж явна.
Өдөр тутамд гэвэл, өглөө ажил дээрээ ирээд хийх ажлын жагсаалтаа дэвтэр дээрээ гаргадаг. Би олон төрлийн дэвтэртэй, төрөл бүрийн зориулалтаар ашиглаад явахад амар байдаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Амралтын өдрүүдээр гэрийнхэнтэйгээ агаар салхинд гарч амардаг. Мөн шинэ хоолны жор турших дуртай.
Надад их эрч хүч өгдөг нэг зүйл бол аялах. Шинэ хот, улстай танилцан хүмүүсээс нь, соёлоос нь суралцаж, аливааг өөр өнцгөөс харах боломж олгодог нь аялахын давуу тал. Шинэ газартай танилцахад энерги ёстой л сэлбэгдэх шиг болдог. Харамсалтай нь сүүлийн хоёр жил цар тахлаас болоод аялж чадсангүй.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би бага байхаасаа л нийгмийн идэвхтэй байсан. Сайн дурын ажил хийж яваад одоогийн ажилтайгаа холбогдсон гэдгийг түрүүнд хэлсэн дээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх залуу манлайлагчдын “Global Shapers Ulaanbaatar” нийгэмлэгийн гишүүн. Манай салбар нийгэмд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын компаниудтай хамтран хэрэгжүүлдэг. Сайн дурын клубийн гишүүн болж, идэвхтэй байх нь нийгэмдээ эерэг өөрчлөлт гаргах боломжтойгоос гадна танилын хүрээг сайн тэлж өгдөг. Олон хүнтэй нөхөрлөж, тэднээс суралцах, өөрийн мэддэг чаддагаа хуваалцах боломжийг олгодгоороо хүнийг их хөгжүүлдэг. Тийм ч учраас ажлынхандаа, дүү нартаа энэ төрлийн ажил хийгээрэй, цаг завыг чинь хумсална гэж бодохоосоо илүү түүнээс давсан үр ашгийг өгдөг юм шүү гэж захидаг, санал болгодог.
Нөгөө талаар, Ард Санхүүгийн Нэгдэл маань гадаад, дотоодын ТББ-ууд, холбоодтой хамтардаг, дэмждэг учраас нийгмийн төлөөх тэдгээр ажлууд миний үндсэн ажлын нэг хэсэг болчихдог гэж хэлж болно.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ард дээр амьдрал буцалж байдаг. Та бүхний сайн мэдэх "Аппрентис" шоуны оролцогч О.Амарболд Ардад ажилд ороод удаагүй байхдаа “Ганхуяг захирал "Аппрентис"-ын ярилцлага хамгийн хэцүү нь байх болно гэж хэлсэн юм сан. Тэгсэн Ард дээр өдөр бүр "Аппрентис" болж байдаг юм байна” гэж байсан. Цомхон бөгөөд эрч хүчтэй, чадварлаг залуус энд өглөөнөөс үдэш болтол тасралтгүй ажиллаж, хөдөлмөрлөж байдаг. Ийм сайхан хамт олонтой ажиллахад илүү сайн ажиллах сэдэл, урам зориг төрөхгүй байна гэж үгүй.
Ард Санхүүгийн Нэгдэл ажилтнууддаа олон боломж олгодгийг энд бас дурдах нь зүйтэй. Ардын ажилтан бүр хувийн тэтгэврийн санд хамрагдаж, АрдКойн эзэмшигч болж, компаниасаа хувьцаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хэн нэг хөрөнгө оруулагчийн төлөө биш өөрийнхөө төлөө ажилладаг учраас хариуцлагатай, сэтгэлээсээ ажилладаг шүү.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
За энэ хариултаар нэг том ажлаа олон нийтэд анхлан зарлая. Ард Санхүүгийн Нэгдэл "Хүчтэй Ардын Сайн Үйлс" нэртэй, олон улсад "endowment fund" гэгддэг санг байгуулж байгаа юм. Ийм төсөл хөтөлбөр, тийм санаачилга дээр хамтран ажиллаач, санхүүгээр дэмжээч гэсэн хүсэлт их ирдэг, тэдгээрийг бид аль болох шийдвэрлэж, гүйцэлдүүлж ирсэн. Үүнээс үүдэн ер нь нийгэмдээ чиглэсэн дорвитой алхмуудыг хийе, тэгэхдээ яг олон улсад яаж хийгддэг вэ, тийм аргаар, зүй зохисоор нь хийе, нийгмийн төлөөх аян, санаачилгуудыг шинэ түвшинд гаргая гэсэн зорилгоор энэхүү санг үүсгэн байгуулсан юм.
1) Дэвшилтэт технологи, инновац 2) Санхүүгийн боловсрол 3) Хүүхдийн хөгжил 4) Ногоон хөгжил 5) Өв соёл гэсэн таван чиглэлээр тухайн салбарын ТББ-ууд, залуучуудын байгууллагуудад санхүүжилт өгч, тэдгээр байгууллага, сангуудтай хамтран ажиллах юм.
Миний бие энэ сангийнхаа Гүйцэтгэх захирлын албыг давхар хашихаар томилогдоод байна.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Би амжилттай яваа хүмүүсийг түүхийг уншиж, сонсож, тэднээс суралцах дуртай. Мөн эргэн тойрон дахь хүмүүс, хамтрагчдаасаа ч ихийг сурдаг. Миний хамгийн сүүлд төгссөн "сургууль" бол "Аппрентис Монгол" шоу байлаа. Дэлхийн хэмжээний том шоу чинь цаанаасаа асар их заавар, зөвлөгөөтэй ирдэг юм билээ. Телевизийн ажлын үзүүлэх хугацаа нь богино боловч маш их хэмжээний хүн хүч, ажил хөдөлмөр ордгийг хараад шоуг бодит болгоход хувь нэмэр оруулсан бүх хүнээр үнэхээр бахархсан шүү.
"Аппрентис"-ын хувьд 1000 гаруй хүн хүсэлтээ ирүүлснээс 14 оролцогч эцсийн шатанд шалгарсан нь бүгд өөр өөрийн онцлогтой, миний үеийн залуучууд байв. Хэдий би ширээний нөгөө талд байсан ч тэднээс их суралцаж байлаа. Оролцогчдын маш эрч хүчтэй байдал, зорилгынхоо араас шаргуу тэмцэж байсан нь өөрийн эрхгүй өөрийгөө ахиулж сайжруулах сэдэл өгч байсан.
Ч.Ганхуяг, Г.Цогбадрах захирлуудын маань шүүмж хийгээд магтаалууд, асуудлыг харж буй өнцгөөс бас авч шингээсэн зүйл их. Ерөөс бизнесийн шоу гэдэг утгаараа бүх л оролцогч талууддаа олон талаар шинэ санаа өгөх, шинэ боломж үүсгэх нэвтрүүлэг байсан.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Сүүлд уншсан хоёр номоо санал болгоё. "Global Shapers" нийгэмлэгийн найзууд минь болох Ж.Танын "Сиддхарта", Б.Батзаяагийн орчуулсан "Нугачаа" гэсэн номууд л даа. Херманн Хессегийн "Сиддхарта" зохиолд нэгэн залуугийн амьдралын утга учрын эрэлд гараад, түүнийг эцэст нь олж буй тухай өгүүлдэг. Харин Сет Годины "Нугачаа" ном нь урдах зүйлээ үргэлжлүүлэн хийх үү, эсвэл болих уу гэдэг сонголттой тулсан хүмүүс уншвал хэрэг болох хариултуудыг авахаар юм билээ.
Кино гэвэл Нетфликсээс л нэлээн үздэг дээ. Ялангуяа хөл хориотой үед олон кино, цуврал үзсэн.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
2012 онд Ч.Ганхуяг захирал УИХ-ын сонгуульд "Зоригтой бай, Зорилготой бай, Зогсолтгүй бай" гэсэн уриатай нэр дэвшиж байсан юм. Энэ үг миний сэтгэлд их хүрч, түүнээс хойш амьдралын чухал үеүддээ би зоригтой байгаа юу, зорилготой байгаа юу, зогсолтгүй байгаа юу гэж асуух болсон.
Би багаасаа Ч.Ганхуяг захиралтай ажилласан ч миний хамгийн том ментор бол түүний гэргий Г.Уянга эгч. Эмэгтэй хүн, айл гэрийн эзэгтэй ямар байх тал дээр өдөр тутам зөвлөгөө авч, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж явдаг.
Мөн Тайваньд суралцаж байсан их сургуулийн дэд захирлын хэлсэн үгийг байнга бодож явдаг. Тэр багш маань “Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг” гэж хэлсэн нь ой тойнд тодхон үлджээ.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Аав, ээж хоёр маань намайг 10 жилд байхад л өрхийн санхүүг даатгаж хариуцуулсан юм. Өгсөн мөнгөөр нь би байрны мөнгөө төлөх гэх зэргээр зардлуудаа гаргадаг байлаа. Ингэж багаасаа мөнгөтэй харилцаж сурч, мөнгөний үнэ цэнийг мэдэрч, бие дааж сурсан. Түүнээс хойш ангийнхаа, сайн дурын клубүүдийнхээ санхүүг дандаа барьдаг болсон юм. Энэ дадал минь ажлын талбар дээр гарч, тун залуудаа хариуцлагатай ажлууд хариуцахад ч их тусалсан гэж боддог. Тиймээс энэ ташрамд эцэг эхчүүдэд хүүхдүүдээ багаас нь мөнгөтэй харьцаж сургаарай, үнэ цэнийг нь мэдрүүлээрэй гэж хэлэх байна.
Харин үеийнхэн, дүү нартаа хэлэхийг хүсдэг зүйл гэвэл хийж байгаа зүйлдээ, салбартаа шинийг санаачлагч, манлайлагч нь байхыг эрмэлзэж байгаарай. Энэ нь заавал өндөр амжилтанд хүрэх ёстой гэсэн үг биш. Хийж байгаа зүйлээ яаж өөрөөр хийх вэ, яаж шинэ өнцгөөс харах вэ, яаж бусдыг уриалж татан оруулж болох вэ гэдгийг байнга боддог байна гэсэн үг юм уу даа.
"Аппрентис" шоуны үеэр би оролцогч Ц.Бархасаас илтгэх чадвараа яаж ингэж сайн хөгжүүлсэн юм бэ гэж асуухад надад нэг жижиг түүх ярьж өгч билээ. Ц.Бархас АНУ-д суралцахаар очоод ангидаа нэг танилцуулга хийх болж л дээ. Түүнийгээ олигтой сайн хийж чадаагүй тул өдөр бүр камерын өмнө нэг цагийн турш юу ч хамаагүй ярих бэлтгэл сургуулилт хийсэн гэж байгаа юм. Ингээд хэсэг хугацааны дараа ярих чадвар нь илтэд ахисан хэмээн ярьсныг санаж байна.
Энэ мэтээр хүн оролдоод л, хичээгээд л байвал үр шимийг нь хүртдэг. Өөрийгөө сайжруулж хөгжүүлэх боломж бидэнд асар их бий.
З Зочин 2021.10.07 64.119.25.161
Манай дээд билүү тэрний дээд төгсөлт санагдаж байна. Нилээн сэргэлэн эгч л харагдаж байсан. Хичээлдээ харин маруухан их л хуулдаг нөхөр байсан. Ямар сайндаа манай багш өөрийгөө хуурч А авсанаас нэр төртэй В авах нь дээр гэж байсан да. Гэхдээ 1 нь ч гэсэн сайн л яваа юм байна.
З Зочин 2021.09.30 103.212.119.232
Ямар сүрхий тууштай охин бээ. 2р курсээсээ хойш 1 газар ажиллаж бгаа гэнэ. Ийм хмсийг л ажилп авахыг хүсдэг дээ
G GoodLuck 2021.09.29 118.208.190.136
Good luck Gunii. Well done mate! Wish you all the best in your future endeavours! …………………………………………..